Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2015/0409

 

О ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н. г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 391 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, О ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч О.Э, улсын байцаагч Б.М нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

"О" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Сэмэр болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч нарын 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 04/81/104 дугаартай төлбөр хариуцуулах тухай актыг хүчингүй болгож өгнө үү. Актын 1 дэх үндэслэлд нэр бүхий ТУЗ-ийн гишүүд тодорхой хэмжээний цалингийн урамшуулал авсныг хууль тогтоомж зөрчсөн гэжээ. "О" ТӨХК-ийн ТУЗ-ийн 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 8/01 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар ТУЗ-ийн дарга, гишүүдэд 5 болон 7 сарын цалинтай тэнцэх хэмжээний цалингийн урамшуулал олгосон асуудлыг хууль зөрчсөн гэж байгааг зөвшөөрөхгүй байна. Учир нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т "Албан тушаалтан өөрийн албан үүргийн дагуу авах цалин хөлснөөс гадна энэ хууль, бусад хуулиар хориглоогүй бусад ажил, алба: гэрээний урамшуулал, мөн хуулиар хориглоогүй аж ахуйн үйл ажиллагааны орлого олж болно" гэж, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д "Цалин хөлс нь үндсэн цалин нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ" гэж заасан. Түүнчлэн Төрийн өмчийнхорооны 2005 оны 66 дугаар тогтоолын 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Төрийн өмчийн хорооноос өгсөн удирдамж, заавар, энэхүү журмыг хүндэтгэх шалтгаангүйгээр зөрчсөн буюу удирдамжийн эсрэг санал өгсөн бол төрийн өмчийн төлөөлөгчийг томилсон шийдвэрийг хүчингүй болгож, түүнийг чөлөөлнө" гэж заасан бөгөөд Төрийн өмчийн хорооны даргын 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1а/1318 дугаартай удирдамжийн 5 дахь хэсэгт "...удирдлагын багт урамшуулал олгох шийдвэр гаргах..." гэж заасны дагуу Төлөөлөн удирдах зөвлөл 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 3/01 дүгээр тогтоолоор ТУЗ-ийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүдэд цалингийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн нь хууль тогтоомжид нийцсэн. Төрийн өмчийн хороо нь "Захирал, гүйцэтгэх захиралтай байгуулах тэнцвэржүүлсэн үнэлгээний аргаар дүгнэх, урамшуулал олгох, хөдөлмөрийн хөлс тогтоох аргачлал батлах тухай" 2010 оны 166 дугаар тогтоолоор төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлагын багт олгох урамшуулал, цалингийн урамшууллын хэмжээг тогтоодог байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21.5.3-т зааснаар төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь төрийн захиргааны албан хаагч байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9-д зааснаар төрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэжлээ дээшлүүлэх эрхтэй. Мөн О ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.1.10-т "ажилтныг мэргэжлийн дагуу сургалт, дамжаанд суралцуулах, мэргэжил дээшлүүлэх дадлага хийлгэх зэргээр хүний нөөцийн хөгжил чадварыг сайжруулахад арга хэмжээ авах" гэж заасны дагуу компаний удирдлага, зарим гишүүд сургалтад хамрагдсан нь хууль, журам зөрчөөгүй, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд сургалтад хамрагдсанаар тухайн компани ашигтай ажиллахад нөлөөлдөг байна.

Төлөөлөн удирдах зөвлөлийн нэр бүхий гишүүдийн гадаадад томилолтоор явсан зардал нь Төрийн өмчийн хорооны 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн "О" ТӨХК-ийн 2014 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшингийн тухай 13 дугаар тогтоолд тусгагдаж, батлагдсан. ТУЗ-ийн гишүүдтомилолтоор ажилласан талаарх баримт, тайлан зэрэг нь байсаар байтал акт тогтоосон нь үндэслэлгүй байх бөгөөд байцаагчид нь актын үндэслэлийг хангалттай нотолж чадахгүй байна. гэжээ.

Хариуцагч Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч О.Э, улсын байцаагч Б.М нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...шалгалтаар "О" ТӨХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.12-т заасан "төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдсон төрийн албан хаагч эрх бүхий байгууллагаас тогтоосон цалин хөлснөөс бусад төрлийн шан харамж, урамшуулал авахыг хориглоно" гэж заасныг зөрчиж, ТУЗ-ийн дарга, гишүүдэд 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 8/01 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт, тус компанийн гүйцэтгэх захирлын 2014 оны А/24 дүгээр тушаалаар үр дүнгийн урамшуулалд 13.608.0 мянган төгрөг сургалтад 2.200.0 мянган төгрөг, ТУЗ-ийн 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 7/05 дугаар тогтоол, Гүйцэтгэх захирлын 2014 оны А/26 дугаар тушаалаар ТУЗ-ийн дарга Ц.О, гишүүн П.Т нарт гадаад томилолтын зардалд 4.714.5 мянган төгрөг, нийт 20.522.5 мянган төгрөгийг олгосон зөрчилд акт тогтоож, дээрх мөнгийг улсын төсөвт төлүүлэхээр шийдвэрлэсэн.

"О" ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга, гишүүд нь Төрийн өмчийн хороо, Эрүүл мэндийн яам болон бусад яамдын ажилтнууд байгаа бөгөөд "О" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь сард 384.0 мянган төгрөг, гишүүд 364.0 мянган төгрөг, нийт 2013 онд 23.8 сая төгрөг, 2014 оны эхний хагас жилд 14.9 сая төгрөгийн цалин авч, дээр нь нэмж 2014 онд ТУЗ-ийн Ц.О 7 сарын цалин 2.688.0 мянган төгрөг, гишүүд Н. нар тус бүр 5 сарын цалин 1.820.0 мянган төгрөг, нийт 13.608.0 мянган төгрөгийн урамшуулал олгосон нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.12-тзаасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл эрх бүхий байгууллагаас тогтоосон цалин хөлснөөс өөр цалин урамшуулал авах ёсгүй.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9-д Төрийн албан хаагч нь төрийн хөрөнгөөр давтан сургах, мэргэшлээ дээшлүүлэх, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалынхаа цалин хөлсийг авах баталгаагаар хангагдана гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д "Ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж,мөрдүүлнэ", 3.1.2-т "ажилтан" гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг хэлнэ" гэж заасан.

Иймд тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гишүүд нь "О" ТӨХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учир тус компанийн дотоод журамд хамаарагдахгүй болохоор сургалтын төлбөр, гадаад албан томилолтын зардлыг төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Хяналт шалгалт хийх үед томилолтын талаарх баримт байгаагүй бөгөөд нягтлан бодогчоос шаардахад бүрдүүлж өгөөгүй талаар шалгалтынтэмдэглэлд тусгасан" гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 391 дүгээр шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 12-д заасныгбаримтлан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 04/81/104 дугаар актаар тогтоосон төлбөрийн хэмжээнээс төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдийн сургалтад хамрагдсан зардал 2,200,0 мянган төгрөг, гадаад албан томилолтын зардал 4.714,5 мянган төгрөг, төрийн албан хаагч биш төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үр дүнгийн урамшуулал 1,820,0 мянган төгрөг, нийт 8,734,5 мянган төгрөгийг хасч, багасгаж, төлбөрийн хэмжээг 11,788,0 мянган төгрөгөөртогтоож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 391 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санхүүгийн хяналт шалгалтын Улсын ахлах байцаагч Улсын байцаагч нар нь 2014 оны 9 дүгээр сард "О" ТӨХК-ийн 2013, 2014 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийгээд 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 04/81/104 дугаартай төлбөр хариуцуулах тухай акт тогтоосон болно.

Тус актад төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд 5 болон 7 сарын цалинтай тэнцэх хэмжээний цалингийн урамшуулал авсан, төлөөлөн удирдах зөвлөлийн нэр бүхий зарим гишүүд компанийн засаглалын сургалтад суусан, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гишүүн нь гадаадад томилолтоор ажилласан нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдсон төрийн албан хаагч эрх бүхий байгууллагаас тогтоосон цалин хөлснөөс бусад төрлийн шан харамж, урамшуулал авахыг хориглоно, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэг төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээдийн эрх хэмжээнд хамааруулснаас бусад хөдлөх хөрөнгийг засгийн газрын шийдвэрээр, засгийн газраас зөвшөөрөл олгосон тохиолдолд төрийн өмчийн хорооны шийдвэрээр шилжүүлж болно гэснийгтус тус зөрчсөн гэж үзсэн болно.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн нэгд ТУЗ-ын дарга гишүүд нь Төрийн өмчийн хорооны шийдвэрээр томилогдсон төрийн өмчийн төлөөлөгч тул тэдгээрт олгосон урамшуулал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан цалин хөлсний урамшуулалд хамаарахгүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт "цалин хөлс" гэх ойлголт дурдагддаг бөгөөд энэхүү ойлголтод юуг хамааруулж ойлгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тодорхой тусгагдсан байдаг. Уг ойлголтыг тайлбарласан тайлбарт ямар үндэслэлээрхамруулахгүй байгаагаа, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд дурдагдсан "цалин хөлс" гэх ойлголтод юуг хамруулж ойлгохыг тодорхой дурдсангүй орхижээ. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. гомдлыг хангахгүй орхилоо.

Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 04/81/104 дүгээр актаар О ТӨХК-ний 2013, 2014 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж зориулалт бусаар зарцуулсан зардлууд болох нийт 20,522,500 төгрөгийг холбогдох хүмүүсээс нөхөн төлүүлэн авч улсын төсөвт төвлөрүүлэхийг даалгажээ.

Анхан шатны шүүх дээрх актаар тогтоосон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн сургалтын болон албан томилолтын зардалтай холбоотой төлбөрийг үндэслэлгүй гэж үзэж холбогдох төлбөрийг багасган, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн төрийн албан хаагчдад олгосон урамшуулалд холбогдох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ... Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 12-т заасан цалин хөлс гэдэгт юуг хамааруулж ойлгохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 47.1-д тодорхой заасан. Актад заасан төрийн өмчийн төлөөлөгчид олгосон урамшуулал нь цалин хөлсний урамшуулал юм. Гэтэл шүүх уг урамшууллыг Хөдөлмөрийн тухай хуулийн 47.1-д заасан цалин хөлсний урамшуулалд хамаарахгүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн ... гэжээ.

Улсын Их Хурлаас 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан бөгөөд уг хууль батлагдсантай холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5-д өөрчлөлт оруулж төрийн өмчит хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийг төлөөлж оролцох гишүүнээр төрийн захиргааны албан хаагчийг томилохоор, мөн зүйлд Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдсон төрийн албан хаагч эрх бүхий байгууллагаас тогтоосон цалин хөлснөөс бусад төрлийн шан харамж, урамшуулал авахыг хориглоно гэсэн 12 дахь заалтыг нэмжээ. Хуулийн уг заалтуудаас үзвэл төсвийн татварын бус орлогыг бүрдүүлдэг төрийн өмчит хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний цалин хөлсийг эрх бүхий байгууллага тогтоох бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдсон төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх төрийн албан хаагч нь төрийн албан тушаалтны хувьд ажил, албан тушаалаа эрхэлж, төрөөс цалин хөлс авахын зэрэгцээ төрийн өмчит хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэж, мөн холбогдох цалин хөлсөө авах тул түүнээс өөр бусад урамшуулал авахыг хоригложээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар төрийн өмчит хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлд уг цалин хөлсийг тогтоох эрх олгоогүй бөгөөд О ТӨХК-ний ТУЗ-ийн гишүүн төрийн албан хаагчдад 5-7 сарын цалингийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 8/01 дүгээр тогтоолдоо үндэслэсэн Компанийн тухай хуулийн 76.1.9 дэх заалт болон Төрийн өмчийн хорооны 2010 оны 166 дугаар тогтоолоор баталсан журам /дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө батлагдсан/-аар компанийн захирал, гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах, дүгнэх, урамшуулал олгох асуудлыг зохицуулжээ. Иймд тус компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь хуульд заагаагүй эрх эдэлж, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн төрийн албан хаагчдад олгохоор шийдвэрлэсэн 5-7 сарын цалингийн урамшууллыг эрх бүхий байгууллагаас тогтоосон цалин хөлсөд хамаарах урамшуулал гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч нь Төрийн өмчийн хорооны 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1а/1318 дугаар удирдамжаар удирдлагын багт урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэх чиглэл өгсөн гэх боловч удирдлагын баг нь зөвхөн төлөөлөн удирдах зөвлөлийн төрийн албан хаагчаас бүрдэхгүй бөгөөд Төрийн өмчийн хорооны 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 481 дүгээр тогтоолоор[1] урьд онуудад гаргасан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 12-т заасныг зөрчиж төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн төрийн албан хаагчид урамшуулал олгосон зөрчлийг арилгах талаар Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх захиралд зөвлөмж, үүрэг өгч байснаас үзвэл нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ, 48 дугаар зүйлийн 48.3.4-д ажил олгогч нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн үндсэн цалингийн сүлжээ, жишиг болон нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээ, шагнал урамшуулал, түүнийг олгох нөхцөл, журам-ыг баталж мөрдүүлэхээр, харин Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3-д Төрийн өмчийн хороог төрийн өмчит хуулийн этгээдээс дагаж мөрдөх төлөвлөлт, ашиг орлогын хуваарилалт, цалин хөлсний норм, нормативыг холбогдох байгууллагатай тохиролцон тогтоох бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр тус тус заажээ.

Төрийн өмчийн хорооноос дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш төрийн өмчит хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний цалин хөлсний бүрэлдэхүүн болох урамшууллын хэмжээ, хязгаар буюу норм, нормативийг тогтоосон шийдвэр байхгүй байна.

Иймд уг урамшууллыг Хөдөлмөрийн тухай хуулийн 47.1-д заасан цалин хөлсний бүрэлдэхүүнд хамаарах урамшуулал гэж үзэх үндэслэлгүй байна.

Энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 391 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ