Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 23

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: ОАЗДТГ, ТҮХ-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “ОР-217/2020 дугаартай Орхон аймаг дахь орон сууцны 1А хорооллын дэд бүтэц барих тендерт ирүүлсэн “Б” ХХК-ийн тендерээс татгалзсан ОАЗДТГ-ын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/1265 тоот мэдэгдэл хууль бус байсан болохыг тогтоож, хүчингүй болгож, “Х” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн гэж үнэлж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгон, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг ОАЗДТГ-т даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2020/0005/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ё, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.Б, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ОАЗДТГ-аас зарласан ОР-217/2020 дугаартай “Орхон аймаг дахь орон сууцны 1А хорооллын дэд бүтэц барих ажил” тендер шалгаруулалтад манай компани 2020.05.08-ны өдөр оролцсон ба ОАЗДТГ-ын 2020.05.19-ний 03/1265 тоотод “... ирүүлсэн тендерээс татгалзсан” тухай мэдэгдсэн тул шийдвэрийг эс зөвшөөрөн, дараах үндэслэлээр Сангийн яаманд гомдол гаргасан: 1.

Дугаар

Тендерийн баримт бичгийн заалт

Ирүүлсэн материал

ТОӨЗ 14.1 (ж)

Ажлын тоо хэмжээ, зураг төслийн дагуу хийсэн төсөв. /эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулсан байна. Төсвийг ЗТБХБ-ын сайдын 2012 оны 1 сарын 13-ны 18 тоот, 2012 оны 181-р тушаалуудаар батлагдсан төсөв зохиох дүрмийн дагуу тооцно. Монгол улсад хүчин төгөлдөр хэрэглэгдэж буй төсөв зохиох програмаар гүйцэтгэнэ./

Тендерт санал болгосон үнэ нь 8,142,000,000 боловч тендерт ирүүлсэн баталгаажсан төсөв нь 8,577,335,705 төгрөг байгаа нь үндэслэлгүй үнийн санал ирүүлсэн байна.

 

ТЭЗҮ-д зураг төсөл магадлалын дагуу төсөв зохиоход 8 577 335705 төгрөгийн төсөв гарсан. Үүнээс 435 335 708 /дөрвөн зуун гучин таван сая гурван зуун гучин таван мянга долоон зуун таван/ төгрөгийн үнийн хөнгөлөлт үзүүлсэн тухай албан тоотыг тендерийн баримт бичгийн хамт илгээсэн тул уг тайлбар үндэслэлгүй байна. 

2. 

ТОӨЗ 14.1 (ж) 11

Тендерт оролцогч нь тендерийн иж бүрдэл, баримт бичгийг дагалдах баримт бичгийн хамт бүгдийг монгол хэл дээр бэлтгэн электрон хэлбэрт /Adobe PDF/ шилжүүлж, цахим хэлбэрээр ирүүлэх ба ирүүлсэн бүх материал тод, гаргацтай байх шаардлагатай.

Ирүүлсэн зарим материал гаргацгүй, үнэлгээ хийх боломжгүй, “О” ХХК нь ямар шалтгаанаар тендерт хамтарч материал ирүүлсэн нь тодорхойгүй өөр хэл дээр ирүүлсэн, “Ц” ХХК-ийн тусгай зөвшөөрөл харагдахгүй

 

“О” ХХК-тай туслан гүйцэтгэгчийн гэрээг байгуулсан ба гэрээг PDF өргөтгөлтэй явуулсан. ҮХ нь үнэлгээ хийхдээ шрифтийн алдааг залруулах боломжтой бөгөөд уг PDF файлыг Word файлруу хөрвүүлэхэд гэрээний фонд солигдох тул уншигдах боломжтой юм. Мөн PDF reader ашиглан үсгийн фонд сольж болно. Шаардлагатай бол тодруулга авах боломжтой тул уг үндэслэлээр татгалзаж болохгүй. Туслан гүйцэтгэгч “О” ХХК-ийн баримт материал нь тендерийн шалгуурт нөлөөлөх, тендерээс татгалзах үндэслэл болохгүй. Учир нь тухайн компанийн машин механизм, ИТА, тусгай зөвшөөрлийг оролцуулахгүйгээр түншлэгч талууд нь ТШӨХ-ын шалгуурыг хангаж байна.

Мөн түншлэлийн гэрээ байгуулж тендерт оролцсон “Ц” ХХК-ийн тусгай зөвшөөрөл дахь заалтууд гаргац муу бүдэг байсныг дурдсан байна.

ТҮХ нь “Ц” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Барилгын үндэсний ассоциацийн вэб сайт дахь барилгын тусгай зөвшөөрөлтэй компаниудын мэдээллээс харах, тодруулга авч болох байсан. Тусгай зөвшөөрлийн гэрээнд заалтууд тод харагдаж байна.

 

ТОӨЗ 4.4 (в)

Уг ажлыг гүйцэтгэхэд тусгай зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай эсэх: “тийм” Үүнд: Барилга, хот байгуулалтын яам: Хуучин зөвшөөрлөөр-Багц 1-т хамаарах. Барилга, хот байгуулалтын яам: Хуучин зөвшөөрлөөр-2.1.1, 2.1.5, 2.1.4, 2.2.1, 2.2.2, 2.2.3, 2.3.2, 2.2.4, 2.2.8, Шинэ журмаар-БА-8.1, БА-4.1, БА-6.1, БА-6.2, БА-6.3, БА-6.4, БА-3.4, БА-4.7, БА-3.2, БА-3.5, БА-3.3 тусгай зөвшөөрөлтэй байх ба эх хувиас скайнердаж ирүүлнэ. Тусгай зөвшөөрлийн хугацаа нь тендерийн хүчинтэй байх хугацаанд хүчин төгөлдөр байна. /Туслан гүйцэтгэгч, түншлэлийн гишүүдэд адил хамаарна./

Толгой компани нь Барилга, хот байгуулалтын яамны 2.1.5, 2.1.4, 2.2.8 тусгай зөвшөөрөлгүй, түншлэгч “Ц” ХХК-ийн тусгай зөвшөөрөл харагдахгүй үнэлгээ хийх боломжгүй

 

Тендерт оролцогч “Б” компани нь Эрчим хүчний яамнаас олгосон 3.2.3 0.4-35 кв-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцийн засвар, угсралт, түүний туршилт, тохируулга, дагалдах ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд тусгай зөвшөөрлийг тендерт хавсаргаж өгсөн. Уг зөвшөөрөл нь БХБЯ-аас олгодог 2.2.8 Цахилгаан эрчим хүч дамжуулах гол /магистраль/ шугам /35 кв хүртэл/ угсралтын үйл ажиллагаа явуулах эрхтэй гэсэн зөвшөөрөлтэй дүйцнэ.

Тендерт туслан гүйцэтгэгчээр орсон “Б” ХХК нь Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог 2.1.4  Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн, барилгын ажил (1-16 давхар хүртэл), Цамхаг, тулгуур, түшиц хана, яндан антенна зэрэг 30 м хүртэл өндөр угсармал ба цутгамал бетон, төмөр бетон, ган бүтээцтэй байгууламжийн ажил 16 давхар барилга барих тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Тусгай зөвшөөрлийн хуулбарыг хавсарган хүргүүлсэн.

Зураг төсөлд УДДТ-ын барилга, ХТП барилга, барихаар тусгагдсан нь бүгд нэг давхар барилга тул Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог тусгай зөвшөөрлийн 2.1.2 цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил (1-5 давхар хүртэл) заалтад хамрагдах ажил.

Тендерт туслан гүйцэтгэгчээр орсон “Б” ХХК нь Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог 2.1.5-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Шалгарсан компани болох “Х” ХХК-д зориулж тендерийн баримт бичгийн гол шалгууруудыг тохируулсан нь илт байх бөгөөд ТШӨХ-ийн ТШӨЗ 5.2 (в)-ийн 7-д Дээрх санал болгож буй ИТА болон мэргэжилтэй ажилчид нь өөр гэрээт ажил дээр давхардахгүй байх, ТШӨЗ 14.1-д мөн энэ тендерийн баримт бичиг болон ТШӨХ-д заасан бүх баримт материалуудыг бүрэн ирүүлээгүй, ирүүлсэн материал нь шаардлага хангахгүй байна, жишээ нь: гэрээт ажлыг гүйцэтгэх голлох дулаан, автоматжуулалт, ус хангамж ариутгах татуурга, гидро техникч инженерийн мэдээлэл ирүүлээгүй байх бөгөөд

Тендер нэр

Шалгарсан огноо

Төсөвт өртөг

Дууссан эсэх

Гэр хорооллын дэд бүтэц /Орхон, Баян-Өндөр сум, Баянбулаг, Булаг, Даваат, Наран, Рашаант, Цагаанчулуут баг/

2019-05-31

1 424 874 859

Үгүй

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн оюутны дотуур байрын барилга /Улаанбаатар, Найлайх дүүрэг/

2019-05-10

11 849 702 338

Үгүй

Дархан-Уул аймаг “Спорт цогцолбор”

2011

21 400 000 000

Үгүй

“Москва-300 цогцолбор”-ын гадна, доторх хатуу хучилттай зам, автомашины зогсоолын талбайн ажил, гадна тохижилт, харуулын байр барих ажил, үерийн хамгаалалтын далан барих ажил өртөөнүүд барих ажил

2018

2 899 260 833

Үгүй

“Москва-300 цогцолбор”-ын гадна шугам сүлжээ /усан хангамж, ариутгах татуурга, дулаан механик, дулаан тохируулах пункт/

2018

1 882 615 670

Үгүй

 

Дээрх гомдлыг хянан үзээд Сангийн яамнаас 2020.06.09-нд ирүүлсэн 6-1/3963 тоот албан бичгээр гомдлыг хангахгүй орхисон байх тул “хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах” субъектив эрх зөрчигдсөнийг сэргээлгэхээр, гомдолд дурьдсан хууль зүйн үндэслэлийг эш татан тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна”[1] гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ: “...Шалгарсан компани болох “Х” ХХК-д зориулж тендерийн баримт бичгийн гол шалгууруудыг тохируулсан нь илт байх бөгөөд ТШӨХ-ийн ТШӨЗ 5.2 /в/-ийн 7-д “Дээрх санал болгож буй ИТА болон мэргэжилтэй ажилчид нь өөр гэрээт ажил дээр давхардахгүй байх”, ТШӨЗ 14.1-д Мөн энэ тендерийн баримт бичиг болон ТШӨХ-д заасан бүх баримт материалуудыг бүрэн ирүүлээгүй, ирүүлсэн материал нь шаардлага хангахгүй байна, жишээ нь: гэрээт ажлыг гүйцэтгэх голлох дулаан, автоматжуулалт, ус хангамж ариутгах татуурга, гидротехникч инженерийн мэдээлэл ирүүлээгүй байхад хамгийн сайн тендер гэж үнэлэн, гэрээ байгуулах эрх олгосон нь хууль бус гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг “ОР-217/2020 дугаартай Орхон аймаг дахь орон сууцны 1А хорооллын дэд бүтэц барих тендерт ирүүлсэн “Б” ХХК-ийн тенерээс татгалзсан ОАЗДТГ-ын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/1265 тоот мэдэгдэл хууль бус байсан болохыг тогтоож, хүчингүй болгож, “Х” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн гэж үнэлж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгон, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг ОАЗДТГ-т даалгаж өгнө үү” хэмээн ихэсгэж байна”[2] гэжээ.

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/1265 тоот мэдэгдлийг хууль бус байсныг тогтоож, хүчингүй болгох, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад 07 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Ихэсгэхдээ Орхон аймаг дахь орон сууцны 1А хорооллын дэд бүтэц барих тендер ирүүлсэн “Б” ХХК-ийн тендерээс татгалзсан 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/1265 тоот мэдэгдэл хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, “Х” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн гэж үнэлж,  гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгож, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг хариуцагчид даалгаж өгөх гэсэн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Тендерт оролцогчдод өгөх зөвлөмж гэж байгаа. Энд зураг төслийн дагуу хийсэн төсөв, төслийг Барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 18 тоот, 2012 оны 181 дүгээр тушаалуудаар батлагдсан хүчин төгөлдөр хэрэгжиж буй төсөв зохиох программаар гүйцэтгэнэ гэсэн. Тендерт санал болгосон дүн 8 тэрбум 142 сая төгрөг боловч тендерийн баталгаажуулсан төсөв нь бол 8.577.335 төгрөг гэсэн санал ирүүлсэн нь үндэслэлгүй үнийн дүн байна гэсэн. Төсөв зохиоход 8.577.335 төгрөг төсөв гарсан. Үүнээс нэхэмжлэгч компани 335.335.705 төгрөгийн үнийн хөнгөлөлт үзүүлсэн албан тоотыг тендерийн баримт бичгийн хамт илгээсэн. Тиймээс ямар үнийн дүн санал болгосон нь тодорхойгүй гэдэг нь үндэслэлгүй юм. Тендерт оролцогчид тендерт оролцогчдын баримт бичгийг дагалдах бичиг баримтын хамт бүгдийг нь Монгол хэл дээр хэвлэн электрон хэлбэрт шилжүүлж, цахим хэлбэрээр ирүүлэх ба ирүүлсэн бүх материал нь тод гаргацтай байх шаардлагатай гэж зөвлөмжийн 14.1ж-д байгааг зөрчсөн. Түүнчлэн бичиг баримт нь гаргагдахгүй, “О” ХХК ямар шалтгаанаар тендерт материал ирүүлсэн нь тодорхойгүй, өөр хэл дээр ирүүлсэн. “Ц” ХХК-ийн тусгай зөвшөөрөл харагдахгүй гэсэн тайлбар ирүүлж татгалзах үндэслэл болсон. “О” ХХК-тай туслан гүйцэтгэгчийн гэрээг байгуулсан. Энэ гэрээг PDF өргөтгөлтэй явуулсан. ҮХ үнэлгээ хийхдээ шрифтийн алдааг залруулах боломжтой гэж үзэж байгаа. Хэдийгээр фонд нь танигдахгүй явуулсан боловч фондыг солих боломжтой байсан. “О” ХХК-ийн гэрээг хүчингүй болгох боломжгүй. Түншлэлийн гэрээг байгуулж орж байгаа. “Ц“ ХХК тусгай зөвшөөрөлтэй юм уу? гэдгийг Барилгын үндэсний ассиоциацын вэб сайт руу ороод харах боломжтой байсан. 3 дахь үндэслэл нь уг ажлын гүйцэтгэхэд тусгай зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай эсэх гэж байна. Тэгээд “Ц” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүдэг гэж татгалзсан байгаа. Тендерт туслан гүйцэтгэгчээр орсон компани нь иж бүрэн цамхагт тулгуур 30 метр хүртэл өндөр угсармал, 16 давхар барилга барих зөвшөөрөл эзэмшдэг. Тусгай зөвшөөрлийг хавсаргаж өгсөн. Зураг төсөл бүгд тусгагдсан байгаа. 1-5 давхар хүртэл заагдсан байдаг. Тэр тусгай зөвшөөрлийг бас эзэмшдэг бөгөөд хэрэгт хавсаргаж өгсөн. Тендер шалгаруулалтын зөвлөмжийн 5-2б-7-д зааснаар өөр гэрээт ажилд давхардахгүй орох, зөвлөмжийн 14.1-д тендерийн материалаа бүрэн ирүүлээгүй, ирүүлсэн материал нь шаардлага хангахгүй нөхцөл байгаа. Татгалзсан мэдэгдэлтэй холбоотой Сангийн яамруу гомдол гаргаад Сангийн яамнаас 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гомдлыг хангахгүй тухай хариу ирсэн тул нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.1-д зааснаар “Б” ХХК-ийн 1А хорооллын дэд бүтцийн барилгын ажлыг гүйцэтгэх баримтууд нь 27.1-д зааснаар 3 үндсэн шаардлагыг манай компани бүрэн хангасан гэж үзэж байгаа. Хэлбэрийн асуудлууд байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл 27.1-д заасан шаардлагыг хангаж байна. Техникийн шинжтэй алдаа гаргасан байна. Энэ нь тендерээс татгалзах шалтгаан болохгүй байна. 2-рт: “Х” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн тендер гэж дүгнэсэн үнэлгээ хуульд нийцээгүй байна. Тийм учраас тендерээс татгалзсан мэдэгдлийг хууль бус болохыг тогтоох, хүчингүй болгох, “Х” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгох, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг ОАЗДТГ-т даалгаж шийдвэрлэх боломжтой байна” гэв.

Хариуцагч ОАЗДТГ-аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Орхон аймаг дахь орон сууцны 1 А хорооллын дэд бүтэц барих ажил, багц-1 Барилгын ажил” ОР-217/2020 дугаартай тендерийг 2020 оны 04 дүгээр сарын -ны өдрөөс 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл олон нийтэд ил тод зарлан мэдээлж, цахим системээр зохион байгуулсан. Тендерийн баримт бичиг болон тавих шаардлага, тенхикийн тодорхойлолт, зураг, төсөв ажлын тоо хэмжээг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем tender.gov.mn сайтад байршуулсан. Мөн улсын хэмжээнд гардаг өдөр тутмын хэвлэл Зууны мэдээ сонинд тендерийн урилгыг зарлан мэдээлсэн. Тендерийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 09 цагт нээхэд хоёр компани буюу “Б” ХХК, “Х” ХХК оролцсон.

1. Тендерийг нээж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь заалтын дагуу тендерт оролцогчдын мэдээллийг задлаад нээлтийн тэмдэглэлийг цахим системээс хэвлэн гаргаж, ҮХны гишүүд гарын үсэг зурж баталгаажуулсан. Тендерийн нээлт дээр “Б” ХХК-ийн 8,142,000,000 төгрөгийн үнийн санал нийтэд зарлан мэдээлэгдсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь заалтын дагуу тендерийг хянан үзэхэд тус компанийн тендерт ирүүлсэн баталгаажсан төсөв 8,577,335,705 төгрөг байсан. Тендерт санал болгосон үнэ нь болон үнийн хөнгөлөлт нь цахим системд, мөн бусад оролцогч, сонирхогч нарт цахимаар шууд харагддаг. Гэвч тухайн компани цахим системээр тендер илгээхдээ үнийн хөнгөлөлтийн мэдээллээ оруулаагүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д “тендер нээх үед зарлагдаагүй, тэмдэглэлд заагаагүй тендерийн үнэ, үнийн хөнгөлөлт болон хувилбарт тендерийн үнийг үнэлгээ хийхэд тооцохгүй” гэсэн, Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар баталсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 3.13-т “тендерт оролцогчдоос журмын 3.3.2-т заасны дагуу илгээсэн тендерийн материалын агуулга нь системийн холбогдох талбарт оруулсан мэдээлэлтэй зөрвөл системийн талбарт бөглөсөн мэдээллийг баримтлана” гэсэн заалтуудыг үндэслэн үнэлгээ хийсэн.

2. Тендерийн баримт бичгийн ТОӨЗ 14.1 /ж/ 11-д “Тендерт оролцогч нь тендерийн иж бүрдэл, баримт бичгийг дагалдах баримт бичгийн хамт бүгдийг монгол хэл дээр бэлтгэн электрон хэлбэрт /Adobe PDF/ шилжүүлж, цахим хэлбэрээр ирүүлэх ба ирүүлсэн бүх материал тод гаргацтай байх шаардлагатай” гэж заасан. Гэтэл тус компанийн тендерийн зарим материал нь гаргацгүй, үнэлгээ хийх боломжгүй байсан. “О” ХХК нь ямар шалтгаанаар тендерт хамтарч материал ирүүлсэн нь тодорхойгүй, өөр хэл дээр ирүүлсэн, “Ц” ХХК-ийн тусгай зөвшөөрөл харагдахгүй байсан. Цахимаар ирж буй тендерийн материалыг оролцогч аж ахуйн нэгжийн тоон гарын үсгээр баталгаажуулан /цахим системээр/ ирүүлдэг бөгөөд оролцогчоос өөр хэн нэгэн хөрвүүлж эсхүл залруулах боломжгүй байдаг. Тендерийн үнэлгээний журамд “ТББ-ийн ТШӨХ-д заасан шалгуурыг хангаагүй бол татгалзана”, цахим тендер зохион байгуулах журмын 3.12-т “тендерт оролцогчийн ирүүлсэн материал бүхэлдээ эсхүл хэсэгчилэн 3.3.2 дахь шаардлагыг хангаагүй бол тухайн баримт бичгийг үнэлгээнд харгалзахгүй” гэж заасан.

3. Тендерийн баримт бичгийн ТОӨЗ 4.4 /в/-д: Уг ажлыг гүйцэтгэхэд тусгай зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай эсэх: “тийм” Үүнд: Барилга, хот байгуулалтын яам: Хуучин зөвшөөрлөөр Багц 1-т хамаарах. Барилга, хот байгуулалтын яам: Хуучин зөвшөөрлөөр-2.1.1, 2.1.5, 2.1.4, 2.2.1, 2.2.2, 2.2.3, 2.3.2, 2.2.4, 2.2.8 тусгай зөвшөөрөлтэй байх ба эх хувиас скайнердаж ирүүлнэ. Тусгай зөвшөөрлийн хугацаа нь тендерийн хүчинтэй байх хугацаанд хүчин төгөлдөр байна. /Туслан гүйцэтгэгч, түншлэлийн гишүүдэд адил хамаарна/ гэж заасан. Тендерт оролцогч, туслан гүйцэтгэгч, түншлэлийн гишүүдэд адил хамаарна гэсэн нь бүх оролцогч буюу төлөөлөх эрх бүхий компани, түншлэгч компани, туслан гүйцэтгэгч компаниуд бүгд нэгэн адил дээрх тусгай зөвшөөрөлүүдтэй байх шаардлагатай гэсэн заалт юм. Гэтэл тендерт оролцогч “Б” ХХК нь Барилга, хот байгуулалтын яамны 2.1.5, 2.1.4, 2.2.8 тусгай зөвшөөрөл байхгүй тул шаардлага хангаагүй байна. Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог тусгай зөвшөөрлийг Эрчим хүчний яамнаас олгодог тусгай зөвшөөрлөөр нөхөж тооцно гэж тендерийн баримт бичигт заагаагүй болно.

4. Тус тендерийн баримт бичгийн ТОӨЗ 4.4.в-д хуучин зөвшөөрлөөр 2.1.5 буюу БА-4.7 буюу газар доорх гарц, угсармал ба цутгамал төмөр бетон болон ган бүтэцтэй барилга, байгууламжийг барих, мөн 2.1.4 буюу БА-4.1 цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилга угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажлын тусгай зөвшөөрөл тус тус шаардсан. Учир нь тус ажлын үерийн суваг хийх зураг болон төсөвт газар доорх угсармал бетонон далд хоолой, газар доорх далд сувгийн ажил байх тул баригдах барилга нь тусгай зориулалтын УДДТ-ын байр бөгөөд ажлын цар хүрээний хувьд өндөр төвөгшилтэй ажил учир эдгээр тусгай зөвшөөрөлүүдийг шаардах нь зайлшгүй юм.

5. Тус тендерт шаардсан ИТА-ийг оролцогч аж ахуйн нэгж нэгэнт тус тендертээ ажиллуулахаар санал ирүүлсэн учир ажил эхлэхэд бэлэн байлгах байнгын ажиллагаатай байлгахыг шаардах бөгөөд энэ нь захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх явцад ямар нэгэн өөр гэрээт ажилд ажилуулахыг зөвөшөөрөхгүй гэсэн заалт юм”[3] гэжээ.

Хариуцагч ОАЗДТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч ТҮХ-ы дарга Л.О шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн орон сууцны 1А хорооллын дэд бүтцийг барьж байгуулах ажлын багц 1-д тендер сонгон шалгаруулалтыг цахим тендерийн журмаар зарласан. Цахим тендерийг зохион байгуулах, нээх журмыг Сангийн яамнаас батлан гаргасан байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 1 дүгээр асуудал “О” ХХК-ийн гэрээ харагдахгүй байна. ҮХ түүнийг хөрвүүлээд харах боломжтой байсан гэж байна. Цахим тендерт оролцож байгаа аж ахуйн нэгж тендерээ тоон гарын үсгээр баримтжуулж байгаа. Тийм учраас түүнийг ҮХ хөрвүүлэх боломж байхгүй. Гэрээний 1.1 дүгээр заалтанд түншлэн оролцоно гэж заасан байна. М.А гээд гүйцэтгэх захирлын гарын үсэг байна. Компани өөрсдөө тоон гарын үсгээрээ нэвтэрч байж хөрвүүлж өөрчлөх боломжтой. Сая итгэмжлэгдсэн төлөөлөгч туслан гүйцэтгэгчээр оролцоно гэж хэлсэн байна гэж яриад байна. Түншлэл, туслан гүйцэтгэгч нар шал өөр ойлголт байгаа. Хоёрдугаарт, төсөв зөрүүтэй байна гэж байна. Тендерт оролцогч нар цахим тендерээ ирүүлэхдээ тендерийн талбараа бөглөж оруулдаг. Дэлгэцэн дээр цахимаар тендерийг нээхээр шууд хэвлээд гаргадаг. Тэгэхэд эдний ирүүлсэн санал 8.142.000.000 төгрөг ирүүлсэн. Үнийн хөнгөлөлт ирүүлээгүй. Тендерийн нээлт бол Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.3 дахь хэсэгт “тендерт оролцогчийн мэдээллийг нийтэд зарлаад нээлтийн тэмдэглэлийг цахим системээс хэвлэн гаргаж, ҮХны гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна” гэж заасан байна. Талбар дээр үнийн хөнгөлөлт гэж бөглөөгүй байналээ. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.7-т “тендер нээх үед зарлагдаагүй, тэмдэглэлд заагдаагүй, тендерийн хөнгөлөлтийн үнэлгээ хийхэд тооцохгүй” гэж байгаа. Мөн Сангийн сайдын 2019 оны 255 дугаартай тушаалаар баталсан худалдан авах ажиллагааны цахим системээр тендер зарлах журам гэж байгаа. Энэ журмын 3.13-т “тендерт оролцогчдоос журмын 3.3.2-т заасан журмын дагуу илгээсэн тендерийн материалын агуулга, системийн талбарт бөглөсөн мэдээлэл зөрвөл системийн талбарт бөглөсөн мэдээллийг баримтална” гэж заасан байгаа. Дээрх журмын 3.3.2-т “тендерт оролцогч тендер хүлээн авах эцсийн хугацаа дуусахаас өмнө тендерийг электрон хэлбэрээр буюу PDF форматаар гаргацтай, тод хөрвүүлж ирүүлэх. Ингэхдээ өөрийн санал болгосон үнэ, хүчинтэй хугацаа, бусад холбогдох мэдээллийг системийн талбарт бүрэн оруулсан байх зэрэг 53.5.4-т заасны дагуу мэргэжлийн байгууллагын тогтоосон зааврын баримталж тендерийг илгээнэ” гэж заасан байна. Мөн 7.1-т “тендерт оролцогч нь цахим системд нэвтрэх эрх авсан ажилтны үйлдэл, эс үйлдэл, түүнд олгогдсон эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна”, 7.2-т “тендерт оролцогчийн буруутай үйл ажиллагаанаас болсон аливаа асуудлыг тендерт оролцогч өөрөө хариуцна” гэж, 7.4-т “тендерт оролцогч нь өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой асуудлыг дангаар хүлээнэ”, 7.5-т “тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийн салшгүй хэсэг болох тендерийн баримт бичгийн тодруулга, нэмэлт мэдээлэл, нэмэлт өөрчлөлтийг тендер хүлээн авах эцсийн хугацаа болтол бэлтгэн ирүүлэх үүрэгтэй” гэж заасан байна. Туслан гүйцэтгэгч, түншлэл гэж өөр байдаг. Түншлэлээр орж байгаа бол цахим систем дээр түншлэлийн гэрээ байгуулах ёстой байдаг. Туслан гүйцэтгэгч гэж тухайн ажлын 10 хувь хүртэлх ажлыг хийлгэх байдаг. Түншлэл гэж санхүүгийн чадамж болон нэмэлт зүйлийг хардаг. Гуравдугаарт, тусгай зөвшөөрлийн асуудал байна.  Тендерийн баримт бичгийн 4.4-т “... уг ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөл гээд Барилга хот байгуулалтын  яам, хуучин, шинэ зөвшөөрөл өгнө” гэж заасан байгаа. Энэ нь туслан гүйцэтгэгч, түншлэлийн гишүүдэд адил хамаарна. Би өөрөө тусгай зөвшөөрөлгүй байж нөгөө тусгай зөвшөөрөлтэй компанитай хамтарч орж байгааг тусгай зөвшөөрөлтэй  гэж үзэхгүй. “Б” компани нь тусгай зөвшөөрөл дээр түншилж ороогүй гэдгийг тендерийн тайлбар дээр тодорхой бичсэн байгаа. Эрчим хүчний яамнаас тусгай зөвшөөрлийг нөхөн тооцуулах шаардлагатай гэж байгаа. Нэгэнт тендерийн баримт бичигт заасны дагуу журмаараа явна. Барилгын тусгай зөвшөөрлийг эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй адилтган үзэх боломжгүй. “Х” ХХК-д нийцүүлсэн гэсэн тайлбарыг хэлж байна. Тэгж үзэж байгаа бол өмнө нь тодруулга авч болох байсан”[4] гэв.

Гуравдагч этгээд “Х” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...ОАЗДТГ-аас зарласан ОР-217/2020 дугаартай “Орхон аймаг дахь орон сууцны 1 А хорооллын дэд бүтэц барих ажил”-ын тендер сонгон шалгаруулалтад “Х” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон тендерийн баримт бичигт заасан журам, зөвлөмжийн дагуу шаардлагатай материалыг бүрдүүлж тендерийг захиалагчид хүргүүлсэн. Захиалагч ОАЗДТГ нь тендерт оролцогчдоос ирүүлсэн тендерийг үнэлж манай компанийн тендерийг хамгийн сайн гэж үзэж гэрээ байгуулах эрх олгосон. ОАЗДТГ нь уг тендерийг зарлах, хүлээн авах, үнэлэх зэрэг тендерийг зохион байгуулахтай холбоотой бүхий л үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж тендерт оролцогчдоос ирүүлсэн материалыг хуульд заасан журмын дагуу зөв үнэлж тендерийг шалгаруулсан тул “Б” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Захиалагч нь сонирхогч этгээдийг тендерт оролцох тэгш боломжоор хангаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу тендерийн баримт бичгийг бэлтгэх үүргийг хүлээдэг. Нэхэмжлэгч “Б” ХХК нь “Х” ХХК-д зориулж тендерийн баримт бичгийн гол шалгууруудыг тохируулсан байна” гэж нэхэмжлэлд бичсэн байгаа нь манай компанийн болон захиалагч байгууллагын ажил хэргийн нэр хүндэд илтэд халдаж буй үйлдэл тул дахин ийм үйлдэл гаргахгүй байхыг хүсье”[5] гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ё шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бид бүрэн материал бүрдүүлж явуулсан. ОАЗДТГ болон ҮХ үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Сая шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримт өмнөх 7 хоногт гаргасан баримт байгаа. Энэ 7 хоногт манайх 3 тэрбум төгрөгийн ажил хийсэн, ажлын явц 49 хувьтай явж байгаа гэдгийг хэлье” гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч тал 3 шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Мэдэгдэл өөрөө хууль зүйн үндэслэлтэй байгаа. Нэгдүгээрт нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлага нь “Б” ХХК-ийн тендерээс татгалзсан гэх 03/1265 мэдэгдлийг хууль бус болгохыг тогтоолгоно гэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.1 дүгээр зүйлд зааснаар захиалагч тендерт шалгарсан болон шалгараагүй байгууллагуудад мэдэгдэл хүргүүлдэг байгаа. Мэдэгдлийг хүргэж байгаа үндэслэл нь ТҮХ-ы дүгнэлт дээр үндэслэж байгаа. Захиалагчийн мэдэгдэл өөрөө хууль зүйн үндэслэлтэй байгаа учраас хууль бус гэж үзэх боломжгүй. Хоёрдугаарт, “Х” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүчингүй болгуулах гэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3 дахь хэсэгт зааснаар захиргааны шүүх өөрөө хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээх гэж заасан байна. “Х” ХХК-ийн мэдэгдэл “Б” ХХК-ийн ямар эрхийг зөрчсөн бэ? Өөрөөр хэлбэл ҮХ, хурлын тэмдэглэл дээрээ дүгнэлт гаргаад захиргааны акт гаргаж байна. Худалдан авах ажиллагааны тухай хуулийн 27.1 дэх хэсэгт зааснаар тендерийн бүх материал шаардлага хангасан уу гэдэг байна. Гэтэл “Б” ХХК-ийн тендерийн материал 27.1-д  заасан шаардлага хангаагүй учраас хасагдсан. Хасагдсаны дараагийн акт нь үнээр харьцуулаад хамгийн бага үнэ санал болгосон “Х” ХХК шалгарсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү. “Х” ХХК-д эрх олгосон мэдэгдэл нь “Б” ХХК-ийн ямар нэгэн эрхийг зөрчөөгүй. Шалгаруулалтаас өмнө “Б” ХХК хасагдсан. Гуравдугаарт, “Б” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах гэж байна. Эрх олгох асуудлыг шүүх шийдвэрлэх боломжгүй. Худалдан авах ажиллагааны тухай хуульд зааснаар ҮХны дүгнэлтийг үндэслээд захиалагч гэрээ байгуулах эрх олгоод үүний дагуу дараа гэрээ байгуулагдсан. “Х” ХХК-тай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр гэрээ байгаа. ҮХны дүгнэлт хүчин төгөлдөр байна. “Б” ХХК-ийг татгалзсан мэдэгдэл хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэлийн шаардлага өөрөө хууль зүйн үндэслэлгүй. Субектив эрх нь хөндөгдөөгүй учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Б” ХХК нь ОАЗДТГ-т холбогдуулан “ОАЗДТГ-ын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/1265 тоот мэдэгдэл хууль бус байсан болохыг тогтоож, хүчингүй болгон, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах”[6]-ыг хүссэн нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т “ОР-217/2020 дугаартай Орхон аймаг дахь орон сууцны 1А хорооллын дэд бүтэц барих тендерт ирүүлсэн “Б” ХХК-ийн тендерээс татгалзсан ОАЗДТГ-ын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/1265 тоот мэдэгдэл хууль бус байсан болохыг тогтоож, хүчингүй болгож, “Х” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн гэж үнэлж, гэрээ байгуулах эрх олгосон ЗДТГ-т даалгах”[7]-ыг хүсч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.

Мөн дээрх нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан ОАЗДТГ-ын даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/46 тоот тушаалаар байгуулсан ТҮХ /цаашид ТҮХ гэх/-г хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргаж[8], 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 227 дугаартай шүүгчийн захирамжаар[9] тус ҮХ-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулсан.

Нэг. “ОР-217/2020 дугаартай Орхон аймаг дахь орон сууцны 1А хорооллын дэд бүтэц барих тендерт ирүүлсэн “Б” ХХК-ийн тендерээс татгалзсан ОАЗДТГ-ын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/1265 тоот мэдэгдэл хууль бус байсан болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн тухайд: ОАЗДТГ-ын даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/46 тоот тушаалаар байгуулагдсан ТҮХ нь “ОР-217/2020 дугаартай Орхон аймаг дахь орон сууцны 1А хорооллын дэд бүтэц барих тендер”-ийг цахим хэлбэрээр зохион байгуулж, тендерт оролцогчдын цахимаар ирүүлсэн тендерийг хянан үзэж, “Б” ХХК-ийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагад нийцээгүй гэж үзэж, тендерээс татгалзаж шийдвэрлэсэн болох нь ТҮХ-ы 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаартай тэмдэглэл[10] болон тендерийг хянан үзсэн баримтууд[11], тендерийн Үнэлгээний тайлан[12] зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

ТҮХ-ы тендерийг хянан үзсэн баримтуудаас харахад “Б” ХХК-ийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичиг болон тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны “Тендерийн иж бүрдэл”-ийг хянан үзсэн хүснэгтийн 5-д “ТОӨЗ 14.1 /ж/ гэх заалт”[13], 15-д “ТОӨЗ 14.1 /ж/ 11 гэх заалт[14], мөн “Тендерт оролцогчийн эрх бүхий эсэх”-ийг хянан үзсэн хүснэгтийн 3-д “ТОӨЗ 4.4”[15] гэх заалтуудад заасан зөрчилтэй гэж үзэн тус компанийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж ТҮХ-ы 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хурлын 03 дугаартай хуралдааны тэмдэглэлээр гишүүдийн 100 хувийн саналаар тендерээс татгалзаж шийдвэрлэжээ.

ТҮХ “Б” ХХК-ийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагад нийцээгүй гэж үзэн тендерээс татгалзаж шийдвэрлэснийг захиалагч ОАЗДТГ-ын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/1265 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр[16] тус компанид мэдэгдэж, мэдэгдэл хүргүүлсэн байна.

ОАЗДТГ-ын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/1265 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг нь ТҮХ тендерийг хянан үзэж, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хурлаар “Б” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж тендерээс татгалзсан шийдвэрийг тендерт оролцогч компанид дамжуулан мэдэгдсэн агуулга бүхий албан бичиг юм.

Тиймээс уг албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж зааснаар захиргааны актад хамаарахгүй, тодруулбал, ОАЗДТГ-ын даргын гарын үсэг бүхий 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/1265 дугаартай албан бичиг нь захиргааны акт биш байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж  үзэж захиалагч тендерээс татгалзана” гэж зааснаар захиалагч тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзвэл тендерээс татгалзахаар заасан бөгөөд энэхүү захиалагчийн тендерээс татгалзах шийдвэр нь мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-т “энэ хуульд заасны дагуу ҮХ байгуулах” гэж, 47 дугаар зүйлийн 47.2.2-т “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийн төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно” гэж тус тус зааснаар ҮХ-ны шийдвэрээр дамжин хэрэгжих бөгөөд захиалагч байгууллага, түүнийг удирдах эрх бүхий албан тушаалтан өөрөө тендерийг хянан үзэх, тендерээс татгалзах шийдвэрийг бие даан гаргаагүй болно.

Тиймээс ОАЗДТГ нь ТҮХ-ы тендерээс татгалзсан шийдвэрийг дамжуулан мэдэгдсэнээс бус тендерээс татгалзах шийдвэрийг бие даан шийдвэрлэж, захиргааны акт гаргаагүй, иймд уг албан бичиг нь мэдээллийн шинжтэй, ямар нэгэн зохицуулалт агуулаагүй учир эрх зүйн үр дагаваргүй, энэ шинжээрээ захиргааны акт биш юм.

Иймд ОАЗДТГ-ын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/1265 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар “Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д “ҮХ-ноос гаргасан шийдвэр нь /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна” гэж зааснаар ҮХ-ны тендерээс татгалзсан шийдвэр нь хурлын тэмдэглэл хэлбэрээр гарч хүчин төгөлдөр болсон байна.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь тус компанийн ирүүлсэн тендерээс татгалзсан ТҮХ-ы шийдвэр /тэмдэглэл/ буюу захиргааны актын талаар нэхэмжлэлийн шаардлага гараагүй тул шүүхээс ТҮХ-ы шийдвэр, шийдвэрийн үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.  

Хоёр. “Х” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн гэж үнэлж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгон, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг ОАЗДТГ-т даалгах” нэхэмжлэлийн тухайд: ТҮХ нь Орхон аймаг дахь орон сууцны 1А хорооллын дэд бүтэц барих ажил гүйцэтгүүлэх ОР-217/2020 цахим тендерт оролцогч “Х” ХХК-ийг хамгийн сайн тендер ирүүлсэн гэж үзэж, гэрээ байгуулах эрх олох тухай санал[17] болон 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаартай зөвлөмжийг[18] захиалагчид тус тус хүргүүлсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн Хоёрдугаар бүлгээр  худалдан авах ажиллагааны хэд хэдэн үе шатыг зохицуулсан байх бөгөөд тухайлбал, хуулийн 27 дугаар зүйлд “Тендерийг хянан үзэх”, 28 дугаар зүйлд “Тендерийг үнэлэх” 29 дүгээр зүйлд “Гэрээ байгуулах эрх олгох” талаар тус тус зохицуулсан байдаг.

 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ: 27.1.1. энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага; 27.1.2.тенхикийн тодорхойлолт; 27.1.3.тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага;” гэж, 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч тендерээс татгалзана” гэж тус тус зааснаар ҮХ тендерийг сонгон шалгаруулахдаа тендер тус бүр нь тендерийн бичиг баримтад заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэж, бүх нөхцлийг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзэх, шаардлагад нийцээгүй гэж үзвэл тендерээс татгалзахаар хуульчилсан байна.

ТҮХ нь тендерийг хянан үзэх шатанд цахим тендерт оролцогч “Б” ХХК-ийн ирүүлсэн тендерийг Төрийн  болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан нөхцлийг хангаагүй гэж тендерээс татгалзаж, харин “Х” ХХК-ийн ирүүлсэн тендерийг 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар бүх нөхцлийг нэгэн зэрэг хангасан шаардлагад нийцсэн тендер гэж тус тус шийдвэрлэжээ.

ТҮХ “Б” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлага болон хуульд заасан шаардлагад нийцээгүй гэж үзэн мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар тендерээс татгалзаж шийдвэрлэснийг захиалагч ОАЗДТГ-ын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/1265 дугаартай албан бичгээр мэдэгдсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн дагуу “Тендерийг хянан үзэх” бөгөөд 27.3-т зааснаар тухайн тендер шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн ажиллагаа буюу мөн хуулийн 28 дугаар зүйлд заасан “Тендер үнэлэх” ажиллагаа хийгдэхээр тендерийн үе шатыг хуульд зохицуулсан.

Харин тухайн тендерт оролцогч “Б” ХХК нь тендер хянан үзэх шатанд тендерийн шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн гэх үндэслэлээр тендерээс хасагдсан /тухайн компанийн ирүүлсэн тендерээс захиалагч татгалзсан/ бөгөөд тендерээс татгалзсан ТҮХы шийдвэртэй маргаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасан “тендерт үнэлгээ хийх”, 29 дүгээр зүйлийн 29.1-т заасан “гэрээ байгуулах эрх олгох” зэрэг тендерийн бусад шат дараалсан ажиллагаанд оролцох, үнэлгээтэй холбоотой маргах эрх үүсэхээргүй байна.

Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ” гэж зааснаар шаардлагад нийцсэн гэж үзсэн “Х” ХХК-ийн тендерт үнэлгээ хийж, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж,  47 дугаар зүйлийн 47.2.2-т “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийн төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно” гэж тус тус зааснаар “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн “Х” ХХК-д гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн ТҮХ-ы шийдвэр, зөвлөмжийг үндэслэн гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг ОАЗДТГ-ын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/1266 дугаартай албан бичгээр[19] “Х” ХХК-д хүргүүлсний улмаас нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй.

Тодруулбал, тендерийг хянан үзэх шатанд “Б” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан шийдвэр хүчин төгөлдөр болсон учраас түүний дараагийн үе шатанд хийгдсэн тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох талаар гаргасан шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь захиргааны хууль бус татгалзал болох эс үйлдэхүйн эсрэг эсхүл татгалзсан шийдвэрийн эсрэг даалгах нэхэмжлэл гаргаж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах боломжтой байдаг. Харин тендер сонгон шалгаруулалттай холбоотой ТҮХ болон ОАЗДТГ-аас “Б” ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус эс үйлдэхүй болоод ямар нэгэн хууль бус татгалзсан шийдвэр гаргасан нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 1 дүгээр зүйлийн 1.1, 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар тус хуулийн буюу захиргааны хэргийн шүүхийн зорилт нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хамгаалахад чиглэгддэг учраас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдоогүй тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан “Х” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн гэж үнэлж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгон, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг ОАЗДТГ-т даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.5, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Б” ХХК-ийн гаргасан “ОР-217/2020 дугаартай Орхон аймаг дахь орон сууцны 1А хорооллын дэд бүтэц барих тендерт ирүүлсэн “Б” ХХК-ийн тендерээс татгалзсан ОАЗДТГ-ын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03/1265 тоот мэдэгдэл хууль бус байсан болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тухайн шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь заалтуудыг тус тус баримтлан “Б” ХХК-ийн ОАЗДТГ, ТҮХ-д холбогдуулан гаргасан “Х” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн гэж үнэлж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгон, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг ОАЗДТГ-т даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           П.УУГАНЦЭЦЭГ

 


[1] ХХ-ийн I хавтас, 1-3 дахь тал.

[2] ХХ-ийн I хавтас, 101 дэх тал.

[3] ХХ-ийн I хавтас, 87 дахь тал.

[4] ХХ-ийн II хавтас, 161-167 дахь тал.

[5] ХХ-ийн I хавтас, 98 дахь тал.

[6] ХХ-ийн I хавтас, 1-3 дахь тал.

[7] ХХ-ийн I хавтас, 41 дэх тал.

[8] ХХ-ийн II хавтас, 173 дахь тал.

[9] ХХ-ийн II хавтас, 180-182 дахь тал.

 

[10] ХХ-ийн II хавтас, 28-31 дэх тал.

[11] ХХ-ийн II хавтас, 11-27 дахь тал.

[12] ХХ-ийн II хавтас, 32-35 дахь тал.

[13] ХХ-ийн II хавтас, 12 дахь тал.

[14] ХХ-ийн II хавтас, 13 дахь тал.

[15] ХХ-ийн II хавтас, 18 дахь тал.

[16] ХХ-ийн II хавтас, 45-46 дахь тал.

[17] ХХ-ийн II хавтас, 40 дэх тал.

[18] ХХ-ийн II хавтас, 42 дахь тал.

[19] ХХ-ийн II хавтас, 44 дэх тал.