Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2018/ШЦТ/333

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0097

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Г

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.И

Хохирогч Б.Л

Гэрч П.У

Шүүгдэгч А.К нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.К-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818000960094 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн, Дархан суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмээ, ээж, хүүгийн хамт, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.

 

Шүүгдэгч А.К нь 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах “М-” бааранд хувийн маргааны улмаас Б.Лыг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.К нь 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах “М-” бааранд хувийн маргааны улмаас Б.Л-ыг бүснийхээ төмрөөр толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.Л-ынн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...К орж ирээд надруу уурлаад байсан. Тэлээнийхээ арлыг гартаа барьж байгаад хоёр гурван удаа цохисон. Тэгээд чи хэлэх газраа хэл гэсэн . Миний толгойноос цус гарсан. Цагдаа дуудаад ирэхэд Кзугтсан байсан. Тэд өдрөө эмнэлэгт очиж  оёдол тавиулсан. Одоо нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй” гэх мэдүүлэг,

Гэрч П.У-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн“...нэг мэдэхэд К байхгүй, Л толгойгоо дарчихсан толгойноос нь цус гарч байсан. Яасан юм бэ? гэхэд нөгөө хүүхэн бүсээрээ толгойруу цохиод толгой хагалчихлаа гэж байсан, миний хувьд худлаа ярьсан зүйл байхгүй, Калилагүлийг эртнээс мэднэ, хохирогч Л-тай нэг газар цуг ажилладаг” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Д-гийн өмнө шүүх хуралдаанд өгсөн “...Тухайн өдөр бөөнөөрөө орж ирээд сууж байгаад гараад буцаад Л- нэг залуутай орж ирсэн. Араас нь энэ хүүхэн их ууртай орж ирээд маргалдаад байсан. Юу гэж маргалдсаныг нь би сайн мэдэхгүй байна. Нэг гарч ирээд бохир авахад энэ хүүхэд шубаныхаар бүсээр тэр залуугийн толгойруу цохиод хагалсан” гэх мэдүүлэг,

 

Гэрч С.Г-ын өмнө шүүх хуралдаанд өгсөн “...би М- баранд ороход энэ хүүхэд, энэ залуу байсан. Тэгээд бас нэг залуу байсан. Хэрүүл маргаан болоод энэ хүүхэн бүсээ эргүүлээд л цохисон. Энэ залуугийн толгой хагарч цус гараад байсан” гэх мэдүүлэг,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 206 дугаартай “...Б.Лын биед хуйхны шарх, баруун нүдний зовхины цус хуралт тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой,  Уг гэмтэл ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.К нь “Б.Лыг биеэ хамгаалах зорилгоор түлхсэн, цохиогүй, хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүс нийлж намайг гүтгэж байна, маргалдсаны дараа уг бааранд 30 минут сууж байгаад гарахад хохирогчийн толгой хагараагүй зүгээр байсан, түүнээс хойш бусдад зодуулсан байх” гэж мэдүүлж байх боловч гэрч С.Г-ын “...Хэрүүл маргаан болоод энэ хүүхэн бүсээ эргүүлээд л цохисон. Энэ залуугийн толгой хагарч цус гараад байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Долгорсүрэнгийн “энэ хүүхэн шубаныхаа бүсээр тэр залуугийн толгой руу цохиод хагалсан” гэх мэдүүлэг, гэрч  П.У-ын “нэг мэдэхэд Калилагүл байхгүй, Л- толгойгоо дарчихсан толгойноос нь цус гарч байсан. Яасан юм бэ? гэхэд нөгөө хүүхэн бүсээрээ толгойруу цохиод толгой хагалчихлаа гэж байсан” гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар түүний мэдүүлэг үгүйсгэгдэж байна.

 

Хэрэгт цугларсан баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, бэхжүүлэгдсэн байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч А.Кийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Б.Л нь иргэний нэхэмжлэл гаргаагүй ба шүүхийн хэлэцүүлэгт “нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч А.Кд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр заасан ба шүүгдэгч А.Кийн хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж ухамсарлаагүй байдал зэргийг харгалзан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бүсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ботакара овогт А Кийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ботакара овогт А Кд 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 / есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд дээрхи хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Шүүгдэгч А.Кээс гаргуулах төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бүсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц А.Кд буцаан олгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Кд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.ГЭРЭЛТ-ОД