| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0300/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/322 |
| Огноо | 2018-09-06 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2018/ШЦТ/322
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0300/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгч Б.Т /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т холбогдох 1818005390323 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Т; суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах “Тариачийнхан овогт ЭХХК-нд өрмийн засварчин ажилтай, ам бүл 5, эхнэр дүү, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 7 дугаар сарын 08-ны шөнө 02 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зочид буудлын хажуугийн хөл бөмбөг үзүүлж буй асрын телевизорын дэлгэцийг хууль бусаар гэмтээсний улмаас 1824000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 7 дугаар сарын 08-ны шөнө 02 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “зочид буудлын хажуугийн хөл бөмбөг үзүүлж буй асрын телевизорын дэлгэцийг хууль бусаар гэмтээсний улмаас 1824000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч Б.Т мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Дархан сумын 14 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг” зочид буудлын хажууд баригдсан хөл бөмбөг үзүүлж байсан асарт очиж ОХУ, Хорват улсын тамирчдын тоглолт үзэж байсан юм. Бид дөрөв нэг ширээнд суугаад нэг шил 0,75 литрийн архи, 2 шил пиво аваад сууж байсан. Ингээд хөл бөмбөг үзээд сууж байхад ОХУ-ын тамирчид хаалгандаа нэг гоол алдсан. Би тухайн үед Орос улсын тамирчдыг дэмжиж байсан учир 1 гоол алдахаар нь уурлаад ууж байсан сэнгүр пивоны шилийг урд байсан том дэлгэц рүү шидчихсэн юм.” гэх мэдүүлэг, /хэргийн 28/,
“...Дахиж ийм үйлдэл гаргахгүй, согтууруулах ундаа уухгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4/,
-Хохирогч М.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг 2018 оны 7 дугаар сарын 08-ны өглөө 09 цагт ажил дээрээ ирэхэд рестораны менежер Б надад урд шөнө 02 цагийн орчим буудлын хажуугийн асарт хөл бөмбөг үзэж байсан залуу пивоны шил лед дэлгэц рүү шидэж гэмтээсэн гэж хэлсэн. Тэгээд манай байгууллагын захирал Г.Б намайг энэ хэрэгт хохирогчоор оролцох тодорхойлолт гаргаж өгсөн. Манай байгууллагын хөл бөмбөг үзүүлж байсан лэд дэлгэцний 4 ширхэг жижиг дэлгэц гэмтэж 1824000 төгрөгийн хохирол учирсан.” гэх мэдүүлэг /хэргийн 7/,
-Гэрч Д.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед “” зочид буудлын хажуугийн асар дотор хөл бөмбөг үзэж байсан иргэдийн хөдөлгөөнд хяналт тавиад байж байхад үзэгчдийн дундаас нэг жижиг махлаг залуу босож ирээд ууж байсан пивоны шилийг том дэлгэц рүү аваад шидсэн. Тэгэхэд хажуу орчимд нь сууж байсан хүмүүс шил шидсэн залуу болон хамт явсан хоёр эмэгтэй, нэг залуу нийт 4 хүнийг асраас гарга гээд уурлаад байсан. Тэгэхэд хажуугаас нь хамгаалагч, бармен хоёр нь ирээд тэдгээр хүмүүсийг аваад асар дотроос гаргасан. Тэгээд асрын гадна байхад нөгөө шил дэлгэц рүү шидсэн залууг хамт явсан 3 хүн нь авч явах гээд байсан. Тэгэхээр бармен, зөөгч нар нь дэлгэц төлүүлнэ гээд маргаан болох гээд байхаар нь би наанаас нь очиж цагдаагийн алба хаагч байна гэж өөрийгөө танилцуулаад цагдаагийн ахмад Эрдэнэболдыг дуудаад тэр хоёр залууг Эрүүлжүүлэх баривчлах байр луу хүргүүлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 10/,
-Гэрч С.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Төгөлдөр хөл бөмбөгийн дэлхийн аварага шалгаруулах тэмцээн 02 цагаас Орос улс, Хорват улсын багтай тоглоно гээд зочид буудлын хажууд баригдсан хөл бөмбөг үзүүлж байсан асарт очихоор болоод би машин бариад явсан.
...тэгээд байж байхад Орос улсын тамирчид Хорват улсын хаалганд хоёр гоол оруулсан. Харин Хорват улс Оросын хаалганд нэг гоол оруулсан. Тэгэхэд хажууд сууж байсан найз Төгөлдөр Орос улс хожих юм бол би финалын тоглолтыг ч үзэхгүй гээд баярлаад сууж байсан. Тэгэхэд Орос улсын тамирчид хаалгандаа нэг гоол алдаад тооны харьцаа тэнцэхэд Төгөлдөр уурлаад ширээн дээр байсан шилтэй пивийг шүүрч аваад босож зогсож байгаад хөл бөмбөг үзэж байсан дэлгэц рүү шидсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 11/,
-Гэрч Д.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед нөхөр маань найзын хамт 1 шил архи уусан байсан. Бид нар хамт сууж байхад нөхөр маань хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 02 цагт Орос улс Хорват улсын багтай тоглоно гээд зочид буудлын хажууд баригдсан хөлбөмбөг үзүүлж байсан асарт очсон юм. Тухайн асарт 120 орчим хүн байсан. Бид нар асрын голд дэлгэцний харалдаа сууж байсан юм. Бид дөрөв 120000 төгрөгний багцнаас нэг ширхэгийг аваад мөн 4 ширхэг шорлог авсан юм. Тухайн багцанд нь 1 шил 0,75 литрийн Ивок архи ирдэг юм билээ. Тухайн багцанд ундаа байхгүй байсан тул 2 шил сэнгүр пиво өгсөн. Тухайн үед нөхөр Т найз У нар 1 шил архи хувааж уугаад сууж байсан. Би найз М хамт халуун цай захиалж уугаад сууж байсан. Тэгээд хөл бөмбөг үзээд байж байхад Орос улсын хөл бөмбөгчид өөрийн хаалгандаа нэг гоол алдсан. Тэгэхэд хажууд сууж байсан нөхөр ширээн дээр байсан шилтэй пивийг шүүрч аваад хөлбөмбөг үзэж байсан дэлгэц рүү шидсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 12/,
-Гэрч Ц.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... зочид буудлын хажууд баригдсан хөлбөмбөг үзүүлж байсан асарт очиж ОХУ, Хорват улс хоёрын тамирчдын тоглолт үзэж байсан юм. Бид дөрөв нэг ширээн дээр суугаад нэг шил ивок архи 0,75 г, 2 шил сэнгүр пиво аваад сууж байсан юм. Тэгээд хөлбөмбөг үзээд сууж байхад ОХУ-ын тамирчид хаалгандаа 1 гоол алдсан. Тэгэхэд хажууд пиво уугаад сууж байсан найз Төгөлдөр шилтэй пиво дэлгэц рүү шидсэн. Тэгэхэд дэлгэцний доод булан хагарсан.” гэх мэдүүлэг /хэргийн 13/,
-Гэрч Б.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 07 сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “зочид буудлын гадна асарт иргэдэд үйлчлээд явж байсан юм. Тухайн шөнө 02 цаг өнгөрөөд 03 цаг болж байхад хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй ширээнүүдийн гол орчим суугаад үйлчлүүлж байсан юм. Тэгэхэд шивээстэй махлаг жижиг биетэй согтуу залуу нь босож зогсож байгаад ууж байсан пивоны шилийг лед дэлгэц рүү шидсэн. Тэгэхэд лед дэлгэц голынхоо хажуу талаас пивоны шил оногдсон газар харлаад эхэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 14/,
- “...Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн үнэ болон тээврийн зардал, засвар тохируулалтын ажлын хөлсний зардлын зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны байдлаар 1824000 /нэг сая найман зуун хорин дөрвөн мянга/ төгрөг байна.” гэх 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 18-20/,
-“Дархан Комфорт цогцолбор” ХХК-ийн итгэмжлэл /хэргийн 9/,
-“Атлас Копко Монгол” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээ байгуулах захирлын тушаал /хэргийн 49/,
-“Дархан Комфорт цогцолбор” ХХК-ийн хохирол хүлээн авсан тухай албан бичиг /хэргийн 53/,
-Б.Т төлбөр төлсөн баримт, дансны хуулга /хэргийн 54-55/, болон хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн баримтуудаар тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Т үйлдсэн гэмт хэргийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул талуудын гаргасан саналын дагуу Б.Т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Б.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч “ХХК-нд 1824000 төгрөгийн хохирол учирсан болох нь “...үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн үнэ болон тээврийн зардал, засвар тохируулалтын ажлын хөлсний зардлын зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны байдлаар 1824000 /нэг сая найман зуун хорин дөрвөн мянга/ төгрөг байна.” гэх 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар /хэргийн 18-20/ нотлогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан болох нь “цогцолбор” ХХК-ны албан бичиг /хэргийн 53/, шүүгдэгч Б.Т төлбөр төлсөн баримт, дансны хуулга /хэргийн 54-55/ зэргээр нотлогдож байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Б.Төгөлдөрөөс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Т нь 2018 оны 7 дугаар сарын 08-ны шөнө 02 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “зочид буудлын хажуугийн хөл бөмбөг үзүүлж буй асрын телевизорын дэлгэцийг хууль бусаар гэмтээсний улмаас 1824000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Т гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Т нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Б.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг шүүгдэгч Б.Т үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Б. анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон.
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Т бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1824000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар торгох ялын 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Б.Т үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Б.Т анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ