| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2020/00047/Э |
| Дугаар | 154/2020/00057 |
| Огноо | 2020-08-07 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 154/2020/00057
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Алтантуяа
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Шүүгдэгч Б.Баянчулуун нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч******* овогт*******ын*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1937000600069 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Баян айраг” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Дөрвөлжин сумын Буга багт оршин суух, РД:*******,******* овогт*******ын*******,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Б.Баянчулуун нь Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөтийн уурхайд нүүрсний тээвэрлэлтийн Апарт рөүд ХХК-нд гэрээгээр 68-07 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа 2019 оны 07 дугаар сарын 16-наас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд нүүрс тээвэрлэлтэнд явж байхдаа 2030 литр шатахуун илүү авч хувьдаа завшиж хохирогч У.Энхтөрд 4,701,700 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Баянчулууны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. 4951700 төгрөгийг төлж хохиролгүй болгоно” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Баянчулууны мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: Би 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр У.Энхтөр гэдэг хүний эзэмшилийн Апарт рөүд ХХК-ний нэр дээр тээвэр хийдэг 68-07 ХОА улсын дугаартай Норд-бенз маркийн ачааны автомашинаар тээвэрлэлт хийхээр У.Энхтөр гэдэг хүнтэй тохиролцож машиныг нь аваад засвар үйлчилгээ хийж байгаад 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс тээвэрлэлт хийж эхлээд 10 дугаар сарын сүүл хүртэл тээвэрлэлт хийсэн. Би жолоочоор ажиллаж байх хугацаандаа 14 билүү 15 удаагийн тээвэрлэлт хийсэн би нэг удаагийн тээвэрлэлтэнд 480-520 литр шатахуун Талын харгуй ШТС-с авч байсан заримдаа У.Энхтөрд өөрт нь хэлээд 50-60 литр шатахуун авч байсан. Талын харгуй ШТС-с машиныхаа улсын дугаарыг болон нэрээ бичүүлээд гарын үсэг зураад авдаг байсан. Би 1 удаагийн тээвэрлэлт хийгээд 350 мянган төгрөгний цалин авч байсан. Би тээвэрлэлт хийж байх хугацаандаа Талын харгуй ШТС-с энэ компани нь Хөшөөтийн уурхайд бас Үенч суманд байдаг эхлээд Хөшөөтийн салбараас авч байсан сүүлд Үенчийн салбараас авч байсан өөр газраас авч байгаагүй. Тээвэрлэлтийн компаниуд шатахуун түгээх станцуудтай гэрээтэй байдаг юм. Би тээвэрлэлт хийж байх хугацаандаа илүү шатахуун бодуулж аваагүй гэж бодож байна шатахуун хүрэлцэхгүй тохиолдолд 20-30 литр шатахуун У.Энхтөрд хэлээд авдаг байсан, тээвэр хийж байсан жолооч нараас заримдаа 10, 20 литр шатахуун зээлж аваад дараа нь ШТС-с өөрийнхөө нэр дээр бичүүлээд буцаагаад өгдөг байсан. Тэдгээрийг тооцож үзвэл зардалаас гадуур 200-300 литр шатахуун авсан байхаа сайн санахгүй байна. Би автомашины эзэмшигч У.Энхтөрд 50-60 литр шатахуун авч байснаа хэлж байсан харин 10-20 литрээр авч байсан шатахууны талаар хэлж байгаагүй энэ талаар ШТС-д баримт нь байгаа байхаа. Би тээвэрлэлт хийж эхлэхдээ 500 литр шатахуунтай автомашин хүлээж авсан энэ шатахууныг Ховд аймгийн төв ороод засвар үйлчилгээ хийсэн энэ нь тээвэрлэлт хийгээгүй зарцуулсан дараа нь 10 дугаарын сарын 20-ны үед 500 литр шатахуун машиндаа хийсэн байж байгаад хүүхэд өвдөөд гэрлүүгээ явсан тэр үед машины араа эвдэрээд 70 литр шатахуун машинаасаа аваад Булган сум руу явж араа авч ирээд машинаа зассан У.Энхтөр ахад машиныг чинь яах вэ? гэхэд Ховд аймаг руу оруул гэсэн би тэр машиныг шатахуунтай М.Ганболдод хүлээлгэж өгөөд гэрлүүгээ явсан. Ингээд 2 тээвэрлэлтийн шатахуун тээвэр хийгээгүй өнгөрсөн. У.Энхтөр ахад хэлэлгүй 10, 20 литрээр авч зарцуулж байсан үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна. Надад шатахуун авч байсан баримт байхгүй. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг
-Хохирогч У.Энхтөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2030 литр дизел түлшны хохирол учирсан байна. тэр үеийн 1 литр түлш 2,240 төгрөг байсан тэгээд дундажлаад бодохоор 4,547,200 төгрөгийн хохирол учирсан байгаа мөн ган тороосны үнэ болох 100 мянган төгрөг нэхэмжилж байна. Гагнуур хийлгэнэ гэж надаас 350 мянган төгрөг авсан бөгөөд зүгээр торгоох төдий 4-н өнцөгт нь тогтоосон байсан, харин би одоо зөрүү мөнгө бодож 250 мянган төгрөг нэхэмжилж байна. Шинжээчийн дүгнэлтийн дагуу хохиролоо нэхэмжилж байна. Жолоочийн буруутай үйлдлээс болсон бол жолооч хариуцан харин тээврийн хэрэгслийн элэгдэл гарсан бол би хариуцана. Тухайн үед би бүх зардал сэлбэгийг эндээс явуулж байсан. 4 дугуй би өмнөх мэдүүлэгт нэхэмжилсэн байна лээ тэрийг би нэхэмжилхээ болилоо...” гэх мэдүүлэг,
-Гэрч Г.Болоршүрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай компани нь шатахууний бөөний болон жижиглэнгийн борлуултын үйл ажиллагаа явуулдаг Ховд аймагт 2 салбартай Хөшөөтийн уурхай, Үенч гэсэн салбартай уг нь манай компанийг “Талын харгуй” гэдэг нэртэй байж байгаад 2018 оны 7 дугаар сард “Эн пи петролиум” нэртэй болсон. Компаний төв Улаанбаатар хотод байдаг гүйцэтгэх захирал нь А.Оюунбаялаг гэдэг хүн байдаг. Манай компани “Апарт рөүд” ХХК-тай 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс эхэлж гэрээ хийж шатахуун нийлүүлж эхэлсэн. Би Б.Баянчулуун гэдэг жолоочийг танихгүй. Манай компани шатахуун түгээхдээ тухайн компаниас албан бичгээр зөвшөөрөл өгсөн дугаар бүхий автомашинуудад шатахуун өгдөг шатахуун өгөхдөө лимет тогтоосон зүйл байхгүй жолооч нар авах хэмжээгээрээ авдаг харин шатахуун өгөхдөө жолооч нараар шатахуун олгосон падан буюу зарлагын баримт гарын үсэг зуруулаад 1 хувийг нь жолоочид өгдөг. Шатахуун олгосон маягт дээр гарын үсэг зуруулж шатахуун өгдөг. Нийтдээ 2 удаагийн гарын үсэг зуруулдаг юм. Тухайн шатахуун олгосон падан буюу зарлагын баримтыг үндэслэн жолооч болгоноор гаргаж тухайн компанид нэхэмжлэх явуулж тооцоо хийдэг. Жижиглэнгээр шатахуун өгч болохгүй гэсэн зүйл байхгүй хэрэв авсан тохиолдолд падан бичнэ. Жолооч нарт падан бичиж өгөлгүй шатахуун олгосон тохиолдол байдаг паданы цаас дуусан цаас нь ирээгүй тохиолдол байдаг тэр үед шатахуун олгочихоод өөрсдийн маягт жагсаалт дээр жолоочоор гарын үсэг зуруулж авдаг. Манай компаний Үенчийн салбарт 2019 оны 9 дүгээр сарын 30-с 10 дугаар сарын 30-н хүртэл падан дууссан байсан. Үенчийн салбараас 9 дүгээр сарын 30-нд авсан шатахууны падан байхгүй мөн 10 дугаар сарын 14, 18, 22-нд авсан падан байхгүй нийт 4 ширхэг бичигдээгүй байсныг маягтын жагсаалтын хуулбарт бичигдсэн байсныг хуулбарлан явуулсан. Надад одоо ямар нэгэн санал гомдол байхгүй....” гэх мэдүүлэг,
-Гэрч М.Ганболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие нь Улаанбаатар хотод оршин суух Х.Энхтөр гэх хүний эзэмшлийн Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Б.Баянчулуун гэх хүнд бариулах талаар тохиролцсон байсан тул тухайн хүнд хүлээлгэн өгсөн юм. Б.Баянчулуун нь Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөтийн нүүрсний уурхайд байрлах нүүрс тээвэр хийдэг Апарт рөүд транс ХХК- ны нэр дээр тээвэрлэлт хийж байсан бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний хооронд жолоочоор ажиллах хугацаандаа 4.547.200 төгрөгний шатахууныг илүү бодуулан авсан байсан тул У.Энхтөр нь намайг харьяалах цагдаагийн байгууллагад хандах талаар хэлсэн юм. Б.Баянчулуун нь тээвэрлэлтэнд явахаа больсон бөгөөд Завхан аймгийн Дөрвөлжин суманд байгаа. Тээвэрлэлт хийгдсэн баримтуудыг нь Апарт рөүд транс ХХК-аас авч болно...” гэх мэдүүлэг,
-Гэрч С.Мөнх-Орхоны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”... Б.Баянчулуун гэдэг хүн манай компанид 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс тээвэрлэлт хийж эхэлсэн байна. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хамгийн сүүлийн тээвэрлэлт хийсэн байна түүнээс хойш ажиллаагүй. У.Энхтөр гэдэг хүний 68-07 ХОА улсын дугаартай Норд-бенз маркийн тээврийн хэрэгслээр тээвэр хийж ажиллах хугацаандаа нийт 12 удаагийн тээвэрлэлт хийсэн байна. Энэ хугацаандаа 7880 литр шатахуун зарцуулсан байдаг тухайн тооцоог Хөшөөтийн уурхайд болон Үенч суманд салбартай Талын харгуй шатахуун түгээх станцаас манай компани түлш, шатахуун авах гэрээтэй сар болгон тухайн компани манай компани руу тайлангаа буюу ямар автомашин хэн гэдэг жолооч хэдэн литр түлш авсан талаараа явуулдаг юм. Мөн МоЭнко ХХК-наас тээвэрлэлтийн тооцоог авдаг. Манай компани автомашины эзэмшигчтэй гэрээ хийж, тооцоогоо эзэмшигчтэй хийдэг, автомашины эзэн жолоочоо хэдэн төгрөгөөр цалинжуулах нь тухайн эзэмшигчийн нь эрх юм. Манай компани ч гэсэн 1 удаагийн тээвэрлэлтийг дундажаар 500 литр түлшээр тооцдог Б.Баянчулуун 12 удаагийн тээвэрлэлтийг нийт дундажаар 6000 литр түлшээр хийх ёстой. Гэтэл Б.Баянчулуун манай компаний нэр дээр тээвэр хийх хугацаандаа нийт 7860 литр дизель түлш бичүүлж авсан байна. Манай компаний жолооч нар Талын харгуй ШТС-с тээврийн хэрэгслийнхээ улсын дугаар нэрээ хэлээд бичүүлж авдаг тус ШТС-с манай компани руу сар болгон нэхэмжилхээ явуулдаг түүнийг нь би машины эзэн рүү нь явуулж тооцоо хийдэг юм 2019 оны 08-р сард 68-07 ХОА улсын дугаартай автомашины эзэн У.Энхтөр Улаанбаатар хотоос утасаар залгаад миний автомашины хөлс яагаад дутуу орж байна гэхэд би танай машин энэ сард түлш их авсан байна гэсэн тэгээд түлшний нэхэмжлэх тооцоог нь автомашины эзэн рүү нь явуулсан. Талын харгуй ХХК нь манай компани руу нэхэмжилхээ явуулахдаа автомашины улсын дугаар жолоочийн нэр он, сар, өдөртэй нь явуулдаг. Б.Баянчулуун ажиллах хугацаандаа багаар түлш аваагүй байна хамгийн багадаа 100 литрээр хамгийн дээд тал нь 650 литрээр авч байсан байна. У.Энхтөр Б.Баянчулуун 2 хоорондоо яаж тохиролцсон талаар нь мэдэх зүйл алга ямарч байсан түлшний тооцоо бодоод больсон байх. Б.Баянчулуун хүйтэний улиралд ажиллаж чадахгүй гээд явсан гэж сонссон өөр зүйлийн талаар нь сайн мэдэхгүй байна. Урд нь жолоодож байсан хүний нэр дээр гардаггүй юм. Б.Баянчулуун хэзээнээс эхэлж тээвэрлэлт хийж түүнээс түлшний тооцоо бодогдож эхэлдэг юм...” гэх мэдүүлэг,
Гэрч Э.Баянмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 4-ний өдөр 550.000 төгрөгийг тус цагдаагийн газрын данснаас ахлах нягтлан бодогч Рагчаадорж “Тэгш сан аудит” ХХК-ийн Хаанбанкны 5845057370 дугаартай данс руу шилжүүлсэн. Уг төлбөрийг Б.Баянчулуун төлөөгүй. Байцаан шийтгэх ажиллагааны зардалын данснаас төлсөн. Тус цагдаагийн газраас нэхэмжлэх эд зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Ховд аймгийн Тэгш сан ХХК-ний шинжээч мэргэшсэн нягтлан бодогч, аудитор Г.Баясгалан, мэргэшсэн нягтлан бодогч, аудитор Д.Дэлгэрмаа нарын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай дүнэлтэнд: “1.Шинжилгээнд хүргүүлсэн санхүүгийн баримтууд шинжилгээнд тэнцсэн.
2.Сангийн яамны сайдын 2017 оны 347 дугаар тушаалын дагуу анхан шатны баримтыг хөтлөдөггүйгээс жолоочийн тооцоо бодсон акт үйлдэж хариуцагч Б.Баянчулуунаар гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй, анхан шатны баримт шаардлага хангаагүй ч, 2019 оны 8 сард 590 л, 9 сард 430 л, 10 сард 1010 л, нийт 2030 л шатахуун нормоосоо илүү авсан нь Эн Пи Петролиум ХХК-ийн зарлагын падаан, жагсаалт, зарлагын дэлгэрэнгүй жагсаалтуудаар нотлогдож байна” гэх дүгнэлт,
- гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл
- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Б.Баянчулуун нь 2019 оны 07 дугаар сарын 16-наас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хугацаанд Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөтийн уурхайд нүүрсний тээвэрлэлтийн Апарт рөүд ХХК-нд гэрээгээр 68-07 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож нүүрс тээвэрлэлтэнд явж байхдаа 2030 литр шатахуун илүү авч хувьдаа завшиж хохирогч У.Энхтөрд 4951700 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч У.Энхтөр, гэрч Г.Болоршүр, М.Ганболд, С.Мөнх-Орхон, Э.Баянмөнх нарын мэдүүлэг, Ховд аймгийн Тэгш сан ХХК-ний шинжээч мэргэшсэн нягтлан бодогч, аудитор Г.Баясгалан, мэргэшсэн нягтлан бодогч, аудитор Д.Дэлгэрмаа нарын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, зарлагын дэлгэрэнгүй баримтууд, хохиролын тооцоо зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Бусдын итгэмжлэн хариуцуулсан гэдэг нь хувь хүн, байгууллагаас өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн байхыг хэлэх бөгөөд итгэмжлэн өгсөн эд зүйлс, өмч хөрөнгийг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр хууль бусаар өөртөө ашиглах нь хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд шүүгдэгч Б.Баянчулууны дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх үзэв.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.
Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Б.Баянчулууны үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Баянчулуунд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Баянчулууны үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч У.Энхтөрийн эд хөрөнгөд 4,951,700 төгрөгний хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт Б.Баянчулуун нь 4,951,700 төгрөгний хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч Б.Баянчулуунаас 4,951,700 төгрөгийг гаргуулж хохирогч У.Энхтөрд олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох “... 550.000 төгрөг...” гэсэн тэмдэглэл, “...магадлалын хөлс 550.000 төгрөг...” гэсэн нэхэмжлэх, төлбөрийн хүсэлт зэрэг баримтуудаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гарсан болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардлыг тооцохоор хуульчилжээ.
Иймд шүүгдэгч Б.Баянчулуунаас шинжээчийн хөлс 550000 /таван зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан Ховд аймгийн Цагдаагийн газарт олгох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт: Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:... энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Баянчулууны үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Баянчулуун нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Баянчулуун нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Баянчулуунд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Түмэтийнхэн овогт*******ын*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Баянчулууныг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Баянчулуунд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.Баянчулуунд мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Баянчулуун нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Баянчулуунаас 4951700 /дөрвөн сая есөн зуун тавин нэгэн мянга долоон зуун/ төгрөгийг гаргуулан хохирогч У.Энхтөрд олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баянчулуунаас 550000 /таван зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан Ховд аймгийн Цагдаагийн газарт олгосугай.
8. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б.Баянчулууны ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Баянчулуунд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ