Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2017/ШЦТ/388

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2017              11             28                                               2017/ШЦТ/388                               

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан,

улсын яллагч Т.Нансалмаа,

шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М Т.Бд холбогдуулж эрүүгийн 1734002180120 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дундговь аймгийн Гурвансайхан суманд 1980 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 5 эхнэр, 3 хүүхдийн хамт, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, М Т.Б,

 

Холбогдсон хэргийн талаар

                             /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Яллагдагч Т.Б нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн орчим Төв аймгийн Баян сумын Өгөөмөр  2 дугаар багийн нутагт өөрийн эзэмшлийн 81-97 ТӨА улсын дугаартай Ланд круйзер-80 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.6 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөх, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана гэсэн заалтыг зөрчиж 1 нас 2 сартай М.Эрмүүнийг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Т.Бгийн:

 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр сумын өдөрлөгт эхнэр Долзодмаа, дүү Болдмаа хоёртой гурвуулаа ирсэн. Тэгээд хуралд суучихаад байж байхад хохирогч талын гэрч Гунгаажанцан гэж миний хуурай дүү байдаг юм. Тэр миний даага айрагдсан Базраа ахаа та манай майхнаар ороод гараарай гэхээр нь би юм зарж байсан хүнээс 1 шил архи аваад очиж өгчихөөд ууланд гарч утсаар ярих гээд хөдлөхдөө машиныхаа доогуур харалгүй хөдлөхөд тийм айхтар зүйл болсон учир би их хармсаж байгаа. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Хоёр. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт заасан гэмт хэргийн талаар хавтаст хэрэгт цуглуулсан, бэхжүүлж авсан нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан нотлох баримтууд

2.1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Майдарын:

“...Манай хүүхдүүд Төв аймгийн Баян сумын нутагт ээж Дэнсмаагийн ээж Эрдэнэцэцэг, аав Жигмид дээр байсан юм. Эхнэр бид хоёр осол хэрэг болохоос 5-6 хоногийн өмнө Оросын холбооны улс руу явчихсан байсан. 2017 оны 08 дугаар сарын 18-19-ний үед манай хүүг осолд орсон талаар утсаар мэдэгдсэн. Төв аймагт ирээд манай хүүг байрны гадна машинд дайруулсан гэдгийг хэлсэн...” /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Майдарын:

“...Талийгаачийн оршуулгын зардалд 4.200.000 төгрөг гарсан. Сэтгэл санааны хохирлоо тооцон гаргуулах хүсэлттэй байна. Албан ёсоор асран хамгаалагчаар томилж үлдээсэн зүйл байхгүй. Өөрийн эцэг, эх гэдэг үүднээс захиж үлдээсэн. Бид өөрсдөө хүүхдээ сайн дураараа үлдээсэн тул гомдол санал байхгүй.../ хх-ийн 25-26 дугаар хуудас/,

 

2.2. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч А.Болдбаатарын:

“...Би эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймгийн Баян сумын Өгөөмөр багт мал маллан амьдардаг. 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр манай Өгөөмөр багийн өдөрлөг зохион байгууллагдаж би эхнэр Уранчимэг, 2 хүүхэд, мөн өөрийн төрсөн эгч Эрдэнэцэцэг, хүргэн ах Жигмэд, тэдний зээ хүү болох Эрмүүн нарын хамт багийн төвд очсон. Тэнд очиход хэд хэдэн тэмцээн уралдаан зохион байгуулагдаж нилээн хүмүүс ирсэн байсан. Оройны 19 цагийн үед намайг багийнхны хамт гар бөмбөг тоглож байтал манай эгч Эрдэнэцэцэг, Гунгаа, Болдоо гэж орилсон, намайг юу болов гээд эгчийн байгаа газар руу гүйгээд очтол зээ хүү Эрмүүнийгээ тэвэрчихсэн байж байсан, эгч Эрмүүн машинд дайруулчихлаа гээд надад тэврүүлсэн. Намайг өвөр дээрээ авахад Эрмүүний амнаас их хэмжээний цус гарсан байдалтай байсан, ухаантай байсан эсэхийг тухайн үед сандраад мэдээгүй. Эгчийг орилохоор нь гүйгээд иртэл ийм асуудал болсон байсан. Яг хэн ямар машинаар дайрсан талаар би тэр үед нь мэдээгүй, багийн эгч Түвшин, жолоочоос гадна танихгүй 2 хүүхний хамт шууд сум руу явсан. Сумын эмнэлэгт оруулаад эмчид үзүүлэхэд бага зэрэг зүрх нь цохилж байна гээд 2 гуянд нь тариа хийгээд хамранд нь гуурс залгаж байсан. Тэгээд удалгүй нас барчихлаа гэсэн. Манай Баян сумын Өгөөмөр багийн малчин Базархүү гэдэг залуу юм билээ, өөрийнхөө багийн төвөөс жолоодож ирсэн Ланд-Круйзер 80 маркийн машинаараа дайрсан байсан. Талийгаачийг машинд дайрагдсаны дараа багийн төвөөс биднийг сум руу авч явсан...” /хх-ийн 29 дүгээр хуудас/

 

2.3. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Ж.Гунгаажанцангийн:

“...2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн өглөө 12 цагаас Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн өдөрлөг багийн байран дээр болсон юм. Өдөрлөгийн үйл ажиллагаа явагдаж байгаад 19 цаг 20 минутын орчим би машины хажуу талд тойроод сууж байсан, багийн засаг дарга нарын хамт сууж байсанюм. Манай морь айраг, түрүү авсан гээд Базархүү ах машинтайгаа ирсэн юм. Тэгээд би Базархүү ахад манай машин дээр яваад очоорой гэж хэлсэн. Базархүү ах ирэхээр нь би задлаад ууж байсан Соёрхол архинаасаа хийж өгсөн. Базархүү ах уухгүй байгаа гэж хэлээд архинаас уугаагүй, тэгээд волейболын тэмцээн болоод намайг дуудсан. Волейболын талбай дээр би гүйж очоод бүсээ цамцаараа ороогоод зогсож байтал Отгоо ах хүүхэд дайрлаа гэж орилохоор нь би хойшоо эргээд харсан чинь Базархүү ахын унаж явсан Ланд-80 маркийн 81-97 ТӨА улсын дугаартай машин талийгаач Эрмүүнийг зогсож байхад нь дайраад урд дугуй нь бүрэн биеэр дээгүүр нь гараад талийгаач түрүүлгээ хараад унасан, Базархүү ах машинаа зогсоохгүй яваад өгсөн. Манай ээж Эрдэнэцэцэг талийгаачийг тэврээд намайг очиход ээж талийгаачийг тэвэрчихсэн талийгаачийн ам хамарнаас нь цус гарчихсан нас барсан байсан. Тэгээд Базархүү ахын араас 2 мотоцикльтой хүн явж Базархүү ахыг авчирч түүний машинаар хүүхдээ Баян сумын эмнэлэгт авч ирсэн, сумын эмнэлэг хүүхдийг үзээд өнгөрчихсөн байна гэж хэлсэн. Базархүү ахын машины хөдөлгөөн яг хийж эхлээд талийгаачийг мөргөсөн, талийгаач машины эсрэг тийшээ хараад зогсож байсан. Талийгаач хөлд орчихсон, ганцаараа сайн явдаг байсан. Тухайн үед гадаа нар шингээгүй, нарны гэрэлтэй байсан. Бороо ороогүй болж байгаа үйл явдал тод харагдаж байсан. Базархүү ах согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан...” /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

 

2.4. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Д.Пүрэвдоржийн:

“...2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр манай Өгөөмөр багийн өдөрлөг зохион байгуулагдсан. Багийн өдөрлөг 14 цагийн үед эхэлсэн. Дааганы уралдаан зохион байгуулагдсан, дараа нь гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдах үеэр тэмцээнд оролцох хүмүүсийн бүртгэл явагдаж байсан, тэр үед багийн төвийн зүүн талд хүмүүс шуугилдах чимээ гарсан, чимээ гарсан зүг рүү очиход манай багийн малчин Болдбаатар төрсөн эгчийнхээ хүүг тэврээд зогсож байсан. Болдбаатарын тэвэрсэн хүүхдийн хамар, амнаас нь цус гарсан байдалтай байсан, эмээ Эрдэнэцэцэг нь хүүхэд дайрчихлаа гээд орилж байсан, тэгтэл тэр хүмүүс байсан газрын хойд талаас Ланд-80 машин гараад ирсэн. Тэр гарч ирсэн машин нь хүүг дайрсан юм шиг байна лээ. Дайрчихаад жолооч нь мэдээгүй хөдлөөд явсны дараа араас нь мотоцикльтой хүн очиж мэдэгдэж буцаад ирсэн юм билээ. Тэгээд тэр машинд Болдбаатар дайрагдсан хүүхдийг аваад суусан, мөн багийн эмч Энхтүвшин, Болдбаатарын дүү Гунгаажанцан машиныг нь жолоодоод шууд сум руу явсан. Машинд бусад суусан хүмүүсийг би мэдээгүй. Эмээ Эрдэнэцэцэг нь ухаан алдаж унаж байгаа харагдсан...” /хх-ийн 32 дугаар хуудас/,

 

2.5. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Г.Энхтүвшингийн:

“...2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр манай багийн өдөрлөг Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийнхаа байранд болсон. Өглөөнөөс хойш цуглаж байгаад 14 цагийн үед нээлтээ хийгээд өдөрлөг дээр тэмцээн уралдаан зохион байгуулагдаад байж байсан. Би дэмбээний тэмцээний хүмүүс цуглуулаад байж байтал 18 цагийн өнгөрч байхад хүүхэд машинд дайруулчихлаа гээд Эрдэнэцэцэг эгч хүүхэд тэврээд ирсэн, хүүхдийг үзэхэд ямар ч ухаан байхгүй, амнаас нь цус гарсан, чихнээс нь цус гарсан, чамархайн судас тэмтрэгдэхгүй, гүрээний судас тэмтрэгдэхгүй бүдэг 2 хөлний захын судас тэмтрэгдэхгүй байсан, талийгаач хүүгийн эмээ машин дайрчихлаа тэр Ланд-80 машин дайраад зугтаачихлаа гээд орилоод байсан, би хэн дайрсан гэж асуугаагүй, хүүхдээ л үзсэн. Тэгээд тэр машины араас хүн явлаа гэсэн, удалгүй машиныг авчирч хүүхдийг сумын эмнэлэг рүү авч явах шаардлагатай гээд Гунгаажанцан Ланд-80 маркийн машин бариад машины эзэн Базархүү хажууд нь суугаад сумын эмнэлэгт хүүхдийг авч ирсэн. Эмнэлэгт ирээд ар гэрийнхэн нь тариа хий авараачаа гээд орилоод байсан учир хүчилтөрөгч өгсөн, гуяны урд талын булчинд Виксол тархи хийсэн, хүүхэд бол эмнэлэг дээр ирэхэд нас барчихсан байсан...” /хх-ийн 33 дугаар хуудас/,

 

2.6. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Я.Болдмаагийн:

“...2017 оны 08 дугаар срын 17-ны өдрийн 14 цагийн үед Базархүү ахын гэртээ манайх ойрхон байдаг учир би дайгдаж ирсэн. Базархүү ах өөрийн 81-97 ТӨА улсын дугаартай Ланд-80 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож эхнэр Долзодмаа бид 3 ирсэн. Өдөрлөг дээр ирээд би гар бөмбөгийн тэмцээнд оролцох гээд үлдсэн. Базархүү ах Долзодмаа эгч хоёр утсаар ярьчихаад ирье гээд сүлжээтэй газар рүү явна гээд байсан. Утсаар ярьчихаад буцаж ирээд намайг авах байсан юм. Би тэмцээнд орох гээд байж байтал хүмүүс шуугилдаад, машин хүүхэд дайрчихлаа гээд байсан. Тэгтэл Базархүү ах машинтайгаа ирж байсан, энэ машин дайрчихлаа гээд Базархүү ахыг хэлсэн, тэгээд багийн эмч хүүхдийг үзээд төв орж хүүхдээ үзүүл гэсэн. Би Базархүү ахын машинд Гунгаа машиныг бариад, Долзодмаа эгч, Базархүү бид нар суугаад сумын төвд ирсэн. Эмнэлэгийн гадаа байж байхад машинд дайруулсан хүүхдийг нас барсан байна гэж эмч нар хэлсэн. Надад яг юу болсон талаар нүдээр харж үзсэн зүйл байхгүй...” /хх-ийн 34 дүгээр хуудас/,

 

2.7. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч А.Долзодмаагийн:

“...2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр манай Өгөөмөр багийн өдөрлөг болсон. Би нөхөр Базархүү, дүү охин Болдмаа нарын хамт хөдөө гэрээсээ багийн төв дээр ирсэн. Манай нөхөр өөрийн Ланд-80 машинаа жолоодож явсан. Баг дээр ирээд манай нөхөр машины багийн төвийн байшингийн зүүн хойд талд асарын зүүн талд машина байрлуулсан байсан. Биднийг ирэхэд дааганы уралдаан эхлэж байсан, бид хэд тэмцээн үзэж байгаад хүүхдүүдээ орхисон байсан болохоор гэр рүүгээ явах гээд манай найз Баярмаа гэдэг хүүхнийг хамт машин руугаа ахлаж явтал манай багийн малчин Гунгаа гэдэг залуу гүйж ирээд манай нөхөрт дүү нь даага уралдуулаад түрүүлсэн баяртай байна, бид нарын байгаа газарт оччихоод яваач гэсэн. Манай нөхөр очихгүй бол муухай ч юм уу гээд архи зарж байсан хүмүүсээс нэг шил архи аваад бид машиндаа суугаад манай нөхөр жолоодоод Гунгаагийн байгаа газар очиж зогссон. Биднийг тэнд очиход Гунгаагийн ах дүү нар гээд нилээн олон хүмүүс байсан, манай нөхөр нөгөө нэг шил архиа өгчихөөд мэнд мэдчихээд гэр рүүгээ утсаар ярих гээд сүлжээтэй хойд овоо руу гарахаар хөдөлсөн юм. Тэгэхэд манай нөхөр Базархүү машинаа жолоодоод хөдөлсөн. Бид багийн төвийн хойд талын овоон дээр очиж зогсоод манай найз Баярмаагийн утсаар гэр рүүгээ залгаад байж байтал мотоцикльтой 2 хүн ирээд тэнд та нарын хөдөлсөн газарт эргээд дуудаж байна, хүн дайрчихлаа гэж хэлсэн. Бид шууд хөдлөөд буцаад очиход бидний сүүлд машинтайгаа хөдөлсөн газар Гунгаагийн ах дүү бололтой эрэгтэй хүн хүүхэд тэврээд зогсож байсан. Хүүхдийн толгой хэсгээс цус гарсан байдатай байсан. Тэнд хүмүүс хүүхэд алчихлаа гээд манай нөхрийг буулгаад зодсон, тэр хооронд Гунгаа манай машиныг жолоодоод эмнэлэгт оръё гэсэн. Тэгээд машинд хүүхэд тэвэрсэн эрэгтэй хүн суугаад, багийн эмч суугаад манай нөхөр Базархүү, манай дүү Болдмаа бид нар сум руу явсан. Сумын эмнэлэгт ирээд эмчид үзүүлэхэд нас барсан байна гэж хэлсэн...” /хх-ийн 35 дугаар хуудас/,

 

2.8. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Б.Баярмаагийн:

“...2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Баян сумын Өгөөмөр багийн өдөрлөг болсон. Би өдөрлөгт 14 цаг өнгөрч байхад нөхөртэйгээ хоёулаа Портер маркийн машинтай ирсэн. Даага үзчихээд талбай дээр очиж нээлт үзсэн. Тэгээд найзуудтайгаа машинд сууж ярилцаж бөх үзсэн. Тээгэд гар бөмбөгийн тэмцээн үзээд байж байх үед Базархүү эхнэр Долзодмааг дуудсан. Дараа нь Долзодмаа нь намайг дуудаад, утсаар чинь ярьчихаад ирье гээд хамтдаа өдөрлөгийн худалдаа болж байгаа талбайн зүүн талд машинаа зогсоогоод тэр хоёр хүүхэддээ юм худалдаж авна гэж буугаад буцаж суугаад хөдөлж яваад талбайн баруун талд машинтайгаа очиж зосгоод Гунгаатай очиж уулзчихаад нэг шил архи өгөөд хүүхдүүдтэйгээ утсаар ярьчихаад ирье гээд Базархүү машинаа бариад сүлжээн дээр очоод утсаар ярих гэж байтал араас мотоцикльтой хүүхэд ирээд та нар хүүхэд дайрчихлаа гэж хэлсэн. Тэгээд сандараад бид нар эргээд өдөрлөгийн талбай дээр машинтайгаа иртэл бөөн хүмүүс шавчихсан, хашгиралдаад машинд дайруулсан хүүхдийг Базархүүгийн машинд суулгаад Гунгаа нь машиныг бариад сум руу явцгаасан. Тэгээд би гэртээ харьсан. Би тэр хүүхдийг хараагүй, осол болохоос өмнө талийгаач хүүхдийг эмээ нь аваад өдөрлөгөөр явж байсан...” /хх-ийн 36 дугаар хуудас/,

 

2.9. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч А.Эрдэнэцэцэгийн:

“...2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр нөхөр бид хоёр хэдэн ачаа дагуулаад Өгөөмөр сумын өдөрлөгт очсон. Манай хүү Гунгаажанцангийн уясан хүрэн даага түрүүлээд хонгор даага гуравлаад баяртай байсан. Гар бөмбөгийн тэмцээн болох гээд бид нар нэг баг бүрдүүлж тоглох гээд би явсан. Тэгэхэд манай ач Эрмүүн өвөө Жигмэдийнхээ өвөр дээр суугаад үлдсэн. Тэр үед Жигмэд хүмүүстэй юм яриад инээлдээд тойроод суучихсан байсан. Гар бөмбөгийн тэмцээн эхэлчихсэн, би хойд талдаа урагшаа хараад тэмцээн үзэж байсан, тэгэхэд нэг харахад Жийп машин ирээд манай нөхөрийн сууж байгаа газарт зогсож байгаа харагдсан. 5-10 минутын дараа би Жигмэдийн сууж байгаа газар руу очих гээд алхаж явтал нөгөө Жийп машин их хүчтэй орилоод хойшоо давхиад явсан. Тэгтэл хүмүүс хүүхэд дайрчихлаа гээд орилсон. Би наанаасаа гүйгээд очтол миний хүү доошоо харчихсан хэвтэж байсан. Би эхлээд очиж хүүгээ тэврээд авсан. Би дүү Болдбаатарт ач хүүгээ өгсөнөө мэдэж байна. Тэгээд ухаан орон гаран болсон, цааш нь юу болсны мэдэхгүй байна. Ач хүүгийн толгой нь хойшоо, нүүр нь доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Тэврээд авахад хамарнаас нь цус олгойдсон. Нэг харахад тэр жолооч дэгдээд дороо дэвхцээд, нэг харахад машинаа налаад орилоод, миний хүүхэд шиг хүү байна гээд орилоод байсан. Авгай нь бас буугаад ирчихсэн орилоод байсан. Талийгаач ач хүү минь өөрөө алхаж явж чаддаг байсан...” /хх-ийн 37 дугаар хуудас/,

 

2.10. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Н.Жигмэдийн:

“...2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр багийн төвийн өдөрлөг болсон. Би эхнэр Эрдэнэцэцэг болон 3 ачаа дагуулаад өдөрлөг дээр очсон. Дааганы уралдаан болж манай хүрэн даага түрүүлж, хонгор даага 3 дугаар байранд орсон. Даага ирсний дараа бөх барилдсан. Бөх дуусаад гар бөмбөгийн тэмцээн эхлэх гэж байхад бид нар гортигний гадна талаар эгнээнд урагшаа хараад суучихсан байсан. Тэгтэл жийп машин давхиж ирээд бид нарын ар талаар ирж зогссон. Талийгаач хүү бид нарын өвөр дамжаад ар хойгуур ороод явж л байсан. Тэр жийп машин ирээд 10-аад минут болсон байх, өндөр хаазтай хөдлөөд явсан. Тэгээд л хүмүүс “хүүхэд урд чинь байна, дайрчихлаа” гээд хашгирсан. Би эргээд хартал жийп машин хойшоо давхиад явж байсан, манай дүү Болдбаатар очиж талийгаачийг тэврээд авсан байхыг харсан. Би тэнд ойртож чадахгүй хараад зогсож байсан. Тэгтэл хоёр залуу нэг мотоцикль дээр сундлаад жийп машины араас давхиад дагуулаад ирсэн. Жийп машинаас жолооч нь бууж ирээд “миний хүүхэд шиг хүүхэд байна, би дайрчихлаа” гээд орилоод байсан. Болдбаатар талийгаачийг тэврээд машинд суугаад миний хүү Гунгаажанцан жийп машиныг жолоодоод сум руу явсан. Би сүүлд араас нь сумын төвд ирсэн. Намайг сумын эмнэлэгт ирэхэд ач Эрмүүн нас барсан гэж хэлсэн...” /хх-ийн 38 дугаар хуудас/,

 

2.11. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Б.Энхсайханы:

“...2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр би Өгөөмөр багийн өдөрлөгт мотоцикльтой очсон. Тэнд багийн төвийн байрны зүүн хойд талд гар бөмбөгийн тэмцээн болж байхад би тэмцээн үзээд сууж байсан юм. Гэтэл 17 цагийн үед гэнэт зүүн талд хүмүүс шуугилдаад эхэлсэн. Тэр дороо хүмүүс цуглараад шавчихсан. Би очоод харсан чинь эмээ нь юм уу, ээж нь юм уу гэмээр нэг эмэгтэй хүүхэд тэвэрчихсэн, хүүхэд дайрчихлаа гээд орилоод байсан. Ланд-80 маркийн хар ногоон өнгийн машин хойшоо уул руу өгсөөд явж байсан чинь хүмүүс “тэр машины араас яваач гээд орилоод байсан. Хүмүүс явахгүй бүгд хараад зогсоод байсан, тэгэхээр нь би тэр машиныг хүүхэд дайрчихаад зугтаагаад байгаа юм байна гэж ойлгоод араас нь мотоцикльтой явсан. Тэр машин намайг гүйцэж очих үед хойд уулан дээр гараад эргээд зогсож байсан, утсаар ярих гэж л уул руу өгссөн юм байна лээ, очоод жолоочид нь хүүхэд дайрчихлаа тэнд дуудаж байна гэж хэлсэн чинь жолооч нь юу мэдээгүй бололтой “айн, юу гэнээ” гээд гайхаад байсан. Тэгээд тэр машинтай цуг буцаад хүүхэд байсан газарт очсон...” /хх-ийн 39 дүгээр хуудас/,

 

2.12. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Ж.Дэнсмаагийн:

“...2017 оны 06 дугаар сард би ажилд ороод 9-1 настай 3 хүүхдээ өөрийн ээж Эрдэнэцэцэг, аав Жигмэд нарт харуулахаар Төв аймгийн Баян суманд үлдээсэн. Осол болохоос хэд хоногийн өмнө би нөхөртэйгээ Орос улс руу явчихсан байсан юм. 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр бага хүүхдээ машины осолд орсон гэдгийг мэдээд нөхөр бид хоёр Төв аймгийн эмнэлэг дээр шууд ирээд хүүхдээ нас барсан гэдгийг мэдсэн. Манайхан хүүхдийн бие муу байна гэж хэлээд байсан юм. Багийн байрны гадаа Дундговийн нүүдлийн айл байдаг, тэр айлын хүн дайрчихсан гэж байсан. Манай хүүхдүүд том багагүй манай аав, ээж дээр өссөн. Би өөрөө ажилд орох болоод хүүгээ аав, ээж хоёр дээрээ үлдээсэн юм. Осол хэрэг болох үед эмээ, өвөө хоёртойгоо явж байсан, осол болох үед хүүхэд гээд орилж хашгирах завдалгүй машин дайрчихсан гэсэн...” /хх-ийн 40 дүгээр хуудас/,

 

2.13. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 137 дугаартай дүгнэлтэд:

“...Талийгаачийн биед толгой ясны хугарал, тархины эдийн няцрал, элэгний задралт, хэвлийн хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон үед үүссэн гэмтэл байна.

Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч, өвчин тогтоогдсонгүй.

М.Эрмүүн нь толгой ясны хугарал, тархины эдийн няцралын улмаас нас баржээ.

Талийгаач нь 2 дугаар бүлгийн цустай байжээ...” /хх-ийн 41-43 дугаар хуудас/,

 

2.14. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 8090 дугаартай дүгнэлтэд:

“...Шинжилгээнд ирүүлсэн “Базархүү” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй...” /хх-ийн 55-56 дугаар хуудас/,

 

2.15. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 8212 дугаартай дүгнэлтэд:

“...Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг гялгар ууттай ногоон өнгийн өвс ургамалын хэсэг дээр цус илэрсэн. Бүлгийн харъяалалыг тогтоох боломжгүй байна.

1 ширхэг гялгар ууттай шаргал өнгийн зүйл дээр цус илрээгүй...”/хх-ийн 59-60 дугаар хуудас/,

 

2.16. Техникийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 00000106 дугаартай дүгнэлтэд:

“...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 81-97 ТӨА улсын дугаартай Ландкруйзер-80 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Т.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 81-97 ТӨА улсын дугаартай Ландкруйзерь-80 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явсан Т.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.6 “жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд явган зорчигч М.Эрмүүн нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй гэж үзэв.

Осол гарахад цаг агаар, болон замын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв...” /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

 

2.17. Мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн Т.Бгийн:

“...2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Баян сумын 2 дугаар багийн өдөрлөг багийн төв дээр болж байсан юм. Би эхнэр Долзолмаа, дүүгийнхээ эхнэр Болдмаа нарын хамт өөрийн эзэмшлийн 81-97 ТӨА улсын дугаартай Ланд-80 маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод өдөрлөг дээр очсон. Өдөрлөг дээр очиход дааганы уралдаан үзчихээд, дараа нь гар бөмбөгийн тэмцээн болж байсан Болдмаа тэмцээнд орохгээд бүртгүүлсэн. Гэртээ харих гээд машин руугаа явж байтал Гунгаадорж тааралдаад Базараа ах та манай машин дээгүүр очоод яв дүүгийнх нь морь түрүүлсэн гэж хэлсэн. Эхнэр бид хоёр машиндаа суугаад Баярмааг дуудаад утсаар нь гэр рүүгээ яръя гээд дуудаж Баярмааг машиндаа суулгаад би машинаа жолоодоод хөдлөөд юм зарж байсан газраас нэг шил архи аваад Гунгаадоржид өгсөн. Надад архи аягалаад өгөхөөр нь би уугаагүй. Тэгээд машиндаа суугаад хөдлөөд хойд талын овоон дээр гараад утсаар гэр рүүгээ залгаж гэж байтал араас мотоцикльтой хүн ирээд “хүн дайрчихлаа” гэхээр нь би арай үгүй байлгүй дээр гэж бодоод буцаад өдөрлөг болсон газарт очтол хүүхэд тэвэрсэн хүн сууж байсан. Жаргалхүү миний баруун талын цээж рүү мөн зүүн талын шанаа руу цохиод байсан. Эмч хүүхдийг үзээд, сумын эмнэлэг рүү явах шаардлагатай гэхээр нь машиндаа суулгаад сумын эмнэлэг рүү явсан. Сумын эмнэлэг дээр ирээд эмнэлэгт үзүүлэхэд нас барсан байсан. Сумын эмч намайг тайван байгаарай энэ хүүхэд аль хэдийн нас барсан байна гэсэн. Тэгээд би сумын эмчид “би энэ хүүхдийг дайрсан үгүйгээ ч мэдэхгүй байна” гэдгээ хэлсэн. машинаар анх хөдлөх үед юм дайрч байгаа нь мэдэгдээгүй машинд 3 хүн сууж явсан. Тэр хүмүүс ч мэдээгүй байсан, анх машинд суухад ч хүүхэд харагдаагүй...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн талд туслаж хохирол төлбөрийг барагдуулна. Би өөрийн болгоомжгүй үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Цаашид хохирогчийн ар гэртээ харилцаатай байж туслах болно...” /хх-ийн 27-28, 69-70 дугаар хуудас/,

 

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд

3.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

3.2. Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

3.3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-14 дүгээр хуудас/

3.4. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

3.5.Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 44-48 дугаар хуудас/,

3.6. Согтуурлын шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

3.7. Талийгаач М.Эрмүүний төрсний гэрчилгээ, нас барсан тухай эмнэлэгийн гэрчилгээ /хх-ийн 71 дүгээр хуудас/,

3.8. Шүүгдэгч Т.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 72, 73, 74 дүгээр хуудас/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлалаа.  

 

Шүүгдэгч Т.Б нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн үед Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутагт өөрийн эзэмшлийн “Тоёота Ланд круйзер-80” маркийн 81-97 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.6 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөх, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэснийг зөрчиж 1 нас 2 сартай М.Эрмүүнийг мөргөж амь нас нь хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь

хохирогч А.Майдарын ...2017 оны 08 дугаар сарын 18-19-ний үед манай хүүг осолд орсон талаар утсаар мэдэгдсэн. Төв аймагт ирээд манай хүүг байрны гадна машинд дайруулсан гэдгийг хэлсэн...

гэрч А.Болдбаатарын ...эгчийг орилохоор нь гүйгээд иртэл ийм асуудал болсон байсан. Яг хэн ямар машинаар дайрсан талаар би тэр үед нь мэдээгүй..., ...Манай Баян сумын Өгөөмөр багийн малчин Базархүү гэдэг залуу... ...Ланд-Круйзер 80 маркийн машинаараа дайрсан байсан...,

гэрч Ж.Гунгаажанцангийн ...Базархүү ахын унаж явсан Ланд-80 маркийн 81-97 ТӨА улсын дугаартай машин талийгаач Эрмүүнийг зогсож байхад нь дайраад урд дугуй нь бүрэн биеэр дээгүүр нь гараад талийгаач түрүүлгээ хараад унасан, Базархүү ах машинаа зогсоохгүй яваад өгсөн. Манай ээж Эрдэнэцэцэг талийгаачийг тэврээд намайг очиход ээж талийгаачийг тэвэрчихсэн талийгаачийн ам хамарнаас нь цус гарчихсан нас барсан байсан...

гэрч Д.Пүрэвдоржийн...Болдбаатарын тэвэрсэн хүүхдийн хамар, амнаас нь цус гарсан байдалтай байсан, эмээ Эрдэнэцэцэг нь хүүхэд дайрчихлаа гээд орилж байсан, тэгтэл тэр хүмүүс байсан газрын хойд талаас Ланд-80 машин гараад ирсэн. Тэр гарч ирсэн машин нь хүүг дайрсан юм шиг байна лээ. Дайрчихаад жолооч нь мэдээгүй хөдлөөд явсны дараа араас нь мотоцикльтой хүн очиж мэдэгдэж буцаад ирсэн юм билээ...

гэрч Г.Энхтүвшингийн...талийгаач хүүгийн эмээ машин дайрчихлаа тэр Ланд-80 машин дайраад зугтаачихлаа гээд орилоод байсан, би хэн дайрсан гэж асуугаагүй, хүүхдээ л үзсэн. Тэгээд тэр машины араас хүн явлаа гэсэн, удалгүй машиныг авчирч хүүхдийг сумын эмнэлэг рүү авч явах шаардлагатай гээд Гунгаажанцан Ланд-80 маркийн машин бариад машины эзэн Базархүү хажууд нь суугаад сумын эмнэлэгт хүүхдийг авч ирсэн...

гэрч Я.Болдмаагийн...би тэмцээнд орох гээд байж байтал хүмүүс шуугилдаад, машин хүүхэд дайрчихлаа гээд байсан. Тэгтэл Базархүү ах машинтайгаа ирж байсан, энэ машин дайрчихлаа гээд Базархүү ахыг хэлсэн, тэгээд багийн эмч хүүхдийг үзээд төв орж хүүхдээ үзүүл гэсэн...

гэрч А.Долзодмаагийн...2 хүн ирээд тэнд та нарын хөдөлсөн газарт эргээд дуудаж байна, хүн дайрчихлаа гэж хэлсэн. Бид шууд хөдлөөд буцаад очиход бидний сүүлд машинтайгаа хөдөлсөн газар Гунгаагийн ах дүү бололтой эрэгтэй хүн хүүхэд тэврээд зогсож байсан. Хүүхдийн толгой хэсгээс цус гарсан байдатай байсан. Тэнд хүмүүс хүүхэд алчихлаа гээд манай нөхрийг буулгаад зодсон, тэр хооронд Гунгаа манай машиныг жолоодоод эмнэлэгт оръё гэсэн. Тэгээд машинд хүүхэд тэвэрсэн эрэгтэй хүн суугаад, багийн эмч суугаад манай нөхөр Базархүү, манай дүү Болдмаа бид нар сум руу явсан...

 гэрч Б.Баярмаагийн...бид нар эргээд өдөрлөгийн талбай дээр машинтайгаа иртэл бөөн хүмүүс шавчихсан, хашгиралдаад машинд дайруулсан хүүхдийг Базархүүгийн машинд суулгаад Гунгаа нь машиныг бариад сум руу явцгаасан...

гэрч А.Эрдэнэцэцэгийн...Жийп машин их хүчтэй орилоод хойшоо давхиад явсан. Тэгтэл хүмүүс хүүхэд дайрчихлаа гээд орилсон. Би наанаасаа гүйгээд очтол миний хүү доошоо харчихсан хэвтэж байсан. Би эхлээд очиж хүүгээ тэврээд авсан. Би дүү Болдбаатарт ач хүүгээ өгсөнөө мэдэж байна. Тэгээд ухаан орон гаран болсон, цааш нь юу болсны мэдэхгүй байна...

гэрч Н.Жигмэдийн... Би эргээд хартал жийп машин хойшоо давхиад явж байсан, манай дүү Болдбаатар очиж талийгаачийг тэврээд авсан байхыг харсан. Би тэнд ойртож чадахгүй хараад зогсож байсан. Тэгтэл хоёр залуу нэг мотоцикль дээр сундлаад жийп машины араас давхиад дагуулаад ирсэн. Жийп машинаас жолооч нь бууж ирээд “миний хүүхэд шиг хүүхэд байна, би дайрчихлаа” гээд орилоод байсан. Болдбаатар талийгаачийг тэврээд машинд суугаад миний хүү Гунгаажанцан жийп машиныг жолоодоод сум руу явсан...

гэрч Б.Энхсайханы...тэр машин намайг гүйцэж очих үед хойд уулан дээр гараад эргээд зогсож байсан, утсаар ярих гэж л уул руу өгссөн юм байна лээ, очоод жолоочид нь хүүхэд дайрчихлаа тэнд дуудаж байна гэж хэлсэн чинь жолооч нь юу мэдээгүй бололтой “айн, юу гэнээ” гээд гайхаад байсан. Тэгээд тэр машинтай цуг буцаад хүүхэд байсан газарт очсон...

гэрч Ж.Дэнсмаагийн...бага хүүхдээ машины осолд орсон гэдгийг мэдээд нөхөр бид хоёр Төв аймгийн эмнэлэг дээр шууд ирээд хүүхдээ нас барсан гэдгийг мэдсэн... ...Осол хэрэг болох үед эмээ, өвөө хоёртойгоо явж байсан, осол болох үед хүүхэд гээд орилж хашгирах завдалгүй машин дайрчихсан гэсэн...гэх мэдүүлгүүд, шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 137 дугаартай дүгнэлт, техникийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 00000106 дугаартай дүгнэлт, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтуурлын шалгасан тэмдэглэл, талийгаачийн төрсний гэрчилгээ, нас барсны гэрчилгээ болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгч Т.Бг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Бд ял шийтгэлийг оногдуулахдаа түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнийг, оршуулгын зардалд 5.000.000 /таван сая/ төгрөг төлсөнийг, сэтгэл санааны хохиролд 10.000.000 /арван сая/ төгрөг нөхөн төлөхөө илэрхийлсэнийг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой байх тул тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь, 

Ингэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ хор уршгийг арилгах талаар давхар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх шаардлагагүй гэж үзэх нь тус тус зүйтэй байна.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэсний дагуу тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж зохицуулагдсан учраас шүүгдэгч Т.Бгийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нь хуульд нийцэж байна.

 

Шүүгдэгч Т.Б цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, сэтгэл санааны хохирол 10.000.000 /арван сая/ төгрөг нөхөн төлөхөө бичгээр илэрхийлсэнийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг,

хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн 01601948 дугаартай “Land Cruiser-80” маркийн 81-97 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг,

шүүгдэгч Т.Бгийн эзэмшлээс 15.000.000 төгрөгийн үнэ бүхий “Land Cruiser-80” маркийн 81-97 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 3 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч М Т.Бд буцаан олгохыг,

мөн хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Т.Бгийн 504837 дугаартай жолоочийн үнэмлэхийг эрх хасагдсан тул устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6.,

36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2.1

дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М Т.Бг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М Т.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М Т.Б нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Т.Б цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, сэтгэл санааны хохирол 10.000.000 /арван сая/ төгрөг нөхөн төлөхөө бичгээр илэрхийлсэнийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг,

хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн 01601948 дугаартай “Land Cruiser-80” маркийн 81-97 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг,

шүүгдэгч Т.Бгийн эзэмшлээс 15.000.000 төгрөгийн үнэ бүхий “Land Cruiser-80” маркийн 81-97 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 3 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч М Т.Бд буцаан олгохыг,

мөн хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Т.Бгийн 504837 дугаартай жолоочийн үнэмлэхийг эрх хасагдсан тул устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М Т.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ГАНДАНСҮРЭН