| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2017/00475/И |
| Дугаар | 603 |
| Огноо | 2017-11-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 603
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “*******” ХХК-ний нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг гэх, “*******” ХХК /регистрийн дугаар ******* /-д холбогдох
“12.593.295 доллар буюу 30.405.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 10.049.400 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагатай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Манай “*******” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар “худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид гэрээнд хэлэлцэн тохирсоноор үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэсний дагуу 01 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба тус гэрээгээр манай компанийн зүгээс савхны зориулалттай модыг “*******” ХХК-д нийлүүлж худалдахаар болсон.
Тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар “бэлтгэн нийлүүлэх хэмжээ сард 500 метр кубээс багагүй байх” гэсний дагуу 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хилийн боомтоор /ОХУ/ 104.5 метр куб савхны үйлдвэрийн зориулалттай модыг оруулж ирэн тус компанийн үйл ажиллагаа явуулдаг газарт хүлээлгэж өгсөн болно.
Гэтэл худалдан авагч “*******” ХХК нь модыг хүлээн авч түүнийг ашигласнаас хойш өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ гүйцэтгэхгүй, барааны үнийг хугацаанд нь төлөхгүй өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ гүйцэтгэхгүй, барааны үнийг хугацаанд нь төлөхгүй манай компанийг хохироосоор байна.
Иймд “*******” ХХК болон “*******” ХХК-ний хооронд 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан 01 тоот гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1 дэхь хэсэгт заасны дагуу энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлага:
1. Савх модны үндсэн бүтээгдэхүүн болох 104.5 м3 улиасны үнэ 9405 доллар
2. Гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэхь хэсэгт зааснаар 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр мод буулгасан өдрөөс хойш төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй хугацааны алданги 3.188.295 доллар, нийт 12.593.295 доллар буюу 30.405.000 төгрөгийг /2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Монгол банкны зарласан ханшаар 1$=2.414.38 төгрөг/ ******* ХХК-иас гаргуулж өгнө үү! гэжээ.
Хариуцагч “*******” ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа:
... Манай компани өнөөдрийг хүртэл “*******” ХХК-ийг гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж биднийг түүхий эдээр хангана гэж итгэж хүлээснээс үйлдвэрийн түрээс, гадаад ажилчдын виз болон Монгол улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн төлбөр, Монгол болон гадаад ажилчдын цалин, хоол хүнс, цахилгааны төлбөр зэрэг их хэмжээний хохирол хүлээгээд байна.
“*******” ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “*******” ХХК-тай 01 тоот гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр “*******” ХХК сар бүр /таван зуу/-т куб метр хус, улиас мод ОХУ-аас манай компанид нийлүүлэх үүрэг хүлээсэн.
Гэтэл “*******” ХХК Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд манай компаний нэр дээр нэхэмжлэл гаргасан байна.
Бид энэ нэхэмжлэлийг бүхлээр нь хүлээн зөвшөөрөхгүй. Манай компани гэрээлэгч хоёр тал хоёулаа гэрээний үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэж дараах тайлбарыг хүргүүлж байна.
Нэг: 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 тоот гэрээний 4.5 дахь хэсэгт заасны дагуу “*******” ХХК нь “*******” ХХК-д сар бүр 500 /таван зуу/-н куб метрээс багагүй мод нийлүүлэх үүрэг хүлээсэн. Гэвч “*******” ХХК энэ үүргээ огт биелүүлээгүй бөгөөд ердөө гуравхан удаа буюу 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 20.59 м3, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 42.86 м3, 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 104.5 м3, буюу нийт 167.95 м3, мод буулгасан.
Хоёр: Бид тус компаний 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр болон 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нийлүүлсэн модны төлбөрийг тухай бүр төлж барагдуулсан. “*******" ХХК-ний 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нийлүүлсэн гэх мод нь гэрээнд заасан чанарын шаардлага хангаагүй байсан учир бид гэрээний 6.1 дэхь хэсэгт заасан эрхийн дагуу худалдаж авахаас татгалзсан. Гэвч “*******” ХХК-ний саналын дагуу бид удаа дараа ярилцсаны эцэст уг чанаргүй модыг манай компани бүтээгдэхүүн болгож үйлдвэрлээд экспортонд гаргаж борлуулсаны дараа үйлдвэрлэлийн зардлаа хасаж үлдэгдэл зохих үнийг “*******” ХХК-нд төлж аль аль талдаа хохиролгүй болохыг хичээхээр тохиролцсон. Бид уг чанаргүй модоор 8 дугаар сард зохих бүтээгдэхүүн хийж 9 дүгээр сарын 12-ны өдөр Хятад улс руу экспортонд гаргаж явуулсан. Одоогоор уг бүтээгдэхүүн замд явж байгаа бөгөөд бид бүтээгдэхүүний борлуулалтын орлого орж ирсэний дараа “*******” ХХК-д зохих үнийг төлөхөөр хүлээж байна.
Гурав: Тус гэрээний 7.1 дэхь хэсэгт зааснаар зөвхөн төлбөр төлөх хугацааг хоцроосон төдийгүй бараа бэлтгэн нийлүүлэх хугацааг хоцроосон хоног тутам бэлтгэн нийлүүлээгүй барааны үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцно гэж заасан. Энэ заалтыг үндэслэн манай компани “*******” ХХК-иас бэлтгэн нийлүүлээгүй 2832 м.куб модны үнийн дүнгийн 0.3 хувиар өнөөдрийг хүртэлх хугацааны алданги болон энэ хугацаанд гарсан бусад хохирлын үнийн дүнгээр сөрөг нэхэмжлэл гаргана! гэжээ.
Нэхэмжлэгч “*******” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:
... “*******” ХХК-ний хооронд 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 01 дугаартай худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлэх зорилгоор тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар ...бэлтгэн нийлүүлэх хэмжээ сард 500 м3-аас багагүй байх гэсний дагуу манай компаний зүгээс ОХУ-д гаргасан дараах 3 бүлэг зардал, 1 дүгээр бүлэгт хамаарах зардлыг “*******” ХХК-тай зөвшилцөн тохирох, 2 дугаар болон 3 дугаар бүлэгт хамаарах зардлын зохих хэсгийг “Өнгө хийц” ХХК-иар гаргуулахаар нэхэмжилж байна.
1 дүгээр бүлэг: 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 1 тоот гэрээний дагуу төлөгдсөн барааны үлдэгдэл төлбөрийн тухай
ОХУ-ын “Молор-Экспорт” ХХК-д “Өнгөт Хийц” ХХК-ний 01 тоот гэрээний дагуу худалдан авах /хус, улиас/-ны төлбөрөөс одоо 817.164 рубль /35.138.052 төгрөг/-ийн үнэ бүхий хус, улиас байгааг хүлээлгэн өгөх. ОХУ-ын Молор-Экспорт ХХК-д шилжүүлгээр болон бэлнээр 1.285.964 рубль /55.296.452 төгрөг/ төлснөөс 165.5 м3 модны мөнгө болох 467.964 рубль /20.122.452 төгрөг/-ийг суутгагдаж одоо 817.164 рубль /35.138.052 төгрөг/ үнийн дүн бүхий улиас, болон хус байгаа.
2 дугаар бүлэг: 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 01 тоот гэрээний дагуу бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээ болон нэмэлт төлбөрийн тухай
Тухайн гэрээний хэрэгжилтийг хангахаар манай компаний зүгээс бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээ болон нэмэлт төлбөрт 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 10-ны хооронд 64.000 рубль /2.752.000 төгрөг/ 2 сая төгрөгийн зардал гаргасан болно.
3 дугаар бүлэг: 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 01 тоот гэрээний дагуу ******* ХХК-наас гаргасан зардлын тухай
Н.Н******* болон гүйцэтгэх захирал Л.Б******* хамт 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд 42 хоногт томилолтоор ажилсан 279.000 зардлыг гаргасан болно.
Иймд нэгдүгээрт: ОХУ-ын Молор-Экспорт ХХК-д байгаа 817.164 рубль /35.138.052 төгрөг/-ийн үнэ бүхий хус, улиас байгааг ******* ХХК-д хүлээлгэн өгөх
Хоёрдугаарт: 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 тоот гэрээний хэрэгжилтийг хангахаар гаргасан зардал болох 343.000 рубль /14.749.000 төгрөг/ болон 2 сая төгрөгийн тодорхой хэсгийг ******* ХХК-иас нэхэмжилж байна.
Дээрх 343.000 рубль нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны ханшаар 43 төгрөгөөр тооцож 343.000 рубль х 43 төгрөг= 14.749.000 төгрөг. Үүн дээр 2 сая төгрөгийг нэмбэл 16.749.000 төгрөг болно. Бидний гаргасан нийтт зардал болох 16.749.000 төгрөгийн 60 хувь болох 10.049.000 төгрөгийг ******* ХХКиас нэхэмжилж байгаа болно. Энэ нэхэмжилж байгаа мөнгөн дүн нь 01 тоот дагуу худалдан авах гэрээнд заасан нэг сард нийлүүлэх 500 м3 /хус, улиас/ бэлтгэх зарцуулсан зардалтай дүйцүүлсэн болно гэжээ.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэхь хэсэг заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-аас 12.593.295 доллар буюу 30.405.000 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.
Хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар түүний нэхэмжлэлийн хувь гардаж авахдаа тэмдэглүүлсэн Сэлэнгэ аймгийн Ерөө сум Бугант тосгоны “*******” ХХК-ний байр болон түүний хавтаст хэрэгт өгсөн улсын бүртгэлийн гэрчилгээн дээрх хаяг болох Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг Хонгорморьт “Мод боловсруулах үйлдвэр, материалын агуулах” гэх хаягаар 2017 оны 10 дугаар сарын 18, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрүүдэд тус тус хүргүүлсэн боловч 2017 оны 10 сарын 24-ний өдрийн 14 цаг 30 минутанд зарлагдсан шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цагт хийхээр товлож, хурлын товыг 2017 оны 10 сарын 27-нд, 2017 оны 11 дүгээр сарын 01, 06-ны өдрүүдэд “*******” ХХК-ний хаягаар хүргүүлсэн боловч мөн шүүхэд хүрэлцэн ирээгүй болох нь хэрэгт авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтаар тогтоогдож байгаа бөгөөд түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл: Талууд 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Навчит төрлийн модон материал /хус, улиас/ зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан байх ба энэ үйл баримт дээр зохигч маргаагүй байна.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсэгт заасны дагуу зохигчийн хооронд байгуулагдсан дээрх гэрээний шинж, гэрээний зүйл, талуудын эрх, үүрэг зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх ба нэхэмжлэгч нь уг гэрээний үүргийн биелэлтийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5 хэсэгт зааснаар ... бэлтгэн нийлүүлэх хэмжээ сард 500 метр зубээс багагүй байх” гэсний дагуу 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хилийн боомтоор 104.5 метр куб савхны үйлдвэрийн зориулалттай модыг оруулж ирж “*******” ХХК-нд хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан Гаалийн хилээр нэвтрэх барааны мэдүүлэг болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Хэдийгээр хариуцагч “*******” ХХК шүүхэд “*******” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар өгсөн боловч зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ... бид 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр болон 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нийлүүлсэн модны төлбөрийг тухай бүр төлж барагдуулсан. “*******" ХХК-ний 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нийлүүлсэн гэх мод нь гэрээнд заасан чанарын шаардлага хангаагүй байсан учир бид гэрээний 6.1 дэхь хэсэгт заасан эрхийн дагуу худалдаж авахаас татгалзсан болон “*******” ХХК-ний саналын дагуу бид удаа дараа ярилцсаны эцэст уг чанаргүй модыг манай компани бүтээгдэхүүн болгож үйлдвэрлээд экспортонд гаргаж борлуулсаны дараа үйлдвэрлэлийн зардлаа хасаж үлдэгдэл зохих үнийг “*******” ХХК-нд төлж аль аль талдаа хохиролгүй болохыг хичээхээр тохиролцсон бөгөөд бид уг чанаргүй модоор 8 дугаар сард зохих бүтээгдэхүүн хийж 9 дүгээр сарын 12-ны өдөр Хятад улс руу экспортонд гаргаж явуулсан. Одоогоор уг бүтээгдэхүүн замд явж байгаа бөгөөд бид бүтээгдэхүүний борлуулалтын орлого орж ирсэний дараа “*******” ХХК-д зохих үнийг төлөхөөр хүлээж байна гэж тайлбарыг шүүхэд өгсөн боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Мөн шүүхэд тэрээр “... тус гэрээний 7.1 дэхь хэсэгт зааснаар зөвхөн төлбөр төлөх хугацааг хоцроосон төдийгүй бараа бэлтгэн нийлүүлэх хугацааг хоцроосон хоног тутам бэлтгэн нийлүүлээгүй барааны үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцно гэж заасан. Энэ заалтыг үндэслэн манай компани “*******” ХХК-иас бэлтгэн нийлүүлээгүй 2832 м.куб модны үнийн дүнгийн 0.3 хувиар өнөөдрийг хүртэлх хугацааны алданги болон энэ хугацаанд гарсан бусад хохирлын үнийн дүнгээр сөрөг нэхэмжлэл гаргана”... гэж тайлбартаа дурдсан боловч тус шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаагүй байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтаа цуглуулах, гаргаж өгөх” үүргээ хариуцагч “*******” ХХК нь биелүүлээгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч “*******” ХХК-наас 30.405.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-нд олгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагч “*******” ХХК-наас улсын тэмдэгтийн хураамжид 309.975 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд оролцохгүй өмгөөлөгчөө оролцуулах гэсэн хүсэлт гаргасан тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлага болох 10.049.400 төгрөгийн нэхэмжлэлээ татан авсан болон 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэл түүнд хавсаргасан баримтууд нийт 41 хуудас материалыг нэхэмжлэгчид буцаан өгсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний Хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан “*******” ХХК-наас 30.405.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 309.975 төгрөгийг орон нутгийг орлогод хэвээр үлдээж, “*******” ХХК-наас 309.975 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг зохигч гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ