Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 24

 

                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: “Э” ТӨҮГ-т  холбогдох

1. “Э” ТӨҮГ-ын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ДУ-112-12/4094 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах”,

2. “Э” ТӨҮГ-ын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ЭҮХХК/202012198 дугаартай тендер сонгон шалгаруулах ажиллагааг хүчингүй болгуулах”

               Хариуцагч: “Э” ТӨҮГ-ын ТҮХ-нд холбогдох

3. “ТҮХ-ны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэлээс нэхэмжлэгч “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,

4. “ТҮХ-ны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн нэхэмжлэгч “М” ХХК-ийг тендерт шалгаруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “М” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2020/0017/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, М.Ж, Д.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирал У.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай “М” ХХК нь “Э” ТӨҮГ-аас зарласан “Дээжийн шошго” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮХХК/202012198 тоот тендерт оролцсон. Манай компани ЭҮХХК/202012198 тендерийн шаардлагыг бүрэн хангасан бөгөөд тендерийн сонгон шалгаруулалтын зааварчилгааны дагуу тендерийн баримт бичгийг бүрэн бүрдүүлж хүргүүлсэн боловч “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү-ийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ДУ-112-12/4094 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр техникийн тодорхойлолт дээжийн шошгын хэмжээ: PQ, HQ, NQ хуванцар материал нь уян хатан байх патент номертой байх гэх шаардлагыг нэг ижил хэлбэртэй патент номергүй ирүүлсэн нь шаардлагад нийцэхгүй байна гэх үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу тендерээс татгалзсан мэдэгдэл ирүүлсэн. “Э” ТӨҮГ-ын энэхүү мэдэгдэл нь илт үндэслэлгүй байсан тул 2020 оны 07-р сарын 06-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамнаас гомдлыг хянаад 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/4709 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр “...Захиалагч “М” ХХК-ийн ирүүлсэн тендерээс дээжийн шошго нь нэг ижил хэлбэртэй байгаа нь тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод “7.Дээжийн шошгын хэмжээ: PQ, HQ, NQ” гэж заасан шаардлагыг хангаагүй гэж татгалзсан нь үндэслэлгүй байна. “М” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзэхэд PQ, HQ, NQ хэмжээтэй дээжийн шошго нийлүүлэхээр санал болгосон байна. Харин уг дээжийн шошго нь патент, номергүй байх тул тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод “...9.Патент номертой байх...” гэж заасан шаардлагыг хангахгүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна...” гэсэн хариуг ирүүлсэн.

Сангийн яамнаас ирүүлсэн албан бичгийн хариуд PQ, HQ, NQ хэмжээний шаардлагыг хангахгүй гэж татгалзсан үндэслэлгүй гэдгийг тогтоосон. Учир нь аливаа оюуны өмчийн патент нь тухайн шинэ бүтээгдэхүүний шийдлийг баталгаажуулж патент олгодог. Өөрөөр хэлбэл “Э” ТӨҮГ-ын тавьж буй шаардлагын дагуу PQ, HQ, NQ хэмжээ бүрт патент байх ямар ч боломжгүй юм. Харин Сангийн яамнаас патентийн номер байхгүй гэх үндэслэлээр татгалзсан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн зүгээс тендерийн баримт бичигт БНХАУ-ын албан ёсны патентийн гэрчилгээ болон албан ёсны орчуулгын хамт хавсаргасан. Патентийн хугацаа 2012-2032 оны хооронд хүчинтэй, нээлт хийсэн, эзэмшигч Li Peng, Патентийн дугаар ZL 2012 2 007 4961.3 дурдсан байдаг. Ийнхүү тендерээс татгалзсан шаардлагыг манай компанийн зүгээс бүрэн хангасан албан ёсны оюуны өмчийн баталгаат бүтээгдэхүүнийг зохиогч, үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн дагуу нийлүүлэхээр төлөвлөж байгаа билээ. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч “Э” ТӨҮГ-ын ТҮХ-ны ямар шийдвэр гарсан талаар ямар нэг мэдээлэл байхгүй, олж мэдэх боломжгүй байх тул бидэнд ирүүлсэн мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн бусад шийдвэр, захиргааны акт ил болсон нөхцөлд тухай бүрт нь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх болно.

Иймд “Э” ТӨҮГ-ын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ДУ-112-12/4094 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж өгөхийг шүүхээс хүсч байна” гэжээ.

Нэхэмжлэгч “М” ХХК-иас 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

 Нэхэмжлэлийн шаардлага: 1. “Э” ТӨҮГ-ын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ДУ-112-12/4094 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах”,

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага:

2. “ТҮХ-ны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэлийн нэхэмжлэгч “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,

3. “ТҮХ-ны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн нэхэмжлэгч “М” ХХК-ийг тендерт шалгаруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “М” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах”

4. “Э” ТӨҮГ-ын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ЭҮХХК/202012198 дугаартай тендер сонгон шалгаруулах ажиллагааг хүчингүй болгуулах”. Манай “М” ХХК нь “Э” ТӨҮГ-аас зарласан “Дээжийн шошго” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮХХК/202012198 тоот тендерт оролцсон. Манай компани ЭҮХХК/202012198 тендерийн шаардлагыг бүрэн хангасан бөгөөд тендерийн сонгон шалгаруулалтын зааварчилгааны дагуу тендерийн баримт бичгийг бүрэн бүрдүүлж хүргүүлсэн боловч “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү-ийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ДУ-112-12/4094 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр техникийн тодорхойлолт дээжийн шошгын хэмжээ: PQ, HQ, NQ хуванцар материал нь уян хатан байх, патент номертой байх гэх шаардлагыг нэг ижил хэлбэртэй патент номергүй ирүүлсэн нь шаардлагад нийцэхгүй байна гэх үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу тендерээс татгалзсан мэдэгдэл ирүүлсэн. “Э” ТӨҮГ-ын энэхүү мэдэгдэл нь илт үндэслэлгүй байсан тул 2020 оны 07-р сарын 06-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамнаас гомдлыг хянаад 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/4709 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр “...Захиалагч “М” ХХК-ийн ирүүлсэн тендерээс дээжийн шошго нь нэг ижил хэлбэртэй байгаа нь тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод “7.Дээжийн шошгын хэмжээ: PQ, HQ, NQ” гэж заасан шаардлагыг хангаагүй гэж татгалзсан нь үндэслэлгүй байна. “М” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзэхэд PQ, HQ, NQ хэмжээтэй дээжийн шошго нийлүүлэхээр санал болгосон байна. Харин уг дээжийн шошго нь патент, номергүй байх тул тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод “...9.Патент номертой байх...” гэж заасан шаардлагыг хангахгүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна...” гэсэн хариуг ирүүлсэн. Сангийн яамнаас ирүүлсэн албан бичгийн хариуд PQ, HQ, NQ хэмжээний шаардлагыг хангахгүй гэж татгалзсан үндэслэлгүй гэдгийг тогтоосон. Учир нь аливаа оюуны өмчийн патент нь тухайн шинэ бүтээгдэхүүний шийдлийг баталгаажуулж патент олгодог. Өөрөөр хэлбэл “Э” ТӨҮГ-ын тавьж буй шаардлагын дагуу PQ, HQ, NQ хэмжээ бүрт патент байх ямар ч боломжгүй юм. Харин Сангийн яамнаас патентийн номер байхгүй гэх үндэслэлээр татгалзсан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн зүгээс тендерийн баримт бичигт БНХАУ-ын албан ёсны патентийн гэрчилгээ болон албан ёсны орчуулгын хамт хавсаргасан. Патентийн хугацаа 2012-2032 оны хооронд хүчинтэй, нээлт хийсэн, эзэмшигч Li Peng, Патентийн дугаар ZL 2012 2 007 4961.3 дурдсан байдаг. Ийнхүү тендерээс татгалзсан шаардлагыг манай компанийн зүгээс бүрэн хангасан албан ёсны оюуны өмчийн баталгаат бүтээгдэхүүнийг зохиогч, үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн дагуу нийлүүлэхээр төлөвлөж байгаа билээ. ТҮХ-ны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэлд “М” ХХК-ийг тендерийн баримт бичиг бүрэн биш, тендер сонгон шалгаруулалтын шаардлагыг хангаагүй гэж үзэж 100 хувийн саналаар татгалзахаар шийдвэрлэсэн. Гэтэл татгалзсан шалтгаан нь бодит байдалд нийцэхгүй. Тухайлбал үнэлгээний хорооны гишүүн Б.Т “М ирүүлсэн тендер техникийн шаардлага хангахгүй байна, тодорхойлж хэлбэл шошго нь дугарга хэлбэртэй байна. Бидэнд Z хэлбэртэй байвал зохимжтой байна” гэжээ.

Аливаа тендер техникийн болон санхүүгийн баримтанд үндэслэн оролцогчид материалаа бүрдүүлэн оролцдог, үнэлгээний хорооны гишүүд техникийн тодорхойлолтод заасан шаардлагаас хэтэрсэн шаардлага компаниудад тавих нь зохимжгүй, техникийн тодорхойлолтод Z хэлбэртэй гэсэн шаардлага огт байхгүй. Өөрөөр хэлбэл үнэлгээний хорооны гишүүдийн зохиосон шаардлагад үндэслэн манай компанийг тендерээс татгалзсан тул хуульд нийцээгүй шаардлага гэж үзэж байна. Иймд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсч байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ тендерт ямар нэгэн компани шалгараагүй. 2 дахь удаа зарлахад ямар нэгэн компани шалгараагүй байгаа. Гурав дахь удаа бол шууд гэрээ байгуулах эрх үүсдэг байгаа. Үүнээс харахад шууд гэрээ байгуулах санаа явж байгаа юм болов уу гэсэн хардлага төрж байгаа”  гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай “М” ХХК-иас дараах дөрвөн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа. “Э” ТӨҮГ-ын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ДУ-112-12/4094 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах, ТҮХ-ны 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэлийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ТҮХ-ны 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “М” ХХК-г шалгаруулахгүй байгаа нь эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоож,  “М” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах, “Э” ТӨҮГ-ын 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн Э ТӨҮГ-ын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ЭҮХХК/202012198 дугаартай тендер сонгон шалгаруулах ажиллагааг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч талаас бүрэн дэмжиж байна.

Манай “М” ХХК нь “Э” ТӨҮГ-аас зарласан “Дээжийн шошго” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮХХК/202012198 тоот тендерт оролцсон. Манай компани ЭҮХХК/202012198 тендерийн шаардлагыг бүрэн хангасан бөгөөд тендерийн сонгон шалгаруулалтын зааварчилгааны дагуу тендерийн баримт бичгийг бүрэн бүрдүүлж хүргүүлсэн боловч “Э” ТӨҮГ-ын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ДУ-112-12/4094 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр техникийн тодорхойлолт дээжийн шошгын хэмжээ: PQ, HQ, NQ хуванцар материал нь уян хатан байх, патент номертой байх гэх шаардлагыг нэг ижил хэлбэртэй патент номергүй ирүүлсэн нь шаардлагад нийцэхгүй байна гэх үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу тендерээс татгалзсан мэдэгдэл ирүүлсэн. “Э” ТӨҮГ-ын энэхүү мэдэгдэл нь илт үндэслэлгүй байсан тул 2020 оны 07-р сарын 06-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамнаас гомдлыг хянаад 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/4709 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгийг ирүүлсэн.

Сангийн яамнаас ирүүлсэн албан бичгийн хариуд PQ, HQ, NQ хэмжээний шаардлагыг хангахгүй гэж татгалзсан үндэслэлгүй гэдгийг тогтоосон. Учир нь аливаа оюуны өмчийн патент нь тухайн шинэ бүтээгдэхүүний шийдлийг баталгаажуулж патент олгодог. Өөрөөр хэлбэл “Э” ТӨҮГ-ын тавьж буй шаардлагын дагуу PQ, HQ, NQ хэмжээ бүрт патент байх ямар ч боломжгүй юм. Харин Сангийн яамнаас патентийн номер байхгүй гэх үндэслэлээр татгалзсан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн зүгээс тендерийн баримт бичигт БНХАУ-ын албан ёсны патентийн гэрчилгээ болон албан ёсны орчуулгын хамт хавсаргасан. Патентийн хугацаа 2012-2032 оны хооронд хүчинтэй, нээлт хийсэн, эзэмшигч Li Peng, Патентийн дугаар ZL 2012 2 007 4961.3 дурдсан байдаг.

Яагаад патент номергүй гэж үзээд байгааг бид нар ойлгохгүй байна. “Э” ТӨҮГ болон Сангийн яамны албан бичгийг харахаар PQ, HQ, NQ гэсэн асуудал дээр тус тусад нь патент номер шаардаад байна гэж ойлгож байгаа. Гэтэл PQ, HQ, NQ нь тухайн дээжийн шошгын хэмжээтэй холбоотой асуудал. Хэмжээ болгон дээр патент номер байна гэж байхгүй. Тухайн шийдэл дээр патентыг олгодог байгаа. Тухайн патентыг шийдлийнхээ дагуу ямар ч хэлбэр, хэмжээтэйгээр үйлдвэрлэгч үйлдвэрлэх боломжтой. Бид нар захиалагчийн хүссэн хэмжээгээр үйлдвэрлээд явуулна гэсэн албан бичгийг явуулсан гэтэл PQ, HQ, NQ тус бүр дээр патентын дугаар шаардаад байгаа чинь хуульд заасан шаардлагад нийцэхгүй байна. Энэ болгон дээр патент номер шаардах боломжгүй. ТҮХ-ны 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэлийг бид нар уншиж үзсэн. Гэтэл патент номертэй, номергүй, тендерт ирүүлсэн бичиг баримт нь дутуу эсхүл ямар нэгэн байдлаар шаардлага хангаагүй гэдэг талаар дүгнэлт хийгээгүй. Тэр нийлүүлэх гээд байгаа бүтээгдэхүүн нь Z хэлбэртэй байх ёстой гэсэн зүйлийг ярьсан байсан. Хэрвээ тийм асуудал байсан бол манай компаний зүгээс тухайн захиалагчийн нөхцөл шаардлагад тохируулж хийх бүрэн боломж байсан. Үнэндээ тендерийн баримт бичигт Z хэлбэртэй байна гэж тодорхой заасан зүйл байхгүй. Иймд бид нар тендерийн шаардлагыг 100 хувь хангасан гэж үзэж байгаа. Тендерийн шаардлагыг 100 хувь хангачихаад байхад үндэслэлгүйгээр татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй. Манай компанид мэдэгдэж байгаа албан бичиг нь өөрөө ТҮХ-ны шийдвэрийг бид нарт мэдэгдэж байгаа гэж ойлгож байгаа. Гэтэл ТҮХ-ны шийдвэрээс өөр үндэслэлээр манай тендерээс татгалзсан.  Хуралдаан дээр хэлэлцээгүй асуудлыг мэдэгдэлд дурдаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, М.Ж нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52.1.3-т төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхэд худалдан авах ажиллагаатай холбоотой журам, заавар, аргачлал, жишиг баримт бичгийн журам батлах эрхийг олгосны дагуу Сангийн сайдын 2012 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 81 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар бараа нийлүүлэх тендерийн жишиг баримт бичгийг баталсан байдаг. Захиалагчийн зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон жишиг баримт бичигт заасан эрхийнхээ хүрээнд бараа нийлүүлэлтэд тавигдах шаардлага, техникийн тодорхойлолтыг Хоёрдугаар хэсгийн 3-т техникийн тодорхойлолтыг дэлгэрэнгүйгээр оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл захиалагчийн зүгээс тендерийн баримт бичгийг хоёрдугаар хэсэг 3.Техникийн тодорхойлолтын 7 дугаарт дээжийн шошгоны хэмжээ нь PQ, HQ, NQ байхаар зааж, 9 дүгээрт Дээжийн шошго нь патент номертой байхыг зааж өгсөн. Үнэлгээний хороо санал болгосон тендерүүдтэй танилцан хуралдаж нэхэмжлэгчийн тендер нь, тендерийн баримт бичгийн хоёрдугаар хэсэг. 3.Техникийн тодорхойлолтын 7 дугаарт дээжийн шошгоны хэмжээ PQ, HQ, NQ байхаар зааж, 9 дүгээрт Дээжийн шошго нь патент номертой байхыг зааж өгсөн шаардлагыг хангаагүй гэж үзэн татгалзах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг захиалагч баталгаажуулж, мэдэгдэл хүргүүлсэн. Мөн энэ шийдвэрийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хянан шалгахдаа Сангийн яам үндэслэлтэй гэж дүгнэсэн.

Нэхэмжлэгч өөрсдийн гаргасан гомдолдоо мөн тендерийн бичиг баримтанд Захиалагч Дээжийн шошго нь патент номертой байхыг зааж өгсөн, үүнийг Сангийн яам нэхэмжлэгчийн тендерт тусгаагүй байна гээд үнэлгээний хорооны шийдвэрийг баталгаажуулсан байна гэж дурдсан байна. Гэвч нэхэмжлэгч өөрсдийн тендерт “Дээжийн хайрцаг”-ны патент ирүүлсэн гэдгээ тендерийн бичиг баримтад хавсаргасан баримтуудаар тайлбарласан боловч “Дээжийн хайрцаг”-т авсан патентаа “Дээжийн шошго” яаж хамааруулан хэрэглэж болох тухай тайлбар байхгүй мөн ойлгомжгүй байна. Тендерт ирүүлсэн Шинэ патентын гэрчилгээг хавсаргав. Үүнд Дээжийн шошгонд хамааралтай талаар огт дурдаагүй байна. Үнэлгээний хороо ТБОНӨХБАҮХАТХ-ийн 30.1.1-д шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй гэсэн заалтыг баримтлан бүх тендерээс татгалзсан. Мөн энэ хуулийн 30.3-т Бүх тендерээс татгалзсан тохиолдолд  захиалагч тентерт оролцогчийн өмнө хариуцлага хүлээхгүй гэж заасан. Үнэлгээний хороо ТБОНӨХБАҮХАТХ-ийн 30.4 дүгээр зүйлийн 30.4.1-т заасны дагуу нээлттэй тендер шалгаруулалтыг төрийн худалдан авах ажиллагааны цахим системд зарласан. Энэ тендерт сонирхсон бүх этгээд оролцох эрхтэй. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сая аль аль тал нилээн тодорхой тайлбарлаад өгчихлөө гэж бодож байна. Бид нар дээжийн шошго, дээжийн хайрцаг авахаар тендер зарласан. Хайрцаг, шошго хоёрыг ялгаж ойлгох хэрэгтэй байна. Дээжийн шошго нь патент номер шаардлагатай гэж зааж өгөөд байхад бид нар дээжийн хайрцаганд патент өгсөн гэж тайлбарлаад байгааг ойлгохгүй байна. Үүнийг ялгаж ойлгуулах гээд нотлох баримтыг гаргаж өгч байна. Нэг нь хадгалдаг хайрцаг, нөгөө нь хаягжуулдаг зүйл байгаа. Та нар бас энэ алдаагаа засаад дараагийн тендерт оролцох боломж нь байсан” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З 2020 оны 08 дугаар сарын 19-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...1. “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/166 дугаар тушаалын 60 дугаар хавсралтаар “Дээжийн шошго” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулагдсан. “Э” ТӨҮГ-ын “Дээжийн шошго” нийлүүлэх тендерийг төрийн худалдан авах ажиллагааны цахим системд 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байршуулж, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 09 цаг 00 минутад тендерийн нээлтийг хийсэн. Тендерт нийт 6 компани дээжийн шошго нийлүүлэхээр материалаа ирүүлсэн бөгөөд уг 6 компанийн тендерийн материалыг үнэлгээний хороо тендер хүчинтэй байх хугацаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /ТБОНӨХБАҮХАТХ/ болон Бараа, нийлүүлэх тендерийн жишиг баримт бичигт нийцүүлэн боловсруулсан  тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлтүүдээр үнэлж дүгнэсэн. Дээрх компаниудын тендерийн материалыг ТБОНӨХБАҮХАТХ-ийн 27 дугаар зүйлд заасны дагуу үнэлж дүгнэхэд “Э” ТӨҮГ-аас зарласан тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлтүүдэд нийцэхгүй байсан тул үнэлгээний хороо нь 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж, ТБОНӨХБАҮХАТХ-ийн 30.1.1-д шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй гэсэн үндэслэлээр бүх тендерээс татгалзаж, ТБОНӨХБАҮХАТХ-ийн 47.7-д заасны дагуу дүгнэлтээ гаргасан. Үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтийг захиалагчийн зүгээс зөвшөөрч 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тендер шалгаруулалтад оролцсон 6 компанид нэгэн зэрэг албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн.

            2. ТБОНӨХБАҮХАТХ-ийн 52.1.3-т Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхэд худалдан авах ажиллагаатай холбоотой журам, заавар, аргачлал, жишиг баримт бичгийн журам батлах эрхийг олгосны дагуу Сангийн сайдын 2012 оны 03 дугаар сарын 29-ний өрийн 81 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар бараа нийлүүлэх тендерийн жишиг баримт бичгийг баталсан байдаг. Уг жишиг баримт бичгийг үндэслэж боловсруулсан бараа нийлүүлэлтэд тавигдах шаардлага, техникийн тодорхойлолтыг Хоёрдугаар хэсгээс харах бөгөөд захиалагчийн зүгээс хоёрдугаар хэсгийн 3-т техникийн тодорхойлолтыг дэлгэрэнгүйгээр оруулж өгсөн.        Захиалагчийн зүгээс тендерийн баримт бичгийг хоёрдугаар хэсэг 3.Техникийн тодорхойлолтын 7 дугаарт дээжийн шошгоны хэмжээ нь  PQ, HQ, NQ байхаар зааж 9 дугаарт Дээжний шошго нь патент номертой байхыг зааж өгсөн. Гэтэл “М” ХХК нь захиалагчийн зүгээс шаардсан тендерийн баримт бичигт тусгагдсан дээрх шаардлагын патент номертой байх шаардлагыг хангалгүй техникийн тодорхойлолтоо бэлтгэн ирүүлсэн учраас тус компанийн ирүүлсэн тендерээс ТБОНӨХБАҮХАТХ-ийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасныг үндэслэн татгалзсан.

            3. Нэхэмжлэгч нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Монгол улсын Сангийн яаманд гомдол гаргасан байдаг. Монгол улсын Сангийн яам гомдлыг хянан шийдвэрлэж 2020 оны 07 сарын 10-ны өдрийн 6-1/4709 дугаар албан бичгээр “...дээжийн шошго нь патент номергүй байх тул тендерийн баримт бичгийн “...9.Патент  номертой байх...” гэж заасан шаардлагыг хангаагүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна. Тус компани зөвхөн “нэг төрлийн бэхжилттэй дээжийн хайрцагны патентын гэрчилгээг тендерт ирүүлсэн байна.” гэж “М” ХХК-ийн гаргасан гомдлыг хангаагүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ч тендерийн баримт бичигт БНХАУ-ын албан ёсны патентын гэрчилгээ болон албан ёсны орчуулгын хамт хавсаргасан бөгөөд “нэг төрлийн өндөр бэхжилттэй дээжийн хайрцаг”-ны патент ирүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг.

4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд “Э” ТӨҮГ-ын ТҮХ-ны ямар шийдвэр гарсан талаар ямар нэг мэдээлэл байхгүй, олж мэдэх боломжгүй байна гэж дурдсан байна. ТБОНӨХБАҮХАТХ-ийн 52.1.3, Сангийн сайдын 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 84 дүгээр тушаалаар батлагдсан “Цахим худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн урилга, үр дүнг зарлан мэдээлэх журам”-ын 7.1-т заасны дагуу хариуцагч нь дээжийн шошго тендерийн үр дүнг Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд 2020.07.01-ний өдөр байршуулсан. Дээрх тендер шалгаруулалтын үр дүнд тендер шалгаруулалтад оролцсон компаниудын нэр, үнийн саналууд, шалгарсан эсэх мэдээлэл цахимаар хэнд ч харагдах боломжтой юм.

            5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараах зүйл хамаарна” гээд 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, ...нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж зааснаар нэхэмжлэгч зөвхөн өөрийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн, зөрчсөн гэж үзэж байгаа захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны талаар шүүхэд маргах боломжтой бөгөөд захиргааны байгууллагын ямар шийдвэр, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн болох нь нэхэмжлэлийн үндэслэлд тодорхой байх ёстой. “Э” ТӨҮГ-ын “Дээжийн шошго” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалт ТБОНӨХБАҮХАТХ-ийн 30.1.1-д шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй гэсэн үндэслэлээр бүх тендерээс татгалзсан, үүний үр дүнд дахин тендер зарлагдах нөхцөл байдал үүссэн байхад нэхэмжлэгч өөрийн эрх, ашиг сонирхлыг ямар захиргааны актын улмаас зөрчигдсөн гэж үзэж байгаа, ТҮХ-ны яг ямар шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргаж байгаагаа тодорхойлолгүй нэхэмжлэлийн шаардлага гаргаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т заасныг зөрчсөн байна.             

            6. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “Э” ТӨҮГ-ын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ДҮ-112-12/4094 тоот албан бичиг нь ТҮХ-ны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны дүгнэлтийг “М”-д мэдэгдсэн агуулга бүхий албан бичиг юм.

            Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана”, 46 дугаар зүйлийн  46.1.1-д “Захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан авах талаар “энэ хуульд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах эрхтэй”, 47 дугаар зүйлийн 47.2.2-т “Үнэлгээний хороо нь “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно” гэж тус тус заасан байдаг тул шаардлагад нийцээгүй гэх үндэслэлээр тендерээс татгалзсан захиалагчийн мэдэгдэл нь Үнэлгээний хорооны шийдвэрээр дамжин хэрэгжих тул захиалагч өөрөө тендерийг хянан үзэх, тендерээс татгалзах шийдвэрийг бие даан гаргах эрхгүй юм. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж зааснаар захиргааны байгууллагаас гаргасан эрх зүйн үр дагавартай шийдвэрийг захиргааны акт гэж ойлгоно гэж заасан байдаг.

            Гэтэл нэхэмжлэгчээс хүчингүй болгохыг шаардсан “Э” ТӨҮГ-ийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ДҮ-112-12/4094 албан бичиг нь ТҮХ-ны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн үнэлгээний дүгнэлт буюу “М” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэн тухайн тендерээс татгалзсан шийдвэрийг дамжуулан мэдэгдсэн албан бичиг болохоос захиалагч “Э” ТӨҮГ-ийн бие даан гаргасан шийдвэр гэж үзэх үндэслэлгүй тул дээрх албан бичиг нь эрх зүйн үр дагаваргүй шинжээрээ захиргааны акт биш юм.

            Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаанд хамаарахгүй тул “Э” ТӨҮГ-ын “Дээжийн шошго” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны шийдвэрийг тендерт оролцогчдод мэдэгдсэн захиалагчийн ДҮ-112-12/4094 хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК-ийн шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд “Э” ТӨҮГ-ын тавьж буй шаардлагын дагуу PQ, HQ, NQ хэмжээ бүрт патент байх ямар ч боломжгүй гэж дурдсан байна. Захиалагчийн зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай болон уг жишиг баримт бичигт заасан эрхийнхээ хүрээнд бараа нийлүүлэлтэд тавигдах шаардлага, техникийн тодорхойлолтыг Хоёрдугаар хэсгийн 3-т техникийн тодорхойлолтыг дэлгэрэнгүйгээр оруулж өгсөн.   Өөрөөр хэлбэл захиалагчийн зүгээс тендерийн баримт бичгийг хоёрдугаар хэсэг 3.Техникийн тодорхойлолтын 7 дугаарт дээжний шошгоны хэмжээ нь  PQ, HQ, NQ байхаар зааж 9 дугаарт Дээжний шошго нь патент номертой байхыг зааж өгсөн.

Нэхэмжлэгч захиалагчийн тавьж буй шаардлагын дагуу PQ, HQ, NQ хэмжээтэй дээжийн шошго бүрт патент байх ямар ч боломжгүй гэж үзэж байсан бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн бол тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт... гаргана.” гэж заасны дагуу гомдлоо гаргах боломж бүрэн байсан. Захиалагчийн зүгээс энэ эрхийг нь ямар нэгэн байдлаар хязгаарлаагүй.

Захиалагчийн тендерийн баримт бичигт заасан шаардлагыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч тендерийн баримт бичгээ ирүүлсэн, тендерийн баримт бичиг нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтын шаардлагыг хангаагүй учраас  “М” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан.

Сангийн яамнаас гомдол хянан шийдвэрлэхдээ захиалагчийн “М” ХХК-ийн тендерийн баримт бичгээс татгалзсан 2 үндэслэлийн “нэг ижил хэлбэртэй” гэснийг үндэслэлгүй гэж “дээжийн шошго нь патент номергүй байх тул тендерийн баримт бичгийн 9-д: “Патент номертой байх”... гэж заасан шаардлагыг хангаагүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” гэж шийдвэрлэсэн байхад үүнийг нэхэмжлэгчээс патентгүй байхыг дэмжсэн мэтээр тайлбарлаж бичсэн нь үндэслэлгүй юм.

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ч тендерийн баримт бичигт БНХАУ-ын албан ёсны патентын гэрчилгээ болон албан ёсны орчуулгын хамт хавсаргасан бөгөөд “нэг төрлийн өндөр бэхжилттэй дээжийн хайрцаг”-ны патент ирүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэтэл захиалагчийн тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод дээжийн шошгонд патент ирүүлэх талаар тодорхой бичсэн байдаг. Сангийн яамны дүгнэлтэнд ч энэ талаар дүгнэгдсэн байдаг. Хэрэгт нотлох баримтаар өгсөн “М” ХХК-ийн тендерийн баримт бичгийн М ХХК-3, М ХХК-4-т барааны техникийн тодорхойлолтуудтай холбоотой баримт материал байгаа бөгөөд  М ХХК-3-ийн 19-20 дугаар хуудсанд дээжийн хайрцагны патентын гэрчилгээ орчуулгын хамт ирүүлсэн байдаг.

Өөрөөр хэлбэл захиалагчийн зүгээс дээжийн шошго гэсэн нэртэй тендер зарласан боловч дотроо дээжийн хайрцаг PQ 4263 ширхэг, дээжийн хайрцаг HQ 937 ширхэг, Хар өнгийн арилдаггүй маркер 1000 ширхэг,  дээжийн шошго PQ 2000 ширхэг, дээжийн шошго HQ 9500 ширхэг, дээжийн шошго NQ 2000 ширхэгийг тус тус худалдан авахаар техникийн тодорхойлолтод зааж өгсөн. Гэтэл нэхэмжлэгч патент номер шаардаагүй дээжийн хайрцагт патент ирүүлчихээд дээжийн шошгод патент ирүүлсэн мэтээр маргаад байгаа нь ойлгомжгүй байна.

3.Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа үнэлгээний хорооны гишүүд техникийн тодорхойлолтод заагдаагүй асуудлыг хэлэлцсэн талаар дурдсан байна. Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд тухайн хуралд гишүүдээс гаргасан саналуудыг бүгдийг тусгадаг. Үнэлгээний хорооны гишүүний Z хэлбэрийн талаар хэлсэн санал болохоос биш ТБОНӨХБАҮХАТХ-ийн 47.7-д заасан хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр биш юм. Үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэлд захиалагч цехийн төлөөлөл болох Б.Т нь М ХХК нь бичиг баримтын хувь тендерийн баримт бичгийн шаардлага хангаж байгаа боловч хамгийн гол нь техникийн шаардлагыг хангахгүй байгаа талаар тусгагдсан байна.

ТБОНӨХБАҮХАТХ-ийн 29 дүгээр зүйлийн 29.1-д тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийг нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ гэж заасны дагуу “Э” ТӨҮГ-аас зарласан “Дээжийн шошго” худалдан авах тендерт шалгараагүй үндэслэлийг 2020.06.30-ны өдрийн ДҮ-112-12/4094 тоот албан бичигт тодорхой зааж мэдэгдэл хүргүүлсэн.

Захиалагч нь “М” ХХК-ийн тендерийн баримт бичиг нь ТБОНӨХБАҮХАТХ-ийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан шаардлагыг хангаагүй байсан тул мөн хуулийн  27.4-т заасныг үндэслэн уг тендерээс татгалзаж шийдвэрлэсэн.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өмнөх хариу тайлбараа дэмжиж байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дээжийн шошго худалдан авах тендерийг өнөөдрийн байдлаар 2 удаа зарласан, тендерийн шаардлагад нийцсэн тендер ирээгүй. Үүнийг нэхэмжлэгч талаас шууд гэрээ байгуулах гэж байна гэж хардаад байгаа юм байна. 2 удаа тендер зарлаад шаардлагад нийцсэн тендер  ирээгүй бол захиалагчаас 5-7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч шууд  гэрээ байгуулах ажиллагаагаар шийдвэрлэдэг. Өнөөдрийн байдлаар “Э” ТӨҮГ нь шууд гэрээ байгуулж, худалдан авах ажиллагаа хийгээгүй байгаа тул хардах үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М” ХХК нь “Э” ТӨҮГ-т холбогдуулан “Э” ТӨҮГ-ын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ДУ-112-12/4094 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүсч нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад /2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр[1]/ нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж,

“Э” ТӨҮГ-ын ТҮХ-нд холбогдуулан  “ТҮХ-ны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэлээс нэхэмжлэгч “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,  “ТҮХ-ны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн нэхэмжлэгч “М” ХХК-ийг тендерт шалгаруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “М” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах”

“Э” ТӨҮГ-т холбогдуулан  “Э” ТӨҮГ-ын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ЭҮХХК/202012198 дугаартай тендер сонгон шалгаруулах ажиллагааг хүчингүй болгуулах” шаардлагуудыг тус тус гаргасан, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн дээрх шаардлагуудаа дэмжив.

“Э” ТӨҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “Захиалагч” бөгөөд захиалагч нь мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 /Энэ хуульд заасны дагуу Үнэлгээний хороо байгуулах/-т зааснаар ҮХ-г байгуулах эрхийг тус хуулиар хэрэгжүүлдэг.

Захиалагч “Э” ТӨҮГ нь “Дээжийн шошго” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮХХК/2020121998 тоот тендерийг зохион байгуулах Үнэлгээний хороог 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/166 тоот “үнэлгээний хороод байгуулах тухай” тушаалаар[2] байгуулсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдсон.

Захиалагч “Э” ТӨҮГ, түүний эрх бүхий албан тушаалтан /захирал/ нь худалдан авах ажиллагааны талаар бие даан шийдвэр гаргах эрхгүй, түүний шийдвэр нь зөвхөн Үнэлгээний хорооны шийдвэр /үнэлгээний дүгнэлт/-ээр дамжин гардаг тул захиалагчийн шийдвэртэй холбоотой гомдлоо тендерт оролцогч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 тухай хуулийн 55.1, 56 дугаар зүйлийн 56.1 /...эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно/, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 /дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл/, 112 дугаар зүйлийн 112.4.2 /Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой маргаан/-т тус тус зааснаар тусгай журмаар хянан шийдвэрлэгдэх Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан мөн.      

“Э” ТӨҮГ-ын ТҮХ болон “Э” ТӨҮГ нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-т заасан “... шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага” гэдэгт хамаарахаар байна.

Хариуцагч “Э” ТӨҮГ болон “Э” ТӨҮГ-ын ТҮХ нь уг захиргааны хэрэгт хамтран хариуцагчаар оролцож байгаа бөгөөд эдгээр хариуцагч нар нь нэгдмэл ашиг сонирхолтой, ашиг сонирхлын зөрчилгүй учраас “Э” ТӨҮГ-ын захирлын итгэмжлэлээр Ж.Г, М.Ж, Д.З нар нь хариуцагч нарыг төлөөлөн оролцож байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 27 дугаар зүйлийн 27.2, 27.3 дахь хэсэгт заасныг зөрчихгүй гэж үзсэн болно.

“Э” ТӨҮГ-ын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ДУ-112-12/4094 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн тухайд: Нэхэмжлэгч “М” ХХК нь “Э” ТӨҮГ-т холбогдуулан 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ДУ-112-12/4094 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг[3] хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Дээрх албан бичиг нь “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчоос Үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хурлаар[4] хэлэлцэн шийдвэрлэсэн “Үнэлгээний дүгнэлт” буюу “М” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж тендерээс татгалзсан шийдвэрийг тендерт оролцогч компанид  дамжуулсан мэдэгдлийн шинжтэй албан бичиг байна.

Дээрх албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэсэн захиргааны актад хамаарахгүй.

Иймд “Э” ТӨҮГ-ын ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ДУ-112-12/4094 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар “Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.  

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн доорх шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

“Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/166[5] тушаалаар байгуулагдсан ТҮХ нь “ДЭЭЖИЙН ШОШГО” /ЭҮХХК/202012198/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер”-ийг цахим хэлбэрээр зохион байгуулж, тендерт оролцогчдын цахимаар ирүүлсэн тендерийг хянан үзэж, “М” ХХК-ийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагад нийцээгүй гэж үзэн тендерээс татгалзаж, дахин нээлттэй тендер зохион байгуулахаар шийдвэрлэсэн болох нь ТҮХ-ны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №ЭҮХХК202012198[6] дугаартай тэмдэглэл болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Тодруулбал, Тендерийн баримт бичгийн Хоёрдугаар хэсэг. Бүлэг V. Бараа нийлүүлэлтэд тавигдах шаардлага, техникийн тодорхойлолт.

3.0.Техникийн тодорхойлолт хэсгийн ...

5.Барааны нэр, төрөл: Дээжийн шошго буюу этикетка

6.Материал. Хуванцар цагаан өнгөтэй

7.Дээжийн шошгоны хэмжээ: PQ, HQ, NQ

8. Хуванцар материал нь уян хатан байх

9. Патент номертой байх[7] гэх шаардлагуудыг тавьсан ба “М” ХХК нь “Дээжийн шошго”-ыг патент номергүй ирүүлсэн нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдсон.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар 47.7 дахь хэсэг /Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна/-т зааснаар Үнэлгээний хорооны тэмдэглэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 /Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно/-т зааснаар захиргааны актад хамаарна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 /Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана/, 12.3 /Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ/, 27 дугаар зүйлийн 27.1 /Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ/,  27.1.1 /энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага/, 27.1.2 /тенхикийн тодорхойлолт/,  27.1.3 /тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага/, 27.3 /Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ/, 27.4 /Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч тендерээс татгалзана/-т тус тус зааснаар Үнэлгээний хороо тендерийг сонгон шалгаруулахдаа тендер тус бүр нь тендерийн бичиг баримтад заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэж, бүх нөхцөлийг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзэх, шаардлагад нийцээгүй гэж үзвэл тендерээс татгалзахаар хуульчилсан.

Хуулийн энэхүү шаардлагын дагуу ТҮХ нь “М” ХХК-ийн ирүүлсэн тендерийг тендерийн баримт бичигт тавигдсан “Тендерийн баримт бичгийн Хоёрдугаар хэсэг. Бүлэг V. Бараа нийлүүлэлтэд тавигдах шаардлага, техникийн тодорхойлолт хэсэг.

3.0.Техникийн тодорхойлолт хэсгийн 9-д заасан “Патент номертой байх” гэх шаардлагыг хангаагүй гэж үзэн, тендерээс татгалзаж шийдвэрлэснийг дээрх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 /тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараах үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно/, 16.1.6 /нийлүүлэх барааны загвар, тодорхойлолт, эсхүл гэрэл зураг, тэдгээрийн үнэн болохыг гэрчилсэн баримт бичиг/, 27 дугаар зүйлийн 27.1.2 /тенхикийн тодорхойлолт/,  27.3 /Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ/, 27 дугаар зүйлийн 27.4 /Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч тендерээс татгалзана/-т дахь хэсэгт заасныг зөрчөөгүй гэж үзэхээр байна.

Тодруулбал, “М” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй тендер гэж үзэж, тендерээс татгалзсан ҮХ-ны /2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №ЭҮХХК/202012198 дугаартай хурлын тэмдэглэл/ шийдвэр нь нэхэмжлэгчийн  эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус эс үйлдэхүй болоод ямар нэгэн хууль бус татгалзсан шийдвэр гаргасан нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан:

-“Э” ТӨҮГ-ын ТҮХ-нд холбогдуулан  “ТҮХ-ны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэлээс нэхэмжлэгч “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”, 

-“ТҮХ-ны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн нэхэмжлэгч “М” ХХК-ийг тендерт шалгаруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “М” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах”

-“Э” ТӨҮГ-т холбогдуулан “Э” ТӨҮГ-ын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ЭҮХХК/202012198 дугаартай тендер сонгон шалгаруулах ажиллагааг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагууд нь  хангагдах үндэслэлгүй юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-т “Тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг ойлгохоор заасан.

Хэдийгээр нэхэмжлэгч нь “Дээжийн шошго”-ыг патент, номертой байх боломжгүй гэж үзсэн, мөн энэ талаар эргэлзээтэй байсан бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр  бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1  дэх хэсэгт зааснаар ...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах эрх нь нээлттэй байсан ба энэ талаар маргаагүй тул тендерийн баримт бичгийг зөвшөөрсөн гэж үзнэ.

Мөн шүүхээс: нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С-гаас шүүх хуралдаанд:

 “ТҮХ-ны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн нэхэмжлэгч “М” ХХК-ийг тендерт шалгаруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “М” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах” шаардлага гаргаж, тайлбарлаж байгааг үндэслэлгүй гэж дүгнэв.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т: Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан ба ТҮХ нь 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр шийдвэр гаргасан байхад  үүнийг “эс үйлдэхүй” гэж  тооцож, “М” ХХК-тай гэрээ байгуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь үндэслэлгүй гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4, 106.5, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Э” ТӨҮГ-ын ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ДУ-112-12/4094 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тухайн шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.6,  27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1, 27.1.2,  27.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “М” ХХК-ийн “Э” ТӨҮГ,  ТҮХ-д холбогдуулан гаргасан

-“Э” ТӨҮГ-ын ТҮХ-ны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэлээс нэхэмжлэгч “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,

- “ТҮХ-ны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн нэхэмжлэгч “М” ХХК-ийг тендерт шалгаруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “М” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах,

-“Э” ТӨҮГ-ын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ЭҮХХК/202012198 дугаартай тендер сонгон шалгаруулах ажиллагааг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй.

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.САРАНГЭРЭЛ

                       

 


[1][1] ХХ-ийн 144, 145 хуудас

[2] хавтаст хэргийн 47, 48 дугаар тал

[3] ХХ-ийн 121 дүгээр хуудас.

[4] ХХ-ийн 127-131 дүгээр тал

[5] ХХ-ийн 47, 48 хуудас

[6] ХХ-ийн  127-131 хуудас

[7] ХХ-ийн 102, 103 хуудас