Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
Хэргийн индекс | 188/2016/0047/э |
Дугаар | 131 |
Огноо | 2016-09-02 |
Зүйл хэсэг | 091.1., |
Улсын яллагч | Н.Бадамцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Т.Алтантуяа, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч Б.Он-Ой,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,
улсын яллагч Н.Бадамцэцэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэндэжид, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 465/,
шүүгдэгч Д.Гантогтох, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1954/,
гэрч Д.Энхцэцэг, О.Навчаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урианхай овгийн Дашжамцын Гантогтоход холбогдох эрүүгийн 201510010105 дугаартай 4 хавтас хэргийг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн А-1 танхимд энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Урианхай овгийн Дашжамцын Гантогтох Монгол Улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Дархан Уул аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй дээд боловсролтой, зам барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 0-11 насны 2 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 8-12 тоотод оршин суудаг, хэрэгт холбогдох үедээ Улаанбаатар Төмөр замын зам засварын машинт станцын их засварын цувааны шалгалтын бригадын даргаар ажиллаж байсан, ажил эрхлэлтийг 2015 оны 06 дугаар сард түдгэлзүүлсэн гэх, ТК82091479 дугаарын регистртэй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Д.Гантогтох нь 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 01 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт “Соёмбо” хөшөө цогцолборын дэргэд О.Бат-Эрдэнийг зодож, гавал тархины далд гэмтэл учруулсаны улмаас О.Бат-Эрдэнэ нь эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нас барсан буюу хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Гантогтох шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2015 оны 05 дугаар сарын 29-ний орой ажлаасаа бууж амарч байгаад 20 цаг өнгөрөөд хоол идэх гээд гарсан. 21 цагийн үед хамт ажилладаг Санжаажав руу утсаар ярихад оклотик дээр машинтайгаа байна, хүрээд ирвэл ирэхгүй юу даа гэсэн. Тэгээд яваад очиход Санжаажавын машин дотор Дүүрэнбаяр, Энхбаатар, Сайнбуян нар сууж байсан. Намайг машинд ороход Санжаажав машин барьж яваа гээд, Дүүрэнбаяр, Сайнбуян хоёр архи уугаад сууж байсан. Бид нар тэр архийг уугаад хөдөлсөн. Санжаажав биднийг вокзалын ард буулгаад, явсан. Бид нар зогсож байхад Сайнбуян, Энхбаатар хоёр дэлгүүр орно гэж яваад Дүүрэнбаяр бид хоёр үлдсэн. Дүүрэнбаяр нэг айл руу оръё хамт явах уу гэхээр нь би явахгүй гэхэд Дүүрэнбаяр ганцаараа явсан. Тэгээд Дүүрэнбаяр буцаж ирээд бид хоёр зогсож байхад Сайнбуян талийгаач Бат-Эрдэнийг дагуулж ирсэн. Дөрвүүлээ уулзаж, хаана суух уу гэж ярилцаад караокед орж суусан. Караоке дотор “Экс” нэртэй 0.75 литрийн архи, нэг нэг пиво, нэг ус авч уусан. Тэр караоке хаах дөхөөд бид тэндээс 23 цагийн үед гараад машин хөлсөлж яваад дэлгүүрийн гадаа зогсож Дүүрэнбаяр бид хоёр машин дотор үлдээд Сайнбуян, Бат-Эрдэнэ хоёр орж дэлгүүрээс архи авсан. Тэндээсээ яваад “Соёмбо”-той толгой дээр очиж суугаад архиа жаахан үлдээгээд тэндээс явцгаасан. Урд талд Дүүрэнбаяр, Сайнбуян хоёр, ард нь талийгаач бид хоёр алхаж явж байгаад үлдсэн архиа дуусгая гээд суугаад нөгөө хоёроо дуудаад буцаад “Соёмбо”-той толгой дээрээ очъё гэхэд Дүүрэнбаяр явлаа гээд явсан юм шиг байсан. Тэндээсээ “Соёмбо”-той толгой руу явах гээд босохдоо талийгаач надаас татахад нь би барьж авч чадалгүй талийгаач гишгэгдэл алдаж хойшоо унасан. Тэгээд бид нар “Соёмбо”-той толгой дээр очиж архиа ууж дууссан. Сайнбуян Дүүрэнбаяр руу утсаар ярьж “ирээд аваадах” гээд дуудсан. Тухайн үед талийгаач намайг налж сууж байгаад хойшоо унахаар нь би тасраад уналаа гэж бодсон. Бид нар бол татаж үзсэн юм байхгүй, “Соёмбо”-той толгойд тэр үед олон хүмүүс байсан. Дүүрэнбаяр тэр үед хүргэнээ дуудаж байх шиг байсан. Тэгээд машин ирээд талийгаачийг босохгүй болохоор Дүүрэнбаяр хөлнөөс нь би цээжнээс нь өргөж машинд суулгасан. Дүүрэнбаяр “цус байна энэ яасан юм бэ” гэхээр нь би “яасан байна” гэхэд миний өөдөөс зүгээр зүгээр гэсэн. Тэрнийг жолооч мэдэж байгаа. Эмнэлэгт хүргэх үү гэхэд яах юм бэ гээд бид нар яваад, би замдаа буугаад Ганхүү гээд ангийн хүүхдийндээ буусан. Цаашаа юу болсныг мэдэхгүй. Бид хэрэлдэж зодолдсон зүйл байхгүй. Дүүрэнбаяр мэдүүлэгтээ би эмнэлэгт хүргэж өгөх үү гэж хэлсэн гэсэн байсан. Уг нь би “эмнэлэгт хүргэх үү” гэж хэлсэн. Тэгэхэд миний мэдүүлэг дээр тэр талаар байхгүй байна. Хохирогчийн ар гэрээс уучлал гуйж, эмнэлэгт хүргэж өгөөгүйдээ харамсаж байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэндэжид шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 5 дугаар сарын 30-нд Замын-Үүдэд дуудагдаж, 31-ний шөнө Замын-Үүдийн эмнэлэгт очсон. Эмнэлэгт очоод “ээж нь ирлээ” гэхэд миний хүү гараа хөдөлгөж надтай харьцаж байсан. Би хүүгээсээ миний хүүг “хэн ийм болгосон бэ” гэхэд “манай ажлын гурван хүн байсан, манай ажлын гурван хүн намайг ийм болгосон” гэж хэлсэн. Миний хүүгийн зүүн тал нь мэдээгүй байсан. Баруун гар, хөлөө хөдөлгөж байсан. Удаагүй сувилагч тариа хийгээд манай хүүхэд унтсан. Би эмчтэй нь уулзахад ухаангүй ирсэн, одоо таньтай харьцаж байна гэж надад хэлсэн. Тэгээд 2015 оны 05 дугаар сарын 31-ний шөнө Алтанцэцэг, Цагаандорж бид нар эмнэлэгт манай хүүг сахиж, хэвтэж байсан өрөөнөөс нь салаагүй. Маргааш өглөө нь эмч нар ирээд тархи толгойн битүү гэмтэлтэй байна, хагалгаанд орохгүй бол болохгүй гэж хэлсэн. Бид нар Замын-Үүд ороод хилийн цаана эмчлүүлье гэхэд 6 дугаар сарын 01-ний өдөр байсан учраас хил хаалттай байсан. Миний хүүгийн тархины баруун талд төмөр юм шиг зүйлээр цөм цохисон, толгойн зүүн тал нь хавантай, хөхөрсөн байсан. Нурууны ар талд төмрөөр цохисон хөхрөлттэй. Мөн хөл гар нь бүгд шалбарсан, цус гарсан байсан. Тэгээд Дорноговийн эмнэлэг рүү явахад миний хүүд эм тариа хийгээд хоёр эмчтэй цуг явсан. Замд ямар нэгэн эм тариа хийлгээгүй, машинд миний хүү ямар нэгэн үйлдэл хийгээгүй очсон. Очоод миний хүү юм ярьж байсан. Надаас ээжээ надад кальци дутагдаад байна, аарц, сүү, уумаар байна гэж хэлсэн. Би эмчээс нь аарц, сүү өгч болох уу гэж асуухад одоо хагалгаанд орох учраас болохгүй гэж хэлсэн. Тэгээд хүүдээ өгч чадаагүй. Би эмчлүүлэгчийн карт нээлгэхээр явсан үед талийгаач хүү минь Алтанцэцэгтэй ярьж байсан. Би хүүхдээ алдсан эх хүн учраас гомдохгүй байж чадахгүй. Би маш их гомдолтой. Миний хүүгийн нэр дээр 10.000.000 төгрөг зээлсэн цалингийн зээлтэй байснаас банкинд төлөгдөөгүй 6.880.724 төгрөгийн үлдэгдлийг, оршуулгын зардалд 10.178.800 төгрөг, тэжээгчээ алдсаны зардалд 50.000.000 төгрөг, нийт 66.800.000 төгрөг нэхэмжилнэ. Д.Гантогтохын ар гэрээс 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр надад 5.000.000 төгрөг өгсөн. Тэгээд 2017 оны 6 дугаар сарын 01 гэхэд 20.000.000 төгрөг өгнө гэж байсан. 15.000.000 төгрөгийг цаашдаа төлнө гэж хэлээд нотариатаар батлуулсан байгаа гэв.
Гэрч Д.Энхцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Замын-Үүдэд талийгаачийг 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн өглөөний 10 цаг 30 минутад сахих гэж очсон. Намайг эмнэлэгт өрөөнд орох үед нүдээ аниад хэвтэж байсан. 11 цагт би талийгаачийг дүү Пунсалмаатай нь утсаар яриулсан. Дүүтэйгээ ярьж байхад нь Дүүрэнбаяр бид хоёр сонсож байсан. Талийгаач утсаар за тэгнэ гэж хэлсэн. Тэгээд өдөр нь буюу 14.00 цагаас 14.30 цагийн хооронд сувилагч нар орж ирээд живх солиход эрхтнээ дараад нууж байсан. Дараа нь хамт ажилладаг гэх Алтантуул гэдэг эмэгтэй ирсэн. Эмч нь надад дүүдээ нойл шөл уулга гэж хэлэхээр нь би дүүдээ баахуу цай өгөх гээд ус буцалгаад ороод ирэхэд Алтантуул чи сая надтай зүгээр ярьж байсан биз дээ, одоо эгчтэйгээ яриач гэж хэлэхэд манай дүү толгой дохиод аанхаа гэсэн, дуугараагүй. 20 цаг өнгөрч байхад амнаас муухай амтагдаад байна гээд босч ирээд ус уугаад, шүдээ өөрөө гараараа угааж байсан. Тэгээд байж байгаад Сайнбуян ахаа та надад спрайт ундаа аваад ир, гоё ундаа гэж хэлсэн. Би Сайнбуянтай яриад ундаа өгч болохгүй гэж бодсон. 1 цагийн дараа талийгаач дүү “та хоёр надад худал хэлж байна” гэхээр нь Сайнбуян ах нь дүүдээ худал хэлэхгүй, одоо аваад ирье гээд гарсан. Ар гэрийнхэн нь 5 дугаар сарын 31-нээс 2015 оны 06 дугаар сарын 01-нд шилжих шөнө 01 цагт ирсэн. Тэгээд би гэртээ харьсан гэв.
Гэрч О.Навчаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 5 дугаар сарын 31-ний өглөө эмнэлэг дээр очсон. Цагдаагаас Д.Гантогтохыг дуудаад аваад явсан. Би Дүүрэнбаярыг танихгүй. Сайнбуянг зүс танина. Би зөөлрүүлж мэдүүлэг өгөөрэй гэж хэлээгүй гэв.
Мөн эрүүгийн 201510010105 дугаартай хэргээс байцаан шийтгэх ажиллагааны оролцогч нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:
Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэндэжидийн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...2015 оны 05 дугаар сарын 28-ны орой 17 цагийн үед хүү рүүгээ залгахад ажил дээрээ ажлаа хийж байна, тараад орой залгая гэж ярьсан. Тэгээд утсаар ярихгүй болохоор нь 29-ний 17 цагийн үед залгахад утсаар ярьж байгаа дохио өгөөд байсан. 30-ны өдөр хүү рүүгээ өглөө орой залгахад холбогдох боломжгүй байсан. 31-ний өдөр Борнуурын ойролцоо явж байхад манай охин Пунсалмаа 8 цагийн үед залгаад Бат-Эрдэнэ Замын-Үүдэд эмнэлэгт байна гэж байна, яаралтай ир гэхээр нь Замын үүдэд байдаг Энхцэцэг эгчтэйгээ холбогдож ямар байгааг нь асуу, хариуцаж байгаа эмчтэй нь мөн холбогдож биеийн байдлыг нь асуу, ээж нь хот руу явж байна гэж хэлсэн. Тэгээд Борнуураас хот руу явж байхад Энхцэцэг над руу залгаад Бат-Эрдэнийн бие маш муу байна, та нар хурдан ир гээд уйлаад байсан. Талийгаачийг нэг ухаан ороход нь Энхцэцэг та сандралгүй тайван яваад ир гэсэн. Тэгээд 17 цагийн үед Улаанбаатараас жолооч Бат-Очир, дүү Цагаанцоож, найз Алтанцэцэг нарын хамт Замын-Үүд рүү явсан. 2015 оны 06 дугаар сарын 01-нд 01 цагийн үед Замын-Үүд суманд очиход манай хүү сэхээнд унтаа байдалтай байсан. Манай хүүг сахиад Энхцэцэг, Сайнбуян нар байсан. Өрөөнд нь орж үзэхэд түүний зүүн талын хөл гар нь мэдээгүй хөдөлгөөнгүй байсан. Толгойн зүүн талын хэсэгт юмаар цохисон юм шиг бандайж хавдсан, баруун талын чихний дээд талд гурвалжин хэлбэртэй юмаар цохисон юм шиг дотогш цөмөрсөн, цус гарсан байдалтай, гар хөл нь шалбарсан, нурууны ар тал бүсэлхий орчимд юмаар цохисон юм шиг төө гаран урттай, 4 хуруу орчим өргөн няцарч хөхөрсөн бэртэл үүссэн байсан. Хөл гар дээр нь нилээд хөхрөлт үүссэн байсан. Баруун гарын тохой шалбарч цус гарсан байхаар нь би цусыг нь арчиж цэвэрлэж юмаар боож өгсөн. Зүүн талын мөр суганы орчим хөхрөлттэй, зүүн талын духны ойролцоо хөхөрч нүднийхээ урд тал руу орсон байдалтай, баруун талын эрхий хурууг нь хойш нь дарж гэмтээсэн байдалтай хөхрөлт үүссэн байсан. Тэгээд би хүүгээ үзчихээд жижүүрийн эмчтэй уулзахад танай хүү их хүнд ирсэн, одоо арай гайгүй болж зүрхнийх нь цохилт тогтворжиж байна. Гэхдээ ер нь муу, тааруухан байгаа шүү гэж хэлсэн. ... ухаан орж жоохон шөл уухдаа буюу 7-8 цагийн үед нэг сэрэх үед нь би хүү Бат-Эрдэнээс миний хүүг хэн ийм болгочихов гэж асуухад би ажлыхаа хүмүүстэй явж байсан, намайг манай 3 найз ийм болгосон гэж хэлж байсан. Тэгээд эмч нар 2-3 удаа зөвлөлдөж байгаад тархинд нь хагалгаа хийх шаардлагатай, Замын-Үүд суманд хийх боломжгүй, тархинд байгаа гэмтэл нь хаана байгааг тогтоох боломжгүй, аймгийн төв рүү өвчтөнг хүргэнэ гэсэн шийдвэр гарч хоёр эмчийн хамт аймгийн нэгдсэн эмнэлэг рүү 18 цагийн үед хүргэсэн. Тэгээд 20 цагийн үед амь насны заалтаар зайлшгүй тархинд нь хагалгаа хийх шаардлагатай болж 2 цаг орчим хагалгаа хийгээд ерөнхий эмч нь 150 гр стаканд нөжирч бүлэгнэсэн хүрэн өнгийн цус авч ирээд, танай хүүгийн тархинд хуралдсан цусыг авсан, толгойны дотогш цөмөрсөн ясыг нь бас авсан гэж надад хэлсэн. Дараа нь дүү Цагаанцоож, найз Алтанцэцэг нартай эмчтэй уулзахад гадны нөлөөтэй, тархиндаа цохилт авсан байна гэж хэлсэн. 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр эмч нар тархийг нь компьютерээр хараад тархинаас нь дахиж цус алдсан байна, хагалгаанд дахиж орохгүй бол болохгүй гэж хэлээд 13 цагийн үед хагалгаанд дахин орсон. Хагалгаанаас гарч ирээд эмч нар хүү чинь их тааруухан байна шүү, хүн амьтнаас асуусан уу, ном уншуулсан уу гэхээр нь Сайншанд суманд байдаг үздэг хүн дээр очих гээд 14 цагийн үед явж байтал танай хүүхдийн бие муудлаа гэж эмнэлгээс дуудсан. Би эмнэлэг рүү буцаж очиход зүрх нь зогсож хиймэл амьсгаа хийж, зүрхний хэм алдагдаж орж гараад даралт нь унаад байсан. Тэгээд бие нь муу байж байгаад 17 цагийн үед манай хүү О.Бат-Эрдэнэ нас барсан. ...” гэх мэдүүлэг [1] ,
Мөн түүний 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...Талийгаач О.Бат-Эрдэнэ ...Замын-Үүд рүү явахдаа шоо дөрвөлжин цэнхэр срочкин цамц, хар фудволк, зузаан хар цамц, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, зуны бор өнгийн налуу өсгийтэй, үдээстэй ботинкон гутал, хар, цэнхэр өнгийн рузалкан цүнхтэй явсан. Хоёр гар утастай явсан, талийгаач 99040734, 89051500 гэсэн дугаартай, 89051500 гэсэн дугаар нь сая хүлээлгэж өгсөн Sony Ericsson W580i загварын гар утсанд байсан. 99040734 гэсэн дугаар нь iphone-6 загварын гар утсанд байсан. Би талийгаачийн хар цамц, зуны бор өнгийн налуу өсгийтэй үдээстэй ботикэн гутал, цагаан цэнхэр өнгийн саравчтай малгай, бор өнгийн түрийвч, гар утсыг нь авсан. Одоо хашааны, гэрийн хоёр, үүдний амбаарын, гражийн таван ширхэг түлхүүрийг, I phone-6 загварын гар утас, хар цэнхэртэй рузалкан цүнх зэргийг авах хүсэлтэй байна. I phone-6 загварын гар утсыг талийгаач Бат-Эрдэнэ дүү Пунсалмаатай хамт тэди явж авсан. ...” гэх мэдүүлэг [2] ,
Мөрдөн байцаалтад гэрч С.Алтанцэцэгийн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “... Замын-Үүд суманд ирэхэд Бат-Эрдэнийн хажууд Сайнбуян, Цэрэндэжидийн хамаатан Энхцэцэг, сувилагч нар байсан. ...ухаан орох үед нь Цэрэндэжид Бат-Эрдэнээс миний хүүг яагаад ийм болгочихов, хэн ийм болгов гэж асуухад Бат-Эрдэнэ ээждээ манай ажлын газрын гурван найзаа, гайгүй байх гэж хэлсэн. Эмнэлэг дээр Сайнбуянгаас юу болсон талаар асуухад би тухайн үед тасарчихсан юу болсон талаар мэдэхгүй байна гэж хэлж байгаад бид нар бааранд орж 1 шил архи уусан гэхээр нь нас биед хүрсэн 4 залуу 1 шил архинд согтдог юм уу гэхэд бид нар 1 пиво нэмж уусан. Тэгээд Соёмбо руу явахдаа замаасаа 1 шил архи авч явсан гэж хэлэхээр нь чи Соёмбо дээр юу болсон талаар санаж байгаа зүйл байна уу гэхэд бид нар хоорондоо маргалдаад байх шиг байсан санагдаж байна, мөн Соёмбо тойроод мөргөөд байсан, тэгээд яаснаа санахгүй байна гэж байсан. Би согтсон байж байгаад Дүүрэнбаяр руу залгаад намайг ирж ав такси зогсохгүй байна гэж хэлсэн юм байна лээ. Тэгээд Дүүрэнбаяр бид дөрөвийг ирж аваад Гантогтохыг замдаа буулгаж, талийгаач бид хоёрыг буулгасан гэж Сайнбуян хэлсэн. Эмнэлэг дээр байхад талийгаачийн ээж Сайнбуянгаас утас түрийвчийг нь асуухад утас нь надад байгаа, түрийвч нь Энхцэцэгт байгаа гэж хэлж байсан. Тэгээд Сайнбуян байрлаж байгаа газраасаа гар утсыг нь авчирч өгсөн. ...Сайншандад очоод томографийн шинжилгээнд орсон. Түүнээс гарч ирэхэд Бат-Эрдэнэ ухаан орчихсон, нойрсуулах эм нь гарсан байсан. Тэгээд сэргээд байж байхдаа надтай их зүйл ярьсан юм. Надтай ярихдаа миний ам ангаад байна, Алтаа эгчээ надад ус өгөөч, би таны үгэнд орохгүй бол өөр хэний үгэнд орхов дээ гэсэн. Тэгээд би Бат-Эрдэнээс миний хүүгийн юу нь өвдөж байна, хэн ингэчихэв дээ гэхэд Гантогтох, Сайнбуян нар гэж их тод хэлсэн. Тэгээд хоёр удаа хагалгаанд ороод 02-ны өдөр нас барсан. Талийгаачийн ажил явдлын үед 4-ний өдөр Сайнбуян над руу залгаад талийгаачийн картны олон оронтой дугаарыг хэлээд өгөөч гэж асууж байсан. Ямар хэрэгтэй юм гэхэд цагдаагийн газар хэрэгтэй юм шиг байна гэж хэлсэн. ...Туул гэх хүнтэй ярьж талийгаачийн хувцас хунарын талаар асуухад одоо хувцас нь байхгүй, өмдөндөө бие зассан учир сольж хог руу хаясан гэж хэлсэн. Тэгэхээр нь би хог руу очоод одоо нэг үзээд өгөөч гэхэд за би үзчихээд таньд хариу хэлье гэж хэлээд нэг их удалгүй над руу залгаад хувцас нь алга байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг [3],
Мөрдөн байцаалтад гэрч Д.Цагаандоржийн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Бат-Эрдэнийн дүү залгаад Замын-Үүд суманд ах гэмтсэн юм шиг байна, эмнэлэгт хэвтэж байгаа гэнээ гэж хэлсэн. ...2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 01 цагийн үед Замын-Үүдийн эмнэлэг дээр ирэхэд эмч нь хүнд зодуулсан, хүнд гэмтэлтэй гэж хэлж байсан. ...сахих хугацаанд 5-10 минутын зайнд ухаан орж ус ууя гэж хэлж байсан. ...Ээж нь юу болов хэн ийм болгочихов гэж асуухад би ажлын газрын 3 хүнтэй хамт байсан. Манай 3 найз цохисон ш дээ, санаа зоволтгүй би гайгүй гэж хэлж байсан. Тэгээд харвалттай хүнээс янз бүрийн юм асуугаад байх хэрэггүй гэж эмч нар хэлсэн учраас ямар нэг юм нэмж асуугаагүй. Талийгаачийн хэлсэн зүйлийг сонсчихоод би гарч Сайнбуянгаас юу болсон талаар асуухад бид нар Соёмботой хөшөөн дээр маргалдсан юм. Тэгээд Соёмботой хөшөөн дээр гараад би мөргөөд уйлж байснаа санаж байна гэж хэлсэн. Яг юу болсон талаар тодорхой хэлээгүй. Бид нар Соёмботой хөшөөн дээр байхдаа би Дүүрэнбаярыг дуудахад Дүүрэнбаяр ирсэн. Тэр үед талийгаач цохиулсан байдалтай баруун шанааны дээд талаас цус гарсан байдалтай хэвтэж байсан. Дүүрэнбаяр ирээд талийгаачийг босгоход баруун шанаанаас нь цус гарчихсан, Дүүрэнбаярын гар нь цус болчихсон байхаар нь Дүүрэнбаяр надаас энэ яасан юм бэ гэж асуухад би түүнд Гантогтох талийгаачийг цохисон гэж хэлж байсан талаар Сайнбуян ярьсан. Тэгээд талийгаачийг машинд өргөж суулгаад Гантогтох замдаа бууж, төмөр замын ажилчдын байрлаж байсан вагоны гадаа талийгаач бид 2 бууж үлдээд Дүүрэнбаяр надаас чи авч орж чадах юм уу гэхээр нь би авч орж чадна гэж хэлээд үлдсэн. Тэгээд өөрөө дотор орж унтаад талийгаачийг гадаа үлдээсэн тухай хэлсэн. Тэгэхээр нь би Сайнбуянд чи найзыгаа гадаа үлдээдэг нь яаж байгаа юм бэ, эмнэлэгт хүргээд цагдаад мэдэгдэхгүй яасан юм бэ гэхэд харин би тэгээгүй гэж хэлсэн. Сайнбуян надад “маргааш нь намайг сэрэхэд манай ажлын 2 хүн Бат-Эрдэнийг гадаа унтаж байна гэж хэлээд миний өрөө рүү оруулж ирсэн. Цуг архи уучихаад яагаад нэгнийгээ гадаа орхиж байгаа юм гээд ууртай байсан. Тэр үед талийгаачийн толгойноос нь цус гарсан, бие нь чичирч их муу байх шиг байсан. Тэгэхээр нь би талийгаачийг орон дээр өргөж тавиад хөнжлөөрөө хучиж орхиод ажил руугаа явсан талаар хэлж байсан. Тэгээд орой ажлаасаа ирэхэд яг өглөө орхисон байдлаараа манай өрөөнд хэвтэж байсан. Тэгэхээр нь талийгаачийг сэрээх гэж нүүр лүү нь 2-3 удаа алгадаад сэрэхгүй байхаар нь талийгаачийг хувцаслаад түүнийг үүрээд вагонд суух гээд авч явсан, вагон руу орж суух замынхаа тал хүртэл явахад талийгаач юм ярихгүй, ямар ч мэдрэлгүй байхаар нь эргүүлээд өөрийн байрандаа аваачиж түргэн дуудаж эмнэлэгт 19 цагийн үед хүргэж өгсөн гэж Сайнбуян надад ярьсан. ...” гэх мэдүүлэг [4],
Мөрдөн байцаалтад гэрч В.Санжаажавын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...2015 оны 05 дугаар сарын 30-ны өглөө 08 цаг өнгөрч байхад байрны гадаа Гантогтохтой орцны үүдэнд тааралдсан. Гантогтох намайг ажил руу хүргээд өгөөч, би ажлаасаа хоцорчихлоо гэж надаас гуйхаар нь ажил руу нь хүргэж өгөхөөр явсан. Явж байх замд Гантогтох "өчигдөр орой нэг бацаантай муудалцаад байсан, нөгөө залуу уначихаад босохгүй байсан яасан юм болоо" гэж надад ярьж байсан. Ингээд тухайн өдрийнхөө орой нь гэртээ байж байтал Гантогтох над руу өөрийнхөө гар утсаар залгаад "миний өчигдөр муудалцсан бацаан гэрлүүгээ явж чадаагүй наана чинь үлдсэн юм шиг байна, намайг цагдаа дуудаад байна, би одоо Замын-Үүд руу буцахаас гэж хэлсэн. ....” гэх мэдүүлэг [5],
-мөн түүний 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...21.00 цагийн орчим ажлаас яриад Энхбаатар, Сайнбуян, Дүүрэнбаяр, Гантогтох дөрөвийг талбай дээр буулгасан. ...Гантогтохыг ажил руу нь хүргэж өгөх явцад “...бид хэд үргэлжлүүлж Соёмботой хөшөөн дээр хүртэл очсон. Тэнд Сайнбуянгийн дуудсан бацаантай муудалцаад, тэгсэн тэр бацаан уначихаад босохгүй байсан. Тэр яасан болдоо...” гэж ярьж байсан. Тэр бацаан гэж хэнийг хэлж байгаан гэхэд ПРП машин дээр туслахаар ажиллаж байсан бацаан гэсэн. Би тэр хүүхдийг өмнө нь харж байсан болохоор ерөнхийдөө талийгаач Бат-Эрдэнийг хэлж байна гэж мэдэж байсан ч нэрийг нь мэддэггүй байсан юм. Би Гантогтохыг Сайнбуянгийн дуудсан бацаантай муудалцаад уначихаад босохгүй байсан гэхээр нь тэд нар хоорондоо муудалцсан юм байна даа гэж бодож байсан. Яагаад муудалцсан талаараа тодорхой хэлээгүй...” гэх мэдүүлэг [6],
Мөрдөн байцаалтад гэрч Д.Лхагвасүрэнгийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн: “...2015 оны 05 дугаар сарын 30-ны өглөө 06 цаг 30 минутын үед бие засах гээд өөрийн байрлаж байсан вагоноос гараад ертөнцийн зүгээр баруун зүгт явсан чинь нэг согтуу залуу төмөр замын зурвасын торны гадна талд толгойгоо зүүн тал руу харуулж гараа дэрлэсэн байдалтай хэвтэж байсан. Нөгөө хүнийг ойртож очоод харахад надтай хамт ажилладаг О.Бат-Эрдэнэ байсан. Ингээд вагон руу буцаж очоод Нямсүхэд хэлээд Амгаланбаатар, Бат-Энх нар Бат-Эрдэнийг дотогш вагончик руу нь оруулахаар өргөөд явсан. Бат-Эрдэнийн нүүр хэсэгт нь ямар нэг шарх цус болсон зүйл харагдаагүй, толгойн орой хэсэг хагарсан, цус болж хатсан байдалтай харагдаж байсан...” гэх мэдүүлэг[7] ,
Мөрдөн байцаалтад гэрч Д.Алтантуулын 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн: “...2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 949-р вагоны дотор өөрийн байрлаж байгаа өрөөндөө байж байтал өглөө 06 цаг нилээд өнгөрөөгөөд манай өрөөнд Лхагвасүрэн орж ирээд Бат-Эрдэнэ төмөр замын торны гадна ухаангүй согтуу хэвтэж байна гэхээр нь оруулахгүй яасан юм бэ гэж хэлсэн. ...Тэгээд 949 руу Сайнбуянгийн хаалгыг татаж үзэхэд түгжээтэй байсан. Тэгээд вагоны цэвэрлэгээ хийж байгаад Сайнбуягийн өрөө рүү очтол Сайнбуян босчихсон, Бат-Эрдэнэ орон дээр нь унтаж байсан. Тухайн үед Бат-Эрдэнэ өмдөндөө баачихсан бололтой үмхий үнэртээд байхаар нь Сайнбуянд наад хүнийхээ өмд хувцсыг солиоч гэж хэлсэн. Сайнбуян энэ тасарсан унтаж байх шиг байна, архи нь гараад ажилдаа явна биз гэж хэлсэн. Би Сайнбуянд хоёулаа хурдхан Бат-Эрдэнийн хувцсыг цэвэрлье гээд Сайнбуянтай хамт цэвэрлэсэн. Бат-Эрдэнийн анх өмсөж байсан хувцсыг уутанд хийгээд тамбарт тавьсан. Тэгээд үмхий үнэртээд байхаар нь бохирлогдсон хувцсыг нь хог руу хаясан. Тэгээд Сайнбуян ажилдаа явж ирээд Бат-Эрдэнэ дахиад шээчихсэн байна, гээд сэрээх гэхэд сэрэхгүй байсан. Дахиад хувцсыг нь сольсон. Тухайн үед Бат-Эрдэнийг согтуу тасраад уначихсан байна л гэж бодоод байсан. Хувцас нь урагдсан зүйл байгаагүй. Толгойн хэсгээс нь цус гарч хатсан байх шиг байсан. Хөл гар нь жижиг жижиг хөхөрч шаралсан байсан. Согтуу хүн шиг, ер нь бол унтаа байдалтай байсан...” гэх мэдүүдэг[8],
Мөрдөн байцаалтад гэрч Б.Дайчинбатын 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн: “...2015 оны 05 дугаар сарын 30-ны өглөө босоод өөрийн байрлаж байсан 949-р вагоноос гарсан чинь Бат-Эрдэнийг манай ажилчид өргөчихсөн, Сайнбуянгийн өрөөг нь онгойлгоорой Бат-Эрдэнийг оруулъя гэж хэлсэн. Би эргэж гүйгээд хаалгыг нь нүдэж онгойлгож өгчихөөд өргөж оруулчихаад гарцгаасан. Бат-Эрдэнэ архи уугаад унтчихсан хүн шиг л байсан. Хувцас нь урагдсан зүйлгүй, харин бага зэрэг шороо болсон байсан. Нүүр, ам, хамар нь шархгүй байсан...” гэх мэдүүлэг[9],
Мөрдөн байцаалтад гэрч Н.Нямсүхийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн: “...Бат-Эрдэнэ төмөр замын хязгаарлах торны гадна хөл нүцгэн согтуу унтаж байсан. Тэгээд Лхагвасүрэн Бат-Эрдэнийг вагон руу оруулахгүй бол муухай юм даа, гадаа унтуулаад гэхээр нь хөгшин чинь нуруу муутай өргөж чадахгүй, харин залуу хүүхдүүд дуудаж өргүүлж оруулъя гэж хэлээд Анхбаяр, Зоригтбаатар нарт хэлсэн. Тэгээд ажилдаа гарах гэж байхад Дайчинбат, Анхбаяр, Зоригоо гурав Бат-Эрдэнийг дамжлаад оруулах гээд явж байсан. Хувцсыг нь анзаараагүй, хөл нүцгэн байхаар нь машинаас буугаад буусан газартаа унтаж байсан гэж бодоод ажилдаа явсан...” гэх мэдүүлэг[10],
Мөрдөн байцаалтад гэрч П.Энхбаатарын 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн: “...2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өөрийн байрлаж байсан вагон дотор байрлаж байтал 20 цагийн үед Санжаа Дүүрэнбаяр хоёр намайг дуудсан. Тэр хоёртой уулзаж ярьж сууж байгаад вагоны урд талд очтол Гантогтох, Сайнбуян хоёр ирсэн. Бид тав ярьж сууж байгаад Дүүрэнбаяр 1 шил 0,75 литрийн Болор архи гаргаж ирээд Гантогтох, Сайнбуян, Дүүрэнбаяр гурав хувааж уугаад Санжаа бид хоёр уг архинаас уугаагүй. Санжааг дарга нь дуудсан. Би такси бариад явсан. Харин Гантогтох, Дүүрэнбаяр хоёр үлдсэн. ...Маргааш нь 949-р вагон руу орсон чинь Сайнбуян захын өрөөний үүдэнд зогсчихсон, өрөө нь онгорхой байсан. Би өрөө рүү нь шагайж харсан чинь Бат-Эрдэнэ шалан дээр хэвтэж байсан. Би Сайнбуянд наадах чинь архи уучихсан юм уу, яасан юм гэсэн чинь архи уугаад согтуу унтаж байгаа юм гэж надад хэлсэн. ...” гэх мэдүүлэг [11],
Мөрдөн байцаалтад гэрч Б.Лувсаннямын 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн: “...Дүүрэнбаяр Замын үүд суманд ирэхдээ манайд байдаг юм. 2015 оны 05 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө 00 цагийн үед хаалга тогшоод байхаар нь онгойлгоход Дүүрэнбаяр байсан. Гэрт оруулаад унтсан. Намайг унтаж байтал 02 цаг өнгөрч байхад утас дуугарахаар нь авсан чинь Дүүрэнбаяр байсан. Надтай хамт явж байсан хүмүүс согтчихоод явах гэсэн такси олдохгүй байна та соёмбо руу хүрээд ирээч гэсэн. Би очиход Дүүрэнбаяртай нийлээд дөрвөн залуу байсан. Тэгээд миний машинд ирж суусан. ...Тасарчихсан байсан залуугаа гарыг нь мөрөн дээрээ тавиад сугадаад буусан. Дүүрэнбаяр би хамт оруулах уу гэсэн чинь нөгөө залуу яах юм бэ би өөрөө оруулъя яв яв гэж хэлсэн. Тэгээд Дүүрэнбаяртай хамт гэр рүүгээ очиж амарсан. Нэг залуу нь тасарчихсан байсан. Намайг очиход хоорондоо муудалцсан зүйл харагдаагүй. ...” гэх мэдүүлэг [12],
Мөрдөн байцаалтад гэрч Д.Энхцэцэгийн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр мэдүүлсэн: “…Дүүрэнбаяр гэх залуу орж ирээд би Бат-Эрдэнийг таньдаг юм, урьд шөнө би сахиж хоносон гэхээр нь юу болсон талаар асуухад тэрээр Гантогтох, Сайнбуян бид гурав ..ялгуун караокед сууцгааж, орой 00 цагт баар хаахад гарч явсан. ...Тэгээд дэлгүүрээс 1 шил архи аваад Соёмботой хөшөөн дээр очоод архиа задлаад уухад амттай байхаар нь би уугаагүй гэр рүүгээ явсан. Бат-Эрдэнэ, Сайнбуян, Гантогтох гурав үлдсэн. Намайг гэртээ унтаж байтал шөнө 03 цагийн үед Сайнбуян над руу яриад бид гуравыг согтуу болохоор такси авахгүй байна, чи машин олоод хүрч ирээд ав гэхээр нь би дүүгийнхээ машиныг аваад “Соёмбо”-той хөшөөн дээр очиход Сайнбуян, Гантогтох суучихсан, Бат-Эрдэнэ хажууд нь газар хэвтэж байсан. Би Бат-Эрдэнийг босгох гээд хувцаснаас нь татахад босохгүй байхаар нь толгойноос нь өргөтөл толгойноос нь цус гарч байхаар нь Гантогтох, Сайнбуян хоёроос энэ яасан юм бэ гэхэд юм хэлээгүй, Бат-Эрдэнийг машин руу өргөж суулгасан гэж хэлсэн. ....Сайнбуянгаас юу болсон талаар асуухад ...Дүүрэнбаяр, Гантогтох, Бат-Эрдэнэ бид нар караоке бааранд орж уугаад, тэндээс гараад 1 шил архи аваад Соёмботой хөшөөн дээр очиж дахин уусан. Тэгээд бид 4 согтоод би Дүүрэнбаяртай урд явж байсан чинь Гантогтох, Бат-Эрдэнэ хоёр ар талд явж байхдаа зодолдоод Гантогтох толгой руу нь төмрөөр цохичихсон, тэгээд танай дүү тэндээ уначихсан гэж хэлсэн. ...2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр намайг Бат-Эрдэнийг сахиж байх хугацаанд Бат-Эрдэнэ 16 цагийн орчим ухаан ороод байхад нь би хэн чамайг ийм болгочихсон юм бэ гэж асуухад Гантогтох, Сайнбуян хоёр ийм болгочихсон, би Сайнаа ахыг ийм хүн гэж бодоогүй гэж хэлсэн. Энэ үгийг хэлж байхад надаас өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг [13] ,
Мөрдөн байцаалтад гэрч Г.Ганхүүгийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлсэн “...Гантогтох ах Сайнбуянтай утсаар ярьсаныхаа дараа сандралын байдалд орсон. Сандал дээрээ тогтож сууж чадахгүй, байн байн хоёр тийшээ болж суугаад хөрвөөгөөд байсан. Тэгээд миний утсаар Сайнбуянтай яриад яваад байсан. ...Д.Гантогтох ах утсаар ярьж дуусаад надад Бат-Эрдэнэ эмнэлэгт хүргэгдсэн байна, харвасан байна гэж хэлээд сандралын байдал нь улам нэмэгдээд байж суух газраа олохгүй, янз бүр болоод байсан. ...Д.Гантогтох ах хэлэхдээ Бат-Эрдэнэ жаахан томроод байхаар нь муудалцсан л гэж хэлсэн. ..Сүүлд талийгаач Бат-Эрдэнийг нас барсаны дараа Санжаа ах надад “Д.Гантогтох талийгаачийг мөргөсөн юм шиг байна лээ” гэж хэлсэн. Тэгээд л би Д.Гантогтох ахыг Бат-Эрдэнэтэй зодолдсон юм байна, тухайн үед маргалдсан гэж хэлж байсны учрыг нь ойлгосон юм ...” гэх мэдүүлэг [14] ,
Мөрдөн байцаалтад гэрч О.Баяржавхлангийн /Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч/ 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр жижүүрийн эмчээр үүрэг гүйцэтгэж байхад О.Бат-Эрдэнэ гэх өвчтөн хүлээн авах тасагт ирсэн байсан. ...өвчтөн Бат-Эрдэнэ нь асуултанд хариу өгөх боломжгүй, өөрийн гэсэн ухаангүй байсан. ...шархны байдал шинж тэмдгээр оношилж тархинд цус харвалт өгсөн байх магадлалтай байсан тул цус тогтоох, тархины хаван хөөх, судасны хана бэхжүүлэх, бодисын солилцоог дэмжих, өвдөлт намдаах зэрэг эмчилгээнүүдийг хийж өвчний түүх нээж эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн. ... Бат-Эрдэнэд эмчилгээ хийж байх үед толгой дахь шархыг нь хуруугаар дарахад өвчнийг мэдэрч, өвдөж байна уу гэж асуухад толгой дохиж байсан, мөн ус уух уу гэж дахин давтан асуухад ууя гэж амаар хариулт өгч байсан. Учирсан гэмтлийн талаар юм ярьж хэлээгүй. Ээж нь надад хэлэхдээ Бат-Эрдэнэ ухаан орохдоо өөрт нь юм ярьж хэлсэн гэж хэлж байсан. Бат-Эрдэнэ нь өвдөлт мэдэрч, ус ууя гэж хэлж хариулт өгч байсан боловч миний зүгээс бүрэн ухаан орж хариулт өгч байсныг гаднаас харж дүгнэж үзэх боломжгүй. О.Бат-Эрдэнийн амнаас архи үнэртэж байсан боловч согтолтын зэргийг тодорхойлж хэлж мэдэхгүй. Хүний биеийн онцлог байдлаас болж 6-12 цагийн хугацаанд архи гадагшилж орчныг мэдрэх байдалд сэргэнэ. ... ” гэх мэдүүлэг [15],
Мөрдөн байцаалтад гэрч Б.Тунгалагийн 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “...Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг рүү Бат-Эрдэнийг хүргэхээр тээвэрлэж явах хугацаанд ухаан ороогүй болохоор ямар нэг зүйл ярьж хэлээгүй. Замдаа ухаангүй байдалтай байсаар эмнэлэгт очсон. Өвчтний эх хамт явсан. Замдаа ухаан ороогүй, унтаа байдалтай байсан...” гэх мэдүүлэг[16],
Мөрдөн байцаалтад гэрч Э.Туулын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн: “...Голомт банкны уг хуулган дээр би өөрийн гараар бичсэн, уг бичиг миний бичиг мөн. Картын пост машинаар уншуулж гүйлгээ хийхэд тухайн байгууллага өдөрт хийсэн нийт гүйлгээний нэгтгэл дүнг авсаны дараа тухайн харилцагчийн данснаас албан ёсоор хасагддаг. Уг хуулганд 2015 оны 05 дугаар сарын 30-ны 00 цагт уншуулсан гүйлгээг дараагийн өдөр буюу 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нэгтгэл дүнг авч харилцагчийн данснаас албан ёсоор хасагдсан байсан юм. Уг дансны гүйлгээний он сар өдөр цаг минутыг харахдаа манай байгууллагын картын гүйлгээг шалгадаг програмаар шалгаж, нарийвчлан харж хэдний хэдэн цагт гүйлгээ хийснийг өөрийн гараар бичиж тэмдэглэсэн юм. Пост машинаар уншуулсан гүйлгээ нь нэгтгэл дүнг авч албан ёсоор мөнгө хасагдах хүртэл харилцагчийн картанд битүүмж үүсч, данснаас нь хасагдсан мөнгө байгаа мэт харагддаг. Уг дансны эзэмшигч О.Бат-Эрдэнэ нь 2015 оны 05 дугаар сарын 29-ны өдөр 2 удаа АТМ машинд картаар гүйлгээ хийж нэг гүйлгээндээ 17 цаг 32 минутад 300,000 төгрөг картнаас зарлага авч, 2 дахь гүйлгээндээ ямар нэг мөнгө аваагүй байсан. Харин дараа нь буюу 2015 оны 05 сарын 29-нөөс 2015 оны 05 сарын 30-нд шилжих шөнө 00 цагт Норжин дэлгүүр дээр худалдан авалт хийж, картаа пост машинаар уншуулсан байсан...” гэх мэдүүлэг [17],
Мөрдөн байцаалтад С.Дүүрэнбаярын гэрчээр 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мэдүүлсэн: “...2015 оны 05 дугаар сарын 29-ний 21 цагийн үед Сайнбуянгийн байрлаж байсан Замын-Үүд баз оклотик руу 0,75 литрийн 1 шил Болор архи, 3 лааз кола авч очсон. Тэгээд архиа нэг, нэг татчихаад байж байтал Сайнбуянтай хамт ажиллаж байгаа Тогтохоо гэх залуу ирсэн. Тэгээд миний авч очсон архийг уучихаад бид 3 архины дэлгүүр рүү очиход дэлгүүр хаасан байсан. Тэгээд бид хажуугийн караоке орох гэтэл мөнгө хүрэхгүй болохоор нь хамт ажилладаг хүнээс 50,000 төгрөгийг гэрээс нь очиж авах болоод Тогтохоо Сайнбуян хоёрыг архины дэлгүүрийн үүдэнд үлдээчихээд найзаасаа мөнгө аваад ирэхэд Сайнбуян, Тогтохоо хоёр дээр Бат-Эрдэнэ гэх залуу нэмэгдэж ирсэн байсан. Тэгээд бид дөрөв Булан плазагийн өөдөөс харсан нийтийн караоке ороод 0,75 литрийн Экс архи, 3 лааз пиво, 1 цэвэр ус аваад хувааж ууцгаасан. Тэндээс гараад такси бариад одоо 1 архи уучихаад таръя гэж ярилцаад Соёмбо цогцолборт хүргүүлээд бууж үлдээд 1 шил архиа уугаад арай дуусаагүй байх үед харьцгаах болоод бүгдээрээ баз оклотик руу алхцгаасан. Алхаж байх хооронд Тогтохоо Бат-Эрдэнэ хоёр их удаан алхаад хойно хоцроод байхаар нь Сайнбуян бид хоёр түрүүлээд урд алхсан. Тэгээд нэг эргээд харсан чинь ...Тогтохоо, Бат-Эрдэнэ, Сайнбуян нар прокурорын үүдэнд юм яриад суусан. Би тэдэнд ядраад байна харьж унтлаа гэж хэлээд түрүүлээд явсан. ...01-02 цагийн үед Сайнбуян “залгаад хөгшөөн такси бариад хүрээд ир” гэхээр нь за гээд ...такси бариад очиход Бат-Эрдэнэ дээшээ хараад газар хэвтсэн байсан. ...таксины жолооч согтуу хүн авч явахгүй гээд намайг буу гээд буулгасан. Би тэдэн дээр очоод Бат-Эрдэнэ яасан юм бэ, та 3 яагаад яваагүй юм бэ гэж асуугаад Бат-Эрдэнийн цамцнаас татахад ямар ч ухаангүй, сэрэхгүй байхаар нь тасраад уначихаж гэж бодсон. Тэгээд би Бат-Эрдэнийг авч явах гээд толгойн хэсгээс нь өргөтөл түүний толгойноос цус гарч миний гар цус болчихсон байсан. Тэгэхээр нь би Сайнбуян, Тогтохоо хоёроос та гурав чинь зодолдсон юм уу гэхэд Тогтохоо “би Бат-Эрдэнийг мөргөчихсөн юм” гэж хэлсэн. Тэгээд би хүргэнээ дуудаад Тогтохоог төмөр замын орон сууцанд аваачаад, Сайнбуян Бат-Эрдэнэ хоёрыг баз оклотик дээр буулгачихаад харьсан. Намайг гэртээ очиход 3 цаг өнгөрч байсан. Баз оклотик дээр Сайнбуян Бат-Эрдэнэ 2 үлдсэн, Сайнбуян түүний гарыг хүзүүн дээрээ тохож мөрлөөд за бид хоёр ингээд вагон руу оръё гэж хэлчихээд төмөр замын торны гадна үлдсэн. Харин Тогтохоо төмөр замын 60 айлын гадаа буугаад үлдсэн. Бууж үлдэхээсээ өмнө би Бат-Эрдэнийг аваад энд хоноё, орж цустай толгой хүзүүг нь угааж амраая гэж хэлээд 60 айлын орц руу ороод гарч ирэхгүй удаад байхаар нь би хойноос нь орсон чинь орцонд хүн байхгүй байхаар нь 3 давхар хүртэл яваад буусан. Машин дээр ирээд нөгөө Тогтохоо чинь ороод унтчих шиг боллоо, хүн байхгүй байна гэсэн чинь Сайнбуян за би Бат-Эрдэнийг вагондоо аваад хоноё гэж хэлээд хүргүүлсэн юм. Бид нар хоорондоо маргаж муудаагүй, намайг очих үед маргаж муудсан зүйл байгаагүй, намайг байхгүйд маргаж муудсаныг би мэдэхгүй байна.... ...намайг ирэхэд Тогтохоо би Бат-Эрдэнийг мөргөж унагаасан л гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг [18],
-Мөн түүний 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр сэжигтнээр мэдүүлсэн: “...Сайнбуян залгаад хаана байна уулзая гэсэн. Санжаажавын хамт Сайнбуяны байсан газарт очсон. Гантогтох вагоноосоо гарч ирсэн. Миний авч явсан архийг Гантогтох, Сайнбуян бид нар хувааж уусан. ...Санжаажавыг явахад түүний машинтай бид талбай дээр ирсэн. Караоке орох болоод мөнгө хүрэхгүй байсан тул өөрийн танил Оюунчимэгээс мөнгө авахаар яваад Гантогтох, Сайнбуян хоёрыг үлдээсэн. Намайг мөнгө аваад ирэхэд тэр хоёр дээр хамт ажилладаг Бат-Эрдэнэ гэх залуу нэмэгдээд ирсэн байсан. ...Бид 4 “Ялгуун” караоке руу ороод 1 шил 075 гр архи, 3 лааз пиво, нэг цэвэр ус аваад суусан. 30 орчим минут болсоны дараа караоке хаалаа гэхээр нь тэндээс гарсан. Караокенаас 00 цагт гарсан байх. Тэгтэл Бат-Эрдэнэ гэдэг залуу би ах нартаа 1 шил архи авч өгнө гээд такси аваад “Норжин” дэлгүүрийн үүдэнд хүргэж өгсөн. Дэлгүүрээс 1 шил “Болор”, 2 литр ундаа авч гарч ирсэн. Тэгээд таксигаар соёмбо руу хүргүүлсэн. Соёмбо дээр очоод зүүн тийшээ харсан доод шатан дээр нь суугаад караокенаас дуусгаагүй авч гарсан архиа хувааж уусан. Уг архиа дуусаад талийгаач Бат-Эрдэнийн авсан архийг задлаад уусан. .... Тэгээд бид дөрөв гэртээ харихаар болоод такси барих гэтэл олдохгүй байсан тул явган хүний замаар хойд зүг рүү алхсан. Сайнбуян бид хоёр урд талд гараад алхаж байсан. Гантогтох, Бат-Эрдэнэ 2 прокурорын урд талд явган хүний зам дээр суучихсан явахгүй байхаар нь Сайнбуян тэр хоёрыг дуудсан боловч ирээгүй. Тэр 2 дээр очсон чинь хоорондоо маргалдаж байсан. Юуны талаар гэдгийг анзаарч сонсоогүй. Сайнбуян тэр хоёрыг маргалдаад байхаар нь загнаад “та 2 одоо найз ирээд намайг дайлж байхад хоорондоо маргалдаад байж болохгүй шүү дээ” гээд за явъя гэтэл Бат-Эрдэнэ байж бай гэхээр нь Сайнбуян одоо явъя гэсэн чинь Бат-Эрдэнэ “Сайнаа ахаа байж бай, архиа ууж дуусгая” гээд хэлсэн. Тэгээд Сайнбуян тэр хоёртой архиа уухаар болчихоор нь би гэр рүүгээ явлаа гэж хэлээд тэр гуравыг орхиод явсан. Гэртээ очиход 02 цаг болж байсан. Гэртээ ирээд унтаж чадаагүй байж байтал эхнэр “чиний утас дугараад байна” гээд Сайнбуян над руу залгаж ярьтал намайг “унаа олоод ир” гэхээр нь хаана байгаа юм гэхэд түрүүний газартаа л байх шиг байна гэсэн. Би такси бариад нөгөө газраа очиход байхгүй байхаар нь Соёмбо дээр дуу гарах шиг болохоор нь очиход нэг нь хэвтчихсэн, нөгөө хоёр нь хоёр талд нь сууж байсан. ...Бат-Эрдэнэ Соёмбоны хойд талын зүүн талын цементэн талбай дээр соёмбоны доод хүрээний хажууд ертөнцийн зүгээр зүүн урагшаа чигтэй толгойгоо харуулсан, хөл нь баруун хойд зүгт чиглэлд харсан биеэрээ дээшээ хараад хэвтэж байсан. Бат-Эрдэнийг татахад сэрэхгүй байсан. Энэ Бат-Эрдэнэ яачихсан юм бэ гэж Сайнбуян, Гантогтох нараас асуугаад түүний толгойноос өргөөд босгох гэтэл миний гар цус болчихсон. Би та нар хоорондоо муудсан юм уу, толгой нь хагарчихсан юм биш үү гэж хэлтэл Гантогтох би 1 мөргөчихсөн юмаа гэж хэлсэн. Сайнбуян болохоор баларсаан, уначихсан гээд байх шиг байсан. Гантогтохтой Бат-Эрдэний хоёр талаас суганаас нь дэмжээд босгох гэтэл Бат-Эрдэнэ алхаж чадахгүй байсан. Бат-Эрдэнэ хараал хэлээд зүүн талынхаа хөлөөр бүрэн гишгэхгүй байсан. Эргүүлийн цагдаа таарахаар нь зүгээрээ тасарчихсан юм гэж хэлсэн. Унаа олдохгүй болохоор нь хүргэн Лувсаннямыг руу дуудаад 20 орчим минутын дараа хүргэн ирээд 66 айлын гадаа Гантогтохыг буулгаад Сайнбуян, Бат-Эрдэнэ хоёрыг вагоны харалдаа буулгаад гэр рүүгээ явсан. Прокурорын урд байхад Гантогтох, Бат-Эрдэнэ хоёр маргалдаад байх шиг байсан. Намайг явахад ямар нэг зодоон болоогүй. ...Эргээд ирэхэд ямар ч байсан толгой хэсгээс нь цус гарсан, айхтар ихээр гараагүй байх, биед нь ил харагдахаар гэмтэл шарх анзаарагдаагүй. Хувцас нь урагдсан зүйл байхгүй байсан...” гэх мэдүүлэг [19],
-мөн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн “... Бат-Эрдэнэ цементэн талбай дээр хэвтэж байхаар нь босгох санаатай цамцнаас нь бариад толгой доогуур нь гараа оруулаад дээш өргөтөл гар нойтон оргиод цус болчихоор нь та нар зодолдсон юм уу, энэ яагаад толгойноос нь цус гарч байгаа юм гэхэд Гантогтох “би цохиод унагаачихсан юм, чи тэгээд яах юм” гээд надтай муудах шинжтэй болохоор нь “би чамтай муудахгүй, энийг аваад явъя гэснээ эмнэлэг явах юм уу” гэхэд Гантогтох “үгүй, эмнэлэг дээр очихоор эмнэлэг цагдаа сэргийлэх рүү хэлчихнэ, тэгснээс чи зүгээр унаа олоод ир” гэсэн. .” гэх мэдүүлэг [20] ,
-мөн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр яллагдагчаар дахин байцаагдаж мэдүүлсэн “... Та нар зодоон хийсэн юм уу гэхэд Гантогтох “би нэг цохисон юм, чи хурдан унаа олоод ир” гэхээр нь унаа олдохгүй байх, зам руу гаръя гэсэн. ....Гантогтохын эхнэр Навчаа нь Ш.Сайнбуянтай зогсож байхаар нь яваад очсон. Тэгсэн Навчаа Сайнбуян бид хоёроос Скайтелийн дугаар асуугаад ... Гантогтох хэргээ өөрөө хүлээнэ, та хоёр зөөллөөд мэдүүлэг өгөөрэй гэж гуйсан. Навчаа гуйх маягаар ярьж байсан учраас Гантогтохын надад О.Бат-Эрдэнийг цохисон гэж хэлсэн үгийг нь мөргөсөн гэж зөөлрүүлэн хэлсэн юм. Гантогтох тухайн үед надад цохисон гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг [21] ,
Мөрдөн байцаалтад Ш.Сайнбуянгийн гэрчээр 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн: “...2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Дүүрэнбаяртай тааралдсан. Тэгээд дараа нь Дүүрэнбаяр залгаад очиход Дүүрэнбаяр, Санжаа, Энхбаатар нар нэг архи авчихсан байсан. Дүүрэнбаяр бид хоёр архийг хувааж ууж байтал Санжаа руу Гантогтох яриад ирсэн. Санжаа ажил гарсан гээд явсан. Дүүрэнбаяр, Гантогтох Энхбаатар бид дөрөв бууж үлдээд явсан. Тэр үед Бат-Эрдэнэ над руу залгаад “та хаана байна” гээд ярьсан. Дүүрэнбаяр, Энхбаатар, Гантогтох бид дөрөв таксидаад Замын-Үүдийн вокзалын талбай дээр ирээд Энхбаатар ажил гарлаа, гэр рүүгээ харилаа гээд би хамт явж Энхбаатарыг гэрт нь буулгачихаад буцах замдаа Бат-Эрдэнийг аваад талбай руу буцаж ирсэн. Тэгээд нийтийн караокед орсон. 22 цаг болж байсан байх. Бид дөрөв 0,75 грммын архи, 3 лааз пиво авсан. 00 цагийн үед гарсан байх. Нилээд согтсон байсан. Хаанаас ямар мөнгөөр архи авснаа мэдэхгүй байна. Нэг сэрэхэд Соёмбо цогцолбор дээр архи уугаад сууж байсан. Яаж гэр рүүгээ харьсан, хэнтэй харьснаа санахгүй байна. Гантогтох, Бат-Эрдэнэ хоёр тэврэлдчихсэн юм яриад байсан, хоорондоо муудалцсан зүйл байхгүй. Маргааш өглөө нь төмөр замд ажилладаг хоёр жолооч Бат-Эрдэнийг гадаа унтаж байна гэж хэлээд вагон дотор оруулж, унтуулсан. Тэгээд өглөө ажилдаа яваад ирэхэд Бат-Эрдэнэ өмдөндөө баачихсан, хөнжил нь цус болсон байхаар нь түүний биеийг Алтантуул продниктой хамт цэвэрлэчихээд Бат-Эрдэнийг сэрээх гэж чийгтэй алчуураар нуруу хүзүүг нь арчиж байсан. Бат-Эрдэнэ ус ууя гэж хэлээд байсан. Тэгээд эмнэлэг дуудаж үзүүлсэн. Толгойны хэсэг нь шалбархай байсан. Толгойноос нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг [22],
Мөн түүний 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн: “...2015 оны 05 дугаар сарын 29-нд Санжаажавын машин дээр очиход Дүүрэнбаяр, Энхбаатар, Санжаажав нар сууж байсан. Дүүрэнбаяр 1 шил болор архи гаргаж, Дүүрэнбаяр, бид хоёр хувааж уусан. Нэг их удалгүй Гантогтох бидэн дээр ирсэн. Хамт архи уусан. Санжаажавыг дарга нь дуудаад Энхбаатар, Дүүрэнбаяр, Гантогтох бид нар вокзал дээр ирсэн. Тухайн үед Бат-Эрдэнэ над руу яриад, тэгээд Энхбаатар ахыг таксигаар вагон дээр нь хүргэж өгөөд замдаа Бат-Эрдэнийг аваад талбай руу явж Гантогтох, Дүүрэнбаяр хоёртой уулзсан. Бид дөрөв “Ялгуун” нэртэй караокед орж 1 шил архи 3 лааз пиво авсан. Тэгээд дөрвүүлээ караокенаас гарсан. Нэг мэдсэн “Соёмбо” цогцолбор дээр оччихсон байсан. Юу болсоныг санахгүй байна. Маргааш өглөө нь нэг мэдсэн вагон дотроо унтчихсан, манай ажилчид Бат-Эрдэнийг оруулж ирж байсан. Бат-Эрдэнийн өмдийг Алтантуул эгчийг дуудаж хамт цэвэрлэсэн. Тэгээд ажилдаа явлаа гэж хэлээд багажны вагончик руу орж унтаад 15.00 цагт ирэхэд Бат-Эрдэнийн дэр нь цус болчихсон, толгойдоо бага зэрэг шархтай байхыг харсан. Сэрээх гэхэд ус уумаар байна гэхээр нь хийж өгсөн. Талийгаач нүүрээ тойруулж илж, хөлийнхөө салааг ухаад хэвтээд байсан. ...Өмнө нь ингэж шартаад өдөржин хэвтдэг байсныг мэддэг болохоор хэвтэх нь л гэж бодсон. ...16 цагийн үед Бат-Эрдэнийг сэргээх гээд нойтон алчуураар хүзүү толгойг нь арчсан чинь сэрэхгүй болохоор нь 17 цагийн үед Амгаланбаатар бид хоёр түүнийг 2 талаас нь сугадаад 200 орчим метр явахад вагон руу ер нь оруулахгүй байх гэж бодоод, Амгаланбаатар “Сайнбуян ахаа ер нь Бат-Эрдэнийг эмнэлэгт үзүүлсэн дээр байх, та хоёр маргааш л хот руу явна биз дээ гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг[23],
-мөн түүний дахин 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр сэжигтнээр мэдүүлсэн: “...Гантогтох, Бат-Эрдэнэ хоёр хоорондоо маргалдаад байсан. Нэг мэдсэн Гантогтох, Бат-Эрдэнэ хоёр соёмбоны дээр эмнэлэг талд байгаа юм шиг, тэндээс дуу нь гарч байсан. Би очоод чи хүүхэд зодчихсон юм биш биз дээ гэж хэлж байснаа санаж байна. Тэгж хэлэх үед Гантогтох Бат-Эрдэнэ хальтираад уначихсан гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг[24],
-2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн “... Дүүрэнбаяртай уулзаж би тасраад зарим юмнуудаа санахгүй байгаа талаар ярьж асуухад ...би та гурав дээр очоод Бат-Эрдэнийг яачихсан юм бэ гэж асуухад Гантогтох “би нэг цохичихсон юм аа” гэж байсан. Чи тэгэхэд уначихсан, уначихсан гэж хэлж байсан. ...гэж хэлж байсан. ...Талийгаач Бат-Эрдэнийг нас барснаас хойш хэд хоногийн дараа Навчаа миний байрлаж байсан вагончикт ирээд байхдаа “за за Гантогтох ер нь хийчихсэн юм байна, бүх юм ойлгомжтой, гэхдээ чи гайгүй зөөлөлсөн мэдүүлэг өгөх юм байгаа биз дээ” гэсэн утгатай юм яриад байсан. ...” гэх мэдүүлэг [25],
Мөрдөн байцаалтад Ш.Сайнбуянгийн яллагдагчаар 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн “... Гантогтох, Бат-Эрдэнэ хоёрын зодолдоод байсан газарт цусан толбууд үүссэн байсан. ...Санжаа ах хэрэг болсоны дараа Дүүрэнбаяр бид хоёртой уулзаж байхад “Гантогтох надад би нэг хүүхэдтэй муудаад цохичихсон, бие нь яаж байгаа бол асуугаад өгөөч гэж хэлж байсан...” гэснийг би тухайн үед тоолгүй орхисон байсан. ...Гантогтох Бат-Эрдэнэ хоёр зодолдоод Гантогтох нь Бат-Эрдэнийг ерөнхийдөө зодоод байна гэдэг нь үйл хөдлөлөөр нь дуу чимээнээс надад мэдэгдэж байсан, ...ямар ч байсан Гантогтох Бат-Эрдэнийг зодсоноос Бат-Эрдэнийн биед үүссэн гэмтлүүд учирсан. Би согтуу ухаан орж гараад байсан ч Бат-Эрдэнэ, Гантогтох хоёр маргалдаад байсныг болон Гантогтох Бат-Эрдэнийг зодож цохиод байсныг өөрийн нүдээр харж мэдсэн. Би доороос дээшээ харсан болохоор хаана хаана нь хэрхэн яаж зодож цохиод байгааг яг тодорхой хараагүй. ...” гэх мэдүүлэг [26],
Мөрдөн байцаалтад Д.Гантогтохын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Дүүрэнбаяр бид хоёрыг юм яриад зогсож байхад Сайнбуян талийгаач Бат-Эрдэнийг дагуулж ирсэн. Бид дөрөв талбай дээр зогсож байгаад талбайн хажуугийн нийтийн караокед орж, 0,75 литрийн архи, 3 лааз пиво, 1 цэвэр ус аваад хамтдаа хувааж уусан. 23 цаг 45 минутын үед караокенаас гарч, талбай дээрээс такси бариад нэг дэлгүүрийн гадаа очиж Сайнбуян, Бат-Эрдэнэ нар архи аваад гарч ирсэн. Бид дөрөв “Соёмбо”-той хөшөө рүү очиж уусан. Дүүрэнбаяр утсаар ярьж байгаад гэр рүүгээ явсан. Сайнбуян Дүүрэнбаяр руу утсаар яриад бид нарыг ирээд авчих гэсэн. Дүүрэнбаяр ирсэн. Тэгээд алхаж байхад Сайнбуян Дүүрэнбаяр бага зэрэг өмнө түрүүлж алхсан. Бат-Эрдэнэ бид хоёр хойно нь алхаж байгаад үлдсэн архиа уугаад дуусгачих уу гэж ярилцаад архиа уухаар болж засмал замаас гарч явган хүний зам дээр суусан. Тэгсэн чинь Сайнбуян яасан бэ, хурдлаач гэж хэлчихээд Бат-Эрдэнэ бид хоёр руу Дүүрэнбаяртай буцаад ирсэн. Бид хэд цаашаа соёмбтой хөшөө рүү очоод сууя гээд хамтдаа явахаар болсон. Талийгаач Бат-Эрдэнэ босохдоо гишгэгдэл алдаад миний цамцнаас зуураад татсан. Би татсан хүчинд зүүн гар зүүн хөлөөрөө газар тулаад буцаж босоод Бат-Эрдэнийг газраас татаж босгосон. Соёмботой хөшөөн дээр бид дөрөв очсон. Дүүрэнбаяр хүнтэй яриад машин дуудаад байх шиг байсан. Тэгээд нэг машин ирсэн. Машиныг ирэхээс өмнө Бат-Эрдэнэ цементэн талбай дээр сууж байгаад хойшоо хажуу талаараа налаад хэвтсэн байсан. Машин ирээд тэгээд явсан. Хоорондоо муудалцаж маргасан зүйл байхгүй. Тухайн үед гэмтэл байгаагүй. Дүүрэнбаяр энэ юун цус вэ гэж байсан. Тэгэхээр нь би мэдэхгүй ээ гэсэн чинь за за зүгээр юм байна гэж хэлж байсан. Дүүрэнбаярт эмнэлэг рүү явах уу гэхэд өө зүгээр зүгээр юм байна гэж байсан. Бат-Эрдэнэ сууж байгаад босохдоо гишгэгдэл алдаад миний гараас татаж хойшоо бөгсөөрөө унасан. Үүнийг л би надтай мөргөлдчихсөн гэж Дүүрэнбаярт хэлсэн...” гэх мэдүүлэг [27],
-Д.Гантогтоход ял өөрчлөн сонсгосны дараа түүнийг яллагдагчаар 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр дахин байцаасан мэдүүлэгт: “...Би Ганхүүгийн гэр рүү явж байх замдаа Санжаажав руу утсаар ярьж, та хаана байна гэсэн чинь танай байрлаж байгаа вагоны чинь хажуу талд байна гэхээр нь юу хийж байгаа юм бэ гэтэл хүмүүстэй уулзаад байж байна гэхээр нь би очиж болох юм уу гэсэн чинь өөрөө л мэдэхгүй юу гэхээр нь такси бариад яваад очсон. Намайг очиход Санжаажавын машин дотор Дүүрэнбаяр, Энхбаатар, Сайнбуян нар 0.75 литрийн Болор архи уугаад сууж байсан. Архи нь талаасаа дээгүүр байсан. Архинаас Санжаажав машин барьж яваа гээд уугаагүй, Энхбаатар бие муу гээд уугаагүй. Дүүрэнбаяр, Сайнбуян бид 3 архийг хувааж уусан. Архи дуусах үед Энхбаатар ах нь 1 шил архи авч өгье гээд Санжаажавын машинтай дэлгүүр рүү хөдөлсөн. Бид нарыг вокзалын ар талын дэлгүүрийн үүдэнд буулгасан. Санжаажав ажилтай гээд машинтайгаа явсан. Дүүрэнбаяртай тамхи татаад байж байсан чинь Сайнбуян талийгаач Бат-Эрдэнэтэй хамт ирсэн. Бид нар тухайн үед яахуу гэж ярилцаад нийтийн караокед орохоор болсон. Талийгаач Бат-Эрдэнэ архи үнэртүүлсэн халамцуу ирсэн. Караокед 22 цаг 50 минутын орчимд орсон. Ороод нэг шил 0,75 гр Экс архи, 3 пиво, 1 цэвэр ус авсан. Дуу дуулах гэтэл хаах цаг болсон гээд дуулуулаагүй. Архиныхаа талаас доош хүртэл нь уугаад, хаах цаг болсон гээд хөөгдөөд гарсан. Тэндээсээ гараад дэлгүүрээс 0,75 гр Болор архи, ундаа, цэвэр ус аваад такситайгаа хамт “Соёмбо”-той хөшөөн дээр очсон. Хөшөөн дээр очоод юм ярьж архиа уусан. Энэ үед Дүүрэнбаяр утсаар ярьж явж байгаад гэнэт алга болсон. Тэгээд бид гуравыг сууж байхад Сайнбуян, Дүүрэнбаяр руу залгаж дуудсан. Дүүрэнбаяр удаагүй ирсэн. Тэгээд харих гээд алхаж байхад Сайнбуян, Дүүрэнбаяр 2 урд, би талийгаач Бат-Эрдэнийн хамт хойд талд нь явж байсан. Тэгсэн талийгаач Бат-Эрдэнэ хоёулаа архиа дуусгая гэхээр нь зөвшөөрч бид 2 газар суусан. Тэгээд нөгөө хоёрыг дуудтал хүрээд ирсэн. Тэгээд бид 4 хэсэг суусан. Тэгтэл Дүүрэнбаяр би явлаа гээд явсан. Бид 3 хэсэг сууж байгаад буцаад хөшөөн дээрээ очсон. Хөшөө рүү явах гээд сууж байсан газраасаа босохдоо талийгаач Бат-Эрдэнэ тэнцвэр алдаад зүүн гарнаас татсан. Би давхар унахгүйн тулд зүүн гараараа тулсан. Энэ үед талийгаач Бат-Эрдэнэ хойшоо саваад унасан. Унахаар нь татаад босгосон. Тэгэхэд өө та 2 гээд Сайнбуян хараад зогсож байсан. Хөшөөн дээр очоод архиа уух гэтэл их муухай амттай байсан. Архи ууж байх явцад Сайнбуян утсаар Дүүрэнбаярыг дуудсан. Дүүрэнбаяр нилээн удаж байгаад ирсэн. Дүүрэнбаярыг ирэхээс өмнө талийгаач Бат-Эрдэнэ сууж байсан газраа хойшоо налаад хэвтсэн. Би тухайн үед талийгаачийг архиндаа согтоод унтсан гэж бодсон. Талийгаач хойшоо налж хэвтсэнээсээ хойш босоогүй. Ингээд байж байхад Дүүрэнбаяр ирээд талийгаачийг яасан юм гэж асуухаар нь би болон Сайнбуян бид 2 тасраад унасан, мөн би “...мөргөлдсөн юм аа ” гэж бас хэлсэн. Тэгээд Дүүрэнбаяр машин дуудаад машины хойд талын суудал дээрээс талийгаач Бат-Эрдэнийг надаас авсан. Би талийгаачийг ганцаараа 2 суганаас нь өргөөд толгой хэсгээр нь өгсөн. Дүүрэнбаяр талийгаачийг машинд суулгах гэж надаас татаж авахдаа талийгаачийн толгойг цус болсон байна, энэ яасан юм гэж надаас асуухаар нь би яасан байна гэсэн чинь Дүүрэнбаяр зүгээр, зүгээр гэж хэлэхээр нь эмнэлэг явах уу гэсэн чинь яах юм гэж хэлсэн. Машин хөдлөөд Ганхүүгийн байрны гадаа очсон. Би тухайн үед талийгаач Бат-Эрдэнийг авч орно шүү гэж Ганхүүг дагуулаад ирье гээд орсон. Ганхүүгийнд орох үед шөнийн 03 цаг болж байсан. ...” гэх мэдүүлэг [28],
-Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаартай шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн актын:
1. О.Бат-Эрдэнийн гавал тархины далд гэмтэл: Баруун чамархай, гавлын дунд хонхорыг дамнасан шугаман хугарал, хугарал дагуу хатуу хальсан дээр /6-12 цаг болсон/ цус хуралттай, зүүн дагз хэсгээр хатуу хальсан доорх цус хуралт, зүүн чамархайд тархины эд доторх цус харвалт, зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, тархины эдийн няцрал, хаван, баруун чамархай хэсэгт зулгаралт, шарх, зүүн хөмсөг дээр зулгаралт, баруун бугалганд цус хуралт, зүүн эгэм дээр цус хуралт, зүүн бугалганы урд дээд талд зүүн бугалганы дотор дунд талд цус хуралт, зүүн тохойд, аюулхайн зүүн талд зулгаралт, цус хуралт, цээжний зүүн доод ар талд цус хуралт, зүүн гуяны урд дунд талд цус хуралт, баруун өвдөгний гадна талд зулгаралт, баруун шилбэний урд дунд талд, баруун шагайнд зулгаралттай, зүүн хөлний 1 дүгээр хуруу, шагайн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
-дээрх гэмтлүүдийн тархины далд гэмтэл: Баруун чамархай, гавлын дунд хонхорыг дамнасан шугаман хугарал, хугарал дагуу хатуу хальсан дээр /6-12 цаг болсон/ цус хуралттай, зүүн дагз хэсгээр хатуу хальсан доорх цус хуралт, зүүн чамархайд тархины эд доторх цус харвалт, зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, тархины эдийн няцрал, хаван гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу хүнд зэрэг, баруун чамархай хэсэгт зулгаралт, шарх, зүүн хөмсөг дээр зулгаралт, баруун бугалганд цус хуралт, зүүн эгэм дээр цус хуралт, зүүн бугалганы урд дээд талд зүүн бугалганы дотор дунд талд цус хуралт, зүүн тохойд, аюулхайн зүүн талд зулгаралт, цус хуралт, цээжний зүүн доод ар талд цус хуралт, зүүн гуяны урд дунд талд цус хуралт, баруун өвдөгний гадна талд зулгаралт, баруун шилбэний урд дунд талд, баруун шагайд зулгаралттай, зүүн хөлний 1 дүгээр хуруу, шагайн зулгаралт гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу хөнгөн зэрэгт тус тус хамаарна.
2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Талийгаачийн биед үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
4.Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан цаг хугацаанд буюу 72-96 цагийн өмнө үүссэн байх боломжтой байна.
5.Талийгаач О.Бат-Эрдэний эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн үеийн өвчний түүх ирээгүй учир /эмчилгээ зохих ёсоор хийгдсэн эсэхэд/ тухайн асуултанд хариулах боломжгүй.
6.Талийгаач нь гавал тархины далд гэмтэл: Баруун чамархай, гавлын дунд хонхорыг дамнасан шугаман хугарал, хугарал дагуу хатуу хальсан дээр /6-12 цаг болсон/ цус хуралттай, зүүн дагз хэсгээр хатуу хальсан доорх цус хуралт, зүүн чамархайд тархины эд доторх цус харвалт, зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, тархины эдийн няцрал, хаван гэсэн гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ.
7.О.Бат-Эрдэнийн гэх цус нь АВО системээр О/1/ бүлгийн харъяалалтай байна...” /шинжээч эмч, ахлах дэслэгч П.Гаваасүрэн/ гэсэн дүгнэлт [29] ,
Мөрдөн байцаалтад шинжээч П.Гаваасүрэнгийн 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр мэдүүлсэн: “ ...Талийгаачийн гавал тархины далд гэмтэл буюу баруун чамархай, гавлын дунд хонхорыг дамнасан шугаман хугарал, хугарал дагуу хатуу хальсан дээр цус хуралттай, зүүн дагз хэсгээр хатуу хальсан доорх цус хуралт, зүүн чамархайд тархины эд доторх цус харвалт, зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, тархины эдийн няцрал, хаван, баруун чамархай хэсэгт зулгаралт, шарх гэсэн гэмтлүүд нь баруун талаас хүчтэй цохих үед үүсэх бүрэн боломжтой, нүцгэн гараар цохих үед уг гэмтэл үүсэх боломжгүй. Жишээ нь гартаа мод чулуу барьсан архины шил зэрэг зүйлийг барьж цохих үед үүсэх боломжтой. Зүүн хөмсөг дээр зулгаралт, баруун бугалганд цус хуралт, зүүн эгэм дээр цус хуралт, зүүн бугалганы урд дээд талд зүүн бугалганы дотор дунд талд цус хуралт, зүүн тохойд, аюулхайн зүүн талд зулгаралт, цус хуралт, цээжний зүүн доод ар талд цус хуралт, зүүн гуяны урд дунд талд цус хуралт зэрэг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохих нидрэгдэх, унах зэрэг үед үүсэх боломжтой” гэх мэдүүлэг [30] ,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалаар гаргасан, давтан магадлан шинжилгээ хийсэн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1158 тоот дүгнэлтийн:
“...1.О.Бат-Эрдэнийн биед гавал тархины битүү гэмтэл, баруун чамархай, гавлын дунд хонхорыг дамнасан шугаман хугарал, хугарал дагуу хатуу хальсан дээр /6-12 цаг болсон/ цус хураа, зүүн дагзны хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархайд тархины эд доторх цус харвалт, зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, тархины эдийн няцрал, хаван, баруун чамархай хуйхны няцарсан шарх, зулгаралт, зүүн хөмсөг дээрх зулгаралт, баруун бугалга, зүүн эгэм, зүүн бугалганы урд дээд гадаргуу болон зүүн бугалганы дотор, дунд гадаргуун цус хуралт, зүүн тохойд, аюулхайн зулгаралт, цус хуралт, цээжний зүүн доод ар тал, зүүн гуяны урд дунд гадаргуун цус хуралт, баруун өвдөг, шилбэний урд дунд гадаргуу, баруун шагай, зүүн хөлний 1 дүгээр хуруу, шагайн зүүн шагайн зулгаралт гэмтэл учирчээ.
2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна.
3.Бат-Эрдэнийн гавал тархинд учирсан баруун чамархай, гавлын дунд хонхорыг дамнасан шугаман хугарал, хугарал дагуу хатуу хальсан дээр /6-12 цаг болсон/ цус хураа, зүүн дагзны хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархайд тархины эд доторх цус харвалт, зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, тархины эдийн няцрал, хаван, баруун чамархай хуйхны няцарсан шарх, зулгаралт бүхий гэмтэл нь толгойн баруун талаас хүч үйлчилсэн үед үүсгэгдэнэ. Гэмтэл ямар зайнаас учирсныг тогтоох боломжгүй.
4, 7.Баруун чамархайн хуйхны няцарсан шарх гэмтэл нь хатуу мохоо, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн хүчтэй цохих, цохигдох, ирмэгтэй зүйл мөргөж савж унах үйлчлэлийн аль алинаар үүсгэгдэх боломжтой.
5.Дээрх гэмтлүүд нь хэвтээ болон босоо байрлалд ухамсарт ухаантай болон ухамсарт ухаан алдагдсан ямар ч байдалд үүсгэгдэх боломжтой.
6, 12.Талийгаач О.Бат-Эрдэнэ нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.
8. Талийгаач нь гавал тархины гэмтэл авснаас хойш идэвхитэй үйлдэл хөдөлгөөнийг хэдий хугацаанд хийх, ямар хугацаанд амьд байх боломжтой эсэх нь тухайн хүний бие физиологийн онцлог болон гэмтсэн судасны диаметр, гарч буй цусны хэмжээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ зэргээс хамаардаг тул нарийвчлан тогтоох боломжгүй юм. Гавал тархины гэмтэл авсан тохиолдолд эмнэл зүйн илрэлээс шалтгаалж /гэмтлийн явцаас/ ухамсарт ухаан харилцан адилгүй алдагдана.
9.Шинжээчийн 07 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.
...11.Эмнэлгийн тусламж үйлчилгээ зохих журмын дагуу хийгдсэн байна...” /шинжээч эмч Г.Энхбаатар, Т.Чимэд-Очир, Н.Энхцолмон/ гэсэн дүгнэлт [31],
Мөрдөн байцаалтад шинжээч Н.Энхцолмонгийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...Задлан шинжилгээгээр тогтоогдсон О.Бат-Эрдэнийн биед учирсан гавал тархины битүү гэмтлийн үед хүний ухамсарт ухаан алдагдаж хүн өөрийн ухаангүй болж байрлал идэвхгүй, хурхирах, хөлөөр алхах гишгэх боломжгүй байдалтай байна. Бат-Эрдэнийг үхэлд хүргэсэн гэмтэл нь гавал тархины битүү гэмтэл юм. Гавал тархины битүү гэмтэл учирсан үед эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн тохиодолд тухайн хүний бие физиологийн онцлогоос хамаарч эдгэрэх эмчилгээ авах байдал нь харилцан адилгүй байдаг боловч дээрх гавал тархины гэмтлийг авсан даруйд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой...” гэх мэдүүлэг[32],
Мөн түүний 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мэдүүлсэн: “...Талийгаачийн биед учирсан олон тооны гэмтлүүд нь тус бүртээ нэг удаагийн хүчний үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдэх учраас олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж үзсэн. О.Бат-Эрдэнийн биед гавал тархины битүү гэмтэл, баруун чамирхай, гавлын дунд хонхорыг дамнасан шугаман хугарал, хугарал дагуу хатуу хальсан дээр /6-12 цаг болсон/ цусан хураа, зүүн дагзны хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамирхайд тархины эд доторх цус харвалт, зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, тархины эдийн няцрал, хаван, баруун чамархай хуйхны няцарсан шарх, зулгаралт гэмтлүүд нь шууд үхэлд хүргэх гэмтлүүд юм. О.Бат-Эрдэнийн биед гавал тархины битүү гэмтэл, баруун чамархай, гавлын дунд хонхорыг дамнасан шугаман хугарал, хугарал дагуу хатуу хальсан дээр /6-12 цаг болсон/ цус хураа, зүүн дагзны хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархайд тархины эд доторх цус харвалт, зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, тархины эдийн няцрал, хаван, баруун чамархай хуйхны няцарсан шарх, зулгаралт гэмтлүүдээс харахад баруун чамархайн хэсэгт хатуу мохоо зүйлийн нэг удаагийн хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байна. Баруун чамархайн хэсэгт хязгаарлагдмал бус гадаргуутай буюу том гадаргуутай зүйлээр нэг удаагийн хүч үйлчилсэнээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гавал тархины гэмтэл авсан хүнд илрэх шинж тэмдэг нь тухайн гэмтлийн хүнд хөнгөн, гэмтсэн судасны диаметр онцлог зэргээс хамаарч харилцан адилгүй байна. Өөрөөр хэлбэл эмнэл зүйн илрэх шинж тэмдгүүд нь дээрх зүйлүүдээс хамаарч эрт хожуу бүдэг балархай гэх мэтчилэн янз бүрээр илэрч болно. Эдгээр гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчний, цохих, цохигдох, нидрэх, нидрэгдэх, базах гэх мэт үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдэнэ. ...Гавал тархины хүнд гэмтэлтэй ухаангүй байгаа хүн бол ярих, хэлэх боломжгүй юм...” гэх мэдүүлэг [33],
Мөрдөн байцаалтад шинжээч Г.Энхбаатарын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шинжээчийн 1158 тоот дүгнэлтийг гаргасан. Талийгаачийн биеийн толгой, гар хөл мөчдийн хэсэгт буюу биеийн өөр өөр хэсгүүдэд хөхрөлт, зулгаралт, тархины гэмтэл зэрэг олон тооны гэмтлүүд үүссэн байсан. Эдгээр нь нэг удаагийн хүчний үйлчлэлээр үүсэх боломжгүй боловч тодорхой нэг цаг хугацаанд хэд хэдэн удаагийн хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой. Нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэдэг нь хөхрөлт няцралт, зулгаралтуудын үүссэн цаг хугацаа нь бүгд шинэ байсан учраас нэг цаг хугацаанд үүссэн гэмтэлүүд гэж үзсэн. Өөрөөр хэлбэл зарим гэмтэл нь хэд хоногийн өмнө үүссэн, зарим нь дөнгөж саяхан үүссэн гэмтэл биш юм. Харин нэг цаг хугацаанд хэд хэдэн удаагийн хатуу мохоо хүчний үйлчлэл үзүүлснээр биеийн хэд хэдэн хэсэгт гэмтэл үүснэ гэсэн үг. Биеийн зүүн хөмсөг дээрх зулгаралт, баруун бугалга, зүүн эгэм, зүүн бугалганы урд дээд гадаргуу болон зүүн бугалганы дотор, дунд гадаргуун цус хуралт, зүүн тохой, аюулхайн зулгаралт, цус хуралт, цээжний зүүн доод ар тал, зүүн гуяны урд дунд гадаргуун цус хуралт, баруун өвдөг, шилбэний урд дунд гадаргуу, баруун шагай, зүүн хөлний 1 дүгээр хуруу, зүүн шагайн зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин уг гэмтлүүд нь бүгдээрээ нийлээд хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Харин гавал тархины битүү гэмтэл, баруун чамархай, гавлын дунд хонхорыг дамнасан шугаман хугарал, хугарал дагуу хатуу хальсан дээр /6-12 цаг болсон/ цусан хураа зүүн дагзны хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархайд тархины эд доторх цус харвалт, зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, тархины эдийн няцрал, хаван, баруун чамархай хуйхны няцарсан шарх, зулгаралт гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Талийгаач нь тархинд учирсан хүнд гэмтлийн улмаас амь нас хохирсон. Биеийн мөчдөд үүссэн гэмтлийн улмаас хохирогчийн амь насанд хохирол учрахгүй.
Хэргийн материалд авагдсан Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний 07 тоот актаас үзэхэд талийгаачийн баруун чамархай яснаас доошоо гавлын дунд хонхорыг дамнасан шугаман хугарал гэмтэлтэй. Уг хугарлын дагуу хатуу хальсан дээр цус хурсан, зүүн дагзны хатуу хальсан доор цус хурсан, зүүн чамархайн тархины эдэд цус хуралттай, баруун дух зулай, бага тархины зөөлөн бүрхүүл дор цус хурсан зэрэг гэмтлүүд учирсан байна. Эдгээр гэмтлүүд нь толгойн баруун чамархай хэсэгт гадны ямар нэгэн хатуу мохоо зүйлийн 1 удаагийн хүч үйлчилсэнээс үүссэн байх боломжтой. Өөрөөр хэлбэл баруун чамархайд нэг удаагийн хатуу мохоо зүйлийн хүч үйлчилсэний улмаас гавал ясны шугаман хугарал үүснэ, уг хугаралтайгаа холбоотойгоор тархины хатуу хальсан дээр цус хуралт үүссэн, баруун талаас хүч үйлчилсэн учраас хүчний эсрэг тал буюу зүүн чамархайн хэсэгт тархины эдийн цус хуралт үүссэн, зүүн дагзны хатуу хальсан дор цус хуралт үүссэн байна. Хүний тархи нь гавлын ясан дотор тархины хатуу бүрхүүлээр хучигдсан байдалтай, тодорхой хэмжээний эзэлхүүн эзлэн чөлөөтэй байдалд байдаг. Баруун талаас хүч үйлчилсэн учраас зүүн талдаа тархинд гэмтэл учрах механизм юм. Хязгаарлагдмал гадаргуутай хатуу мохоо зүйлээр цохисон тохиолдолд тухайн цохисон зүйлийнхээ гадаргууг хадгалсан цөмөрсөн эсхүл хэлбэрийг үүсгэсэн гэмтэл үүсдэг. Хүний нүцгэн /зангидсан/ гараар насанд хүрсэн хүний толгойн хуйхыг яз цохих боломжгүй. Хүний хамгийн зузаан арьс бол хуйх байдаг тул нүцгэн гараар ямар ч тохиолдолд язралт үүсгэхгүй. Харин нүцгэн гараар хүчтэй цохисон тохиолдолд хавдаж болно. Хязгаарлагдмал бус /тэгш өргөн талбайтай/ хатуу мохой гадаргуутай зүйл дээр унаж ойчсон, мөргөсөн, эсхүл тийм том гадаргуутай зүйлээр цохисон тохиолдолд гавал тархинд шугаман цуурал үүсэх боломжтой байдаг. Тэгш өргөн талбайтай хатуу мохой гадаргуу гэдэгт аспалтан зам, плитан шал, цементэн гадаргуутай талбай гэх мэт байж болно. Тархинд үүсэж байгаа цус хуралтын хэмжээнээс хамаарч харилцан адилгүй хугацаанд идэвхитэй үйлдэл хийнэ. Учир нь хүний тархинд гэмтэл авснаар тархины судасууд хагарч тархинд цус хуралдаж эхлэх ба уг цус хуралт нь аажмаар нэмэгдэж цус бүлэгнэн тархийг дарах хүртэл хугацаанд идэвхитэй үйлдэл хийж болно. Идэвхитэй үйлдэл хийх цаг хугацаа харилцан адилгүй байгаа шалтгаан нь тухайн хүний биеийн эрүүл мэндийн байдал, бие организмийн онцлог, цусны бүлэгнэл, хагарсан судасны хэмжээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал гэх мэт олон хүчин зүйлийн улмаас цусны шүүрэл харилцан адилгүй явагдана гэсэн үг. Гэмтэл авсан даруйдаа толгой хүчтэй өвдөх, дотор муухайрах, огих бөөлжих шинж тэмдэг илэрдэг. Гэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүний хувьд согтолтын хэмжээнээс хамаарч хэлж чадахгүй байх, эсхүл энэхүү зовиураа мэдрэх мэдрэмж сул байж болно. Тархины цус хуралт нэмэгдэж тархи дарагдаж эхэлснээр хүний мэдрэлийн системд өөрчлөлт өгч эхлэх бөгөөд гар хөл саажих зэрэг шинж тэмдэг илэрч болно. Гэхдээ ихэвчилэн гар хөлөнд саажилт үүсэхдээ тархины гэмтэл авсан талын эсрэг талын гар хөлд саажилт өгдөг. Яваандаа ухаан алдана. Хэрэгт авагдсан талийгаачийн биед учирсан гэмтлүүдийг харуулсан гэрэл зургууд, шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн дүгнэлтэнд дурьдагдсан зэргээс үзэхэд уг гэмтлүүд нь талийгаачийн мөчдийн хэсгээр үүссэн гэмтлүүд байна. Харин зүүн хөмсөг дээрх зулгаралт гэмтэл нь шүргэгдэх, нидрэгдэх, чирэгдэх зэрэг үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Өөрөөр хэлбэл цохих, хатгах үед зулгаралт гэмтэл үүсэх боломжгүй юм. Мөчдийн гэмтлүүдийг харахад гэмтэл тус бүр нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй юм. Уг гэмтлүүд нь мохоо зүйлээр цохих, цохигдох, базах, унах ойчих, атгах зэрэг мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас үүсэх боломжтой гэмтлүүд юм. Шинжээчийн зүгээс уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас үүссэн гэж хэлж болохоос биш яг атгахад, цохиход, цохигдоход үүссэн юмаа гэдгийг нарийвчлан хэлэх боломжгүй. ...Тархинд үүссэн цус хуралтыг цаг алдалгүй мэс заслын аргаар авч, хагалгаа хийсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой байхыг үгүйсгэхгүй. Зарим хүн ийм гэмтлийн улмаас хагалгаа хийлгээд амь нас нь аврагдсан тохиолдол байхад зарим нь нас барах тохиолдол байдаг. Энэ нь тухайн хүний бие физологийн онцлог, өвчний эдгэрлийн байдал гэх зэрэг олон хүчин зүйлээс шалтгаална. Гол нь гавлын ясны хугарлаас шалтгаалахгүй, харин тархинд үүссэн цус хуралт, няцралийн байдлаас шалтгаална. Энэ талийгаачийн хувьд баруун чамархайд үүссэн цус хуралтыг мэс заслын аргаар яаралтай авсан ч зүүн дагзны хатуу бүрхүүл дор цус хуралттай, зүүн чамархайд тархины эд цус харвалттай, баруун дух зулай болон бага тархины гадаргуугийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт зэрэг гэмтлүүд байгаа учраас хагалгаа хийсэн ч амь насыг аврах боломж муутай байж болох юм. ...Хэрэгт авагдсан өвчтөний сторын хуулбараас үзэхэд Замын үүдийн эмнэлэгт талийгаач ухаангүй байдалтай хүргэгдэж очсон, ухаангүй байдалтай байсан талаар эмч нар өвчтөний түүхэнд бичсэн байна. Замын үүдийн сумын нэгдсэн эмнэлгийн 876 тоот өвчтөний түүхээс үзэхэд 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 22 цагт үзлэг хийхэд зовиур хэлэх боломжгүй, ухаангүй байдалтай байсан байна. 2015 оны 06 дугаар 01-ний өдрийн 17.15 цагт Дорноговь аймгийн 4014 тоот яаралтай тусламжийн хуудсаас үзэхэд ‘ухаангүй байдалтай” гэсэн байна. Харин Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн 2918 дугаартай өвчтөний түүхэнд 2015 оны 6 дугаар сарын 01-ний 18.30 цагт “орчиндоо харьцаа муутай, асуултанд хариулахгүй, биеийн байдал хүнд” гэсэн байна. Эхний хагалгаа 2015 оны 6 дугаар сарын 01-ний 19.45 минутад ороод 1.15 минут үргэлжилсэн байна. Хагалгааны дараа биеийн байдал хүнд хэвээрээ, хагалгааны дараах байдалтай байсан байх ба 21.30 цагт унтуулгын бодис гүйцэт гараагүй байна гэжээ. 2015 оны 6 дугаар сарын 02-нд өвчтөн биеийн байдал хүнд, өвчтөн унтаа байдалтай гэсэн байна. 2015 оны 6 дугаар сарын 02-ны 11.58 цагт эрчимт эмчилгээний тасгийн эмчийн үзлэгээр өвчтөний биеийн байдал маш хүнд, унтаа байдалтай, дуудахад сэрэхгүй, өвдөлт өгөхөд хариулахгүй байв гэжээ. Улмаар 2015 оны 06 дугаар сарын 02-ны 13.00 цагт хоёр дахь хагалгаанд орж, хагалгаа 1.10 минут үргэлжилсэн байна. Уг хагалгааны дараагаас биеийн байдал хүнд ухаангүй байдалтай байсаар байгаад 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 16.54 минутад зүрхний үйл ажиллагаа сэргэхгүй байсаар нас барав гэсэн байна. Иймд дээрх өвчтөний түүхийн байдлаас үзэхэд талийгаач нь эмнэлэгт хүргэгдэх үедээ ухаангүй байдалтай байсаар 2 удаа хагалгаанд орсон, хагалгааны дараа биеийн байдал хүнд, ухаангүй байсаар нас барсан байна...” гэх мэдүүлэг[34],
Мөрдөн байцаалтад шинжээч Т.Чимэд-Очирын 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мэдүүлсэн: “...Би шинжээчийн 1158 тоот дүгнэлтийг гаргасан. Биеийн өөр хэсгүүдэд буюу толгой гар хөл гэх мэт өөр хэсгүүдэд буюу биеийн гадаргууд цус хуралт зулгаралт шарх тархины гэмтэл зэрэг олон тооны гэмтэл учирсан байна, Эдгээр гэмтлүүд нь тус бүртээ нэг удаагийн хүчний үйлчлэлээр үүсгэгдэх учраас олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж үзсэн. О.Бат-Эрдэнийн биед гавал тархины битүү гэмтэл, баруун чамархай, гавлын дунд хонхорыг дамнасан шугаман хугарал, хугарал дагуу хатуу хальсан дээр /6-12 цаг болсон/ цус хураа, зүүн дагзны хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархайд тархины эд доторх цус харвалт, зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, тархины эдийн няцрал, хаван, баруун чамархай хуйхны няцарсан шарх, зулгаралт гэмтлүүд нь шууд үхэлд хүргэх гэмтлүүд юм. О.Бат-Эрдэнийн биед гавал тархины битүү гэмтэл, баруун чамархай, гавлын дунд хонхорыг дамнасан шугаман хугарал, хугарал дагуу хатуу хальсан дээр /6-12 цаг болсон/ цусан хураа, зүүн дагзны хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархайд тархины эд доторх цус харвалт, зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, тархины эдийн няцрал, хаван, баруун чамархай хуйхны няцарсан шарх, зулгаралт гэмтлүүдээс харахад баруун чамархайн хэсэгт хатуу мохоо зүйлийн нэг удаагийн хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байна. Дээрх тохиолдолд баруун чамархайн хэсэгт хязгаарлагдмал бус гадаргуутай зүйлийн хүч үйлчилсэн байх боломжтой байна. Хязгаарлагдмал бус гадаргуутай зүйл гэдэгт жишээлбэл тухайн хүний толгойн диаметрээс том гадаргуутай хатуу мохоо зүйлийг хамруулж ойлгоно. ...Хэргийн материалд авагдсан талийгаачийн өвчний түүхээс харахад эмчийн үзлэгт талийгаачийг ухаангүй байдалтай ирсэн, эмчилгээний явцад ухаан орсон талаар тэмдэглэгдээгүй байна...” гэх мэдүүлэг [35],
Шүүх сэтгэц гэм судлалын 14 дугаартай дүгнэлтийн:
1. Д.Гантогтох нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна.
2. Д.Гантогтох нь одоо сэтгэцийн өвчин үгүй байна.
3. Д.Гантогтох нь удамшлын өвчтэй эсэхийг нотлох баримт алга байна.
4.Д.Гантогтох нь хэрэг хариуцах чадвартай байна. /комиисын дарга Л.Алтанзул, мэдрэлийн эмч Д.Болормаа, илтгэгч эмч Б.Гэрэлмаа/ ...” гэсэн дүгнэлт[36],
-Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэлүүд, бэхжүүлсэн зургийн үзүүлэлтүүд [37],
-Цусны толбо бүхий хөнжил, орны бүтээлэг, Си Ди бичлэг зэргийг хэрэгт эд мөрийн баримтаар хурааж, хавсаргасан тогтоол [38],
-Талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийсэн тухай тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд [39],
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд [40],
-Талийгаачийн гар утсанд ирсэн дуудлага, ярианы бүртгэл [41],
-Амь хохирогчийн оршуулгын зардлыг нэхэмжилсэн баримтууд [42],
-Гэрч С.Алтанцэцэгийн утсаар ярьсан гэх ярианы бичлэгийн тэмдэглэл [43] ,
-Амь хохирогч О.Бат-Эрдэнийн нас барсан тухайн эмнэлгийн гэрчилгээ [44],
-Нас барсаны бүртгэлийн гэрчилгээ[45],
- 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг [46] ,
-2016 оны 04 дүгээр сарын 13-ний өдөр хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл [47]
- Амь хохирогч О.Бат-Эрдэнийн эмчлүүлсэн талаархи өвчний түүхийн хуулбар [48] ,
-Эд зүйлийн үнэлгээ [49]
-Шүүгдэгч Д.Гантогтохын ажлын тодорхойлолт, хувийн байдлын талаарх материалууд [50],
- Шүүгдэгч Д.Гантогтохын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [51] болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.
Шүүх хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг судлаад дүгнэвэл :
Шүүгдэгч Д.Гантогтох нь 2015 оны 05 дугаар сарын 30-ны шөнө 01 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт “Соёмбо” хөшөө цогцолборын дэргэд иргэн О.Бат-Эрдэнийг тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “томорлоо” гэх шалтгаанаар түүнийг цохиж унаган гавал тархины далд гэмтэл учруулан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэндэжидийн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ...охин Пунсалмаа 8 цагийн үед залгаад Бат-Эрдэнэ Замын-Үүдэд эмнэлэгт байна гэж байна, яаралтай ир гэсэн. ... Энхцэцэг над руу залгаад Бат-Эрдэнийн бие маш муу байна, та нар хурдан ир гээд уйлаад байсан. ...2015 оны 06 дугаар сарын 01-нд 01 цагийн үед Замын үүд суманд очиход манай хүү сэхээнд унтаа байдалтай байсан. ...Өрөөнд нь орж үзэхэд түүний зүүн талын хөл гар нь мэдээгүй хөдөлгөөнгүй, толгойн зүүн талын хэсэгт юмаар цохисон юм шиг бандайж хавдсан, баруун талын чихний дээд талд гурвалжин хэлбэртэй юмаар цохисон юм шиг дотогш цөмөрсөн, цус гарсан байдалтай, гар хөл нь шалбарсан, нурууны ар тал бүсэлхий орчимд юмаар цохисон юм шиг төө гаран урттай, 4 хуруу орчим өргөн няцарч хөхөрсөн бэртэл үүссэн байсан. Хөл гар дээр нь нилээд хөхрөлт үүссэн байсан. Баруун гарын тохой шалбарч цус гарсан, ...зүүн талын мөр суганы орчим хөхрөлттэй, зүүн талын духны ойролцоо хөхөрч нүднийхээ урд тал руу орсон байдалтай, баруун талын эрхий хурууг нь хойш нь дарж гэмтээсэн байдалтай хөхрөлт үүссэн байсан. ...эмч нар 2-3 удаа зөвлөлдөж байгаад тархинд нь хагалгаа хийх шаардлагатай ... гэсэн шийдвэр гарч хоёр эмчийн хамт аймгийн нэгдсэн эмнэлэг рүү 18 цагийн үед хүргэсэн. Тэгээд 20 цагийн үед амь насны заалтаар зайлшгүй тархинд нь хагалгаа хийх шаардлагатай болж 2 цаг орчим хагалгаа хийгээд ерөнхий эмч нь 150 гр стаканд нөжирч бүлэгнэсэн хүрэн өнгийн цус авч ирээд, танай хүүгийн тархинд хуралдсан цусыг авсан, толгойны дотогш цөмөрсөн ясыг нь бас авсан гэж надад хэлсэн. ...2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр эмч нар тархийг нь компьютерээр хараад тархинаас нь дахиж цус алдсан байна, хагалгаанд дахиж орохгүй бол болохгүй гэж хэлээд 13 цагийн үед хагалгаанд дахин орсон, ...Тэгээд бие нь муу байж байгаад 17 цагийн үед манай хүү О.Бат-Эрдэнэ нас барсан...” гэсэн мэдүүлэг [52] ,
-мөрдөн байцаалтад С.Дүүрэнбаярын гэрчээр 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мэдүүлсэн: “...би Бат-Эрдэнийг авч явах гээд толгойн хэсгээс нь өргөтөл түүний толгойноос цус гарч миний гар цус болчихсон байсан. Тэгэхээр нь би Сайнбуян, Тогтохоо хоёроос та гурав чинь зодолдсон юм уу гэхэд Тогтохоо “би Бат-Эрдэнийг мөргөчихсөн юм” гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг[53],
-мөн түүний 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр сэжигтнээр мэдүүлсэн: “...Бат-Эрдэнэ Соёмбоны хойд талын зүүн талын цементэн талбай дээр соёмбоны доод хүрээний хажууд ертөнцийн зүгээр зүүн урагшаа чигтэй толгойгоо харуулсан, хөл нь баруун хойд зүгт чиглэлд харсан биеэрээ дээшээ хараад хэвтэж байсан. ...Энэ Бат-Эрдэнэ яачихсан юм бэ гэж Сайнбуян, Гантогтох нараас асуугаад түүний толгойноос өргөөд босгох гэтэл миний гар цус болчихсон. Би та нар хоорондоо муудсан юм уу, толгой нь хагарчихсан юм биш үү гэж хэлтэл Гантогтох би 1 мөргөчихсөн юмаа гэж хэлсэн. ...Прокурорын урд байхад Гантогтох, Бат-Эрдэнэ хоёр маргалдаад байх шиг байсан. ...” гэсэн мэдүүлэг [54],
-2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн “... Бат-Эрдэнэ цементэн талбай дээр хэвтэж байхаар нь босгох санаатай цамцнаас нь бариад толгой доогуур нь гараа оруулаад дээш өргөтөл гар нойтон оргиод цус болчихоор нь та нар зодолдсон юм уу, энэ яагаад толгойноос нь цус гарч байгаа юм гэхэд Гантогтох “би цохиод унагаачихсан юм, чи тэгээд яах юм” гээд надтай муудах шинжтэй болсон. ... гэсэн мэдүүлэг [55],
мөн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр яллагдагчаар дахин мэдүүлсэн “... Та нар зодоон хийсэн юм уу гэхэд Гантогтох “би нэг цохисон юм, чи хурдан унаа олоод ир” гэсэн. ....Гантогтохын эхнэр Навчаа нь ...та хоёр зөөллөөд мэдүүлэг өгөөрэй гэж гуйсан. Навчаа гуйх маягаар ярьж байсан учраас Гантогтохын надад О.Бат-Эрдэнийг цохисон гэж хэлсэн үгийг нь мөргөсөн гэж зөөлрүүлэн хэлсэн юм. Гантогтох тухайн үед надад цохисон гэж хэлж байсан. ...” гэсэн мэдүүлэг [56] ,
-мөрдөн байцаалтад Ш.Сайнбуянгийн 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн “... Дүүрэнбаяртай уулзаж би тасраад зарим юмнуудаа санахгүй байгаа талаар ярьж асуухад ...би та гурав дээр очоод Бат-Эрдэнийг яачихсан юм бэ гэж асуухад Гантогтох “би нэг цохичихсон юм аа” гэж байсан. Чи тэгэхэд уначихсан, уначихсан гэж хэлж байсан. ...гэж хэлсэн. ...Талийгаач Бат-Эрдэнийг нас барснаас хойш хэд хоногийн дараа Навчаа миний байрлаж байсан вагончикт ирээд байхдаа “за за Гантогтох ер нь хийчихсэн юм байна, бүх юм ойлгомжтой, гэхдээ чи гайгүй зөөлөлсөн мэдүүлэг өгөх юм байгаа биз дээ” гэсэн утгатай юм яриад байсан. ...” гэсэн мэдүүлэг [57], Ш.Сайнбуянгийн яллагдагчаар 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн "...Санжаа ах хэрэг болсоны дараа Дүүрэнбаяр бид хоёртой уулзаж байхад “Гантогтох надад би нэг хүүхэдтэй муудаад цохичихсон, бие нь яаж байгаа бол асуугаад өгөөч гэж хэлж байсан...” гэснийг би тухайн үед тоолгүй орхисон байсан. ...Гантогтох Бат-Эрдэнэ хоёр зодолдоод Гантогтох нь Бат-Эрдэнийг ерөнхийдөө зодоод байна гэдэг нь үйл хөдлөлөөр нь дуу чимээнээс надад мэдэгдэж байсан,...би согтуу ухаан орж гараад байсан ч Бат-Эрдэнэ, Гантогтох хоёр маргалдаад байсныг, ...Гантогтох Бат-Эрдэнийг зодож цохиод байсныг өөрийн нүдээр харж мэдсэн. ...” гэсэн мэдүүлэг [58],
- мөрдөн байцаалтад гэрч В.Санжаажавын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...2015 оны 05 дугаар сарын 30-ны өглөө 08 цаг өнгөрч байхад ...Гантогтох намайг ажил руу хүргээд өгөөч, би ажлаасаа хоцорчихлоо гэж надаас гуйхаар нь ажил руу нь хүргэж өгөхөөр явж байх замд Гантогтох "өчигдөр орой нэг бацаантай муудалцаад байсан, нөгөө залуу уначихаад босохгүй байсан яасан юм болоо" гэж надад ярьж байсан. ....” гэсэн мэдүүлэг [59], мөн түүний 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг [60],
- Мөрдөн байцаалтад гэрч Г.Ганхүүгийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлсэн “...Гантогтох ах Сайнбуянтай утсаар ярьсаныхаа дараа сандралын байдалд орсон. Сандал дээрээ тогтож сууж чадахгүй, байн байн хоёр тийшээ болж суугаад хөрвөөгөөд байсан. ...Д.Гантогтох ах утсаар ярьж дуусаад надад Бат-Эрдэнэ эмнэлэгт хүргэгдсэн байна, харвасан байна гэж хэлээд сандралын байдал нь улам нэмэгдээд байж суух газраа олохгүй, янз бүр болоод байсан. ...Д.Гантогтох ах хэлэхдээ Бат-Эрдэнэ жаахан томроод байхаар нь муудалцсан л гэж хэлсэн. ...Сүүлд талийгаач Бат-Эрдэнийг нас барсаны дараа Санжаа ах надад Д.Гантогтох талийгаачийг мөргөсөн юм шиг байна лээ гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг [61],
- Мөрдөн байцаалтад гэрч Д.Цагаандоржийн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 01 цагийн үед Замын-Үүдийн эмнэлэг дээр ирэхэд эмч нь хүнд зодуулсан, хүнд гэмтэлтэй /О.Бат-Эрдэнийг/ гэж хэлж байсан. ...би гарч Сайнбуянгаас юу болсон талаар асуухад бид нар Соёмбо хөшөөн дээр маргалдсан юм. ...Дүүрэнбаяр ирээд талийгаачийг босгоход баруун шанаанаас нь цус гарчихсан, Дүүрэнбаярын гар нь цус болчихсон байхаар нь Дүүрэнбаяр надаас энэ яасан юм бэ гэж асуухад нь би түүнд Гантогтох талийгаачийг цохисон гэж хэлж байсан талаар Сайнбуян ярьсан....” гэсэн мэдүүлэг [62],
- Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаартай шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт, дүгнэлт [63] ,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалаар гаргасан, давтан магадлан шинжилгээ хийсэн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1158 тоот акт, дүгнэлт, шинжээч П.Гаваасүрэн, Н.Энх-цолмон, Г.Энхбаатар, Т.Чимэд-Очир нарын мэдүүлэг [64], талийгаачийн цогцост шинжилгээ хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг [65], Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлүүд [66], 2016 оны 04 дүгээр сарын 13-ний өдөр хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл [67], амь хохирогч О.Бат-Эрдэнийн өвчний түүхийн хуулбар [68] , Цусны толбо бүхий хөнжил, орны бүтээлэг бүхий эд мөрийн баримт [69] болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Гантогтох нь хохирогч О.Бат-Эрдэнэ өөрөө гишгэгдэл алдаж хойшоо савж унасан. Унахаар нь татаж босгосноо мөргөлдсөн гэж мэдүүлж байсан, би түүнийг цохиж, зодоогүй, амь насыг нь хохироогоогүй гэж гэм буруугийн талаар маргасан.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтөөс шүүгдэгч Д.Гантогтох нь цохисон, өшиглөсөн үйлдэл хийгээгүй, санаатай гэдэг нь шууд уу, шууд бус уу гэдэг хууль зүйн шинж тодорхой харагдахгүй байна. Хор уршгийн хооронд шалтгаант холбоо байх ёстой. Д.Гантогтохын ямар үйлдлийн улмаас хохирогч нас барсан, тэр нь ямар шалтгаант холбоотой эсэхийг нотлоогүй тул Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн хэрэгсэхгүй болгуулах, эсхүл хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах гэсэн саналыг гаргаж мэтгэлцсэн.
Шүүх хэрэгт цугларсан баримтаас үзвэл амь хохирогчтой тухайн шөнө хамт Ш.Сайнбуян, С.Дүүрэнбаяр, Д.Гантогтох нар хамт явж байсан байна. Ш.Сайнбуянгийн байцаан шийтгэх ажиллагаанд сэжигтнээр мэдүүлсэн “... Дүүрэнбаяртай уулзаж, ярьж асуухад “би та гурав дээр очоод Бат-Эрдэнийг яачихсан юм бэ гэж асуухад Гантогтох би нэг цохичихсон юм аа “ гэж байсан ....гэж хэлсэн. ...Навчаа миний байрлаж байсан вагончикт ирээд байхдаа “за за Гантогтох ер нь хийчихсэн юм байна, бүх юм ойлгомжтой, гэхдээ чи гайгүй зөөлөлсөн мэдүүлэг өгөх юм байгаа биз дээ” гэсэн утгатай юм яриад байсан....” гэх мэдүүлэг [70] , мөн түүний яллагдагчаар мэдүүлсэн “...Санжаа ах хэрэг болсоны дараа Дүүрэнбаяр бид хоёртой уулзаж байхад “Гантогтох надад би нэг хүүхэдтэй муудаад цохичихсон, бие нь яаж байгаа бол асуугаад өгөөч гэж хэлж байсан ....” гэснийг би тухайн үед тоолгүй орхичихсон байсан. ...гэх мэдүүлэг [71] , С.Дүүрэнбаярын яллагдагчаар мэдүүлсэн “... Бат-Эрдэнэ цементэн талбай дээр хэвтэж байхаар нь босгох санаатай цамцнаас нь бариад толгой доогуур нь гараа оруулаад дээш өргөтөл нойтон цус болчихсон байхаар нь та нар зодолдсон юм уу ...гэхэд Гантогтох “би цохиод унагаачихсан юм, чи тэгээд яах юм гэсэн... Навчаа Сайнбуян бид хоёроос ... Гантогтох хэргээ өөрөө хүлээнэ, та хоёр зөөллөөд мэдүүлэг өгөөрэй гэж гуйсан. Навчаа гуйх маягаар ярьж байсан учраас Гантогтохын надад О.Бат-Эрдэнийг цохисон гэж хэлсэн үгийг нь мөргөсөн гэж зөөлрүүлээд хэлсэн юм. Тухайн үед надад цохисон гэж хэлж байсан ... ” гэх мэдүүлэг [72] зэрэг нь хоорондоо зөрүүгүй, эдгээр мэдүүлэг нь гэрч Д.Цагаандоржийн “...Дүүрэнбаяр ирээд талийгаачийг босгоход баруун шанаанаас нь цус гарчихсан, Дүүрэнбаярын гар нь цус болчихсон байхаар нь Дүүрэнбаяр надаас энэ яасан юм бэ гэж асуухад нь би түүнд Гантогтох талийгаачийг цохисон гэж хэлж байсан талаар Сайнбуян надад ярьсан....” гэсэн мэдүүлгээр [73] давхар нотлогдож байх тул шүүх нотлох баримтаар үнэлсэн ба дээрхээс дүгнэвэл шүүгдэгч Д.Гантогтох нь амь хохирогч О.Бат-Эрдэнийг цохиж, хатуу гадаргуутай газар унагаж, биед нь гавал тархины гэмтэл учруулж амь насыг нь хохироосон байна.
Шүүгдэгч Д.Гантогтохын“...хохирогч О.Бат-Эрдэнэ гишгэгдэл алдаж хойшоо савж унахад нь татаж босгохдоо мөргөлдсөн, мөргөсөн...” гэж мэдүүлсэн нь шинжээчдийн мэдүүлгээр үгүйсгэгдсэн.
Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч О.Бат-Эрдэнэ нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан, түүний баруун чамархайн хуйхны няцарсан шарх гэмтэл нь хатуу мохоо, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн хүчтэй цохих, цохигдох, ирмэгтэй зүйл мөргөж савж унах үйлчлэлийн аль алинаас үүсгэгдэх боломжтой, баруун талаас хүч үйлчилсэн үед үүсгэгдэнэ гэсэн байх ба мөрдөн байцаалтад шинжээч Н.Энхцолмон, Г.Энхбаатар, Т.Чимэд-Очир нараас мэдүүлэхдээ “...гавал тархины битүү гэмтэл нь толгойн баруун чамархай хэсэгт гадны ямар нэгэн хатуу мохоо зүйлийн 1 удаагийн хүч үйлчилснээс үүссэн байх боломжтой, хүний нүцгэн /зангидсан/ гараар насанд хүрсэн хүний толгойн хуйхыг яз цохих боломжгүй, хязгаарлагдмал бус /тэгш өргөн талбайтай/ хатуу мохоо гадаргуутай зүйл дээр унаж ойчсон, мөргөсөн, эсхүл тийм том гадаргуутай зүйлээр цохисон тохиолдолд гавал тархинд шугаман хугарал, цуурал үүсэх боломжтой. Тэгш өргөн талбайтай хатуу мохоо гадаргуу гэдэгт аспалтан зам, плитан шал, цементэн гадаргуутай талбай гэх мэт байж болно. ...” гэж, шинжээч П.Гаваасүрэнгээс мэдүүлэхдээ “... гавал тархины гэмтэл нь нүцгэн гараар цохих үед үүсэх боломжгүй ...” гэж тус тус мэдүүлсэн.
Мөн хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлээр “... хэрэг болсон газар нь хатуу гадаргуутай буюу цементэн талбайтай, талбайн гол хэсгээс 4 тийш тойрсон шаттай, цогцолборын хашлагны чанх доод талд налуу гадаргуутай нүхтэй, цементэн гадаргуу бүхий талбай байна.
Дээрх баримтуудаас үзвэл шүүгдэгч Д.Гантогтох нь хохирогч О.Бат-Эрдэнэтэй маргалдаж, түүнийг цохиж унагасаны улмаас хатуу гадаргуутай ирмэг бүхий талбай дээр амь хохирогч унаж түүний биед гавал тархины гэмтэл үүссэн байх үндэслэлтэй, харин хоёр бие хүн хоорондоо мөргөсөн, мөргөлдсөн тохиолдолд талийгаачийг үхэлд хүргэсэн гавал тархины гэмтэл үүсэх боломжгүй байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэндэжидийн “хүү О.Бат-Эрдэнийн толгой руу төмрөөр цохисон хөхрөлттэй байсан...” гэх мэдүүлэг буюу шүүгдэгч Д.Гантогтох төмрөөр амь хохирогчийг цохисон гэх баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй.
Талийгаачийн гар хөл, мөчдийн хэсэгт буюу биеийн өөр өөр хэсгүүдэд хөхрөлт, зулгаралт зэрэг олон тооны үүссэн гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн, эдгээр гэмтэл нь мохоо зүйлээр цохих, цохигдох, базах, унах, ойчих, атгах, нидрэх, нидрэгдэх зэрэг байдлаас үүсэх боломжтой, энэхүү гэмтлүүдээс хохирогчийн амь насанд хохирол учрахгүй талаар шинжээчийн дүгнэлт гарсан, энэ талаар шинжээч нар мэдүүлсэн бөгөөд хэрэгт цугларсан гэрч, сэжигтэн, яллагдагч нарын мэдүүлгээс үзвэл амь хохирогч О.Бат-Эрдэнийг “Соёмбо”-той хөшөөн дээрээс авч явахдаа, мөн вагончикний гадна талд хэвтэж байхад нь, мөн түүнийг Улаанбаатар хот руу авч явахаар авч явах зэрэгтээ түүнийг чирэх, өргөх, үүрэх зэрэг үйлдлийг хийсэн байх тул эдгээр үед дээрх гэмтэл нь үүссэн байх боломжтой, амь хохирогч О.Бат-Эрдэнийн биед учирсан мөчдийн олон тооны зулгаралт, цус хуралт бүхий гэмтлийг шүүгдэгч Д.Гантогтохын үйлдлийн улмаас шууд учирсан гэж үзэх боломжгүй, энэ үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөн шүүгдэгч Д.Гантогтохын мэдүүлсэн “хохирогч О.Бат-Эрдэнэ өөрөө гишгэгдэл алдаад хойшоо савж унасан” гэх мэдүүлэг нь хэрэгт цугларсан бусад баримтаар эх сурвалж нь тогтоогдоогүй тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй байна.
Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэндэжид, гэрч С.Алтанцэцэг, Д.Энхцэцэг нараас “...талийгаач эмнэлэгт байхдаа ухаан орж, түүнээс хэн ийм болгосон талаар асуухад “манай гурван найз ийм болгосон” /С.Дүүрэнбаяр, Ш.Сайнбуян, Д.Гантогтох/ гэж хэлсэн гэж тус тус мэдүүлж байгаа боловч талийгаачийг эмчилж байсан эмч О.Баяржавхлан гэрчээр мэдүүлэхдээ “... өвчтөн О.Бат-Эрдэнэ нь асуултанд хариу өгөх боломжгүй, өөрийн гэсэн ухаангүй байсан. ...учирсан гэмтлийн талаар юм ярьж хэлээгүй ...”гэж [74], гэрч Б.Тунгалагаас “... Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг рүү Бат-Эрдэнийг хүргэхээр тээвэрлэж явах хугацаанд ухаан ороогүй болохоор ямар нэг зүйл ярьж хэлээгүй. Замдаа ухаангүй байдалтай байсаар эмнэлэгт очсон. ...” гэж [75] тус тус мэдүүлсэн, мөн хохирогч О.Бат-Эрдэнийн өвчний түүхийг үзвэл “О.Бат-Эрдэнэ нь ухаангүй байдалтай хүргэгдэж ирсэн, асуултанд хариулахгүй, унтаа байдалтай, дуудахад сэрэхгүй, ухаангүй байдалтай байсаар байгаад нас барав” гэж тэмдэглэгдсэн байх ба шинжээч эмч нараас мэдүүлэхдээ “... талийгаачийн өвчний түүхээс үзэхэд ухаангүй байдалтай ирж, эмчилгээний явцад ухаан орсон талаар тэмдэглэгдээгүй байсан ...” гэж, шинжээч Н.Энхцолмонгоос “...Гавал тархины хүнд гэмтэлтэй ухаангүй байгаа хүн бол ярих, хэлэх боломжгүй юм...” гэж мэдүүлсэн бөгөөд эдгээр баримтуудаас дүгнэвэл хохирогч О.Бат-Эрдэнэ нь “хэргийн үйл баримтын талаар хэлсэн, ярьсан” гэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч С.Алтанцэцэг, Д.Энхцэцэг нарын мэдүүлэг нотлогдоогүй, дээр дурдсан баримтуудаар няцаагдаж байх тул тус хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдсан С.Дүүрэнбаяр, Ш.Сайнбуян нарыг хамтран оролцсон гэх нотлох баримтгүй байна.
Гэм буруугийн хэлбэр нь санаатай, болгоомжгүйгээр үйлдэгддэг бөгөөд санаатай үйлдэл нь шууд, шууд бус санаатай үйлдлээр илэрнэ. Гэм буруугийн шууд санаатай хэлбэр нь субъект өөрийн хийх гэж буй үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй эсхүл учрах боломжтойг мэдсэн хэр нь хор уршгийг хүсэж үйлдсэн, түүнчлэн хүсээгүй боловч үйлдэл эс үйлдэхүйгээрээ тэр хор уршигт зориуд хүргэсэн байхыг ойлгох юм. Харин гэм буруугийн шууд бус санаатай хэлбэрийн оюун санааны шинж нь нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байдаг ба шууд бус санааны хүсэл зоригийн шинж нь өөрийн үйлдлийн улмаас учрах хор уршгийг хүсээгүй боловч үйлдлээрээ түүнийг зориуд бий болгосон байдаг.
Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Гантогтохын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал нь гэм буруугийн шууд бус санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байх ба өөрийн үйлдлийн улмаас учрах хор уршгийг хүсээгүй боловч түүний үйлдлийн улмаас бусдын амь нас хохирсон байна.
Гэмт хэргийн сэдэлтийн тухайд шүүгдэгч Д.Гантогтох, хохирогч О.Бат-Эрдэнэ нар нь хоорондоо маргалдсан талаар С.Дүүрэнбаяр, Ш.Сайнбуян нар сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн ба мөн дам нотлох баримтаар буюу гэрч В.Санжаажаваас “... Гантогтохыг ажил руу нь хүргэж өгөх явцад ...Сайнбуянгийн дуудсан бацаантай муудалцсан ... гэж байсан....” гэх мэдүүлэг [76], гэрч Г.Ганхүүгийн “... Д.Гантогтох ах хэлэхдээ Бат-Эрдэнэ жаахан томроод байхаар нь муудалцсан л гэж хэлсэн...” гэх мэдүүлэг [77] зэргээр шүүгдэгч Д.Гантогтох нь хохирогч О.Бат-Эрдэнэтэй түүнийг томорлоо гэх тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд хувийн сэдэлттэй үйлдэгдсэн гэж үзнэ.
Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн шүүгдэгч Д.Гантогтоход холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, мөрдөн байцаалтад буцаах тухай саналыг хүлээн авах боломжгүй юм.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэндэжидээс “... Д.Гантогтох нь хүү О.Бат-Эрдэнийг ажлын хувьд багаж тоног төхөөрөмжөөс болж дарамталж зодсон байх...” гэж мэдүүлсэн ба шүүгдэгч Д.Гантогтох, амь хохирогч О.Бат-Эрдэнэ нар нь Улаанбаатар төмөр замд хамт ажилладаг байсан боловч шүүгдэгч Д.Гантогтохоос тэдний ажил үүргийн хувиар өөр өөр талаар мэдүүлсэн, тухайн өдөр тэдний хооронд ажлаасаа болж маргасан гэх, ажлын маргаанаас болж О.Бат-Эрдэнийн амь насыг хохироосон гэх баримтгүй тул дарамталж бусдын амь насыг хохироосон гэх үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.Гантогтоход яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх ба шүүгдэгч Д.Гантогтохыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүх 2015 оны 05 дугаар сарын 30, 31-ний өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлийг үзвэл хөндлөнгийн гэрчээр тус хэрэгт гэрчээр тогтоогдсон Б.Дайчинбат, А.Анхбаяр, сэжигтэн, яллагдагчаар татагдан шалгагдсан Д.Алтантуул нарыг оролцуулсан нь хууль зөрчсөн гэж үзэж нотлох баримтаар үнэлээгүй болно.
Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн гэрч С.Алтанцэцэгийн утсаар ярьсан гэх бичлэгийг буулгасан Си Ди бичлэгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлд заасан журмыг дагуу олж авсан баримт, мэдээлэл гэж үзэх боломжгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаар.
1.Шүүгдэгч Д.Гантогтохын үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэндэжид оршуулгын зардалд 10,178,800 төгрөгийг, амь хохирогч О.Бат-Эрдэнийн цалингийн зээлийн үлдэгдэл 6,880,724 төгрөг, тэжээгчээ алдсан тэтгэмж 50,000,000 төгрөг зэргийг нэхэмжилж, 1 дүгээр хавтаст хэргийн 39-65 дугаар талд оршуулгын зардал нэхэмжилсэн баримтыг, 3 дугаар хавтаст хэргийн 38 дугаар талд Худалдаа хөгжлийн банкны 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 7/405/1191 дугаартай албан бичиг зэргийг ирүүлжээ.
Шүүх дээрх баримтуудыг судалж үзвэл 1 дүгээр хавтаст хэргийн 41, 45, 48, 50, 52, 57 /20,000 төгрөгийн баримт/, 58 /зарим арилсан уншигдахгүй баримт/, 62 /зан үйлтэй холбоотой гарсан зардлыг жагсааж бичсэн хуудас/, 62, /Ган зам ресторанд төлсөн төгрөг гэж гараараа бичсэн/, 63-р хуудсуудад байгаа баримтууд нь он сар өдөр тодорхойгүй, гарын үсэг, тамга тэмдэггүй, зарим нь арилсан уншигдахгүй, худалдан авсан барааны нэр, тоо ширхэг, үнэ тодорхойгүй, гараар жагсааж бичсэн, баримтгүй зэрэг байх тул шаардлага хангасан гэж үзэх боломжгүй байна. Түүнчлэн зан үйлийн зардлыг гаргах хууль зүйн үндэслэлгүй.
Иймд шүүх 1 дүгээр хавтаст хэргийн материалд авагдсан 40, 44, 46, 47, 49, 51, 54-55, 57 /20,000 төгрөгийн баримтаас бусад баримтын/, 58-р талд тус тус авагдсан баримтууд, /3 ширхэг уншигдахгүй арилсан баримт ороогүй/ 59, 60, 63, 65-д байгаа баримтууд, эм тариа авсан тухай баримтуудыг, 3-р хавтаст хэргийн 43-р талд авагдсан түлш, ажлын хөлс, 45-р талд авагдсан “Ган зам” ресторанд мөнгө төлсөн гэх баримт зэргийг шаардлага хангасан гэж үзсэн ба эдгээр нь 4,922,118 төгрөг болсон, тус зардлыг шүүгдэгч Д.Гантогтохоос гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох үндэстэй байна.
Шүүхийн шатанд шүүгдэгч Д.Гантогтохын ар гэрээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэндэжидэд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөгийг хүлээлгэн өгч, мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримтыг талууд үйлдсэн байна. [78] Иймд оршуулгын зардал нь хэрэгт цугларсан хууль ёсны шаардлага хангасан баримтын хэмжээнд төлөгдсөн гэж үзэхээр байна.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь оршуулгын зардалд нэхэмжилсэн бусад зардлаа шаардлага хангасан баримтаа цуглуулж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэндэжид нь “хүү О.Бат-Эрдэнэ нь Худалдаа хөгжлийн банкнаас 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөгийн цалингийн зээл авсанаас 2015 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар 6,880,724.99 төгрөг үлдсэнийг нэхэмжилнэ гэх ба тус тогтоол гарах өдөр хүртэл хугацаанд уг төлбөр төлөгдсөн эсэх талаар Худалдаа хөгжлийн банкнаас лавлагаа ирүүлсэн баримтгүй байна.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасан, хохирогчийн өв нээгдсэн эсэх нь тодорхойгүй, нөгөө талаас зээлийн гэрээ, зээлийн гэрээтэй холбоотой бусад баримтыг хэрэгт ирүүлээгүй тул эрүүгийн хэрэгтэй хамтатган цалингийн зээлийг асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна.
3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэндэжид нь хүү О.Бат-Эрдэнийн хамтаар нэг гэр бүлд хамт амьдарч байсан, тэжээгчээ алдсан тул тэжээгчээ алдсан тэтгэмжид 50,000,000 төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлж, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд ам бүл 1 амьдардаг тухай тодорхойлолтыг ирүүлсэн.
Нийгмийн халамжийн тухай хуульд “тэтгэмж” авах субъектыг тусгайлан заасан ба тус субъектэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэндэжид хамаарахгүй байна.
Мөн гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “...Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй...” гэж заажээ.
Харин төрүүлсэн хүүхэд нь нас барсан тохиолдолд тэжээгчээ алдсаны тэтгэмжийн талаар тодорхой зохицуулалтгүй, харин тэжээн тэтгэх хүнгүй бол төрөл садангийн хүмүүс бие биеэ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан байна.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шаардах эрхээ нотлон баримтаа цуглуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар холбогдох этгээдээс нэхэмжлэх эрхтэй болно.
4.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэндэжидийн “хүү О.Бат-Эрдэнэ “Ай поне-6” маркийн гар утас хэрэглэж байсан гэж мэдүүлж, тус гар утасны үнийг нэхэмжилсэн.
Хэрэгт амь хохирогч О.Бат-Эрдэнэтэй хамт ажиллаж байсан хүмүүсийг буюу Д.Даваадорж, Т.Гантөгс, Ц.Амгаланбаатар, Б.Бат-Энх, Ж.Алтангэрэл нарыг гэрчээр тогтоож байцаалт авч тодруулахад тухайн өдөр О.Бат-Эрдэнэ нь “Ай поне-6 маркийн гар утас хэрэглэж байгаагүй, ийм утас түүнд байгаагүй гэж мэдүүлсэн тул тус гар утас хохирогчид байсан нь нотлогдоогүй тул үнийг гаргуулах боломжгүй байна. Мөн түлхүүр, цүнх, түрийвчинд нь байсан үлдэгдэл 60,000 төгрөгийг нэхнэ гэх боловч эдгээр зүйлс талийгаачид тухайн цаг хугацаанд биед нь байсан эсэх нь тогтоогдоогүй тул гаргуулах хууль зүйн үндэслэлгүй юм.
5.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэндэжидийн “хүү О.Бат-Эрдэнийн өмсөж байсан хувцасны үнийг гаргуулна” гэж нэхэмжилснийг шүүх гаргуулах шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Д.Гантогтохын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаагаар Цагдаагийн Ерөнхий Газрын МСТТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Д.Гантогтоход ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 5,000,000 төгрөгийг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Д.Гантогтохын нь 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 460 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цусны толбо бүхий хөнжил, орны бүтээлгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, гар утасны ярианы бичлэг бүхий Си Ди 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3-р зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Урианхай овгийн Дашжамцын Гантогтохыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гантогтохыг 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гантогтоход оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гантогтохын 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 460 /дөрвөн зуун жар/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цусны толбо бүхий хөнжил, орны бүтээлэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн гар утасны ярианы бичлэг бүхий Си Ди 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Гантогтохын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Д.Гантогтохоос хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэндэжидэд оршуулгын зардалд 5,000,000 /таван сая/ төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь амь хохирогч О.Бат-Эрдэнийн цалингийн зээлийн үлдэгдэл төлбөр, тэжээгчээ алдсаны тэтгэмж, бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Гантогтоход урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Гантогтоход авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ
ШҮҮГЧИД Т.АЛТАНТУЯА
Г.ГАНБААТАР
[1] 1дүгээр хавтаст хэргийн 68-70 дугаар тал.
[2] 3 дугаар хавтаст хэргийн 206-207 дугаар тал.
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 73-74 дүгээр тал.
[4] 1 дүгээр хавтаст хэргийн 75-76 дугаар тал.
[5] 1 дүгээр хавтаст хэргийн 77 дугаар тал.
[6] 1 дүгээр хавтаст хэргийн 227-229 дүгээр тал.
[7] 1 дүгээр хавтаст хэргийн 82 дугаар тал.
[8] 1 дүгээр хавтаст хэргийн 83-84 дүгээр тал.
[9] 1 дүгээр хавтаст хэргийн 85 дугаар тал.
[10] 1 дүгээр хавтаст хэргийн 86 дугаар тал.
[11] 1 дүгээр хавтаст хэргийн 87 дугаар тал.
[12] 1 дүгээр хавтаст хэргийн 89 дүгээр тал.
[13] 1 дүгээр хавтаст хэргийн 208-211 дүгээр тал.
[14] 3 дугаар хавтаст хэргийн 250 дугаар тал, 4 дүгээр хавтаст хэргийн 1 дүгээр тал.
[15] 1 дүгээр хавтаст хэргийн 230-233 дугаар тал.
[16] 1 дүгээр хавтаст хэргийн 234-235 дугаар тал.
[17] 3 дугаар хавтаст хэргийн 202 дугаар тал.
[18] 1 дүгээр хавтаст хэргийн 71-72 дугаар тал.
[19] 1 дүгээр хавтаст хэргийн 116-117 дугаар тал.
[20] 2 дугаар хавтаст хэргийн 33 дугаар тал.
[21] 3 дугаар хавтаст хэргийн 225 дугаар тал.
[22] 1 дүгээр хавтаст хэргийн 78-79 дүгээр тал.
[23] 1 дүгээр хавтаст хэргийн 109-110 дугаар тал.
[24] 1 дүгээр хавтаст хэргийн 111 дүгээр тал.
[25] 2 дугаар хавтаст хэргийн 24 дүгээр тал.
[26] 2 дугаар хавтаст хэргийн 27 дугаар тал.
[27] 1 дүгээр хавтаст хэргийн 138-142 дугаар тал.
[28] 3 дугаар хавтаст хэргийн 214-217 дугаар тал.
[29] 1 дүгээр хавтаст хэргийн 95-98 дугаар тал.
[30] 1 дүгээр хавтаст хэргийн 243 дугаар тал.
[31] 1 дүгээр хавтаст хэргийн 248-250 дугаар тал.
[32] 1 дүгээр хавтаст хэргийн 244-245 дугаар тал.
[33] 3 дугаар хавтаст хэргийн 237 дугаар тал.
[34] 3 дугаар хавтаст хэргийн 230-234 дүгээр тал.
[35] 3 дугаар хавтаст хэргийн 235-236 дугаар тал.
[36] 1 дүгээр хавтаст хэргийн 108-107 дугаар тал.
[37] 1 дүгээр хавтаст хэргийн 3-10 дугаар тал.
[38] 1 дүгээр хавтаст хэргийн 31, 199 дүгээр тал.
[39] 1 дүгээр хавтаст хэргийн 100-104 дүгээр тал.
[40] 1 дүгээр хавтаст хэргийн 112-113, 122-125, 143-145 дугаар тал.
[41] 1 дүгээр хавтаст хэргийн 33 дугаар тал.
[42] 1 дүгээр хавтаст хэргийн 40-66 дугаар тал.
[43] 1 дүгээр хавтаст хэргийн 201-207 дугаар тал.
[44] 1 дүгээр хавтаст хэргийн 154 дүгээр тал.
[45] 2 дугаар хавтаст хэргийн 31 дүгээр тал.
[46] 2 дугаар хавтаст хэргийн 44-47 дугаар тал.
[47] 3 дугаар хавтаст хэргийн 198-201 дүгээр тал.
[48] 2 дугаар хавтаст хэргийн 48-76 дугаар тал.
[49] 3 дугаар хавтаст хэргийн 190-191 дүгээр тал.
[50] 1 дүгээр хавтаст хэргийн 158-165 дугаар тал.
[51] 1 дүгээр хавтаст хэргийн 156 дугаар тал.
[52] 1дүгээр хавтаст хэргийн 68-10 дугаар тал.
[53] 1 дүгээр хавтаст хэргийн 71-72 дугаар тал.
[54] 1 дүгээр хавтаст хэргийн 116-117 дугаар тал.
[55] 2 дугаар хавтаст хэргийн 33 дугаар тал.
[56] 3 дугаар хавтаст хэргийн 225 дугаар тал.
[57] 2 дугаар хавтаст хэргийн 24 дүгээр тал.
[58] 2 дугаар хавтаст хэргийн 27 дугаар тал.
[59] 1 дүгээр хавтаст хэргийн 77 дугаар тал.
[60] 1 дүгээр хавтаст хэргийн 227-229 дүгээр тал.
[61] 3 дугаар хавтаст хэргийн 250 дугаар тал, 4 дүгээр хавтаст хэргийн 1 дүгээр тал.
[62] 1 дүгээр хавтаст хэргийн 75-76 дугаар тал.
[63] 1 дүгээр хавтаст хэргийн 95-98 дугаар тал.
[64] 1 дүгээр хавтаст хэргийн 243, 3 дугаар хавтаст хэргийн 230-237 дугаар тал.
[65] 1 дүгээр хавтаст хэргийн 100-104 дүгээр тал.
[66] 1 дүгээр хавтаст хэргийн 112-113, 122-125, 143-145 дугаар тус тус тал.
[67] 3 дугаар хавтаст хэргийн 198-201 дүгээр тал.
[68] 2 дугаар хавтаст хэргийн 48-76 дугаар тал.
[69] 1 дүгээр хавтаст хэргийн 31 дүгээр тал.
[70] 2 дугаар хавтаст хэргийн 24 дүгээр тал.
[71] 2 дугаар хавтаст хэргийн 27 дугаар тал.
[72] 2 дугаар хавтаст хэргийн 33 дугаар тал, 3 дугаар хавтаст хэргийн 225 дугаар тал.
[73] 1 дүгээр хавтаст хэргийн 75-76 дугаар тал.
[74] 1 дүгээр хавтаст хэргийн 230-233 дугаар тал.
[75] 1 дүгээр хавтаст хэргийн 234-235 дугаар тал.
[76] 1 дүгээр хавтаст хэргийн 77, 227-229 дүгээр тал.
[77] 3 дугаар хавтаст хэргийн 250 дугаар тал.
[78] 4 дүгээр хавтаст хэрэгт.