Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/210

 

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******од холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1814005420280 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3 аав, охины хамт оршин суух, Тангад овогт*******гийн Энхболд 

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн нутаг 7-16-37 тоотод оршин суух иргэн Г.Ганбатын гэрээс 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр LG-K4 маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 380000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Үүнд:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн .. 2018 оны 08 сарын 27-ны өглөө 10 цагийн үед Баянхонгор сумын 7-16-37 тоотод таньдаг найз Н.Ганбаатарын гэрээр орох гээд хашаан дотор нь ортол хашаанд нь нэг айл байсан ортол 2 хөгшин хүн байхаар нь Н.Ганбаатарыг суртал нүүгээд явсан гэж байсан. Тэгээд би өвгөний тамхинаас татаж байгаад авдар дээр нь байсан гар утсыг нууж аваад гараад явсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 38-39, 74-75 /

Хохирогч*******ын мөрдөн байцаалтад өгсөн ..2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 11 цагийн үед гаднаас нэг танихгүй хүн орж ирээд манай хүү Ганбаатарыг асуухаар нь байхгүй гэтэл баруун талын баганы хажууд суугаад манай нөхрөөс тамхи өгөөч гээд ороодог тамхи татаад сууж байсан. Би гараад бие засаж байхад нөгөө танихгүй хүн гэрээс гараад явж байсан. Гэртээ орж ирээд нөхрөөс утсаа асуутал цай уудалж байгаад асгасан, арчиж байтал нөгөө залуу гараад явсан гэхээр нь орон дээр байсан гар утсаа үзтэл алга болсон байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 11-15 /

Гэрч Г.Ганбатын мөрдөн байцаалтад өгсөн ...2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 11 цагийн үед манайд нэг танихгүй согтуу хүн орж ирээд тамхи байна уу гэхээр нь тамхиа өгөхөд тамхи ороож байхад нь манай эхнэр бие засах гээд гарсан. Энэ үед гал дээр байсан цай дэврээд асгарахаар нь би шал арчиж байтал нөгөө хүн гараад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа манай эхнэр гар утсаа хайгаад олоогүй ... гэх мэдүүлэг / хх-ийн 18-19 /

Гэрч Н.Ганбаатарын мөрдөн байцаалтад өгсөн ... манай ээж утсаар залгаад гэрт чамайг сурч орж ирсэн хүн гар утас аваад явсан гэж хэлсэн. Миний таньдаг ******* байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 23-24 /

Энх нахиа ХХК-ийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №235 дугаар “...LG-K4 маркийн гар утсыг 380000 төгрөгөөр үнэлсэн ...” дүгнэлт / хх-ийн 33- 34/ Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж тогтоол / хх-ийн 1-2/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 68-73/, Шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2018.10.24-ний өдрийн №105 тоот тодорхойлолт / ххийн 46/, шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2018/ШЦТ/245 дугаар шийтгэх тогтоолын хуулбар / хх-ийн 41-45/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн нутаг 7-16-37 тоотод оршин суух иргэн Г.Ганбатын гэрээс LG-K4 маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 380000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Шүүгдэгч *******ын ... айлд ортол 2 хөгшин хүн байхаар нь Н.Ганбаатарыг суртал нүүгээд явсан гэсэн...,д би өвгөний тамхинаас татаж байгаад авдар дээр нь байсан гар утсыг аваад гарсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 38- 39, 74-75 /

Хохирогч*******ын ... гаднаас нэг танихгүй хүн орж ирсэн...,би гараад бие засаж байхад нөгөө танихгүй хүн гэрээс гараад явж байсан,... орон дээр байсан гар утсаа үзтэл алга болсон байсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 11-15 /

Гэрч Г.Ганбатын ... нэг танихгүй согтуу хүн орж ирээд эхнэр бие засах гээд гарсан, би шал арчиж байтал нөгөө хүн гараад явсан,...эхнэр гар утсаа хайгаад олоогүй ... гэх мэдүүлэг / хх-ийн 18-19 /

Гэрч Н.Ганбаатарын ... манай ээж утсаар залгаад гэрт чамайг сурч орж ирсэн хүн гар утас аваад явсан гэж хэлсэн. Миний таньдаг ******* байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 23-24 / Энх нахиа ХХК-ийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №235 дугаар “...LG-K4 маркийн гар утсыг 380000 төгрөгөөр үнэлсэн ...” дүгнэлт / хх-ийн 33- 34/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ыг Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байх тул шүүхээс *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй. Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хохирол хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор хорих ялыг оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Түүнчлэн шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлгийн нэг зүйлийн хэд хэдэн хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн бол аль хүнд ял шийтгэл оногдуулж болох хүндрүүлэх нөхцөлтэй хэсгээр зүйлчлэн нэг удаа ял шийтгэл оногдуулах нь зүйтэй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т.. энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно...гэж заасан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгүүд тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг агуулсан байгаа бөгөөд шүүгдэгчид бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан үйлдэлд нь Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 245 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байх тул бусдын гар утсыг хулгайлсан үйлдэлд ял шийтгэл оногдуулж, тэдгээрийг нэмж нэгтгэн эдлэх ялыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 245 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн ба уг ялаас 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар биеэр 2 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг эдэлж, 9 сар 20 хоногийн хорих ялын үлдэж байгаа / 2018 оны 09 дүгээр сарын 4-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 21 хоног цагдан хоригдсон хоногийг оруулан тооцож/ ба энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 245 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн ялын эдлээгүй үлдсэн 9 сар 20 хоногийн хорих ялыг оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол хохирогч*******д төлж барагдуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч *******ын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 256 хоногийн хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасч шийдвэрлэв. Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгчийн *******ын “... нокиа маркийн гар утас...”-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******од буцаан олгож шийдвэрлэв. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зүйлгүй болохыг тус тус дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10- д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч******* овогт*******гийн*******бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг нэг / 1 / жил, зургаан / 6 / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч *******ыг Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26 өдрийн 245 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг / 1 / жилийн хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн ес / 9 / сар, хорь / 20 / хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг / 1 / жил, зургаан / 6 / сарын хугацаагаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг хоёр / 2/ жил, гурван / 3 / сар, хорь / 20 / хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан хоёр / 2 / жил, гурван / 3 / сар, хорь / 20 / хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч А.Энхбодын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 256 хоногийн хорих ялыг нэг хоногоор тооцож ялтны эдлэх ялаас хассугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8-т зааснаар шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******ын эзэмшлийн “... нокиа маркийн гар утас...”- ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******од буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******од хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тооцсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******од хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА