Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 020/2015/0062/З |
Дугаар | 221/МА2015/0381 |
Огноо | 2015-08-14 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2015/0381
Г.Оын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяадаргалж, шүүгч Ц.Цогт шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал,нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х*******, гуравдагч этгээд Г.Б*******, Г.Э******* нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 375 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Г.Оын нэхэмжлэлтэй, Б*******ийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б*******ийн Засаг даргын А/178 тоот захирамж гарч, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар нэгж талбарын 18657307908258 дугаар бүхий 700 м.кв газрыг хуулийн дагуу эзэмшсэн. Газар эзэмших эрхийн 000513210 дугаартай гэрчилгээ олгогдсон. Мөн өөрийн хөрөнгөөр хашаа барьсан. Гэтэл 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Б*******ийн Засаг даргын А/348 тоот захирамж гарч миний хууль ёсоор эзэмшиж байгаа газартай давхцуулан иргэн Г.Б*******, Г.Э******* нарт эзэмшүүлж, 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 000534980, 000534981 тоот гэрчилгээ олгогдож иргэн миний газар эзэмших эрхийг зөрчсөн. Энэ 2 гэрчилгээ нь нэгж талбарын дугааргүй.
Эдгээр хүмүүс нь Б*******ийн 11 дүгээр хороо, Баянбулагийн 5-48 тоот хаягт оршин сууж байгаагүй ба Засаг даргын захирамжаар тухайн газар дээр олон жил амьдарч байсан гэх үндэслэлээр газрыг эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчсөн.
Иргэн Г.О би өөрийн ээж С.Э*******ийн хамтаар 2007 оноос хойш Б*******ийн 11 дүгээр хороо, Баянбулагийн 5-48 тоотод оршин сууж амьдарч байгаа ба энэ нь хорооны Засаг даргын тодорхойлолт, мөн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-нд гэрэл цахилгааны төлбөрийг төлж байсан баримтаар нотлогдож байна гэжээ.
Хариуцагч Б*******ийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Г.О нь авга эгч Г*******ын Э*******, авга эгчийн нөхөр Го*******гийн Б******* нарын 2001 оноос хойш хашаалж, кадастрын зураг хийлгэн эзэмшиж байсан хашаанд тэдний зөвшөөрлөөр тус газрыг 2010 оноос хойш түр ашиглаж эзэмшиж байх хугацаандаа 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/178 тоот захирамжаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг зөрчин бусдын эзэмшил газартай давхцуулан газар эзэмшсэн байдаг.
Иргэн Г.Б*******, Г.Э******* нар тус газрыг 2001 оноос хойш эзэмшиж байсан талаарх баримт нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын газрын кадастрын мэдээллийн сангийн архивт Б*******ийн нутаг дэвсгэр 1032 м.кв газар нь ХА69070276 регистрын дугаартай Г.Б*******ын нэр дээр бүртгэлтэй байсан талаарх Б*******ийн Өмч, газрын харилцааны албанд ирүүлсэн албан бичгээс харагддаг.
Мөн иргэн Г.Б*******, Г.Э******* нар тус эзэмшил газраа эзэмших талаар хүсэлтээ Б*******ийн Өмч, газрын харилцааны албанд 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өгч байсан болох нь дүүргийн Өмч, газрын харилцааны албаны өргөдөл гомдол бүртгэл, хяналтын картад бүртгэгдсэн, мөн Нийслэлийн Засаг даргад хандаж 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр тус газраа өмчлөх талаар өргөдөл өгч байсан зэргээс харагддаг.
Харин иргэн Г.О нь 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр дүүргийн Өмч, газрын харилцааны албанд бусдын эзэмшил газарт давхцуулан газар эзэмших хүсэлтээ ирүүлсэн байдаг. Иймд Г.Оын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Г.Б*******, Г.Э******* нар шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2002 оноос хойш хүсэлтээ удаа дараа гаргаж 2014 он хүртэл газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон шийдвэр гаргаж өгөөгүй боловч Газрын
кадастрын мэдээллийн санд Г.Б******* миний нэрээр 2004 оноос газар
эзэмшигчээр бүртгэгдэж, кадастрын зураг олгогдсон нь тухайн газар дээр
миний бие газар эзэмших, ашиглах эрхтэйг нотолж байна. Гэтэл Г.О нь
2014 онд миний нэр дээр бүртгэлтэй газрыг эзэмшихээр хүсэлтээ гаргасан нь
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах
шаардлага буюу хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа
газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн заалтыг зөрчиж байна.
Ийм учраас Г.Оын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Б*******ийн Засаг даргын 2014 оны А/539 дүгээр захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Бидний хувьд уг газрыг эзэмшихээр 2002 оноос хойш хөөцөлдөж хүсэлтээ удаа
дараа гаргаж, дүүргийн болон Газрын алба, Засаг дарга, Нийслэлийн өмчийн
харилцааны газар болон Засаг даргаас нэг ч удаа боломжгүй гэсэн хариу авч
байгаагүй бөгөөд шийдвэр гарахыг хүлээж 10 гаруй жил болсон. Захиргааны
байгууллага шийдвэрлэж өгнө хүлээж бай гэсэн хариу өгч байсан.
Г.О нь биднийг хашааны газрынхаа зөвшөөрлийг хөөцөлдөж байгаа
гэдгийг мэдэж байсан, манай хашаанд түр сууж байсан боловч бидэнд
мэдэгдэхгүйгээр танил талаараа хөөцөлдөж уг газрын эзэмших эрхийн
гэрчилгээ авч улмаар Б*******ийн Засаг дарга хууль бус захирамжаа
хүчингүй болгосон.
Ийм учраас уг газрыг Г.Оыг хүсэлтээ гаргахаас өмнө буюу 2002 онд хашаа хатгаж, 2004 онд газар эзэмшигчээр Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн нь Г.Оын хүсэлт болгосон газар нь миний эзэмшиж, ашиглаж байсан газартай давхцаж байгааг нотолж байна. Өөрөөр хэлбэл, Г.Оаас өмнө тухайн газрыг эзэмшихээр хүсэлт гаргасан Г.Б*******, Г.Э******* нарт газар эзэмших эрх олгосон Б*******ийн Засаг даргын захирамж нь Газрын тухай хууль зөрчөөгүй, манай хашаанд түр буусан Г.Оын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй тул бидэнд газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй байна гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 375 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Оын Б*******ийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/539 тоот захирамжийн Г.Оад холбогдох хэсгийг, 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/348 дугаартай захирамжийн иргэн Г.Б*******, Г.Э******* нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.3.1-д заасныг илт зөрчин итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М намайг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр талуудын мэтгэлцэх зарчмыг хангалгүйгээр хэргийг хянан хэлэлцсэнд гомдол гаргаж байна.2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн 2 дугаар шүүх дээр Э.Шинэбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралтай байсан гэдгийг шүүгч мэдсэн ба шүүх хурлыг илт хариуцагчийн хүсэлтээр /хариуцагч 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс амрах байсан/ энэ өдрийн 14.30 минутад товлосон. Б.М миний шүүх хурал тараагүй болно.
Хурал тараагүй байх шалтгаан нь итгэмжлэгдсэн төлөөлөгч надаас ямар нэг байдлаар шалтгаалаагүй. Би энэ өдөр шүүх хуралтай тухайгаа өмнөх шүүх хурал дээр хэлж тайлбарласан ба шүүгч ойлгон хүлээн авч өдөр 14.30 цагт товлосон мөртлөө хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй гэж дурьдсан нь бодит байдалтай эрс зөрүүтэй байна. Шүүгчийн туслахтай хурал завсарласан байхад холбогдсон ба шүүх хурлыг орхин явах боломжгүй байсан тул хуралд ирж амжаагүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасан заалтыг шүүх хэрэглэх боломжгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Иймд хэргийн оролцогчдын шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмыг хангалгүйгээр шийдвэрлэсэн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 375 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4 зааснаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжэээ.
Б*******ийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/539 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг үндэслэн дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/178 дугаар захирамжийн нэхэмжлэгч Г.От тус дүүргийн 11 дүгээр хороо, Баянбулагийн 5-48 тоот 700 мкв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт 2007 оноос хойш амьдарсан, гуравдагч этгээд нар амьдарч байгаагүй гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар гуравдагч этгээд Г.Б******* анх 2002 онд 1032 мкв газарт хашаа хатгаж, 2005 оны кадастрын зургийн нэгдсэн бүртгэлд түүний нэрээр бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.
Улмаар гуравдагч этгээд Г.Б******* нь уг 1032 мкв газрыг 2 хувааж буюу Г.Б******* 520 мкв, Г.Энхжаргаргал 513 мкв газрыг тус тус эзэмшиж авахаар холбогдох баримтыг бүрдүүлэн 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дүүргийн Газрын албанд өргөдөл гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлээгүй учир тэд 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа талаар Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасны дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өгсөн бичиг баримтууд нь судалгаанд орсон тул Нийслэлийн Засаг даргын А/644 дугаар захирамж хүчингүй болж, газар олголт хэвийн явагдаж эхэлмэгц таны газрыг олгох болно гэж хариу өгчээ.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Г.О маргаан бүхий газрыг эзэмшихээр 2012 оны 09-11 дүгээр сард хүсэлт гаргасан гэх боловч хэрэгт авагдсан баримтаар тухайн үед хүсэлт гаргасан болох нь тогтоогдоогүй, харин нэхэмжлэгчийн 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гаргасан хүсэлтийн хариу Б*******ийн Өмч, газрын харилцааны албаны 2013 оны 06 дугаар сарын 27-ны 468 дугаар албан бичигт Г.Б*******ын нэр дээр ямар ч захирамж шийдвэргүйгээр мэдээллийн санд бүртгэгдсэн байна гэснээс үзэхэд нэхэмжлэгч нь тухайн газрыг эзэмшихээр гуравдагч этгээд нараас хойш хүсэлт гаргасан бөгөөд уг газар нь Б.Б*******ын нэр дээр кадастрын нэгдсэн бүртгэлд орсон болохыг мэдэж байсныг нотолж байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж зааснаар маргаан бүхий газрын кадастрын зурагт 2005 онд Г.Б*******ын нэр бүртгэгдснийг газар эзэмших эрх гэж үзэх үндэслэлгүй боловч гуравдагч этгээд Г.Б*******, Г.Э******* нар тухайн газрыг эзэмшихээр 2012 онд хүсэлт гаргасан, уг газар нь кадастрын бүртгэлд Г.Б*******ын нэр дээр байхад Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг зөрчиж, нэхэмжлэгчийн 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хүсэлтийг үндэслэн түүнд 700 мкв газрыг эзэмшүүлсэн болох нь тогтоогдсон байна.
Иймээс дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.-д заасан эрх хэмжээний хүрээнд хууль бус захирамжаа хүчингүй болгосон нь үндэстэй.
Түүнчлэн гуравдагч этгээд нар нь маргаан бүхий газарт 2002 оноос хойш амьдарч, тухайн газрыг тэмдэгжүүлэн, кадастрын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн, 2012 онд уг газраа эзэмшихээр хуульд заасны дагуу холбогдох баримтыг бүрдүүлэн хүсэлт гаргасныг үндэслэн дүүргийн Засаг дарга 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр А/348 дугаар захирамжаар тэдэнд газар эзэмшүүлсэн нь хуульд нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Хэрэгт авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 14.30 цагт товлогдсон шүүх хуралдааныг товыг 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр мэдэж, гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд оролцоогүй байх бөгөөд тэрээр уг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцож чадахгүй талаар нотолж, шүүхэд бичгээр хүсэлт гаргаагүй байх учир түүнийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасныг зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч талыг шүүх хуралдаанд оролцуулж, мэтгэлцэх зарчмыг хангалгүйгээр шүүх хуралдааныг хийсэн гэх гомдол үндэслэлгүй юм.
Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 375 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээрүлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Б. ТУНГАЛАГСАЙХАН