Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2247

 

 

 

 

 

 

        2017           10              25  

                        2247

 

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/02794 дугаар шийдвэртэй “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.А, “Н” ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 226 843 720 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Байгалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Манай байгууллага хариуцагч Г.А, У.Батхүү нартай 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 250 000 000 төгрөгийг 120 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй бизнесийн үйл ажиллагааны зориулалтаар зээлдүүлсэн. Тухайн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч “Н” ХХК-ийн өмчлөлийн Ү-2202009937 тоот улсын бүртгэлийн дугаартай Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Жуулчны гудамж, 17/21 тоот дугаартай барилгын 2 дугаар давхарт байрлах 541.95 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Хариуцагч Г.А гэрээний хугацаанд буюу 2016 оны 11 дүгээр сар хүртэл үндсэн зээлд 77 728 272 төгрөг, зээлийн хүүд 124 237 269 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 434 459  төгрөг төлсөн боловч уг өдрөөс хойш дахин зээл төлөхгүй өнөөдрийг хүрч байна.

Нэхэмжлэгч “А” ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргасны дараагаар хамтран хариуцагч У.Батхүүд холбогдох шаардлагаас татгалзаж, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Г.Ааас нэхэмжилж байгаа юм. Учир нь, Г.А үндсэн зээлд 77 728 272 төгрөг төлсөн гэх боловч нөгөө зээлдэгч У.Батхүүгийн зүгээс талуудын авсан 250 000 000 төгрөгийн зээлээс 80 000 000 төгрөгийн зээлийг хариуцаж, тусдаа гэрээ байгуулсан тул ийнхүү үндсэн зээлийн дүн хасагдаж, 172 271 728 төгрөг болсон.

 Бид 80  000 000 төгрөгийг зээлдэгч У.Батхүүд шилжүүлэхээс өмнө зээлдэгчид үндсэн зээлд 1 367 547 төгрөг төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 248 632 453 төгрөг болсон ба 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ийнхүү 80 000 000 төгрөгийг хасах үед тухайн сарын 11 хоногийн хүү 2 279 131 төгрөг, өмнөх саруудын хуримтлагдсан хүү 4 124 104 төгрөгийг тус тус төлүүлж, үлдэх 73 596 765 төгрөгийг үндсэн зээлээс хассан. Ингээд үндсэн зээлийн үлдэгдэл 175 035 688 төгрөг болсноос хойш хариуцагч тал 2 763 960 төгрөгийг үндсэн зээлд төлж, 172 271 728 төгрөгийн үлдэгдэлтэй болсон ба 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд зээл, зээлийн хүүг төлөөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 172 271 728 төгрөг, хүү 45 446 514 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 089 302 төгрөг, нотариатын зардал 35 000 төгрөг, нийт 226 843 720 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Хариуцагч Г.А шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч “Н” ХХК-ийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлттэй байна гэжээ.

 

Хариуцагч Г.Аийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Миний бие иргэн У.Батхүүтэй хамтран нэхэмжлэгч талтай зээлийн гэрээ байгуулж, 250 000 000 төгрөгийг 120 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд нийт 203 400 000 төгрөгийг төлсөн.  Гэрээнд зааснаар тус зээлийг вакум цонхны үйлдвэрийн үйл ажиллагаанд зориулан авч, зохих ёсоор ашигласан боловч 2016 оноос эхлэн захиалгын тоо буурсан учраас зээлийг төлж чадахгүй байдалд хүрсэн. Би зээлийн үлдэгдэл 172 271 728 төгрөг болон хүүгийн тооцоолол түүнчлэн тухайн зээлийг хамт авсан У.Батхүү 80 000 000 төгрөгийг тусдаа хариуцах тухайд маргахгүй, зээлийн хүү 2 279 131 төгрөг, өмнөх саруудын хуримлагдсан хүү 4 124 104  төгрөг, үндсэн зээлд төлсөн 73 596 765 төгрөгийн нийлбэр 80 000 000 төгрөг болсон байна. Гэвч өмнөх хугацаанд зээлийн хүүг зохих ёсоор төлж байсныг харгалзан одоо нэхэмжилж буй 45 446 242 төгрөгийн зээлийн хүү болон 9 089 248 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлүүлэх хүсэлттэй байна гэжээ.

 

 Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-д тус тус зааснаар хариуцагч Г.Ааас үндсэн зээл 172 271 728 төгрөг, зээлийн хүүд 45 446 514 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9 089 302 төгрөг, нийт 226 807 544 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 35 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Г.А шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Н ХХК-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Жуулчны гудамж 17/21 дугаартай барилгын 2 дугаар давхарт байрлах үйлчилгээний зориулалттай 541.95 м.кв талбайтай Ү-2202009937 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 450 243 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 291 988 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г.А давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.  Би зээлийн өмнөх хугацаанд зээлийн хүүг зохих ёсоор төлж байсан бөгөөд “А” ХХК-иас нэмэгдүүлсэн хүү гэх 9 089 248 төгрөгийг хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь би нийт 203 400 000 төгрөг төлсөн. Мөн зээлийн эргэн төлөлтийн талаар удаа дараа уулзаж байсан, энэ тухай баримт хэргийн материалд байсаар байхад шүүхээс үүнийг харгалзан үзсэнгүй.

Шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйл 282.2 дахь хэсэгт зааснаар шүүхээс зээлийн хүүгийн хэмжээг бууруулах байтал бууруулж тооцоогүй тул шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн зарим хэсэг буюу нэмэгдүүлсэн хүү гэх 9 089 248 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зээлийн гэрээнээс үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч холбогдох хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Г.А, “Н” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 226 843 720 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Г.А, У.Батхүү нарт 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 250 000 000 төгрөгийг 120 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй зээлж, үүргийн гүйцэтгэлд “Н” ХХК-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Жуулчны гудамж, 17-21 тоот барилгын 2 дугаар давхарт байрлах 541.95 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байна.

Хариуцагч тал гэрээний хугацаанд үндсэн зээл 77 728 272 төгрөг, зээлийн хүүд 124 237 269 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 434 459 төгрөг, нийт 203 400 000 төгрөг төлсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хугацаанд биелүүлээгүй үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

 

Дээрх нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгч  нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээнээс татгалзаж, гэрээний үндсэн үүрэгт 172 271 728 төгрөг, зээлийн хүүд 34 248 580 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6 849 716 төгрөг, нийт  213 370 024 төгрөг гаргуулахыг шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, зээлийн хүүд 11 197 664 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 239 532 төгрөгийг нэмж тооцон нийт 226 843 720 төгрөг гаргуулахыг шаарджээ.

 

Шүүх хариуцагчийн хүлээх үүргийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр буюу нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан өдөр хүртэл хугацаагаар тооцож, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 226 807 544 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнтэй холбогдуулан гэрээг цуцлах, түүнтэй холбоотой шилжүүлсэн зээлийг буцаан гаргуулахаар шаардаж байх ба энэ нөхцөлд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан гэрээнээс татгалзахтай холбоотой үр дагавар үүсэх тул ийнхүү татгалзсанаас хойш гэрээний үүргийн гүйцэтгэлийг хууль болон гэрээнд заасан үндэслэлээр хариуцагчаас шаардах боломжгүй юм. Иймд шүүхэд анх хандан нэхэмжлэл гаргаснаас хойш хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тоооцох талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу байна.

 

Хариуцагч нь гэрээ цуцлахаар шүүхэд хандсан 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 213 394 524 төгрөг төлөх үүрэгтэй хэдий ч хариуцагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийн зөвхөн нэмэгдүүлсэн хүүд 9 089 248 төгрөг төлүүлэх хэсэгт давж заалдах гомдол гаргасан байх тул диспозитив зарчмын хүрээнд хариуцагчийн зөвшөөрөхгүй байгаа хэмжээг нэхэмжлэлийн хангагдсан шаардлага 226 807 544 төгрөгөөс хасч 217 718 296 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйд нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрт үнийн дүнгийн өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/02794 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “226 807 544 төгрөг” гэснийг “217 718 296  төгрөг” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “1 291 988 төгрөг” гэснийг “1 246 541 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                                 ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

             ШҮҮГЧИД                     Ш.ОЮУНХАНД

 

                                                    А.МӨНХЗУЛ