| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2020/0003/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/03 |
| Огноо | 2019-12-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 2020/ШЦТ/03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох 1923002000133 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, , боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, одоо эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Завхан аймгийн ******* сум, багийн тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын ******* Регистрийн дугаар:*******
Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 22 цагийн орчим Завхан аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байх Стандарт хэмжил зүйн газрын албаны байранд эхнэр В.*******ыг “өрөөнийхөө хаалгыг онгойлгож өгсөнгүй” гэсэн шалтгаанаар зодсон буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Б.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 22 цагийн орчимд Завхан аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байх Стандарт хэмжил зүйн газар албаны байранд эхнэр В.*******ыг “өрөөнийхөө хаалгыг онгойлгож өгсөнгүй” гэсэн шалтгаанаар зодсон хэргийн үйл баримт нь зодсон талаараа мэдүүлсэн хохирогч В.*******ын “...манай нөхөр ажил дээр согтуу хүрч ирээд намайг өрөөнийхөө хаалгыг онгойлгохгүй байна гээд манай өрөөний жижиг цонхыг гаднаас нь ...хагалчихсан юм. ...намайг хаалга онгойлгож өгсний дараа ямар ч үг дуугаралгүйгээр намайг гараараа 4-5 удаа нүүрэн тус газарт цохиж, хөлөөрөө гуян тус газарт 2-3 удаа өшиглөж миний биед гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Б.гийн “...22 цагийн үед мэдсэн. ...миний утсанд ******* залгаад би ажил дээр байхгүй ...Цагдаагийн газарт ирсэн байна гэж хэлсэн. ..би шууд Цагдаагийн газар очиж *******тай уулзсан. ...Хүзүү нь хөхөрч, бүдүүн гуяндаа хөхрөлттэй, зүүн бугуйдаа хөхөрсөн, толгойн тус газарт нь хавдсан, уруулын дотор талд урагдаж, духан дээр нь хавдаж хөхөрсөн байсан. Надад манай нөхөр намайг зодсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, Гэрч М.гийн “...Би 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 22 цагийн үед мэдсэн. Намайг ажил дээрээ байх үед ******* нь ажлынхаа өрөөний цонхон дээр цонхоороо нөхөртэйгөө хэрэлдэж маргалдаад байсан юм. Би эхлээд ямар нэгэн үг дуугаралгүй өрөөндөө сууж байтал *******ын нөхөр нь ажлынх нь өрөөний цонхыг гаднаас нь хагалчих шиг болсон .Тэгэхээр би гараад цонх хагарах шиг болохоор нь гадагш гараад Загасан нүд рестораны хажууханд зогсож байгаад цагдаад дуудлага өгчихөөд цагдаа нар ирээд *******ын нөхрийг аваад явсаны дараа ажил руугаа орсон ...Маргааш өглөө нь ажил дээрээ ирэх үед нь нүүрийг нь харахад хүзүү нь улайсан, толгойн тус газар хавдаж хөхөрсөн байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг, Хэргээ хүлээн мэдүүлсэн яллагдагч Б.*******ийн “...Би 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 22 цагийн үед *******ын ажил дээр очоод ажлынх нь өрөөний цонхон дээр *******тай үл ялих зүйлээс болж хэрэлдэж маргалдсан юм. ...Би эхнэр *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.*******ийн үйлдлийн улмаас хохирогч В.*******ын биед хөнгөн гэмтэл учирсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №000000212 дугаартай “Иргэн В.*******ын биед тархи доргилт, толгойн баруун талд хуйханд, духны баруун талд хавдар, хүзүүний баруун талд, уруулын гадна баруун талд, баруун хацарт зулгаралт, уруулын баруун дотор салстад язрал, зүүн шууны гадна доод хэсэгт, баруун сарвууны ар хэсэгт, баруун өгзөгний доор, баруун гуяны ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүгдэгч Б.******* нь иргэн В.*******ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдал, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан, мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд заасан “хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл мэндийн халдашгүй байдлыг зөрчиж түүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаангүй, иргэний нэхэмжлэгч болон хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн хохирол төлбөр нэхэмжлээгүй байна. Шүүгдэгч Б.*******ийн дээрх үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүгдэгч Б.******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр улсын яллагчийн саналын хүрээнд түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8-д заасан, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ын *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 455.000 /дөрвөн зуун тавин таван мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******д оногдуулсан 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 455.000 /дөрвөн зуун тавин таван мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03/гурав/сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 151.666 /нэг зуун тавин нэгэн мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* оногдуулсан 455 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 455000 /дөрвөн зуун тавин таван мянган/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай. 5.Шүүгдэгч Б.*******д 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6.Шүүгдэгч Б.*******ээс иргэний нэхэмжлэгч, хохирогч нар хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай. 7.Шүүгдэгч Б.******* нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА