Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/153

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0141/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч Д.И /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт А овогт Д.И-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1918008120139 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, А овогт Д.И, суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хар металлургийн инженер мэргэжилтэй, “, ам бүл 3, эх, ахын хамт ........ тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Д.И нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байрны гаднаас иргэн Ж.Ц самсунг А50 маркийн гар утсаа гээгдүүлснийг завшиж, бага хэмжээнээс дээш буюу 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

-Шүүгдэгч Д.И шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…гэм буруугийн асуудал дээр маргаан байхгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5/,

 

-Хохирогч Ж.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн ажил болох 26-р байрны цэцэрлэг рүү орж юм авах гээд 4/1 байрны аркны хажууд эмийн сангийн урд талд приус-20 маркийн *****улсын дугаартай тээврийн хэрэгслээ тавиад 26-р цэцэрлэг орсон. Тухайн үед миний самсунг А50 маркийн гар утас яг хаана байсан талаар мэдэхгүй байна. Ажил руугаа орчихоод машиндаа суугаад 97-р бракад очоод гар утсаа үзэхэд байхгүй байсан учир цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7/,

 

-Гэрч Г.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хүү И нь суманд төрсөн. Хүүхэд бага насаа миний асрамжинд өсөж том болсон. Манайх хүү И 6 настай байхад нь Дархан-Уул аймагт шилжин ирж Дархан сумын 10 дугаар баг 5 дугаар хороолол 5-р байр 1 тоотыг худалдан авч амьдарч эхэлсэн. Уг байранд одоог хүртэл амьдарч байгаа. Хүү И маань цэцэрлэгт суралцаж байгаад дараа нь 7 дугаар сургуульд 1 дүгээр ангиасаа элсэн суралцаж байгаад 2012 онд сургуулиа онц дүнтэй төгссөн юм. Сургууль төгсөөд Улаанбаатар хотод РЦНК-д Оросын холбооны улсад сургуульд суралцах шалгалтанд хамрагдаад тэнцэж 2012 ондоо Оросын холбооны улсын Ектренбургийн уул уурхайн их сургуульд метал уургийн инженерээр суралцан төгсөж 2018 онд Монгол улсдаа эргэж ирсэн. Монголдоо эргэж ирснээс хойш Росторг ХХК-д худалдааны менежерээр ажиллаж байгаа. Миний хүү И нь надтай болон төрсөн ах И хамт ам бүл 3 амьдарч байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11/,

 

-Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 20/,

 

-“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үеийн үнэ цэнэ нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 750000 /долоон зуун тавин мянга/ төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 23-24/,

 

-Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 31/,

 

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 32/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Д.И нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байрны гаднаас иргэн Ж.Ц гээгдүүлсэн самсунг А50 маркийн гар утсыг завшиж, бага хэмжээнээс дээш буюу 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.И дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийн шинжтэй байна.

 

Иймд шүүгдэгчийн дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Д.И гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирогч Ж.Ц нь гээгдүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан болох хавтаст хэргийн 32 дугаар хуудсанд авагдсан “эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл”-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч Д.И энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.И нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

 

Шүүгдэгч Д.И нь бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 9 сарын хугацаанд сард 50000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч *****тэд анхааруулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.И нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч Д.И авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч А овогт Д.И-ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 750000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А овогт Д.И-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч Д.И-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд сар бүр 50000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Д.И-д үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.И-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Я.ТУУЛ