Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2020/ШЦТ298

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0276/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,  

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч С.Л /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт .............овогт ................ ............... холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1918006150354 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 19ий өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, ................. овогт .............ын ............. /pегистрийн дугаар: .............../, ........... оны .... дугаар сарын .....-ны өдөр ............ аймгийн ........ суманд төрсөн, ......... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ....., ............ аймгийн ............. сумын .......... дугаар баг, “............” гэх газар оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч С.Л нь 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ......  аймгийн .. сумын . дүгээр баг ....  дугаар гудамжинд иргэн Ч.Э-ын гээгдүүлсэн Самсунг эс-8 загварын гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 700,000 /долоон зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч  С.Л-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас  буюу бага хэмжээнээс дээш буюу 700,000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Л нь 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ..  аймгийн .. сумын ..  дүгээр баг ..  дугаар гудамжинд иргэн Ч.Э-ын гээгдүүлсэн Самсунг эс-8 загварын гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 700,000 /долоон зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[1],

 

Эд  мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[2],

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл[3],

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[4],

 

Хохирогч Ч.Э-ын хэрэг бүртгэлтэд 2020 оны 03 дугаар сарын 02, 08 дугаар сарын 13, 08 дугаар сарын 18-ны өдөр тус тус мэдүүлсэн: ...Би 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос ..  ..  дугаар баг ....... тоотод ах Г....ын хашаанд очсон. Миний Самсунг эс-8 загварын гар утсаар хүүхдүүд хашаан дотор тоглож байгаад алга болгочихсон. Тэр үед Г ахын хашаан дотор хог ачдаг хүмүүс ирж хашаан дотроос хог ачаад явсан. Би гар утсаа алга болсныг тэр хог ачсан хүмүүс явсны дараа мэдээд цагдаад хандсан. Тэгээд хэд хоноод Улаанбаатар хот руу буцсан. Түүнээс хойш Дарханд ирж амжихгүй байсаар байгаад саяхан ирсэн. Би гээгдүүлсэн гар утасныхаа Imei кодыг  гар утас авсан “Сайн компьютер” гэдэг газраас утсаар асуусан чинь ........  гэж хэлсэн. Тэгээд энэ дугаарыг өргөдөл дээрээ бичиж цагдаад өгсөн. Тэгээд цагдаагаас энэ Imei дугаар буруу байна гэхээр нь утас авсан Сайн компьютер гэдэг газарт 2020 оны 01 дүгээр сард очиж дахин асуусан чинь ....  гэж хэлэхээр нь цагдаад хэлсэн.  Би анх мэдүүлэг өгөхдөө ах Гын хашаан дотор хүүхдүүд тоглож байгаад хаячихсан гэж бодож байсан юм. Яг үнэндээ би аавынхаа гэрээс машинтайгаа хөдлөөд ах Гын гэрт очсон юм. Би тэр хооронд гээгдүүлсэн байж магадгүй. Би яг хаана гар утсаа гээгдүүлсэн гэдгээ санахгүй байна. Би тэр өдөр аавынхаа гэр болох  .  сумын .  дүгээр баг ...  дугаар гудамжны ......  тоотоос үдээс хойш гарч явсан. Тэндээс гарч явахдаа хашааны гадаа машинаа зогсоогоод аавыг болон хүүхдүүдээ суулгачхаад хашааны хаалга хаагаад хөдөлсөн. Тэгээд хөдлөөд .........  сумын ..  дугаар багт байдаг ахынхаа гэрт очсон. Хашааны хаалга хаах үедээ уг гар утсыг унагасан байж магадгүй. Миний алдагдсан гар утас мөнгөлөг саарал өнгийн төмөр артай, 32 гега байт багтаамжтай, 2017 онд үйлдвэрлэгдсэн, Самсунг эс-8 загварын гар утас байсан. Содон шинж тэмдэг гэвэл дэлгэцийн баруун доод буланд бага зэрэг шил нь эмтэрсэн, дэлгэц бага зэрэг цууралт үүссэн байсан. Алдсан гар утсаа авсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг[5],

 

Гэрч Ц.Ц-ийн хэрэг бүртгэлтэд 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 08 дугаар сарын 25-ны 15 цагийн үед бага хүү болох Ч.Г залгаад Манайд ирж хорхог ид гэхээр нь би нөхөр, хүүхэд, гурван зээгийн хамт ..  сумын ...  дугаар баг ......  тоотод очиж гэрийн гадаа ширээ засаад тойрч сууцгаасан. Бид нарыг гэрийн гадна сууж байхад хүүхдүүд хашаан дотор гүйлдэж тоглоод, гурван хүн хог ачиж байгаа харагдсан. Тэгээд 17 цагийн үед манай охин Ч.Э-д утсаараа ярих гээд утсаа хайгаад олохгүй болохоор нь бэрийн утсаар залгахад дуудаад авахгүй байснаа холбогдохгүй болсон. Тэр утсыг 1,800,000 төгрөгөөр худалдаж аваад 2 жил орчим болж байгаа юм. гэх мэдүүлэг[6],

 

С.Л-ын гэрчээр 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр, яллагдагчаар 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тус тус мэдүүлсэн: ...Би гар утсаа 2019 оны 08 сард ..  аймгийн ...  сумын .  дүгээр баг ....-ийн .......  тоот хашаандаа байж байгаад гудамжнаас газраас олсон юм. Тэр өдөр би хөдөөнөөс Дарханд орж ирээд гэр лүүгээ харих гээд гудамжиндаа явж байхад гудамжны үзүүр хэсэгт нэг гар утас газар уначихсан байхаар нь аваад гэр рүүгээ ороод асааж үзэхэд асаж байсан. Тэгэхээр нь сим картыг нь гаргаж хаяад өөрийнхөө сим картыг хийгээд өөрөө ашигласан. Би тухайн гар утсыг олчхоод цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүйгээр шууд авч явж өөрөө ашигласан нь миний буруу.” гэх мэдүүлэг[7],

 

Хөрөнгийн үнэлгээ тогтоосон “Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “...иргэн Ч.Э-ын эзэмшлийн Samsung S8 маркийн гар утас /хэрэглэж байсан/ 1ш эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 700,000 /долоон зуун мянган/ төгрөг байна. гэх дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[8] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

Шүүгдэгч С.Л нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд улсын яллагчтай тохиролцсон торгох ялыг оногдуулж өгнө үү гэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.Л-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч С.Лыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч С.Лыг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж буюу бага хэмжээнээс дээш буюу 700,000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Л нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогч Ч.Э-ын мэдүүлэг[9]-ээр нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч С.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ........овогт С-ын Л-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР

 

 

[1] Хавтаст хэргийн 13 тал

[2] Хавтаст хэргийн 19, 20 тал

[3] Хавтаст хэргийн 21 тал

[4] Хавтаст хэргийн 28-29, 30 тал

[5] Хавтаст хэргийн 32-33, 34, 35 тал

[6] Хавтаст хэргийн 37 тал

[7] Хавтаст хэргийн 42 тал

[8] Хавтаст хэргийн 43, 44 тал

[9] Хавтаст хэргийн 35 тал