Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2018/ШЦТ/340

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0318/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,

Шүүгдэгч А.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А С холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1818006480385 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, “Э” ХХК-д операторчин ажилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, А.С / /.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.

 

Шүүгдэгч А.С нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 18 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Эрүүл мэндийн төв дотор хувийн маргааны улмаас асрагч М.Д толгойгоор нь хаалга мөргүүлж эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц А.С нь согтуурсан үедээ 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 18 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Эрүүл мэндийн төв дотор М.Д ажил үүргээ гүйцэтгэж байхад нь үл ялих зүйлээр шалтаглан толгойгоор нь хаалга мөргүүлж эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч М.Дийн мөрдөн байцаалтад өгсөн: “...хүүхэд тэвэрч ирсэн С- гэх залуу шууд миний шилэн хүзүүн дээрээс гараараа базаад боолтны өрөөний хаалга мөргүүлээд доош нь дарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12/,

Гэрч Д.С-гийн: “...Д- гээд асрагч С- намайг хаалга мөргүүлчихлээ гээд үсээ янзлаад бас салгалаад, сандраад түр зуурын шоконд ороод даралтны аппаратаар өөрийн даралтыг үзээд байхаар нь би Д-г тайвшруулаад орсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14/,

Гэрч А.У-гийн: “...боолтны өрөөнд байж байхад чи миний толгойгоор хаалга мөргүүлчихлээ гэж хэлээд Д- хэрүүл маргаан хийгээд байх шиг байсан” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 15/,

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 856 дугаартай “...М.Дийн биед тархи доргилт тогтоогдлоо. Уг гэмтэл ГЗТЖ-ын  2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18/,

Шүүгдэгч А.Сгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, согтуурсны улмаас ийм хэрэг хийсэндээ харамсаж байна” гэх мэдүүлэг  болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд А.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

А.Сд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлд заасан журмаар шийвэрлүүлэхээр шилжүүлсэн ба хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцлүүд бүрэн хангагдсан байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч М.Д нь мөрдөн байцаалтын шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Прокурор торгох ял санал болгож шүүгдэгч уг ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас прокурорын саналын хүрээнд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч А.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160-р зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  4. Шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.ГЭРЭЛТ-ОД