| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2020/0528/З |
| Дугаар | 503 |
| Огноо | 2020-08-13 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 503
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Н” ХХК /РД:.../
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам, тус яамны Тендерийн үнэлгээний хороо
Нэхэмжлэлийн шаардлага: “...” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.И, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн ерөнхий захирал Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь 2006 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд гадаад худалдаа, уул уурхай, галын тоног төхөөрөмжийн импортын үйл ажиллагаа эрхэлдэг.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ... холбогдох нээлттэй тендер шалгаруулалтад бид оролцож, тендерийн баримт бичигт заасан хугацаанд төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох www.tender.gov.mn хаягаар өөрийн тендерийг илгээсэн билээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ... тоот тендерээс татгалзсан тухай албан мэдэгдлийг манай компанид ирүүлсэн бөгөөд тус мэдэгдэлд “...” гэж заасан шаардлагыг хангаагүй гэсэн байдаг.
Дээрх үндэслэл нь манай тендерээс татгалзах бодит үндэслэл болохгүй гэж үзэж манай компани ... гомдлыг Сангийн яаманд гаргасан бөгөөд Сангийн яамны .... “Гомдол хянасан тухай” албан бичигт: “... Захиалагч “Н” ХХК-ийн саналаас тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.2-д заасан шаардлагыг хангаагүй гэж татгалзсан нь үндэслэлгүй байна. .... тендерийн баримт бичгийн дээрх шаардлагыг хангаж байна. ... Нөгөөтээгүүр “Н” ХХК ирүүлсэн гомдолдоо “Г” ХХК, “...” ХХК үйлдвэрлэгчийн зөвшөөрөл, гэрээт борлуулагчийн итгэмжлэлийг хуурамчаар үйлдсэн талаар дурдсан байна Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалт болон 14.5 дахь хэсэгт заасны дагуу тендерт оролцогч илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн байж болзошгүй тул нягтлан үзэж, хэрэв худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн нь нотлогдсон тохиолдолд “тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл”-д хамруулах саналаа тус яаманд нотлох баримтын хамт ирүүлнэ үү” гэсэн.
Үүний дараа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ... дугаар мэдэгдлээр: “... танай байгууллагаас ирүүлсэн тендерийг дахин үнэлэхэд тендерт оролцогч эрх бүхий эсэхээ илэрхийлсэн мэдэгдэл ирүүлээгүй, аудитын тайланг нотариатаар баталгаажуулаагүй тул шаардлагад нийцэхгүй байна. Иймд танай ирүүлсэн тендерээс татгалзаж байгааг үүгээр мэдэгдье” гэж манай тендерээс дахин татгалзсан. Бид дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд дахин гомдол гаргасан бөгөөд Сангийн яамны ... дугаар албан бичгээр “... “Н” ХХК-ийн тендерийн материалд эрх бүхий эсэх мэдэгдлийг ирүүлсэн байх бөгөөд тус яамны ... дугаар албан бичгээр цахим худалдан авах ажиллагааны системтэй холбогдсон мэдээллийн санд байрших мэдээллийг тендерт оролцогч ирүүлэх шаардлагагүй тухай мэдэгдсэн байтал дахин дээрх үндэслэлээр татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. ... Гэтэл Сангийн сайдын 2020 оны 194 дүгээр тушаалтын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Тендерийн үнэлгээний заавар”-ын 5.4-т заасны дагуу тендерт оролцогч нарт энэ тухай мэдэгдэж тус хугацааг сунгуулаагүй тул тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийн хүчинтэй байх хугацаа нэгэнт дуусгавар болж тендер шалгаруулалт бүхэлдээ хүчингүй болсон” гэж дүгнэсэн.
… Иймд хууль тогтоомж зөрчиж, Сангийн яамнаас баталсан дүрэм, журам, зааврын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зарласан ... ирүүлсэн тендерийн материалыг хянан үзэж, үнэлгээ хийгээгүй үнэлгээний хорооны шийдвэр, зөвлөмж, захиалагчийн татгалзал нь хууль бус бөгөөд эдгээр хууль бус үйл ажиллагаа нь манай компанийн тендерт оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.И шүүхэд гаргасан тайлбартаа: “Тус яамнаас зарласан ... тендер шалгаруулалтад оролцсон бөгөөд тус компанийн тендерийг үнэлэхэд ТОӨЗ 12.1-ийн 1-д заасан тендерт оролцогч эрх бүхий эсэхээ илэрхийлсэн мэдэгдэл ирүүлээгүй, ТОӨЗ 18.1(б) заасан аудитын тайланг нотариатаар баталгаажуулсан байх шаардлагыг хангаагүй үндэслэлээр тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг хүргүүлсэн.
“Н” ХХК-ийн Сангийн яаманд гаргасан гомдлын дагуу тус яамны ... дугаартай “Гомдлыг хянасан тухай” бичгээр “...тендерийг хүчинтэй байх хугацаа нэгэнт дуусгавар болж тендер шалгаруулалт бүхэлдээ хүчингүй болсон байна. Иймд худалдан авах ажиллагааг хуульд нийцүүлэн дахин зохион байгуулах”-ыг мэдэгдсэн.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Н” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, тус яамны Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зарласан ... тендерийн 1, 2, 3 дугаар багцад холбогдох үнэлгээний хорооны ... шийдвэр, мөн өдрийн зөвлөмжийн “Н” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах;
Тендерийн хүчинтэй байх хугацааг 15 хоногоор сунгах Сангийн яамны ... тоот зөвшөөрлийн дагуу тендерт оролцогч нарт тендерийн хүчинтэй хугацааг сунгасан мэдэгдэл хүргүүлээгүй захиалагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тендерийн хүчинтэй байх хугацааг сунгасан мэдэгдэл хүргүүлэхийг даалгах;
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ... тоот “Н” ХХК-иас ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, тендер хүчинтэй байх хугацааг сунгахыг зөвшөөрсөн эсэх талаарх мэдэгдлийг авч “Н” ХХК-ийн тендерийн материалыг хууль тогтоомжид нийцүүлэн дахин хянан үзэж, үнэлгээ хийхийг үнэлгээний хороонд даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.
2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох www.tender.gov.mn хаягаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зарласан ... тендер шалгаруулалтын Багцын дугаар 1. Үлээгч аппарат худалдан авах, Багцын дугаар 2. Галын зурвас татагч олон үйлдэлт багаж худалдан авах, Багцын дугаар 3. Үүргийн гал унтраагуур худалдан авах гэсэн нийт 3 багцад нэхэмжлэгч “Н” ХХК оролцсон байна.
Тус тендер шалгаруулалтыг ... нээсэн бөгөөд “Н” ХХК-иас ирүүлсэн саналаас “... ТОӨЗ 18.2 (г)-д “Тендерт санал болгож байгаа барааны санхүүжилтийг өөрөө бүрэн хариуцах эргэлтийн хөрөнгө болон санхүүгийн чадавхын нотолгоог ирүүлэх ба мөн санхүүжилтийн 30 хувьтай тэнцэх хэмжээний зээлийн шугам, овердрафтын эрхтэй талаар тодорхойлолт ирүүлнэ. Судлагдаагүй буюу судалсны үндсэн дээр зээл олгох боломжтой талаар тодорхойлолт ирүүлсэн тохиолдолд дээрх шаардлагыг хангаагүй гэж үзэж тухайн тендерээс татгалзах үндэслэл болно” гэж заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр татгалзсан байна.
Нэхэмжлэгч нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасныг хүлээн авч Сангийн яамны 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 6-1/3372 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгээр “... Захиалагч “Н” ХХК-ийн саналаас тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.2 (г)-д заасан шаардлагыг хангаагүй гэж татгалзсан нь үндэслэлгүй байна. ...” гэж дүгнэн тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн байна.
Үүний дараа тендер шалгаруулалтыг дахин хийж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Үнэлгээний хорооны 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаар тэмдэглэлээр “Н” ХХК-ийн 1, 2, 3 дугаар багц тус бүрээс “... ТОӨЗ 12.1-ийн 1-д заасан тендерт оролцогч эрх бүхий эсэхээ илэрхийлсэн мэдэгдэл ирүүлээгүй, ТОӨЗ 18.1 (б) заасан аудитын тайланг нотариатаар баталгаажуулаагүй тул шаардлагад нийцээгүй гэж ...” үнэлэн, улмаар “Шаардлагад нийцсэн” тендер ирээгүй учир бүх тендерээс татгалзаж, тендерийг дахин зарлах талаар зөвлөмжийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсний дагуу тус яамны ... дугаар мэдэгдлээр “Н” ХХК-ийн тендерээс татгалзаж, дахин тендер зарлахыг мэдэгдсэн байна.
Нэхэмжлэгч нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдолд Сангийн яам ... албан бичгээр “... “Н” ХХК-ийн тендерийн материалд эрх бүхий эсэх мэдэгдлийг ирүүлсэн байх бөгөөд тус яамны 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 6-1/3372 дугаар албан бичгээр цахим худалдан авах ажиллагааны системтэй холбогдсон мэдээллийн санд байрших мэдээллийг тендерт оролцогч ирүүлэх шаардлагагүй тухай мэдэгдсэн байтал дахин дээрх үндэслэлээр татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. …” гэж дүгнэсэн ч тендерийн хүчинтэй байх хугацаа нэгэнт дуусгавар болж тендер шалгаруулалт бүхэлдээ хүчингүй учир худалдан авах ажиллагааг хуульд нийцүүлэн дахин зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд мэдэгджээ.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан шүүх хуралдаан шинжлэн судалсан нэхэмжлэгч “Н” ХХК-ийн тендерийн цахим баримтуудаас үзвэл “Н” ХХК ... дугаартай албан бичгээр эрх бүхий эсэхээ илэрхийлсэн, “М” ХХК-ийн ... дугаартай “Хараат бус аудиторын тайлан”-г эх хувиар нь тендерийн баримт бичигт хавсаргасан болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч компани тендерийн баримт бичигтээ санхүүгийн тайланг нотариатаар гэрчлүүлэн, аудитын тайланг эх хувиар хавсаргасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавх болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадална”, 15 дугаар зүйлийн 15.3-д “Санхүүгийн чадавхыг дараах баримт бичгээр нотолж болно: ... 15.3.2.тендерт оролцогчийн баталгаажуулсан санхүүгийн тайлан, шаардлагатай бол аудитын дүгнэлтийн хамт;” гэж заасантай нийцсэн бөгөөд эх хувь баримтыг хавсаргасан байхад “...аудитын тайланг нотариатаар баталгаажуулаагүй…” гэж тендерээс татгалзсан нь хуульд нийцэхгүй юм.
Мөн “Н” ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 0420/20/03 дугаартай албан бичгээр “эрх бүхий эсэхээ илэрхийлсэн мэдэгдэл” гаргасан болох нь тогтоогдож байх тул Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт ТОӨЗ 12.1-д заасан “Тендерт оролцогч эрх бүхий эсэхээ илэрхийлсэн мэдэгдэл” хавсаргах шаардлагыг хангасан гэж үзлээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ... албан бичгээр гаргасан хүсэлтийн дагуу Сангийн яамны ... дугаартай албан бичгээр “... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт зааснаар тендер шалгаруулалтын хугацааг 15 хоногоор сунгасан” зөвшөөрлийг хүргүүлсэн байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Тендерийн үнэлгээг тендер хүчинтэй байх хугацаанд багтааж аль болох богино хугацаанд хийнэ”, 28.16-д “Тендер үнэлэх аргачлал, зааврыг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”, Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Тендерийн үнэлгээний заавар”-ын 5.4-т “Тендерийн хүчинтэй байх хугацааг сунгахаар шийдвэрлэсэн тохиолдолд захиалагч бүх тендерт оролцогчид мэдэгдэнэ. Тендер хүчинтэй байх хугацааг сунгахыг зөвшөөрсөн эсэх талаар тендерт оролцогч захиалагчид мэдэгдэж, зөвшөөрсөн тохиолдолд тендерийн баталгааны хугацааг сунгаж ирүүлнэ” гэж зааснаар хариуцагч тендерийн хугацаа сунгасан талаар тендерт оролцогч нарт мэдэгдээгүй буруутай байна.
Нэхэмжлэгч “Н” ХХК нь өөрийн санхүүгийн чадавхын баримтаа хангалттай ирүүлсэн байхад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Үнэлгээний хорооны ... шийдвэр, зөвлөмж, тус яамны ... дугаартай албан мэдэгдлээр дахин татгалзаж шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчмуудыг зөрчжээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;” 106.3.4-д “... эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох;” гэж зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зарласан ... болон мөн өдрийн зөвлөмжийн “Н” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Тендерийн хүчинтэй байх хугацааг 15 хоногоор сунгах Сангийн яамны ... зөвшөөрлийн дагуу тендерт оролцогч нарт тендерийн хүчинтэй хугацааг сунгасан мэдэгдэл хүргүүлээгүй захиалагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ... тоот “Н” ХХК-иас ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг хууль бус болохыг тус тус тогтоох” нь зүйтэй гэж үзлээ.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас “...тендерийн хүчинтэй байх хугацааг сунгасан мэдэгдэл хүргүүлэхийг даалгах, тендер хүчинтэй байх хугацааг сунгахыг зөвшөөрсөн эсэх талаарх мэдэгдлийг авч “Н” ХХК-ийн тендерийн материалыг хууль тогтоомжид нийцүүлэн дахин хянан үзэж, үнэлгээ хийхийг Үнэлгээний хороонд даалгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна.”, 29 дүгээр зүйлийн 29.4-д “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 15 хоногоор сунгаж болно.” гэж зааснаар тендерийн хүчинтэй хугацаа 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр дууссан тул тендерийн хүчинтэй байх хугацааг сунгасан мэдэгдэл хүргүүлэхийг даалгуулах, тендер хүчинтэй байх хугацааг сунгахыг зөвшөөрсөн эсэх талаарх мэдэгдлийг авч “Н” ХХК-ийн тендерийн материалыг хууль тогтоомжид нийцүүлэн дахин хянан үзэж, үнэлгээ хийхийг үнэлгээний хороонд даалгах боломжгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.512 дугаар зүйлийн 12.1, 15 дугаар зүйлийн 15.3.2, 24 дүгээр зүйлийн 24.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зарласан ... дугаартай шийдвэр болон мөн өдрийн зөвлөмжийн “Н” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Тендерийн хүчинтэй байх хугацааг 15 хоногоор сунгах Сангийн яамны ... тоот зөвшөөрлийн дагуу тендерт оролцогч нарт тендерийн хүчинтэй хугацааг сунгасан мэдэгдэл хүргүүлээгүй захиалагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ... тоот “Н” ХХК-иас ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг хууль бус болохыг тус тус тогтоож, үлдсэн шаардлага болох “...тендерийн хүчинтэй байх хугацааг сунгасан мэдэгдэл хүргүүлэхийг даалгах, тендер хүчинтэй байх хугацааг сунгахыг зөвшөөрсөн эсэх талаарх мэдэгдлийг авч “Н” ХХК-ийн тендерийн материалыг хууль тогтоомжид нийцүүлэн дахин хянан үзэж, үнэлгээ хийхийг Үнэлгээний хороонд даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 (тав) хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН