Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 142

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Р.Энхтуяа,

хохирогч Т.Өсөхбаяр,

шүүгдэгч Б.Галбадрах,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Сандагдулам /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 0684/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овгийн Баттулгын Галбадрахад холбогдох эрүүгийн 2016 2601 1368 дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 9 дүгээр  сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр тус шүүхийн “А-1” танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Сартуул овгийн Баттулгын Галбадрах Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Инэл Кашмер” ХХК-ийн ноолуурын үйлдвэрт преслэгч ажилтай байсан гэх, одоо эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 33 дугаар гудамжны 24 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, МХ94112430 дугаарын регистртэй.

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Б.Галбадрах нь 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянхошууны замд үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн хохирогч Т.Өсөхбаярт хүч хэрэглэн бие махбодид нь “эрүү ясны хугарал, хацарт зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Галбадрах мэдүүлэхдээ: 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байж байхад манай хүргэн дүү У.Дашпэлжээгийн автомашины бензин дууссан гээд намайг хүрээд ир гэж дуудсан. Тэгэхээр нь би өөрийн машинтай Сонгинохайрхан дүүргийн шинэ зам дээр очиж У.Дашпэлжээгийн машиныг асааж өгсөн. Тэгээд У.Дашпэлжээгийн машины хойноос нь гурван машины ард дагаад явж байхад У.Дашпэлжээгийн машины ард явж байсан нэг машин урдуур нь шахаж зогсоод манай хүргэн дүүтэй маргалдаж байсан. Би машинаасаа буугаад очиход хоёр хүн байхаар нь хохирогч Өсөхбаярын араас нь татсан чинь эргэж хараад миний хөл рүү хальт өшиглөсөн. Тэгэхээр нь Өсөхбаярын нүүрэнд нь нэг удаа гараараа цохисон. Өсөхбаяр машин налаад унасан. Босож ирээд намайг дахиад хий цохиод газар унасан. Өсөхбаяр хэсэг хугацаанд газар хэвтсэн. Өсөхбаярыг манай дүүг цохисон юм байх гэж бодоод цохисон юм. Хохирлын төлбөрт 750,000 төгрөг төлсөн. Ял шийтгэлийг хөнгөлж өгнө үү гэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Өсөхбаяр мэдүүлэхдээ: 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянхошуу явдаг шинэ замд байдаг дугуй засвар дээр Батаа, Хадаа гэдэг хоёр найзын хамт хоёр шил архи хувааж уучихаад гэр рүүгээ явах гээд такси бариад явсан. Тэгээд таксины жолоочид нэг машин зам тавьж өгөхгүй байхаар нь таксины жолооч машинаасаа буугаад явсан. Тэгэхээр нь би араас нь буугаад очсон чинь Б.Галбадрах миний хойноос татахаар нь эргээд харсан чинь миний баруун шанаа руу гараараа нэг удаа цохисон. Миний амнаас цус гараад байсан. Тэгээд Б.Галбадрахыг эргэж хараад цохих гэхэд хий цохиод газар унасан.  Эрүү хугарсан. Эрүү хугарахдаа шүдний ёзоор дайраад давхар хугарсан байсан. Шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрч байна. Шүүх эмнэлэгт тухайн үед үзүүлэхэд ам онгойхгүй, сүүлд дэлгэмэл зургаар шүд хугархай гэж гарсан. 1 дүгээр эмнэлэгт хэвтэж хагалгаанд орсон. Эм тариа авч хэрэглэсэн. Эмчилгээний төлбөрт 750,000 төгрөг хүлээн авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэв.

 

Мөн 2016 2601 1368 дугаартай эрүүгийн хэргээс хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

Мөрдөн байцаалтад хохирогч Т.Өсөхбаярын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 хороо, Магнайтрейдийн бензин колонкийн баруун талаасаа хойшоо явах замаас такси бариад хойшоо явж байгаад, буцаад уруудаад гэр рүүгээ явж байтал таксины жолоочийн ярьж байгаагаар урдуур нь нэг машин зам тавьж өгөхгүй боогоод байсан гэсэн. Тэгээд жолооч та нар яагаад байгаан бэ, гэсэн чинь өөдөөс нь хэрэлдээд, дунд хуруугаа гаргаад май гөлөгнүүдээ гэж хэлсэн гэсэн. Хэн нь тэгж хэлсэнийг нь тухайн үед согтуу байсан болохоор сайн мэдэхгүй байна. Тэгээд таксины жолооч урдуур нь хашиж зогсоод яаж байгаан бэ гээд буугаад очсон. Тэгээд байж байтал хойноос нэг залуу толинд ирж байгаа шиг харагдсан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад таксины жолооч дээр яасан юу болсон бэ гээд яриад байж байтал намайг Галбадрах гэх залуу ирээд гараараа нүүрэн тус газар цохисон. Тэгээд би ухаан алдчихсан байсан. Нэг сэрсэн чинь цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн үед гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд эрүү хугарсан, баруу шанаа хавдсан байдалтай байсан. Тэгээд би эмнэлгээр явж үзүүлээд зураг хөрөгийг нь авахуулаад Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрүү, нүүрний тасагт хагалгаанд орж эрүүгээ хадуулсан. Баруун талын доод арааны хамгийн захын шүд хагарсан байсныг авахуулсан. Одоо юм идэж ууж чадахгүй болохоор их ядаруу, эрүүний доогуур хөндүүртэй байна. Тухайн үед би нилээн согтолттой байсан. Зарим зүйлүүдээ санаад, заримыг нь санахгүй байна. 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 13 цагийн үед гэрээсээ гараад хүргэн Нямсүрэнгийн хамт оношилгооны төв рүү машин оношилгоонд оруулахаар орсон. Тэгээд тэндээсээ би замдаа буугаад толгойтын 65 дугаар сургууль орчим найз Хадаатай таараад Их нарангийн гудамжинд 2-лаа 1 шил 0,5 грамм архи хувааж уусан. Тэгээд бид 2 салаад 21 дүгээр хороолол руу алхаж яваад танил Батаатай таараад Батаа бас нэг залуутай хамт явж байсан. Тэгээд Батаа 0,5 грамм 1 шил архи аваад бид 3 шинэ замын баруун талд ачааны машин зогсоод байдаг дугуй засварын урд талд гадаа хувааж уусан. Тэгээд би харих гээд такси барьсан. Яг юунаас болж зодоон болсоныг би сайн мэдэхгүй байна. Нэг мэдсэн таксины жолооч буугаад явсан. Тэгээд хойноос нь буугаад очсон чинь нэг залуу нь намайг үгийн зөрөөгүй цохисон. Би тэд нартай маргалдаж хэрэлдээгүй хэнийг нь ч цохиогүй. Таксины жолоочийг явъя гэж хэлэх гээд очтол цохиод авсан. Би цохиулаад унасны дараа нүүр рүү өшиглөсөн гэж таксины жолооч хэлсэн...” гэх мэдүүлэг [1],

-Мөн түүний 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн: “...Би хамт явсан таксины жолооч залуутай хамгийн сүүлд 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр томографийн зураг авахуулахаар хамт Гэмтлийн эмнэлгийн урагшаа хамт явж хүргүүлсэн. Тэрнээс хойш холбоо бариагүй, уулзаагүй. ...тухайн үед эрүү хугарсан хагалгаанд ороод, 2016 оны 07 дугаар сарын 04-ний үеэр шүдний бэхэлгээгээ авахуулсан. Одоо хоол унд зүгээр идэж байгаа. Томографийн зураг авахуулахад 120,000 төгрөг, өвчин намдаах, өрөвсөл дарах эм авсан 39,600 төгрөг, Шүд эрүүний дэлгэрэнгүй зураг авахуулсан 20,000 төгрөг, ибупроден эм авсан 9,000 төгрөг, шинжилгээ хийлгэсэн 21,000 төгрөг, зүрхний бичлэг хийсэн 10,000 төгрөг, 1 дүгээр эмнэлэгт 4 хоног хэвтсэн ор хоногийн мөнгө 76,200 төгрөг хагалгааны төлбөр 150,000 төгрөг, хагалгаанд шаардлагатай Миниплет /ялтас/ 120,000 төгрөг, screw 9мм /зураг/ 4 ширхэг 80,000 төгрөг, чиг утас 4 ширхэг 48,000 төгрөг, өвчин намдаах эм 4,800 төгрөг, унааны зардалд 97,950 төгрөг нийт 795,750 төгрөгийн зардал гарсан тул нэхэмжилж байна. Миний баруун доод араа хугарсан энэ шүдийг би нэхэмжлээгүй, нэхэмжлэхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхдээ, эрүү нүүрний дэлгэрэнгүй зураг авахуулаагүй байсан. Тухайн үед эмчид шүд дээшээ сугарчихсан байсан тухайгаа хэлсэн.  Шүүх эмч ангайлгаж үзэх гэхээр миний ах ангайхгүй байсан. Толгой, эрүүний томографийн зураг авахуулсанаа үзүүлэхэд эрүү хугарсан байна гэсэн. Шүүх эмнэлэгт үзүүлсний дараа эрүү нүүрний дэлгэрэнгүй зураг авахуулсан. Энэ зургаар баруун доод талын хамгийн арын араа хугарсан байна гэсэн тул араагаа авахуулсан. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд шүд хугарсаныг мэдээгүй байсан болохоор шинжээч эмч шүдний хугарлыг оруулаагүй байх. Тухайн үед шүд хугарсан талаар би ч мэдээгүй, шинжээч эмч ч мэдээгүй байсан болохоор дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн. Одоо шүд хугарсан тал дээр ямар нэгэн гомдол санал байхгүй. ...Би машинаасаа буугаад таксины жолооч гэх залуу дээр очтол намайг гараараа нүүр рүү цохисон, тэгээд би газар унасан, унасаны дараа өшиглөсөн эсэхийг би мэдэхгүй байна, ямар ч байсан намайг цохисоныг л санаж байна. Очоод юу гэж хэлсэн юу болсон талаараа тухайн үед согтуу байсан болохоор сайн мэдэхгүй байна. ...эмчилгээний зардал болох 795,750 төгрөгийг гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг[2],

-Мөн түүний 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн: “...Би Б.Галбадрахыг зодож цохисон зүйл байхгүй. ...” [3] гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Энхтунгалагийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн “...Би 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Цэлмэг төв дээр ажил дээрээ байж байтал орой 21 цагийн үед манай нөхөр Т.Өсөхбаяр, миний танихгүй таксины жолооч гэх залуутай архи уусан согтуу, баруун талын шанаа нь хавдчихсан орж ирсэн. Хамт явж байсан таксины жолооч гэх залуу танай нөхрийг хүн зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр Т.Өсөхбаяр, таксины жолоочтой хамт Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү ирсэн. Би хойноос нь 01 цагийн үед ирсэн чинь гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн эрүү нь хугарчихсан байна гээд сууж байсан. ...Манай нөхрийн ярьж байгаагаар машинтай явж байсан чинь нэг залуу зам тавьж өгөхгүй байсны улмаас хоорондоо маргасан юм шиг байна лээ. ...” гэх мэдүүлэг [4],

 

Мөрдөн байцаалтад гэрч Л.Жүгдэрсүрэнгийн 2016 оны 06 дугаар сарын 19-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 05 дугаар сарын 17-ны орой гэгээтэй байхад цагийг нь сайн мэдэхгүй байна би хашааныхаа гадна зам дээр зогсож байтал хойноос нэг цагаан машин удаан ирж байсан. Урдуур нь саарал өнгийн япон тэрэг Архангай ноймортой машин шахаж зогссон. Саарал өнгийн машины жолооч гэх өндөр махлагдуу бор залуу бууж ирсэн. Хэрүүл болсон, удаан явж байсан машинаас жирэмсэн охин болиочээ гэхэд тэр залуу жирэмсэн эмэгтэйг хөл рүү нь өшиглөөд далангийн хажуу руу унахаа алдсан. Тэгэхээр нь би 102 руу залгаж цагдаа дуудсан. Саарал машины жолооч энэ залуучуудыг 500-н муу таксинууд гээд олон үгээр доромжлоод, их онгироо зан гаргаад байсан. Учиргүй зодолдсон үйлдэл гараагүй. Согтуу нэг залуу нь эрүү хугарчихлаа гээд сууж байсан. Өшиглөсөн, цохисон үйлдлийг би хараагүй, хоорондоо учиргүй хэрэлдээд байсан. ...” гэх мэдүүлэг [5],

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Солонгийн 2016 оны 06 дугаар сарын 19-ны өдөр мэдүүлсэн: “...Би нөхөр Дашпэлжээтэй Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын баруун талын шинэ зам дээр бензин дуусчихаад машиныхаа аваараа асаагаад явж байтал саарал өнгийн 49-20 АРХ гэсэн улсын дугаартай машинтай хүн лалар минь замаа чөлөөлөөч гээд орилоод байсан. Тэгээд урдуур шахаж зогсоод хоёр эрэгтэй хүн машинаас бууж ирээд манай нөхөр Дашпэлжээгийн нүүр рүү цохиод байсан. Замын хажуу руу явган хүний зам руу орчих гээд зам дээр явж байсан хүүхэдтэй хүнийг өнгөрөөгөөд зогссон. Тэгээд манай ах Галбадрах бид хоёрын араас машинтайгаа дагаж явж байсан. Тэгээд бууж ирээд яагаад та нар хоёулаа нийлээд хүн зодоод байгаа юм бэ гэсэн чинь Өсөхбаяр гэх согтуу ах 500-н унаа унасан, сүржэнтэй банди минь чамд ямар хамаатай юм бэ гэж эргэж хараад өшиглөсөн. Тэгэхээр нь манай ах зөрүүлээд нэг удаа нүүр рүү нь гараараа цохисон. Гэтэл Өсөхбаяр дахин цохих гэхээр нь манай ах хойшоо болчихсон чинь өөрөө урагшаа уначихсан. Таксины жолооч гэх ах машинаа унаад яваад өгсөн. Удалгүй тэр машинтайгаа хоёр танихгүй эрэгтэй хүнийг дагуулж ирээд, одоо та нарыг харна гээд ирсэн. Тэр хоёр хүнийг Өсөхбаярт ах нарыг нь дагуулаад ирлээ, одоо ална гээд байсан. Тэгээд тэр хоёр хүн манай ах, нөхөр хоёрыг барьчихсан, хориглосон байхад нь жолооч ах далимдуулж цохиж өшиглөсөн. Тэгэхээр нь би болиочээ гэсэн чинь жолооч ах намайг өшиглөөд түлхсэн. Тэгээд замын хажуу руу унахаа алдахад, манай нөхөр намайг түшиж авсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Зодоон болох үед жолооч залуу Өсөхбаярыг манай ах гээд байсан. Дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирээд хоорондоо уулзаж байгаад таксины жолооч болчихсон байсан. Манай ах Өсөхбаярын нүүрэн тус руу нь ерөөсөө өшиглөөгүй. ...” гэх мэдүүлэг [6] ,

 

Мөрдөн байцаалтад гэрч У.Дашпэлжээгийн 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн орой 20 цагийн үед ажлаасаа тараад гэрлүүгээ явах замд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Далангийн шинэ замаар урдаасаа хойшоо явж байтал бензэн тасалдаад зогссон. Тэгээд эхнэрийнхээ ах руу залгаад хүрээд ирээчээ гэсэн. Тэгээд удаагүй байж байтал ах ирсэн, ахтай цуг машинаа түрж асаагаад уруудаад Магнай трейдийн бензин колонк руу явсан. Тэгээд ах машинтайгаа хойноос дагаад, уруудаад аваараа асаачихсан удаан явж байтал хойноос ...49-20 АРХ гэсэн улсын дугаартай саарал өнгийн машин араас гэрлээ анивчуулаад замаа тавиад өгөөч гээд орилоод байсан. Бензин тасалдаад унтрах гээд байсан болохоор зогсож чадаагүй эсрэг урсгал чөлөөгүй байсан. Тэгээд ард машин гүйцэт түрүүлэх гээд эсрэг урсгал руу орж ирээд машинтай мөргөлдчих гээд л яваад байсан. Тэгээд миний урдуур шахаж зогсоод машинаасаа нэг хүнтэй бууж ирээд үгийн зөрөөгүй миний зүүн талын шанааруу хоёулаа цохисон. Тэгээд байж байтал ах Галбадрах хойноос машинаасаа бууж ирээд болиочээ ганц хүнийг хоёулаа нийлээд цохиод байхдаа яадаг юм  бэ гээд согтуу ахыг татсан чинь тэр согтуу ах эргэж хараад манай ах Галбадрахыг хөл рүү нь өшиглөсөн. Тэгээд манай ах хариу үйлдэл хийгээд нүүр рүү нь цохисон. Тэр согтуу ах манай ахыг буцааж цохих гэж байгаад өөрөө унаад босч ирэхгүй байсан. Тэгэхээр нь бид хоёр босготол, нөгөө жолооч ах бид нар руу дайрч хэл амаар доромжилж байгаад машинаа унаад яваад өгсөн. ...Тэр машины жолооч ах л учиргүй орилоод хашгичаад байсан. Тэгээд урдуур хашиж зогсож байгаад бууж ирээд намайг цохисон, тэгээд хэрүүл эхэлсэн. Би зам тавьж өгөх гэсэн боловч явган хүний замаар хүмүүс явж байсан учир боломж олдоогүй. Сүртэй юм гэсэн чинь машинаа урдуур хашиж зогсоод л хэрүүл эхэлсэн. ...Согтуу ах нь манай ахыг өшиглөсөн. Тэгэхээр нь манай ах цохисон. Манай ахыг чи юу юм бэ гээд өшиглөсөн, тэрнийг нь би харсан. Манайх ахыг өшиглөхөөр нь Б.Галбадрах эргүүлээд нүүр рүү нь цохисон. Манай ах гараараа нэг удаа л цохисон. Унахдаа баруун талынхаа шанаагаар унаад жаахан зулгарчихсан байсан тэр хэсгээс нь цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг [7],

 

Мөрдөн байцаалтад Б.Галбадрахын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн: “...2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн орой 20 цагийн үед манай хүргэн дүү Дашпэлжээ утсаар яриад миний машины бензэн дуусаад унтарчихлаа хүрээд ирээч гэсэн. Тэгээд би Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Сонгинохайрхан дүүрэг цагдаагийн нэгдүгээр хэлтсийн харалдаа баруун талын шинэ зам дээр очсон. Тэгээд машиныг нь түрж асаагаад Магнай трейдийн бензэн колонк орохоор хойноос нь өөрийнхөө машинтайгаа 3 машины хойно дагаад явж байсан чинь марк дугаарыг нь сайн мэдэхгүй байна саарал өнгийн япон машин байсан. Тэр машин манай дүүгийн хойноос чагнаалдаад гүйцэт түрүүлэх гээд цонхоороо хэрэлдээд байсан. Тэгээд урдуур нь хашиж зогсоод жолооч, жолоочийн хажууд сууж байсан нэг ах хамт бууж ирээд цонхоор нь манай дүүг цохисон. Тэгээд машинаасаа буугаад очоод яагаад байгаа юм бэ гээд араас нь татсан чинь согтуу ах намайг эргэж хараад шилбэ рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би зөрүүлээд нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэгээд дахиад намайг цохих гээд гараа далайхаар нь би хойшоо бултсан чинь машины араар унаад хэсэг байж байгаад босч ирээд эрүү хугалчихлаа гээд надруу дайраад байсан. ...Тэгээд маргалдаад байж байтал цагдаа хүрээд ирсэн. Миний цохьсон гэх Т.Өсөхбаярын эрүү нь хугарч хүндэвтэр гэмтэл гарсан юм байна лээ. ...Би нэг удаа л цохисон унасаных нь дараа өшиглөж цохисон асуудал байхгүй. ...” гэх мэдүүлэг [8],

Мөн түүний 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн орой 20 цагийн үед манай хүргэн дүү Дашпэлжээ утсаар яриад миний машины бензэн дуусаад унтарчихлаа хүрээд ирээчээ гэсэн. Тэгээд би Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Сонгинохайрхан дүүрэг цагдаагийн нэгдүгээр хэлтсийн харалдаа баруун талын шинэ зам дээр очсон тэгээд машиныг түрж асаагаад Магнай трейдийн бензэн колонк орохоор хойноос нь өөрийнхөө машинтайгаа 3 машины хойно дагаад явж байсан чинь марк дугаарыг нь сайн мэдэхгүй байна саарал өнгийн япон машин байсан тэр машин манай дүүгийн хойноос чагнаалдаад гүйцэт түрүүлэх гээд цонхоороо хэрэлдээд байсан тэгээд урдуур нь хашиж зогсоод жолооч нь, жолоочийн хажууд сууж байсан нэг ах хамт бууж ирээд цонхоор нь манай дүүг цохьсон. Тэгээд машинаасаа буугаад очоод яагаад байгаа юм бэ гээд араас нь татсан чинь согтуу ах намайг эргэж хараад шилбэ рүү өшиглөсөн, би зөрүүлээд нүүрэн тус газар нь нэг удаа цохисон.  ...” гэх мэдүүлэг [9],

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 6939 тоот актын:

“...1. Т.Өсөхбаярын биед эрүү ясны хугарал, хацарт зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /шинжээч эмч Ц.Ганболд/...” гэсэн дүгнэлт...” [10]

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Ц.Ганболдын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн: “...Т.Өсөхбаярын биед хийсэн үзлэгээр түүний нүүрэнд ямар нэгэн зулгаралт үүсээгүй. Нүүрний баруун талын хацар хэсгээр хавдсан байдалтай байсан. Т.Өсөхбаярын хацарт үүссэн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Эрүү ясны хугарал, хацарт зөөлөн эдийн няцралт гэмтэл нь бүхэлдээ гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Т.Өсөхбаярын эрүү ясны гэмтэл нь шинэ гэмтэл, тухайн цаг хугацаанд 1 удаагийн үйлчлэлээр өшиглөх буюу цохих үед үүсэх боломжтой. Т.Өсөхбаярын биед учирсан эрүү ясны хугарал нь унах үед үүсэх боломжгүй. Өшиглөх цохих үед эрүү ясны хугарал үүсэх боломжтой...” [11] гэх мэдүүлэг,

-Хохирогч Т.Өсөхбаярын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаархи өвчний түүхийн хуулбар [12],

-Хохирогчийн гэм хорын хохирол нэхэмжилсэн баримтууд [13],

-Хохирогчийн хохирлын мөнгө авсан тухай баримт [14],

-Шүүгдэгч Б.Галбадрах хохирогч Т.Өсөхбаярт 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хохирол 750,000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай мөрдөн байцаагчийн тэмдэглэл [15],

-Шүүгдэгч Б.Галбадрахын иргэний үнэмлэхийн лавлагаа[16], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [17] болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Галбадрах нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянхошууны замд үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн иргэн Т.Өсөхбаярт хүч хэрэглэн бие махбодид нь “эрүү ясны хугарал, хацарт зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-мөрдөн байцаалтад хохирогч Т.Өсөхбаярын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн: “... Таксины жолооч буугаад явахаар нь хойноос нь буугаад очсон, таксины жолооч дээр яасан юу болсон бэ гээд яриад байж байтал намайг Галбадрах гэх залуу ирээд гараараа нүүрэн тус газар цохисон. ...Би тэд нартай маргалдаж хэрэлдээгүй хэнийг нь ч цохиогүй. Таксины жолоочийг явъя гэж хэлэх гээд очтол цохиод авсан. Би цохиулаад унасны дараа нүүр рүү өшиглөсөн гэж таксины жолооч хэлсэн...” гэх мэдүүлэг[18],  мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

-гэрч О.Энхтунгалагийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн “...Би 2016 оны 05 дугаар сарын 17-ны ...орой 21 цагийн үед манай нөхөр Т.Өсөхбаяр, миний танихгүй таксины жолооч гэх залуутай архи уусан согтуу, баруун талын шанаа нь хавдчихсан орж ирсэн. Хамт явж байсан таксины жолооч гэх залуу танай нөхрийг хүн зодчихлоо гэж хэлсэн. Би хойноос нь 01 цагийн үед ирсэн чинь гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн эрүү нь хугарчихсан байна гээд сууж байсан. ...Манай нөхрийн ярьж байгаагаар машинтай явж байсан чинь нэг залуу зам тавьж өгөхгүй байсны улмаас хоорондоо маргасан юм шиг байна лээ. ...” гэх мэдүүлэг [19],

-гэрч Л.Жүгдэрсүрэнгийн 2016 оны 06 дугаар сарын 19-ны өдөр мэдүүлсэн: “...Саарал машины жолооч энэ залуучуудыг 500-н муу таксинууд гээд олон үгээр доромжлоод, их онгироо зан гаргаад байсан. ...Согтуу нэг залуу нь эрүү хугарчихлаа гээд сууж байсан, ...хоорондоо учиргүй хэрэлдээд байсан. ...” гэх мэдүүлэг [20],

-гэрч Б.Солонгийн 2016 оны 06 дугаар сарын 19-ны өдөр мэдүүлсэн: “...Өсөхбаяр гэх согтуу ах 500-н унаа унасан, сүржэнтэй банди минь чамд ямар хамаатай юм бэ гэж эргэж хараад өшиглөсөн. Тэгэхээр нь манай ах зөрүүлээд нэг удаа нүүр рүү нь гараараа цохисон. ...” гэх мэдүүлэг [21] ,

-гэрч У.Дашпэлжээгийн 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...49-20 АРХ гэсэн улсын дугаартай саарал өнгийн машин араас гэрлээ анивчуулаад замаа тавиад өгөөч гээд орилоод байсан. ...тэгээд миний урдуур шахаж зогсоод машинаасаа нэг хүнтэй бууж ирээд үгийн зөрөөгүй миний зүүн талын шанаа руу хоёулаа цохисон. Тэгээд байж байтал ах Галбадрах хойноос машинаасаа бууж ирээд болиочээ ганц хүнийг хоёулаа нийлээд цохиод байхдаа яадаг юм бэ гээд согтуу ахыг татсан чинь тэр согтуу ах эргэж хараад манай ах Галбадрахыг хөл рүү нь өшиглөсөн. Тэгээд манай ах хариу үйлдэл хийгээд нүүр рүү нь цохисон...” гэх мэдүүлэг [22],

-шүүгдэгч Б.Галбадрахын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн: “...машинаасаа бууж очоод яагаад байгаа юм бэ гээд араас нь согтуу ахыг  татсан чинь намайг эргэж хараад шилбэ рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би зөрүүлээд нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэгээд дахиад намайг цохих гээд гараа далайхаар нь би хойшоо бултсан чинь машины араар унаад хэсэг байж байгаад босч ирээд эрүү хугалчихлаа гээд над руу дайраад байсан...” гэх мэдүүлэг [23], 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...би зөрүүлээд нүүрэн тус газар нь нэг удаа цохисон тэгээд дахиад намайг цохих гээд гараа далайхаар нь би хойшоо бултсан чинь машины араар унаад тэгээд хэсэг байж байгаад босч ирээд эрүү хугалчихлаа гээд надруу дайраад байсан. ...” гэх мэдүүлэг [24], түүний шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 6939 тоот акт, дүгнэлт [25],  шинжээч эмч Ц.Ганболдын мэдүүлэг [26], хохирогч Т.Өсөхбаярын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар [27] болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Галбадрах нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Өсөхбаярыг нэг удаа нүүрэн тус газар нь цохисон. Намайг цохих гэж байгаад хий цохиж газарт унасан гэж гэм буруугийн талаар маргасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдийн улмаас хохирогч Т.Өсөхбаярын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй.

Тухайн өдөр хэрэг маргаан нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Баянхошууны замд буюу нийтийн эзэмшлийн зам талбайд олон нийтийн газар болсон байна. Мөн тухайн өдөр хохирогч Т.Өсөхбаяр, шүүгдэгч Б.Галбадрах нар нь бие биенээ таньдаггүй байсан байх ба Б.Галбадрах нь Т.Өсөхбаяртай “та нар хоёулаа нийлээд яагаад хүн дээрэлхээд байгаа юм бэ” гэх үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн халдашгүй чөлөөтэй байх эрхийг нь зөрчиж, хэрүүл маргаан үүсгэн танхайрч, танхайрах явцдаа бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн байна.

Түүнчлэн тус хэрэг маргаан гарахад хохирогч Т.Өсөхбаярын  зүй бус үйлдэл, үйл ажиллагаа нөлөөлсөн байна. Хохирогч нь согтуурсан үедээ мөн хэрүүл маргаан үүсгэсэн, бусад руу дайрч, түүнтэй хэн нэгэн маргаан үүсгээгүй байхад маргалдаж байсан хүмүүс дээр очиж бусдыг хэл амаар доромжлох зэрэг зүй бус үйлдэл гаргасан байгааг дурдах нь зүйтэй байна.

Мөн хохирогч Т.Өсөхбаяраас нь мөрдөн байцаалтын шатанд энэ хэргийн улмаас эрүү хугарснаас гадна баруун доод талын араа шүд хугарсан байсан, энэ талаар шинжээчид үзүүлэх үед ам хавдсан байсны улмаас бүрэн ангайлгаж үзүүлж чадаагүй, дараа нь эрүүний дэлгэмэл зураг авахуулахад шүд хугарсан байсныг мэдсэн гэж мэдүүлсэн.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т.Өсөхбаярын биед эрүүний ясны хугарал, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон байх ба хохирогчийн хугарсан гэх шүдний талаар дүгнэлтэд тэмдэглэгдээгүй байна.

Шүүх хуралдаанд хохирогч Т.Өсөхбаяр нь эрүү хугарах үед ёзоор шүд давхар хугарсан байсан. Шүд хугарсан асуудлаар дахин шалгуулах шаардлагагүй, энэ талаар гаргах хүсэлтгүй, мөн шүдний хохирлын талаар нэхэмжлэх зүйлгүй, шинжээчийн гаргасан 6939 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдүүлсэн тул шүүх энэ талаар нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Галбадрахад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх ба шүүгдэгч Б.Галбадрахыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

Харин Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Галбадрахыг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч хэрэгт цугларсан баримтуудаар гэмт хэрэг нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр үйлдэгдсэн байх тул гэмт хэрэг гарсан цаг хугацааг шүүх зөвтгөн дүгнэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар.

            Тус гэмт хэргийн улмаас хохирогч Т.Өсөхбаярын бие махбодид эрүү хугарсан хүндэвтэр гэмтэл учирсан ба мөрдөн байцаалтад хохирогч Т.Өсөхбаяр нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд эм тарианы 9,000 төгрөг, томографийн зураг авахуулсаны 120,000 төгрөг, шинжилгээний төлбөр 21,000 төгрөг, зүрхний бичлэг хийлгэсэн 10,000 төгрөг, амохиклов 875-125 1 таплитек-25,200 төгрөг, Перихол 0,25х10 нэг таплитек-400 төгрөг, Ибупрофен денк 400мг 5 таплитек-14,000 төгрөг, шүд эрүү, нүүрний дэлгэрэнгүй зураг авахуулсан 20,000 төгрөг, шатахууны зардал 97,950 төгрөг, 1-р эмнэлэгт хэвтсэн ор хоногийн төлбөр 76,200 төгрөг,  хагалгааны төлбөр 150,000 төгрөг, Диклоденк /100мг/ өвчин намдаах эм-4,800 төгрөг, Миниплет /ялтас/-120,000 төгрөг, screw 9мм /зураг/ 4 ширхэг-80,000 төгрөг, чиг утас 4 ширхэг-48,000 төгрөг зэрэгт нийт 796.550 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шүүгдэгч Б.Галбадрах нь хохирогч Т.Өсөхбаярт 750,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл [28], шүүх хуралдаанд хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдсон.

Шүүх хуралдаанд хохирогч Т.Өсөхбаяр нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Галбадрахыг түүнд төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Гурав. Шүүгдэгчийн хувийн байдал болон бусад асуудлын талаар.

  Шүүгдэгч Б.Галбадрах нь 2016 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар [29] Цагдаагийн ерөнхий газрын МСТТ-ын санд бүртгэгдээгүй буюу ялгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Галбадрахад ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийг хэрэглэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Б.Галбадрах цагдан хоригдсон хоноггүй, түүнийг бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297.1.1-297.1.4, 298, 299 дүгээр зүйлийн 299.3-р зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1.Шүүгдэгч Сартуул овгийн Баттулгын Галбадрахыг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Баттулгын Галбадрахыг 3 (гурав) жил 7 (долоо) хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

 3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Галбадрахад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

 4.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Галбадрах цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Т.Өсөхбаярт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

 5.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Галбадрахад оногдуулсан 3 (гурав) жил 7 (долоо) хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 (нэг) жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Галбадрахад урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Галбадрахад авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.АЛТАНТУЯА

 

 

 


[1] Хавтаст хэргийн 9-10 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 11-12 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 13 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 14 дүгээр тал.

[5] Хавтаст хэргийн 15-16 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 17-19 дүгээр тал.

[7] Хавтаст хэргийн 20-21 дүгээр тал.

[8] Хавтаст хэргийн 33-34 дүгээр тал.

[9] Хавтаст хэргийн 36-37 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 26 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 29 дүгээр тал.

[12] Хавтаст хэргийн 41-65 дугаар тал.

[13] Хавтаст хэргийн 72-74 дүгээр тал.

[14] Хавтаст хэргийн 67 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 68 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 78 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 75 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 9-10 дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 14 дүгээр тал.

[20] Хавтаст хэргийн 15-16 дугаар тал.

[21] Хавтаст хэргийн 17-19 дүгээр тал.

[22] Хавтаст хэргийн 20-21 дүгээр тал.

[23] Хавтаст хэргийн 33-34 дүгээр тал.

[24] Хавтаст хэргийн 36-37 дугаар тал.

[25] Хавтаст хэргийн 26 дугаар тал.

[26] Хавтаст хэргийн 29 дүгээр тал.

[27] Хавтаст хэргийн 41-65 дугаар тал.

[28] Хавтаст хэргийн 68 дугаар тал.

[29] Хавтаст хэргийн 75 дугаар тал.