Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/0549

 

“Баянконстракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цогхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хаш-Эрдэнэ, гуравдагч этгээд “Зоос банк”-ны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Болд, гуравдагч этгээд “Эрэл банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбат, гуравдагч этгээд “Эрэл банк” ХХК-ийн өмгөөлөгч Б.Баярмаа, гуравдагч этгээд “Мега конкрит” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галмандах нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 202 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Баянконстракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 202 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Баянконстракшн” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 523 дугаар захирамжийн “Эрэл” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Баянконстракшн” ХХК-ийн захирал Т.Эрдэнэбатхаан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Нийслэлийн хувьчлалын комиссын 1994 оны 06 дугаар сарын 17-ны өдөр явагдсан дуудлага худалдаагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах байшин үйлдвэрлэх “Гурван нуур” ХХК-ийн хөрөнгийг “Эрэл” ХХК нь худалдан авсан бөгөөд 1994 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “Эрэл” компанид байшин үйлдвэрлэх комбинатыг хүлээлгэн өгсөн акт, түүний хавсралт, 2000 онд хийгдсэн “Эрэл” ХХК-ийн салаа төмөр замуудын бүдүүвч зураг зэрэг баримтаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 523 дугаар захирамжаар “Эрэл” ХХК-ийн эзэмшил газрын талбайн хэмжээг нэмэгдүүлэн баталгаажуулсан гэсэн тайлбар үндэслэлтэй байна” гэжээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 1994 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “Эрэл” компанид байшин үйлдвэрлэх комбинатыг хүлээлгэн өгсөн акт, түүний хавсралт, 2000 онд хийгдсэн “Эрэл” ХХК-ийн салаа төмөр замуудын бүдүүвч зурагт эдэлбэр газрын хэмжээг огт дурдаагүй бөгөөд хэдэн м.кв газрыг эзэмшүүлсэн эсэхийг хөтөлбөргүй тогтоогоогүй байж шүүх 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 523 дугаар захирамжаар “Эрэл” ХХК-ийн эзэмшил газрын талбайн хэмжээг нэмэгдүүлэн баталгаажуулсан гэх тайлбар үндэслэлтэй гэж үзсэн нь хууль бус юм.

Мөн Нийслэлийн өмч хувьчлалын комиссын 1994 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 90 дүгээр тодорхойлолтоор “Гурван нуур” компанийн хөрөнгөд 2.94 км урттай төмөр зам орсон тул Нийслэлийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 523 дугаар захирамжаар “Эрэл” ХХК маргаан бүхий газрыг шинээр   эзэмшүүлээгүй, газрын талбайн хэмжээг нэмэгдүүлэн эзэмшүүлсэн гэж шүүхээс дүгнэсэн нь ойлгомжгүй байгаа бөгөөд “Гурван нуур” компанийн төмөр замын урттай нэхэмжлэгч огт маргалдаагүй, зөвхөн “Эрэл” ХХК-д газар эзэмшүүлэх эрх олгохдоо Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг баримтлаагүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан. Шүүхээс “Эрэл” ХХК маргаан бүхий газрыг шинээр эзэмшүүлээгүй, газрын талбайн хэмжээг нэмэгдүүлэн эзэмшүүлсэн гэж үзсэн нь газрыг нэмэгдүүлэн эзэмшүүлж байгааг шинээр олгосон гэж үзэхгүй, хуучин эзэмшиж байсан газрын хэмжээг баталгаажуулсан гэж тайлбарлаж байгаа нь хууль зөрчсөн дүгнэлт гаргасан байна.

Анхан шатны шүүхээс тухайн хэрэг маргааныг үнэн зөв, нэг мөр шийдвэрлэхийн тулд “Баянконстракшн” ХХК-ийн маргаан бүхий 7000 м.кв газрын аль хэсэгт нь Зоос банкны барьцаанд байгаа “Мега конкрит” ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэр болон 1 давхар ажилчдын байр байгаа эсэх, аль хэсэгт нь “Эрэл” компанийн эзэмшлийн кирамзитын үйлдвэр, төмөр зам байгааг тогтоох шаардлагатай байсан ба энэ талаар шүүхэд хүсэлт гаргасан боловч хүлээн авч шийдвэрлээгүй. Ингэснээр шүүх тухайн үйл баримтад бодитой дүгнэлт өгч чадалгүй, маргаан бүхий 7000 м.кв газрыг хууль зөрчин бүхэлд нь “Эрэл” ХХК-д өгсөн Нийслэлийн Засаг даргын 523 дугаар шийдвэрийг зөвтгөн, бусдын үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлж, эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргалаа.

Маргаан бүхий газар дээр байрлах нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын эд хөрөнгийн байршлыг тогтоосноор 7000 м.кв газрын аль хэсгийг нь “Эрэл” ХХК-д олгох боломжтой эсэх, аль хэсэгт нь дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зарлах боломжтой зэрэг дээр дүгнэлт хийх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газрын холбогдох хэсэг буюу “Эрэл” ХХК-ийн кирамзитын агуулах, төмөр зам байрлах газрыг л тус компанид эзэмшүүлэх боломж байснаас биш газрыг бүхэлд нь буюу “Баянконстракшн” ХХК, “Мега конкрит” ХХК, Зоос банкны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчин бүхэлд нь олгож шийдвэрлэсэн нь бусдын өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.

Мөн нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэл болох Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий газрыг “Эрэл” ХХК-д эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасныг зөрчин дуудлага худалдаа, төсөл шалгаруулах замаар газрын асуудлыг шийдвэрлэлгүй нэг этгээдэд давуу эрх олгон шийдвэрлэсэн тухайд анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцсэнгүй. Учир нь, маргааны үйл баримт бүрт дүгнэлт хийж, нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан шалгаж, үндэслэлтэй дүгнэж шийдвэрлээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 202 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

   Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

   “Баянконстракшн” ХХК нь “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 523 дугаар захирамжийн “Эрэл” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

   Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 25 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Хөнгөн бетон” ХХК-ийн хойд талд байршилтай 0.7 га газрыг нэхэмжлэгч “Баянконстракшн” ХХК-д 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

   Нэхэмжлэгч “Баянконстракшн” ХХК-ийн дээрх газар эзэмших эрхийн хугацаа нь 2011 оны 02 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болсон бөгөөд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж заасны дагуу газар эзэмших гэрээ болон гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан хугацаанд гаргаагүй байна.

   “Эрэл” ХХК нь 1994 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Нийслэлийн Өмч хувьчлалын комиссын дуудлага худалдаагаар маргаан бүхий газарт байрлах Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт оршин Байшин үйлдвэрлэх “Гурван нуур” ХХК-ийн хөрөнгийг худалдан авсан болох нь 1994 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “Улаанбаатар хотын Байшин үйлдвэрлэх 1-р комбинатыг дуудлагын худалдаагаар худалдан авсан геологийн “Эрэл” компанид хүлээлгэн өгсөн акт” болон хөрөнгийн жагсаалт, түүний үндсэн хөрөнгө болох 2.94 км урттай төмөр замын схем зураг, Нийслэлийн Өмч хувьчлалын комиссын 1994 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 90 дүгээр тодорхойлолт, 1994 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Өмчлөгчийн эрхийн 407 тоот гэрчилгээ” зэргээр тогтоогдсон.

   Дээрх баримтаас үзэхэд гуравдагч этгээд “Эрэл” ХХК нь Байшин үйлдвэрлэх “Гурван нуур” ХХК-ийн хөрөнгийг худалдан авснаар уг эд хөрөнгийн оршин байгаа газрыг бүхэлд нь эзэмших эрх үүссэн, уг “Эрэл” ХХК-ийн эд хөрөнгө байгаа газартай давхцуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 25 дугаар захирамжаар “Баянконстракшн” ХХК-д 7000 м.кв газар эзэмшүүлсэн, мөн “Эрэл” ХХК нь 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “... нийт 10.311.7 м.кв газрыг нэмж баталгаажуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг Нийслэлийн газрын албанд гаргасан зэргээр Нийслэлийн Засаг даргын 2009 оны 527 дугаар захирамжаар “Эрэл” ХХК-д 194673 м.кв газар эзэмшүүлэхдээ эд хөрөнгө байгаа газрыг бүхэлд нь олгоогүй байна.

   Тодруулбал, Нийслэлийн Өмч хувьчлалын комиссын 1994 оны 17 дугаар тогтоолоор худалдан авсан эд хөрөнгийн доорх газраас 7000 м.кв газрыг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчиж дүүргийн Засаг даргын 2006 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 25 дугаар захирамжаар “Баянконстракшн” ХХК-д газар эзэмшүүлсэн буруу байсан тул Нийслэлийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 523 дугаар захирамжаар “Эрэл” ХХК-д 199739 м.кв газар эзэмшүүлсэн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4-д заасантай нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

   Өөрөөр хэлбэл, дээрх дүгнэлт болон нотлох баримтуудаар маргаан бүхий газрыг Газрын тухай хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэгч “Баянконстракшн” ХХК нь анхнаасаа эзэмшсэн буруу болох нь тогтоогджээ.

   Тиймээс анхан шатны шүүх, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 523 дугаар захирамж нь Газрын тухай хуульд нийцсэн, нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн хөндөөгүй талаар хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзлээ.

   Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зөв гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 202 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                                         Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                         Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                         Э.ХАЛИУНБАЯР