Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2017/ШЦТ/257

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0232/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Шүрэнчимэг ,

Улсын яллагч Н.Идэр,

Хохирогч Б.Б,

Шүүгдэгч Ж.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С овгийн Ж-н Д-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1718000460007 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972.10.02-ны өдөр ..... аймгийн ..... суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа  хот хооронд тендерт явдаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ...... аймаг, .... сум, ....-р баг, ..... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай, С овогт Ж-н Д / РД:......./,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Д нь 20.. оны ... дугаар сарын ...-ны өдөр ..... аймгийн ..... сумын .... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сая сая баялаг” нарийн боовны цехийн гадна иргэн Б.Б-тай маргалдаж заазуураар цээж, гаран тус газар нь зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Ж.Д нь .... оны .... дугаар сарын .....-ны өдөр ..... аймгийн .... сумын .... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.....” нарийн боовны цехийн гадна иргэн Б.Б-тай маргалдаж заазуураар цээж, гаран тус газар нь зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Ж.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017.07.05-ны өдөр манай эхнэр гадаа хүнтэй маргаад байх шиг байсан. Би унтаж байсан болохоор өндийгөөд цонхоор хартал 2 хүн өр нэхээд байх шиг байсан. Тэгэхээр нь би наад хүмүүстээ манайд өглөгтэй хүмүүсийн нэрийг өгөөд явуулчих. Тэр хүмүүсээс очиж өрөө ав гэж хэл гэтэл Б-тай хамт явж байсан хүн нь чи юу гээд хуцаад байгаа юм бэ? чаддаг юм бол гараад ир гэсэн. Би гарч очоод тэр хүнтэй зууралдаж байгаад тавиад цаашаа контейнер руу явж байхад хохирогч машины багаажнаасаа төмөр гаргаад ирсэн. Тэгтэл контейнер дотор заазуур байхаар нь би тэрийг аваад хохирогч дээр очсон. Бид 2 зууралдаж байтал би хохирогчийн цээжин хэсэгт зүссэн байсан. Би хутга барьж буруу зүйл хийсэн гэдгээ ойлгосон. Би тухайн үед унтаж байгаад гарч ирсэн учир нойрмог байсан. Тэр нөлөөлсөн байх гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манайх Баялаг цехэд гурил нийлүүлсэн боловч мөнгөө өгөхгүй утас руу нь залгахаар утсаа авахгүй байсан. Ж.Д-н эхнэр нь .... цехийг ажилуулдаг юм. ..... цехэд очоод Ж.Д-н эхнэртэй уулзаад танайх яагаад мөнгөө өгөхгүй байгаа юм бэ гэтэл цаанаас нь нэг хүн цонхоор шагайгаад наад хүмүүсээ авлагатай хүмүүс рүүгээ явуул гээд байсан. Лувсанцэрэн уурлатал Ж.Д гарч ирээд Л-тэй барьцалдаад авсан. Л тухайн үед хүнд хагалгаанд орсон байсан. Тэр хоёрыг барилцаж байхад нь би дундуур нь орж салгасан. Гэтэл Ж.Д контейнер луу ороод заазуур аваад гар хөл нь чичрээд ална гээд дайраад байсан. Тэгэхээр нь би машины ард байсан майхны холбоос төмөр аваад бид 2 барилцаж аваад байж байтал Ж.Д миний цээжин хэсэгт зүссэн байсан. Цус гараад бид сандраад эмнэлэг ороод боолт хийлгээд цагдаад хандсан. Орой нь Ж.Д утасдаад чи цагдаад өгсөн байна, хариугүй эр байна гээд байсан. 2017.08.27-ны шүүх дээр мөн таараад шүүхийн ар талын сааданд сууж байгаад намайг хэл амаар доромжлоод байсан. Би “чи согтуу байна чамтай юм ярихгүй” гэж хэлээд явсан. Нэхэмжлэх зүйлгүй боловч Ж.Д-н үйлдлээс болж амиа алдах шахсандаа  гомдолтой байна гэх мэдүүлэг,

 

Гэрч Н.Л мөрдөн байцаалтад өгсөн: ... Баялаг нарийн боовны цех дээр очиход Б нэг эмэгтэйтэй өр авлагын талаар ярилцаж байтал дээд талын цонхоор нэг эрэгтэй хүн бид 2 ч гэсэн авлагатай хүн зөндөө байна, наад муу хоёртоо авлагатай хүмүүсийнхээ нэрийг өгөөд явуул гэсэн. ... Тэгээд би машин дотроос хараад сууж байхад заазуур хаана байна гээд орилоод байсан. Тэгээд Б машин руу ойртож ирэхэд нөгөө залуу заазуур бариад Б-г машин тойруулаад хөөгөөд байсан. Тухайн үед Б гартаа 40-50 см орчим урттай нарийн төмөр барьчихсан байсан. ... Анхандаа би тэр залууг согтуу байна гэж бодож байсан. Ойртоход эрүүл байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

Гэрч Л.Я-н мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр ажил руугаа орж ирэх үед 2 залуу намайг сайн байна уу гээд уулзсан. Тэгээд тэр хүмүүс үлдэгдэл 1.410.000 төгрөгийн өрөө барагдуулаач гэж хэлэхэд манай нөхөр хажуугийн өрөөнөөс авлагатай хүмүүс рүүгээ яриач ээ, эсвэл наад хүмүүстээ авлагатай хүмүүсийнхээ дугаарыг өгөөд явуулаач гэж хэлсэн. Тэгэхэд хөл муутай залуу нь чи юу гээд хуцаад байгаа юм бэ? хуцаад байхаар эр хүн шиг гараад ир гэж хэлсэн. ... Тэгээд байж байтал манай нөхөр урд талын склад болон өрөөгөөр орж гараад явж байтал нөгөө залуу нь машинаасаа төмөр бариад гараад ирсэн. Тэр үед манай нөхөр цех рүү гүйж ороод ногоон өнгийн иштэй заазуур бариад гараад ирсэн. Тэгээд тэр 2 төмөр заазуур хоёроор 2-3 удаа цохилцсон ... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 707 дугаартай:  Б.Б-н биед цээжний баруун өмнө болон баруун шуун дахь шарх тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой.

Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 26/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ж.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Д нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Б нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

2. Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

 

Шүүгдэгч Ж.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх,  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзээд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Ж-н Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Хохирогч Б.Б нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-г 1000 нэгж /мянган нэгж/-тэй тэнцэх хэмжээ буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох  ял шийтгэсүгэй.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ИХТАМИР