Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2263

 

 

 

 

 

 

        2017           10               30

                         2263

 

 

Г.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/01762 дугаар шийдвэртэй Г.Эын нэхэмжлэлтэй хариуцагч “М” ХХК-д холбогдох

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн  болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, байгууллагад учруулсан хохиролд 2 477 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй  иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

            Нэхэмжлэгч Г.Эын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие 2015 оны 11 дүгээр сард “М” ХХК-ийн маркетинг борлуулалтын албаны захирлын тушаалаар худалдааны төлөөлөгчийн ажилд хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Улмаар 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “М” ХХК-ийн захирал А.Отгондарьтай 16/55 дугаар хөдөлмөрийн гэрээ байгуулан тус компанид суваг хариуцсан худалдааны төлөөлөгчөөр ажилласан. Миний бие ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээ, компанийн дотоод дүрэм журмаар хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлж, өдөр тутмын ажлаа цаг тухайд нь хийж гүйцэтгэж байсан. Гэтэл “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 58 дугаар тушаалаар  ажлаас чөлөөлөгдсөн. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасныг үндэслэлгүйгээр хэрэглэсэн буюу ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын  шийтгэлийг ажилтан Г.Эод ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгож хэрэглээгүй.   Мөн тушаалд Хөдөлмөрийн гэрээний 10.2, 10.3 дахь заалтыг үндэслэсэн байх боловч 10.3.1-10.3.29 хүртэлх заалтын аль нэгийг нэрлэн заагаагүй, тодорхой бус байна.

Ажил хөдөлмөрийн ур чадвар дутмаг гэдгийг тодорхойлсон шалган тогтоосон, хэлэлцсэн хурлын тэмдэглэл байхгүй. Хөдөлмөрийн гэрээний 10.3.3 дахь хэсгийг үндэслээд ажил хөдөлмөрийн ур чадвар дутмаг гэдгийг хөдөлмөрийн ноцтой зөрчилд оруулсан нь хууль бус гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т ажилтан, хөдөлмөрийн ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын болон түвшин тогтоох комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлалын комиссын албан ёсны шийдвэр гаргасан байхыг ойлгоно. Хөдөлмөрийн гэрээ болон тушаалд ажил мэргэжлийн ур чадвар дутмагаас гэрээгээр хүлээсэн үүргээ 80-аас доош хувь биелүүлсэн гээд байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцогдохгүй. Иймд Г.Эод тохирох сахилгын шийтгэлийг ногдуулаагүй буюу сахилгын шийтгэлийн хүндэдсэн хэлбэрийг авсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.  

 

            Хариуцагч “М” ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Г.Эыг 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр борлуулалтын ажилтны албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд авсан, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс суваг хариуцсан худалдааны төлөөлөгчийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Г.Этой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.3.3-т заасан ажилтан мэргэжлийн ур чадвар дутмагаас гэрээгээр хүлээсэн үүргээ 80-аас доош хувиар биелүүлсэн гэсэн зөрчил гаргасан. Мөн Хөдөлмөрийн гэрээний 10.3.11-т заасан ноцтой зөрчил гаргасан. Ажилтан 2017 оны 02 дугаар сарын борлуулалтын төлөвлөгөөний гүйцэтгэл 40 хувиас доош гүйцэтгэлтэй ажилласан нь ажлын гүйцэтгэлийн үнэлгээний хуудсаар нотлогдоно. Ажилтан Г.Эод ажлын гүйцэтгэлийг үнэлэх журмыг танилцуулсан, ажлын гүйцэтгэлийг үнэлэх журмын 3 дугаар зүйлийн 3.4-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх заалттай. 2014 оны 02 дугаар сард гүйцэтгэлийн үнэлгээ -7 хувьтай гарсан. Гүйцэтгэлийн үнэлгээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан талаар баримтууд хавтаст хэрэгт байгаа. Мөн 2016 оны 11 дүгээр сард гүйцэтгэлийн үнэлгээ -5 хувьтай гарсан. Борлуулалтын ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгэлийн үнэлгээгээр хэмждэг. Г.Эыг Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.3.3-т заасан үүргээ 80-аас доош хувиар биелүүлсэн гэдгийг ажилтны ур чадвар, эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй болсон гэх үндэслэлээр чөлөөлөөгүй. Иймд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 58 тоот ажлаас чөлөөлөх тушаал  нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг үндэслэсэн нь хууль зөрчөөгүй гэжээ.  

 

Хариуцагч “М” ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: “Сонгинохангай” ХХК нь “М” ХХК-тай байгуулсан худалдааны хамтын ажиллагааны үндсэн гэрээний 5.3-т заасны дагуу хугацаа дуусах барааг 30 хоногийн өмнө мэдэгдэх үүргийн хүрээнд тус гэрээний 5.4-т заасан мэдэгдлийг и-мэйлээр хүргүүлнэ гэж заасны дагуу “Миний дэлгүүр”-ийн менежер Н.Одгарав [email protected] хаягаас Г.Эын ажлын и-мэйл болох [email protected] хаяг руу 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хооронд нийт 7 барааны буцаалтын и-мэйлийг илгээж байсан. Буцаалтын и-мэйлтэй холбоотой ямар нэгэн хариу өгч байгаагүй болон компанид ямар нэгэн байдлаар мэдэгдэж байгаагүйгээс 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 10 нэр төрлийн 2 477 500 төгрөгийн барааг миний дэлгүүр буцаалт хийсэн. Дээрх үнийн дүнтэй бараа нь манай компанийн хувьд бодит хохирол болсон. Иймд хариуцагч Г.Эоос 2 477 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

 

Нэхэмжлэгч Г.Эын сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний хавсралтад заагдсан бараа бүтээгдэхүүний нэр төрөл, үнийн дүн нь сар сард хүлээлгэн өгсөн, хүлээн авсан үлдэгдлээр баталгааждаг. Гэрээнд тооллогын жагсаалт, тооцоо нийлсэн актаар баталгаажина гэж заасан байна. Миний бие ажил үүргээ хэрэгжүүлэх явцдаа сар тутам, бараа материалыг хүлээлцэх болон мөнхүү ажлаас халсан тухай тушаал гарах үед ажил хүлээлцсэн акт үйлдэж бүх тооцоог нийлж дууссан болно. Гэтэл сөрөг нэхэмжлэлд хариуцагчийн дурдсанаар “Сонгинохангай” ХХК-иас 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хооронд нийт 7 барааны буцаалтын и-мэйлээс шалтгаалан барааны буцаалт хийгдэлгүй компанид хохирол учирсан гэсэн нь огт үндэслэлгүй. Иймд  сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Шүүх:  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2, 128.1.3, 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт зааснаар “М” ХХК-д холбогдох ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Г.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Г.Эоос 2 477 500  төгрөг гаргуулж “М” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Э нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 54 590 төгрөг гаргуулж хариуцагч “М” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Э давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Зохигчид дээрх хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа 10 дугаар зүйлийн 10.3-т хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох ноцтой зөрчлийн нэр төрлийг тухайлан тусгасан байна. Иймд уг гэрээг талуудын чөлөөт байдлыг хангасан, хөдөлмөрлөх гол нөхцлийг тохиролцсон Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт нийцсэн гэрээ байна гэж үзэв" гэж дүгнэсэн нь Монгол Улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн үзэл баримтлалд үл нийцэх юм.

Учир нь Хөдөлмөрийн гэрээ нь хэлцлийн нэг хэлбэр учир хэлцэл хийхэд тавигдах хуульд заасан шаардлагыг хангасан буюу гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, тухайн гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох боловч "М" ХХК-ийн ажилтан Г.Этой байгуулсан Хөдөлмөрийн гэрээ нь ажил олгогч өөртөө давуу байдлыг тогтоосон байтал шүүх дүгнэлт өгөөгүй.

Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.3-т хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох ноцтой зөрчлийг нэрлэн заасан байх ч 10.3.3-т заасан зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар шууд цуцлахаар заасан нь хуульд нийцээгүй.

Хариуцагч "М" ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг хөдөлмөрийн гэрээнд өөрт ашиггайгаар буюу давуу байдал бий болгож, хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох үр дагавар бүхий хэсэгт заасан. Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа, ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгодог байхад ажил олгогч өөрийн үзэмжээр ажилтныг ажил үүргээ 80 хувиас доош гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Шүүх ажил олгогчид давуу байдал олгосон хөдөлмөрийн гэрээний заалтыг хуулиас дээгүүр хэмээн үзэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч миний бие ажлаас халсан тушаалыг гардаж авсан даруйд зохих шатны бүх албан тушаалтантай тооцоо нийлсэн актыг үйлдэж тооцоогүй гэсэн баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан болно. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг  бүрэн гүйцэтгэсэн  боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, байгууллагад учруулсан хохиролд 2 477 500 төгрөг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэгч Г.Эыг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс худалдааны төлөөлөгчөөр, 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс суваг хариуцсан худалдааны төлөөлөгчөөр тус тус ажиллуулж байгаад, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээнийн 10 дугаар зүйлийн 10.3,  маркетингийн албаны ажилтнуудын ажлын гүйцэтгэлийн үр дүнгийн цалин тооцох журмын 3.4-т заасныг тус тус баримтлан ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Шүүх нэхэмжлэгчийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээний 10.3.3-т заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.3.3-т   “...ажил мэргэжлийн ур чадвар дутмагаас гэрээгээр хүлээсэн үүргээ 80-аас доош хувиар биелүүлсэн...” гэж заасан зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.

 

 Ажил олгогч нь ажилтныг “2017 оны 02 дугаар сард борлуулалтын төлөвлөгөөний гүйцэтгэлийг  40 хувиас доош гүйцэтгэлтэй ажилласан” гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлжээ. Тодруулбал, борлуулалт, маркетингийн албаны ажилтнуудын ажлын гүйцэтгэлийн үр дүнгийн цалин тооцох журмын 3.4-т “борлуулалтын төлөвлөгөөний гүйцэтгэл нь 40%-аас доош орсон худалдааны төлөөлөгчийн тухайн сарын ажлын гүйцэтгэлийн үнэлгээний хуудсыг үндэслэн ажлаас халах хүртэл арга хэмжээ авна” гэж заасныг үндэслэж нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцээгүй байна.

 

Хариуцагч нь 2017 оны 02 дугаар сар дуусаагүй байхад буюу 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийг дээр дурдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан байх тул ажил олгогчийн  тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй.

 

Хэргийн 60, 73 дугаар талд нэхэмжлэгчийг 02 дугаар сард борлуулалтын төлөвлөгөөний гүйцэтгэлийг -7.1 хувь гэсэн Супермаркет сувгийн Суваг хариуцсан худалдааны төлөөлөгчийн цалин, үр дүн, бодсон хүснэгт авагдсан байх боловч уг хүснэгтийг хэн, хэзээ, хэдэн онд үйлдсэн, нэхэмжлэгч танилцсан эсэх нь тодорхойгүйгээс гадна тухайн сар дуусахаас өмнөх огноо бүхий баримтаар уг сарын төлөвлөгөөг тасалдуулсан гэх үйл баримтыг тогтоох боломжгүй юм.

 

Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн ажил мэргэжлийн ур чадвар нь дутмаг талаар дүгнэлт, тайлан гарсан гэж тайлбарладаг боловч уг баримтууд хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчийг ажил мэргэжлийн ур чадвар дутмагаас дээрх зөрчлийг гаргасан гэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.Эыг хариуцагч “М” ХХК-ийн суваг хариуцсан худалдааны төлөөлөгчийн ажилд эгүүлэн тогтоож, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан үеийн нэг сард авах цалин хөлсийг түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн  сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцож, 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5 970 878 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд зохигчид 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хариуцагчид 2 477 500 төгрөгийн хохирол учирсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/01762 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Эыг хариуцагч “М” ХХК-ийн суваг хариуцсан худалдааны төлөөлөгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5 970 878 төгрөгийг хариуцагч “М” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Г.Эод олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай, нэхэмжлэгч Г.Эоос 2 477 500 төгрөг гаргуулж, “М” ХХК-д олгосугай” гэж,

2 дах заалтад “олгосугай” гэсний дараа “хариуцагч “М” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 110 484 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                          ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                А.МӨНХЗУЛ