Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2019/ДШМ/22

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 13 өдөр                        

    2019/ДШМ/22                                                              Зуунмод

 

 

 

Э.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Энхбат,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 12 сарын 17-ны өдрийн 380 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Э.Б-д холбогдох 1834000000383 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 02 сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Э.Б , Төв аймгийн Сэргэлэн суманд 1994 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 2, эхийн хамт, Төв аймаг, ... газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар:НР...19.

 

  Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 3-р багийн нутаг “Замын булаг” гэх газар аргамжаатай байсан Б.Жанчивын эзэмшлийн буруу гуяндаа буйлан тамгатай, саарал зүсмийн 1 тооны адуу, 2018 оны 10 дугаар сарын 20-ноос 2018 оны 10 дугаар сарын 21-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын 3-р багийн нутаг “Замын булаг” гэх газар аргамжаатай байсан Б.Төртогтохын эзэмшлийн зээрд халзан зүсмийн 1 тооны адуу, 2018 оны 10 дугаар сарын 27-ноос 2018 оны 10 дугаар сарын 28-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын 1-р багийн нутаг “4-р зөрлөг” гэх газраас П.Отгонсүрэнгийн эзэмшлийн зээрд халзан зүсмийн 1 тооны адууг тус тус хулгайлж бусдад нийт 4.851.333 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2018 оны 12 сарын 17-ны өдрийн 380 дугаар шийтгэх тогтоолоор: 

Шүүгдэгч Э.Б ийг үргэлжилсэн үйлдлээр, бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Э.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Б ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Б ийн 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 30 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж, хохирогч П.Отгонсүрэн нь 60.000 /жаран мянган/ төгрөгийн хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар гаргасан давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 17-ны өдрийн 380 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүгдэгч Э.Б нь бусдын 3 тооны адуу хулгайлсэн гэмт хэрэгт холбогджээ. Шүүхээс түүнд 6 сарын хорих ял оногдуулсныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ. Шүүгдэгч Э.Б нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо арилгасан, цаашид засарч хүмүүжих  бүрэн найдвартай хүн юм. Иймд Э.Б-д оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэх ял оногдуулж өгнө үү.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Энхбат гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж байгаа саналыг татгалзах зүйлгүй. Энэ хэрэгт шалгавал зохих зүйлүүд шалгагдсан. Хохирол төлөгдсөн. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Э.Б нь 3 тооны адууг хулгайлсан нь тогтоогдсон. Зүйлчлэлийн талаар маргахгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж Э.Б-д оногдуулсан 6 сар хорих ялыг тэнсэж өгнө үү гэв.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Э.Б-д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүй бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

 

Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 10 дугаар сарын 20-ноос 2018 оны 10 дугаар сарын 21-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын 3-р багийн нутаг “Замын булаг” гэх газар аргамжаатай байсан иргэн Б.Төртогтохын эзэмшлийн зээрд халзан зүсмийн 1 тооны адуу, 2018 оны 10 дугаар сарын 27-ноос 2018 оны 10 дугаар сарын 28-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын 1-р багийн нутаг “4-р зөрлөг” гэх газраас иргэн П.Отгонсүрэнгийн эзэмшлийн зээрд халзан зүсмийн 1 тооны адуу, 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 3-р багийн нутаг “Замын булаг” гэх газар аргамжаатай байсан иргэн Б.Жанчивын эзэмшлийн буруу гуяндаа буйлан тамгатай, саарал зүсмийн 1 тооны адууг тус тус хулгайлсан гэм хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн хохирогч Б.Жанчивын /хх-ийн 16-17 дугаар хуудас/, хохирогч П.Отгонсүрэнгийн /хх-ийн 19-20 дугаар хуудас/, хохирогч Б.Төртогтохын /хх-ийн 22 дугаар хуудас/, гэрч П.Отгонсүрэнгийн /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, гэрч Б.Жанчивын /хх-ийн 27-28 дугаар хуудас/, гэрч О.Батбаярын /хх-ийн 29-30 дугаар хуудас/ мэдүүлгүүд, Б.Жанчивын өмчлөлийн 1 тооны хавчиг соёолон насны морийг 955.500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 35-39 дүгээр хуудас/, Б.Төртогтохын өмчлөлийн 1 тооны халзан морийг 2.612.500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 46-50 дугаар хуудас/, П.Отгонсүрэнгийн өмчлөлийн 8 настай 1 тооны азаргыг 1.283.333 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 57-61 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 09-10 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-14 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Э.Б-д холбогдох хэргийн мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөн шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Э.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Б ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж гарсан байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Баямбадоржид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. 

 

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт шүүгдэгч Э.Б-н гэмт үйлдлийг “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон” гэж дүгнэсэн мөртлөө тогтоох хэсэгтээ “үргэлжилсэн үйлдлээр, бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон” байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн шаардлагад нийцэхгүй байгаад цаашид анхаарах нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 17-ны өдрийн 380 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

               

                    ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Г.БОЛОРМАА

 

                    ШҮҮГЧИД                                                                     Т.ЭНХМАА

                                                                                           

                                                                                                 Р.МӨНХ-ЭРДЭНЭ