Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2015/0383

 

Л.Түвшинбаярын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгчЭ.Зоригтбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчЛ.Түвшинбаяр нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 26 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, Л.Түвшинбаярын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Түвшинбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний төрсөн эцэг болох Лхамсүрэн нь Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газарт түргэн тусламжийн жолоочоор ажиллаж байсан хугацаанд нь тус байгууллагаас эцэгт минь олон хүүхэдтэй гэр бүлийнхээ хүний хамт ажилладаг гэдгийг нь үнэлэн бодож орон сууц нийтийн ахуй үйлчилгээний газраас байгууллагуудад хувиарлаж өгч байсан байрнаас тухайн үеийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Дамдинсүрэнгийн тушаалаар Мөрөн сумын 8-р багийн нутагт байрлах 17 дугаар байрны 1 дүгээр орцны 1 тоот сүүлд нь 7 тоот болж өөрчлөгдсөн тус байрыг 1989-1990 онд өгсөн. Монгол Улсын иргэн өөрийн эзэмшиж байсан орон сууцаа үнэгүй өмчилж авах тухай хуулийн дагуу орон сууцаа өөрийн нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээ авсан байсан. Гэтэл үл таних хүмүүс ирж бичиг баримтыг нь хураан авч дотор нь амьдарч байсан үр хүүхдийг нь үл тоомсорлож цоожийг нь дураараа сольж битүүмжилсэн. Дээрх байранд 1997 оны сүүлчээр айл орчихсон байсан. Иймд эцгийн минь ариун цагаан хөдөлмөрөөрөө олж эзэмшсэн орон сууцыг тухайн үеийн аймгийн Засаг дарга түүний шийдвэрээр байгуулагдсан Орон сууц хувьчлах комиссын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Л.Түвшинбаяр миний бие 1997 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гаргасан тухайн үеийн аймгийн Засаг дарга байсан Л.Батсуурь иргэн Б.Мөнхтогтоход өмчлүүлсэн 2003 оны 175 дугаартай нотариатчийн гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр Мөнхбаатарын өмчлөлд шилжсэн захирамж Засаг даргын тамгын газрын комиссын гаргасан шийдвэр мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол зэргийг буруу гэж үзэж байна. Орон сууц хувьчлахдаа эрх бүхий байгууллага нь иргэний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон бол түүнд учруулсан хохирлыг хууль тогтоомжинд заасны дагуу нөхөн төлнө гэсэн заалтыг зөрчсөн. Иймд Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Батсуурийн гаргасан шийдвэрийг нэхэн шалгаж 8 дугаар баг 17 дугаар байрны 1 дүгээр орцны 7 тоот орон сууцыг буцаан олгуулж өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 26 дугаар шийдвэрээр: Орон сууц хувьчлах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1, 23 дугаар зүйлийн 1, 5, 24 дүгээрзүйлд заасныг баримтлан Л.Түвшинбаярын Орон сууц хувьчлах товчоо-ны дарга буюу Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Орон сууц хувьчлах товчооны дарга Л.Батсуурийн 1997 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Мөрөн сумын 4 дүгээр багийн /одоогийн 8 дугаар баг/ 17 дугаар байрны 1-ын 7 тоот байрыг Б.Мөнхтогтохын нэр дээр хувьчилсан шийдвэрийг хүчингүй болгуулах, иргэн Лхамсүрэнд олгосон байрыг Л.Түвшинбаярт олгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.Түвшинбаяр давж заалдах гомдолдоо: 1997 онд айл орцон амьдарч байхад нь Л.Түвшинбаяр би асуухад тухайн айлын эзэн ямар замаар энэ байрыг эзэмшснийг хэлж өгөөгүй. Тийм учраас миний төрсөн эцгийн орон сууцыг сайн мэддэг манай гэр бүлийг судалсан албан тушаалтан ажилчдын зохион байгуулттай луйвар гэж үзэж байна .Орон сууц хувьчлах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх заалтанд албан тушаалтан орон сууц хувьчлах ажилд эрх мэдэл албан байдлаа урвуулан ашигласан бүрэн эрхээ хэтрүүлсэн, хайнга хандсан, хээл хахууль авсан жуучилсан хуурамч бичиг баримт үйлдсэн гэм буруутай бол эрүүгийн хариуцлага хүлээнэ.

Орон сууц хувьчлахтай холбогдуулан эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэр нь иргэний эрх хууль ёсны ашиг сонирхолыг хохироосон бол түүнд учруулсан хохирлыг хууль тогтоомжид заасны дагуу нөхөн төлнө гэсэн хуулийг зөрчиж байна гэж үзэж байна. Б.Лхамсүрэн ганц хохироогүй түүний гэр бүл үр хүүхэд хань ижилийг нь ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө бүх насаараа зүтгэсэн хөдөлмөрийг нь нэр төртэй нь гутаан доромжилсон гэж үзэж байгаа болохоор Хөвсгөл аймгийн Засаг дарга Тамгын газрын дарга н.Батсуурийналбан тушаалыг үргэлжлүүлэн явуулж байгаа төрийн удирдах байгууллагаас Л.Түвшинбаяр ээж Манлай нарын хохирлыг нөхөн төлөх замаар мөнгөн хэлбэрээр төлж өгнө үү. 30-40 сая төгрөг эсвэл иргэн Б.Мөнхтогтоход өмчлөгдсөн Л.Батсуурь даргын гарын үсэгтэй тогтоолыг хүчингүй болгож гэр оронгүй айл хэсэж амьдарч байгаа төрсөн хүү Л.Түвшинбаярт өмчлөгчөөр тогтоож өгнө үү . Орон сууц хувьчлах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1, 23 дугаар зүйлийн 1.5, 24 дүгээр зүйлд заасныг баримтлан Л.Түвшинбаярын орон сууц хувьчлах товчооны дарга буюу Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн орон сууц хувьчлах товчооны дарга Л.Батсуурийн 1997 оны 08 сарын 14 нийг тогтоолоор 17-р байрны 1-7 тоот байрыг Б.Мөнхтогтохын нэр дээр хэвээр баталсан шийдвэрт иргэн Лхамсүрэнгийн хүү Түвшинбаяр зөвшөөрөхгүй гомдолтой байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9 д заасныг баримтлан тогтоохыг эсэргүүцэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн гомдолд дурьдсан үндэслэлээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд хуульд заасан журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй байна.

Иргэн Л.Түвшинбаяр нь тухайн үед Хөвсгөл аймгийн Засаг дарга байсан Л.Батсуурийн 1997 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Хөвсгөл аймгийн 8 дугаар баг, 17 дугаар байрны 1 дүгээр орцны 7 тоот орон сууцыг хувьчилсан шийдвэрийг хүчингүй болгуулж, иргэн Лхамсүрэнгийн эзэмшиж байсан орон сууцыг хүү Л. Түвшинбаярт буцаан олгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй байх бөгөөд хэргийг анхан шүүх хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч хуульд заасан хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргах эрхээ алдсан эсэхэд дүгнэлт өгөөгүй нь буруу байна.

1997 оноос Хөвсгөл аймгийн 8 дугаар баг, 17 дугаар байрны 1 дүгээр орцны 7 тоот орон сууц нь бусдын эзэмшил, өмчлөлд шилжсэн болохыг нэхэмжлэгч Л.Түвшинбаяр мэдэж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан, дээрх байранд 1997 оны сүүлчээр айл орчихсон байсан. Иймд эцгийн минь ариун цагаан хөдөлмөрөөрөө олж эзэмшсэн байрыг иргэн Б.Мөнхтогтоход өмчлүүлсэн байгааг зөвшөөрөхгүй гэсэн түүний өөрийнх нь тайлбар, гэрч Б.Лхагваагийн ...би 1997 онд аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан орон сууц хувьчлах товчооны бүрэлдэхүүнд ажиллаж байсан. Энэ байранд Лхамсүрэн гэдэг жолоочийнх байсныг мэдэхгүй гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Мөнхсайханы ...тухайн үед орон сууцны эрхийн бичиг /ордер/-ийг үндэслээд хувьчилж байсан. Лхамсүрэн гэдэг хүн үнэхээр энэ орон сууцанд байсан бол ордер нь баймаар юм. Ордергүй бол хувьчилж өгдөггүй байсан. Энэ хүмүүс яагаад тухайн үед нь хэл чимээгүй байгаад одоо гарч ирж хэл ам хийгээд байгаа нь ойлгомжгүй байна. Өөрийн сууж байсан орон сууцыг өөр хүнд өгнө гэж баймааргүй юм гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдсон, харин нэхэмжлэгчийн төрсөн эцэг Лхамсүрэн уг байранд амьдарч байсан болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдоогүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Иргэн хуулийн этгээд дараах тохиолдолд энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, 6 дугаар зүйлийн 6.1-д хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлоо гаргана гэж заажээ.

Гэтэл нэхэмжлэгч хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлж, 1997 онд бусдад шилжсэн мөн улсын бүртгэлийн байгууллагын 2002 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс бусдын өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн орон сууцны бүртгэл болон гэрчилгээнүүд хүчин төгөлдөр байхад нэхэмжлэлийг 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан байна.

Үүнээс үзэхэд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д заасны дагуу нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн, эсвэл Хөвсгөл аймгийн 8 дугаар баг, 17 дугаар байрны 1 дүгээр орцны 7 тоот орон сууцыг бусдад хувьчилсан эсэхийг мэдээгүй гэсэн үндэслэл тогтоогдоогүй, түүнчлэн нэхэмжлэгч Л.Түвшинбаяр нь 1997 онд маргаан бүхий байрыг бусдын өмчлөлд шилжсэн болохыг мэдсэн атлаа түүнээс хойш маргаан бүхий орон сууцыг эзэмших, өмчлөх талаар гомдол гаргаагүй тул хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолж, уг хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг гарган шийдвэрлүүлээгүй тохиолдолд шүүх Л.Түвшинбаярын нэхэмжлэлийг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д зааснаар хүлээн авахаас татгалзах байжээ.

Иймд давж заалдах шатны шүүх тухайн алдааг залруулан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн эсэхэд дүгнэлт өгөх бололцоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаанаар нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байгаа бол Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт зааснаар хугацаа сэргээлгэх тухай хүсэлтээ тухайн шүүхэд гарган шийдвэрлүүлэх эрх Л.Түвшинбаярт нээлттэйг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 26 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Л.Түвшинбаярын нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д зааснаар Л.Түвшинбаярын Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Батсуурийн 1997 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Хөвсгөл аймгийн 8 дугаар баг, 17 дугаар байрны 1 дүгээр орцны 7 тоот орон сууц хувьчилсан шийдвэрийг хүчингүй болгуулж, иргэн Лхамсүрэнгийн эзэмшиж байсан орон сууцыг хүү Л. Түвшинбаярт буцаан олгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН