Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 141

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Т.Оргил-Очир,

шүүгдэгч Ц.Болдхэт, түүний өмгөөлөгч Н.Баатардорж /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 1001/,

шүүгдэгч Б.Хүсэлбуян, түүний өмгөөлөгч Б.Уранчимэг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 1056/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алтан овоо овгийн Батхишигийн Хүсэлбуян,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хиад боржигон ад овгийн Цэнддоржийн Болдхэт нарт холбогдох эрүүгийн 2015 0100 0118 дугаартай, 2 хавтаст эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр тус шүүхийн “Г “ танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Алтан овоо овгийн Батхишигийн Хүсэлбуян Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “ICE” ХХК-д борлуулагчийн туслах ажилтай, ам бүл 2, эмэг эхийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 4 дүгээр гудамжны 457 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, УП95011896 дугаарын регистртэй.

2.Хиад Боржигон ад овгийн Цэнддоржийн Болдхэт Монгол Улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, ам бүл 2, эцгийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 17 дугаар гудамжны 620 тоотод оршин суулаг, ял шийтгэлгүй, УХ97070855 дугаарын регистртэй.

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

 

Шүүдэгч Б.Хүсэлбуян нь 2015 оны 09 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутагт Ц.Болдхэтээс 1971 оны 02 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын” тухай Нэгдсэн үндэстний байгууллагын конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий каннабис /ТНС/ төрлийн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, улмаар тус хорооны нутаг Алтайн 4-457 тоот дахь гэртээ болон 2015 оны 09 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө тус хорооны нутаг Хамбын овоо гэх газарт 19-90 УНУ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн автомашин дотор хадгалсан гэмт хэрэгт;

Шүүдэгч Ц.Болдхэт нь 2015 оны 08 дугаар сард Сэлэнгэ аймгийн Зүүн хараа сумын нутаг дэвсгэрээс 1971 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “Сэтгэцэд нөлөөлөх бодисын” тухай Нэгдсэн үндэстний байгууллагын конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий каннабис /ТНС/ төрлийн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авч улмаар Хан-Уул дүүргийн 8 хороо, Сонсголонгийн 17-620 тоот дахь гэртээ болон 2015 оны 09 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутагт биедээ авч яван хадгалсан,

-Мөн н.Баттулга гэгчтэй бүлэглэн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутагт байх “Сондор” хүнсний дэлгүүрийн байранд хувийн таарамжгүй харьцааны улмаас Т.Ганбаатарыг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Хүсэлбуян мэдүүлэхдээ: 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Ц.Болдхэт манай гэрт ирээд надад сордог хар тамхи байна гээд нэг өвс үзүүлсэн. Тэгэхээр нь би сонирхоод хэрэглэж үзэхээр Ц.Болдхэтээс нэг атга өвс гуйж авсан. Тэгээд яаж хэрэглэхийг нь Ц.Болдхэтээр заалгуулсан. Ц.Болдхэтээс авсан өвсийг төмөр саванд хийгээд хувцсан дотроо далд хийсэн. 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр манай гэрт А.Дарамбазар ирэхээр нь Ц.Болдхэтээс авсан өвсөө гаргаж үзүүлээд, манай хашаанд бид хоёр сорж нөлөөлөхгүй байсан. Хоёр хоногийн дараа А.Дарамбазар, С.Саруул хоёр гэрт ирээд, бид гурав нөгөө өвсөө дахин манай хашаанд хэрэглэсэн чинь мансуурахгүй, харин толгой эргээд ам хатаад байсан. Дараа нь 2015 оны 9 дүгээр сарын 16-ны орой гэрт хийх зүйл олдохгүй байхаар гэрийн хажууд байдаг турник руу очиход А.Дарамбазар, М.Пүрэвжаргал, Ц.Бат-Эрдэнэ, С.Саруул нар ирсэн. Харин Б.Мөнх-Эрдэнэ, Э.Баярсайхан хоёр турник нь дээр байсан. А.Дарамбазар, М.Пүрэвжаргал, Ц.Бат-Эрдэнэ, С.Саруул бид нар ярилцаж байгаад нөгөө өвсөө хэрэглэх үү гээд явах гэж байхад таньдаг нэг ах ирээд автобусны буудал хүргээд өг гэхээр нь хүргэж өгчихөөд, буцаад турник  нь дээр хүрэхэд Б.Мөнх-Эрдэнэ, Э.Баярсайхан хоёр байж байсан. Тэгэхээр нь Б.Мөнх-Эрдэнэ, Э.Баярсайхан хоёрыг дагуулаад С.Саруулын 19-90 УНУ улсын дугаартай, “Приус-20” загварын саарал өнгийн автомашинтай яваад манай гэрээс орж мансууруулах өвсөө аваад Хамбын овоо руу явсан. Тэгээд Хамбын овоон дээр очоод С.Саруулын машин дотор ундааны савыг хоёр талаас нь цоолж, 10 төгрөгийг хуйлж байгаад цоолсон хэсэгтээ хийж мөнгөлөг цаасаа тогоо хэлбэртэй болгож мөнгөн дээрээ тавьж байгаад мөнгөлөг цаасан дээр өвсөө тавьж шатааж байгаад бид нар тойруулж сорж үзсэн. Тэгээд байж байхад цагдаа нар ирж бид нарыг барьж авсан. Ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Дахиж гэмт хэрэгт холбогдохгүй, ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв. 

 

2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Болдхэт мэдүүлэхдээ: Би 2015 оны 8 дугаар сарын сүүлээр Сэлэнгэ аймгийн Зүүн хараа сум руу аавтайгаа хамт замын аспалт зөөж явахдаа бие засах гээд машинаас буусан чинь газраас 20-30 см өндөр ургасан өвс байсан. Тухайн үед каннабис төрлийн мансууруулах өвс гэдгийг сайн мэдээгүй юм. Хоёр атга өвс тасалж аваад гэртээ авч ирсэн. Б.Хүсэлбуянгаас цамц авах гээд уулзах үедээ марихуан мөн үү гээд түүж ирсэн өвсийг үзүүлсэн. Дуучдын хэрэглэдэг мансууруулах өвс мөн үү гэхэд Б.Хүсэлбуян мэдэхгүй гээд надад жаахан өгчих гэхээр нь талыг нь буюу нэг атга өвс өгсөн юм. Би өөрөө тэр өвсийг сонингийн цаасанд ороож байгаад татаж үзсэн чинь ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй байхаар үлдсэн өвсөө хаясан. Каннабис гэдэг өвсийг татаж үзэхэд би ямар нэгэн байдлаар мансуурахгүй байсан. Би яаж хэрэглэдэг гэдгийг урьд нь интернетээс үзэж байсан.

-Би 2012 онд дуу бичлэгийн студи ажиллуулж байхдаа Баттулга гэдэг залуутай танилцаж байсан. Баттулга хип хоп дуу дуулдаг гээд хоолойны бичлэг хийлгэх гэж ирдэг байсан. Тэгээд кино, хошин шог үзэх гээд явж байхдаа Баттулгатай байнга тааралдаад мэндийн зөрүүтэй явдаг байсан. 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баттулгатай “Тэнгис” кино театр тааралдсан. Тэгээд Баттулга архи ууя мөнгө байна уу гэхээр нь 20,000 төгрөг байгаа гэж хэлсэн. Бид хамтдаа төмөр зам орж дэлгүүрээс 0.5 литрийн нэг шил архи авч  хувааж уусан. Баттулга дахин архи уух уу гээд байсан. Би архи уухгүй гэсэн чинь намайг жаахан дарамталж айлгасан. Баттулга намайг дэлгүүр ороод архи хулгайлж авъя гэж хэлээд өөрөө худалдагчийг саатуулж байя, чи лангуун дээрээс нь архи авчих гэж хэлсэн. Бид Баянгол дүүргийн “Ганзам зочид” буудлын ард байдаг “Сондор” нэртэй дэлгүүрт орсон. Тэгээд дэлгүүрт орж би лангуун дээрээс нь нэг шил архи хулгайлж авсан.  Тэгсэн чинь архи хулгайллаа гээд хэрүүл болж, Баттулга, худалдагч нь буюу хохирогч Т.Ганбаатартай муудалцаж зодолдсон. Хохирогч Т.Ганбаатар нь тухайн үед намайг архи авсныг харчихаад цагдаа дуудна гэсэн чинь Баттулга цагдаа дуудаж хэрэггүй гээд маргалдаж зодолдсон. Хохирогч Т.Ганбаатар Баттулгаар хэд хэдэн удаа цохиулсан хойно над руу дайраад байхаар би Ганбаатарын нүүрэнд нь нэг удаа өшиглөсөн. Хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Цаашид их сургуульд орж суралцах зорилготой байгаа тул харгалзаж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

Мөн эрүүгийн 2015 0100 0118 дугаартай хэргээс гэрч хохирогч нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

3.Мөрдөн байцаалтад гэрч Г.Сүхбаатарын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байтал шөнө 00-01 цагийн үед Хамбын овоо гэх уулан дээр 19-90 УНУ улсын дугаартай Пруис-20 маркийн саарал өнгийн автомашин зогсож байхаар нь шалгатал автомашин дотор 7 хүн суусан, дотроос нь сонин эвгүй үнэр үнэртээд байсан. Тэгэхээр нь хүмүүсийг буулгаж жолоочийн амыг нь үнэртэж үзтэл ганга өвс шиг үнэр үнэртэж байсан. Автомашиныг шалгаж үзтэл хуйлсан 10 төгрөг, хуванцар ундааны савны дээр, доор нь 2 цоолж цорго гарган тугалган цаас тогоо шиг хэлбэрт оруулаад мөнгөө нүх рүү нь хийгээд соруул болгосон байсан. Тэгээд ямар эд зүйлс болох, юу хийж байсан талаар асуухад бүгд л хар тамхи татсан гэж хэлсэн. Машин дотор хар тамхи хэрэглэсэн шинж тэмдэгтэй үнэр, утаа битүү болсон байсан. Уг этгээдүүдийг хэлтэс дээр авчирч шалгуулахаар хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг [1],

 

4.Мөрдөн байцаалтад гэрч И.Цэнддоржийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн: “...Би хувиараа том оврын Хова гэх автомашинтай юм. Уг машинаараа ачаа олдвол хөдөө орон нутагт явдаг. Би хүү Болдхэттэй 2015 оны 08 сарын сүүлээр байсан Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сум руу засмал замын аспалт ачиж явсан. Тэр үедээ хүүгээ дагуулж явсан. Бид хоёр ачаагаа буулгачихаад эргээд хот руу явсан. Шөнө ачаагаа ачаад очиж хоночихоод өглөө ачаагаа буулгаад буцдаг. Тэгээд бид хоёр хотод ирчихээд 1-2 хоногийн дараа дахин буцаж хүүтэйгээ хамт явсан. Манай хүү Болдхэт надтай Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сум руу 2-3 удаа явахдаа ургамлын гаралтай тийм юм түүлээ гэж огт яриагүй, надад тийм зүйл мэдэгдээгүй. Уг нь манай хүү надтай хамт явахдаа надаас  холдоогүй, хэзээ хаанаас тийм зүйл түүж олж авсан гэдгийг би мэдээгүй. Би энэ талаар огт мэдээгүй байж байгаад сая хөдөө яваад иртэл ургамал түүсэн гэж цагдаад шалгагдаж байна гэж л мэдсэн. ...” гэх мэдүүлэг [2],

 

5.Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Э.Баярсайханы 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...Тэр өдөр Мөнх-Эрдэнэ бид хоёр 23 цагийн орчим дэлгүүрийн хажуу талын турникен дээр тааралдсан. Тэнд Хүсэлбуян, Бат-Эрдэнэ, Дарамбазар, Пүрэвжаргал нар хийсэн зүйлгүй байж байсан. ...Тэндээс буцаж ирээд хамт хойшоо явчихаад ирье суучих гэхээр нь машинд суугаад дэлгүүрийн хажуугаар явсаар Хамбын овоо дээр очсон. Тэнд ямар нэгэн хүн байгаагүй. ...Тэр үед жолоочийн ард талын захад сууж байсан Хүсэлбуян мөнгө хуйлаад гадуур нь скочдоод асаагуураар скочоо хайлуулсан. Хүслийн ундааны савны ёроолд ус хийчихсэн байсан. Тэр савны бөөр дээр нь цоолоод нөгөө мөнгөө хийсэн. Дараа нь тугалган цаасаар гаансны толгой шиг юм хийгээд мөнгөний эсрэг талд нь зоогоод гаансны толгой шиг юман дотор өвсөө хийгээд галаар шатаагаад ундааны савны амаар сороод байсан. Бүгдээрээ тойруулаад сорсон. Мөнх-Эрдэнэ бид хоёрыг нэг нэг л сороорой, битгий ийм юм сорж маяглаад бай гэсэн. ...Машинтай цагдаа хойноос уулан дээр гарч ирээд л бариад авсан. Ийм л зүйл болсон. Хүсэлбуян ганцаараа хийсэн, бусад нь сорсон байх. Хүсэлбуян тэр ургамлыг авчирсан...” гэх мэдүүлэг [3],

 

6.Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Б.Мөнх-Эрдэнийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 22 цагийн үед найз Баясрсайхан бид хоёр ...Дэнжийн тэнд байдаг турникен дээр очтол манай гэрийн тэнд байдаг Хүсэлбуян, Саруул, Бат-Эрдэнэ, Дарамбазар, Пүрэвжаргал нар байсан. ...Тэгээд хэдүүлээ хойшоо уул руу явъя гэхээр нь Баярсайхан бид хоёр зөвшөөрөөд хамт явсан. ...Уул руу явах замд Хүсэлбуян ах Баярсайханыг ахын дүү гэр рүүгээ ороод жоохон ус аваад ирээч гээд жижиг “Хүслийн Кола” гэх 500 граммын саванд ус хийлгүүлээд, өөрөө гэр рүүгээ ороод нэг ягаан өнгийн төмөр дугуй савтай зүйл аваад машинтай явсан. Овоон дээр очоод Саруул ахын машины хойд суудал дээр суусан байхдаа Хүсэлбуян ах нөгөө ундааны савныхаа дээр, доор нь тамхины цогоор 2 нүх гаргаад цоолсон. Дараа нь 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт хуйлаад соруул шиг болгосон, тэрийгээ цоолсон сав руу хийгээд, шоколадны цагаан мөнгөлөг цаасыг тогоо шиг хэлбэртэй хуйлсан мөнгөний үзүүрт нь хийсэн. Ягаан өнгийн савнаасаа ногоон өнгийн ургамал шиг зүйл гаргаж ирээд шоколадны цаасанд хийгээд цагаан өнгийн асаагуураар тогоо шиг хэлбэртэй тугалган цаасныхаа дээгүүр нь асаагаад гарсан утааг нь сорж хэрэглээд байсан. Тэгээд бид нар машинд сууж байтал машинтай цагдаа нар гэнэт гарч ирээд бид нарыг шалгаж авч явсан. ...Сүүлд нь Хүсэлбуян ах цагдаад баригдсаныхаа дараа найзаасаа авсан гэж байсан. Хэн гэдэг ямар хүнээс авсныг нь би мэдэхгүй. Хүсэлбуян ах уул руу явах замдаа гэр рүүгээ ороод гарч ирэхдээ ягаан дугуй төмөр савтай зүйл барьж гарч ирээд дотроос нь мансууруулах зүйлээ гаргаж ирсэн. Хүсэлбуян ахын гэрээсээ авсан ягаан өнгийн хайрцагны дундуур хэмжээтэй байсан байх, өвс шиг хатсан зүйл байсан. Гэхдээ би хэмжээг нь сайн хэлж мэдэхгүй байна. Тэр саванд өөр зүйл байгаагүй. Хүсэлбуян ах ягаан савнаас өвс шиг зүйлээ гаргаж ирсэн. Өөрт нь хуйлсан 10 төгрөг, шоколадны мөнгөлөг цаас, ундааны сав зэрэг байсан...” гэх мэдүүлэг [4],

 

7.Мөрдөн байцаалтад С.Саруулын сэжигтнээр 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр манай гэрийн тэнд байдаг турникэн дээр орой 23 цагийн  үед очсон. Манай найз Хүсэлбуян, Дарамбазар, Бат-Эрдэнэ, Пүрэвжаргал, Мөнх-Эрдэнэ, Баярсайхан нар байж байсан. ...Намайг орой турникэн тоглоом дээр ирэхээс өмнө Хүсэлбуян, Дарамбазар, Бат-Эрдэнэ, Пүрэвжаргал нар хоорондоо өвс гэх мансууруулах бодис хэрэглэх талаар ярилцсан байсан. Тэгээд хойшоо уул руу, Хамбын овоо руу гаръя гээд миний унаж явсан 19-90 УНУ улсын дугаартай саарал өнгийн Приус маркийн машинд бүгд суугаад явсан. Бид нар явахдаа Мөнх-Эрдэнэ, Баярсайхан хоёрыг зүгээр байж байхаар  хамт явах уу гэсэн чинь тэр хоёр хамт явъя гээд явсан. Уул руу явах замдаа Хүсэлбуян нөгөө өвс гэх зүйл нь гэрт байгаа гэхээр нь гэрээр нь дайрч аваад цааш явсан. Уулан дээр байхад Хүсэлбуян дугуй ягаан өнгийн төмөр саван дотор хийсэн байснаа гаргаж ирээд, Хүсэлбуян жижиг 500 граммын ундааны сав гаргаж ирээд дээр, доор нь тамхиар цоолоод 10 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг хуйлаад доор нь цоолсон нүх рүү хийгээд шоколадны тугалган цаасаар гаргаж ирээд өвсөө хийгээд хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт рүү тугалган цаасаа хийсэн. Тэгээд гаднаас нь асаагуураар шатааж халаагаад гарсан утааг нь сорсон. Хүсэлбуян өөрөө тэр зүйлүүдийг ганцаараа хийгээд сорж үзээд, Дарамбазар, Бат-Эрдэнэ нарт дамжуулж өгсөн. Хүсэлбуян худалдаж аваагүй гэсэн. Зүгээр л Болдхэтэд байхаар нь авсан гэсэн. ....” гэх мэдүүлэг [5],

 

8.Мөрдөн байцаалтад М.Пүрэвжаргалын сэжигтнээр 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мэдүүлсэн: “...2015 оны 09 дүгээр сарын 16-ны орой 22 цагийн үед манай гэрийн тэнд байдаг турникэн дээр Хүсэлбуян, Дарамбазар, Бат-Эрдэнэ, Мөнх-Эрдэнэ, Баярсайхан нартай юм яриад байж байтал Саруул 23 цагийн үед ирсэн. ...Мөнх-Эрдэнэ, Баярсайхан нарыг аваад хойшоо Хамбын Овоо гэх уул руу явсан. Бид нар турникэн дээр байж байхдаа Хүсэлбуянд өвс гэх зүйл байгаа, зүгээр байж байхаар хэрэглэж үзэх үү гээд бүгдээрээ ярьж байгаад явсан. Уулан дээр Саруулын машин дотор сууж байгаад Хүсэлбуян ягаан өнгийн төмөр дугуй савтай өвс шиг зүйл, ёроол хэсэгтээ цэвэр устай ундааны 500 граммын сав, мөнгөлөг өнгийн тугалган цаас, хуйлсан мөнгөн дэвсгэрт зэргийг төмөр дугуй савнаасаа гаргаж ирээд  ундааны саваа тамхиар дээр, доор нь нэг нэг удаа цоолоод доод цоолсон нүхэндээ хуйлсан мөнгөө хийгээд, мөнгө дээрээ мөнгөлөг цаасыг тогоо хэлбэртэй болгож байгаад дотор нь өвсөө хийгээд дээрээс нь асаагуураар халаагаад гарсан утааг нь ундааны савны амсраар сорсон. Тэгээд бид нарт дамжуулж өгсөн. ...Тэр өвс гэх зүйлийг Хүсэлбуян олж авчирсан...” гэх мэдүүлэг[6],

 

9.Мөрдөн байцаалтад А.Дарамбазарын сэжигтнээр 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...Хойшоо уул руу явах замдаа Хүсэлбуян гэртээ ороод буцаад гараад ирсэн. Саруулын машинтай уулан дээр очоод бүгдээрээ хэрэглэж үзэх үү гээд Хүсэлбуян халааснаасаа ягаан өнгийн төмөр дугуй хайрцагтай өвс шиг зүйл гаргаж ирээд турникэн дээр байхдаа авсан Хүслийн Кола гэх 500 граммын ундааны саваа дээр, доор нь тамхины цогоор нэг нэг цоолоод надад 10 төгрөг өгөөд наадхаа хуйлчих гэхээр нь би хуйлсан. Мөнгөлөг өнгийн тугалган цаас нөгөө дугуй хайрцагнаасаа гаргаж ирээд аяга шиг хэлбэрт оруулаад доод цоолсон нүх рүү мөнгөө хийгээд мөнгөн дээрээ тугалган цаасаа тавиад дээр нь өвс шиг зүйлээ хийгээд асаагуураар асааж шатаагаад ундааны амсраар нь тамхи татаж байгаа юм шиг утааг нь сорсон. ...Хүсэлбуян 2015 оны 09 дүгээр сарын 10-ны үед Болдхэт гээд хүүхдээс авсан гэсэн.  Өмнө нь авчихаад байлгаж байсан гэсэн. Тэгээд бид хоёр 2015 оны 09 дүгээр сарын 10-нд Хүсэлбуянгийн хашаанд хэрэглэж үзсэн...” гэх мэдүүлэг [7],  

10.Мөрдөн байцаалтад Ц.Бат-Эрдэнийн сэжигтнээр 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...Уул руу явахдаа Хүсэлбуян гэр рүүгээ ороод явсан. Бид нар уулан дээр Саруулын машин дотор сууж байтал Хүсэлбуян ягаан өнгийн төмөр дугуй хайрцагтай зүйл гаргаж ирээд мөнгөлөг өнгийн тугалган цаас тогоо хэлбэртэй болгоод 10 төгрөгийн дэвсгэрт хуйлаад Хүслийн Кола ундааны савыг дээр, доор нь цоолоод доод талд нь хуйлсан мөнгөө хийгээд хуйлсан мөнгөнийхөө амсар дээр мөнгөлөг тогоо хэлбэрт оруулсан цаасаа тавиад дээрээс нь өвсөө хийгээд асаагуураар шатаасан. Тэгээд ундааны савныхаа амсраар нь гарсан утааг сорсон. Хүсэлбуян өөрөө эхэлж сороод дараа нь бид нар тойруулаад хоёр удаа сорж хэрэглэсэн. ...Хүсэлбуян Болдхэт гээд найзаасаа олж авсан гэсэн. Хэзээ авсан гэдгийг нь мэдэхгүй. Худалдаж авсан эсэхийг нь мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг [8],

11.Мөрдөн байцаалтад Б.Хүсэлбуянгийн сэжигтнээр 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр, яллагдагчаар 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн: “...2015 оны 09 дүгээр сарын 16-ны орой 21 цагийн үед  гэрээсээ найз Дарамбазартай уулзах гэж гарсан. Дарамбазар бид хоёр манай гэрийн тэнд байдаг турникэн дээр хамт очсон. Мөнх-Эрдэнэ, Баярсайхан, тэгээд тэр хавийн 2-3 хүүхдүүд байж байсан. Тэгээд удалгүй Бат-Эрдэнэ, Пүрэвжаргал, Саруул нар ирсэн. ..надад өвс гэх мансууруулах бодис байгаа гэдгийг Дарамбазар, Саруул, Бат-Эрдэнэ нар мэдэж байсан болохоор хоорондоо ярилцаж байгаад хэрэглэж үзэх үү гээд манай гэрээс очиж аваад 19-90 УНУ улсын дугаартай Приус-20 маркийн Саруулын авто машинтай хойшоо Хамбын Овоо гэх уул руу явсан. Бат-Эрдэнэ, Пүрэвжаргал, Саруул, Дарамбазар, Мөнх-Эрдэнэ, Баярсайхан бид нар хамт явсан. Уулан дээр очоод автомашин дотроо ягаан өнгийн дугуй төмөр хайрцаганд байсан өвсөө гаргаж ирээд жижиг 500 граммын Хүслийн ундаа гэх ундааны савыг дээр, доор нь 2 удаа цоолоод 10 төгрөгийн дэвсгэртийг хуйлаад доод цоолсон нүх рүү хийгээд мөнгөлөг тугалган цаас бөөрөнхийлж мөнгөн дээрээ тавиад бөөрөнхийлсөн тугалган цаасан дотроо ягаан дугуй саванд байсан өвсөө хийгээд цэнхэр, цагаан өнгийн хоёр ширхэг асаагуураар ээлжилж дээрээс нь асааж халаасан. Тэгээд гарсан утааг нь сорж хэрэглэсэн. ..Бид одоогоос 3-4 жилийн өмнө 1 дүгээр хорооллын сагсны шийдэн дээр Болдхэттэй танилцаж байсан. 2015 оны 09 дүгээр сарын 08, 09-ний үед Болдхэт манайд ирсэн. Тэгэхдээ хөдөө аавтайгаа явж байхдаа мэдэгдэлгүй өвс түүснээ надад үзүүлсэн. Тэр өвс нь мансууруулах бодистой гэсэн. Би надад жоохныг өгчих гээд сонирхож атга хэрээтэйг авсан. Болдхэт жижиг цэнхэр гялгар уутны ёроолоор авчихсан явж байсан. Тэр авсан өвсөө би гэрт байсан ягаан өнгийн дугуй төмөр саванд хийгээд орхисон байсан. 2015 оны 09 дүгээр сарын 10-ны үед Дарамбазар бид хоёр надад ийм зүйл байгаа гэж хэлээд хамт сонирхоод манай хашаан дотор хэрэглэж үзсэн. 2015 оны 09 дүгээр сарын 14-ний үед 3-4 хоногийн дараа дахиж Саруул, Бат-Эрдэнэ, Дарамбазар бид нар манай хашаан дотор 23 цаг өнгөрч байхад хэрэглэж үзсэн. Пүрэвжаргал, Мөнх-Эрдэнэ, Баярсайхан нар бид нартай урьд нь хэрэглэж байгаагүй. Хамгийн сүүлд 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр бид нар уулан дээр хэрэглэж байгаад цагдаад баригдсан. Би Болдхэтэд өвс байгаа гэхээр нь авахдаа яаж хэрэглэдэг талаар асуусан. ...Болдхэт надад мөнгө, төгрөгөөр өгөөгүй, зүгээр л намайг жоохон өгчих гээд гуйсан чинь атга хэрээтэйг өгсөн, түүнийг л би хадгалж байгаад хэрэглэж үзсэн. Бид Болдхэтээс авсан өвсийг бусдад зарж борлуулаагүй. Болдхэтээс анх атга хэрээтэйг авчихаад дахиж аваагүй. Болдхэт бид нартай хамт хэрэглээгүй. Машинаас хураагдсан эд зүйлсийг би дэлгүүрээс худалдаж авсан юм. ...Тухайн зүйлийг яаж хэрэглэдэг талаар Болдхэтээс асууж мэдэж авсан. Мөн зурагт, интернетээс сонсож байсан.  Мансууруулах үйлчилгээтэй гэхээр нь хэрэглэж үзмээр санагдаад авсан юм. Мөнгө төгрөг өгч худалдаж аваагүй. Гэрийнхээ шүүгээнд хадгалж байсан. ...” гэх мэдүүлэг [9],

 

12.Мөрдөн байцаалтад хохирогч Т.Ганбаатарын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 21 цагийн үед өөрийн төрсөн эгч Золзаяагийн Баянгол дүүргийн 3 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сондор” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрт эгч Золзаяа, Оюунчимэг нарын хамт байж байтал гаднаас 2 залуу орж ирээд нэг залуу нь архины лагуун дээрээс 1 шил хар Чингис архи аван энгэртээ хийж байхыг  Оюунчимэг эгч харчихаад барьж аван “та нар хулгай хийлээ, өдөр бас орж ирж архи хулгайлсан” цагдаа дуудна гэхэд халзан толгойтой залуу нь “манай дүү авчихаж би мөнгийг нь өгнө” гэхээр нь манай 2 эгч “өдөр та 2 бас ингэж хэлээд явсан шүү дээ” гэхэд тэр 2 залуу зугтаах гэж оролдсон. Би халзан толгойтой залууг нь бариад автал зөрүүлээд миний нүүр рүү гараараа цохисон. Тэр үед мөн хамт явсан залуу нь ирээд миний нүүр рүү цохиод авсан. Тэр хоёр нийлээд миний тал талаас цохиж зодсон. Тэр хоёр залуу гараад зугтаахаар нь би хойноос нь гарч хөөгөөд саарал куртиктэй явсан залууг нь бариад автал нөгөө халзан залуу нь буцаж ирээд хоёулаа нийлээд намайг дахин бүлэглэж зодсон. Тэгээд манай эгч төмөр замын цагдаагийн хэлтэс орж цагдаа дуудаж ирэх хооронд халзан толгойтой залуу зугтаачихсан. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй уншиж танилцсан. Энэ 2 залуу хоёулаа нийлээд намайг тал талаас цохиж зодоод байсан болохоор хоёулаа энэ гэмтлийг учруулсан. Тухайн үед манай дэлгүүрийн камер ажиллаагүй, хард нь шатчихсан байсан болохоор засуулах гээд өгчихсөн байсан юм. Харин орцны камер ажиллаж байсан тул уг камерт бичигдсан байгаа ...” гэх мэдүүлэг[10],

-Мөн түүний 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “...Намайг тонгойх үед хажууд байсан Болдхэт хөлөөрөө нэг удаа нүүрэн тус газарт өшиглөсөн. Тэр үед миний хамар болон зүүн нүдний доод талд язарсан. Миний биед хамар болон зүүн нүдний доод хацрын яс язарсан гэмтлийг Болдхэт хөлөөрөө өшиглөж үүсгэсэн. Болдхэттэй хамт явсан халзан толгойтой залуу намайг зодож цохиогүй, харин зугтах гээд зууралдаад байсан. Халзан толгойтой залуу надад ямар нэгэн гэмтэл шарх учруулаагүй. Тэр үед би Болдхэт болон халзан толгойтой залуу хоёрыг явуулахгүй, үүдээр гаргахгүй гээд зууралдсан. Тэгээд эхэлж халзан толгойтой залууг барьж авсан болохоор намайг өшиглөчихлөө гэж бодсон. Тэгтэл хажууд нь байсан Болдхэт өшиглөсөн байсан. Би тухайн үед сандарсан, зууралдсан байсан болохоор хоёулаа намайг зодлоо гэж бодсон. Гэхдээ би дараа нь дэлгүүрийн камерын бичлэгийг үзтэл намайг тонгойх үед хажуунаас Болдхэт өшиглөсөн байсан. Болдхэтийг бариад автал зууралдсан. Тэр үед миний гар утас газар уначихсан байсан. Болдхэт болон халзан толгойтой хүн 2 миний гар утсыг аваагүй, гэхдээ Болдхэттэй зууралдах үед газар унасан. Алдагдсан зүйл байхгүй. Болдхэт намайг өшиглөсөний улмаас хамар ясны хугарал, зүүн нүдний доод хацрын зүсэгдсэн шарх зэрэг гэмтэл учирсан.  Би хамар ясны гэмтлийг эмчлүүлж чадаагүй. Нийт 973,000 төгрөгийн хохирол учирсан. Зүүн нүдний доод талын хацартаа косметик оёдол тавиулсан, мөн томографикт харуулсан, эм тарианы мөнгө нийлээд 500,000 төгрөг болсон. Надад нийт 1,473,000 төгрөгийн хохирол учирсан. Энэ мөнгийг Болдхэт бүрэн төлж барагдуулсан тул гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг [11],

 

13.Мөрдөн байцаалтад гэрч Т.Золзаяагийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...Би Баянгол дүүргийн 3 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сондор” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийг эгч дүү нарын хамт түрээслэн ажиллуулдаг. 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр би дэлгүүр дээрээ эгч Оюунчимэг, дүү Ганбаатар нарын хамт  байж байхад 17-18 цагийн орчим 2 залуу орж ирээд саарал куртиктэй залуу лангууны хажууд зогсож байгаад лангуун дээрээс архи аван энгэр рүүгээ хийх гэж байхад нь би харахад буцааж тавиад хоёулаа гараад явчихсан. Тэгэхээр нь би араас нь гараад хартал тэр 2 залуу хоорондоо “амжилтгүй боллоо” гэж ярилцаад явж байсан. Тэгээд 20 цагийн үед нөгөө хоёр залуу дахин орж ирээд саарал куртиктэй залуу нь архины лангуун дээрээс хар “Чингис” архи энгэр рүүгээ хийснийг би харчихаад “яах гэж байгаа юм бэ” гэхэд энгэрээсээ гаргаж ирж тавьснаа “мөнгө хүрэхгүй юм байна, Баагий ах руу яръя” гэхээр нь би “та хоёр удаа дараа орж ирж хулгай хийхийг завдлаа, та хоёрыг би цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ” гэхэд халзан толгойтой залуу нь “манай дүү байгаа юм, ингээд явуулчих” гэхээр нь манай дүү Ганбаатар бид тэр хоёр залууг бариад “явуулахгүй” гэхэд тэр хоёр гарч зугатаах гэсэн. Ганбаатар бид хоёртой ноцолдож байгаад хэнийг нь санахгүй байна нэг залуу нь Ганбаатарын нүүр рүү нь өшиглөсөн. Тэгтэл Ганбаатар доош тонгойгоод босоод ирэхэд зүүн нүдний доод хэсгээр зүсэгдсэн шархтай цус гарч байсан. Тэр үед нөгөө хоёр залуу тавиулчихаад гарч зугтаахад нь Ганбаатар араас нь хөөж байрны баруун талын буланд саарал куртиктэй залууг нь барьж авсан. Халзан толгойтой, хар куртиктэй залуу нь буцаж ирээд Ганбаатарыг бүлэглэн зодож “наадахаа алаад зугт” гэж нэгэндээ хэлж байсан. Тэр үед би Төмөр замын цагдаа руу гүйж ороод цагдаа дуудаад ирэхэд Ганбаатар саарал куртиктэй залууг барьчихсан, халзан толгойтой залуу цагдаа хараад зугтаачихсан...” гэх мэдүүлэг [12],

Мөн түүний 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн “... Халзан залуу Ганбаатартай зууралдаад Д.Ганбаатарыг тонгойх үед хажуу талаас нь Болдхэт хүчтэй нүүрэн тус газар нь өшиглөж гэмтэл учруулсан. Араас нь Ганбаатар хөөж Болдхэтийг барьж авсан...” гэх мэдүүлэг [13]

 

14.Мөрдөн байцаалтад гэрч Т.Оюунчимэгийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр мэдүүлсэн: “...2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр манай дүү Золзаяа, Ганбаатар бид  миний түрээслэн ажиллуулж байгаа “Сондор” хүнсний дэлгүүрт байж байхад орой 21 цагийн үед эхэлж нэг залуу орж ирсэн. Архины лангуун дээрээс архи аван энгэр рүүгээ хийж нуухад араас нь орж ирсэн залуу ундаа аваад ирсэн. Тэгээд би тэр хоёр залууг кассан дээр ирэхээр нь Золзаяаг дуудаад саарал куртиктэй залууг нь заагаад “наад залуу чинь архи аваад өвөртөө хийчихлээ” гэхэд Золзаяа “түрүүн наад хоёр залуу чинь мөн орж ирж архи хулгайлж байгаад баригдсан шүү дээ” гээд цагдаа дуудъя гэхэд тэр 2 залуу архиа гаргаж тавьчихаад халзан толгойтой залуу нь “наад хүүхэд чинь миний дүү байгаа юм” гээд халаасаа ухаж байгаад 1000 төгрөг гаргаж ирсэн. Тэгэхээр нь бид хэд цагдаа дуудна, гаргахгүй гэж хэлээд гаргахгүй хориход тэр хоёр бид хэдийн өөдөөс эсэргүүцээд гарч зугтаах гээд байхаар нь Ганбаатар, Золзаяа хоёр гаргахгүй гэж ноцолдоход халзан толгойтой залуу нь Ганбаатарын нүүр рүү гараараа цохиход, саарал куртиктэй залуу Ганбаатарын нүүр рүү өшиглөж тавиулаад зугтаад гарч гүйсэн. Тэгээд Ганбаатарын нүүрнээс цус гарахаар нь би “ямар ч байсан хойноос нь хөөгөөд бариад ав” гэж хэлж байж Ганбаатар гарч гүйн саарал куртиктэй залууг нь барьж авсан. Тэгээд нөгөө халзан толгойтой залуу нь буцаж ирээд “наадхаа цохиод зугтаа” гэж байгаад цагдаа ирэхээр нь зугтаачихсан. Халзан толгойтой залуу нь Ганбаатарын нүүр рүү гараараа цохиод доошоо тонгойход, нөгөө залуу нүүр рүү нь өшиглөөд авсан. Тэгээд Ганбаатарыг дээшээ өндийхөд нүүрнийх нь зүүн нүдний доод хэсэгт язарчихсан цус гарч байсан...” гэх мэдүүлэг [14],

 

  15.Мөрдөн байцаалтад гэрч Б.Сайнцогтын 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн “...2015 оны 09 дүгээр сард байсан. Би Тулга ресторан үйлчилгээний төвд харуулын ажил эрхэлдэг байсан. Уг үйлчилгээний төв нь 1 давхартаа “Сондор” гэх нэртэй сүпэр маркетыг ажиллуулдаг. Тэгтэл тэр орой 20-21 цагийн үед санаж байна, үл таних 2 залуу дэлгүүр рүү ороод удалгүй зугтаагаад гараад ирсэн. Би дэлгүүрийн үүдэн дээр суудаг болохоор юу болсон гээд очоод, араас нь дэлгүүрийн Золзаяа, түүний дүү Ганбаатар нар гараад ирсэн. Тэгээд архи хулгайлах гэж байна гээд тэр 2 залууг зугтах гэхээр нь хориглоод байсан. Би халзан толгойтой залуугийн нөгөө залууг нь барьж аваад зууралдсан. Тэгтэл нөгөө халзан толгойтой залуу зөрж хаалгаар гарч зугтах гэтэл Ганбаатар цамцнаас нь зууралдаад бариад авсан. Тэгээд би нөгөө залууг /Болдхэт/ тавьтал Ганбаатарын нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөсөн. Тэгтэл Ганбаатар халзан толгойтой залууг тавьсан. Тэгээд нөгөө 2 залуу гадагш гараад зугтахад араас нь Ганбаатар хөөцөлдөөд өөрийг нь өшиглөсөн залууг барьж аваад гадаа зууралдаад байсан. Халзан толгойтой залуу нь зугтаагаад явсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Болдхэт Ганбаатарын нүүрэн тус газар өшиглөж гэмтэл учруулсан. Тухайн үед зүүн хацарнаас нь цус гарсан, хамар нь эвгүй болсон байх. ...Ямар ч байсан халзан толгойтой залууг гарч зугтах гэхэд нь Ганбаатар барьж аваад хоорондоо зууралдаад байсан. ...Харин нөгөө залуу бол нүүрэн тус газар нь хүчтэй өшиглөж байсан ...” гэх мэдүүлэг [15] ,

 

  16.Мөрдөн байцаалтад Ц.Болдхэтийн сэжигтнээр 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр, яллагдагчаар 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2015 оны 08 дугаар сарын 20-ны үеэр аав Цэнддоржтой хөдөө Сэлэнгэ аймгийн Зүүн хараа сум руу замын аспалт буулгахаар том оврын машинтай дагаж явсан. Тэгээд Зүүн хараад ачаагаа буулгах гээд дугаарлаж байх үедээ бие засах гээд машинаас буусан чинь газраас 20 орчим см зайтай 2, 3-раа өвс ургасан байсан. Тэгэхээр нь би дуу кино дээр гардаг марихуан гэх мансууруулах өвс байна гэж бодоод зулгаагаад авсан. Би куртикныхээ халаасны ёроол хэсгээс дээгүүр, гарын атгаар бол 2 атга хэмжээтэй өвсийг түүж авсан. Тэгээд халаасандаа хийгээд тэр чигтээ явж байгаад Улаанбаатар хотод ирээд гэртээ цэнхэр жижиг гялгар уутанд хийсэн. Би нүүрсний амбаарт нуучихсан байж байгаад 10-аад хоногийн дараа үзсэн чинь өмхийрчихсөн байсан. Тэгэхээр нь тэр чигт нь орхиод эргэж 3 хоногийн дараа үзэхэд хатчихсан байсан. 2015 оны 09 дүгээр сарын эхэн үеэр хичээл ороод 3-4 хонож байсан байх, би найз Хүсэлбуянгийн гэрт нь байхдаа Зүүн Хараа аавтай цуг явахдаа өвс шиг зүйл байхаар нь авчихлаа гээд үзүүлсэн. Тэгтэл надад талыг нь өгчихөөч гэхээр нь би талыг нь өгсөн. Тэгээд би Хүсэлбуянг цагдаад баригдахаас 5-6 хоногийн өмнө надад байсан үлдсэн хэсгээс авч сонинд ороож татаж үзсэн. Би хашаан дотроо хэрэглэж үзээд болохгүй болохоор нь ууттай хамт хашаа давуулж цацаж хаясан. Түүнээс хойш би хэрэглэж үзээгүй. Би мөнгө төгрөгөөр өгөөгүй, зүгээр л Хүсэлбуян надад талыг нь өгчихөөч гэхээр нь л өгчихсөн. Мөнгө төгрөгөөр зараагүй. Би интернэтээс олж мэдсэн. Тухайн үед адилхан ургамал ургасан байхаар нь мөн байж магадгүй гэж бодоод авсан. Хүсэлбуян надаа өгчих гэж гуйхаар нь өгсөн. Олж түүснээс хойш нэг л удаа хэрэглэсэн. ...” [16] гэх мэдүүлэг,

-Мөн түүний сэжигтнээр 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хичээлээ тарчихаад хорооллоос цамц аваад дэлгүүр хэсэж явж байгаад автобусанд суухаар Тэнгис кино театрын буудал дээр урьдны зүс таних Баттулга ахтай тааралдсан. Тэгээд бид 2 юм ярьж зогсож байгаад Баттулга ахыг Төмөр зам оръё гэхээр нь хамтдаа Төмөр зам руу алхаад Ганзам зочид буудлын тэр хавьд ирээд Баттулга ах надаас мөнгө байна уу гэхээр нь би тухайн үед 20,000 төгрөг байсан болохоор дэлгүүрээс нэг шил 0,5 граммын Экс архи авч хувааж уусан. Тэгээд Баттулга ах “дахиад архи ууя, мөнгө байна уу” гэхээр нь байхгүй гэж хэлэхэд Баттулга ах “тэгвэл хоёулаа хулгайлах уу, би хүнийг нь саатуулж байя, чи архиа өвөртөө хийчих” гэхээр нь зөвшөөрөөд Ган-зам зочид буудлын замын хойд талд байрлах “Сондор” нэртэй дэлгүүр рүү орсон. Тэгээд би архины тасгаас нь 0,5 граммын хар Чингис архи өвөртээ хийж байгаад баригдчихсан. Тэгтэл худалдагч эгч цагдаа дуудна гэхээр нь Баттулга ах “эгчээ наад хүүхэд чинь манай дүү байгаа юм, би мөнгийг нь өгчихье”  гэхэд хажуунаас хохирогч залуу хүрч ирээд бид хоёрыг “ална шүү” гэж хэлэхээр нь Баттулга ах хохирогч ахын нүүр рүү нь цохиход худалдагч эгч цагдаа дуудна гээд гарсан. Гаднаас нэг залуу орж ирээд Баттулга ах хохирогч хоёрыг салгасан. Тэгээд Баттулга ах бид хоёр дэлгүүрээс зугтаж гараад гүйж байгаад би хохирогч залууд баригдсан. Баттулга ах цаашаа зугтаагаад гүйчихсэн, удалгүй цагдаа ирсэн. Би одоогоос 3 жилийн өмнө байх Баянбүрдийн тэр хавьд байрны подвалд дуу бичлэгийн студи ажиллуулдаг байсан. Тэр үед Баттулга ах ирж надаар хип хоп дууны хоолой бичүүлж байсан. Тухайн үед Баттулга ах ганцаараа ирж байсан ба ямар нэртэй дуу бичүүлж байсныг би санахгүй байна. Баттулга ах хаана юу хийдгийг мэдэхгүй, Эрдэнэтэд дээврийн ажил хийж байгаа гэж хэлсэн. Утасны дугаарыг нь мэдэхгүй байна. Гэмтлийг Баттулга ах учруулсан...” гэх мэдүүлэг [17],

-2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Тэр үед Ганбаатар хэл ам хийгээд янз бүрээр хэлээд байхаар нь нэг л удаа өшиглөсөн. Зодох болсон шалтгаан гэх зүйл байхгүй. ...Ганбаатарын биед учруулсэн гэмтлийг зөвхөн би учруулсан. ...” гэх мэдүүлэг [18] ,

 

17.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн химийн ахлах шинжээчийн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 8182 тоот дүгнэлтийн:

1, 2, 3 ,4-т Шинжилгээнд ирүүлсэн “2015 оны 09 сарын 16-17-д шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31-р хороо Алтайн арын гудамжны үзүүрт зогсож байсан 19-90 УНУ улсын дугаартай “приус-20” маркийн автомашинд үзлэг хийн хураан авсан 10 гр хэмжээтэй цайвар ногоон өнгийн хатаасан ургамал ” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн хатаасан ургамал мэт зүйл ёроол хэсэг нь ногоон өнгийн ургамал мэт зүйл, төмөр савны ёроол бохирлогдсон гялгар ууттай зүйлийн ногоон өнгийн ургамал мэт зүйл, хар хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас, AJ 1741127 гэсэн серийн дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт, “Coca cola” цоглог 500 мл гэсэн шошготой хуванцар савтай хүрэн өнгийн шингэн зэргийн найрлаганд дельта-9 тетрагидроканнабиол /delta-9 tetrahydrocannabinol/ - ийн агуулга илэрч байна. Энэ бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно /Химийн ахлах шинжээч цагдаагийн хошууч До.Золзаяа/...”  гэсэн дүгнэлт [19],

 

18.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн химийн ахлах шинжээчийн 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 8183 тоот дүгнэлтийн:

1, 2, 3, 4-т Шинжилгээнд ирүүлсэн “Энхбаатарын Баярсайхан ГП00210711”, “Батхишиг овогтой Хүсэлбуян УП95011896 ”, “Мягмардоржийн Пүрэвжаргал РЭ97102306”, “Сарангэрэлийн Саруул УД94020510”, “Цэрэнгийн Бат-эрдэнэ ПГ96022018”, “Батдэлгэрийн Мөнх-Эрдэнэ ВР98101311”, “Амарсайханы Дарамбазар ЙР92031332”  гэсэн хаягуудтай хуванцар саванд хийсэн шээсний дээжүүдээс тетрагидроканнабинолын \tetrahydrocannabinol/ агуулга илэрч байна. Энэ бодис  нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно /Химийн ахлах шинжээч цагдаагийн хошууч До.Золзаяа/...” гэсэн дүгнэлт [20],

 

19.Мөрдөн байцаалтад шинжээч Д.Золзаяагийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...Тетрагидроканнбинал болон Дельта-9 Тетрагидроканнбинал 2 нь найрлагын хувьд нэг төрлийн бодис юм.  Дельта-9 гэдэг нь илүү нарийвчилсан нэршил. Ерөнхийлсөн нэр нь Тетрагидроканнбинал гэж ойлгож болно. Харин нарийвчилсан нэр нь Дельта-9 юм...” гэх мэдүүлэг [21], мөн түүний 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг. Дельта-9 тетрагидроканнабинол, тетрагидроканнабинол 2 нь нэг төрлийн бодис. Манай хүрээлэн бодисыг илүү нарийвчилсан багаж дээр шинжилж хариуг Дельта-9 тетрагидроканнабинол агууламж илрүүлдэг. Харин шээсний дээжинд чанарын агууламж хийж бодисын агууламжийг гаргаж тетрагидроканнабинолын агууламжтайг гаргаж ирдэг. Гэхдээ нэг төрлийн бодис байгаа юм. Шээсэнд нарийвчлан шинжилгээ хийх боломжтой учир тетрагидроканнабинол гэж дүгнэлтийг гаргасан...” гэх мэдүүлэг[22],

 

20.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн химийн ахлах шинжээчийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн 8280 тоот актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн Ц.Болдхэтийн биеэс авсан гэх шээсний дээж шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн Ц.Болдхэтийн биеэс авсан гэх шээсэнд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис болох каннабис \ТНС\-н агууламж илэрсэн болно.

3. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис болох каннабис \ТНС\ нь НҮБ-ын 1961 оны нэгдсэн конвенцийн хэрэглээг нь хориглосон эмийн 1-р жагсаалтанд багтдаг. Химийн ахлах шинжээч цагдаагийн ахлах дэслэгч Б.Энхмандах/...”  гэсэн дүгнэлт[23],

21.Мөрдөн байцаалтад шинжээч Б.Энхмандахын 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...Шинжилгээнд ирүүлсэн Болдхэт гэх хаягтай шээсний дээжинд чанарын урвалаар зааврын дагуу бэлтгэж шинжилгээг явуулахад мансууруулах бодис илэрсэн. Дээрх шинжилгээг баталж 10 төрлийн мансууруулах бодис тодорхойлох тест дүрж үзэхэд ТНС буюу Каннабисын агууламж илэрсэн. Энэ нь 1971 оны шинэчилсэн ТНС буюу Каннабисын агууламжтай адилхан бөгөөд шинжилгээнд Дельта-9 тетрогидроканнабинол гэсэн нарийвчилсан нэрээр тусгагдаагүйгээс 1961 оны НҮБ-н жагсаалтад хамруулж хэрэглээг нь хориглосон эмийн 1-р жагсаалтад багтсан гэж бичсэн. Тетрогидроканнабинол нь бодисын солилцоогоор биеэс ялгарахдаа Каннабисын стерохимийн олон хувилбараар хувирч болдог. Тухайн хүний дотоод эрхтэн физологийн онцлогоос шалтгаалж өөрөөр байж болно. Каннабис буюу /ТНС/ нь олсны ургамал өөрөөр хэлбэл байгалийн гаралтай өвсний ургамал бөгөөд ургамалынхаа бодисоос шалтгаалж Дельта-9 тетрогидроканнабинолын агууламж нь харилцан адилгүй байдаг. Өөрөөр хэлбэл өөр өөр стерохимийн нэгдлүүд тогтоогдох боломжтой. Энэ нь 1971 оны жагсаалтанд нарийвчлан зааж өгсөн байдаг. 1961 оны  жагсаалтад ерөнхий нэршлээр Каннабис /ТНС/ гэж заагдсан байдаг...” гэх мэдүүлэг [24],

 

22.Шүүхийн шинжиилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 13328 тоот актын:

1.Т.Ганбаатарын биед зүүн хоншоор ясны өмнөд ханын хугарал, тархи доргилт, дух зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацрын шарх, хүзүү, цээжний цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл михоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх зүүн хоншоор ясны өмнөд ханын хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Б.Ундармаа/...” гэсэн дүгнэлт [25],

 

23.Мөрдөн байцаалтад шинжээч Б.Ундармаагийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “...Ганбаатарын биед учирсан гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр гэмтлийн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь цаг хугацааны хувьд хэрэг үйлдэгдэх үед буюу тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Ганбаатарын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Зүүн хацар ясны хугарал гэмтэл нь 1 удаагийн буюу өшиглөх үед үүсэх боломжтой гэмтэл...” гэх мэдүүлэг [26],

-Мөн түүний 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мэдүүлсэн: “...Сондор гэх хүнсний дэлгүүрийн бичлэгт авагдсан хохирогчийг тонгойх үед өшиглөж буй этгээд /Болдхэт нь/ өшиглөх үед хохирогч Т.Ганбаатарын биед учирсан зүүн хацар ясны хугарал үүснэ. Хүзүү цээжний цус хуралтаас бусад гэмтэл нь мөн өшиглөх үед үүсэх боломжтой. Мөн бичлэгт байгаа Баттулга гэх этгээд нь гараараа 2-3 удаа хохирогчийг цохиж байгаа нь зүүн хоншоор ясны ханын хугарал гэмтэл үүснэ. Харин зууралдах ноцолдох үед хүзүү, цээжний цус хуралт болон бусад гэмтлүүд үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг [27],

 

24.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт [28],

25.Б.Хүсэлбуянгийн биед үзлэг хийсэн тэмдэглэл [29],

26.Ц.Болдхэтын биед үзлэг хийсэн тэмдэглэл [30],

27.Тест ашигласан тэмдэглэл [31],

28.Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол [32],

29.Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл [33],

30.Шүүгдэгч Б.Хүсэлбуянгийн иргэний үнэмлэхийн лавлагаа [34], урьд шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас [35],

31.Шүүгдэгч Ц.Болдхэтийн иргэний үнэмлэхийн лавлагаа [36], урьд шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас [37],

32.Эрүүгийн хэргүүдийг нэгтгэсэн тогтоол [38],

33.Бэхжүүлсэн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл [39],

34.Хохирогч Т.Ганбаатарын гэм хорын хохирол нэхэмжилсэн баримтууд [40],

35.Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл [41],

36.Эд зүйлийн үнэлгээ [42],

37.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг [43],

38.Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай тогтоол [44] болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл:

 

1.Шүүдэгч Б.Хүсэлбуян нь 2015 оны 09 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутагт Ц.Болдхэтээс 1971 оны 02 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын” тухай Нэгдсэн үндэстний байгууллагын конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий каннабис /ТНС/ төрлийн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар 2015 оны 09 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг, Алтайн 4-457 тоот дахь гэртээ хадгалсан гэмт хэргийг;

Шүүдэгч Ц.Болдхэт нь 2015 оны 08 дугаар сард Сэлэнгэ аймгийн Зүүн хараа /Мандал/ сумын нутаг дэвсгэрээс 1971 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “Сэтгэцэд нөлөөлөх бодисын” тухай Нэгдсэн үндэстний байгууллагын конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий каннабис /ТНС/ төрлийн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авсан, улмаар Хан-Уул дүүргийн 8 хороо, Сонсголонгийн 17-620 тоот дахь гэртээ болон 2015 оны 09 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутагт биедээ авч яван хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

-мөрдөн байцаалтад гэрч Г.Сүхбаатарын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад шөнө 00-01 цагийн үед Хамбын овоо гэх уулан дээр 19-90 УНУ улсын дугаартай Пруис-20 маркийн саарал өнгийн автомашин зогсож байхаар нь шалгасан. ...автомашин дотроос нь сонин эвгүй үнэр үнэртээд байсан. ...Автомашиныг шалгаж үзтэл хуйлсан 10 төгрөг, хуванцар ундааны савны дээр, доор нь 2 цоолж цорго гарган тугалган цаас тогоо шиг хэлбэрт оруулаад мөнгөө нүх рүү нь хийгээд соруул болгосон байсан. ...ягаан өнгийн дугуй, төмөр дотроо ургамал мэт зүйлтэй сав байсан  ...Машин дотор хар тамхи хэрэглэсэн шинж тэмдэгтэй үнэр, утаа битүү болсон байсан....” гэх мэдүүлэг[45],

-насанд хүрээгүй гэрч Э.Баярсайханы 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...Хамын овоон дээр, ...Хүсэлбуян мөнгө хуйлаад гадуур нь скочдоод асаагуураар скочоо хайлуулсан. Хүслийн ундааны савны ёроолд ус хийчихсэн байсан. Тэр савны бөөр дээр нь цоолоод нөгөө мөнгөө хийсэн. Дараа нь тугалган цаасаар гаансны толгой шиг юм хийгээд мөнгөний эсрэг талд нь зоогоод гаансны толгой шиг юман дотор өвсөө хийгээд галаар шатаагаад ундааны савны амаар сороод байсан. ...Хүсэлбуян тэр ургамлыг авчирсан...” гэх мэдүүлэг[46],

-насанд хүрээгүй гэрч Б.Мөнх-Эрдэнийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...Уул руу явах замд Хүсэлбуян ах Баярсайханыг ахын дүү гэр рүүгээ ороод жоохон ус аваад ирээч гээд жижиг “Хүслийн Кола” гэх 500 граммын саванд ус хийлгүүлээд тэгээд өөрөө гэр рүүгээ ороод нэг ягаан өнгийн төмөр дугуй савтай зүйл аваад машинтай явсан. Овоон дээр очоод Саруул ахын машины хойд суудал дээр суусан байхдаа Хүсэлбуян ах нөгөө ундааны савныхаа дээр, доор нь тамхины цогоор 2 нүх гаргаад цоолсон. Дараа нь 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт хуйлаад соруул шиг болгосон, тэрийгээ цоолсон сав руу хийгээд, шоколадны цагаан мөнгөлөг цаасыг тогоо шиг хэлбэртэй хуйлсан мөнгөний үзүүрт нь хийсэн. Ягаан өнгийн савнаасаа ногоон өнгийн ургамал шиг зүйл гаргаж ирээд шоколадны цаасанд хийгээд цагаан өнгийн асаагуураар тогоо шиг хэлбэртэй тугалган цаасныхаа дээгүүр нь асаагаад гарсан утааг нь сорж хэрэглээд байсан. ...Сүүлд нь Хүсэлбуян ах цагдаад баригдсаныхаа дараа найзаасаа авсан гэж байсан. Хүсэлбуян ах уул руу явах замдаа гэр рүүгээ ороод гарч ирэхдээ ягаан дугуй төмөр савтай зүйл барьж гарч ирээд дотроос нь мансууруулах зүйлээ гаргаж ирсэн. Хүсэлбуян ахын гэрээсээ авч гарч ирсэн ягаан хайрцагны дундуур хэмжээтэй байх, өвс шиг хатсан зүйл байсан. ...” гэх мэдүүлэг [47],

-С.Саруулын сэжигтнээр 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...Уул руу явах замдаа Хүсэлбуян нөгөө өвс гэх зүйл гэрт нь байгаа гэхээр нь гэрээр нь дайрч аваад цааш явсан. Уулан дээр байхад Хүсэлбуян дугуй ягаан өнгийн төмөр саван дотор хийсэн байснаа гаргаж ирсэн. ...” [48] гэх мэдүүлэг,

-М.Пүрэвжаргалын сэжигтнээр 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мэдүүлсэн: “...Уулан дээр Саруулын машин дотор сууж байгаад Хүсэлбуян ягаан өнгийн төмөр дугуй савтай өвс шиг зүйл, ёроол хэсэгтээ цэвэр устай ундааны 500 граммын сав, мөнгөлөг өнгийн тугалган цаас, хуйлсан мөнгөн дэвсгэрт зэргийг төмөр дугуй савнаасаа гаргаж ирсэн. ...Тэр өвс гэх зүйлийг Хүсэлбуян олж авчирсан...” [49] гэх мэдүүлэг,

-А.Дарамбазарын сэжигтнээр 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...Саруулын машинтай уулан дээр очоод бүгдээрээ хэрэглэж үзэх үү гээд Хүсэлбуян халааснаасаа ягаан өнгийн төмөр дугуй хайрцагтай өвс шиг зүйл гаргаж ирсэн. ...Хүсэлбуян 2015 оны 09 дүгээр сарын 10-ны үед Болдхэт гээд хүүхдээс авсан гэсэн.  Өмнө нь авчихаад байлгаж байсан гэсэн. ...” [50] гэх мэдүүлэг,  

-Ц.Бат-Эрдэнийн сэжигтнээр 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...Бид нар уулан дээр Саруулын машин дотор сууж байтал Хүсэлбуян ягаан өнгийн төмөр дугуй хайрцагтай зүйл гаргаж ирээд мөнгөлөг өнгийн тугалган цаас тогоо хэлбэртэй болгоод 10 төгрөгийн дэвсгэрт хуйлаад Хүслийн Кола ундааны савыг дээр, доор нь цоолоод доод талд нь хуйлсан мөнгөө хийгээд хуйлсан мөнгөнийхөө амсар дээр мөнгөлөг тогоо хэлбэрт оруулсан цаасаа тавиад дээрээс нь өвсөө хийгээд асаагуураар шатаасан. Тэгээд ундааны савныхаа амсраар нь гарсан утааг нь сорсон. ...Хүсэлбуян Болдхэт гээд найзаасаа олж авсан гэсэн. ...” [51] гэх мэдүүлэг,

-шүүгдэгч Б.Хүсэлбуянгийн сэжигтнээр 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр, яллагдагчаар 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн: “...2015 оны 09 дүгээр сарын 08, 09-ний үед Болдхэт манайд ирсэн. Тэгэхдээ ...хөдөө аавтай явж байхдаа аавдаа мэдэгдэлгүй өвс түүснээ надад үзүүлсэн. Тэр өвс нь мансууруулах бодистой гэсэн. Би надад жоохныг өгчих гээд сонирхож атга хэрээтэйг авсан. Болдхэт жижиг цэнхэр гялгар уутны ёроолоор авчихсан явж байсан. Тэр авсан өвсөө би гэрт байсан ягаан өнгийн дугуй төмөр саванд хийгээд орхисон байсан. ...Болдхэт надад мөнгө, төгрөгөөр өгөөгүй, зүгээр л намайг жоохон өгчих гээд гуйсан чинь атга хэрээтэйг өгсөн, түүнийг л би хадгалж байгаад хэрэглэж үзсэн. ... Гэрийнхээ шүүгээнд хадгалж байсан. ...” гэх мэдүүлэг [52],

-шүүгдэгч Ц.Болдхэтийн сэжигтнээр 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр, яллагдагчаар 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2015 оны 08 дугаар сарын 20-ны үеэр аав Цэнддоржтой хөдөө Сэлэнгэ аймгийн Зүүн хараа сум руу замын аспалт буулгахаар том оврын машинтай дагаж явсан. Тэгээд Зүүн хараад ачаагаа буулгах гээд дугаарлаж байх үедээ бие засах гээд машинаас буусан чинь газраас 20 орчим см зайтай 2, 3-раа өвс ургасан байсан. Тэгэхээр нь би дуу кино дээр гардаг марихуан гэх мансууруулах өвс байна гэж бодоод зулгаагаад авсан. Би куртикныхээ халаасны ёроол хэсгээс дээгүүр, гарын атгаар бол 2 атга хэмжээтэй өвсийг түүж авсан. ...гэртээ цэнхэр жижиг гялгар уутанд хийсэн. Би нүүрсний амбаарт нуучихсан байж байгаад 10-аад хоногийн дараа үзсэн чинь өмхийрчихсөн байсан. Тэгэхээр нь тэр чигт нь орхиод эргэж 3 хоногийн дараа үзэхэд хатчихсан байсан. 2015 оны 09 дүгээр сарын сарын эхэн үеэр ...би найз Хүсэлбуянгийн гэрт нь байхдаа Зүүн Хараа аавтай цуг явахдаа өвс шиг зүйл байхаар нь авчихлаа гээд үзүүлсэн. Тэгтэл надад талыг нь өгчихөөч гэхээр нь би талыг нь өгсөн. ...Би мөнгө төгрөгөөр өгөөгүй, зүгээр л Хүсэлбуян надад талыг нь өгчихөөч гэхээр нь л өгчихсөн. ...Олж түүснээс хойш нэг л удаа хэрэглэсэн. ...” [53] гэх мэдүүлэг,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн шинжээчдийн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 8182,[54] 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 8183,  2015 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн 8280 [55] тоот дүгнэлтүүд, шинжээч Д.Золзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд [56], [57], шинжээч Б.Энхмандахын мэдүүлсэн мэдүүлэг [58], Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт [59], Б.Хүсэлбуянгийн биед үзлэг хийсэн тэмдэглэл [60], Ц.Болдхэтын биед үзлэг хийсэн тэмдэглэл [61], Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол [62] болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба  “сэтгэцэд  нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалын аливаа материалыг хэлэх бөгөөд “Бэлдмэл” гэж сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодис агуулж байгаа физикийн ямар ч байдалд байгаа аливаа уусмал буюу холимогийг, эсхүл тунгийн хэлбэрт байгаа сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодисыг ойлгох ба энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай  учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. 

Иймээс энэ төрлийн бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр  нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар өөрийн эзэмшлийнх болгож буй аливаа үйлдлийг “хууль бусаар олж авсан” гэж үзэх юм.

Харин хууль бусаар бэлтгэх гэдэг нь байгальд унаган жам ёсоороо ургадаг мансууруулах бодис бүхий ургамлыг зөвшөөрөлгүйгээр түүж цуглуулсан, гар аргаар боловсруулж хувирган өөрчилж, бэлэн бүтээгдэхүүн болгон эсвэл түүхий эд хэлбэрээр бий болгосон идэвхитэй үйлдлийг, хадгалах гэдэг нь дээр дурдсан бодисыг санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах саванд агуулж байхыг ойлгоно.
           

Шүүгдэгч Ц.Болдхэт нь Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн, борлуулах зорилгогүйгээр гэртээ болон биедээ хадгалсан, шүүгдэгч Б.Хүсэлбуян нь шүүгдэгч Ц.Болдхэтээс түүний хууль бусаар бэлтгэсэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр олж авсан, мөн гэртээ хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж үзнэ.

Харин Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Хүсэлбуяныг 2015 оны 09 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Тоёота Приус”  маркийн автомашинд мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл шүүгдэгч Б.Хүсэлбуян нь мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг гэрээсээ авч гараад Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Тоёота Приус”  маркийн 19-90 УНУ улсын дугаартай автомашин дотор хэрэглэж байсан, санаа зорилго нь хадгалах бус хэрэглэх зорилготой байсан байх тул уг үйлдлийг дээрх бодисыг автомашинд хадгалсан гэж үзэхээргүй байна.

Иймд шүүгдэгч Ц.Болдхэтийг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, гэртээ болон биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Хүсэлбуяныг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, гэртээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд тус хуулийн зүйл, хэсгээр Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

2.Мөн шүүгдэгч Ц.Болдхэт нь 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутагт байх “Сондор” хүнсний дэлгүүрийн байранд архи хулгайлсаны улмаас дэлгүүрийн худалдагч нартай хэрүүл маргаан үүсгэж, улмаар хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Т.Ганбаатарыг н.Баттулгатай бүлэглэн зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь :

-Мөрдөн байцаалтад хохирогч Т.Ганбаатарын 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн: “...“Сондор” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрт эгч Золзаяа, Оюунчимэг нарын хамт байж байтал гаднаас 2 залуу орж ирээд нэг залуу нь архины лангуун дээрээс 1 шил хар Чингис архи аван энгэртээ хийж байхыг  Оюунчимэг эгч хараад барьж аван “та нар хулгай хийлээ, өдөр бас орж ирж архи хулгайлсан” цагдаа дуудна гэхэд ...тэр 2 залуу зугтаах гэж оролдсон. Би халзан толгойтой залууг нь бариад автал зөрүүлээд миний нүүр рүү гараараа цохисон. ...мөн хамт явсан залуу нь ирээд миний нүүр рүү цохиод авсан. Тэр хоёр нийлээд миний тал талаас цохиж зодсон. ...би хойноос нь гарч хөөгөөд саарал куртиктэй явсан залууг нь бариад автал нөгөө халзан залуу нь буцаж ирээд хоёулаа нийлээд намайг дахин бүлэглэж зодсон. ...Энэ 2 залуу хоёулаа нийлээд намайг тал талаас цохиж зодоод байсан болохоор хоёулаа энэ гэмтлийг учруулсан. ...” гэх мэдүүлэг[63], мөн түүний 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “...Намайг тонгойх үед хажууд байсан Болдхэт хөлөөрөө нэг удаа нүүрэн тус газарт өшиглөсөн. Тэр үед миний хамар болон зүүн нүдний доод талд язарсан. Миний биед хамар болон зүүн нүдний доод хацрын яс язарсан гэмтлийг Болдхэт хөлөөрөө өшиглөж үүсгэсэн. ...Болдхэт намайг өшиглөсний улмаас хамар ясны хугарал, зүүн нүдний доод хацрын зүсэгдсэн шарх зэрэг гэмтэл учирсан.  ...” гэх мэдүүлэг [64],

-гэрч Т.Золзаяагийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...манай дүү Ганбаатар бид 2 тэр 2 залууг бариад “явуулахгүй” гэхэд тэр 2 гарч зугатаах гээд Ганбаатар бид хоёртой ноцолдож байгаад хэнийг нь санахгүй байна нэг залуу нь Ганбаатарын нүүр рүү өшиглөсөн. Тэгтэл Ганбаатар доош тонгойгоод босоод ирэхэд зүүн нүдний доод хэсгээр зүсэгдсэн шархтай цус гарч байсан. Тэр үед нөгөө 2 залуу тавиулчихаад гарч зугтаахад нь Ганбаатар араас нь хөөж байрны баруун талын буланд саарал куртиктэй залууг нь барьж авахад, халзан толгойтой, хар куртиктэй залуу нь буцаж ирээд Ганбаатарыг бүлэглэн зодож “наадахаа алаад зугт” гэж хэлж байсан...” [65] гэх мэдүүлэг,

-гэрч Т.Оюунчимэгийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр мэдүүлсэн: “...халзан толгойтой залуу нь Ганбаатарын нүүр рүү гараараа цохиход, саарал куртиктэй залуу Ганбаатарын нүүр рүү өшиглөж тавиулаад зугтаад гарч гүйсэн. Тэгээд Ганбаатарын нүүрнээс цус гарахаар нь би “ямар ч байсан хойноос нь хөөгөөд бариад ав” гэж хэлсэн.  ...Халзан толгойтой залуу нь Ганбаатарын нүүр рүү гараараа цохиод доошоо тонгойлгоход, нөгөө залуу нь нүүр рүү нь өшиглөөд авсан. Тэгээд Ганбаатарыг дээшээ өндийхөд нүүрнийх нь зүүн нүдний доод хэсэгт язарчихсан цус гарч байсан...” гэх мэдүүлэг [66],

-гэрч Б.Сайнцогтын 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...нөгөө халзан толгойтой залуу зөрж хаалгаар гарч зугтах гэтэл Ганбаатар цамцнаас нь зууралдаад бариад авсан. Тэгээд би нөгөө залууг /Болдхэт/ тавьтал Ганбаатарын нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөсөн. Болдхэт Ганбаатарын нүүрэн тус газар өшиглөж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг [67], Камерийн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл [68], Шүүхийн шинжиилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн 2015 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн 13328 тоот акт, дүгнэлт ...” [69], шинжээч эмч Б.Ундармаагийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мэдүүлсэн: “...Сондор гэх хүнсний дэлгүүрийн бичлэгт авагдсан хохирогчийг тонгойх үед өшиглөж буй этгээд /Болдхэт нь/ өшиглөх үед хохирогч Т.Ганбаатарын биед учирсан зүүн хацар ясны хугарал үүснэ. Хүзүү цээжний цус хуралтаас бусад гэмтэл нь мөн өшиглөх үед үүсэх боломжтой. Мөн бичлэгт байгаа Баттулга гэх этгээд нь гараараа 2-3 удаа хохирогчийг цохиж байгаа нь зүүн хоншоор ясны ханын хугарал гэмтэл үүснэ. Харин зууралдах ноцолдох үед хүзүү, цээжний цус хуралт болон бусад гэмтлүүд үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг [70], Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг [71], Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргасан тогтоол [72] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Тухайн гэмт хэрэг нь шүүгдэгч Ц.Болдхэт иргэн н.Баттулгатай бүлэглэн “Сондор” дэлгүүрээс архи хулгайлан авсаныг харсан худалдагч нар нь тэднийг цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ, явуулахгүй гэж, улмаар хэрүүл маргаан үүсч, хууль бус үйлдлийг таслан зогсоох гэсэн Т.Ганбаатарыг шүүгдэгч Ц.Болдхэт нь н.Баттулгын хамт бүлэглэж  зодсон нь хувийн сэдэлттэй гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

Камерын дүрс бичлэгт бичигдсэн бичлэг, хохирогч, шинжээч Б.Ундармаа нарын  мэдүүлгээр хохирогч Т.Ганбаатарыг шүүгдэгч Ц.Болдхэт нь Баттулгатай бүлэглэж зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан байна.

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.Болдхэттэй бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн н.Баттулгыг эрж хайх ажиллагааг хийсэн боловч хаа байгаа газар нь тогтоогдоогүй байх ба Ц.Болдхэтэд холбогдох хэргээс н.Баттулгад холбогдох хэргийг тусгаарлаж, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр прокурорын тогтоол гарсан байгааг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Ц.Болдхэтыг бусадтай бүлэглэж, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл хэсгээр Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

3.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар.

Хохирогч Т.Ганбаатар нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд зүүн нүдний доод талын хацартаа косметик оёдол тавиулсан 40,000 төгрөг, компьютер томографикийн үзлэгийн төлбөр 70,000 төгрөг, эм тарианы зардалд 120,000 төгрөг, унааны зардал 60,000 төгрөг, цаашид толгойн зураг авахуулах 550,000 төгрөг, хамар тэгшлүүлэх 1,800,000 төгрөг, сорив лазераар арилгах 360,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 3,750,000 төгрөг, нийт 6,835,000 төгрөг нэхэмжилж байгаа талаар нэхэмжлэлдээ бичсэн байх ба хэрэгт компьютер томографикийн үзлэгийн төлбөр 70,000 төгрөгийн баримтыг ирүүлсэн, өөр баримтгүй байна. 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Ганбаатараас хохирлын мөнгө 1,200,000 төгрөгийг Ц.Болдхэтээс хүлээн авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн баримтыг  хэрэгт 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн [73] байна.

Иймд шүүгдэгч Ц.Болдхэтийг хохирогч Т.Ганбаатарт төлөх төлбөргүй гэж үзэв.

 

4.Шүүгдэгч нарын хувийн байдлын тухайд:

Шүүгдэгч Б.Хүсэлбуян, Ц.Болдхэт нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан талаарх Цагдаагийн Ерөнхий газрын МСТТ-ийн 2015 оны 10 дугаар сарын 02, 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн лавлагаагаар тэд тус санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй болох нь тогтоогдсон.

Иймд шүүгдэгч Б.Хүсэлбуян, Ц.Болдхэт нарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ц.Болдхэт нь бүлэглэж бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн, тэдний үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тус тус тооцлоо.

Мөн шүүгдэгч Б.Хүсэлбуяны хувийн байдал, шүүгдэгч Ц.Болдхэтийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэв.

 

5.Бусад асуудлаар

2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр  шүүгдэгч Б.Хүсэлбуянгаас хураан авсан

-ягаан өнгийн дотроо хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон дугуй төмөр сав 1 ширхэг,

-хар хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, тогоо хэлбэрт оруулсан мөнгөлөг өнгийн тугалган цаас 1 ширхэг,

-ёроол хэсэгтээ ногоон өнгийн ургамал мэт зүйлээр бохирлогдсон гялгар уут 1 ширхэг,

-гялгар ууттай 11.5608 грамм бохир жинтэй, 10.2616 грамм цэвэр жинтэй ногоон өнгийн хатаасан ургамал,

-ёроол хэсэг нь бохирлогдсон гялгар уут дахь 0.1852 грамм цэвэр жинтэй ургамал мэт зүйл,

-дотроо шингэн зүйлээр бохирлогдсон 500 мл “Coca Cola” гэх ундааны хуванцар сав /Бонго/ 1 ширхэг,

-шүүгдэгч Б.Хүсэлбуян, Ц.Болдхэт нарын шээснээс мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэсэн эсэхийг урьдчилсан байдлаар шалгасан сорилын /Drugs of Abuse Test/ 2 ширхэг тест зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, AJ1741124 серийн дугаартай хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэгийг Монгол банкинд хүргүүлж, Си Ди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Харин тус хэрэгт тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр иргэн Т.Бадамгаравын эзэмшилд бүртгэлтэй, Хас банкны зээлийн барьцаанд барьцаалсан, 19-90 УНУ улсын дугаартай  “Тоёота Приус-20” маркийн мөнгөлөг саарал өнгийн  ИHW207001108 арлын дугаартай, №00973344 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй автомашиныг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хадгалсан гэж үзэх үндэслэлгүй тул, нөгөө талаас бусдын эзэмшлийн хөрөнгө болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдсон тул тус автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3-р зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Алтан овоо овгийн Батхишигийн Хүсэлбуяныг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

-Шүүгдэгч Хиад боржигон ад овгийн Цэнддоржийн Болдхэтийг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан гэмт хэргийг, бүлэглэж бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч Батхишигийн Хүсэлбуяныг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

-шүүгдэгч Цэнддоржийн Болдхэтийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

-мөн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял тус тус  шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Болдхэтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялын зарим болох 6 /зургаа/ сарыг нэмж нэгтгэн, Ц.Болдхэтийн биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хүсэлбуян, Ц.Болдхэт нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

5.Энэ хэрэгт шүүгдэгч Б.Хүсэлбуян, Ц.Болдхэт нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг, шүүгдэгч Ц.Болдхэт нь хохирогч Т.Ганбаатарт төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт заасныг баримтлан иргэн Т.Бадамгаравын эзэмшилд бүртгэлтэй, 19-90 УНУ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

7.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88,1,3, 88.1.7 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан өнгийн дотроо хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон дугуй төмөр сав 1 ширхэг, хар хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, тогоо хэлбэрт оруулсан мөнгөлөг өнгийн тугалган цаас 1 ширхэг, ёроол хэсэгтээ ногоон өнгийн ургамал мэт зүйлээр бохирлогдсон гялгар уут 1 ширхэг, гялгар ууттай 11.5608 грамм бохир жинтэй, 10.2616 грамм цэвэр жинтэй ногоон өнгийн хатаасан ургамал, ёроол хэсэг нь бохирлогдсон гялгар уут дахь 0.1852 грамм цэвэр жинтэй ургамал мэт зүйл, дотроо шингэн зүйлээр бохирлогдсон 500 мл “Coca Cola” гэх ундааны хуванцар сав /Бонго/ 1 ширхэг, шүүгдэгч Б.Хүсэлбуян, Ц.Болдхэт нарын шээснээс мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэсэн эсэхийг урьдчилсан байдлаар шалгасан сорилын /Drugs of Abuse Test/ 2 ширхэг тест зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, AJ1741124 серийн дугаартай хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэгийг Монгол банкинд хүргүүлж, дүрс бичлэг бүхий  “Си Ди” 1 ширхэгийг хэргийг хадгалах хүртлэх хугацаанд хэрэгт үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Хүсэлбуянд оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст,

-шүүгдэгч Ц.Болдхэтэд оногдуулсан 3 жил 6 сар 10 хоногийн хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст тус тус даалгасугай.

 

9.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Хүсэлбуян, Ц.Болдхэт нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Хүсэлбуян, Ц.Болдхэт нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.АЛТАНТУЯА

 

 


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 26 дугаар тал.

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 27 дугаар тал.

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дүгээр тал.

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дугаар тал.

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 103-104 дүгээр тал.

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 106 дугаар тал.

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 108-109 дүгээр тал.

[8] 1 дүгээр хавтаст хэргийн 111 дүгээр тал.

[9] 1 дүгээр хавтаст хэргийн 97-98, 115 дугаар тал.

[10] 2 дугаар хавтаст хэргийн 39-40 дүгээр тал.

[11] 2 дугаар хавтаст хэргийн 94-95 дугаар тал.

[12] 2 дугаар хавтаст хэргийн 43-44 дүгээр тал.

[13] 2 дугаар хавтаст хэргийн 153-154 дүгээр тал.

[14] 2 дугаар хавтаст хэргийн 45-46 дугаар тал.

[15] 2 дугаар хавтаст хэргийн 152 дугаар тал.

[16] 1 дүгээр хавтаст хэргийн 100-101, 113 дугаар тал.

[17] 2 дугаар хавтаст хэргийн 52-53 дугаар тал.

[18] 2 дугаар хавтаст хэргийн 115-116 дугаар тал.

[19] 1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дүгээр тал.

[20] 1 дүгээр хавтаст хэргийн 45 дугаар тал.

[21] 1 дүгээр хавтаст хэргийн 212 дугаар тал.

[22] 2 дугаар хавтаст хэргийн 166-167 дугаар тал.

[23] 1 дүгээр хавтаст хэргийн 51 дүгээр тал.

[24] 2 дугаар хавтаст хэргийн 168 дугаар тал.

[25] 2 дугаар хавтаст хэргийн 48 дугаар тал.

[26] 2 дугаар хавтаст хэргийн 99-100 дугаар тал.

[27] 2 дугаар хавтаст хэргийн 135-136 дугаар тал.

[28] 1 дүгээр хавтаст хэргийн 4-7 дугаар тал.

[29] 1 дүгээр хавтаст хэргийн 11 дүгээр тал.

[30] 1 дүгээр хавтаст хэргийн 16 дугаар тал.

[31] 1 дүгээр хавтаст хэргийн 17 дугаар тал.

[32] 1 дүгээр хавтаст хэргийн 25, 2 дугаар хавтаст хэргийн 36 дугаар тал.

[33] 1 дүгээр хавтаст хэргийн 120, 121-122 дугаар тал.

[34] 1 дүгээр хавтаст хэргийн 125 дугаар тал.

[35] 1 дүгээр хавтаст хэргийн 138 дугаар тал.

[36] 1 дүгээр хавтаст хэргийн 130 дугаар тал.

[37] 2 дугаар хавтаст хэргийн 58 дугаар тал.

[38] 2 дугаар хавтаст хэргийн 21 дүгээр тал.

[39] 2 дугаар хавтаст хэргийн 37 дугаар тал.

[40] 2 дугаар хавтаст хэргийн 59-64 дүгээр тал.

[41] 2 дугаар хавтаст хэргийн 102 дугаар тал.

[42] 2 дугаар хавтаст хэргийн 117 дугаар тал.

[43] 2 дугаар хавтаст хэргийн 160-162 дугаар тал.

[44] 2 дугаар хавтаст хэргийн 175-176 дугаар тал.

[45] 1 дүгээр хавтаст хэргийн 26 дугаар тал.

[46] 1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дүгээр тал.

[47] 1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дугаар тал.

[48] 1 дүгээр хавтаст хэргийн 103-104 дүгээр тал.

[49] 1 дүгээр хавтаст хэргийн 106 дугаар тал.

[50] 1 дүгээр хавтаст хэргийн 108-109 дүгээр тал.

[51] 1 дүгээр хавтаст хэргийн 111 дүгээр тал.

[52] 1 дүгээр хавтаст хэргийн 97-98, 115 дугаар тал.

[53] 1 дүгээр хавтаст хэргийн 100-101, 113 дугаар тал.

[54] 1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дүгээр тал.

[55] 1 дүгээр хавтаст хэргийн 51 дүгээр тал.

[56] 1 дүгээр хавтаст хэргийн 212 дугаар тал.

[57] 2 дугаар хавтаст хэргийн 166-167 дугаар тал.

[58] 2 дугаар хавтаст хэргийн 168 дугаар тал.

[59] 1 дүгээр хавтаст хэргийн 4-7 дугаар тал.

[60] 1 дүгээр хавтаст хэргийн 11 дүгээр тал.

[61] 1 дүгээр хавтаст хэргийн 16 дугаар тал.

[62] 1 дүгээр хавтаст хэргийн 25 дугаар тал.

[63] 2 дугаар хавтаст хэргийн 39-40 дүгээр тал.

[64] 2 дугаар хавтаст хэргийн 94-95 дугаар тал.

[65] 2 дугаар хавтаст хэргийн 43-44 дүгээр тал.

[66] 2 дугаар хавтаст хэргийн 45-46 дугаар тал.

[67] 2 дугаар хавтаст хэргийн 152 дугаар тал.

[68] 2 дугаар хавтаст хэргийн 37 дугаар тал.

[69] 2 дугаар хавтаст хэргийн 48 дугаар тал.

[70] 2 дугаар хавтаст хэргийн 135-136 дугаар тал.

[71] 2 дугаар хавтаст хэргийн 160-162 дугаар тал.

[72] 2 дугаар хавтаст хэргийн 36 дугаар тал.

[73] 2 дугаар хавтаст хэргийн 102 дугаар тал.