Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 525

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Э” ХХК

Хариуцагч:  Нийслэлийн Засаг дарга 

Нэхэмжлэлийн шаардлага: “...” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... “Э” ХХК нь Налайх дүүргийн Элстэйн зуун мод нэртэй газарт 22.54 гектар талбайд хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу ашигт малтмал ашиглах МV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд тус тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2040 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хугацаагаар олгосон. 

Нийслэлийн Засаг дарга 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр А/******* дүгээр захирамж гаргаж, 62 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалж, 33 нэгжийн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон байсанд манай компани орсон байсан ба ямар үндэслэлээр манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон нь А/******* дүгээр захирамжид тусгаагүй байсан. 

Энэ талаар тодруулахад Нийслэлийн Засаг дарга 2017 оны 12 дугаар сарын 01ний өдрийн 02-02/4110 тоот албан бичгээрээ “...тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй” гэх үндэслэлээр шийдвэр гаргасан тухай мэдэгдсэн.

Гэвч Нийслэлийн Засаг дарга Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 7/24 дүгээр тогтоол гаргаж, манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн зарим хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авснаар тус асуудалтай холбоотой маргаан бүхий захиргааны хэрэг үүсэж, дурдсан хэргийг хянан шийдвэрлэх хүртэл бид тусгай зөвшөөрлийн дагуу ашиглалт хийх боломжгүй бодит нөхцөл байсныг шалгаж, сонсолгүйгээр шийдвэр гаргасан нь хууль бус болсон. Тодруулбал, манай компани Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ... тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, тус нэхэмжлэлтэй хэрэг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ... захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас шүүхээр батлагдсан Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн “... 7.1 га талбайд хамаарах координатын газар зүйн солбицол бүхий хэсэг болох талбайг хүчингүй болгох” үүргээ өнөөг хүртэл гүйцэтгээгүй байна. Нэгэнт дурдсан газрын солбицол тодорхой болоогүй тул бид Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн “... 7.1 га газарт олборлолт хийхгүй байх буюу үйл ажиллагаа явуулахгүй байх үүрэг”-ээ зөрчихгүйн үүднээс Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд шүүхийн шийдвэрийг биелүүлэх, 7.1 га талбайд хамаарах газрын координатыг тодорхой болгож, тус хэсгийг хүчингүй болгох шаардлагыг тавьж, тус шаардлага биелэгдэхгүй байсан тул газрын хэвлийг ашиглаагүй болно.

… Иймд Нийслэлийн Засаг даргын ... захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож, MV-******* дугаар тусгай зөвшөөрлийг сэргээхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулж өгнө үү” гэжээ.       

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нийслэлийн Засаг дарга “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” ... дүгээр захирамжийг гаргахдаа “Газрын хэвлийн тухай хууль”-ийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1-ийг үндэслэн тус хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 4-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон нийслэлийн Байгаль орчны газар “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх тухай” 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2017/16 дугаартай удирдамжийн дагуу хамтран хийсэн хяналт шалгалтаар тус аж ахуйн нэгжийн ... дүгээр захирамжийн 'Э” ХХК-д холбогдох хэсэг нь хууль тогтоомжийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү MV-******* дугаартай тусгай зөвшөөрлүүд нь “Газрын хэвлийн тухай” хууль зөрчсөнийг тогтоон дээрх хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй  аж ахуйн нэгжүүдийн судалгааг гарган газар дээр нь очиж координатын цэгээр талбайг тодорхойлж, фото зургаар баталгаажуулсан болно.

... тогтоолыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас хэрэгжүүлэх чиглэл ирүүлсний дагуу хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.

Нийслэлийн Засаг дарга 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хэвлэлийн бага хурал зарлаж нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдэд байгаль орчны хуулиудыг мөрдөж ажиллах, эс бөгөөс тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах болно гэж мэдэгдэл хийсэн бөгөөд өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийг цуцлахаас 4 сарын өмнөөс анхааруулж олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сонсгох ажиллагаа хийсэн.

Нийслэлийн Засаг дарга 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/******* дүгээр захирамжийг гаргасан өдөр хэвлэлийн бага хурал хийж, уг захирамжийг олон нийтэд мэдээлсэн бөгөөд захирамжид орсон аж ахуйн нэгжүүдийн нэрсийн

жагсаалтыг тухайн өдрийн 08 цаг 15 минут 21 секундэд нийслэлийн албан ёсны

 цахим хаяг болох www.Ulaanbaatar.mn веб сайтад байршуулснаар нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй бүх аж ахуйн нэгжүүдэд мэдэгдсэн гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын ... дүгээр захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсэг нь хууль тогтоомжийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

“Э” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын ... дүгээр захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч “Э” ХХК-д 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын Налайх дүүргийн Элстэйн зуунмод нэртэй газарт орших 22.54 гектар талбайд ашигт малтмал ашиглах MV-******* дугаар тусгай зөвшөөрлийг олгожээ. 

Нийслэлийн Засаг даргын ... дүгээр захирамжийн 2 дахь заалтаар түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй 33 аж ахуйн нэгж, байгууллагын газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосны дотор нэхэмжлэгч компани багтсан байна. 

Нэхэмжлэгч “...Нийслэлийн Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ... дүгээр тогтоолоор манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн зарим хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. … 7.1 га талбайд хамаарах газрын координат тодорхой болгож, тус хэсгийг хүчингүй болгох шаардлага биелэгдэхгүй байсан тул газрын хэвлийг ашиглаагүй. … ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлд хамаарахгүй. …” гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргажээ. 

Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2-т “Газрын хэвлийд ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна.” гэж зааснаас үзвэл ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах харилцаанд Ашигт малтмалын тухай хуулийг хэрэглэхээр байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна.”, Түгээмэл тархац ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална: 

37.1.1.тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 6.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй болсон; 

37.1.2.тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй; 

37.1.3.тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан; 

37.1.4.тусгай зөвшөөрөл эзэмшигч нь түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах нэрээр өөр төрлийн ашигт малтмал хайж, ашигласан нь тогтоогдсон.” гэж тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг заажээ. 

Гэтэл хариуцагч маргаан бүхий ... захирамжаар нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг хуульд заасан үндэслэлээр цуцлаагүй бөгөөд газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон байна. 

Нийслэлийн Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ... тогтоолоор “Орон нутгийн байгалийн унаган төрх, иргэдийн эрх, ашигт нийцүүлэн дүүргийн нутаг дэвсгэрт орших “Зуун мод”-ны 50 га газар бүхий талбайг дүүргийн тусгай хамгаалалтад авсныг “Э” ХХК эс зөвшөөрч “Нийслэлийн Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ... дүгээр тогтоолын “Э” ХХК-д хамаарах заалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл тус шүүхэд гаргасныг шүүгчийн ... дүгээр захирамжаар “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. 

Газрын хэвлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд “Уурхайн эдэлбэр олгосон тухай актыг үндэслэн ашигт малтмалыг олборлоход зориулан газрын хэвлийг олгоно.” зааснаас үзвэл ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан этгээдэд тусгай зөвшөөрлийг үндэслэн газрын хэвлий ашиглах эрхийг олгож, мөн хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгохоор зохицуулжээ. 

Нэхэмжлэгч ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаар тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсэг дүүргийн тусгай хамгаалалтад авсан газартай давхцал үүсэж, маргаантай байгааг газрын хэвлий ашиглаж эхлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэлтэй байна. 

Гэтэл хариуцагч дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй гэсэн үндэслэлээр газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчимд нийцээгүй гэж үзлээ. 

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас газрын хэвлий ашиглаагүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн  1-д “Газрын хэвлийг ашиглах эрхийг дор дурдсан тохиолдолд бүрэн буюу хэсэгчлэн дуусгавар болгоно: … 5/хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болсон.” гэж заасан нөхцөл үүссэн гэж үзэх боломжгүй юм.

Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 5-д “Газрын хэвлийг ашиглах эрхийг уурхайн эдэлбэр олгосон тухай акт буюу газрын хэвлийг ашиглуулах тухай зөвшөөрөл олгосон байгууллага нь акт буюу зөвшөөрлөө хүчингүй болгох замаар дуусгавар болгоно.” гэж заасан нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох замаар газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох зохицуулалт болохоос газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох замаар тусгай зөвшөөрлийг цуцлах агуулгагүй байна. 

Хуулийн дээрх заалтаас үзвэл газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосноор ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчингүй болох талаар хуульд зохицуулаагүй байна. Хэрэв тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл тогтоогдсон бол Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.3, 37.4 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдэл хүргүүлж, мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй талаарх нотлох баримт гаргаж өгөх, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хангах учиртай бөгөөд хариуцагч дээрх үйл ажиллагаа хийгээгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна. 

Дээр дурдсан нөхцөл байдлуудад үндэслэн хариуцагч “Э” ХХК-ийн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгохдоо Захиргааны ерөнхий хуульд заасан урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг хэрэгжүүлээгүй, газрын хэвлий ашиглах эрх дуусгавар болсон үндэслэлээр ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл цуцлагдсан гэж хуулийг буруу хэрэгжүүлж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэлээ. 

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэсэн үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/******* дүгээр захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоон, MV-******* дугаар тусгай зөвшөөрлийг сэргээхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэлээ. 

Захиргааны   хэрэг   шүүхэд   хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 47 дугаар зүйлийн 47.1.6, Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2, 13 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 5, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Нийслэлийн Засаг даргын ... дүгээр захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, MV-******* дугаар тусгай зөвшөөрлийг сэргээхийг Нийслэлийн Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Н.ДАМДИНСҮРЭН