Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2020/00706

 

Л.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/01169 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1098 дугаар магадлалтай,

Л.Ц-ын нэхэмжлэлтэй,

О.Г-т холбогдох,

“Зээлийн гэрээ”-ний үүрэгт 10 488 057 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр иргэн О.Гтэй зээлийн гэрээ байгуулж, 10 259 838 төгрөгийг 10 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хавсралтаар зээлийг эргүүлэн төлөх хуваарийг тохиролцсон ба зээлдэгч төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд зээлдүүлэгч үлдсэн зээлийг зээлдэгчээс бүхэлд нь шаардах эрхтэй байхаар зээлийн гэрээний 1.7-д заасан.

Зээлдэгч нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 909 838 төгрөг төлөхөөс 800 000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн. Түүнээс хойш төлбөр төлөөгүй.

Хариуцагчаас дээрх гэрээний дагуу мөнгийг аваагүй, гэрээг байгуулагдаагүй гэж маргаж байгаа хэдий ч гэрээний 1.2-т мөнгийг бэлнээр хүлээн авсан гэж гарын үсэг зурсан, зээлийн гэрээг нотариатаар батлуулсан байгаа нь гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу мөнгийг бэлнээр олгосон гэдэг нь нотлогдож байна.

Иймд үндсэн зээл 9 459 838 төгрөг, алданги 1 028 219 төгрөг, нийт 10 488 057 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2018 оны 9 сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 10 259 838 төгрөгийг 10 сарын хугацаатай зээлдүүлсэн. Хариуцагчаас бэлнээр 909 838 төгрөгийг 2018 оны 11 сарын 27-ны өдөр төлсөн ба түүнээс хойш нэг ч төгрөг төлөөгүй. Хариуцагчаас уг гэрээний дагуу мөнгийг аваагүй, энэ гэрээг байгуулагдаагүй гэж маргаж байгаа хэдий ч гэрээний 1.2-т мөнгийг бэлнээр хүлээн авсан гэж гарын үсэг зурсан байна. Мөн гэрээн дээр гарын үсэг зурсан, нотариатаар батлуулсан байгаа нь энэ гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу мөнгийг бэлнээр олгосон гэдэг нь нотлогдож байна.

Энэ хоёр хүн танилууд бөгөөд өмнө нь Л.Ц нь О.Гээс бага хэмжээний мөнгө зээлээд зээлсэн мөнгөө буцаан төлөөд өөрөө дахиж 10 259 838 төгрөгийг түүнд зээлдүүлсэн байдаг. Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Хариуцагч нь гэрээний хавсралтад заасан хуваарийг зөрчсөн тул гэрээний 1.7-д заасны дагуу зээлийг хугацаанаас нь өмнө бүхэлд нь гаргуулах шаардлага гаргаж байна. Нэхэмжлэл дээрээ алдангийн тооцооллын алдаа гаргасан байсан тул хариуцагчаас үндсэн зээл 9 459 838 төгрөг, алданги 1 028 219 төгрөг, нийт 10 488 057 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг 36 181 төгрөгөөр багасгаж байна гэжээ.

Хариуцагч О.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие дээрх зээлийн гэрээний дагуу 10 259 838 төгрөг аваагүй.

Миний нөхөр н.Түвшинбаяр “Эбердигм Монгол” ХХК-д 41 360 000 төгрөг төлөхөөр тохиролцсон ба үүнийг төлөхтэй холбоотой 10 259 838 төгрөгийн гэрээг хийсэн учраас зээлийн гэрээний үүрэг хүлээхгүй.

Гэрээний 2.1-д зээлдэгч мөнгийг хүлээн авснаар энэ гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан байх бөгөөд дээрх мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй тул гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/01169 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 208 дугаар зүйлийн 208.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Гээс 10 488 057 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Цын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183 340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1098 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/01169 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар О.Гээс 10 488 057 төгрөгийг гаргуулж, Л.Цад олгосугай.” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын “хэвээр үлдээсүгэй” гэснийг “хэвээр үлээж, хариуцагч О.Гээс 182 759 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Цад олгосугай” гэж нэмж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183 340 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/01169 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн “10 488 057 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 сарын 14-ны 1098 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” 40.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасан байх ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна.

Талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн эсэх талаар.

ИХШХШтХ-ийн 166 дугаар зүйлийн 166.4-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж заасан.

Зээлийн гэрээ нь талуудын харилцан дүйцсэн саналын үндсэн дээр, өөрөөр хэлбэл нэг тал нь мөнгө зээлэх эсвэл зээлдүүлэх тухай гэрээ байгуулах санал гаргаж нөгөө тал үүнийг хүлээн зөвшөөрснөөр байгуулагдана. Түүнчлэн гэрээний талууд зээлийн гэрээ байгуулах талаар санал нэгдсэн байх ёстойн зэрэгцээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасны дагуу зээлийн гэрээний зүйлийг зээлдэгчид бодитоор шилжүүлсэн тохиолдолд тухайн гэрээг хүчин төгөлдөр байгуулагдсан гэж үзнэ.

Гэтэл 2018 оны 09 сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдаагүй бөгөөд зээлдүүлсэн гэх 10 259 838 төгрөгийг Л.Ц нь О.Гт шилжүүлж өгөөгүй. Ийнхүү гэрээний зүйлийг шилжүүлсэн мэтээр үзэж дээрх мөнгийг О.Гээс шаардаж байгаа нь үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт: “...талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан Зээлийн гэрээ байгуулагдсан. Энэ гэрээний дагуу нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна гэж үзэв” гэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт: “Уг гэрээний 1.2-т зааснаар 10 259 838 төгрөгийг О.Г хүлээн авснаа илэрхийлж гарын үсэг зурсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хуульд нийцжээ” гэжээ.

Хавтас хэрэгт авагдсан Зээлийн гэрээний 1.2-т зааснаар гарын үсэг зурсан нь энэхүү гэрээгээр 10 259 838 төгрөгийг хүлээж авсан гэдгийг нотлохгүй. Түүнчлэн нэхэмжлэгч 10 259 838 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн гэх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа “О.Г нь урьд нь Л.Цтай өглөг, авлагын харилцаатай байсан, өмнөх асуудлыг харилцан тооцож 10 259 838 төгрөгийн зээлийг өгсөн” гэх боловч үүнийг баримтаар нотлоогүй. Өмнө нь талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа байсан эсэх талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад хоёр шатны шүүх хэт нэг талыг барьж талуудын хооронд Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт: О.Г нь Л.Цад 2018 оны 11 сарын 27-ны өдрийн буюу Зээлийн гэрээний үүрэгт 909 838 төгрөг төлөхөөс 800 000 төгрөгийг төлсөн ба түүнээс хойш төлбөр төлөөгүй талаар талууд маргаагүй” гэжээ.

О.Г нь Л.Цад Зээлийн гэрээний дагуу 800 000 төгрөг шилжүүлсэн эсэх талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, улмаар талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэдгийг нотлох баримт байхгүй байтал шүүх Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэн 10 259 838 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 сарын 14-ны өдрийн 1098 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э хяналтын журмаар гаргасан гомдолд гаргасан тайлбартаа: Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 1098 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З хяналтын журмаар гомдол гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие уг гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж дараах тайлбарыг өгч байна.

1.  Хариуцагчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо “2018 оны 9-р сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдаагүй, 10 259 838 төгрөгийг Л.Ц О.Гт шилжүүлж өгөөгүй, шилжүүлсэн мэтээр шаардаж байгаа нь үндэслэлгүй” гэжээ.

Хариуцагч анхан шатны шүүхэд би мөнгийг хүлээж аваагүй учраас төлөхгүй гэж тайлбарлаж байсан бол одоо зээлийн гэрээ байгуулагдсан болохыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулагдсан боловч “талуудын хүсэлт зоригийн үндсэн зээл байгуулагдаагүй” болж өөрчлөгджээ.

ИХШТХТХуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж хуульчилсан байх тул хариуцагч талуудын хүсэлт зоригоос гадуур зээлийн гэрээ байгуулагдсан гэдгийг хариуцагч өөрөө шүүхэд нотлох үүрэгтэй. Хариуцагчаас энэ хэргийг шийдвэрлэхэд аливаа нотлох баримтыг гаргаж өгөөгүй буюу өөрийн тайлбарын үндэслэлийг шүүхэд нотолж чадаагүй. Иймд хариуцагчийн энэ тайлбар, гомдол нь үндэслэлгүй байна.

2. Хариуцагчийн төлөөлөгч гомдолдоо “Өмнө нь талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа байсан эсэх талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад ...талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна” гэжээ.

Өмнө нь талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх нь энэ маргаанд хамааралгүй бөгөөд энэ тухай хоёр шатны шүүх шийдвэртээ аливаа хэлбэрээр үнэлэлт дүгнэлт өгөөгүй байхад хариуцагчийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг буруу ойлгосон байна. Хариуцагч зээлийн гэрээний дагуу бэлэн мөнгө авсан тухайгаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, зээлийн гэрээ болон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг тус тус хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан учир шүүхээс талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн.

Хариуцагчийн төлөөлөгч гомдолдоо “О.Г нь Л.Цад 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээний дагуу 800 000 төгрөг шилжүүлсэн эсэх талаар нотлох баримт авагдаагүй ... байтал шүүх зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэн 10 259 838 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Нэхэмжлэлд хариуцагч нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 800 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэж маш тодорхой бичсэн. Гэтэл хариуцагч нь энэ мөнгийг аваагүй гэх зүйлийг хариу тайлбартаа бичээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх хуралдааны үед энэ үйл баримтыг мөн үгүйсгээгүй хэрнээ хяналтын шатны шүүхэд энэ асуудлаар талууд маргасан мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй байна. Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн тайлбар, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагч 800 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй гэж тайлбар байхгүй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан дүгнэлт нь үндэслэлтэй юм. Хариуцагчийн төлөөлөгчийн гомдол нь бодит байдалд нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Л.Ц нь О.Гт холбогдуулан “Зээлийн гэрээ”-ний үүрэгт 10 488 057 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: “...шүүх нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн, ...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...зээлийн гэрээ хэрэгжээгүй байхад гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй...” гэж хяналтын журмаар гомдол гаргажээ.

Зохигч 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр “Зээлийн гэрээ” байгуулж, гэрээгээр зээлдүүлэгч Л.Ц нь зээлдэгч О.Гт 10 259 838 төгрөгийг 10 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийн төлбөрийг гэрээгээр тохирсон хугацаанд буцаан төлөх, гэрээгээр тохирсон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг зээлдүүлэгчид төлөхөөр тус тус үүрэг хүлээжээ.

Зээлдэгч нь гэрээнд заасан мөнгийг бэлнээр хүлээн авснаа нотолж гэрээнд гарын үсэг зурсан, гэрээний хугацаанд 800 000 төгрөг төлсөн, үлдэх төлбөрийг гэрээгээр тохирсон хугацаанд гүйцэтгээгүй үндэслэлээр үлдэгдэл төлбөр 9 459 838 төгрөг, алданги 1 028 219 төгрөгийн хамт нийт 10 488 057 төгрөг гаргуулахаар Л.Ц нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, гэрээнд заасан мөнгийг хүлээн аваагүй тул зөвшөөрөхгүй, өөр гэрээний үүргийг төлөхтэй холбоотойгоор гэрээнд гарын үсэг зурсан гэж маргажээ.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд нь буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, зээлдүүлэгч зээлдэгчээс гэрээний үүргийг шаардсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалтыг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд “Зээлийн гэрээ” байгуулагдсан, үүрэг гүйцэтгэх хугацааг хууль буюу гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй, гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлдэгч нь зээлийг буцаан төлөх чадваргүй болсон, эд хөрөнгийн хэмжээ багассан, хөрөнгөгүй болсон зэрэг үүргийг хугацаанаас нь өмнө шаардах хуульд заасан үндэслэлүүд тогтоогдоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4., 208.6., 284 дүгээр зүйлийн 284.1. дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг үндэслэл бүхий тодорхойлж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр зээлдэгч гэрээгээр тохирсон хугацаанд гэрээний үүргийг биелүүлээгүй, нэхэмжлэгч зээлийг буцаан шаардах эрхээ хэрэгжүүлсэн нь хууль зөрчөөгүй, хариуцагч зээлийн үлдэгдэл төлбөр, гэрээгээр тохирсон алдангийг төлөх үүрэгтэй гэх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 281 дүгээр зүйлийн 281.1., 232 дугаар зүйлийн 232.6. дахь заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар зохигчдын хооронд “Зээлийн гэрээ” байгуулагдсан, гэрээний дагуу 10 259 838 төгрөгийг зээлдэгч хүлээж авснаа нотолж гэрээнд гарын үсэг зурсан, зээлийн эргэн төлөлтөд 800 000 төгрөгийг буцаан төлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар, нотлох баримтыг хариуцагч эс зөвшөөрсөн тайлбар, үндэслэлээ баримтаар нотлоогүй гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтыг зөрчөөгүй байх тул “...давж заалдах шатны шүүх нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ...” гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1098 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч О.Гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 183 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД