Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/414

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалболд,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч Ж.Ж, түүний өмгөөлөгч С.Базардорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ж.Жт холбогдох эрүүгийн 2134000000404 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ж.Ж төрсөн, 44 настай, эмэгтэй, яс үндэс халх,  дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт тоотод оршин суух, ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Ж.Жийн өгсөн: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруу хүлээн зөвшөөрч байгаа." гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

           

         Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/, хохирогч Л.Сын мэдүүлэг /хх 6, 13/, хохирогч Ш.Гийн мэдүүлэг /хх 9, 11/, гэрч Д.Нийн өгсөн мэдүүлэг /хх 15/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 21-25/, Ж.Жийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 39/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 62/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 71/, хүсэлт шийдвэрлэсэн хяналтын прокурорын 2021.10.26-ны өдрийн 85 дугаартай тогтоол /хх 72-73/ зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

  Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

  Шүүгдэгч Ж.Ж нь Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Цагдаагийн газрын цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Л.С, цагдаагийн ахлагч Ш.Г нарыг албан үүргээ биелүүлэхтэй холбоотойгоор түүний нөхөр Д.Нийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг шалгах явцад цагдаагийн дэд ахлагч Л.С, цагдаагийн ахлагч Ш.Г нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн Ш.Гийн нүүрэн тус газар гараараа, Л.Сын нүүрэн тус газар гараараа тус тус цохиж, албаны дүрэмт хувцас болох мөрдөсийг урсан болох нь:

 

Хохирогч Ш.Г гэрчээр өгсөн: "Би дэд ахлагч Сын хамт 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 16 цагаас 02 цагийн хооронд шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 22 цаг 30 минутын үед Төв аймаг Зуунмод сум Зүүндэлгэр багаас урагш хогийн хөтөл явах шороон зам дээр 76-80 УНТ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Архи уусан эсэхийг шалгахаар тандагч багажаар шалгахад улаан гэрэл асаж архи уусан байсан нь тогтоогдсон. Тэгээд тээврийн хэрэгсэлдээ суулгаж Төв аймаг дахь Цагдаагийн газар очиж драгер багаж үлээлгэх, машиндаа суулгах гэтэл эсэргүүцэж тээврийн хэрэгслийн түлхүүрийг өгөөгүй бөгөөд тээврийн хэрэгслийн урд сууж байсан эхнэр нь тээврийн хэрэгслээс бууж ирээд “та нар яах гээд байгаа юм бид нар ямар хүн алж хүрээ талсан уу” гээд дэд ахлагч Сын хоёр мөрдөсийг нь хуулаад албаны камерийг авч шидээд шүгэл, малгайг нь аваад гараараа нүүр рүү нь цохисон. Намайг эхнэр нь баруун гараараа зүүн чих рүү гараа атгаж байгаад цохисон. Тэгээд Төв аймаг дахь Цагдаагийн газар авчирсан. Миний биед гэмтэл учраагүй зүүн  талын чих улайсан байгаа тухайн үедээ халуун оргиод улайж байсан. Эхнэр нь тээврийн хэрэгслээс бууж ирээд Стай зууралдаж хоёр мөрдөсийг нь хуулж шидээд над дээр ирээд баахан хэл ам хийж байгаад баруун гараараа зүүн чих рүү цохисон. Би Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Миний биед айхтар гэмтэл учирсан зүйл байхгүй зүгээр л чих улайсан. Би жолооч Нд хандан та архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна та Цагдаагийн газар очиж драгер үлээх ёстой талаар шаардлага тавихад жолооч нь машинд суухгүй зугтаасан тэгтэл машинд сууж явсан эхнэр нь гарч ирж биед халдсан. Миний өмсөж явсан албаны дүрэмт хувцсанд ямар нэгэн гэмтэл учраагүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Эхнэр нь 5 дугаар сургуулийн багш юм гэсэн." гэх мэдүүлэг /хх 9, 11/, 

 

Хохирогч Л.Сын гэрчээр өгсөн: “Намайг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 16 цагаас 02 цагийн хооронд ахлагч Ш.Гийн хамт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Төв аймаг Зуунмод сум Зүүндэлгэр багаас хогийн хөтөл явах замд цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлж замаас гараад сэжигтэй санагдаад зогсоож шалгахад жолооч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд жолоочийг машинаас бууж бичиг баримтаа шалгуулах шаардлага тавихад машинд суухгүй бичиг баримтаа шалгуулахгүй эсэргүүцэл үзүүлсэн. Тэр үед эхнэр нь бууж ирээд хэл амаар доромжлоод ахлагч Ш.Гийн зүүн чих рүү баруун гараараа алгадсан мөн миний хоёр мөрдөсийг хуулан авч, хүзүүнд зүүлттэй байсан шүгэлний утасыг тасдаж, энгэрт байсан камерийг газар авч шидэж биед халдсан. Мөн миний зүүн хацар луу баруун гараа атгаж байгаад алгадсан. Миний биед бол гэмтэл учраагүй. Би Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй биед учирсан айхтар гэмтэл байхгүй. Би жолоочийг тээврийн хэрэгслийн бичиг баримтаа шалгуулах мөн Цагдаагийн газар очиж драгер үлээж согтуурлын зэрэг шалгуулах шаардлага тавьсан. Миний хоёр мөрдөсний бүч тасарсан, шүгэлний зүүлтний оосор тасарсан байгаа. Камер хэвийн ажиллагаатай байсан. Би гомдолтой байна. Төв аймаг дахь Цагдаагийн газар ирэхэд хажууд сууж байсан эхнэр нь насаараа цагдаа явахыг чинь харнаа цусаар бөөлжүүлнэ гэж сүрдүүлсэн үгнүүд хэлээд байсан.” гэх мэдүүлэг /хх 6, 13/

 

        Гэрч Д.Нийн өгсөн: “Би 2021 оны 9 дүгээр сарын 30-ны орой Төв аймаг Зуунмод сум Усны аж ахуй 5Б-2 тоотод эхнэр Ж, эгч Оюунсүрэн нартай хоёр пиво болон нэг том ундааны савтай айраг хувааж уугаад ахынхаа Портер маркийн 7680 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй эхнэр Ж, охин Буянхишиг нарын хамт хүнтэй уулзах гээд Төв аймаг Зүүндэлгэр орж хүнээс юм авчихаад буцаад гэр лүүгээ явж байтал араас Цагдаагийн машин ирээд зогсоож миний бичиг баримтыг шалгасан. Тэгээд бид хоёрыг Төв аймаг дахь Цагдаагийн газар авчирсан. Эхнэр бид хоёр өөрийн үйлдлийг хянах чадвартай байсан. Машины бичиг баримтаа шалгуулах шаардлага тавьсан. Би Цагдаагийн алба хаагчийн биед халдаагүй. Би эхнэртэйгээ хорин жил хамтран амьдарч байна. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан.” гэх мэдүүлэг / хх 15/,

 

         Шүүгдэгч Ж.Жийн өгсөн: “Би гэртээ 2021 оны 9 дүгээр сарын 30-наас 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд хамаатны эгч Оюунсүрэн, нөхөр Нтэй цуг гурвуулаа том савтай пиво хувааж уусан. Тэгээд Зүүндэлгэр лүү юм авах гээд нөхөр Н Портер маркийн 7680 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодоод хүүхэд Буянхишиг бид гурав явсан. Тэгээд Зүүндэлгэрээс юмнуудаа авчихаад урагшаа шороон замаар явж байтал цагдаа зогсоогоод Н буусан. Тэгээд нэлээн удсан. Г гээд цагдаа нь манай нөхрөөс түлхүүрийг нь авах гээд л байгаа бололтой хоёр гарыг нь нурууных нь ард мушгиад барьж байтал машинд сууж явсан хүүхэд аавыгаа хараад уйлаад Н намайг дуудхаар нь би машинаас буутал С гээд цагдаа нь таньд хамаагүй та цаашаа байж бай гээд намайг түлхсэн. Тэгтэл Г гээд цагдаа нь Нээс танай эхнэр хаана ямар ажил хийдэг вэ гэж асуухад манай нөхөр 5 дугаар сургуульд багш хийдэг гэж хэлсэн. Тэгэнгүүт С гээд цагдаа нь надад хандан ийм багш гэж юу байсан юм, хүүхдээ өгсөн хүний заяа гомдох байлгүй гэж хэл амаар доромжилсон. Тэгээд л миний уур хүрсэн муу сайн ч бий 20 гаран жил ажилласан хүн шүү дээ. Тэгээд миний өөдөөс бичлэг хийж байгаа шүү гээд өөдөөс хэлтэл чи хүн доромжилчхоод бичлэг хийдэг хэн юм бэ гээд камерийг нь авах гэж дайрсан. Тэгээд бичлэгийг нь авна гээд өөдөөс нь зууралдахад л вагон ч гэлүү мөрдөс ч гэлүү тасдчихлаа гэж хэлсэн. Тэгээд намайг хэл амаар их доромжилсон. Чамайг ажлаас чинь халуулна боловсролын яаманд чинь хэлж ажилгүй болгоно гэж хэлсэн. Тэгээд Цагдаагийн машинд сууж Цагдаагийн газар ирсэн. Би өөрийнхөө үйлдлээ хянах чадвартай байсан. Уурандаа л тэр цагдаатай муудалцсан. Цагдаагийн албан хаагч намайг доромжлоогүй байсан бол уг уйл явдал болохгүй байсан. Хэрэг гарсны дараа маргааш нь Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт С надтай уулзаж надаас уучлалт гуйж, гомдол санал байхгүй, илүү мөрдөс байдаг юм гэж хэлж байсан. Өнөөдөр Г цагдаатай таараад гомдол санал байхгүй гэж хэлсэн. С камерийн бичлэгт санаа зоволтгүй би устгачихсан, камер ажиллаж байгаа болохгүй бол би өөрөө засуулчихна гэсэн. Миний буруу ч байгаа бид хэд уулзаж учраад сайн муугаа ярилцаад эвээ олсон.” гэх мэдүүлэг /хх 18, 39/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 149 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Шинжилгээнд ирүүлсэн 12х4,9 см хэмжээтэй цагдаагийн дэд ахлагч мөрдөсний зүүн мөрөнд зүүдэг хэсгийн хар өнгийн даавуун оруулгад 1,5 см хэмжээтэй оёдол дагуу оёдлын утас урагдсан байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн 12х4,9 см хэмжээтэй цагдаагийн дэд ахлагч мөрдөсний зүүн мөрөнд зүүдэг хэсгийн хар өнгийн даавуун оруулгад 1,5 см хэмжээтэй оёдол дагуу оёдлын утас урагдалт нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Шинжилгээнд ирүүлсэн 40х2 см хэмжээтэй цагаан өнгийн даавуун оосрон дээр цагдаагийн сүлд тэмдэг, TRAFFIC POLICE гэсэн бичиглэлтэй тоос шороо мэт зүйлээр бохирлогдсон, уг оосор нь залгаас хэсэгтээ төмөр түгжээ мэт оруулгатай уг төмөр түгжээ мэт оруулга нь үзүүр хэсэгтээ хугарсан гэмтэлтэй байна. 4.Шинжилгээнд ирүүлсэн 40х2 см хэмжээтэй цагаан өнгийн даавуун оосрон дээр цагдаагийн сүлд тэмдэг, TRAFFIC POLICE гэсэн бичиглэлтэй тоос шороо мэт зүйлээр бохирлогдсон, уг оосор нь залгаас хэсэгтээ төмөр түгжээ мэт оруулгатай уг төмөр түгжээ мэт оруулга нь үзүүр хэсэгтээ хугарсан гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэгдсэн байх боломжтой. 5.Асуултад дурдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий өөр нөхцөл байдал илрээгүй болно." гэжээ /хх 22-23/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ж.Жийн дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй. Шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсэж үйлдээгүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Ж.Жт ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

Шүүгдэгч Ж.Жт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэх,  тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.  

Эрүүгийн 2134000000404 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч Ж.Жийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Жийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Ж.Жийн тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.   

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ж.Жийн тэнссэн хугацаанд хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  6.Эрүүгийн 2134000000404 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Ж нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  8.Шийтгэх тогтоод давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Жт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ