Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2018/ШЦТ/328

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0305/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа,

Хохирогч Ц.Э,

Орчуулагч Л.Н,

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А холбогдох эрүүгийн 1818006920378 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бүгд Найрамдах Унгар улсын иргэн, Б А /Иргэний үнэмлэхний дугаар: , РД: 1962 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Бүгд Найрамдах Унгар улсын Зэнтэндрэ хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа эдийн засагчаар ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Бүгд найрамдах Унгар улсын оршин суух, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ********нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хараа” зочид буудалд эхнэр болох Монгол Улсын иргэн Ц.Э мөнгө, санхүүгийн асуудлаас болж маргалдан эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг” зочид буудалд эхнэр болох Монгол Улсын иргэн Ц.Э мөнгө, санхүүгийн асуудлаас болж маргалдан эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр эхнэр маань 19 цагт гоо сайханд орохоор явсан. Явахдаа 20 цагт ирнэ гэж хэлээд надад 0.5 литрийн нэг шил архи авч өгсөн. Би тухайн үед хоёр хүүхэдтэйгээ буудалд үлдсэн бөгөөд хүүхдүүдтэйгээ тоглож, зурагт үзэж байхдаа эхнэрийнхээ авч өгсөн архинаас 100 граммыг уусан. Эхнэр рүүгээ 21 цаг өнгөрөөгөөд залгахад хамаатныхаа айлаар орно, оройтно гэж хэлсэн. Түүний дараа 22 цаг өнгөрөөгөөд 23 цагийн үед дахин гар утас руу нь залгахад согтуу шинжтэй утсаар ярьж, 23 цаг өнгөрч байхад буудалдаа ирсэн. Би Унгар руу буцах байсан учраас эхнэртээ “паспортоо авъя” гэж хэлэхэд “Улаанбаатар хотод байр авмаар байна, надад мөнгө өг, мөнгө өгөхгүй бол паспортыг чинь өгөхгүй.” гэж хэлсэн. Би тухайн үед эхнэрийнхээ данс руу мөнгө шилжүүлсэн байсан боловч эхнэр маань шилжүүлсэн мөнгө удаж байж данс руу нь орно гэдгийг мэдэхгүй, намайг мөнгө шилжүүлсэн гэдгийг ойлгохгүй байсан учраас уур хүрээд ор руу түлхэн хоёр удаа алгадсан. Харин эхнэр маань намайг маш олон удаа цохиж бидний дунд маргаан болсон. Маргаан болсон шалтгаан бол мөнгө дансанд ороогүй гэх үл ойлголцлоос болсон.

...би эмэгтэй хүнд гар хүрч үзээгүй, болсон асуудалд харамсаж байна. Намайг тайлбарлахаар ойлгохгүй байсан учраас ийм байдалд хүрсэн, миний буруу.” гэх мэдүүлэг,

-Хохирогч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Нөхрийн ярьсан зүйлтэй санал нэг байна. Нөхөр бид хоёр жил бүрийн амралтаараа Монголд ирдэг. Энэ жил байр авах зорилготой ирсэн. Хэрэг гардаг өдөр би нөхөртөө нэг шил архи авч өгчихөөд гоо сайхны газар орохоор явахдаа “гоо сайханд орно, хамаатныхаа айлаар орж хүнтэй уулзана” гэж хэлээд явсан. Тэр өдөр манай арван жилийн ангийн хүүхдүүд уулзана гэж байсан боловч 2-3 хүн л ирсэн. Гадаад улсаас Монгол руу мөнгө шилжүүлэхэд 3-4 хонож шилждэг бөгөөд уг хугацаанд данс руу мөнгө шилжээгүй бол явуулсан банк мөнгийг буцааж татдаг. Намайг банкнаас мөнгө ирсэн эсэхийг асуухад мөнгө ороогүй байсан. Тэгээд нөхөртөө “мөнгө шилжүүлсэн юм уу?, байр авах гээд байгаа юм уу?” гээд  бидний дунд маргаан болсон. Нөхөр яагаад надаас паспортоо авах болсон бэ? гэхээр манай нөхрийг гадаад хүн учраас гадуур явахаар нь зарим хүмүүс мөнгө нэхэж эд зүйлийг нь авах гээд байдаг болохоор би бичиг баримтыг нь өөртөө байлгаж байсан юм.  Би эхлээд нөхрөө цохисон.

...манай хүн эмэгтэй хүнд гар хүрч байгаагүй. Анх гэрлэж байхдаа “би нөхөртөө зодуулдаг эмэгтэй хүнийг ойлгодоггүй. Хэзээ нэгэн үед чамд асуудал гарвал би зодож цохихгүй” гэж хэлж байсан. Би тухайн үед уурын мунхагаар асуудалд хандсан. Тархи доргилт бол манай нөхрийн цохисон үйлдлийн улмаас учирсан гэмтэл биш, би багаасаа л ийм өвчинтэй байсан. Энэ талаар би үзүүлсэн эмчдээ хэлсэн.Бүх зүйл надаас болсон учир гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. ” гэх мэдүүлэг,

-Зөрчлийн талаар гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хэргийн 3/,

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт Ц.Э гаргасан өргөдөл /хэргийн 7/,

-Хохирогч Ц.Э рентген туяанд харуулсан тухай эмчийн бичиг /хэргийн 12/,

-“...Ц.Э биед тархи доргилт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Ц.Э биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 915 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 14/,

-Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө би Дархан сумын 13,14,16 дугаар багийн нутаг дэвсгэрт ахлах ахлагч Б хамт үүрэг гүйцэтгэж байсан. Шөнийн 12:00 цагийн үед шуурхай удирдлагын албанаас маргааны талаар мэдээ өгсний дагуу Батцэнгэлийн хамт очиход буудлын гадна гадаадын иргэн таксинд суух гээд явж байсан бөгөөд дуудлага өгсөн утас руу нь залгахад нэг хүүхэн “манай нөхөр намайг зодчихлоо, наад таксинд суух гэж байгаа хүн чинь мөн шүү” гэж хэлсэн. Удалгүй эхнэр нь гарч ирээд нөхөртэйгөө дахиад маргалдаад эхлэхээр нь бид 2 болиулаад, эхнэрээс нь юу болсон талаар асуухад “манай нөхөр намайг загнаж, зодсон” гэж хэлэхээр нь одоо цагдаа руу явъя гэхэд “би бага насны хүүхэдтэй маргааш өглөө очно” гэж хэлсэн. Бид нөхөртэй нь хэл ойлголцохгүй, мөн нөхрөөс нь архи үнэртэхгүй байсан учраас эрүүлжүүлэх байр авч явах шаардлагагүй гэж үзээд эхнэрт нь хүлээлгэж өгсөн. гэх мэдүүлэг /хэргийн 17/,

-Аюулын зэргийн үнэлгээ /18-19/,

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байна гэх дуудлагын дагуу очиж шалгасан тухай Цагдаагийн ахлагч Ж.Б илтгэх хуудас /хэргийн 32/,

-Хохирогч Ц.Э “...нэхэмжлэх зүйлгүй, ******** нь уучлалт гуйж, бид эвлэрсэн” гэх баталгаа /хэргийн 61/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

Хохирогч Ц.Э нь шүүгдэгч Б эхнэр, нөхрийн харьцаатай бөгөөд  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд мөн болно.

 Шүүгдэгч******** үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Э биед “...тархи доргилт” бүхий гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Э эрүүл мэндэд “тархи доргилт” бүхий гэмтэл учирсан болох нь 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 915 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 14/ нотлогдож байх бөгөөд  хохирогч нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгч байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “буудалд эхнэр болох Монгол Улсын иргэн Ц.Э мөнгө, санхүүгийн асуудлаас болж маргалдан эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Бак Андрашийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ********нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч ********нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд прокурор торгох ял санал болгож шүүгдэгч уг ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгч********йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.А гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.А 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар торгох ялын 800000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Б.А үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Я.ТУУЛ