| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2017/0424/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/394 |
| Огноо | 2017-12-01 |
| Зүйл хэсэг | 13.6.1., |
| Улсын яллагч | Г.Энхмаа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2017/ШЦТ/394
2017 12 01 2017/ШЦТ/394
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга О.Нямдорж,
улсын яллагч Г.Энхмаа
шүүгдэгч М.Н, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овгийн М.Нид холбогдох эрүүгийн 173400000164 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Архангай аймгийн Өлзийт суманд 1980 оны 09 дүгээр сарын 10-нд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Ц овгийн М.Н
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч М.Н нь согтуурсан үедээ Төв аймгийн Заамар сумын Төмстий 2 дугаар багийн нутаг Бор булан гэх газарт нутаглах М.Сэргэлэнчимэгийн гэрт 2017 оны 09 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч 19 инчийн “Самсунг” маркийн зурагт, ДДЭШ ТВ-ийн хүлээн авагч станц, Жи Мобайлын суурин утас зэргийг ашиглах зорилгогүйгээр авч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс:
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч М.Нийн:
Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Архи их ууж согтуу байсны улмаас ийм хэрэг үйлдсэн байна. Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэв.
Хоёр. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар хавтаст хэрэгт цуглуулсан, бэхжүүлж авсан нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд
2.1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч М.Сэргэлэнчимэгийн:
“...2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр би гэрээ эзэнгүй орхиж цоожлоод Заамар сум явсан. Манай гэрийг аав Мэндбилэг эргэж тойрдог юм. Гэтэл 2017 оны 09 дүгээр сарын 30-ны үдээс хойш аав надруу утасдаад танай гэрийг эргэж очтол хаалганы чинь цүүг мултлаад гэрээс чинь 19 инчийн “Самсунг” маркийн зурагт, ДДЭШ ТВ-ийн хүлээн авагч станц, Жи Мобайлын суурин утас зэргийг аваад авсан шиг байна гэж хэлсэн. Намайг гэртээ ирэхэд манай гэрээс дээрх эд зүйлс алга болсон байсан ба манай гэрээс 100 метр орчимд гэрээс авсан 19 инчийн “Самсунг” маркийн зурагт, Жи Мобайлын суурин утас зэргийг хээр гаргаж хаяад зурагтны нүүрний шилийг цөмөлж хагалаад суурин утсыг ч бас хагалсан байсан. Харин ДДЭШ ТВ-ийн хүлээн авагч станц нь олдохгүй байсан ба дараа нь аав энэ танай станц мөн үү гээд Чулуунбаатар гэдэг айлын гадаа байна гэнээ гээд бүрэн бүтэн авчирч өгсөн. Цагдаа энэ хэргийг шалгаад манай хамаатны хүн болох Нацагдорж гэдэг хүн согтуу үедээ ийм хэрэг хийсэн гэдгээ хүлээсэн. Одоо хохирлоо төлөөгүй байгаа...” /хх-ийн 8-9 дугаар хуудас/,
2.2. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Ж.Амгаланбаатарын:
“...Би өөрийн зурагтаа 160 000 төгрөгөөр, суурин утсаа 80 000 төгрөгөөр үнэлж байна...” /хх-ийн 11 дугаар хуудас/,
2.3. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч С.Мэндбилэгийн:
“...би 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэрийг нь эргэхээр 13 цаг өнгөрч байхад очиход хаалга нь дэлгээтэй байсан ба хаалганых нь цүүг татаад онгойлгочихсон, гэрт нь ороход зурагт утас нь байхгүй байсан. Тэгээд охин М.Сэргэлэнчимэгт утсаар энэ тухай хэлсэн. Тэгээд нийлсэн хонио ялгахаар Нацагдоржийн хамтаар явж байхад Нацагдорж энэ юу вэ гээд эргэсэн ба манай охины гэрээс ойролцоогоор 100 м-ийн зайд гэрийн зурагт, суурин утас хоёрын нүүрийг дэвссэн байдалтай хагарч хэмхэрсэн хэвтэж байсан. Дараа нь манай хамаатан Чулуунбаатар энд нэг станц байж байна. Хэрэгтэй юм уу карт нь хүртэл байж байна гэхээр нь үзэхэд манай охины гэрээс алга болсон станц мөн болж таарсан...” /хх-ийн 12 дугаар хуудас/,
2.4. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн сэжигтэн, яллагдагч М.Нийн:
“...2017 оны 09 дүгээр сарын 29-ний орой цагийг нь санахгүй байна. Нар жаргаж байсан. Надаас танихгүй хүмүүс зам асууж заалгаад намайг даарч байна гээд архи гаргаж ирээд би хугас шил архийг зам асуусан хүнтэй хамт хувааж уусан. Нөгөө хүн дахин 1 шил архи гаргаж ирээд дахин хувааж уугаад би тасарсан байсан. Би тэр хүмүүсийг хэзээ явсныг нь мэдэхгүй байна. Ямар ч гэсэн би Сэргэлэнчимэг гэх айлын гэрт ороод зурагтыг нь авч байснаа санаж байна. Тэгээд дараа нь яаснаа санахгүй байна. Дараа нь хээр унтаж байгаад сэрсэн. Маргааш нь хонио хариулж явахдаа Амгаланбаатарын гэрийн зүүн талаар гарахад тэдний гэрээс ойролцоогоор 100 метрийн орчимд дэрсэн дунд зурагт жи мобайлын суурин утсыг эвдлээд хаячихсан байхыг хараад өөрийгөө согтуудаа Амгаланбаатарын гэрт орчихсон байсан. Тэгээд л эвдэлж хаяждээ гэж бодсон. Тэгээд хэд хоногийн дараа Амгаланбаатарын гэрээс урд зүгт дэрсэн дунд ДДИШ ТВ-ын станц хэвтэж байхаар нь би л бас авч гараад хаячхаж гэж бодоод Пүрэв гэх айлын гэрийн гадаа аваачаад тавьчихсан юм. Би хохиролд 250.000 төгрөг өгч хохиролгүй болгосон...” /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч нарын хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд: Үүнд:
3.1. М.Нийн айлын эд зүйлсийг эвдэлж хэмхэлсэн талаарх гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18 дугаар хуудас/,
3.2. Эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-ийн 20-22 дугаар хуудас /
3.1. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дугаар хуудас/,
3.2. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-6 дугаар хуудас/,
3.3. Мөрдөгчийн тогтоол, хувийн баталгаа /хх-ийн 25 дугаар хуудас/,
3.4. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 39 дүгээр хуудас/,
3.5 Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 дугаар хуудас/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч М.Н нь согтуугаар, 2017 оны 09 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Төмстий 2 дугаар багийн нутаг “Бор булан” гэх газарт нутаглах М.Сэргэлэнчимэгийн гэрт хууль бусаар нэвтэрч 19 инчийн “Самсунг” маркийн зурагт, ДДЭШ ТВ-ийн хүлээн авагч станц, Жи Мобайлын суурин утас зэргийг ашиглах зорилгогүйгээр авч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэгт холбогдсон болох нь
хохирогч М.Сэргэлэнчимэгийн ...2017 оны 09 дүгээр сарын 30-ны үдээс хойш аав над руу утасдаад танай гэрийг эргэж очтол хаалганы чинь цүүг мултлаад гэрээс чинь 19 инчийн “Самсунг” маркийн зурагт, ДДЭШ ТВ-ийн хүлээн авагч станц, Жи Мобайлын суурин утас зэргийг аваад явсан шиг байна гэж хэлсэн..., ...манай гэрээс 100 метр орчимд гэрээс авсан 19 инчийн “Самсунг” маркийн зурагт, Жи Мобайлын суурин утас зэргийг хээр гаргаж хаяад зурагтны нүүрний шилийг цөмөлж хагалаад суурин утсыг ч бас хагалсан байсан. Харин ДДЭШ ТВ-ийн хүлээн авагч станц нь олдохгүй байсан ба дараа нь аав энэ танай станц мөн үү гээд Чулуунбаатар гэдэг айлын гадаа байна гэнээ гээд бүрэн бүтэн авчирч өгсөн... /хх-ийн 8-9 дугаар хуудас/,
гэрч С.Мэндбилэгийн ...би 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэрийг нь эргэхээр 13 цаг өнгөрч байхад очиход хаалга нь дэлгээтэй байсан ба хаалганых нь цүүг татаад онгойлгочихсон, гэрт нь ороход зурагт утас нь байхгүй байсан..., ...манай охины гэрээс ойролцоогоор 100 метрийн зайд гэрийн зурагт, суурин утас хоёрын нүүрийг дэвссэн байдалтай хагарч хэмхэрсэн хэвтэж байсан. Дараа нь манай хамаатан Чулуунбаатар энд нэг станц байж байна..., ...үзэхэд манай охины гэрээс алга болсон станц мөн болж таарсан... /хх-ийн 12 дугаар хуудас/,
сэжигтэн, яллагдагч М.Нийн ...би тасарсан..., ...Ямар ч гэсэн би Сэргэлэнчимэг гэх айлын гэрт ороод зурагтыг нь авч байснаа санаж байна. Тэгээд дараа нь яаснаа санахгүй байна..., ...Амгаланбаатарын гэрийн зүүн талаар гарахад тэдний гэрээс ойролцоогоор 100 метрийн орчимд дэрсэн дунд зурагт жи мобайлын суурин утсыг эвдлээд хаячихсан байхыг хараад өөрийгөө согтуудаа Амгаланбаатарын гэрт орчихсон байсан. Тэгээд л эвдэлж хаяж дээ гэж бодсон..., ...хэд хоногийн дараа Амгаланбаатарын гэрээс урд зүгт дэрсэн дунд ДДИШ ТВ-ын станц хэвтэж байхаар нь би л бас авч гараад хаячхаж гэж бодоод Пүрэв гэх айлын гэрийн гадаа аваачаад тавьчихсан юм... /хх-ийн 27-28 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч М.Нийг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч М.Н нь хохирогч М.Сэргэлэнчимэгт гэмт хэрэг үйлдэж учруулсан 250.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байна.
Шүүх М.Нид хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн зэргийг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Н цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5., 36.2., 36.3., 36.6.,
36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2.,38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овгийн М.Нийг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц овгийн М.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц овгийн М.Нид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.0000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Ц овгийн М.Нийг нь шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.0000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон 1 /нэг/ жилийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц овгийн М.Н цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц овгийн М.Нид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН