Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2018/ШЦТ/343

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0310/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Хохирогч Б.Х,

Шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны тахимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э холбогдох эрүүгийн 1818005500317 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Т.Э нь 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Х гуян тус газар хутгалж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

 Шүүгдэгч Т.Э нь 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Х гуян тус газар хутгалж эрүүл мэндэд нь “баруун бугалга, зүүн гуян дахь шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

   Шүүгдэгч Т.Э гэрчээр өгсөн: 2018.7.03-ны өдөр би хамтран амьдардаг бүсгүй болох Ц түүний 2 охин нарын хамт гэртээ байж байхад 10 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос манай хоёр найз ирээд хоол унд хийж идээд гурвуулаа 2 том пиво, 2 шил 0.5 гр-ын архи хувааж уусан. Тэгээд манай найзууд 16 цаг өнгөрч байхад явсан. Би гэртээ үлдээд байх байхад гаднаас Х гэх залуу орж ирсэн. Би түүнийг танихгүй манай хамтран амьдрагч Ц аавынх нь найз байгаа юм. Х орж ирээд сонин юу байна Ц гээд манай хамтран амьдрагчийн бөгснөөс нь гараараа базаад сайхан мээмтэй шүү гээд гараараа хөхийг нь бариад байсан. Тэгэхээр нь би уурлаад чи одоо хүн доромжлоод байгаа юм уу гэсэн чинь залуу босохдоо миний баруун талын хавирга руу гараараа цохичихсон. Тэгэхээр нь би ухасхийгээд босоод ирсэн чинь миний муу хөл буюу баруун хөл рүү өшиглөсөн. Би аваарт ороод баруун хөлөө 4 удаа хугалаад одоо битүү хадаастай. Өшиглөхөөр нь газар унасан. Тэгээд гал тогооны өрөө рүү ороод хар иштэй жижиг хутгаа аваад гар хөл рүү нь хатгачихсан. Тэгээд учир зүйгээ олоод цусыг нь тогтоож өгөөд би ч гэсэн уучлалт гуйгаад тэр ах ч гэсэн уучлалт гуйсан. Би та эхэлж намайг цохисон. Эхнэрийн бөгс илээд гэж хэлсэн чинь харин тиймээ ахынх нь буруу гээд надаас уучлалт гуйсан. Тэгэхээр нь би гэрт байсан 1 шил архи задалж өгсөн. Архи уучхаад манай үүдний орон дээр унтаж байсан. Шөнө босоод харсан чинь явчихсан байсан. 2018.7.05-ны өдөр манайд цагдаа ирээд намайг эрүүлжүүлэх байр луу авч явсан. Би тухайн үед согтуу байсан. Миний хөл их өвддөг тэгээд би эмнэлгийн зөвшөөрөлтэй өдөрт 100 гр спирттэй Алтангагнуур уудаг гэх мэдүүлэг,

 

   Хохирогчийн Б.Х өгсөн: 2018.7.03-ны орой би Ц гэрт очсон учир нь Ц эх, эцгийг таньдаг. Гэрт нь орсон чинь Э бас нэг залуутай гурвуулаа архи уугаад байж байсан. Тэгээд архиа ууж байгаад Э Ц хардаад байсан. Яагаад хардаад байсан эсэхийг нь би мэдэхгүй байна. Бид хоёр маргалдаад барьцалдаад авсан. Тэгтэл Ц салгасан. Э гараад явсан бөгөөд удалгүй орж ирээд миний гуя руу бас баруун гар руу хутгаар хатгасан. Ц тухайн үед миний гарыг боож өгсөн. Тэгээд би гэрлүүгээ явсан гэх мэдүүлэг,

 

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

           

Гэрч Д.О өгсөн: 2018.7.03-ны шөнө 23 цагийн үед манай нөхөр Х гаднаас орж ирсэн. Тэгээд хартал цээж хэсгээрээ нүцгэн, зүүн талын хөлний гуя хэсгээрээ эрээн өнгийн даавуугаар ороосон, баруун гарын булчин хэсгээрээ эрээн даавуугаар мөн адилхан ороосон, цус нь нэвтэрч урссан, цустайгаа холилдсон орж ирсэн. Тэгээд манай нөхөр жаахан халамцуу би хүнд хутгалуулчихлаа гэж хэлсэн. Би хэзээ хэнд, хаана хутгалуулсан юм бэ гэхэд надаас нуугаад хэлэхгүй, гайгүй өнгөцхөн шарх гээд цагдаа, түргэн дуудуулаагүй. Тэгээд тэр оройноо унтаж амарцгаасан. Маргааш өглөө нь би ажилдаа яваад орой гэртээ ирсэн чинь шарх нь аймаар хавдсан байсан. Тэгээд би уурлаад ингэж болохгүй цагдаад хэлье гээд нөхрийнхөө дүү М рүү утсаар залгаад болсон явдлын талаар хэлсэн. Тэгээд би 2018 оны 7 дугаар сарын 05-ны өглөө цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх 13/,

 

            Гэрч П.Ц өгсөн: ... бид 2 арван жилийнхээ тухай яриад архиа уугаад 2 дахь шил архиа задлаад сууж байтал гаднаас миний танил Х согтуу орж ирсэн. Тухайн үед цаг хэд болж байсныг тодорхой санахгүй байна. Гадаа гэгээ тасарч байсан. Цаг ойролцоогоор 19 цаг болж байсан санагдаж байна. Х орж ирэхэд архинаасаа хийж өгсөн. Тэгээд хэсэг хугацаанд ярилцаж сууж байснаа Э, Х 2 маргалдаж эхэлсэн. Яг ямар шалтгаанаас болж маргалдсаныг би мэдэхгүй, ямар ч байсан Х, Э руу чи муу тэгээд намайг алахгүй юу гээд хэрэлдэж байсан. Х жижиг өрөөнөөс гүйж гараад гал тогооны өрөө рүү орчихоод ирсэн. Би яах гэж орсныг нь би мэдэхгүй байна. Жижиг өрөөнд орж ирэхэд хоорондоо зодолдож эхэлсэн. Э гал тогооны өрөөнд орохдоо шүүгээнээс хар иштэй хутга барьж орж ирээд Х 2 удаа цохих шиг болсон. Тэгтэл Х баруун гарын булчин, зүүн хөлийнх нь гуянаас цус гарч байсан гэх мэдүүлэг /хх 15, 23/,

      Насанд хүрээгүй гэрч Ц.Н өгсөн: 2018.7.03-ны орой 20 цаг өнгөрч байхад гэртээ ээж Ц- болон дүүгийн хамт байж байтал гаднаас ээжийн ангийн хүүхэд гэсэн Э гэж бүдүүн хар царайтай ах согтуу орж ирсэн. Тэр хүн ээжтэй 2 шил архи хувааж уусан. Дараа нь оройхон гудамжны гэрэл асчихсан байхад Г- гэж дууддаг Х гэж ах бас согтуу орж ирсэн. Хааяа манайхаар ирдэг юм. Би дүүгээ дуудаад дэлгүүр яваад иртэл Х ахын гар хөлнөөс нь цус гарчихсан байсан. Надад хэлэхдээ шилээр зүсчихсэн гэж хэлсэн. Бид нар гарахад тэр гурав үлдсэн. Гэрээс гараад хэдэн дэлгүүр хэсэж байгаад иртэл тийм юм болчихсон байсан. Х ах  гараад явсан. Нөгөө Э гэж бүдүүн ах манайд хонолгүй гараад явсан. Ээж согтоод унтаад өгсөн. Яг юу болсныг би хараагүй. Өөрөө хэлэхдээ шилэн дээр уначихсан гэж хэлсэн. Бид нар хөлийг нь боолт хийж өгөөд явуулсан гэх мэдүүлэг /хх 23/,

     Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 7 дугаар сарын 06-ний өдрийн 721 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Б.Х биед баруун бугалга, зүүн гуя дахь шарх тогтоогдлоо.

2.Дээрхи шархнууд нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.Б.Х биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх 29/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-4, 5-7/, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /хх 34-41/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Т.Э дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах" гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Хохирогч Б.Х- нь гэмт хэргийн улмаас Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж 300 000 төгрөг төлсөн болох нь хэрэгт /хх 47/ ирүүлсэн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Энхбатаас 300 000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Х олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Т.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Т.Э ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдаж, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.Э 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Т.Э оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Т.Э 300 000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулж, Х-т олгосугай.

 

            6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ