| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 183/2017/01748/И |
| Дугаар | 2262 |
| Огноо | 2017-10-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2262
| 2017 10 30 | 2262 |
Ч.Бын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01873 дугаар шийдвэртэй Ч.Бын нэхэмжлэлтэй хариуцагч А.Од холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 960 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч Ч.Бын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие А.Отай 2017 оны 01 сарын 20-ны өдөр 800 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, зээлийн хугацаа хэтэрсэн хоног дутамд 0,5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Зээлийн гэрээний хугацаанд зээлийн хүү төлөөгүй. Иймд А.Оаас зээлийн гэрээний үүрэгт 800 000 төгрөг, хүүд 160 000 төгрөг, нийт 960 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Алданги тооцохоор тохиролцсон боловч нэхэмжлээгүй гэжээ.
Хариуцагч А.Оын шүүхэд гаргасан тайлбарт: Үндсэн зээл болон хүү тооцож 960 000 төгрөг, мөн хэдэн төгрөгийн алданги нэхэмжилж байгаа нь тодорхой бус байна. Би дансаар нь 100 000 төгрөг шилжүүлсэн боловч түүнийг хасаж тооцоогүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Оаас 960 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бд олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаарзүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 23 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 23 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бд олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Ч.Бд дансаар хүү болох 100 000 төгрөг шилжүүлсэн боловч шүүх үүнийг үнэлээгүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудын хэмжээнд үнэлж, дүгнээгүй, нэг талыг барьж шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх боловч шүүхийн шийдвэрт үнийн дүнгийн хувьд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч А.Од холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 960 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Зохигчид 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, хариуцагч нь нэхэмжлэгчээс 800 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдэн авч, гэрээний хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүд 960 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна.
Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл, зээлийн хүү шаардах эрхтэй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Харин хариуцагчийг “зээлээс 100 000 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн” гэх тайлбараа баримтаар нотлоогүй гэх шүүхийн дүгнэлт үндэслэл муутай байна.
Нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүх хуралд “...хөдөө ажиллаж байсан болохоор дансны хуулгаа шалгаагүй...” гэж тайлбарладаг бөгөөд, тэрээр хариуцагчийн 100 000 төгрөгийг өөрийнх нь дансанд шилжүүлсэн гэх татгалзлыг баримтаар үгүйсгээгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангаж, хариуцагчаас 860 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 960 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 27 590 төгрөг төлөх ёстой байтал 23 750 төгрөг төлжээ. Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 3 840 төгрөгийг нөхөн төлүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.
Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрт үнийн дүнгийн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01873 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “960 000 төгрөг” гэснийг “860 000 төгрөг” гэж өөрчилж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 3 840 төгрөгийг гаргуулж улсын орлогод үлдээж, хариуцагч А.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 25 190 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Бд олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
А.МӨНХЗУЛ