Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 542

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: ”А” ХХК

Хариуцагч:Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “...” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. өмгөөлөгч А.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А.П “ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус компани нь үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд автоломбардын үйл ажиллагааг иргэний хуулийн 235 дугаар заасны дагуу “Фидуцийн гэрээ”-г байгуулж, бусдын авто машин буюу хөдлөх эд хөрөнгийг дээрх хуулийн этгээдүүдийн нэр дээр шилжүүлэн авч зээл олгодог бөгөөд “Зээлийн гэрээ”-ний үүрэг биелэгдмэгц буцаан автомашиныг өмчлөгчид шилжүүлдэг барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм.

Гэтэл зээл авсан иргэн, хуулийн этгээд нь зээлээ гэрээнд заасан хугацаанд нь эргүүлэн төлөхгүй байх нөхцөл байдал үүсдэг бөгөөд мөн хуульд заасан тээврийн хэрэгслийн татварыг төлөхгүй байх зөрчлийг бий болгодог. Энэ байдлаас үүдэн манай хамаарал бүхий хуулийн этгээдүүдийн данснаас Сүхбаатар дүүргийн татварын алба дээрх барьцаалан зээлдсэн авто машины татвар болох 15 795 012.06/арван таван сая долоон зуун ерэн таван мянга арван хоёр/ төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шууд суутган авсан үйлдэл нь Захиргааны Ерөнхий хуулийн 47.3-д заасныг зөрчсөн хууль бус үйлдэл болохыг тогтоолгохоор харьяалах Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Өөрөөр хэлбэл татварын байцаагчийн үйлдэл нь Захиргааны Ерөнхий хуулийн 47.1.6-д Иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй үед Захиргааны акт гарган бусдын мөнгийг дур зоргоор татан авч манай компани хууль ёсны эрх ашгийг ноцтой хохирсон гэж үзэж байна. Энэ үйлдэлд хамаарах заалтын талаар Захиргааны ерөнхий хуулийн 47.3-д Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна гэж заасан.

Иймд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн ... өдрийн татварыг суутган авсан үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Хариуцагч нийслэлийн Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс 2019 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 29 354 139 төгрөгийн татварыг суутган авсан акт нь Захиргааны Еренхий хуульд заасан журмыг зөрчсөн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч “А.п” ХХК нь харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн татварын хэлтэст харьяалагдах атал Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс мэдэгдэл хүргүүлж татварыг суутган авч байгаа нь Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн “47.1.3.тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж заасны дагуу захиргааны актын илт хууль бус шинжийг хангаж байгаа болно.

Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс нь харьяалал зөрчиж, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 15 795 012.06 төгрөгийн татварыг нэхэмжлэгч суутган авсан.

Татварын Ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан нэхэмжлэгч байгууллагын хувьд хуульд заасан үндэслэл журмаар Хан-Уул дүүргийн татварын хэлтэст татвар төлөгчөөр бүртгүүлж, татвар төлөгчийн хувийн хэрэг нээлгэж, үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Гэтэл Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс Захиргааны Ерөнхий хуульд заасан журмыг үл баримталж, хуулийн этгээдээс татварын өр төлбөрийг албадан суутгаж авсан нь нэхэмжлэгч байгууллагын эрх хууль ёсны ашиг сонирхолд халдсан байна.

Иймд Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс нь харьяалал зөрчиж, ... төгрөгийн татварыг суутган авсан актыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Монгол Улсын Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд Монгол Улсын нутаг дэвсгэрт авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байх, улмаар 6 дугаар зүйлийн 6.1-д улсын бүртгэлд байгаа авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд тэдгээрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулна гэж заасан байна.

Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг, Монгол Улсын  Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйл, “Авто тээврийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2009 оны 251 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор нэг талаас Зам тээврийн хөгжлийн яам нөгөө талаас Татварын ерөнхий газар хооронд “Мэдээлэл харилцан солилцох тухай гэрээ” хийгдсэн бөгөөд тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар Зам тээврийн хөгжлийн /харьяа байгууллага Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ/-аас ирүүлсэн авто тээврийн хэрэгсэл эзэмшигчийн бүртгэлийн мэдээллийг мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар Татварын ерөнхий газар мэдээллийн санд бүртгэн албан татвар, төлбөр ногдуулдаг болно.

Танай байгууллага нь эд хөрөнгийг /авто машиныг/ өөрийн өмчлөлд шилжүүлж авто тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр эзэмшигчээр бүртгүүлсэн тул Монгол Улсын Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйл. Албан татвар төлөгч. 3.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна” гэж заасны дагуу авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлөгч болж байна. Иймд албан татварыг хуульд заасан хугацаанд төлөх үүрэгтэй байдаг. 

Татвар төлөгч нь Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын төрлөөр 2018 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст бүртгүүлсэн байна. Татварын алба хуулийн хугацаанд төлөөгүй авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хураахаар Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 54 дүгээр зүйлийн 54.1, 62 дугаар зүйлийн 62.1.1-д тус тус заасан татварын өр хураах ажиллагааг хэрэгжүүлсэн нь хуулийн үндэслэлтэй юм. 

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалт, 47.1.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл татварын улсын байцаагчийн мэдэгдэлд байхгүй байх тул илт хууль бус гэж үзэхээргүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “А.п” ХХК-иас Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн ... төгрөгийн татварын суутгалыг авсан үйлдлийг хүчингүй болгуулах болон илт хууль болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэлээ.

 “А.п” ХХК нь авто ломбардын үйл ажиллагааг Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасны дагуу Фидуцийн гэрээ байгуулж бусдын авто машиныг нэр дээрээ шилжүүлэн авч үйл ажиллагаа явуулдаг гэх бөгөөд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр  “А.п” ХХК-ийн Хаан банк дахь данснаас авто тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны болон агаарын бохирдлын төлбөр ... төгрөгийг үл маргах журмаар суутган авсан байна.

Нэхэмжлэгч “... мэдэгдэх хуудаст байгууллагын нэрийг “А.г” гэж өөр нэрийг бичсэн хэрнээ татвар суутган авсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсгийг, … манай байгууллага харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн татварын хэлтэст харьяалагдах атал Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс мэдэгдэл хүргүүлж татвар суутган авч байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь хэсэгт тус тус зааснаар илт хууль бус …” гэж захиргааны актыг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн үндэслэлээ шүүхэд тодорхойлжээ..

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс татварын өр барагдуулах ... дугаар мэдэгдэх хуудас болон татварын орлогын дансны мэдэгдэлд татвар төлөгчийн нэрийг “А.г” ХХК гэж бичсэн бөгөөд гараар “А.п” ХХК гэж засаж бичсэн байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр дээрх баримтуудад компанийн нэрийг “А.г” гэж алдаатай бичсэн бөгөөд гараар засаж бичсэн гэж тайлбарлаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатайтай бол илт хууль бус болох талаар заасан бөгөөд хариуцагч мэдэгдэх хуудсанд татвар төлөгчийн нэрийг буруу бичсэн боловч гараар засаж бичин татварыг үл маргах журмаар суутган авсныг утга, агуулгын илэрхий алдаа гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл байгууллагын нэрийг алдаатай бичсэнээс захиргааны байгууллагын хүсэл зориг, илэрхийлсэн агуулга өөрчлөгдөөгүй бөгөөд өөр бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй юм.

Нэхэмжлэгч “А.п” ХХК нь Хан-Уул дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй бөгөөд Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс татвар үл маргах журмаар суутгасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;” гэж заасан өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэл биш юм.

Өөрөөр хэлбэл Татварын ерөнхий (2008 оны) хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Татварын алба нь татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэс, сумын татварын тасаг, татварын улсын байцаагчаас бүрдэнэ”, 221 дүгээр зүйлийн 221.1-д “Татварын алба дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:

221.1.1.татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт, сурталчилгаа явуулах;

221.1.2.татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;

221.1.3.улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх.” гэж зааснаар Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, төсвийн орлого бүрдүүлэх чиг үүргийнхээ хүрээнд хийсэн үйлдэл байна.

Мөн хариуцагч нь Татварын ерөнхий (2008 оны) хуулийн 63 дугаар зүйлд зааснаар татварын өрийг үл маргах журмаар гаргуулан авсан тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэхгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн ... төгрөгийн татварын суутгалыг авсан үйлдлийг илт хууль болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч “...тухайн тээврийн хэрэгслийг шууд өөрийн эзэмшилд эзэмшиж ашиглаж байгаа үр шимийг хүртэж байгаа этгээд нь шууд эзэмшигч бөгөөд авто тээврийн хэрэгсэлд хамааралтай татвар болон бусад зардлыг хариуцна. .... Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй …” гэсэн үндэслэлээр татвар суутган авсан үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нийслэлийн татварын газрын даргын ... тушаалаар автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөрийн 2019 оны эхний 10 сарын орлогыг бүрэн бүртгэх, татварын орлогын бүртгэлд хяналт тавих ажлын хэсгийг байгуулсан бөгөөд хариуцагч шүүхэд “А.п” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй авто машины бүртгэлийг ирүүлжээ.

Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд ”Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна.”,  Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Дoр дурдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага агаарын бохирдлын төлбөр төлөгч байна: … 4.1.4.автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч;” гэж заажээ. 

Хуулийн дээрх заалтуудад үндэслэн авто тээврийн хэрэгсэл эзэмшигч гэдгийг улсын бүртгэлд бүртгэлтэй иргэн, хуулийн этгээдийг ойлгох тул Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн хэрэгсэл эзэмшиж буй “Авто прайм” ХХК нь татвар төлөгч байна.

Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д “Хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлнө. ...” Татварын ерөнхий (2008 оны) хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Энэ хуулийн 54.1.6, 54.2, 57.1-д заасан журмаар тогтоож, сунгасан хугацаанд төлөөгүй татварын өрийг хугацаанд нь төлөөгүй татварын өр гэнэ.” мөн зүйлийн 61.2-т “Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг татварын алба хураан барагдуулна.”, 63 дугаар зүйлийн 63.1-д “Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг эхний ээлжинд татвар төлөгчийн банкин дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулах бөгөөд уг мөнгөн хөрөнгө нь татварын өрийг төлөхөд хүрэлцэхээргүй бол уг данснаас төлөх баталгаажсан барьцаа,шүүхийн шийдвэртэйгээс бусад зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоож, дансны орлогоос татварын өрийг барагдуулна.” мөн зүйлийн 63.2-т “Татварын өрийг энэ хуулийн 63.1-д заасны дагуу гаргуулах тухай татварын улсын байцаагчийн мэдэгдэх хуудсыг тухайн татварын албаны дарга баталж, банкинд хүргүүлэх бөгөөд уг мэдэгдэх хуудсанд татварын өр гаргуулах үндэслэл, түүний хэмжээ, зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоох хугацааны тухай заана.” гэж зааснаар хариуцагч Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс “Авто прайм” ХХК-ийн татварын өрийг үл маргах журмаар гаргуулахдаа мэдэгдэх хуудас хүргүүлж хуулийн дагуу ажилласан болох нь тогтоогдож байх тул сонсох ажиллагаа явуулаагүй гэж боломжгүй юм.

Харин “А.п” ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр суутган авсан татварыг эс зөвшөөрч 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хугацааг хэтрүүлсэн гаргасан байх тул Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15795012.12 төгрөгийн татварын суутгалыг авсан үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 54.2 дахь хэсэгт зааснаар “А.п” ХХК-иас Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст холбогдуулан гаргасан “...” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.6, Татварын ерөнхий (2008 оны) хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, Монгол улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 1, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан А.п” ХХК-иас Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст холбогдуулан гаргасан “...” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Н.ДАМДИНСҮРЭН