Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 05

 

М.Г нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, Ерөнхий шүүгч Т.Бямбажав, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

 

Прокурор Д.Баянмөнх

      Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн, Х.Отгонжаргал, Ч.Энхжин

           Шүүгдэгч М.Г, Б.Ө, Б.Ч

            Хохирогч Ц.Д

Нарийн бичгийн дарга Г.Алдармаа нарыг оролцуулан

        Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч нарын давж заалдах гомдлоор М.Г нарт холбогдох эрүүгийн 201512000131 тоот хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 29-ний  өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Т.Бямбажавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /регистрийн дугаар ЗА/  Т овгийн Мын Г,

 

            2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, тоотод  оршин суух, гавьяа шагналгүй, Баянзүрх дүүргийн шүүхийн  2010 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 385 дугаар шийтгэх тогтоолоор  2002 оны Эрүүгийн хуулийн  181 дүгээр зүйлийн  181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн  2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 525 дугаар шийтгэх тогтоолоор  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай /регистрийн дугаар ЗЕ/, Х овгийн Б Ө,

 

             3.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай  /регистрийн дугаар ЗЕ/ Н овгийн Б Ч.

 

Шүүгдэгч М.Г, Б.Ө, Б.Ч нар нь 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хооронд бүлэглэн,  тээврийн хэрэгсэл ашиглаж Дундговь аймгийн Адаацаг сумын 4 дүгээр баг “Эхэн урсгалын бууц” гэх газарт байх Ц.Дийн өвөлжөөн дээрх ёмкост болон модон амбаарын цоожийг эвдэж, хууль бусаар нэвтрэн мөнгөн тоноглолтой эмээл 5 ширхэг, мөнгөн хул 3 ширхэг, мөнгөн аяга 13 ширхэг, 30 кг үхрийн борц зэрэг 24 нэр төрлийн эд зүйлсийг хулгайлж 47.127.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Шүүгдэгч Б.Ч нь 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Шар хадны бууц” гэх газарт байх  Г.Оийн бууцан дээрх байшингийн цоожийг эвдэн, хууль бусаар нэвтэрч 10 ширхэг мөнгөн аяга, цахилгаан үүсгэгч мотор 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 3.720.000 төгрөгийн, мөн өдөр Гурвансайхан сумын 3 дугаар багийн “Тахилт” гэх газарт байх  С.Эы бууцан дээрх өвөлжөөний байшингийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч мотор 2 ширхэг, 60 кг ааруул, 6 шил “Болор” нэртэй архи зэрэг эд зүйлсийг  давтан үйлдлээр, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1.938.000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

           Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолоор:

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Чд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 болгон өөрчилж,

2. Шүүгдэгч Т овгийн Мын Г, Н овгийн Б Ч, Ховгийн Б Ө нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч М.Гт 2 /хоёр/ жил, шүүгдэгч Б.Өад 3 /гурван/ жил, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Чд 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Гт 2 /хоёр/ жил, шүүгдэгч Б.Өад 3 /гурван/ жил, шүүгдэгч Б.Чд 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагат тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Гын цагдан хоригдсон 539, Б.Чын цагдан хоригдсон 266,  Б.Өын цагдан хоригдсон 143 хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан  тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар М.Гаас 1.425.666 /нэг сая дөрвөн зуун хорин таван мянга зургаан зуун жаран зургаан/ төгрөг, шүүгдэгч Б.Өаас 11.425.666 /арван нэгэн сая дөрвөн зуун хорин таван мянга зургаан зуун жаран зургаан/ төгрөг, шүүгдэгч Б.Чаас 11.425.666 /арван нэгэн сая дөрвөн зуун хорин таван мянга зургаан зуун жаран зургаан/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Ц.Дд, шүүгдэгч М.Гаас 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг, шүүгдэгч Б.Өаас 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг, шүүгдэгч Б.Чаас 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Бамбаруушт олгож,

Хохирогч Ц.Д 6.850.000 /зургаан сая найман зуун тавин/ төгрөг, хохирогч Т.Дулмаа 920.000 /есөн зуун хорин мянган/ төгрөг, хохирогч С.Энхтайван 280.000 /хоёр зуун наян мянган/ төгрөгийн эд зүйл тус тус буцаан авсныг, шүүгдэгч Б.Ч хохирогч Т.Дулмаа, С.Энхтайван нарт, шүүгдэгч М.Г хохирогч Ц.Дэжилдэлд 10 сая төгрөгийн хохирлыг төлсөн болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2, 4-т зааснаар шүүгдэгч М.Г, Б.Ө, Б.Ч нараас 281.850 /хоёр зуун наян нэгэн мянга найман зуун тавин/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Ц.Дд, шүүгдэгч Б.Чаас 233.391 /хоёр зуун гучин гурван мянга гурван зуун ерэн нэгэн мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Дулмаад, шүүгдэгч М.Г, Б.Ө, Б.Ч нараас 240.000 /хоёр зуун дөчин мянган/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж “Уваа Уул” ХХК-д олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Т.Банзрагчийн эзэмшлийн  Каренс-2 маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоол, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн гэх Э.Одончимэгийн эзэмшлийн Тоёото ист маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 3 сарын 11-ний өдрийн тогтоол, Д.Б эзэмшлийн старикс маркийн авто машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 2 сарын 16-ны өдрийн  тогтоолыг тус тус хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь тээврийн хэрэгсэл болон түүний гэрчилгээ, татвар төлөгчийн гэрчилгээг тус тус буцаан олгож, шүүгдэгч М.Г, Б.Ө, Б.Ч нараас Д.Б эзэмшлийн “старикс” машины үнийг хувь тэнцүүлэн албадан гаргуулж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тус тус зарцуулж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Экстра плус Баоксин топ секюрити” гэсэн бичигтэй эвдэрсэн цоож 1 ширхэг, төмөр сүх 1 ширхэг, хоёр талдаа “топ секюрити-экстра” гэсэн бичигтэй мөнгөлөг өнгийн цоож 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлж,

Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Ч, Б.Ө, Ж.Есбол нарт Монгол Улсын хилээр гадагш гарахыг хориглосон тус шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 21 дугаартай тогтоолыг цуцалж,

Энэхүү  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч М.Г, Б.Ө, Б.Ч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ  авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Ө давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг бусадтай бүлэглэн тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 3 жилийн ял оногдуулсанд гомдолтой. Би бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй гэдгээ анхнаасаа  тууштай мэдүүлж байсан.

Миний бие эхнэр хүүхдийн хамтаар 2012 оноос хойш Улаанбаатар хотод амьдарч байна. Хэрэг учрал болсон үе буюу 2015 оны 6 сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод өөрийн гэртээ байсан. Би хулгайн гэмт хэргийг Гтай бүлэглэж үйлдээгүй. М.Г нь өөрөө хулгайн гэмт хэрэг үйлдэж айлын эд зүйлийг хулгайлчихаад хэрэг болсноос хойш удаа дараа мэдүүлгээ өөрчилсөн байдаг. Намайг М.Гын үйлдсэн гэмт хэрэгт оролцсон, хулгайн гэмт хэрэг үйлдсэн талаар нотлох баримтууд хэргийн материалд огт байдаггүй. Хамт хулгайн гэмт хэрэгт оролцсон гэх Б.Ч ч энэ гэмт хэргийг Б.Ө надтай хамт үйлдээгүй, хулгайн гэмт хэрэгт хамтран оролцоогүй гэдгээ мэдүүлдэг. Зөвхөн М.Гын удаа дараа мэдүүлгээ өөрчилж, бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэсэн мэдүүлэг, мөн хохирогчийн “манай байшинг хоёр, гурван хүн ухахааргүй, овор хэмжээ их зүйлийг бага хугацаанд авах боломжгүй” гэж таамагласан мэдүүлгээс үндэслэж, хулгайн гэмт хэрэгт огт оролцоогүй намайг уг гэмт хэрэгт буруутай гэж ял оногдуулж, хохироож байгаа нь үндэслэлгүй тул гомдолтой байна. Г намайг эмээлийн тоног зарсан гэдэг. Би эмээлийн тоног зараагүй. Мөнгөн аяга зарахад нь хамт явалцсан.Хулгай хийж авсан аяга гэдгийг ч  мэдээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж намайг цагаатгаж өгнө үү гэв. 

 

Шүүгдэгч Б.Өын өмгөөлөгч Ч.Энхжин давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Г нарт холбогдох эрүүгийн хэрэгт шүүгдэгч Б.Өын өмгөөлөгчийн хувьд Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж Б.Өад 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

1.Шийтгэх тогтоолд шүүгдэгч М.Г, Б.Ө, Б.Ч нар санаатай нэгдэж бүлэглэн Дундговь аймгийн Адаацаг сумын 4-р баг Эхэн урсгалын бууц гэх газарт байрлах Ц.Дийн өвөлжөөн дээрх ёмкост болон модон амбаараас буюу тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь ... гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч М.Г хэрэг болсноос хойш удаа дараа мэдүүлгээ өөрчилсөн байдаг. Мөн М.Г нь хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ Б.Чын унаад байдаг Старекс машинтай очсон гэдэг боловч Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 02-р сарын 26-ны өдрийн N2011 тоот Шинжээчийн дүгнэлтээр хэргийн газарт байсан тээврийн хэрэгслийн мөр нь 65-97 УНА дугаартай Старекс машины мөртэй тохирдоггүй. Шүүгдэгч М.Гын удаа дараа өөрчилсөн, эргэлзээтэй мэдүүлгийг үндэслэж ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Мөн хохирогч Дийн овор хэмжээ ихтэй зүйлийг бага хугацаанд авах боломжгүй, тэгэхээр 2-3 хүн оролцсон байх гэсэн таамаг төдий мэдүүлгээр уг хэрэгт 2-3 хүн оролцсон. Б.Өыг хулгайн хэрэгт хамтран оролцсон байх магадлалтай мэтээр үзэж байгаа нь үндэслэлгүй юм.

Гэрч Ж.Төвсанаа М.Гыг мөнгөн аяга зарах үед нь Б.Ө хамт ирсэн залуу мөн байна гэж таньсан болохоос хулгайн гэмт хэргийг үйлдсэн гэдгийг нотолсон мэдүүлэг биш юм.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болох боломжгүй эргэлзээтэй зөрүүтэй таамагласан мэдүүлгүүдийг үндэслэж Б.Өыг гэмт хэрэг үйлдсэн гэж ял оноон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн сэдэлт, зорилго. гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл байдлыг нотолно” гэж заасан байдаг. Хохирогч Ц.Дийн мэдүүлгээс харвал бүр өмнө алга болсон зүйлийг ч нэмж, хохирлын үнэлгээ гарсан байх боломжтой байна.

Дундговь аймгийн Прокурорын газрын 2016 оны 04-р сарын 07-ны өдрийн №07 тоот Прокурорын тогтоолоор мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийсэн.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д заасны дагуу шүүгдэгч Б.Өыг прокурорын даалгаврын дагуу хэрэг гарах үед хаана байсан, хэрэг үйлдэгдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл хаана байсан. хаагуур явсан зам мөр зэргийг тодруулж нотлох ёстой байсан боловч тогтоогоогүй байна.

Анхан шатны шүүх хуралдаан дээр Б.Ө нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан ажиллаж байсан өмгөөлөгч Сумъяа, Төмөрбаатар нараас татгалзаж, өмгөөлөгч Ч.Энхжин намайг өмгөөлөгчөөр оролцуулахаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж өмгөөлүүлэх эрхийг нь хангаагүй байдаг. Өмнөх өмгөөлөгч нар Б.Өыг гэмт хэрэгт оролцоогүй, гэм буруугүй гэдгийг нотлохын оронд хохирол төлбөрөө төл, хохирлоо төлбөл ял чинь багасна гэж удаа дараа ятгаж, түүний гэм бурууг өмнөөс нь хүлээсэн тул арга буюу өмгөөлүүлэхээс татгалзсан. Гэтэл анхан шатны шүүх өмгөөлөгчөөс татгалзсан татгалзлыг хүлээн авахаас татгалзсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.5-д заасныг зөрчиж Б.Өыг эсрэг ашиг сонирхолтой өмгөөлөгч нараар өмгөөлүүлж, өмгөөлүүлэх эрхийг нь эдлүүлээгүй байна.

Мөн уг эрүүгийн хэргийг өмнө нь Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг 2017 оны 08-р сарын 31-ний өдрийн №40 тоот шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Өад 4 жилийн хорих ял оноон шийдвэрлэсэн байдаг. Гэтэл өмнө шийдвэрлэж байсан хэргээ дахин шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөн байх ба дээрх үндэслэлээр шүүгчээс татгалзах хүсэлт гаргахад энэ зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй, шүүх хуралдаан эхлэхээс өмнө шийдвэрлэхээр хуульд зохицуулсан гээд хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.3 дугаар зүйлийн 2-т шүүх хуралдаан эхэлснээс хойш татгалзан гаргах үндэслэл мэдэгдвэл үг хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө гаргаж болно. 10 4 дүгээр зүйлийн 1-т хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзвал шүүгч шүүх хуралдааныг хойшлуулж, уг асуудлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу шүүгчээс татгалзан гарах хүсэлтийг Ерөнхий шүүгчид танилцуулах ёстой байтал өөрийг нь татгалзан гарах хүсэлтийг өөрөө хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Дээрх үндэслэлүүдээр Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12-р сарын 17-ны өдрийн №122 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Б.Чын өмгөөлөгч Х.Отгонжаргал давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Б.Ч нь 2015 оны 6 сарын 13-19-ний хооронд өөрийн нагац ах болох М.Г, Б.Ө нартай бүлэглэн Дундговь аймгийн Адаацаг сумаас хулгай хийгээгүй гэдгээ мөрдөн байцаалтын шатнаас эхлээд удаа дараа мэдүүлдэг. Энэ цаг хугацаанд Улаанбаатар хотод байсан ба энэ талаар гэрч нар ч гэрчилдэг. Гэтэл гэрч нарын мэдүүлгийг үнэлэхгүй,  үндэслэлгүйгээр хэрэгт холбогдуулж, ял шийтгэж байгаа нь ойлгомжгүй болсон. Б.Чыг хулгайн хэрэгт холбогдолтой талаар хэрэгт эсрэг сонирхолтой шүүгдэгч М.Гын мэдүүлгээс өөр ямар ч нотлох баримт байдаггүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих асуудлуудыг нотлоогүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хуулийн 16.2.1.1 “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн/-ыг тогтоож чадаагүй. Б.Ч нь хэрэгт хохирогч Дийн бууцнаас 2015 оны 6 сарын 13-19-ний хооронд Старекс машинаар хулгай хийсэн бол энэ машины мөр, тэнхлэг хоорондын зай нь хэргийн газрын үзлэгээр тогтоогдох ёстой байхад уг хэргийн газрын үзлэгт хийсэн шинжээчийн дүгнэлтээр энэ нь үгүйсгэгддэг. Энэ нь уг Старекс машинаар хулгай хийгээгүй гэдгийг нотолдог. Гэтэл анхан шатны шүүх уг шинжээчийн дүгнэлтийг ямар үндэслэлээр яаж хэрхэн тайлбарласан нь шийтгэх тогтоолд тодорхойгүй байна. Уг хулгайн хэргийг ядаж ямар машинаар үйлдсэнийг тогтоож чадаагүй байж миний үйлчлүүлэгчид ял халдааж байгаад гомдолтой.

Б.Ч нь 2015 оны 9 сарын 24-нд Гурвансайхан сумын иргэн Отгондорж, Энхтайван, Энхбат гэдэг айлуудаас хулгай хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг, энэ айлуудаас хулгай хийсэндээ гэмшиж, учруулсан хохирлоо бүрэн төлсөн. Энэ үйлдэлд нь прокуророос Б.Чд 2002 оны эрүүгийн хуулийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн 17.2.1, 2.4 болгон өөрчилж  миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэсэн  ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14.1-т анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. 34.14.2-т Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно гэж хуульчилсныг зөрчсөн гэж үзэж байна. 

Иймд Б.Чыг Адаацаг сумын иргэн Дийн бууцнаас эд зүйлс хулгайлсан гэмт хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Гурвансайхан сумаас хулгай хийсэн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн 1.9-д зааснаар “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж” 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-т зааснаар тухайн гэмт хэргийг зүйлчилж, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа холбогдсон зэргийг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүгдэгч М.Гын өмгөөлөгч Д.Дарьсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч нарт холбогдох хэрэгт хийгдэх мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн. Иргэн Дийн өвөлжөөн дээрх ёмкос болон байшинд хууль бусаар нэвтэрч,  Б.Ө, Б.Ч нартай бүлэглэн эд зүйл хулгайлсан талаар М.Г хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн  тогтвортой мэдүүлсэн байдаг. Гэрч Төвсанаа нь мөнгөн аягануудыг Б.Ч, Б.Ө нар түүнд зарсан, мөнгийг тэд авсан талаар мэдүүлдэг. Мөн мөнгөн аягыг Б.Ч ломбарданд тавьсан талаар нотлох баримт байдаг. Хэрэгт нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд анхан шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч М.Г гаргасан тайлбартаа: Б.Ө, Б.Ч нартай бүлэглэн 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Адаацаг сумын иргэн Дийн бууцан дээрх ёмкос болон амбаараас эд зүйл хулгайлсан нь үнэн. Хулгайлсан 4 мөнгөн эмээлийг би авсан. Мөнгөн аяганаас Б.Ө, Б.Ч нар авч борлуулсан. Бүлэглэн хулгай хийсэн асуудал хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар батлагдсан. Б.Ө, Б.Ч нарын бүлэглэн хулгайлаагүй гэсэн давж заалдах  гомдол үндэслэлгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Ч гаргасан тайлбартаа: Би Гурвансайхан сумын иргэн Г.Отгондорж, С.Энхтайван нарын хороон дээрх байшингийн цоожийг эвдэн эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн. Гэм буруугаа ойлгож  хохирлыг төлж барагдуулсан. Харин М.Г, Б.Ө нартай бүлэглэн Адаацаг сумын иргэн Ц.Дийн өвөлжөөний байшингаас эд зүйл хулгайлаагүй. Энэ тухайгаа анхнаасаа  мэдүүлж ирсэн. Харин намайг гэртээ байхад  утсаар Наран туул зах дээр дуудаж мөнгөн аяга зарахад оролцуулсан бөгөөд аяга нь зарагдаагүй. Иймд Дийнхээс эд зүйл бүлэглэн хулгайлсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өмгөөлөгчийнхөө давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Ө гаргасан тайлбартаа: Би өөрийн гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжиж байна. Намайг өмгөөлөгчөөсөө татгалзсан хүсэлт шүүхэд гаргаж өгөхөд хүлээж авалгүй миний өмгөөлөгчөө сонгон авах эрхийг зөрчсөн. Мөн хэргийг шийдвэрлэх шүүгчээс  татгалзсан асуудлыг хууль журмын дагуу шийдвэрлээгүйд үнэхээр гомдолтой байна. Би Г, Ч нартай бүлэглэн Адаацаг сумын иргэн Дийн өвөлжөөний байшингаас эд зүйл хулгайлаагүй. Эд зүйл хулгайлагдах үед УБ хотод айлын байшингийн дээвэр хийж байсан гэдгээ хэлж шалгуулсан. Харин Г намайг УБ хотын зах дээр дуудаж мөнгөн аяга зарахдаа ашигласан. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч Ц.Д гаргасан тайлбартаа: Хэрэг хэрхэн яаж үйлдэгдсэнийг би мэдэхгүй. Хуулийн байгууллага шалгаж  тогтоосон гэж үзэж байна. Хохирлыг хурдан хугацаанд барагдуулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан дүгнэлтдээ: М.Г, Б.Ө, Б.Ч нарын үйлдсэн хэрэг нотлогдож тогтоогдсон. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

           Шүүгдэгч М.Г, Б.Ө, Б.Ч нар нь бүлэглэн 2015 оны 6 дугаар сарын 13-аас 6 дугаар сарын 21-ний хооронд Дундговь аймгийн Адаацаг сумын 4 дүгээр багийн нутаг болох “Эхэн урсгалын бууц” гэх газарт байх иргэн Ц.Дийн өвөлжөөн дээрх ёмкос болон модон амбаарын цоожийг эвдэж хууль бусаар нэвтрэн, мөнгөн тоногтой эмээл 5 ширхэг, мөнгөн хул 3, мөнгөн аяга 13 ширхэг, 30 кг үхрийн борц зэрэг 24 нэр төрлийн эд зүйлийг машин механизм ашиглан хулгайлж 47.127.000 төгрөгийн хохирол учруулсан,

           Б.Ч нь 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Шар хадны бууц” гэх газарт байх иргэн Г.Отгондоржийн бууцан дээрх байшингийн цонхыг эвдэн хууль бусаар нэвтэрч 10 ширхэг мөнгөн аяга, цахилгаан үүсгэгч мотор 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 3.720.000 төгрөгийн, Гурвансайхан сумын “Тахилт” гэх газарт байх иргэн С.Энхтайваны өвөлжөөний байшингийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч мотор 2 ширхэг, 60 кг ааруул, 6 шил “Болор” архи хулгайлж 1.938.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

           Шүүгдэгч Б.Ч, Б.Ө нар нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шүүгдэгч М.Гтай бүлэглэн Дундговь аймгийн Адаацаг сумын иргэн Ц.Дийн өвөлжөөний байшингаас эд зүйл хулгайлаагүй гэж тогтвортой мэдүүлдэг бөгөөд Б.Ө  нь гэмт хэргийг үйлдсэн гэх хугацаанд буюу 2019 оны 6 дугаар сарын дундуур найз Р.Бат-Эрдэний хамт Улаанбаатар хотод айлын зуслангийн байшингийн дээвэр хийж байсан, Б.Ч нь мөн Улаанбаатар хотод ажиллаж байсан талаар мэдүүлдэг. Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгчид энэ талаар шүүх хуралдаан дээр гэрч нар тэднийг Улаанбаатар хотод ажиллаж байсан талаар баталдаг хэмээн  тайлбарлан мэтгэлцсэн байхад шүүхийн шийтгэх тогтоолд гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан ямар нотлох баримтуудаар хэрхэн нотлогдож байгаа талаар хуульзүйн үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр нотлох баримтуудыг жагсаан бичиж шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдож байна  гэж дүгнэж,  өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл болон  нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хууль ёсны гэж үзсэн үндэслэлээ шийтгэх тогтоолд бичилгүй  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4  дэх заалтуудыг зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

           Шүүх Б.Өыг 2015 оны 6 дугаар сард М.Г, Б.Ч нартай бүлэглэн, агуулах саванд  хууль бусаар нэвтэрч, машин механизм ашиглан хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэмт  хэрэгт  ял шийтгэл оногдуулсан  атлаа дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 525 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанд дээрх гэмт хэргийг үйлдсэн байхад ялыг нэгтгэлгүй Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг ноцтой зөрчжээ.

 

            Б.Ө нь өөрийгөө өмгөөлж байсан өмгөөлөгч Д.Сумъяа, С.Төмөрбаатар нараас 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр татгалзаж,  Ч.Энхжинг өмгөөлөгчөөр авах  хүсэлт гаргасаныг шүүх хуралдааны үед өмгөөлөгч солих асуудлыг хуулиар зөвшөөрөөгүй  гэсэн үндэслэлээр 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 224 дүгээр шүүгчийн захирамжаар хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1, 4 дэх заалтуудыг зөрчсөн байх тул энэ талаар гаргасан өмгөөлөгч Ч.Энхжингийн гомдол үндэслэлтэй байна.

            Б.Ө нь шүүгч Л.Одончимэгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмнө нь шийдвэрлэж байсан үндэслэлээр шүүх хуралдаан дээр татгалзсан хүсэлт гаргасныг шүүгч өөрөө шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1-д заасан хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг хуульд заасан үндэслэлээр  татгалзвал шүүгч шүүх хуралдааныг хойшлуулж, уг асуудлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлүүлнэ гэсэн заалтыг зөрчжээ. 

           Шүүгдэгч Б.Чын 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Гурвансайхан сумын иргэн Г.Отгондорж, С.Энхтайван, Энхбат нарынхаас хулгай хийсэн үйлдлийг прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг анхан шатны шүүхээс 2015 оны Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 17.2.1, 2.4 болгон өөрчилж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэсэн  түүний өмгөөлөгч Х.Отгонжаргалын  гомдол үндэслэлтэй байна. 

 

           Аймгийн прокурорын газраас шүүгдэгч нарт холбогдох хэрэгт шинээр яллах дүгнэлт үйлдэж  /7 дугаар хх-ийн 83 хуу/  шүүхэд 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн бөгөөд шүүхээс шүүгдэгч нарт холбогдох хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цагаас хэлэлцэхээр шүүх хуралдаанаа зарласан ба шүүгдэгч Б.Өын өмгөөлөгч С.Төмөрбаатарын шүүхэд гаргасан “Миний биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, шүүх хуралдаан дээр гаргасан шүүгдэгч нарын өмгөөлөгчийн саналаар 5 хоногийн завсарлага авсан, шүүгдэгч Б.Чын өмгөөлөгч Х.Отгонжаргалын “Шүүгчийн сонгон шалгаруулалтын тусгай шалгалтанд оролцох болсон”  гэсэн хүсэлтэээр шүүх хуралдааныг 2018 оны 12 дугаар сарын 17-ны  өдрийг хүртэл  хугацаагаар тус тус хойшлуулсан үндэслэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1-д заасан үндэслэлд хамаарахгүй байгаа бөгөөд холбогдох нотлох баримтгүйгээр шүүх хуралдааныг хойшлуулж байгааг ч цаашид анхаарах хэрэгтэй.

 

           Шүүгдэгч М.Г, Б.Ө, Б.Ч нарт холбогдох хэргүүд нь 2015 оны 6 дугаар сарын 13-21, 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрүүдэд  үйлдэгдсэн талаар хохирогч, шүүгдэгч нар маргадаггүй. Иймд 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны  25 жилийн ойг тохиолдуулан гаргасан өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарагдах эсэхийг ч шүүх анхаарвал зохино.

           Шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд   тооцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлан мөн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл хэсгийг баримталж  хууль  буруу хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаа тул шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар бичсэн шүүгдэгч болон өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болно.

 

           Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39 8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, М.Г, Б.Ө, Б.Ч нарт холбогдох 20152000131 тоот хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
  2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч М.Г, Б.Ч, Б.Ө нарт авсан цагдан хорих арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
  3. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                         Ш.ТӨМӨРБААТАР

 

      ШҮҮГЧИД                          Т.БЯМБАЖАВ

 

                                          Г.ТЭГШСУУРЬ