Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2020/00777

 

Б.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Баганхангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 189/ШШ2019/00007 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1030 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Б.О-

          Хариуцагч: А.Ц-

          Хариуцагч: “Улаанбаатарцахилгаан түгээх сүлжээ” ТӨХК

          Хариуцагч: Х.М

          итгэмжлэл, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж   тооцуулах, газрын гэрчилгээг сэргээлгэх тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Одонтуяа, хариуцагч А.Ц-, “Улаанбаатарцахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Урангоо, өмгөөлөгч Ч.Өнөржаргал, Э.Эрдэнэчулуун, нарийн бичгийн даргад Ц.Энхтүвшин нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Би өөрийн эзэмшлийн ....150 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгө байршиж буй 182 м.кв бүхий газрыг 42 м.кв автомашины зогсоолын хамт УБЦТС ТӨХК-д 200 сая төгрөгөөр зарахаар А.Ц-д итгэмжлэл олгосон. Уг газар дээрх үл хөдлөх хөрөнгийн эзэн Б.Баярсайхан нь “...би өөрийн үл хөдлөх хөрөнгөө 200 сая төгрөгөөр, чиний газрыг 200 сая төгрөгөөр буюу нийт 400 сая төгрөгөөр зарахаар УБЦТС ТӨХК-тай амаар тохирсон...” гэд байхаар нь зуучлагч, төлөөлөгч нар нь миний хүсэл зоригийн илэрхийллийг буруу ташаа мэдээлж түүнийг үндэслэн ноцтой төөрөгдөлд оруулж хийсэн хэлцэл юм. Б.Баярсайханы надад итгүүлэн үнэмшүүлсний дагуу би ноцтой төөрөгдөлд орж А.Ц-д “....гэрээний нөхцөлийн үнэ төлбөрийн талаар өөрийн өмчлөлийн газраа УБЦТС ТӨХК-д 200 сая төгрөгөөр худалдана, төлбөрөө хугацаа тогтоохгүй хэсэгчилэн хийж болно...” гэж тохиролцож ярилцсан. Гэтэл өнөөг хүртэл газрын төлбөрт нэг ч төгрөг төлсөнгүй. 2013-07-31-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг надад тухайн үед А.Ц- өгөөгүй бөгөөд би түүнд найдаад компанийг төлбөрөө хийнэ гэж бодоод байдлыг харж хүлээцтэй хандаж ирлээ.Гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцож, тухайн эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн.. төлбөр хийгдэхгүй газраа эзэмшиж, ашиглаж чадахгүй 5 жил өнгөрч санхүү эдийн засгийн хувьд ихээхэн хохирч байна. А.Ц-нд итгэмжлэл өгөх үед энэ талаар нотариатч  тодорхой дурдалгүй өөр утга агуулгатай итгэмжлэл олгосныг саяхан мэдлээ..итгэмжлэлд УБЦТ сүлжээ ХХК төлөөлөн гарын үсэг зурах, нийслэлийн газрын албанд төлөөлөн миний өмнөөс албан бичиг үйлдэх гэж бичсэн байгаа нь миний хүсэл зоригийг дурдаагүйгээр барахгүй ямар компанитай ямар гэрээ хийх гэж байгаа, хаана байршилтай, хэдэн м2 газрын ямар үнэ хөлсөөр худалдах, аль газрын албаар дамжуулах зэргийг бичээгүй байна. А.Ц-гаас газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг шаардахад газрын албанд байгаа гэсэн ба 2018-07-02-ны өдөр Налайх дүүргийн газрын албаны архиваас гэрээг авч, үнэ төлбөргүй шилжүүлснийг мэдлээ.. 2012-12-15-ны өдөр Б.О-ээс А.Ц-нд олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, 20013-07-31-ний өдрийн Б.О-ээс УБЦТС ТӨХК-д газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, шинээр олгосон УБЦТС ТӨХК-н газар эзэмших гэрчилгээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, Б.О-ийн 2012-11-06-ны газар эзэмших эрхийн .......7351 дугаартай, нэгж талбарын ..........939055 дугаар бүхий 800 м.кв газрын гэрчилгээг сэргээх шаардлага гаргаж байна гэжээ.

        Хариуцагч А.Ц- тайлбартаа: Б.О- нь УБЦТС ТӨХК-д 2013-07-31-ний өдөр ..182 м.кв газар болон авто машины зогсоолын 42 м.кв газрын хамт өөрийгөө төлөөлөн УБЦТС ТӨХК-тай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийх эрхийг олгосон. Б.О-тэй гэрээний нөхцөл, үнэ төлбөрийн талаар түүний өмчлөлийн газрыг УБТЦС ТӨХК-д 200 сая төгрөгөөр худалдана. Төлбөрөө хугацаа тогтоохгүй хэсэгчлэн хийх болно гэж тохиролцож ярилцсан. Гэтэл өнөөг хүртэл газрын төлбөр 200 сая төгрөг орж ирээгүй байгаа нь үнэн. Б.О-д 2013-07-31-ний газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг өгөөгүй болно. Иргэний хуульд заасны дагуу гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцож тухайн эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн. Би УБЦТС ТӨХК-тай газрыг 200 сая төгрөгөөр худалдсан, харин гэрээний үнийг заасан гэж бодсон. Би тэр гэрээг уншаагүй. УБЦТС ТӨХК-н гэрээний мэргэжилтэн О.Батсүхэд итгээд гарын үсэг зурсан. Харин энэ гэрээний архивын хуулбарыг аваад гэрээнд газрыг үнэгүй шилжүүлнэ гэснийг хараад гайхаж, газрын үнэ 200 сая төгрөгийг өгөхгүй байгааг ойлгосон...Б.О- манай нөхрийн дүү тул надад та Б.Баярсайхан эгчийн өмнөөс итгэмжлэлээр үл хөдлөх хөрөнгийг нь худалдан борлуулах үйл ажиллагааг хийж байгаа учир миний хүсэл зоригийг илэрхийлж, газрыг худалдаарай гэж хэлсэн юм. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрч байна гэжээ.

        Хариуцагч Х.Маярагүль тайлбартаа: А.Ц- нь 2013-07-31-ний өдрийн УБЦТС ТӨХК-д газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хийхэд УБЦТС ТӨХК-н хуулийн мэргэжилтэн О.Батсүх хуурч хийсэн мэтээр ярьж байна. Би өнгөрсөн 13 жилийн хугацаанд нотариатын ажил эрхлэхдээ Б.О-, А.Ц-, Б.Гүррагчаа, Б.Баярсайхан нарын бичиг баримтыг олон удаа гэрчилж байсан. Өмнө нь Б.О-, А.Ц- нар ийм асуудал удаа дараа гаргаж байсан учраас баримт бичгийг гэрчлэх бүрт та нар өмнө нь гомдол гаргаж, хэл ам гаргадаг шүү, нотлох, нотлуулах хүн нь хаана байна, бүх зүйлээ тодорхой бичээрэй гэж байнга шаардлага тавьдаг байсан. Итгэмжлэлийг хийлгэхдээ Б.О-, А.Ц- хоёр манай ажил дээр хамт ирээд манайх өр төлбөрт ороод яах учраа мэдэхгүй байна. Хэрэв энэ газрыг УБЦТС ТӨХК худалдаж авахаар болчихвол их хэмжээний өрнөөс гарах боломжтой гэж хэлж байсан. А.Ц-гийн нөхөр Б.Гүррагчаа нь дутуу барьсан байшингаа газартай нь хамт УБЦТС ТӨХК-д 200 сая төгрөгөөр зарахаар боллоо гээд надад хэлж байсан. Түүний дараа А.Ц- итгэмжлэл хийлгэх үед Б.О- нь ажлаасаа ирсэн гээд их яарч байсныг тод санаж байна. Тэр үед итгэмжлэл хийхэд би туслах Б.Мягмарнаранд итгэмжлэлийн утгыг нь тодорхой бичүүлээрэй гэж хэлсэн. Тэд хоорондоо тохироод гэрээгээ хийгээд дууссан. Б.О- завгүй учраас би өмнөөс нь гарын үсэг зурна гэж хэлж байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Хариуцагч УБЦТС ТӨХК тайлбартаа: Манай байгууллага нь Налайх дүүргийн ХҮТөвийн барилга барих зураг төсөл боловсруулах гэрээг 2012-04-20-ны өдөр Билгүүн шугар гэх компанитай байгуулсан. Байшингийн байршил, геодези зураглал, шугам сүлжээ татах зэргээс барилгын төсөв гардаг ба төслийн нийт тооцоо 200 сая төгрөг гэсний дагуу ТУЗ-ийн шийдвэрээр манай байгууллагын худалдан авах төлөвлөгөөний төсөвт тусгагдсан. Манай байгууллагаас хуулийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулж, 80 сая төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй ажил гүйцэтгэх гэрээг 2 удаа нээлттэй тендер зохион байгуулах талаар хуульд заасан байдаг. Манай байгууллагын ТУЗ-ийн шийдвэрээр худалдан авах төлөвлөгөөний төсөвт 200 сая төгрөг тусгагдсан тул үнэлгээний хороог байгуулж, уг хороо нь гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэгтэй байсан. Үнэлгээний хорооноос гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар 2 удаа нээлттэй тендер зохион байгуулж, амжилтгүй болсон гэсэн дүгнэлт гаргасан. Амжилтгүй болсон тохиолдолд шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэнэ гэх онцгой журмыг зохицуулсан байгаа. Иймээс байгууллагын гүйцэтгэх захиралтай А.Ц-, Б.О-, Б.Гүррагчаа, Б.Баярсайхан нар уулзан 200 сая төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ хийхээр тохиролцсон. Манай байгууллагын захирал тухайн хүмүүстэй уулзаж үзээд итгэл үнэмшил төрсөн учир худалдаж авахаар тохиролцож газрыг хуулийн дагуу шилжүүлж авсан. Уг газар болон үл хөдлөх хөрөнгийн төлбөрийг урьдчилан төлсөн байдаг. Нэхэмжлэгч тал анх УБЦТС ТӨХК-н захиралтай 400 сая төгрөгөөр худалдахаар тохиролцсон гэдэг. Гэтэл худалдан авах төлөвлөгөөний дагуу 200 сая төгрөг төсөвт суулгаж, захиалагч уг мөнгийг өөрчлөх эрхгүй. Захиалагч нь төсөвт өртөгөөс хэтэрсэн үнийн саналтай бараа, үйчилгээг хориглодог. Манай байгууллагын захирал тохиролцсоны үндсэн дээр энэ хүмүүс гэр бүлийн хүмүүс, садан төрлийн холбоотой юм байна гэж итгэл үнэмшил төрөөд уг хөрөнгийг авахаар шийдсэн. Гэхдээ уг хөрөнгө шугам сүлжээнд холбогдоогүй, автомашин угаалгын зориулалтаар ашиглаж байсан байшинг нийт 159 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засвар үйлчилгээ хийж, Налайх дүүргийн ХҮТөв болгосон..энэ барилга нь тоосгоор баригдсан, өртөгийн хувьд маш доогуур үнэлгээтэй байсан. Мөн инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй, ус, дулаан, тог цахилгаан нь шийдэгдээгүй, дээвэр, гадна фасад болон дотор засвар хийгдээгүй барилга байсан. Бидний зүгээс энэ газар, барилгыг худалдаж авах, засвар үйлчилгээ хийх зэрэгт 359 сая төгрөг зарцуулсан. Улсын төсөвт үүнтэй ижил төрлийн байшин барилга 200 сая төгрөгийн төсвөөр хийгддэг гэдгийг тендерийн нэгдсэн сайтаас харж болно. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

        Баганхангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 189/ШШ2019/00007 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1., 106 дугаар зүйлийн 106.4.-д зааснаар Б.О-ийн нэхэмжлэлтэй   итгэмжлэл, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 280,800 төгрөгийг улсын орлогод үлдээсэн байна. 

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1030 дугаар магадлалаар Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 189/ШШ2019/00007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар   Б.О- гомдол гаргахдаа төлсөн 280,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

        Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч болон зарим хариуцагч нараас удаа дараа хүсэлт гаргаж хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримт болох Багахангай дүүргийн шүүхийн 2019-01-25-ны өдрийн Ш32019/00012 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжийн 3-т УБЦТС ТӨХК-нд даалгасан ... УБЦТС ТӨХК-нь УБЦТС ТӨХК-н 2012-03-22-ны өдрийн ТС-23/2012 тоот тендерийн үнэлгээний хорооны шийдвэр, хурлын тэмдэглэл, тендерийн материалтай холбогдох баримтууд, газар болон үл хөдлөх хөрөнгө худалдан авахтай холбоотой УБЦТС ТӨХК-н ТУЗ-н хурлын шийдвэр, хурлын тэмдэглэл зэргийг шүүхэд огт гаргаж өгөөгүй байхад “Билгүүн Шугар” гэх өөр нэртэй компанитай байгуулсан /гэрээн дээрээ Билгүүн Шонхор ХХК гэсэн байсан/ 2012-04-20-ны өдрийн гэрээ болон хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй материалуудыг түшиглэн УБЦТС ТӨХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхцэцэгийн өгсөн ор үндэсгүй тайлбарыг үндэслэн.. 2012-11-15-ны өдрийн Б.О-ээс А.Ц-д олгосон итгэмжлэлд “УБЦТС ХХК төлөөлж гарын үсэг зурах Нийслэлийн газрын албанд төлөөлөн миний өмнөөс албан бичиг үйлдэх” гэж бичсэн нь миний хүсэл зоригийг бүрэн илэрхийлээгүй бөгөөд миний эзэмшлийн ...150 тоот хаягт байрлах 800 м2 газрыг огтхон ч дурьдаагүй, УБЦТС Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани гэж байхгүй, намайг төлөөлөн ямар гэрээ болон бусад эрхийн актанд гарын үсэг зурах нь тодорхойгүй, Нийслэлийн газрын албанд /Налайх дүүргийн газрын албанд бус/ юуг төлөөлөн албан бичиг үйлдэх зэрэг нь ямар ч ойлгомжгүй үйлдэл нь тодорхой бус байхад нотариатч Х.Майрагуль нь Нотариатын тухай хуулийн 21.2.1., Иргэний хуулийн 41.1.-г шүүх авч үзээгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Миний эзэмшлийн 800 м2 газрыг А.Ц-гаас УБЦТС ТӨХК-д 2013-07-31-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх ......7351 дугаартай гэрээний үнэн зөвийг гэрчлэхдээ 2012-11-15-ны өдрийн Б.О-ээс А.Ц-д олгосон итгэмжлэлд “УБЦТС ХХК төлөөлж гарын үсэг зурах Нийслэлийн газрын албанд төлөөлөн миний өмнөөс албан бичиг үйлдэх” гэж бичсэн ойлгомжгүй тодорхой бус итгэмжлэлийг үндэслэн Нотариатын тухай хуулийн 46.4. Гэрээ, хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж байгаа бол төлөөлөгчийн бүрэн эрх, итгэмжлэл хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягтална гэсэн заалтыг зөрчсөн тул Иргэний хуулийн 56-р зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамааруулахгүйгээр шүүх үндсэлсэн нь буруу гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Б.О- 2018-09-20-ны өдөр А.Ц-, Х.Маярагүль, “Улаанбаатарцахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2012-11-15-ны өдрийн итгэмжлэл болон газар эзэмших эрх шилжүүлэх 2013-07-31-ний өдрийн  гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, газар эзэмших гэрчилгээг буцааж шилжүүлэхийг шаардсан байна. 

       А.Ц- нэхэмжлэлийг зөвшөөрсөн, Х.Маярагүль, “Улаанбаатарцахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нар эс зөвшөөрч маргажээ.  

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       1. 2012-11-15-ны өдрийн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах буюу нотариатын үйлдлийг хүчингүй болгох агуулгатай нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй   болгосон нь Нотариатын тухай хуулийн 21,25, 26-28 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтад нийцжээ.  

      Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 2012-11-15-ны өдөр А.Ц-д итгэмжлэл олгосон, уг итгэмжлэлийг нотариат зохих журмын дагуу гэрчилсэн нь  нотлогдсон байна.

      Нэхэмжлэгч гомдолдоо “...2012-11-15-ны өдрийн итгэмжлэлд “УБЦТС ХХК төлөөлж гарын үсэг зурах Нийслэлийн газрын албанд төлөөлөн миний өмнөөс албан бичиг үйлдэх” гэж бичсэн нь миний хүсэл зоригийг бүрэн илэрхийлээгүй, газар гэж дурьдаагүй... намайг төлөөлөн ямар гэрээ болон бусад эрхийн актанд гарын үсэг зурах нь тодорхойгүй... Нийслэлийн газрын албанд /Налайх дүүргийн газрын албанд бус/ юуг төлөөлөн албан бичиг үйлдэх зэрэг нь ямар ч ойлгомжгүй....буюу үйлдэл нь тодорхой бус байгаа...” гэх боловч Б.О- нь уг итгэмжлэлээр А.Ц-д УБЦТС ТӨХК-д газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхийг олгосон гэж шүүх үзсэн нь буруу биш байна.

       Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно. Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ. Төлөөлөгч итгэмжлэлээр эрх олгосон үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй. Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийхийг хуулиар хориглосон, эсхүл хэлцлийн шинж чанараас шалтгаалан хэлцэл хийгч заавал биечлэн хийвэл зохих хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болохгүй. Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно. Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй.

       Иймд нэхэмжлэгчийн гомдлоор Х.Маярагүль, “Улаанбаатарцахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нарт холбогдох нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах нь Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөрчинө. 

      Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтаас үзвэл, А.Ц-гийн бүрэн эрх нь Б.Одонгэрлийн 2012-11-15-ны өдөр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр үүссэн байх бөгөөд А.Ц- нь итгэмжлэлээр олгосон үйл ажиллагааг 2013-07-31-ны өдөр  биечлэн гүйцэтгэсэн нь тогтоогджээ. Газар эзэмших эрх шилжүүлэх хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийхийг хуулиар хориглоогүйгээс гадна төлөөлөгчөөр дамжуулан хийж болохгүй хэлцэлд хамаарахгүй байна.

      Иймд нэхэмжлэлийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 56,62,63,65 дугаар зүйлийн холбогдох зохицуулалт болон 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсгийг   зөрчөөгүй гэж үзнэ.   

       2. Нэхэмжлэгч нь хяналтын гомдолдоо “...зарим баримтыг хариуцагч шүүхэд гаргаж өгөөгүй...хуулийн этгээдийн оноосон нэр зөрүүтэй... хэрэгт ач холбогдолгүй баримт тайлбарыг шүүх үнэлсэн...” гэсэн агуулга бүхий үндэслэл заасан нь шийдвэр,магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй байна.

       Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх бөгөөд хүсэлт гаргах эсэх нь тухайн этгээдийн эрх хэмжээний асуудал  байна. Шүүх хэрэгт буй баримтын хэмжээнд дүгнэлт хийж,шийдвэр гаргана.     

      Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хэргийн оролцогч нар хяналтын гомдолд заасан баримттай холбоотой хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргаагүй, хуулийн этгээдийн оноосон нэр зөрүүтэй талаар маргаж байгаагүй тул энэ тухай нэхэмжлэгчийн гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 116 дугаар зүйлийн 116.3, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсгийн агуулгад нийцэхгүй байна. 

      Шүүх хэрэгт байгаа баримтуудыг хооронд харьцуулан үнэлсэн байх тул “...хэрэгт ач холбогдолгүй баримт тайлбарыг шүүх үнэлсэн...” гэх гомдол үндэслэлгүй буюу шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.3 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлжээ. 

       3. Хариуцагч А.Ц- нэхэмжлэлийг зөвшөөрсөн нь бусад хариуцагч нарын татгалзлыг үгүйсгэхгүйгээс гадна Б.О- нь Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т заасан үндэслэлээр нэхэмжлэл гаргаагүй тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг зөрчөөгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзнэ.

        Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхино. 

        Харин анхан шатны шүүх хэргийн оролцогчийн нэрийг буруу бичсэнээс гадна Иргэний хуулийг оновчтой хэрэглээгүй байхад давж заалдах шатны шүүх залруулаагүй дутагдалтай байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1030 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Баганхангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 189/ШШ2019/00007 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын “.....92 дугаар зүйлийн 92.1., 106 дугаар зүйлийн 106.4.-д...” гэснийг “....56 дугаар зүйлийн 56.1.8, 58 дугаар зүйлийн 58.2...гэж., “....Х.Майрагүль...” гэснийг “...Х.Маярагүль...” гэж өөрчилж, шийдвэр болон магадлалын бусад заалтуудыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 280,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ