Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2018/ШЦТ/430

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0384

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Хохирогчийн өмгөөлөгч А.М-,

Шүүгдэгч  Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  Б.Э холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818007570447 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, А ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, Дархан-Уул аймаг, Дархан сум... тоотод оршин суудаг, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт  Б.Э / /.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч  Б.Э нь 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 08 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт ХХ-ХХ ДАХ улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас ХХ-ХХ ДАР улсын дугаартай “Ниссан Тийда” маркийн тээврийн хэрэгслийн араас нь мөргөсний улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч А.А-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Хохирогч А.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Шинэ Дархан руу ажил руугаа явах гээд нэг таксинд суусан. Монгол алтны уулзвар дээр гэрлэн дохио дөхөж явтал миний сууж явсан таксины араас нэг машин мөргөсөн. Тэгээд зогсоод хоёр жолооч буугаад уулзсан. Миний сууж явсан машины араас нь мөргөх үед би хойд суудлын голд нь сууж явсан урагшаа тонгойж урд хоёр суудлыг толгойгоороо мөргөсөн. Би тэр жолоочид “миний хүзүү сонин болсон байна, авч яваад үзүүлэх хэрэгтэй байна” гэсэн. Тэр мөргөсөн жолооч “та эмнэлэгт очоод үзүүлж байхгүй юу даа, би хүүхдээ хүргэж өгчхөөд араас чинь очъё” гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэгт үзүүлсэн чинь хүзүүний нугаламын яс дарагдаад бяцралт өгсөн байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын талаарх тэмдэглэл /хх-ийн 6-10/,

 

Замын Цагдаагийн  тасгийн 2018 оны 10 сарын 11-ний өдрийн 40 дугаартай “...Жолооч  Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8-р бүлгийн 8.11 “жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна,  Б.Э нь тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ санамсар болгоомжгүй хайнга  хандсан” гэх дүгнэлт /хх-ийн 30/,

 

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 976 дугаартай “...А.А-гийн биед хүзүүний 6-р нугалмын сэртэнгийн битүү хугарал, булчингийн чангарал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн ГЗТЖ-ын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 36/,

 

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1075 дугаартай “...А.А-гийн биед дээрх нэмэлт шинжилгээний материалаас тархины няцрал, тархины бага хэсгийн цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу хүчтэй доргих, цохигдох, юм мөргөх үед тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх толгойн КТГ-д илэрсэн тархины няцрал, тархины бага хэсгийн цус хуралт, тархи доргилт гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-т заасан хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 45/,

 

Гэрч С.Наранчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Монгол алтны уулзварын гэрлэн дохио дөхөж явтал миний сууж явсан таксины араас нэг машин ирээд мөргөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 24/,

 

Шүүгдэгч Б.Э мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...машины араас мөргөснөөс болж эгзэг нь таараад хохирогчийн биед гэмтэл учирсан байх гэж бодож байна, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруугийн тал дээр маргаангүй” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоож байна.

Иймд шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч А.А- гэм хор учирсантай холбогдон гарсан эмчилгээ болон холбогдох бусад зардал, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүд нийт 5,158,952 төгрөг нэхэмжилжээ.

Шүүгдэгч  Б.Э нь хохирогчид 2,040,000 төгрөг төлсөн талаар маргаагүй байна.

 

Шүүх хохирогчоос гаргаж өгсөн баримтуудаас 1 дугаартай /хохирогчийн дугаарласнаар 6 ширхэг, нийт 78,963 төгрөг /хх-ийн123/, 2 дугаартай, 4 ширхэг, нийт 23,230 төгрөгийн /хх-ийн124/ баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан, эмчилгээтэй холбоотой баримт гэж үзэв. 3 дугаартай 5 ширхэг баримтаас /хх-ийн125/ Америк кофе гэх 2 ширхэг 170,000 төгрөгийн баримт хамааралгүй гэж үзэн хасаж, 321,698 төгрөгийн баримтыг үнэлэв.

 

4 дугаартай /хх-ийн126/ баримтуудаас нүүр тал дахь 60,250 төгрөгийн баримтаас ариун цэврийн хэрэглэл, саван улавч алчуур зэрэг 13,800 төгрөг нь хэрэгт хамааралгүй тул хасаж, үлдэх 46,450 төгрөг ,ар тал дахь 1,445,600 төгрөгийн баримтаас эмийн үнэ гэх 940,400 төгрөгийн баримт нь ямар төрлийн хэдэн ширхэг эм авсан нь тодорхойгүй, өмгөөлөгчийн хөлс гэх 500,000 төгрөг  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж үзэн үлдэх 5,200 төгрөгийг гаргуулахаар, 5 дугаартай /хх-ийн127/ баримтуудаас 16,200 төгрөгийг хохирогч төлөөгүй, даатгалаас төлөгдсөн байх тул хасаж үлдэх 18240 төгрөг, мөн уг баримтын ар талын 4 ширхэг баримтыг үнэлж 443,700 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв.

 

Вагонаар зорчсон гэх 6 дугаартай /хх-ийн128/ 4 ширхэг тасалбарын 2 нь өөр хүний нэр дээр бичигдсэн байх тул хэрэгт хамааралгүй гэж үзэн нийт 64,000 төгрөгөөс 32,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.

 

7 дугаартай /хх-ийн129/ хүзүүний чиг, эм, буудлын тооцооны болон вагоны тасалбарын үнэ /ар талд/ нийт 202,800 төгрөгийг бүхэлд нь гаргуулахаар, 8 дугаартай /хх-ийн130/ нүүр хэсэгт наасан 4 ширхэг баримтыг үнэлж 720,230 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, арын хэсэгт наасан гараар бичсэн 619,400 төгрөгийг баримтыг худалдагч байгууллагын регистрийн дугааргүй байх тул хасаж, тариур систем, натрийн хлорид гэх 21,200 төгрөгийг гаргуулахаар, 9 дугаартай /хх-ийн131/ 5 ширхэг баримтыг үнэлж 186,860 төгрөг гаргуулахаар, 9 дугаартай баримтын ар тал дахь 3 ширхэг баримт, 11 гэж дугаарласан /хх-ийн132/ баримтаас буудлын үнээс бусад баримт нь 2018 оны 11-р сарын 26-ны өдөр эмийн сангаар нэг өдөр 5 удаа үйлчлүүлсэн гэх баримтууд байх тул хэрэгт хамааралгүй гэж үзэв.

Дээр дурдсанаар гэм хор учирсантай хамааралтай, нотлох баримтын шаардлага хангаж буй баримтуудыг үнэлэхэд  2,139,868 төгрөг болж байх тул уг төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна.

Ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү гаргуулах нэхэмжлэл гаргаж 580,144 төгрөгийн цалинтай гэх тодорхойлолт ирүүлсэн боловч хэд хоног ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж буй нь тодорхойгүй, ажилгүй байсан хугацаатай холбоотой эмнэлгийн лист, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтыг ирүүлээгүй байх тул энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хохирогчид өгсөн 2,040,000 төгрөгийг дээрх дүнгээс хасаж тооцоход эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон гарсан 99,868 төгрөгийг төлөөгүй байх уг төлбөрийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч орлого олох боломжтой, хөдөлмөр эрхэлдэг, хувийн байдал зэргийг харгалзан торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Э хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт  Б.Э 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Э оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Э 98,868 /ерэн найман мянга, найман зуун жаран найм/ төгрөг гаргуулж, хохирогч Б овгийн А-н А- /Дархан-Уул аймаг, Дархан сум... тоот, .../-д олгож, эмчилгээний зардалтай холбоотой бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД