| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2017/0350/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/457 |
| Огноо | 2022-10-19 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 2017/ШЦТ/457
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
улсын яллагч А.Нямсүрэн,
шүүгдэгч Х.Г, түүний өмгөөлөгч Э.Болорчулуун,
шинжээч А.Амгаланболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт ХГд холбогдох 2014250005483 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Боржигин овгийн Х.Г, 1971 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, вагон засварчин мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо сурагчийн 33-368б тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар .................................................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Г нь 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Сурагчийн 33 дугаар гудамжинд “хүүхдүүдийг нь аавтай чинь ална гэж хэлсэн” гэх шалтгаанаар Б.Батхишигийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Г мэдүүлэхдээ: “2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 16-18 цагийн хооронд би машинаа засч байсан. Тухайн үед хоёр хүүхэд усанд явсан. Миний машины нэг зүйл болохгүй байхаар нь хүнээс асуух гэж гараад явж байтал манай хоёр хүүхэд Батхишигийн хашаанаас гарч ирж байсан. Гэтэл хүүхдүүд “ааваа Батхишиг ах ус булааж аваад өг гэхээр өгөхгүй, та нарыг эцэгтэй чинь ална” гэж байна гэсэн. Араас нь Батхишиг гарч ирэхээр нь “чи хүүхдийн усыг зүгээр хэлээд авч болно ш дээ яагаад эцэгтэй чинь ална гэсэн юм бэ” гэхэд Батхишиг намайг заамдаж аваад хоолой боосон. Би тавиулах гээд тавихгүй байхаар нь хавсраад шороон дээр унагаасан. Энэ үед Батцэнгэл ах явж таарч бид хоёрыг салгасан. Батцэнгэл ах “юу болсон бэ” гэхэд нь би болсон явдлыг хэлсэн. Тэгтэл Батцэнгэл ах “тэгж болохгүй” гэж хэлсэн. Тэгээд би гэр рүүгээ явсан. Гэтэл араас хүүхдүүд ирээд “ааваа, Батхишиг ах Батцэнгэл ахыг зодож байна” гэсэн. Тэгээд би цагдаа дуудсан. Цагдааг ирэх хооронд Батхишиг явсан. Би Батцэнгэл ахыг гэртээ оруулж цусыг нь угааж өгөөд “уучлаарай, та надаас болж зодуулчихлаа” гэж хэлсэн. Ийм л зүйл болсон гэв.
Хохирогч Б.Батхишигийн мөрдөн байцаалтад өгсөн: “…2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хавьцаа байх өдрийг нь яг сайн санахгүй байна. Эхнэртэйгээ муудалцаад манай эхнэр ажилдаа явсан хойгуур гэртээ ганцаараа хэдэн 3-н лааз пиво уугаад гэрийн тэнд байдаг Улаанаа гээд ахтай 0.33 литрийн Ерөөл архи хувааж уусан. Тэгээд гэртээ ирээд манай хүү 7 настай Алзахгүй нэг гудамжинд байдаг Гомбо гэдэг хүний хүүхэд /9-10 насны/ дээрэлхээд байсан тухай хэлсэн. Тэгээд би гарч очоод Гомбын хоёр хүүхдийг загнатал нөгөө хоёр хүүхэд аавдаа хэлнэ гэхээр нь би аавтай чинь хамт ална гээд хэлчихсэн юм. Тэгсэн Гомбо хүүхдээсээ тэгэж хэлснийг сонсоод хүүхдээ дагуулаад манай хашааны гадаа ирсэн. Тэгээд муудалцаж байтал миний хоёр чихнээс барьж аваад доош унагаагаад толгой руу хоёр гурван удаа гараараа цохьсон. Тэрнээс хойш толгой их өвдөж 2014 оны 08 дугаар сарын 28-ны орой гэртээ унтаж байгаад татаж унаад эмнэлэгт хүргэгдсэн байсан. Намайг Гомбо гэж нэг гудамжинд амьдардаг хүн хүүхэд дээрэлхээд аавтай чинь ална гэж хэлсэн гээд зодох болсон. Би хүүхдийг нь дээрэлхээд байсан зүйл байхгүй яахав согтуудаа аавтай чинь ална шүү гээд хэлчихсэн юм. Намайг манай хашааны үүдэнд гудамжинд зодсон. Би энэ толгойн гэмтлээс болоод их олон зүйл мартаад яг бүрэн гүйцэт санахгүй байх шиг байна …” гэх мэдүүлэг /хх-18-20х/, мөн түүний …Тэгтэл Гомбосүрэн ах хүрч ирээд чи хүн алдаг хэн бэ гээд миний хоёр чихнээс доош дараад толгой руу хэд хэдэн цохиод намайг хавсарч унагаагаад хатуу ултай хар гутлаараа нуруу, толгой руу хэд хэдэн удаа өшиглөсөн. Миний биед учирсан гэмтлийг Гомбосүрэн учруулсан. Толгой руу өшиглөх үед уг гэмтэл учирсан. Би Гомбосүрэнгээс эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Надад эмчилгээний зардал баримтаар 1.300.000 төгрөг гарсан …”, “…Гомбосүрэн эгчтэйгээ манай гэрт ирээд “ахынх нь буруу өргөдлөө авчих хохирлыг чинь барагдуулна” гэж гуйж байсан боловч хэсэг хугацааны дараа 2 өмгөөлөгч аваад надад өгнө гэсэн эмчилгээний зардлыг маань өгөхөө больсон. Би 1.300.000 төгрөгийг өөрөөсөө гаргасан байгаа тэрийгээ нэхэмжилж байна …” гэх мэдүүлгүүд /хх-69-70, 160, 206-207х/,
Гэрч Ц.Отгонтөгсийн мөрдөн байцаалтад өгсөн: “…2014 оны 08 дугаар сарын 28-ны шөнө 03 цагийн орчимд манай нөхөр Батхишиг гэнэт орилохоор нь босоод гэрлээ асаатал хэлээ хазаад таталт өгч байсан. Тэгэхээр нь би 103 руу залгаж түргэн дуудтал их хурдан ирж үзээд гэмтэл рүү авч явсан. Тэр үед манай нөхрийн таталт өгөх нь гайгүй болсон байсан болохоор явахгүй гэтэл эмч загнаад авч явсан. Манай хүү хэлэхдээ 2,3 хоногийн өмнө цаад талын хашааны ах аавыг газар унагаад цохиод байсан гэж хэлсэн. Тэгээд манай хүн надад хэлэлгүй нуугаад толгой өвдөөд байгаа гэж яваад тэр шөнө ийм зүйл болсон. Манай нөхөр урд нь нэг ч удаа татаж унаж байгаагүй. Манай нөхөр эмнэлэг дээр очоод 2 удаа татаж унаад сэхээн амьдруулах тасагт орсон ...” гэх мэдүүлэг /хх-21, 165-166х/,
Насанд хүрээгүй гэрч Б.Алзахгүйгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Гомбо ах ирээд манай аавын чихнээс бариад хавсарч унагаад хаа сайгүй өшиглөсөн. Тэр үед Гомбо ах аавыг хөлөөрөө өшиглөж цохьсон. Гараараа чихнээс нь татсан ...” гэх мэдүүлэг /хх-70х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын 1218 тоот шинжээчийн дүгнэлтэд:
“1.Батхишигийн биед тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн тархины эдийн няцрал, тенториум болон зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, сээрний 5,6-р нугалмын их биеийн шахагдсан, бяцарсан хугарал, зүүн далны хугарал, толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал, шинж тэмдгийн уналт бүхий гэмтлүүд учирчээ.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар учирах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
5. 2014.09.08-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэгийн №12911 тоот дүгнэлт үндэслэлтэй байна” гэжээ /хх-71-73х/,
Шинжээч Ж.Ганцэнгэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Батхишигийн биед учирсан гэмтэл нь бариачаар 1 удаа бариулаад 1 сарын турш ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүйгээр явах боломжгүй. Толгой өвдөнө, дотор муухайрна, бөөлжис цутгах шинж тэмдэг илэрнэ. Тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хэсгийн тархины эдийн няцрал, тенториум болон зөөлөн эдийн бүрхүүл доорх цус харвалт гэмтлүүд нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Иймд дээрх гэмтлүүдийг авсан хүнд тэр дороо шинж тэмдэг нь илэрнэ. Уг гэмтлүүд нь хэрэг болох үед үүссэн байх боломжтой ...”, “...Хохирогч Батхишиг өөрөө бусдыг мөргөх үед дээрх гэмтэл учрах боломжгүй. Хохирогч Батхишиг тархины баруун тал бөмбөлөгийн зулай, чамархайн хэсгийн тархины эдийн няцрал, тенториум болон зөөлөн эдийн бүрхүүл доорх цус харвалт гэмтлийг авчихаад 10 орчим хоног юу ч мэдэхгүй зүгээр явна гэж байхгүй, хохирогч Батхишиг хэвийн үйл ажиллагаатай явах боломжгүй ...” гэх мэдүүлэг /хх-185, 235-236х/,
Хохирлын баримтууд /хх-36-43х/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-33-35х/ зэрэг болно.
Хэргийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт:
Шүүгдэгч Х.Г нь 2014 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Сурагчийн 33 дугаар гудамжинд “хүүхдүүдийг нь аавтай чинь ална гэж хэлсэн” гэх шалтгаанаар Б.Батхишигийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм бурууутай болох нь:
хохирогч Б.Батхишигийн өгсөн: “... Тэгсэн Гомбо хүүхдээсээ тэгэж хэлснийг сонсоод хүүхдээ дагуулаад манай хашааны гадаа ирсэн. Тэгээд муудалцаж байтал миний хоёр чихнээс барьж аваад доош унагаагаад толгой руу хоёр гурван удаа гараараа цохьсон. Тэрнээс хойш толгой их өвдөж 2014 оны 08 дугаар сарын 28-ны орой гэртээ унтаж байгаад татаж унаад эмнэлэгт хүргэгдсэн байсан ... Намайг манай хашааны үүдэнд гудамжинд зодсон. Би энэ толгойн гэмтлээс болоод их олон зүйл мартаад яг бүрэн гүйцэт санахгүй байх шиг байна …”, “…Тэгтэл Гомбосүрэн ах хүрч ирээд чи хүн алдаг хэн бэ гээд миний хоёр чихнээс доош дараад толгой руу хэд хэдэн цохиод намайг хавсарч унагаагаад хатуу ултай хар гутлаараа нуруу, толгой руу хэд хэдэн удаа өшиглөсөн. Миний биед учирсан гэмтлийг Гомбосүрэн учруулсан. Толгой руу өшиглөх үед уг гэмтэл учирсан. Би Гомбосүрэнгээс эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Надад эмчилгээний зардал баримтаар 1.300.000 төгрөг гарсан …”, “…Гомбосүрэн эгчтэйгээ манай гэрт ирээд “ахынх нь буруу өргөдлөө авчих хохирлыг чинь барагдуулна” гэж гуйж байсан боловч хэсэг хугацааны дараа 2 өмгөөлөгч аваад надад өгнө гэсэн эмчилгээний зардлыг маань өгөхөө больсон. Би 1.300.000 төгрөгийг өөрөөсөө гаргасан байгаа тэрийгээ нэхэмжилж байна …” гэх мэдүүлгүүд /хх-69-70, 160, 206-207х/,
Гэрч Ц.Отгонтөгсийн өгсөн: “… 2014 оны 08 дугаар сарын 28-ны шөнө 03 цагийн орчимд манай нөхөр Батхишиг гэнэт орилохоор нь босоод гэрлээ асаатал хэлээ хазаад таталт өгч байсан. Тэгэхээр нь би 103 руу залгаж түргэн дуудтал их хурдан ирж үзээд гэмтэл рүү авч явсан. Тэр үед манай нөхрийн таталт өгөх нь гайгүй болсон байсан болохоор явахгүй гэтэл эмч загнаад авч явсан. Манай хүү хэлэхдээ 2,3 хоногийн өмнө цаад талын хашааны ах аавыг газар унагаад цохиод байсан гэж хэлсэн. Тэгээд манай хүн надад хэлэлгүй нуугаад толгой өвдөөд байгаа гэж яваад тэр шөнө ийм зүйл болсон. Манай нөхөр урд нь нэг ч удаа татаж унаж байгаагүй. Манай нөхөр эмнэлэг дээр очоод 2 удаа татаж унаад сэхээн амьдруулах тасагт орсон ...” гэх мэдүүлэг /хх-21, 165-166х/,
Насанд хүрээгүй гэрч Б.Алзахгүйгийн өгсөн: “...Гомбо ах ирээд манай аавын чихнээс бариад хавсарч унагаад хаа сайгүй өшиглөсөн. Тэр үед Гомбо ах аавыг хөлөөрөө өшиглөж цохьсон. Гараараа чихнээс нь татсан ...” гэх мэдүүлэг /хх-70х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын 1218 тоот шинжээчийн дүгнэлтэд: “1.Батхишигийн биед тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн тархины эдийн няцрал, тенториум болон зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, сээрний 5,6-р нугалмын их биеийн шахагдсан, бяцарсан хугарал, зүүн далны хугарал, толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал, шинж тэмдгийн уналт бүхий гэмтлүүд учирчээ. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар учирах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5. 2014.09.08-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэгийн №12911 тоот дүгнэлт үндэслэлтэй байна” гэжээ /хх-71-73х/, Шинжээч Ж.Ганцэнгэлийн өгсөн: “...Батхишигийн биед учирсан гэмтэл нь бариачаар 1 удаа бариулаад 1 сарын турш ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүйгээр явах боломжгүй. Толгой өвдөнө, дотор муухайрна, бөөлжис цутгах шинж тэмдэг илэрнэ. Тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хэсгийн тархины эдийн няцрал, тенториум болон зөөлөн эдийн бүрхүүл доорх цус харвалт гэмтлүүд нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Иймд дээрх гэмтлүүдийг авсан хүнд тэр дороо шинж тэмдэг нь илэрнэ. Уг гэмтлүүд нь хэрэг болох үед үүссэн байх боломжтой ...”, “...Хохирогч Батхишиг өөрөө бусдыг мөргөх үед дээрх гэмтэл учрах боломжгүй. Хохирогч Батхишиг тархины баруун тал бөмбөлөгийн зулай, чамархайн хэсгийн тархины эдийн няцрал, тенториум болон зөөлөн эдийн бүрхүүл доорх цус харвалт гэмтлийг авчихаад 10 орчим хоног юу ч мэдэхгүй зүгээр явна гэж байхгүй, хохирогч Батхишиг хэвийн үйл ажиллагаатай явах боломжгүй ...” гэх мэдүүлэг /хх-185, 235-236х/, Хохирлын баримтууд /хх-36-43х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-33-35х/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай байцаан шийтгэх хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Хохирогч Б.Батхишиг нь Х.Ггийн хүүхдүүдийг нь “аавтай чинь ална гэж хувинтай усыг нь булааж” авсан. Мөн ирж заамдан хоолой боосон үйлдэлд нь Х.Г гэнэт цочрон давчидсаны улмаас хүнд хор уршиг учруулсан болох нь насанд хүрээгүй гэрч Б.Алзахгүй, Г.Өнөрмандах нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Х.Гд холбогдуулан эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно”-аар мөн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Х.Ггээс хохирлын 1.311.587 төгрөгийг (хавтаст хэрэгт авагдсан баримтаар 36-43х) гаргуулан хохирогч Б.Батхишигт олгож шийдвэрлэсэн ба харин хохирогч Б.Батхишиг нь цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Х.Гд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөн шүүгдэгч Х.Ггийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнийг нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр тогтоов.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Боржигин овогт Х.Гг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гг 6 (зургаа) сарын хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Гд оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ггээс 1.311.587 (нэг сая гурван зуун арван нэгэн мянга таван зуун наян долоо) төгрөгийг гаргуулан хохирогч Б.Батхишигт олгосугай.
6. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
7. Хохирогч Б.Батхишиг нь цаашид гарах эмчилгээний зардлаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч Х.Гг цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН