Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 295/ШЦТ/2018

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг

Улсын яллагчаар Ц.Батбямба

Хохирогч Х.Ө

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар

 Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн Тугчин овогтой Цэцэнхүүгийн Энхболдод холбогдох эрүүгийн 1834004050329 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ц.Э нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Х.Өыг байнга буюу Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн нутаг 51-р хэсэг гэх газар өөрийн гэрт 2017 оны 08 дугаар сарын 20-ны орчим хадлангийн газар авч чадсангүй гэх шалтгаанаар шанагаар цохиж, дарж унагаан гар, хөл, толгой, цээж рүү нь гараараа цохиж зодсон, мөн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны орчим гэртээ мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаар цохиж, багалзуурдан, үснээс нь чирч зодсон, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 16 цагийн орчим хүүхэд зодлоо гэж зурагтны удирдлага шидэн, хоолойг нь боож, нуруу руу гараараа цохиж, арагшаа түлхсэн, гэрийн гадаа бургас модоор нуруун дундуур нэг удаа, гуя руу нь нэг удаа цохиж, дарж унагаан багалзуурдан гарын булчин луу нь гараараа цохиж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ:

  1. Шүүгдэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би эхнэртээ гэм бууртайгаа ойлгож байна. 2018 оны 7 сарын 1-ний өдөр манай эхнэр хүүхдээ зодохоор нь би яагаад хүүхэд зодоод байгаа юм гээд бид хоёр маргалдаад тэгээд би эхнэртэй гар хүрсэн нь үнэн. Манай эхнэр би чамаас саллаа, чамтай суумааргүй байна гээд байнга хэлдэг. Тэгээд аав ээжрүүгээ явсан.. 2017 оны 8 сард Би газар авч өгсөнгүй гэж хэлсэн зүйл байхгүй. Манай хажуу талын айлын Болдоогийн эхнэр нь хараал зогсож байсан. Манай авгайн газар гээд би хадсан чинь өмнөх нөхрийнх нь газар байж таарсан. Тэгээд тэр хүн нь өвсийг нь ачаад явсан. Тухайн үед бид хоёр хонио айлд тавьсан байсан. Тэгээд би тэр айлд мөнгө өгчихөөрөй гээд ногоо ачуулаад явуулсан чинь өгөөгүй байсан. Түүнээс болоод бид хоёр муудалцсан, ээж нь ирээд намайг таягаар цохисон. Тэр үед зодоон болоогүй...2018 оны 4 сард усалгааны мотор авсан айлдаа ортол айлын маань хүн би хотоос ирээд кардалгүй болчихлоо 20000 төгрөг зээлчихээч гэсэн. Би урьд өдөр нь ямаагаа самнаад ирсэн байсан учраас эхнэрт мөнгө байгаа гэж бодсон, тэглээч усалгааны моторны мөнгөө талыг нь өгөөгүй байсан. Тэгээд би эхнэртээ хэлсэн чинь чи архи уух гэж байна гэсэн. Тэгээд би надаа 20000 төгрөгийн мэдэл байхгүй юм уу гэсэн.. Би гэм буруугаа хүлээн зөвшөөр ч байна” гэв.
  2. Хохирогч Х.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Анх 2015 оны өвөл намайг зодоход ямар ч шалтаан байгаагүй, шөнө унтаж байхад чамаас болж хүмүүстт доромжлуулах ёстой юм гээд зодсон. Би ямар буруу зүйл хийснээ мэдээгүй. Тэгээд би нялх хүүхдээ тэврээд нүүрээ хавтгай болтол нь цохиулчихаад хажуу айлдаа орж хонож байсан. Тэгээд би Энхболдоос салаад өвөл нь шүүх хурал болсон. Тэгээд намар нь бид хоёр буцаад нийлсэн. Тэгээд 6, 7 сар ямар ч асуудал гаргаагүй гайгүй байсан, 2 дахь хүүхэд маань гарсан. Дараагийн маргаан болох нь миний өмнөх талийгаач нөхөр бид хоёрын газрыг хуучин нөхрийн дүү нь хадсан байсан. Үүнээс болоод маргаан үүссэн. Тэгээд Энхболд мотоцикольтойгоо хэд хэд ирсэн. Манай ээж аавын газар манай газартай ойрхон болохоор ээж аав хоёр маань харсан байсан. Яагаад ингээд нааш цааш давхиад байгаа юм бол гээд над руу залгасан. Тэгээд би учрыг нь хэлэхэд хөл муутай ээж минь хүрээд ирсэн. Тэгэхэд манайхтай айл Болдоо гээд залуу, эхнэр нь бас байсан. Энхболд орж ирээд гарт барьсан бүх зүйлээ над руу шидээд цохиж нүдээд гараад явж байсан. Ээж юм хэлсэн боловч авч хэлэлцээгүй, хажуу талын Энхболдын хамаатнудын 2 хөгшин орж ирээд намайг буруутгахаар нь би учрыг нь хэлсэн. Тэгээд тэр маргаан өнгөрсөн. Хавар ногоо тарих  хугацаа болсон байхад Энхболд ногоо тарихад тус нэмэр болдоггүй, туслахаараа хийсэн зүйлдээ эрдээд манай хүүтэй муудалцдаг. Ганц малаар амьдрахгүй, зун 30 литр сүү гарлаа гэхэд олигтой мөнгө болдоггүй. Би 5 хүүхдээ тэжээх гэж ядаж байхад тэр мөнгө хаана ч хүрэхгүй. Малын буянаар мөнгө орж ирж байхад чи энэ мөнгөөр юу хийгээд байгаа юм гэж хэлдэг. Дэлгүүр ороод тор хүнсний зүйл аваад гараад ирэхэд 50000-60000 төгрөг болдог. Тэгтэл хажуу айлд ороод надад мөнгө өгөхөөр үрчихээд байх  юм гэж ярьдаг. Би талийгаач нөхрийнхөө 3 хүүхдээ тэжээхийн тулд Энхболдоос мөнгө авч үзээгүй. Миний 3 хүүхэд тэжээгчээ алдсаны мөнгө авдаг. Тэгэхлээр чи үхсэн хүний мөнгө оруулж ирдээ гэж намайг загнадаг. Өвөл болохоор манайд орлого байдаггүй, монгол үхэр болохоор цайныхаа сүүг дөнгөж хүргэдэг. Тийм болохоор би хоол хүнсний мөнгө Энхболдыг олоод ир гэж хэлэхгүйгээр талийгаачийнхаа тэжээгчээ алдсаны 150.000 төгрөгийг оруулж ирдэг. Тэр мөнгө хаана ч хүрэхгүй. Миний гурван хүүхэд над дээр байдаггүй, том нь оюутан болсон, 2 бага нь манай ээж аав дээр амьдардаг, тэр хоёр маань хувцаслаад явдаг. Би энхболдтой суусан цагаасаа хойш хүүхдүүддээ ширхэг оймс авч үзээгүй. Би ногоо тарих гэж хоёр нялх хүүхдээ тэвэрчихээд хар шороотой ноцолддог. Гэтэл Энхболд тусалдаггүй, ногоо хураах болохоор би тарьсан гэж хэлдэг. Дүү нь мотоциколь аваад өгөхөд хуучин мототоциклоо заръя гэхэд хүнд зүгээр өгдөг, ямар ч мөнгө олох амьдарлын зорилго байхгүй. Хүүхдүүд 1нь юу идээд яаж амьдар ч байгааг мэдэхгүй. Би сарын 150.000 төгрөг хүрэхгүй үед дэлгүүрээс зээл авч зээлээс зээлийн хооронд амьдардаг. Хавар ямаа самнадаг боловч банзны өрөнд өгдөг” гэв.   

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас

  1. Төв аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2018 оны 06 дүгээр сарын 11-ны өдрийн №332 дугаартай “...Х.Өын биед нуруу, баруун, зүүн гуяанд цус хуралт, зүүн тохой, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-23 тал/
  2. Хохирогч Х.Өын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр манай хамгийн бага 2 хүүхэд усаар тоглоод байсан тэгээд би боль гээд болиулсан. Дараа нь гадаа гурил хайраад ороод ирэхэд үүдээр дахин ус асгасан байсан тэгэхээр нь би больсонгүй гээд том хүүхдээ бөгсөн дээр нь тоосны гөвүүрээр бөгс рүү 2 цохиод авсан. Энхболд чи хүүхэд зодлоо, чи битгий хүүхэд яргалаад бай гэж хэлэхээр нь би өөдөөс нь зурагт үзээд хэвтэж байхын оронд хүүхдээ харж байхгүй яасан юм гэж хэлтэл Энхболд гартаа байсан зурагтны удирдлагыг над руу шидсэн, намайг шууд босоогоороо багалзуурдаад 5 секунд орчим болоод нуруу луу гараа зангидаад 2 цохиод, арагшаа түлхээд том охиноо аваад гараад явах гэхээр нь чи хүүхэд хаашаа авч явах гэж байгаа юм гэж хэлээд охиныхоо гараас татаад буулгасан чинь намайг хүүхдийн гар хугалаад хаячихлаа гээд түлээн дээрээс бургас барьж аваад миний нуруун дундуур нэг удаа, гуялуу нэг цохиод дарж унагаагаад багалзуурдаад гарын булчин луу гараараа цохичхоод босоод яваад өгсөн. Манай эгч Өнөрцэцэг намайг ирээд сум руу гэртээ дагуулаад ирсэн. 2018 оны 04 дүгээр сарын 20-ны үед гэртээ архи үнэртуүлж орж ирээд надаас архины мөнгө нэхсэн. Би хоол хийж байсан тэгсэн гарч яваад орж ирээд намайг цээж рүү цохиод багалзуурдаад орон дээр дарж аваад гарын булчин руу цохиод, үснээс зулгааж гэр дотор чирээд гараад явсан. 2017 оны намар 08 дугаар сарын 20-оор намайг хадлангийн газар авч чадсангүй гээд өдөр 16 цагийн үед гэртээ эрүүл орж ирээд ус хийсэн байсан шанагаар цохиод дарж аваад гар, хөл рүү гараараа цохиод гараад явсан. Эргэж ирээд чи энэ дүүгээсээ хадлангийн талбай авч чадсангүй. Чиний талийгаач нөхрийн дүүгээсээ хадлангийн талбай авч чадсангүй гээд хэрүүл өдөөд гараараа миний толгой, цээж рүү цохиод байдаг, өөдөөс нь юм хэлэхээр дахиад зоддог. 2016 оны 03 дугаар сарын 16-нд цэргийн баяр болоход 2 хоногийн дутуу байсан. Шөнө 1 цагт гаднаас согтуу орж ирээд ямар ч үг, дуу байхгүй нүүр лүү 2 удаа цохиод хөхрүүлж, хавдуулсан...” гэх мэдүүлэг /хх-10-11 тал/
  3. Гэрч Х.Өнөрцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдөр Энхболдынд очихоор гэрт нь ортол манай дүү Өнөржаргал зодуулсан гээд нүүр нь улайгаад, гар нь бас улайсан уйлаад сууж байсан. Юу болсон гэхэд эрүүл байсан хүүхэд зодлоо гээд намайг зодчихлоо гээд сууж байсан тэгэхээр нь би хажуу айлын гадаа сууж байхаар нь би очоод чи яахаараа хүн зоддог юм гээд нуруу луу нь ганжин модоор 3 удаа цохьсон, тэгээд дүү маань би хамт явна сална гээд намайг дагаад явсан...” гэх мэдүүлэг /хх-20-21 тал/
  4. Гэрч    Ц.Гүнжинлхамын мөрдөн байцаалтын шатанд мэдүүсэн: “...Би 2018 оны 06 дугаар сарын 04-нд Улаанбаатар хотод байсан оройн 16 цагийн үед Өнөржаргал над руу утсаар залгаад ах чинь намайг зодсон гээд над руу хэлсэн. 2017 оны 04 дүгээр сарын үед бас муудаад зодолдсон гэж өөрсдөө надад ярьж байсан. Нэг нь хэл ам нь болохгүй, нөгөөх нь гар, хөл нь болохгүй тэгээд цохичихдог юм шиг байна лээ...”гэх мэдүүлэг /хх-15-16 тал/
  5. Шүүгдэгч Ц.Эын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: “...2018 оны 06 дугаар сарын 04-ны орой 16 цагийн үед гэртээ би, эхнэр, 2 охин, хадам дүү Билигт нар байсан. Манай  эхнэр 2 охиноо ус асгаад байна гэж цохисон тэгэхээр нь би пизда чинь юунд хүүхэд зодож байдаг юм гэж хэлсэн. Удалгүй удалгүй хадам дүү миний тэр хэлсэн үгийг сонсоод ногооны пооль явах гээд мотоциклоо асаагаад яваад өгсөн дараа нь би гэртээ ортол манай 2 охин тоглож байсан тоглоомоо асгасан байсан харин эхнэр гэр буулгалаа гэж 2 охиныг нуруулуу нь цохиод эцэг шигээ малнууд гэсэн тэгэхээр нь би удирдлага шидээд чи яагаад малтай суусан юм бэ гэж хэлээд босч очоод барьж аваад 5 секунд заамдаад тавьсан. Би охиноо аваад гарсан поолиноос эгч, дүү, манай баз хүргэн нар ирж байсан би охиноо мотоциклын банкин дээр суулгаад малд явах гэтэл эхнэр чи зайл гэдэг биздээ би явах гэж байна. Миний охиныг чи хааш нь авч явах гэж байна гэж хэлээд охиноо өөр шигээ янхан болгочихъё гэж хэлээд шувт татаад буулгасан тэгэхээр нь би хүүхдийн гар, хөл хугаллаа ямар хаашаа юм бэ чи гээд хүүхдээ тэврээд очоод дал нуруулуу нь баруун гараараа цохиод би мотоциклоо асаагаад шууд Монхоогийн гадаа очсон. Тэгтэл хадам эгч ирээд миний дүүг чи дандаа дээрэлхэж зодож байдаг гээд гулуузаар цохихоор нь би хүүхэд зодоод байхаар нь би нэг цохисон гэж хэлтэл энэ нэг юмнаас дандаа болж байдаг гээд миний охины гар руу гулуузаар цохиод яваад өгсөн дараа нь эхнэр эгч дүү нартайгаа яваад өгсөн. 2018 оны 04 сарын 20-ны үеэр гэртээ очоод эхнэртээ Өнөрөө хот явах гэсэн юм гэнэ. 20.000 төгрөг өгчих гэсэн чинь байхгүй гэхээр нь би өчигдрийн ноолуурын мөнгө хаана байгаа гэсэн чинь байхгүй гээд. Би надад 20.000 төгрөгний мэдэл байхгүй юм уу гээд хэрэлдээд гар луу нь нэг удаа цохисон. Би 2017 оны 08 дугаар сарын 20-иор эхнэр зодоогүй, хэрэлдэж маргалдсан. Тэр зун хонио айлд тавиад маллуулж байсан. Тэр хүнд цалинг өгөөгүй байсан. Тэгээд чи цалинг нь өгөхгүй яасан юм гээд хэрэлдсэн, тэгээд би цээж рүү нь цаашаа, наашаа гээд түлхсэн. Би эхнэртэйгээ 2015 оноос хойш хамт амьдраад 4 удаа хэрэлдэж маргалдсан. Дундаасаа хоёр хүүхэдтэй, өмнө хүүхэдтэй байсан. Манай эхнэр хэл амтай, ууртай, ааштай тэгээд бид 2 хааяа нэг хэрэлддэг, миний өөдөөс самардах гээд дайраад байдаг. Тэгэхээр нь би сэтгэлээ барьж чадахгүй цохичихдог юм. Би зодсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэх мэдүүлэг/хх-18-19 тал/
  6. Аюулын зэргйин үнэлгээний маягт /хх-ийн 06 тал/
  7. Цагдаагийн Ерөнхий газрын АСАП сангийн лавлагаа /хх-ийн 36 тал/
  8. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 38 тал/
  9. Хохирогч Х.Ө, шүүгдэгч Ц.Э нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 63 тал/

 

                Шүүгдэгч Ц.Эын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

  Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийн яллагдагчаар хохирогч гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

                

                 Гурав: Гэм буруугийн талаар:

                 Шүүгдэгч Ц.Э нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Х.Өыг байнга буюу Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн нутаг 51-р хэсэг гэх газар өөрийн гэрт 2017 оны 08 дугаар сарын 20-ны орчим хадлангийн газар авч чадсангүй гэх шалтгаанаар шанагаар цохиж, дарж унагаан гар, хөл, толгой, цээж рүү нь гараараа цохиж зодсон, мөн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны орчим гэртээ мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаар цохиж, багалзуурдан, үснээс нь чирч зодсон, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 16 цагийн орчим хүүхэд зодлоо гэж зурагтны удирдлага шидэн, хоолойг нь боож, нуруу луу гараараа цохиж, арагшаа түлхсэн, гэрийн гадаа бургас модоор нуруун дундуур нэг удаа, гуя руу нь нэг удаа цохиж, дарж унагаан багалзуурдан гарын булчин луу нь гараараа цохиж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ц.Эын мэдүүлсэн “...2018 оны 7 сарын 1-ний өдөр манай эхнэр хүүхдээ зодохоор нь би яагаад хүүхэд зодоод байгаа юм гээд бид хоёр маргалдаад тэгээд би эхнэртэй гар хүрсэн нь үнэн... 2017 оны 8 сард...бид хоёр хонио айлд тавьсан байсан. Тэр айлд мөнгө өгчихөөрэй гээд ногоо ачуулаад явуулсан чинь өгөөгүй байсан. Түүнээс болоод бид хоёр муудалцсан...Тэр үед зодоон болоогүй...2018 оны 4 сард...усалгааны моторны мөнгөө талыг нь өгөөгүй байсан. Тэгээд би эхнэртээ хэлсэн чинь чи архи уух гэж байна гэсэн. Тэгээд би надаа 20000 төгрөгийн мэдэл байхгүй юм уу гэсэн..Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг, хохирогч Х.Өын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Анх 2015 оны өвөл намайг зодоход ямар ч шалтаангүйгээр шөнө унтаж байхад чамаас болж хүмүүст доромжлуулах ёстой юм гээд зодсон...би нялх хүүхдээ тэврээд нүүрээ хавтгай болтол нь цохиулчихаад хажуу айлдаа орж хонож байсан...Дараагийн маргаан болох нь миний өмнөх талийгаач нөхөр бид хоёрын газрыг хуучин нөхрийн дүү нь хадсан байсан. Үүнээс болоод маргаан үүссэн...Энхболд орж ирээд гарт барьсан бүх зүйлээ над руу шидээд цохиж нүдээд гараад явж байсан..” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр...Энхболд гартаа байсан зурагтны удирдлагыг над руу шидсэн, намайг шууд босоогоороо багалзуурдаад 5 секунд орчим болоод нуруу луу гараа зангидаад 2 цохиод, арагшаа түлхээд том охиноо аваад гараад явах гэхээр нь чи хүүхэд хаашаа авч явах гэж байгаа юм гэж хэлээд охиныхоо гараас татаад буулгасан чинь намайг хүүхдийн гар хугалаад хаячихлаа гээд түлээн дээрээс бургас барьж аваад миний нуруун дундуур нэг удаа, гуялуу нэг цохиод дарж унагаагаад багалзуурдаад гарын булчин луу гараараа цохичхоод босоод яваад өгсөн...2018 оны 04 дүгээр сарын 20-ны үед гэртээ архи үнэртуүлж орж ирээд надаас архины мөнгө нэхсэн...намайг цээж рүү цохиод багалзуурдаад орон дээр дарж аваад гарын булчин руу цохиод, үснээс зулгааж гэр дотор чирээд гараад явсан. 2017 оны намар 08 дугаар сарын 20-иор...шанагаар цохиод дарж аваад гар, хөл рүү гараараа цохиод гараад явсан...2016 оны 03 дугаар сарын 16-нд...шөнө 1 цагт гаднаас согтуу орж ирээд ямар ч үг, дуу байхгүй нүүр лүү 2 удаа цохиод хөхрүүлж, хавдуулсан...” гэх мэдүүлэг /хх-10-11 тал/, гэрч Х.Өнөрцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 06 дугаар сарын 04-ны өдөр...манай дүү Өнөржаргал зодуулсан гээд нүүр нь улайгаад, гар нь бас улайсан уйлаад сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-20-21 тал/, гэрч Ц.Гүнжинлхамын мөрдөн байцаалтын шатанд мэдүүсэн: “...2018 оны 06 дугаар сарын 04-нд оройн 16 цагийн үед Өнөржаргал над руу утсаар залгаад ах чинь намайг зодсон гээд над руу хэлсэн. 2017 оны 04 дүгээр сарын үед бас муудаад зодолдсон гэж өөрсдөө надад ярьж байсан...”гэх мэдүүлэг /хх-15-16 тал/, 2018 оны 06 дүгээр сарын 11-ны өдрийн №332 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-23 тал/, Аюулын зэргйин үнэлгээний маягт /хх-ийн 06 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Эыг Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус зүйл, хэсэг тохирсон, гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон байх тул шүүгдэгч Ц.Эыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Ө нь “эмчилгээнд 100.000 төгрөгийн хохирол гарсан, хохирол төлөгдөөгүй. Би Ц.Эод гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй байна.

 

Дөрөв: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатраас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар энэ гэмт хэрэгт хөнгөрүүлэх нөхцөл байна. Шүүгдэгч нь гэр бүлээ тэжээн тэтгэж авч явдаг хүн. Энэ хэрэгт хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн. Тухайлбал 2 хүүхдийг зодож хүмүүжүүлдэг асуудлаас болж маргалдаж хөнгөн зэргийн гэмтэл авсан. Ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар хорих ялыг тэнсэн харгалзаж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,  11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сарын  хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх шүүгдэгч Ц.Эыг мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан, шүүгдэгч Ц.Эод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж тус тус шийтгэх нь зүйтэй байна.

           

            Тав: Бусад асуудлаар:

            Эрүүгийн 1834004050329 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                              ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Тугчин овогтой Ц.Эг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч ЦЭ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.11-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдахыг үүрэг болгосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эод оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр өдөрт дөрвөөс дээшгүй цагаар харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эод оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулахыг,

 

 

-мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эод оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.  

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Ц.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Ю.ЭНХМАА