Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2019/ДШМ/23

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 20 өдөр                        

        2019/ДШМ/23                                                           Зуунмод

 

    2019/ДШМ/22                                                              Зуунмод

Д.Б, Г.Г нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Энхмаа,

Нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэрэхням нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 01 сарын 15-ны өдрийн 41 дугаар шүүгчийн захирамжтай Д.Б, Г.Г нарт холбогдох 1834001870393 дугаартай 1 хавтас, 164 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 02 сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   Монгол улсын иргэн, 1987 оны 11 сарын 15-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Д.Б  /РД:М...73/.

 

Монгол улсын иргэн, 1988 оны 04 сарын 26-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Г.Г /РД../.

 

Шүүгдэгч Д.Б, Г.Г нар нь бүлэглэн Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Баянголын ам” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” ХХК-н уурхайн талбай руу 2018 оны 03 сарын 18-наас 19-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч, карьерын улнаас металл хайгч тавьж 12, 31 грамм алт хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Б, Г.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2019 оны 01 сарын 15-ны өдрийн 41 дугаар шүүгчийн захирамжаар: Төв аймгийн прокурорын газраас яллагдагч Д.Б , Г.Г нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1834001870393 дугаартай хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Д.Б , Г.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 12.31 грамм шар өнгийн металл гэсэн бичиглэл бүхий цаасан уутанд хийж скочидсон алт, 1 ширхэг металл хайгчийг тус тус хэргийн хамт прокурорын газарт хүргүүлэхийг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж, шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

  Прокурор эсэргүүцэлдээ: “Г.Г , Д.Б нарт холбогдох эрүүгийн 183400187093 дугаартай хэргийг анхан шатны шүүх хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцээд 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 41 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж хэргийг прокурорт буцааж, шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тухайлбал:

1. Шүүгчийн захирамжид "...Уг яллах дүгнэлтэд бичигдсэн үйл баримтаар үзэхэд "Баянголын ам" гэх газарт үйл ажиллагаа явуулж байгаа "Эко Алтан Заамар" ХХК-ний уурхайн талбай нь харуул хамгаалалттай газар болох нь ...яллагдагч нар нь харуул хамгаалалттай, "Эко Алтан Заамар" ХХК-ний үйл ажиллагаа явуулж буй уурхайн талбай руу нууцаар, хууль бусаар нэвтэрсэн байх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан эсэхийг" шалгах гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Г.Г , Д.Б нарын гэмт хэрэг үйлдсэн газар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан "хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтрэх" гэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй, тодруулбал тухайн газар нь байр, агуулах бус ашигт малтмалын олборлолт явуулж байгаа үйлдвэрлэлийн талбай ба гадуураа хамгаалалтын ямар нэгэн бүс байхгүй болох нь тогтоогдсон байна.

2. Мөн захирамжинд "...Г.Болдбаатарын тухайн хэрэгт хамтран оролцсон хэлбэр, бүлэглэсэн эсэхийг эцэслэн шалгаж тогтоогоогүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийг хэн хэн үйлдсэнийг" тогтоох,

Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Д.Лхагвадорж, гэрч Т.Рэнчинлхүмбэ, М.Ууганбаяр, Б.Хаш, Х.Оюунбаатар, П.Цолмон, Ц.Өлзийсайхан, Г.Болдбаатар нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Г.Болдбаатар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Г.Г , Д.Б нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байгаа тул тэдгээрт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн болно.

Тухайн гэмт хэргийг хэн хэн үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад гэмт хэргийг хэн хэн үйлдсэнийг тогтоох гэж тусгасан нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхүйц байх шаардлагыг хангаагүй, чухам мөрдөн шалгах ямар ажиллагааг хийлгүүлэх гэж буцааж байгаа нь ойлгомжгүй байна.

3.Уг захирамжинд "...хавтаст хэргийн 23 дугаар хуудсанд авагдсан тухайн байгууллагын жинлэж, гэрэл зургаар баталгаажуулсан гэрэл зургийн үзүүлэлтийг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоож, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж ялласан нь ойлгомжгүй, хохирол, хор уршгийн хэм хэмжээ тодорхойгүй байна",

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 2018 оны 03 дугаар сарын 19-нйи өдөр хүлээн аваад мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Сувд-Эрдэнэ нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн бөгөөд тухайн үзлэгээр Г.Г , Д.Б нарын хулгайлсан гэх алтыг дахин жинлэсэн нь /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/, тухайн үед алтны хэмжээг эрх бүхий албан тушаалтан /мөрдөгч/ үзлэгээр дахин тодорхойлсон, мөн гэрчүүдийн мэдүүлгээр Г.Г , Д.Б нарын карьерын уланд металь хайгч тавьж, авсан шар өнгийн металь нь 12,31 грамм байсан гэдгийг нотолдог тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээний талаар ямар нэгэн эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 - Мөн Геологийн төв лабораторийн шинжээч Г.Туваансүрэн нь 0,2-0,4 граммыг жигнэж тасдаж авч сорьц хийсэн, тухайн шинжилгээгээр 864.57, 864.07 сорьцтой алт гэж тодорхойлсон /хх-ийн 60-р хуудас/, шинжээч Г.Туваансүрэн нь мөрдөгчийн шинжээч томилсон тогтоолд анх 12,3075 грамм хүлээн авсан гэж тэмдэглэл үйлдсэн /хх-ийн 62-р хуудас/ зэрэг нөхцөл байдлыг харгалзан тухайн шинжээч томилсон тогтоолд дурдагдсан цэвэр жинг тогтоох гэсэн асуултанд дутуу хариулсныг шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулан тодруулах бүрэн боломжтой байжээ.

 4. "...тус компанийн харуул хамгаалалтыг хариуцсан "Сонор" харуул хамгаалалтын албан дарга, гүйцэтгэх захирал Д.Лхагвадоржийг хохирогчоор тогтоосон нь үндэслэлгүй, хохирогчоор тогтоогдвол зохих этгээд тогтоогдсон эсэхийг..." шалгах гэжээ.

Хавтаст хэргийн 30 дугаар хуудсанд "Эко Алтан Заамар" ХХК-ны захирал С.Эрдэнэжаргалын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10/18 дугаартай албан бичгээр Д.Лхагвадоржид компанийг төлөөлөх эрхийг олгож, итгэмжлэл хийж өгсний дагуу хохирогчоор тогтоох ажиллагаа хийгдсэн болно.

Иймд шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 41 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д, мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

 Давж заалдах шатны шүү хуралдаанд оролцсон прокурор Г.Энхмаа гаргасан дүгнэлтдээ: “Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 41 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан эсэргүүцлээ дэмжиж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Д.Б, Г.Г нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн 41 дугаартай шүүгчийн захирамжийн үндэслэл нь хуульд бүрэн нийцээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл яллагдагч нарын үйлдсэн гэмт хэрэг нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан эсэх, Г.Болдбаатар тухайн хэрэгт хамтран оролцсон эсэхийг шалгаж тогтоогоогүй нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзсэн нь үндэслэлгүй, энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

“Эко Алтан Заамар” ХХК-ны уурхайн талбай харуул хамгаалалттай хэдий ч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах”-ын шинжийг агуулаагүй байна.

Мөрдөн байцаалтын шатанд Г.Болдбаатар тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг шалгаж, гэрч яллагдагч нараас мэдүүлэг авсан байх ба гэмт хэргийг Д.Б, Г.Г нар үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

Иймд Д.Б, Г.Г нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.

 

Харин яллах дүгнэлтэнд “...12.31 грамм алт хулгайлсан” гэсэн нь эргэлзээ бүхий байна. Гэрч Ч.Туваансүрэн “..шар металльд кварц /чулуу/ бага хэмжээгээр харагдаж байсан, шинжилгээг кварцгүй хэсгээс таслан авч хийсэн” /хх-60 хуудас/ гэж мэдүүлснээс үзвэл Геологийн төв лабораторийн шинжээчийн дүгнэлт тухайн металл нь алт мөн эсэхийг  тогтоосон, харин алтны эзлэх хувь, жин хэмжээг тогтоогоогүй байна.

 

Хэргийн газраас хураан авсан металл нь 12.31 грамм жинтэй байсан хэдий ч, яг энэ хэмжээний алт цэвэр жингээр байсан гэж үзэх боломжгүй тул алтны жин хэмжээ, үнэлгээг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох шаардлагатай.

 

Мөн тус хэрэгт хохирогчоор тогтоогдвол зохих этгээд тогтоогоогүй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Энэ хэргийн хохирогч нь “Эко Алтан Заамар” ХХК байхад гэрээт харуул хамгаалалтын “Сонор Харуул” ХХК-ны гүйцэтгэх захирал Д.Лхагвадоржийг  хохирогчоор тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь буруу байна. Аливаа хэргийн мөрдөн шалгах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд явагдах ёстой.

Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг бодитой тогтоох, хэргийн хохирогчийг зөв тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай, харин хэргийн зүйлчлэл болон Г.Болдбаатар тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг дахин шалгах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзээд, прокурорын эсэргүүцлийг хэсэгчлэн хангаж, 41 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 15-ны өдрийн 41 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хяналтын прокурор Г.Энхмаагийн бичсэн эсэргүүцлийг хэсэгчлэн хангасугай.

2. Хэргийг прокурорт очтол Д.Б, Г.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                   ШҮҮГЧИД                                                       Т.ЭНХМАА

 

                                                                                           Г.БОЛОРМАА