Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 148

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Ц.Гансүлд,

хохирогч “Занхуй” ХХК-ний төлөөлөгч П.Отгонцэцэг,

шүүгдэгч О.Бямбадорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонууд овгийн Оюунбатын Бямбадоржид холбогдох эрүүгийн 2016 2601 1158 дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн А-1 танхимд энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Олхонууд овгийн Оюунбатын Бямбадорж Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, хэвлэлийн эх бэлгэгч, оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 0-1 насны 2 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрханы 10 дугаар гудамжны 218 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, УШ91072752 дугаарын регистртэй.

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч О.Бямбадорж нь 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туулын 6 дугаар гудамжны 17 тоот хашаанд нэвтэрч “Занхуй” ХХК-ны эзэмшлийн 68-53 УБ улсын дугаартай экскаваторын радиоторыг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, машин механизм ашиглан хулгайлж бусдад нийт 2,200,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.Бямбадорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 5 дугаар сарын 05-ны өглөө “Эмээлт”-д хувьцаа авч байна гэсэн сураг сонсоод Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрханы 10-218 тоот дахь гэрээсээ гараад эмээлтэд очсон чинь ямар нэгэн хувьцаа авсан хүн байхгүй болохоор нь буцсан. Гэр рүүгээ явж байхад намхан блокон хашаа харагдсан. Тухайн хашаа нь харуул хамгаалалт байхгүй байсан. Тэгээд хашаанд дотор байсан “Экскаваторын” радиоторыг хөдөлгөж үзэхэд хөдөлж байсан. Тэгэхээр нь радиоторыг хөдөлгөж байгаад 4 ширхэг боолтыг нь тайлсан. Экскаваторын радиоторыг хөдөлгөж байгаад хойш дарсан чинь радиотор нь гараад ирсэн. Харин шланкыг нь цаасны хутгаар хэрчиж тасалсан. Тэгээд ганцаараа радиоторыг газраар чирч явсаар байж намхан блокон хашаан дээгүүр давуулж тавьчхаад зам дээрээс очиж такси барьж ирсэн. Таксины ахтай нийлж байгаад машины багажинд нь радиотороо хийж гэртээ очсон. Хашаандаа радиоторын төмрийг нь салгах гээд сүхээр цохисон чинь болохгүй байхаар нь манай гэрийн гадаа байсан төмөр лоом шиг зүйлээр хөшиж байгаад төмрийг нь салгасан. Таксины жолооч наад радиотор чинь хулгайн юм биш биз дээ гэхээр нь үгүй гэж хэлсэн. Тэгээд хоёрдогч түүхий эд авдаг газар аваачиж зарсан. Экскаваторын радиаторыг 220.000 төгрөгөөр өгсөн. Таксины ахад 20,000 төгрөг өгсөн. Радиотор зарсан мөнгөөр гэртээ хоол ундны зүйл авсан. Тэгээд гэртээ байж байхад  цагдаа нар намайг ирж барьж авсан. Хохирлын мөнгийг ээж болон эгч нар төлсөн. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Хүүхдүүд идэх хоолгүй болохоор хулгай хийсэн. Дахиж хулгай хийхгүй гэв.

 

Хохирогч “Занхуй” ХХК-ний төлөөлөгч П.Отгонцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай “Занхуй” ХХК нь 68-53 УБ улсын дугаартай экскаватораа хавар болохоор засвар хийгээд ажилд гаргадаг байсан. 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр засвар хийгээд дуусаж байхад экскаваторын радиотор алга болсон. Алга болсон өглөө нь манай дүү нар явж байгаад ойролцоо хоёрдогч түүхий эд авдаг газар тушаасан байсныг олж мэдсэн. Ингээд хуучин радиоторыг 1.500.000 төгрөгөөр худалдан авч, экскаватораа зассан тул хуучин радиаторын үнээр хохирлыг нэхэмжилсэн. Мөн экскаваторын радиаторыг авснаас болж гидрийн шингэн асгарсан байсан. Экскаваторт 400 литрийн гидрийн шингэн ордог. Радиотор авснаас хойш удаагүй хүмүүс очсон учраас тал нь буюу 200 литр орчим гидрийн шингэн асгарсан байсан. Шүүгдэгч Бямбадорж 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 950.000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 700.000 төгрөг, үлдэгдэл 550.000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төлж, нийт 2,200,000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Шүүгдэгч О.Бямбадоржоос нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэв. 

 

Мөн 2016 2601 1158 дугаартай эрүүгийн хэргээс хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад хохирогч байгууллагын төлөөлөгч  П.Отгонцэцэгийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Туулын 6 дугаар гудамжны 17 тоот хашаанд засвар хийгээд тавьсан Экскаваторын боолттой байсан радиоторыг хулгайд алдсан. Эд зүйлийн үнэлгээтэй танилцлаа. Радиотор дотор байсан 200 литр гидрийн шингэн асгарсан байсан. Түүнийг нэмж үнэлүүлмээр байна. 1 литр нь 3,500 төгрөг, нийтдээ 700,000 төгрөг болж байгаа. Экскаваторын радиотор боолттой байсныг манай дүү Батхүү, Эрдэнэбаяр нар мэдэж байгаа. Радиаторыг 1 хүн өргөж авч явах боломж байхгүй. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг [1],

 

Мөрдөн байцаалтад гэрч Л.Дэмбэрэлсамбуугийн 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, хайрханы 10-249 тоот хашаанд “Ган сийлбэр” гэх хоёрдогч түүхий эд авах цэг ажиллуулдаг. 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн үед манай мал бордохын тэнд амьдардаг урьд нь надтай хамт ажиллаж байсан Бямбадорж гэх залуу ногоон Аксент машинтай ирээд нэг радиатор тушаасан юм. Тэгээд байж байсан хэдэн хүмүүс манайд ирээд экскаваторын радиатор тушаасан уу гэж асуухаар нь би тэнд нэг радиатор тушаасан, түүнийг үз гэхэд Батхүү гэх хүн энэ радиатор манай алдсан радиатор мөн байна гэсэн. ...Хулгайн радиатор гэдгийг би мэдээгүй. Дээд тал нь эвдэрсэн радиатор байсан тул хулгай хийсэн байх гэж бодоогүй. Тэгээд ч таньдаг болохоор хулгай хийсэн гэдгийг мэдээгүй 220,000 төгрөгөөр авсан. Би хамт ирсэн ногоон аксент машины жолоочийг танихгүй, урьд нь харж байгаагүй хүн байсан. ...” гэх мэдүүлэг [2],

-Мөн түүний 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...Тэр радиаторыг манайх зарсан, одоо хаана байгааг мэдэхгүй. Радиаторын дээд банкыг нь тасдаад хаясан байсан учир дахин ашиглах боломжгүй байсан. Радиатор 55 кг жинтэй байсан. Тэр радиаторыг нэг хүн хангалттай өргөчихнө, 55 кг юмыг хэн ч өргөөд аваад явчихна, жаахан заваан бохир л байсан байх. Би тэрийг  сүүлд нь нааш цааш ганцаараа өргөхөд өргөөд болоод байсан. Надад ямар нэгэн хохирол учраагүй...” гэх мэдүүлэг[3],

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Эрдэнэбаярын 2016 оны 06 дугаар сарын 04-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 хороо, туулын 6-17 тоот хашаанд байх хашаанд экскаваторт засвар хийж байгаад экскаватортоо засвар хийх гээд очтол экскаваторын гидрийн радиотор алдагдсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Тэгсэн манай радиаторыг “Ган сийлбэр” гэх хоёрдогч түүхий эд авах газар тушаасан байсан. Би ах Батхүүтэй засч янзалж байсан. Тэр экскаватор Отгонцэцэг гэх манай хамаатны эгчийнх. Засвар хийж байгаад экскаватороо ажилд гарахад бэлэн болгоод үлдээсэн. Радиаторыг экскаватортоо боолттой үлдээсэн. Түүнийг түлхүүрээр тайлахаас гараараа тайлах боломж байхгүй. Мөн шланкуудаар залгаж холбогдсон байсан. Тэгээд маргааш нь ирэхэд гидрийн шингэн нь газар асгарсан байдалтай, гидрийн радиаторыг тайлаад аваад явсан байсан. Залгаа шланкыг цэвэрхэн хутгаар зүсээд авсан юм шиг тасдаад аваад явсан байсан. Тэр алдагдсан гидрийн радиатор дотор 40-50 литр шингэн байдаг. Цаана байх экскаваторын гидрийн шингэний банкинд нийт 480 литр шингэн ордог. Тэгээд тэр холбогдсон шланкыг тасдсан учир 200 литр шингэн асгарсан байсан. Экскаваторт 480 литр шингэн байсан. Одоо гидрийн шингэний хамгийн доод талын үнэ нь 3500 төгрөг байгаа. Одоо хуучин радиатор доод тал нь 1,500,000 төгрөгийн үнэтэй байгаа...” гэх мэдүүлэг [4] ,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Батхүүгийн 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 хороо, туулын 6-17 тоот хашаанд байх хашаанд экскаваторт засвар хийж байгаад экскаватороо үлдээгээд явсан. Тэгээд маргааш өглөө нь 12 цаг өнгөрч байхад би С.Эрдэнэбаяр дүүтэйгээ экскаватор дээрээ очиход манай экскаваторын гидрийн шингэнийг гоожуулаад, радиаторыг нь тайлаад аваад явсан байсан. Тэр экскаватор “Занхуй” гээд компаний нэр дээр байдаг, компанийн захирал нь манай хамаатны эгч Отгонцэцэг гэх хүн байдаг. Экскаваторын радиаторыг боолттой үлдээсэн. Хүн гараараа тайлаад авах боломжгүй, түлхүүрээр багаж хэрэглэж байж тайлагдах ёстой. Экскаваторын радиаторыг тайлаад аваад явсан, тос масло нь газар асгарсан байдалтай байсан. Банктай холбогдох шланкыг хутгаар огтолж салгасан юм шиг байсан. Гидрийн банкинд 480 литр шингэн ордог. Түүний тал нь асгарсан байсан. Учир нь гидрийн радиаторыг салгаад шланкыг нь тасдаж хаясан байсан. Одоо гидрийн шингэн 1 литр нь 3500 төгрөгийн үнэтэй, хуучин радиатор доод тал нь 1,500,000 төгрөгийн үнэтэй байгаа...” гэх мэдүүлэг  [5],

 

Мөрдөн байцаалтад гэрч Ё.Мөнхжаргалын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “...Би О.Бямбадорж гэх хүний төрсөн эх нь байгаа юм. Бямбадоржийг Экскаваторын радиатор хулгай хийсэн гэж мэдэж байгаа. ...О.Бямбадоржийн найз нарыг  ерөнхийдөө танина. Унаа машинтай найз нар байхгүй. ...Би 07-04 УНП улсын дугаартай авто машинтай хүн танихгүй, миний танилын хүрээнд тийм машинтай хүн байхгүй. Бямбадорж ганцаараа явж хулгай хийсэн гэж хэлсэн. Хэрэв хүнтэй хамт явсан бол хэн гэдгийг нь хэлээд хэргээ эртхэн шийдүүлмээр байна. Таксины жолооч байсан учир нөгөө хүнээ хайгаад олохгүй байгаа гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг[6],

 

Мөрдөн байцаалтад гэрч Л.Ганзоригийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ажил дээрээ байсан. Надад 07-04 УНП авто машин байсан. Би энэ машиныг 2013 онд Архангай аймагт машинаар сольж зарсан, одоо хаана байгааг мэдэхгүй. Би тэр хүний нэрийг одоо санахгүй байна, Архангай аймгийн төв дээр л байсан хүн, хаана байгааг нь мэдэхгүй. Сүүлд нь надаас 07-04 УНД улсын дугаартай автомашиныг зарсан хүнээс өөр хүн нэр дээрээ шилжүүлж авъя гээд 2015 онд ирж байсан. Бас 2016 оны 01 сард нэг өөр хүн ирж байсан, тэр хүмүүсийг би мэдэхгүй. Надад үзүүлсэн камерын бичлэг дээр байсан хүн тэр хоёр хүн хоёулаа биш байна. Би Аксент машинаараа Бонго маркын ачааны авто машин сольж авсан. ...” гэх мэдүүлэг [7],

Мөрдөн байцаалтад О.Бямбадоржийн сэжигтнээр 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ...08 цаг өнгөрөөгөөд гэрээсээ эмээлт рүү хувьцаа зарж байна гэсэн сургаар гарч явж байтал замд намхан хаалгагүй, блокон хашаанд нэг Экскаватор байсан. Тэгээд ойр хавиар нь дэл сул, жижиг зүйл байна уу үзье гэж бодоод очтол байхгүй байхаар нь тэр экскаваторын радиаторыг хөдөлгөж үзэхэд хөдөлж, авч болохоор байхаар нь 4 боолт тайлагдсан, сул байхаар нь сугалж аваад хажуу тийш нь түлхэж унагаагаад чирч авч яваад урагш хашааг нь давуулж унагаагаад буланд нь үлдээсэн. Төв зам руу хойшоо яваад тэндээс такси бариад таксины жолоочид юм дөхүүлээд өгөөч гэхэд тэгье тэгээд нөгөө радиатор тавьсан газраа очоод наана нь машинаа тавиад таксины жолоочийг дагуулж очоод хамт өргөлцөөд өг, ганцаараа дийлэхгүй байна гэхэд өргөлцөж өгөөд машины багажинд хийсэн. Тэгээд цаашаа манай гэрт очоод өргөж буулгаад радиаторыг төмрөөс нь салгах гээд сүхээр цохиход төмөр нь салахгүй болохоор, цахилгаан таслагчаар таслах гэж үзтэл болохгүй болохоор завсараар нь төмөр хийж байгаад хөшиж салгасан. Тэгээд машинд нь хийгээд авч яваад мал бордох руу салдаг замын уулзвар дээр байдаг хоёрдогч түүхий эд авах газарт 220,000 төгрөгөөр тушаасан, радиатор 62 кг болсон. Тэгээд 7 кг-ыг бохир жин гээд хасаад 55 кг гэж бодоод 220,000 төгрөг болсон. Тэндээ таксины жолоочид 20,000 төгрөг өгчихөөд гэр рүүгээ явган очиж хувцасаа солиод буцаж гараад автобусанд суугаад Хархорин зах руу явсан. Хархорин зах дээр очоод радиатор тушаасан мөнгөөрөө гурил, будаа, мах, гоймон, хоол амтлагч, төмс, хүнсний ногоо, чихэр, жимс, амттан гэх зэрэг зүйлүүд авч мөнгөө дуусгаад гэр рүүгээ явсан. Намайг гэртээ харихад 17 цаг өнгөрч байсан. Тэгтэл гэртээ ирсэн чинь цагдаа орж ирээд намайг дагуулаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Радиаторын боолтыг нь боож чангалаагүй, дөрвөн боолтоор сул тогтоосон байсныг гараараа салгаж аваад түлхэж унагаад авсан. Ногоон өнгийн Аксент маркийн машин байсан, улсын дугаарыг нь хараагүй. Тэр жолоочийг танихгүй, бордуу царайтай, живгэр бүдэг сахалтай, 30-40 орчим насны, махлагдуу биетэй, 170 орчим нуруутай, хар ногоон куртик өмссөн, саравчтай малгайтай хүн байсан, одоо харвал тэр хүнийг танина. Таксины жолоочид радиатор хулгайлсан гэдгээ хэлээгүй. Тэр жолооч хулгайлж байгаа юм уу гэхээр нь би хашааг нь манадаг хүн байгаа юм, хэрэггүй радиатор гэж хэлсэн...” гэх мэдүүлэг [8],

-яллагдагчаар 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлсэн: “...Би тухайн үед удахгүй төрөх гэж байгаа жирэмсэн эхнэр болон нэг нялх хүүхэдтэй өөрөө ажилгүй байсан. ...Тэгээд дутуу барьсан эзэнгүй хашаа байхаар нь тэр экскаваторыг орхисон юм болов уу гээд очиж үзсэн. Эхнэр хүүхэд хоосон хонох гээд мөнгө хэрэгтэй байсан тул тэр экскаваторын радиаторыг авахаар хөдөлгөж үзсэн. Тэгсэн чинь радиатор сул хөдлөөд авч болохоор юм шиг байхаар нь би экскаваторын радиатор дээр нь гарч байгаад дутуу боогдсон боолтуудыг нь гараараа тайлаад, шланкыг нь ойр хавиар таслах юм хайж байгаад нэг ишгүй хутгархуу юм олоод таслаж радиаторыг өргөж байгаад түлхэж унагаагаад чирч хашааны гадна гаргаад удаан өргөж явж дийлэхээргүй болохоор нь урд хашааны буланд нь аваачиж тавьчихаад машин олж ирэхээр төв зам руу гарсан. Тэгээд зам дээр гар өргөтөл нэг ногоон аксент таарсан юм. Тэр ногоон аксентыг такси барьж авч яваад дагуулж очоод нөгөө радиотороо жолоочтой дамжилан машиных нь багажинд хийгээд гэр рүүгээ явсан. Гэрийнхээ гадаа очиж сүхээр радиаторын банкийг эвдээд буцааж нөгөө таксиндаа ачиж аваад “Ган сийлбэр” гэх хоёрдогч түүхий эд авах газар аваачиж 220,000 төгрөгөөр тушаасан. ...Би учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хэрэг хийсэндээ гэмшиж байна, дахин хэрэг үйлдэхгүй...” гэх мэдүүлэг [9],

-Мөн түүний яллагдагчаар 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн: “...Тэр хяналтын камерын бичлэг дээрх 07-04 УНП улсын дугаартай, Аксент машины жолоочийг би танихгүй. Хэрэв таньдаг бол үнэнээ хэлээд би тэр хүнийг дагуулж ирээд болсон явдлын талаар мэдүүлэг өгүүлмээр байна. Танихгүй болохоор тэр машин надад эргээд олдохгүй байна. Би тэр радиаторыг ганцаараа хулгайлж авсан, зөөвөрлөхдөө такси барьж явсан нь үнэн. Радиатор бохир жин нь 62 орчим кг, цэвэр жин нь 55 кг болсон. Би ганцаараа ойролцоогоор 70 кг жинтэй зүйлийг өргөж чадна. ...Би Лханаажавын Ганзориг гэх хүний зургийг үзлээ, таксины жолооч зурган дээрх хүн биш байна...” [10] гэх мэдүүлэг,

-2016 оны 05 дугаар сарын 6-ны өдөр хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг [11],

-Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг [12],

-Хохирол нэхэмжилсэн баримтууд [13],

-Эд зүйлийн үнэлгээ[14],

-“Ган сийлбэр” хоёрдогч түүхий эдийн цэгийн  хяналтын камерийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дүрс бичлэгийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол [15],

-Дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, дүрс бичлэгээс буулгасан гэрэл зураг [16],

-Шүүгдэгч О.Бямбадоржийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [17], иргэний үнэмлэхийн лавлагаа [18],

-Гэм хорын хохирлыг нөхөн төлсөн тухай баримт [19] болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн эрх зүйн дүгнэлт:

 

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:

Шүүгдэгч О.Бямбадорж нь 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туулын 6 дугаар гудамжны 17 тоот хашаанд нэвтэрч “Занхуй” ХХК-ны эзэмшлийн 68-53 УБ улсын дугаартай экскаваторын радиоторыг 0704УНП улсын дугаартай аксент маркийн автомашиныг хэрэглэж, хулгайлан тус компанид 2,200,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-мөрдөн байцаалтад хохирогч “Занхуй” ХХК-ний төлөөлөгч П.Отгонцэцэгийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Туулын 6 дугаар гудамжны 17 тоот хашаанд засвар хийгээд тавьсан Экскаваторын боолттой байсан радиоторыг хулгайд алдсан. Экскаваторын радиотор боолттой байсныг манай дүү Батхүү, Эрдэнэбаяр нар мэдэж байгаа. ...” гэх мэдүүлэг [20], мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг,

-гэрч Л.Дэмбэрэлсамбуугийн мөрдөн байцаалтад 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн үед манай мал бордохын тэнд амьдардаг урьд нь надтай хамт ажиллаж байсан Бямбадорж гэх залуу ногоон Аксент машинтай ирээд нэг радиатор тушаасан юм. Тэгээд байж байсан хэдэн хүмүүс манайд ирээд экскаваторын радиатор тушаасан уу гэж асуухаар нь би тэнд нэг радиатор тушаасан түүнийг үз гэхэд Батхүү гэх хүн энэ радиатор манай алдсан радиатор мөн байна гэсэн...” гэх мэдүүлэг [21],

-гэрч С.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтад 2016 оны 06 дугаар сарын 04-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 хороо, туулын 6-17 тоот хашаанд байх хашаанд экскаваторт засвар хийж байгаад, маргааш нь экскаватортоо засвар хийх гээд очтол экскаваторын гидрийн радиотор алдагдсан байсан. Тэгсэн манай радиаторыг “Ган сийлбэр” гэх хоёрдогч түүхий эд авах газар тушаасан байсан. ...маргааш нь ирэхэд гидрийн шингэн нь газар асгарсан байдалтай гидрийн радиаторыг тайлаад аваад явсан байсан. Залгаа шланкыг цэвэрхэн хутгаар зүсээд авсан юм шиг тасдаад аваад явсан байсан. ...” гэх мэдүүлэг [22] ,

-гэрч С.Батхүүгийн мөрдөн байцаалтад 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 хороо, туулын 6-17 тоот хашаанд байх хашаанд экскаваторт засвар хийж байгаад экскаватороо үлдээгээд явсан. Тэгээд маргааш өглөө нь 12 цаг өнгөрч байхад би С.Эрдэнэбаяр дүүтэйгээ экскаватор дээрээ очиход манай экскаваторын гидрийн шингэнийг гоожуулаад, радиаторыг нь тайлаад аваад явсан байсан....” гэх мэдүүлэг  [23],

-шүүгдэгч О.Бямбадоржийн мөрдөн байцаалтад сэжигтнээр 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 07 цагийн үед босоод 08 цаг өнгөрөөгөөд гэрээсээ эмээлт рүү ...явж байтал замд намхан хаалгагүй, блокон хашаанд нэг Экскаватор байсан. Тэгээд ойр хавиар нь дэл сул, жижиг зүйл байна уу үзье гэж бодоод очтол байхгүй байхаар нь тэр экскаваторын радиаторыг хөдөлгөж үзэхэд хөдөлж, авч болохоор байхаар нь 4 боолт тайлагдсан, сул байхаар нь сугалж аваад хажуу тийш нь түлхэж унагаагаад чирч авч явсан. ...төв зам руу хойшоо яваад тэндээс такси бариад таксины жолоочид юм дөхүүлээд өгөөч гэхэд тэгье тэгээд нөгөө радиатор тавьсан газраа очоод наана нь машинаа тавиад таксины жолоочийг дагуулж очоод хамт өргөлцөөд өг ганцаараа дийлэхгүй байна гэхэд өргөлцөж өгөөд машины багажинд хийсэн. ...хоёрдогч түүхий эд авах газарт 220,000 төгрөгөөр тушаасан. ...Таксины жолоочид радиатор хулгайлсан гэдгээ хэлээгүй. Тэр жолооч хулгайлж байгаа юм уу гэхээр нь би хашааг нь манадаг хүн байгаа юм, хэрэггүй радиатор гэж хэлсэн...” гэх мэдүүлэг [24], яллагдагчаар 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг [25],-2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг [26], “Ган сийлбэр” хоёрдогч түүхий эдийн цэгийн  хяналтын камерийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дүрс бичлэгийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол [27],  Дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, дүрс бичлэгээс буулгасан гэрэл зураг [28], Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг [29], Эд зүйлийн үнэлгээ[30] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Бямбадорж нь “Занхуй” ХХК-ны эзэмшлийн үйл ажиллагаа явуулдаг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туулын 6 дугаар гудамжны 17 тоот хашаанд нэвтэрч, тус компаний эзэмшлийн эд хөрөнгийг хулгайлсан байна. Тус байгууллагын эд хөрөнгийг хадгалах, үйл ажиллагаа явуулах зорилгоор хашаалсан хашааг агуулах сав гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч О.Бямбадорж нь тус гэмт хэргийг үйлдэхдээ хулгайлсан радиотороо биеэрээ авч явж чадахгүй, зөөж тээвэрлэхдээ 0704УНП улсын дугаартай аксент маркийн автомашиныг хэрэглэсэн байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг автомашин хэрэглэсэн гэж үзнэ.

Мөрдөн байцаалтад 0704УНП улсын дугаартай аксент маркийн автомашиныг жолоодож байсан этгээдийг тус хэрэгт оролцсон эсэхийг шалгахаар ажиллагаа хийсэн боловч дээрх автомашин нь иргэн Л.Ганзоригийн эзэмшилд бүртгэлтэй байна. Иргэн  Л.Ганзоригоос “...0704УНП улсын дугаартай аксент маркийн автомашиныг 2013 онд бусдад худалдсан, тус автомашин нь дахин бусдад худалдагдсан байсан, нэрээ шилжүүлээгүй байгаа...” гэж мэдүүлэх ба уг автомашиныг бодитоор эзэмшиж байгаа этгээд тодорхойгүй, шүүгдэгч О.Бямбадоржоос “...0704УНП улсын дугаартай аксент маркийн автомашины жолооч нь хулгайн хэрэгт оролцоогүй, хулгай хийгээгүй гэж түүнд хэлсэн. Ганцаараа хулгайн гэмт хэргийг үйлдсэн гэж мэдүүлэх бөгөөд эдгээрээс үзвэл 0704УНП улсын дугаартай аксент маркийн автомашиныг жолоодож байсан этгээдийг хулгайн гэмт хэрэгт хамтран оролцсон гэх үндэслэл тогтоогдоогүй. Харин шүүгдэгч нь хулгайн гэмт хэргийг автомашин хэрэглэж үйлдсэн, тус хэрэглэсэн автомашины эзэмшигч нь өөр этгээд байх тул автомашиныг Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хураах боломжгүй байна.

Шүүгдэгч О.Бямбадоржийн “Занхуй” ХХК-ны эзэмшлийн эд хөрөнгийг хулгайлж,  бага бус хэмжээний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх ба агуулах саванд нэвтэрч, машин механизм хэрэглэж үйлдсэн нь түүний холбогдсон эрүүгийн хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх буюу Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэл болсон байна.

Харин Сонгинохайрхан дүүргийн прокуророос О.Бямбадоржийг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна.  Тухайн хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ шүүдэгч О.Бямбадорж нь цаасны хутгыг хэрэглэсэн байх ба хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ цаасны хутгыг хэлбэр дүрсийг өөрчилж, зориулалтыг нь өөрчилж тусгайлан бэлтгээгүй байх тул тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэсэн гэж үзэхгүй болно.

Иймд шүүгдэгч О.Бямбадоржийг агуулах саванд нэвтэрч, машин механизм хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч “Занхуй” ХХК-ний төлөөлөгчөөр П.Отгонцэцэг нь мөрдөн байцаалтад тогтоогдсон байна. П.Отгонцэцэг нь дээрх компанид ерөнхий менежерээр ажилладаг байх ба тус компанийг төлөөлөх итгэмжлэлийг мөрдөн байцаалтад  ирүүлээгүй байна. Шүүхийн шатанд хохирогч “Занхуй” ХХК-ний захирал О.Цэдэн нь тус байгууллагыг төлөөлөх итгэмжлэлийг П.Отгонцэцэгт олгосон талаар 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 03 дугаартай албан бичиг ирүүлснийг үндэслэн шүүх П.Отгонцэцэгийг шүүх хуралдаанд оролцуулсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын  талаар:

Энэ хэргийн улмаас “Занхуй” ХХК-нд 2,200,000 төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, түүний ар гэрээс хохирогч байгууллагад 2,200,000 төгрөгийг нөхөн төлсөн талаар хохирогчийн төлөөлөгч П.Отгонцэцэг, шүүгдэгч нараас тус тус мэдүүлж байх бөгөөд шүүх хуралдаанд хохирогчийн төлөөлөгч П.Отгонцэцэг нь хохирол төлөгдсөн, өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэж мэдүүлсэн. Иймээс шүүгдэгч О.Бямбадоржийг хохирогч байгууллагад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Хэрэгт авагдсан 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар[31] шүүгдэгч О.Бямбадорж нь Цагдаагийн Ерөнхий Газрын МСТТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна. 

Иймд шүүгдэгч О.Бямбадоржид ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, мөн гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан зэрэг байдлыг хөнгөрүүлөх нөхцөлд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Түүнчлэн шүүгдэгч О.Бямбадоржийн хувийн байдал, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдүүлэх шаардлагагүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийг хэрэглэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн Си Ди бичлэг 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч О.Бямбадорж нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Бямбадоржид өмгөөлөгч сонгон авах, өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх хуульд заасан эрхийг нь шүүхээс тайлбарласан ба шүүгдэгч О.Бямбадорж нь өмгөөлөгч сонгон авахгүй, төлбөрийн чадваргүй этгээдэд томилогдон хууль зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий хууль зүйн туслалцааны төвийн томилогдсон өмгөөлөгч Б.Энхтүвшинтэй оролцохгүй, өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцоно гэсэн хүсэлт гаргаж, өмгөөлөгчгүй оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Олхонууд овгийн Оюунбатын Бямбадоржийг агуулах саванд нэвтэрч, машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Оюунбатын Бямбадоржийг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бямбадоржид оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Бямбадорж нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч “Занхуй” ХХК-нд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаан хураагдан ирүүлсэн “Ган сийлбэр” хоёрдогч түүхийн эдийн цэгийн  хяналтын камерийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дүрс бичлэгийг буулгасан Си Ди 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт  үлдээсүгэй.

 

6.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг баримтлан шүүгдэгч О.Бямбадоржид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн  цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч О.Бямбадоржид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Бямбадоржид урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА

 


[1] Хавтаст хэргийн 41 дүгээр тал.

[2] Хавтаст хэргийн 42-44 дүгээр тал. 

[3] Хавтаст хэргийн 103-104 дүгээр тал.

[4] Хавтаст хэргийн 45-46 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 47-48 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 101-102 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 98-99 дүгээр тал.

[8] Хавтаст хэргийн 61-62 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 64-65 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 106 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 10-17 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 24-30 дугаар тал.

[13] Хавтаст хэргийн 33-34 дүгээр тал.

[14] Хавтаст хэргийн 35, 36 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 38 дугаар тал.

[16]Хавтаст хэргийн 19-23 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 72 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 73 дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 118 дугаар тал.

[20] Хавтаст хэргийн 41 дүгээр тал.

[21] Хавтаст хэргийн 42-44 дүгээр тал. 

[22] Хавтаст хэргийн 45-46 дугаар тал.

[23] Хавтаст хэргийн 47-48 дугаар тал.

[24] Хавтаст хэргийн 61-62 дугаар тал.

[25] Хавтаст хэргийн 106 дугаар тал.

[26] Хавтаст хэргийн 10-17 дугаар тал.

[27] Хавтаст хэргийн 38 дугаар тал.

[28]Хавтаст хэргийн 19-23 дугаар тал.

[29] Хавтаст хэргийн 24-30 дугаар тал.

[30] Хавтаст хэргийн 35, 36 дугаар тал.

[31] Хавтаст хэргийн 72 дугаар тал.