| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0395/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/431 |
| Огноо | 2018-11-28 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2018/ШЦТ/431
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0395/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын туслах прокурор Б.Сүрмандах,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1803008640423 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1997 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын,******* замчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сум, ...тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй,
Урьд: 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр оногдуулж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзахаар шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, Д.Б
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Тээврийн Прокурорын газраас Д.Б “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өглөөний 06 цагийн орчимд Улаанбаатар-Шарын гол чиглэлийн суудлын 273 дугаар галт тэрэг Шарын гол өртөөн дээр зогсоход 11 дүгээр вагонд зорчин явсан иргэн И.Б-ий гээсэн “Ipone-6” загварын 355,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
Хохирогч И.Б-ий өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын-гол суманд очиж цэрэг татлагад оролцохоор болоод 07-ны өдөр Улаанбаатар-Эрдэнэт чиглэлийн суудлын 273 дугаар галт тэрэгний 11 дүгээр вагоны 68 дугаар местэнд зорчин явсан. Тухайн үед миний зорчин явсан галт тэргэнд ихэнх нь залуучууд байсан болохоор бид нар Улаанбаатар хотоос хөдлөөд явж байхдаа хоорондоо хөзөр тоглоод явсан. Шөнө миний местэн дээр хөзөр тоглож байсан болохоор би 4 цагийн үед хажуу талынхаа местэнд ороод унтсан. Ингээд би өглөө 06 цагийн үед галт тэрэг Шарын-гол өртөөн дээр ирэхэд сэрсэн. Би галт тэрэгнээс буугаад утсаараа ярих гээд үзэхэд миний гар утас алга болсон байсан. Би унтахаасаа өмнө гар утсаа өмднийхөө баруун талын халаасанд хийгээд унтсан байсан. Би өөрөө унтаж байхдаа хөрвөөж унтдаг болохоор гар утсаа газарт унагаасан. Яагаад гэхээр миний өмдний халаас сул болохоор ихэвчлэн унаад байдаг юм. Гар утас халаасанд байхгүй байхаар нь залгаж үзэхэд холбогдохгүй байсан, цэнэг нь дууссан юм байна гэж бодоод галт тэргэнд ороод үзэхэд байхгүй байсан, ... Миний гар утсыг 2017 онд манай эгч худалдаж аваад надруу явуулж байсан. Тэр үед 800,000 төгрөгний утас байсан. Одоо 300,000-350,000 төгрөгний хооронд байгаа. Би алга болгосон утсаа олсон болохоор одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15-18 дугаар хуудас/,
Гэрч Э.Ц-ийн өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар төмөр замын Зорчигч үйлчилгээний төв буудлын гар тээшийн хүлээлцэгчээр ажил үүргээ гүйцэтгэж байсан. Өдөр 16 цагийн үед гаднаас нэг 20-25 орчим насны туранхай бор царайтай танихгүй залуу ирээд утас үзүүлээд та энэ утсыг хадгалаад байж байгаад одоо нэг хүн ирээд 280,000 төгрөг таньд өгнө, та тэр мөнгийг нь аваад байж байгаарай, би хувцасаа солиод хүрээд ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залууд чи утасныхаа дугаарыг үлдээгээд яв гэж хэлээд тэр залуугийн утасны дугаарыг нь авч үлдээд явуулсан. Хэсэг хугацааны дараа гаднаас эзэн гэх залуу орж ирсэн. Тэр залуу надад хэлэхдээ “сая танд хүн утас үлдээсэн үү” би вагонд гар утсаа алга болгосон авсан гээд байгаа хүн нь надаас мөнгө нэхээд байгаа юм гэж хэлж байсан. Тэгэхээр нь би тэр залууд өнөөх утсыг үзүүлээд энэ чиний утас мөн үү гэхэд тэр залуу үзээд мөн байна гээд утасныхаа кодыг тайлж үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Б өгсөн: “...Өглөө 06 цагийн үед галт тэрэг Шарын-гол суманд ирээд зогссон. Ингээд би сэрээд хувцсаа өмсөөд зогсож байсан чинь миний местний доор буюу шалан дээр утас унасан байсан. Тэр утсыг олоод хэний эзэмшилийн гар утас гэдгийг нь мэдэхгүй байсан учраас вагоноос буусан. Тухайн өдрөө цэргийн комисоор ороод нүдний хараа болон чих сонсгол муу байна гэх шалтгаанаар тэнцээгүй болохоор тэр өдөртөө гэртээ хариад хоносон. Намайг цэргийн комисоор орж байхад нэг хүүхэд гар утсаа хаясан байна гэсэн яриаг сонссон бөгөөд тэр хүүхдийг Б-ээ гэдэг гэж нэрийг нь мэдэж авсан. Ингээд би Улаанбаатар хотод ирснийхээ дараа өөрийнхөө фэйсбүүк хаяг руу ороод Б-ээ гэх нөгөө хүүхдийн хаягийг хайж олж байгаад түүн рүү “сайн байна уу, чи Iphone 6 маркийн гар утсаа хулгайд алдсан юм уу, ...280,000 төгрөг өгч байгаад га утсаа ав” гэж хэлсэн. Ингээд тэр хүүхдэд 280,000 төгрөгөөр гар утсыг нь өгөхөөр болоод Улаанбаатар хотын Төмөр замын төв вокзал дээр ирээд ав гэж хэлсэн. Вокзалын гар тээшин дээр очоод тэнд ажиллаж байсан нэг ахад энэ гар утсыг таниас хүн ирээд авна, 280,000 төгрөг үлдээнэ шүү гэж хэлээд тухайн гар утсыг үлдээсэн. Тэгсэн тэр ах миний гар утас болон нэрийг бичиж аваад үлдсэн. Тэгээд би тээшнээс гараад Замын-Үүд явах тасалбар аваад байж байтал нөгөө гар утасны эзэн өөрөө мөнгөө өгч утсаа авна гэж хэлсэн. Тэгсэн өнөөх гар утас үлдээсэн ах над руу залгаад хүрээд ир гэж дуудахаар нь яваад очсон чинь төмөр замын цагдаагийн газрын цагдаа болон нөгөө гар утасны эзэн нь хамт ирсэн байж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-32 дугаар хуудас/,
2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5 дугаар хуудас/,
Хохирогч И.Б-д гар утсыг нь хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 06 дугаар хуудас/,
2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Файн Эстимэйт ХХК-ийн хохирлын үнэлгээний “... Ай фөүн 6 маркийн гар утас 355,000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 7-12 дугаар хуудас/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Д.Б-ийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Б гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Б д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД