Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2020/00714

 

Ц.Ц, Ц.Л нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00908 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1088 дугаар магадлалтай,

Ц.Ц, Ц.Л нарын нэхэмжлэлтэй,

А” ХХК-д холбогдох,

5 696 215 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Ц, Ц.Л нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Ц.Д, Ц.Ц нарыг хамтран зээлдэгчээр оруулан, “А” ХХК Ц.Лд жилийн 36 хувийн хүүтэй 20 100 000 төгрөгийн зээл олгосон байна. 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Аны ажилтан н.Аззаяа надад зээлийн хүү төлөгдөхгүй байгаа талаар мэдэгдсэн. Дээрх гэрээ байгуулахад миний бие оролцоогүй, гэрээний хуудас бүрт гарын үсгийг минь дуурайлган зурсан байсан учир уг гэрээг хүчингүйд тооцуулахаар 2018 оны 05 дугаар сарын 09-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шинжилгээний газраас 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гарын үсэг шинжлүүлэхэд дээрх барьцааны гэрээний нүүр бүрт Ц.Ц.Цын гарын үсгийн загвартай тохирохгүй байна гэсэн 5938 дугаартай дүгнэлт гаргасан. 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүхийн шийдвэрээр дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцсон.

“А” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х зээлийн барьцааны байрыг авахдаа авна гэж 2 ч удаа хэлсэн. “А” ХХК шүүх хуралдаанд давж заалдаагүй байдаг. Банкнаас авсан 20 100 000 төгрөгийг төлөх зорилгоор зээлийн барьцааны орон сууцнаас төлбөр барагдуулахаар шийдсэн. Алтай хотхонд байрлах 54 000 000 төгрөгийн орон сууцыг “Оюу толгой” ХХК-д ажилдаг н.Эрдэнэмөнх гэж хүн түрээслэж суудаг байсан. Түрээслэгчид орон сууц худалдаж авахыг санал болгоход 3 хоногт багтааж байрны гэрчилгээг шилжүүлбэл 40 000 000 төгрөгөөр худалдаж авах боломжтой гэсэн. Эхний удаа 28 000 000 төгрөг гаргаж өгөөд үлдсэн 12 000 000 төгрөгийг цалингаа буухаар төлөхөөр тохиролцсон.

2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “А” ХХК-тай төлбөр тооцоо хийсэн. Төлбөр тооцоо хийх гээд 20 100 000 төгрөгөө төлье гэж Н.Хтэй уулзахад хүүтэйгээ төл гэсэн. Гэрээг хүчингүй болгосон байхад хүүг төлж болохгүйг мэдэж байсан боловч орон сууцаа худалдан борлуулахын тулд 25 696 215 төгрөгийн зээлийг төлж, орон сууцаа худалдсан. Хүүнд илүү төлсөн  5 690 215 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “А” ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Ц.Л, Ц.Ц, Ц.Д нартай 2143000231 тоот Зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, жилийн 33.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 20 100 000 төгрөгийн зээл олгосон. Тухайн зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хамтран зээлдэгчээр Ц.Лгийн төрсөн эгч Ц.Д, эцэг Ц.Ц нар оролцсон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Ц.Ц, Ц.Л нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон, Энгельс гудамж, 16 дугаар байрны 210 тоот, 32.9 м.кв 1 өрөө орон сууцыг барьцаалсан.

Нэхэмжлэгч тал болох Ц.Ц.Цын зүгээс дээрх зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан гаргасан юм. Анхан шатны шүүх хариуцагч талын хүсэлтийг хангахгүйгээр зөвхөн гарын үсэг дуурайлгаж зурсан талаар Ц.Ц.Цын шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангаж, хэрэг түдгэлзсэн. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Шүүхийн шинжилгээний байгууллагын 5938 тоот шинжээчийн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд гарын үсэг дуурайлган зурсан байх магадлалтай гэдэг. Банкны ажилтан гарын үсэг дуурайлгаж зураагүй ямар нэг этгээд гарын үсэг зурсан гэдгийг банкийг буруутгаж шүүх дүгнэлт гаргасанд хариуцагч тал гомдолтой байсан. Мөн хариуцагч “А” ХХК-иас гаргасан сөрөг нэхэмжлэл, хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтүүдийг огт хангаагүй хэт нэг талыг барин шийдсэн юм.

Дээрх гаргасан шүүхийн шийдвэрийг “А” ХХК-иас 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гардан авсан бөгөөд Ц.Ц нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг гардаж аваагүй байхад буюу гомдол гаргах хугацаа тоологдоогүй байхад 2018 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр барьцаа хөрөнгө болох орон сууцыг “...түрээслэн суудаг хүндээ зарахаар боллоо, нэгэнт миний хүү зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсгийг дуурайлган зурсан учраас асуудлаа бүгдийг нь дуусгая. Цагдаа сэргийлэх гээд яахав хэмээн нэг залууг дагуулан банкинд хүрэлцэн ирээд зээлийн бодогдсон үнийн дүнг тушаан зээлийг хаан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүлээн авсан. Ингэснээр анхнаасаа банкийг хууран мэхэлж, зээлийн харилцаа дууссан тул давж заалдах гомдлыг хязгаарласан асуудал хэмээн үзэж байна. Аны зүгээс нэхэмжлэгчийн шаардлага дотор бичсэнээр ямар нэгэн тулгалт хийгээгүй, барьцааны байрыг хураан авах талаар огт дурдаагүй болно. Харин ч нэхэмжлэгч талтай зөвшилцөн Зээлийн гэрээ, барьцааны гэрээг хуурамчаар үйлдсэн охин, хүү хоёрыг нь мөн зээл олгох үед оролцсон банкны ажилтан нарыг эрүүгийн хариуцлага ногдуулах талаас хамгаалсан гэж үзэж байна.

Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1 -д зааснаар “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд цаашид “зээлдүүлэгч” гэх нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламж төлбөр тооцооны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасны дагуу “зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ.” гэж тус тус заасны дагуу зээлдэгч нь үүргээ биелүүлж, зээлийн харилцаа нэгэнт дууссан байхад төлөгдсөн хүүг буцаан гаргуулах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Ц.Ц Улсын тэмдэгтийн хураамж 400 000 төгрөгийг нэхэмжилсэн хүсэлтийг банкинд тавьсан. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэн Ц.Ц.Цын Хас банкны дансанд Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400 000 төгрөг шилжүүлсэн баримт хэрэгт байдаг. Өнөөдөр зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон байхад үндсэн зээл, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон шийдвэрийн дагуу төлөгдсөн хүү гаргуулах шаардлага гаргаж байгаа нь эрх зүйн хувьд ч, ёс суртахууны хувьд боломжгүй зүйл гэж харж байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00908 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар “А” ХХК-иас 5 696 215 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Нэмэгт овогтой Цэвээний Ц.Ц, Нэмэгт овогтой Ц.Цын Ц.Л нарт  олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106 089 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 106 089 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ц, Ц.Л нарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1088 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00908 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106 090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00908 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ний өдрийн 1088 тоот магадлалыг хариуцагч “А” ХХК-ийн зүгээс дор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2. дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2143000231 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан. “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8., 56.5. дахь зүйл, 492 дугаар зүйлийн 492.1., 492.1.1.-ийг тус тус үндэслэл болгон нэхэмжлэгч Ц.Ц, Ц.Л нарт 5 696 215 төгрөгийг олгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн...”.

Гэтэл дээрх хийгдсэн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бодит хийгдсэн, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн, нотариатчаар гэрчлүүлсэн, зээлдэгч буюу нэхэмжлэгч нар гарын үсэг зурсан ба гэхдээ анхан шатны шүүх ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.2., 40.3.-д заасныг “40.2.Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв. эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэсэн зүйл заалтыг ноцтой зөрчсөн хэмээн үзэж байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу хийгдсэн хүчин төгөлдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хэн хуурамчаар үйлдсэн, хэний буруутай үйл ажиллагааны дагуу банкинд авах ёстой хохирол буюу хүүний асуудал байсан гэдгийг огт авч хэлэлцээгүй. Иргэний хуулийн 493.6.-д “Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ.” гэж заасныг огт хэрэглээгүй, дүгнээгүй зөвхөн хариуцагч банкийг буруутгаж, талуудын хүсэл сонирхол болоод зээлдэгч буюу нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж банк /хадгаламж эзэмшигчид/ хохирох ёсгүй юм.

2. ИХШХШТХуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно” хэмээн заасан байдаг бөгөөд энэхүү зүйл заалт, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 02532 тоот шийдвэрийг хэзээ гардаж авсан, зээлийн харилцаа хэзээ дуусгавар болсон зэрэгт огт дүгнэлт өгөөгүй. Зээлийн гэрээний харилцаа үнэхээр төлбөр төлөгдөж дууссан учраас хариуцагч банкны зүгээс гомдол гаргах үндэслэл байхгүй юм. Аны зүгээс нэхэмжлэгчийн өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болж зээлийн гэрээ, барьцааны гэрээг хуурамчаар үйлдэн эрүүгийн эрх зүйн чанартай үйлдэл хийсэн байхад харин ч эдгээр хүмүүстэй харилцан тохиролцож гэрээний харилцааг дуусгавар болгон 5 696 215 төгрөгийг буцаан гаргуулахаар шийдсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ. Зээл олгоход нэхэмжлэгч өөрөө хуурамчаар үйл баримт, гарын үсэг зурсан гэх хангалттай нотлох баримт, байсаар байтал зөвхөн нэхэмжлэгчийн байр суурийг хүндэтгэн дүгнэсэн байна хэмээн хариуцагч “А” ХХК-ийн зүгээс үзэж байна.

Иймд шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Ц, Ц.Л нар нь “А” ХХК-д холбогдуулан 5 696 215 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шүүх нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, ...хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, зээлийн гэрээ байгуулахад нэхэмжлэгчийн буруутай үйлдэлд дүгнэлт өгөөгүй...” гэх үндэслэл зааж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “А” ХХК, Ц.Л нарын хооронд байгуулагдсан 2143000231 дугаартай Зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 02532 дугаар шийдвэрээр хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон. Гэрээний дагуу банкнаас зээлсэн гэх 20 100 000 төгрөгийг төлөх гэтэл 25 696 215 төгрөгийг шаардаж авсан тул хууль бусаар илүү авсан  5 696 215 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: “...зээлдэгч хууль болон гэрээгээр тохирсон үүргээ биелүүлж авсан зээлээ хүүгийн хамт төлсөн тул нэхэмжлэл үндэслэлгүй...” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/02532 дугаартай шийдвэрээр “А” ХХК, Ц.Л нарын хооронд байгуулагдсан 2143000231 тоот Зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасан хүчин төгөлдөр бус  байх хэлцэл болохыг тогтоосон, зээлдэгч  банкинд 20 100 000 төгрөг төлөх байтал 25 696 215 төгрөгийг төлсөн болох нь тогтоогджээ.

Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоосон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт зээлдүүлэгч буюу “А” ХХК хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.1.-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь банкийг илүү авсан 5 696 215 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн буцаан гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1. дэх заалтыг зөрчөөгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв.

Хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь анх хийгдсэн үеэсээ үр дагавар үүсгэхгүй, зээлдэгчид зээлийн хүү төлөх үүрэг үүсэхгүй юм.

Иймд “...Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болохоос өмнө төлбөр төлөгдөж дууссан тул банк шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй нөхцөлийг анхаарч үзээгүй, ...нэхэмжлэгчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаа байсан тул харилцан тохиролцож төлсөн төлбөрийг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон...” гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй тул  “...зээлийн гэрээ бодитоор хийгдэж, талууд гарын үсэг зурсан, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байхад шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ ноцтой зөрчсөн...” гэх гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх боловч нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хуулийн зүйл заалтыг зөв бичилгүй алдаа гаргасан байх тул хяналтын шатны шүүхээс алдааг засах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1088 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00908 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...56 дугаар зүйлийн 56.5., 492 дугаар зүйлийн 492.1.-т...” гэснийг “...492 дугаар зүйлийн 492.1.1.-д...” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106 090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД