Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 020/2014/0365/З |
Дугаар | 221/МА2015/0111 |
Огноо | 2015-02-27 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2015/0111
2015 оны 2 сарын 27 өдөр | Дугаар 111
| Улаанбаатар хот |
Д.О-ны нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 521 дүгээр шийдвэртэй, Д.О-ны нэхэмжлэлтэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Иргэн Д.О миний бие төрийн албанд нийтдээ 24 жил, үүнээс мэргэжлийн хяналтын байгууллагад 15 жил улсын байцаагчаар төрийн албан үүргийг гүйцэтгэж ирсэн бөгөөд 2010 оны 09 дүгээр сараас 2014 оны 02 сар хүртэл хугацаанд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импортын хяналтын хэлтсийн Ургамал хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагчаар ажилласан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/19 дүгээр тушаалаар баримт бичиг хуурамчаар үйлдсэн, өөрийн хийх хяналтыг хийгээгүй, дээжид үлдээсэн цагаан будааг хувьдаа ашигласан гэсэн үндэслэлээр намайг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халж, сахилгын шийтгэл ногдуулсныг миний бие эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байгаа болно. 2013 оны 08 дугаар сарын 18-ны өдөр миний нөхөр С.Э өвчний учир нас барсан бөгөөд 08 дугаар сарын 23-ны өдөр оршуулгын ажил явдал нь болж намайг ажлаас чөлөөтэй байх тэр өдөр "У" ХХК-ийн Вьетнам улсаас импортолж оруулж ирсэн 21 тонн цагаан будааг мэргэжлийн хяналтад хамруулах хяналт шалгалтын ажлыг Хүнсний аюулгүй байдал, чанарын хяналтын улсын байцаагч Д.Ж, Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч А.А нар хариуцан хийж, "мэргэжлийн хяналтад хамруулсан тухай" 0004188 дугаартай мэдэгдлийг үйлдэж гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байсан. Энэхүү хяналтыг улсын байцаагч Д.Ж, А.А нар нь хэлтсийн даргаар ажиллаж байсан М.Ө-д мэдэгдэлгүй, өөрсдөө дур мэдэн, ажил үүрэгт нь хамааралгүй өөрсдийн чиглэлийн бус хяналтыг хийсэн байсан бөгөөд энэ асуудалтай холбогдуулан намайг янз бүрийн байдлаар буруутгаж ажлаас халсанд миний бие гомдолтой байна. Намайг 08 дугаар сарын 26-ны өдөр ажилдаа ирэх үед улсын байцаагч Д.Ж нь У ХХК-ны цагаан будаанд 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр буюу Баасан гаригт хяналт хийж гаргасан тухайгаа надад болон улсын ахлах байцаагч О.С-д хэлсэн бөгөөд уг 21 тонн цагаан будаа нь АБТЭМА-1 гаалийн хяналтын талбайгаас чөлөөлөгдсөн байсан. “У” ХХК-ийн агуулахыг 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр лацадсан бөгөөд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 000381 тоот лацаар лацадсан бөгөөд энэхүү лац тавьсан 0000602 дугаартай тэмдэглэлийн нэг хувийг тус компанийн дэд захирал Х.Б-д өгсөн. Харин Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч М.А-н зааврын дагуу 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Лац тавьсан тухай тэмдэглэлийг бичсэн боловч үүнийг “У” ХХК-д олгоогүй юм. Түүнчлэн дээжид үлдээсэн цагаан будааг хувьдаа ашигласан зүйл байхгүй байхад ийнхүү янз бүрийн байдлаар буруутгаж буйд гомдолтой байна. Миний бие төрийн албанд насаараа ажиллаж, тэтгэвэрт гарахад 3 жил үлдсэн бөгөөд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу шат дараалсан арга хэмжээ авах боломжтой атал намайг ажлаас халах хүртэл сахилгын арга хэмжээ авсныг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна.
Уг цагаан будаанд лабораторийн шинжилгээгээр хорио цээртэй 4 төрлийн хортон шавж илэрсэн. 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр оршуулгын ажил явдал болоод хэлтсийн дарга М.Ө-с чөлөө авсан байсан. 08 дугаар сарын 22-ны орой гарахдаа А.А, Д.Ж байцаагч нарт маргааш чөлөө авах тухайгаа хэлсэн. Хэлтсийн дарга М.Ө үдийн цайны цагаар агуулахын асуудлаар намайг чөлөө авах гэж байгааг мэдээд явсан. 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр оршуулгын ажил явдалд оролцсон талаар материалаа хэрэгт хавсаргасан байгаа. Ингээд 08 дугаар сарын 26-ны өдөр намайг ажилдаа ирэхэд цагаан будаа гаалийн хяналтын талбайгаас чөлөөлөгдсөн байсан. Байцаагч Д.Ж надад тэр будааг дээжийн будаа биш гэж хэлсэн. 08 дугаар сарын 23-ны өдөр 2 компанийн цагаан будаа импортоор орсон. Аль компанийн будаа вэ? гэдгийг мэдэх боломжгүй байсан. 2013 оны 08 дугаар сард тус боомт дээр ажиллах улсын байцаагч нарын хуваарийн дагуу ахлах байцаагч Чүлтэмсүрэн надад Чи 08 дугаар сард энэ боомтод ажиллах хуваарьтай байсан учраас энэ цагаан будааны дүгнэлтийг гаргаж, нөгөө 2 байцаагчдаа мэргэжлийн туслалцаа үзүүл гэдэг үүрэг өгсөн. Тиймээс би улсын байцаагчийн дүгнэлтийг үйлдсэн. Хяналт хийсэн 2 байцаагч нь ургамал, хорио цээрийн байцаагч биш учраас дүгнэлт хийх эрхгүй байсан учраас намайг томилж ажиллуулсан. Улсын байцаагчийн дүгнэлтэд гарын үсэг, тамга дарсан л бол хяналтад хамрагдсан мэдэгдэл дээр нөхөж гарын үсэг зурж, тамга дарах ёстой. Дараа нь мониторингийн шалгалт орохоор хяналтад хамрагдсан тэмдэглэл дээр гарын үсэг зурж, тамга дараагүй бол би буруутан болно. Тиймээс нөхөж тамга дарсан. Хүчингүй загвар ашигласан гэж байна. Би маягтаа нярав Мядагмаагаас авсан. Байцаагч нар 5, 10 хувиар нь бөөндөөд авчихдаг. 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаан дээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад дээжид авсан будаагаа л авсан. Тэр будааг ид гэж хэлээгүй гэдгээ хэлсэн. Хурлын протокол дээр бичигдсэн байгаа. Уг хуралдаанд оролцсон Төрийн албаны салбар зөвлөлийн 10 гишүүний 50%-иас дээш нь намайг буцааж ажилд нь авъя гэсэн боловч дарга дараагийн асуудалдаа оръё гээд явчихсан. Д.Ж байцаагч намайг цагаан будааны асуудал дуусангуут ална гэж сүрдүүлж байсан. Өмнө нь ч байнга сүрдүүлдэг байсан. Дээжийг удаашруулсан тухайд будаанд өт хорхой илрэнгүүт намайг байгаагүй учраас Д.Ж байцаагч руу ярьсан байсан. Цагийн бүртгэл дээр ирснээр бүртгэгдсэн гэж байна. Би өөрөө ирсэн гээд биччихсэн байсан. Сэтгэл санааны хямралд орчихсон байж байгаад өөрөө өөрийнхөө ирцийг бүртгэчихсэн байсан. Байцаагч нар хол ажилладаг учраас маягтуудыг бөөнд нь авчихдаг. Байсан маягтад дээрээ бичсэн гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсээс ургамал, хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагч Д.О нь мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн үүрэгт ажлыг гүйцэтгэх ёс зүй, мэдлэг, мэргэжил, хариуцлага, сахилга бат хүрэхгүй гэж үзэж ажлаас халах арга хэмжээ авах, хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Д.Ж нь өөрийн хяналтын чиглэлийн бус хяналтад орж хяналт хийсэн, чиглэлийн бус хяналтад орж хяналт хийсэн, чиглэлийн байцаагчдад баримт материалыг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, бодис, бараа бүтээгдэхүүнээс дээж авсан, тэмдэглэлд он, сар, өдөр бичээгүй, аж ахуйн нэгжийн төлөөллөөр гарын үсэг зуруулаагүй, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч А.А нь Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч О.С-д шийдвэрлээгүй асуудлыг албан ёсоор хүлээлцээгүй, О.С нь ажлаа албан ёсоор хүлээн авч, шийдвэрлээгүй асуудлыг бүрэн шийдвэрлэж ажиллаагүй, дээжид үлдээсэн цагаан будааг хувьдаа авч хэрэглэсэн байцаагчдад арга хэмжээ авч хариу ирүүлэх тухай албан бичиг ирсэн. Үүний дагуу 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 12 дугаар сарын 23-ны өдрийн хооронд холбогдох баримт бичгийг үндэслэн ёс зүйн хорооноос шалгалт хийж, шалгасан тухай дүнг 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр улсын /ахлах/ байцаагч Д.О, О.С, Д.Ж, "У" ХХК-ийн дэд захирал Х.Б, тээвэр зуучлагч Д.Д /мэдэгдсэн ч ирээгүй/ нарыг байлцуулан ёс зүйн хорооны гишүүдийн хурлаар хэлэлцүүлсэн. Шалгалтаар илэрсэн зөрчил: 1.Ургамал, хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагч Д.О-ны үйлдсэн баримт бичгүүдэд илэрсэн зөрчил: - 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №0000603 "Лац тавьсан тухай тэмдэглэл"-ийн загвар нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 207 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт"-ын загвараас өөр загварыг ашигласан. "У" ХХК-ийн дэд захирал Х.Б-н тайлбарт гарын үсгийг дуурайлган зурсныг Х.Б баталсан ба 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Бодис бараа, бүтээгдэхүүнийг саатуулах, хураах, буцаах мэдэгдэл өгсөн ба "Лац тавьсан тухай тэмдэглэл"-ийг хуурамчаар үйлдсэн. -2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №0000704 "Бодис, бараа, бүтээгдэхүүнийг саатуулах, хураах, буцаах тэмдэглэл"-ийн загвар нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2006 оны 420 тоот хүчингүй загвар ашигласан. Мөн мэдэгдэлд заавал бөглөх ёстой зөрчсөн хууль тогтоомжийн зүйл заалт, үндэслээгүй, 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн "Лабораторид дээж өгсөн тэмдэглэл"-ийн дээж өгсөн огнооны өдөр, цаг, минут бичигдээгүй. -Улсын байцаагчийн үйлдсэн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №02-02/172/131 тоот дүгнэлт нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 207 дугаар тушаалын "Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт"-ын Хяналт шалгалтын баримт бичгийн бүтцийн шалгуурыг хангаагүй. 2013 оны ургацыг 2012 он гэж буруу бичсэнийг дахин засаж бичсэн. -Улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №02-02/172/359 тоот акт нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 207 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт"-ын Хяналт шалгалтын баримт бичгийн бүтцийн шалгуурыг хангаагүй. "У" ХХК-ийн Вьетнам улсаас импортолсон цагаан будааны дээжийг /1 уут 25 кг/ 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр мэдсэн ч хяналт шалгалтын чиг үүргийнхээ дагуу шинжилгээнд хамруулалгүйгээр тухайн компанийн /хорхой, өт илрэхэд/ дахин хүсэлт тавьснаар 09 дүгээр сарын 25-ны өдөр шинжилгээнд хамруулан шинжилгээний хариу 09 дүгээр сарын 27-ны өдөр гарч гадаад хорио цээртэй хөнөөлт шавж илэрснийг дээж хүлээн авагч шинжээч Н.Н нь Д.О-д мэдэгдсэн ба шинжилгээний хариуг 10 дугаар сарын 04-ний өдөр өөрийн биеэр очиж авсан байна. 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №0000704 "Бодис, бараа, бүтээгдэхүүнийг саатуулах, хураах, буцаах мэдэгдэл"-ийг үйлдсэн ба 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр улсын байцаагчийн дүгнэлт, бүтээгдэхүүн устгах актыг үйлдсэн байна. Мөн "У" ХХК-ийн дээжид /25 кг/ өгсөн будааг Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч О.С-тэй /3 кг орчим/ хувааж авсан байна. Дээрх байдлаас дүгнэхэд Ургамал хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагч Д.О нь: -Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 207 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт"-ын 11 дүгээр зүйлийн 11.16-т ...Улсын байцаагч эд зүйлийг битүүмжилсэн тухай акт үйлдэх бөгөөд актад лацны дугаарыг заавал бичнэ, мөн 12 дугаар зүйлийн 12.4 ... хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал, илэрсэн зөрчил, түүнд холбогдох хууль тогтоомж, норм, стандартын зүйл заалтыг нарийвчлан тусгана, 12 дугаар зүйлийн 12, 13 /улсын байцаагч энэхүү стандарт, холбогдох хуульд заагдсанаас өөр баримт бичиг үйлдэх, гарын үсэг зурах, тэмдэг дарахыг хориглоно/ дах заалтыг тус тус зөрчсөн. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 207 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт"-ын Хяналт шалгалтын баримт бичгийн бүтцийн шалгуур норматив, "Улсын байцаагчийн дүгнэлт"-ийн "Дүгнэх хэсэгт ...бүтээгдэхүүн ... нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, заавал мөрдөх стандартын шалгуур үзүүлэлттэй нийцэж байгаа эсэхийг тусгана норматив. "Улсын байцаагчийн акт"-н "Тодорхойлох" хэсэгт зөрчигдсөн хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын нэр, зүйл, хэсэг, заалтыг тусгана. "Тогтоох" хэсэгт ...хариуцлага хүлээлгэх хууль тогтоомжийн нэр, бүлэг, зүйл, заалт хариуцлага тооцох хэлбэр ...хэрэгжүүлэх хугацаа... шалгуурыг хангаж үйлдээгүй. -Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолын хавсралт "Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм"-ийн 5.1.5-т албан үүргээ гүйцэтгэсэн болон ...хууль бус бусад хангамж эдлэхгүй байх, 5.4.2-т ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг биечлэн хангах, 5.5.3-т иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг зохих дүрэм, журмын дагуу цаг алдалгүй, ил тод, түргэн шуурхай хүргэх, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11-т улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах, 13 дугаар зүйлийн 13.1.5 т төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, 13.1.6-т албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн мэргэшлээ дээшлүүлэх, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2009 оны 223 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт "Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн ёс зүйн дүрэм"-ийн 3.4-т Хяналт шалгалтыг тогтоосон хугацаанд бүрэн хийх үүрэгтэй бөгөөд үндэслэлгүйгээр удаашруулахыг хориглоно, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 08 дугаар тушаалаар "Байгууллагын дотоод журам"-ын 8.1.2-т албан үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн зэрэг заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас холбогдох улсын байцаагч нарт арга хэмжээ авхуулах тухай 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 3/3518 дугаартай албан бичгийг ирүүлсэн. Энэ албан бичгийн дагуу шалгаж үзээд Ёс зүйн хорооны 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дугаартай дүгнэлт гарсан. Дүгнэлтээр ургамал, хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагч Д.О нь 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн лац тавьсан тухай тэмдэглэлийн загваруудыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 207 дугаар тушаалаар баталсан мэргэжлийн хяналтын ерөнхий стандарт загвараас өөрөөр үйлдэж, “У” ХХК-ийн дэд захирал Х.Б-н гарын үсгийг дуурайлган зурсан зөрчил гаргасан нь тогтоогдсон. Мөн бодис бараа бүтээгдэхүүн саатуулах, хураах, буцаах мэдэгдлийн загварыг 10 дугаар сарын 02-ны өдөр үйлдсэн бөгөөд энэ үйлдсэн загвар нь 2006 оны 421 дүгээр тушаалаар хүчингүй болсон загвар байсан. Мөн лабораторид дээж өгсөн тэмдэглэгээнд он, сар, өдөр, цаг, минутыг бүрэн бичээгүй, дээжийн хэмжээг бичээгүй байсан. Улсын байцаагчийн үйлдсэн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 0202/172/131 дугаартай дүгнэлт нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 207 дугаар тушаалаар батлагдсан ерөнхий шаардлага, стандартын дагуу бичигдээгүй. Мөн “У” ХХК-ийн дээжид өгсөн цагаан будааг улсын байцаагч О.С-тэй хувааж авч завшсан гэдэг үндэслэлээр дээрх тушаалыг гаргасан. 08 дугаар сарын 23-ны өдөр ажлаасаа чөлөө авсан гэж байгаа боловч мэргэжлийн хяналтад хамруулсан тухай мэдэгдэл дээр өөрөө гарын үсгээ зурж, тэмдгээ дарсан байдаг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан Улсын байцаагчийн үнэмлэх, тамга тэмдгийг хэрэглэх журам гэж байгаа. Энд өөрийнхөө үйлдээгүй, хяналт шалгалт хийгээгүй баримт бичиг дээр тамга дарахыг хориглоно гэж заасан байдаг. Нөхөж дарсан гэж тайлбарлаад байгаа боловч тамгаа дарснаараа 08 дугаар сарын 23-ны өдөр ажил дээрээ байсан гэдгээ нотолж байгаа юм. Мөн Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5.13-т 2 хүртэл өдрийн чөлөөг хэлтсийн дарга олгоно, 5.14-т чөлөөг чөлөөний хуудсаар олгоно гэж заасан байдаг. Гэтэл цагийн баланс дээр 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Д.О ажилдаа ирснээр бүртгэгдсэн. Мөн боомт дээр хөтлөгддөг цагийн бүртгэлд 08 дугаар сарын 23-ны өдөр 09 цагаас 18 цагийн хооронд ажилласнаар бүртгэгдсэн. Эдгээр баримтуудыг үндэслээд Д.О байцаагч тухайн өдөр боомт дээр ажиллаж байсан гэдэг нь нотлогдож байгаа юм. Нэхэмжлэгчийн зүгээс Б/19 дүгээр тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Тушаалын үндэслэл болсон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан бичигт мэдлэг, мэргэжил, сахилга бат хангалтгүй гэсэн байгаа. Энэ нь Д.О-ны хүчингүй болсон маягтуудыг хэрэглэсэн, гарын үсэг хуурамчаар үйлдлээс харагдаж байгаа юм. Мөн “У” ХХК-ийн дээжид өгсөн цагаан будааг О.С байцаагчтай хуваагаад авч байгаа нь Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчиж хууль бусаар хангамж аваад байгаа хэрэг юм биш үү? Хэрвээ дээжид өгсөн будаа мөн эсэхийг мэдээгүй юм бол бусад байцаагч нараас асуух ёстой байсан. Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.5.3 дахь хэсгийг зөрчсөн гэсэн байгаа. 08 дугаар сарын 23-ны өдөр орж ирсэн цагаан будаанаас Д.О байцаагч 09 дүгээр сарын 24-ний өдөр лабораторид дээж өгсөн тэмдэглэл үйлдэж дээж өгсөн байдаг. Хилээр орж ирээд 1 сар болж байхад “У” ХХК-ийн хүсэлтээр шинжилгээнд хамруулсан. Д.Ж байцаагчийг дээж авах акт үйлдээгүй гэсэн зүйл яриад байна. Д.Ж байцаагч бол хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч. Тиймээс түүнийг ажил үүргийн хуваарьд бүтээгдэхүүнээс дээж авах үүрэг байхгүй. Үүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй хүн нь Д.О байцаагч байгаа. Д.Ж байцаагч 09 дүгээр сарын 24-ний өдөр дээж авсан тухай тэмдэглэл бичсэнээрээ ёс зүйн хорооны дүгнэлтийн дагуу сахилгын арга хэмжээ авсан. Нярав М-с хүчингүй маягт авсан гэж байна. Тушаал гарангуут бүх хуучин маягтуудыг устгалд оруулаад шинээр хэвлэдэг. Байцаагч нар өөрсдөө их хэмжээгээр аваад хадгалчихдаг. 2012 оны 07 дугаар сард өөрчлөгдсөн тушаалын маягт 2013 онд өгөгдөнө гэж байхгүй. Д.О байцаагчийг гарын үсэг зураад, тамга тэмдэг дарснаар зөвхөн ажил дээрээ байсан гэж хэлээгүй. Сэтгэл санааны хямралтай байсан учраас цагийн бүртгэл дээр 08 дугаар сарын 23-ны өдөр и гэж тавьсан гэж байна. Гэтэл цагийн бүртгэл и гэж тавиагүй, 9 цагт ирээд 18 цагт явсан гэж өөрөө бичдэг. Хэрвээ чөлөөтэй байсан түүнийг нь нотлох баримт байх ёстой. Тийм баримт байхгүй. М.Ө байцаагч чөлөө аваагүй гэдгээ хэлсэн. Д.Ж байцаагчид бага шийтгэл ногдуулсан гээд байна. Д.Ж байцаагчийн хувьд тухайн өдөр бодис, бараа бүтээгдэхүүнээс дээж авах тэмдэглэлийг л үйлдсэн. “У” ХХК-ийн цагаан будаатай холбоотой асуудлын дийлэнх бичиг баримтыг нь Д.О байцаагч өөрөө үйлдсэн байдаг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 521 дүгээр шийдвэрээр: Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 8 дугаар зүйлийн 8.1.3, 8.1.5, 8.1.7, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 27.2.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хууль бус захиргааны акт болох Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Д.О-ны 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс өмнө ажиллаж байсан ажил, албан тушаалд нь эргүүлэн томилж, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Иргэн Д.О-ны нэхэмжлэлтэй Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эрх зүйн мэргэжилтэн Д.Хишигсүрэн нь Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 521 дугаартай шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:
1.3ахиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 521 дугаартай шийдвэрт: 2.2. Үр дагавар, хохирлыг нотлоогүй атлаа бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэж буруутгажээ: гээд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ёс зүйн хорооны 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгнэлтээр нэхэмжлэгчийг лац тавьсан тухай 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн тэмдэглэлийг У ХХК-ийн захирлын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн зөрчил гаргасан гэж буруутгажээ. Уг бичиг баримтыг нэхэмжлэгч гадагшаа аливаа хэлбэрээр ашиглаагүй (хх-ийн 222-230-р хуудас) бусдад хохиролтой үр дагавар бий болгосон гэдгийг хариуцагч нотлоогүй атлаа түүнийг энэ зөрчилд буруутган хариуцлага хүлээлгэжээ гэсэн байна.
Гэтэл Д.О нь 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр амьтан, ургамал, бодис, бараа, бүтээгдэхүүнийг мэргэжлийн хяналтад хамруулсан тухай мэдэгдлийг (хх-ийн 52-р хуудас) үйлдэж “У” ХХК-ий 21 тонн цагаан будааг хилээр нэвтрүүлчхээд 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр дээжийн тэмдэглэл үйлдэн дээж авч, МХЕГ-ын Нэгдсэн төв лабораторид шинжлүүлэхэд 09 дүгээр сарын 27-ны өдрийн шинжилгээний хариугаар гадаад хорио цээртэй шавж илэрсэн. Ингээд 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “У” ХХК-ий 21 тонн гадаад хорио цээртэй цагаан будааг хилээр нэвтрүүлснээ нуухын тулд 10 дугаар сарын 02-нд "У" ХХК-ий 21 тонн цагаан будаа хадгалж байсан газрыг лацадчихаад лац тавьсан тухай тэмдэглэлийг (хх-ийн 48-р хуудас) 2013 оны 08 дугаар сарын 26-нд лацадсан гэж хуурамч бичиг баримт үйлдэн, “У” ХХК-ий дэд захирал Х.Болорсайханы гарын үсгийг хуурамчаар зурсан гэдгийг МХЕГ-ын 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 3/3518 дугаартай албан бичиг (хх-ийн 29-30-р хуудас) болон НМХГ-ын ёс зүйн хорооны дүгнэлтээр (хх-ийн 24-28-р хуудас) тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл тус лац тавьсан тухай тэмдэглэлийг /0000603 дугаартай хүчингүй болсон тэмдэглэл/ үйлдэж, “У” ХХК-ийн будаа хадгалж байсан агуулахыг лацадсан гэдгийг тогтоочихсон байхад шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч уг баримт бичгийг гадагшаа аливаа хэлбэрээр ашиглаагүй гэж үзсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д ...нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
2. Шүүхийн шийдвэрт 2.3. Нэхэмжлэгч өөрийн хийх хяналтыг хийгээгүй гэдэг нь нотлогдохгүй байна: гээд Зөрчил гаргасан өдөр буюу 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Д.О нь ар гэрийн гачигдлын улмаас ажлын байрандаа байгаагүй учир “У” ХХК-ийн цагаан будааг гаалийн хяналтын талбайгаас чөлөөлөх үед ургамал, хорио цээрийн хяналтыг хийгээгүй гэж үзсэн байна.
Д.О нь 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн цагийн бүртгэл (хх-ийн 203-р хуудас) /уг цагийн бүртгэлийг Д.О ажил үүргийг хуваарийн дагуу өөрөө хөтөлдөг/, 08 дугаар сарын 01-31-ний өдрийг хүртэлх цагийн баланс (хх-ийн 200-201-р хуудас), 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн НМХГ-ын ёс зүйн хорооны хуралд (хх-ийн 212-222-р хуудас) ЭИХХ-ийн даргаар ажиллаж байсан М.Өлзийчимэг, улсын байцаагч Д.Ж, О.С нарын өгсөн тайлбар болон Хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Д.Ж, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч О.С нарын тайлбараар тухайн өдөр Д.О нь ажиллаж байсан гэдэг нь тогтоогдож байна. Мөн газрын хөдөлмөрийн дотоод журмын 5.13-д Ажилтны хүсэлтийг үндэслэн хэлтсийн дарга 2 хүртэл ажлын өдрийн, Тамгын газрын дарга 4 хүртэл ажлын өдрийн чөлөө олгоно, 5.14-д Чөлөөний хуудасны загварыг НМХГ-ын даргын тушаалаар баталгаажуулан Тамгын газраас дугаарласан хуудсыг хэлтсүүдэд олгоно гэж заасны дагуу чөлөөний хуудсаар чөлөө олгогдоогүй учраас 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Д.О нь ажилдаа байсан нь тогтоогдож байна.
3. Шүүхийн шийдвэрт ..Д.О 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ажилдаа эргэн ороход түүнд “У” ХХК-ийн цагаан будааны дээжийг албан ёсоор хүлээлгэн өгсөн эсэхийг нотлоогүй, энэ талаар тайлбар аваагүй атлаа энэ үйлдэлд нэхэмжлэгчийг буруутгажээ гэсэн байна.
Гэтэл Д.О-д хүлээлгэн өгсөн эсэх талаар улсын байцаагч Д.Ж, О.С нараас тайлбар авсан. Хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Д.Ж тайлбартаа (хх-ийн 35-р хуудас) ... би улсын байцаагч Д.О-д 2013 оны 08 сарын 23-ны өдрийн 16 цагт бичиг баримтын шалгалт хийгдсэн хяналт шалгалтын тухай мэдэгдэн бичиг баримтуудыг хүлээлгэн өгсөн болно гэсэн, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч О.С тайлбартаа (хх-ийн 36-р хуудас) ...ургамал хорио цээрийн чанарын хяналтын улсын байцаагч Д.О-ыг ирэхээр нь 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “У” ХХК-ий цагаан будааны бичиг баримтыг улсын байцаагч Д.Ж-н хамтаар хяналтын чиглэлийн дагуу хүлээлгэн өгсөн гэсэн болон НМХГ-ын ёс зүйн хорооны 2014 оны 01 дүгээр сарын 09-ний хуралд (хх-ийн 212-222-р хуудас) Д.Ж ...1 дэхэд бичиг баримтаа хүлээлгэж өгсөн, Оюун улсын байцаагч ажлаа хийх юм байх гэж бодсон гэж хэлсэн байна. Үүнээс үзэхэд Д.О-д хүлээлгэн өгсөн гэдэг нь тогтоогдож байна.
4. Д.О нь Урансүрэн" ХХК-ий 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өгсөн цагаан будааг эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч О.Стэй хувааж идсэн. Ингээд “У” ХХК-иас дахин хүсэлт гаргасны дагуу 2014 оны 09 дүгээр сарын 24-нд дээж авч: МХЕГ-ын Нэгдсэн төв лабораторид шинжлүүлсэн. МХЕГ-ын Нэгдсэн төв лабораториос 09 дүгээр сарын 27-нд гадаад хорио цээртэй шавж илэрлээ гэж мэдэгдсэн байхад 5 хоногийн дараа 10 дугаар сарын 01-нд холбогдох хэлтсийн даргадаа мэдэгдсэн зэргээр эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэдгийг МХЕГ-ын 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 3/3518 дугаартай албан бичигт (хх-ийн 29-30~р хуудас) дурдсан. Мөн шинжилгээний хариуг 10 дугаар сарын 04-нд өөрийн биеэр очиж авч, 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №0000704 Бодис, бараа, бүтээгдэхүүнийг саатуулах, хураах, буцаах мэдэгдэл-ийг /энэ мэдэгдэл нь хүчингүй/ үйлдсэн (хх-ийн 48-р хуудас) ба шинжилгээний дүнгийн тухай 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 02-02/172/131 дугаартай дүгнэлт (хх-ийн 50-51-р хуудас), 02-02-172/359 дугаартай акт (хх-ийн 198-199-р хуудас) үйлдсэн нь цаг хугацаа алдсан байна. Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1, Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 6.1-д Хорио цээрийн улсын хяналт, шалгалт нь хилийн боомт, гүний гаалиар нэвтрүүлж буй амьтан, ургамал. түүхий эд, бүтээгдэхүүнд хорио цээрийн хяналт, шалгалтыг хийж, зөрчилтэй болон эрсдэлтэй зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиглэгдэнэ, 8.1. Улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 8.1.3-д хилээр нэвтрүүлж буй ургамал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд хорио цээрийн анхдагч үзлэг хийх, 8.1.5-д анхдагч болон эрүүл мэндийн үзлэгээр халдварт өвчний шинж тэмдэг, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамал илэрвэл амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг зориулалтын байранд түр саатуулж, лабораторийн шинжилгээний дээж авч, хорио цээрийн хяналтад оруулах Ургамал хамгааллын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.3-д ургамал, түүнээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан илэрвэл нийтийн хэрэгцээнд нийлүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахыг хориглох, шаардлагатай үед устгах, халдваргүйжүүлэх арга хэмжээ авах, Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолын 2-р хавсралтаар батлагдсан Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хяналт, шалгалт хийх журам-ын 2.1.3-д үзлэг, шалгалтаар зөрчил илрээгүй нөхцөлд амьтан, ургамал, бүтээгдэхүүнээс стандартын дагуу дээж авч хилийн боомт дахь Мэргэжлийн хяналтын албаны дэргэдэх лабораторийн шинжилгээнд хамруулах гэсэн заалтыг мөн Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2011 оны 301 дүгээр тушаалаар батлагдсан Шуурхай мэдээ, мэдээллийн журам-ын 1.4-д ...шуурхай мэдээг тухай бүр, 24 цагийн хугацаанд илгээх, хүлээн авах, боловсруулах, байгууллагын удирдлагад танилцуулах үйл ажиллагааг хамруулна 1.5-д шуурхай мэдээ, мэдээлэлд тасралтгүй шуурхай ажиллах зарчмыг баримтална гэж заасныг тус тус зөрчсөн байна. Ингэж эрхэлсэн ажилдаа хайнга хандсанаараа гадаад хорио цээртэй цагаан будааг борлуулах, цаашлаад иргэдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хор хохирол учруулахуйц нөхцөл байдал үүснэ.
Гэтэл Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.3.2-т “У” ХХК-ийн цагаан будаа гаалийн талбайгаас чөлөөлөгдсөнөөс хойш 1 сарын дараа тус компанийн хүсэлтээр импортоор оруулж ирсэн цагаан будааг түр саатуулах мэдэгдэл үйлдэн, лабораторийн шинжилгээнд хамруулж, шинжилгээний дүнг хүргүүлсэн зэргээс дүгнэхэд ургамал, хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагч Д.О түүний ажлын байрны тодорхойлолт, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8 Амьтан. ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 8.1.7-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээргүй байна гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д ...нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
5. Шүүхийн шийдвэрийн 2.4. Дээжид авсан цагаан будааг хувьдаа ашигласан, ёс зүйн зөрчил гаргасан гэдгийг хариуцагчаас нотлоогүй атлаа зөрчилд тооцож хариуцлага хүлээлгэжээ: гэсэн хэсэгт дээжид авсан цагаан будааг хувьдаа авч ашигласан гэдгийг бүрэн тогтоогоогүй гэсэн нь шүүгч нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй, дутуу үнэлсэн байна.
Д.О нь дээжид авсан цагаан будааг хувьдаа авч ашигласан гэдэг нь МХЕГ-ын 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 3/3518 дугаартай албан бичигт (хх-ийн 29-30-р хуудас) "...Улсын байцаагч Д.О нь би дээжид авсан будаагаа хуваагаад л авсан. Авсан будаагаа идэхгүй юу гэж хэлснийг дурдсан. Мөн Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч О.С тайлбартаа (хх-ийн 36-р хуудас) ...2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ажил тарах үед 09 дүгээр сарын терминалын хуваарийн дагуу Монгол шуудан ХХК-ий гаалийн хяналтын талбай руу нүүхээр бэлдэж байтал /5 хоногийн дараа/ 3 кг орчим цагаан будааг Д.О уутанд хийгээд май та ав гэж хэлээд өгсөн. Учрыг би лавлатал эзэн нь сайн будаа шинээр ирсэн юмаа гэж хэлсэн гээд өгсөн гэж бичсэнийг мөн НМХГ-ын ёс зүйн хорооны 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хуралд (хх-ийн 212-222-р хуудас) улсын байцаагч Д.Ж дээж хуваарилсан гэж ойлгож байгаа, улсын байцаагч Д.О улсын ахлах байцаагч О.Сд будаа өгснийг харсан гэсэн, мөн О.С Төв шуудан руу нүүж байх явцад О улсын байцаагч энэ амттай будаа амтлаарай гээд 2 кг будаа өгсөн гэж хэлснээр тогтоогдож байна.
Энэ нь Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолын хавсралт Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 5.1.5-д /албан үүргээ гүйцэтгэсэн болон ...хууль бус бусад хангамж эдлэхгүй байх/ заасныг зөрчсөн тул НМХГ-ын ёс зүйн хороо уг асуудлыг шалгасан.
6. МХЕГ нь Вьетнам улсаас импортолсон 21 тонн цагаан будаанд гадаад хорио цээртэй хортон шавж илэрсэн тухай мэдээллийн дагуу Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн улсын байцаагчид шалгаад 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 3/3518 дугаартай албан бичиг (хх-ийн 29-30-р хуудас) НМХГ-т ирүүлснийг НМХГ-ын ёс зүйн хороо нь Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 129 дүгээр тогтоолын 1-р хавсралтаар батлагдсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам-ын 2.5.5-д энэхүү журмын 1.2-т заасан гомдол, мэдээллээс гадна хэвлэл, мэдээллийн хэрэгслийн мэдээллийн мөрөөр, түүнчлэн өөрийн санаачилгаар болон байгууллагын удирдлагын шийдвэрээр ёс зүйн зөрчлийг шалган тогтоож, дүгнэлт гаргах гэж заасны дагуу дахин шалгаж, 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хуралдаж, дүгнэлт гаргасан байна. Ёс зүйн хороо нь энэхүү журмын 2.5.2-д гомдол, мэдээлэлд холбогдох төрийн захиргааны албан хаагч болон түүний харьяалах төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан, гомдол, мэдээлэл гаргагчтай уулзаж, тэдний тайлбар, саналыг сонсох, холбогдох нотолгоо, материал, баримт бичгийг шаардан авах гэсэн эрх, үүргийнхээ дагуу холбогдох этгээдүүдээс нотлох баримтуудыг шаардан авч, нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргасан. Энэ нотлох баримтуудыг Төрийн албаны зөвлөл болон Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд гаргаж өгсөн болно.
Гэтэл шүүхийн шийдвэрт Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн заалтыг зөрчсөн гэж буруутгаж байгаа боловч энэ талаар бусдаас гомдол ирээгүй, ёс зүйн хорооны хурал дээр энэ талаар асуулт тавьснаас өөрөөр энэ талаар судалгаа хийгээгүй, хангалттай баримтаар нотлоогүй гэсэн нь үндэслэлгүй байна.
7. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.5. Нэхэмжлэгчид сахилгын шийтгэлийг шударгаар ногдуулаагүй бөгөөд зөрчлийн гэм буруугийн шинж, бусад нөхцөл байдлыг харгалзан үзээгүй байна: гэсэн хэсэгт ...энэ зөрчлийг нэхэмжлэгч давтан үйлдээгүй өмнө нь сахилгын шийтгэл хүлээж байгаагүй байтал зөвхөн Д.О-д шууд төрийн албанд 1 жил орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл буюу хуульд заасан 3 шатлалын хамгийн хүнд хэлбэрийн шийтгэлийг ногдуулжээ" гэсэн байна.
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу сахилгын шийтгэлийг дэс дараалан хэрэглэх шаардлагагүй бөгөөд зөрчлийн шинж байдлыг харгалзан мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна гэж заасны дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй юм.
Д.О нь улсын байцаагчаар 15 жил ажилласан туршлагатай албан хаагч боловч дээрх зөрчлийг гаргаж, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь МХЕГ-ын 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 3/3518 дугаартай албан бичиг (хх-ийн 29-30-р хуудас) болон НМХГ-ын ёс зүйн хорооны дүгнэлт (хх-ийн 24-28-р хуудас) болон холбогдох нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа тул Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны Б/19 дугаартай тушаалаар төрийн албанд 1 жилийн хугацаанд орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан.
Энэ тушаал үндэслэлтэй гэдгийг Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 578 дугаартай дүгнэлтээр тогтоочихсон байхад шүүгч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д ...нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтуудыг мөрдөж ажиллаагүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан байна.
Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 521 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ:
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/19 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Д.О-ыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 3/3518 дугаар албан бичиг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Ёс зүйн хорооны 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгнэлтийг үндэслэн “бичиг баримт хуурамчаар үйлдсэн, өөрийн хийх хяналтыг хийгээгүй, дээжинд үлдээсэн цагаан будааг хувьдаа хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импортын хяналтын хэлтсийн Ургамал, хорио цээрийн хяналтын улсын байцаагчийн үүрэгт ажлаас төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Нэхэмжлэгч уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “...хийгээгүй хяналтыг хийсэн гэж энэ асуудалтай холбогдуулан намайг янз бүрийн байдлаар буруутган ажлаас шууд халах арга хэмжээ авсанд гомдолтой байна” гэж маргажээ. 1. Бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн гэх тухайд:
Хариуцагчаас “У” ХХК-ийн дэд захирал Х.Б-н гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэдэг нь МХЕГ-ын 2013 оны 3/3518 дугаартай албан бичиг, Ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдсон гэж сахилгын шийтгэл хүлээлгэх нэг үндэслэл болгожээ. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Лац тавьсан тухай тэмдэглэл”-ийг[1] нэхэмжлэгч Д.О 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр үйлдэж, тэмдэглэлийн доод талд “улсын байцаагч” гэдэг дээр Д.О, “албан тушаалтан, иргэний нэр” гэдэг дээр Х.Б” гэж өөрийн гараар бичсэн байх бөгөөд уг тэмдэглэлийн нэг хувийг Х.Б-д өгчээ. Х.Б-н нэрийг тэмдэглэлд бичсэнийг хариуцагчийн буруутгаж байгаагаар “түүний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн” гэж үзэхээргүй байх бөгөөд Х.Болорсайханаас гарын үсэг хуурамчаар үйлдсэн гэж гомдол гаргаагүй байна.
2. Өөрийн хийх хяналтыг хийгээгүй гэх тухайд: Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Хорио цээрийн улсын хяналт, шалгалт нь хилийн боомт, гүний гаалиар нэвтрүүлж буй амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд хорио цээрийн хяналт, шалгалтыг хийж, зөрчилтэй болон эрсдэлтэй зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиглэгдэнэ”, мөн зүйлийн 6.2 дахь хэсэгт “Хорио цээрийн улсын хяналт, шалгалтыг Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд хорио цээрийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн эрх бүхий байгууллага /цаашид "хяналтын байгууллага" гэх/, хилийн боомт, гүний гааль бүхий газарт хүнсний аюулгүй байдалд хяналт тавих эрх бүхий улсын байцаагч тус тус хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан бөгөөд Монгол Улсын хилээр орж ирж байгаа амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд ургамал, хорио цээрийн хяналтыг эрх бүхий улсын байцаагч хийж, зөрчилтэй болон эрсдэлтэй үед улсын хилээр нэвтрүүлэхгүй байхаар хуульчилжээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “АБТЭМА” ХХК-ийн гүний гаалийн хяналтын талбайгаас гарсан 21 тонн цагаан будаанд хорио цээртэй хортон шавж илэрсэнтэй холбогдуулан хяналт шалгалтыг явуулсан байх бөгөөд тухайн өдөр нэхэмжлэгч Д.О-ыг хяналт шалгалт хийсэн мэтээр буруутгаж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.
Учир нь тухайн өдөр буюу 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Д.О-ны нөхөр нь нас барсан ар гэрийн гачигдлын улмаас ажлын байрандаа байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримт болон М.Ө, Д.Д нарын мэдүүлгээр тогтоогдсон байна. Түүнчлэн хортон шавж илэрсэн гэх 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “У” ХХК-ийн оруулж ирсэн цагаан будаанд улсын байцаагч Д.Ж, А.А нар анхдагч хяналтыг хийж, шинжилгээний дээж авч, гүний гаалийн хяналтын талбайгаас чөлөөлж гаргасан болох нь О.С болон өөрсдийнх нь тайлбараар тогтоогдож байх бөгөөд тухайн өдрөө буюу 08 дугаар сарын 23-ны өдөр хяналтын талбайгаас гарсан болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр мөн үгүйсгээгүй.
Анхдагч хяналт хийсэн улсын байцаагч Д.Ж, А.А нар нэхэмжлэгч Д.О-д цагаан будааны бичиг баримтыг 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээлгэн өгсөн нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байгаа гэж хариуцагч тайлбарлаж байгаа ч баримт бичиг болон цагаан будааны дээж хүлээлгэн өгсөн хүлээж авсан эсэх нь баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгч Д.О тухайн өдөр байгаагүй тул хүлээж аваагүй гэж тайлбарлаж байгаа тул нэг талын тайлбарт үндэслэн дүгнэж байгаа хариуцагчийн дүгнэлт нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Д.О хяналтад хамруулсан тухай мэдэгдэл дээр гарын үсгээ зурсан байгаа нь тухайн өдөр хяналт хийсэн болох нь нотлогдож байгаа гэж хариуцагч үзэж байгаа хэдий ч бодит байдал дээр 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Д.О ар гэрийн гачигдалтай байсан, хортон шавж илэрсэн гэх цагаан будаанд анхдагч хяналт шалгалт хийгээгүй, дээж аваагүй, уг будаа тухайн өдөр хяналтын талбайгаас гарсан болох нь дээрх байдлаар тогтоогдож байна.
Харин цагаан будааг гаалийн талбайгаас чөлөөлснөөс хэд хоногийн дараа “У” ХХК-иас цагаан будаанд үл мэдэгдэх шавж байна гэснээр лабораторийн шинжилгээнд явуулж, шинжилгээгээр хорио цээртэй шавж илэрсэн тул уг цагаан будааг шаардлага хангахгүй талаар улсын байцаагч Д.О, Д.Ж нар дүгнэлт үйлдэж, холбогдох арга хэмжээ авсан байх бөгөөд нэхэмжлэгч Д.О-ыг ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг болон хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээргүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
3. Дээжинд үлдээсэн цагаан будааг хувьдаа хэрэглэсэн гэх тухайд:
Хариуцагчаас нэхэмжлэгч Д.О-ыг дээжид авсан цагаан будааг хувьдаа ашиглаж, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.1.5-д “албан үүргээ гүйцэтгэсэн болон хууль бус бусад хангамж эдлэхгүй байх” гэж заасныг зөрчсөн гэж буруутгажээ.
Хариуцагч дээрх зөрчлийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 3/3518 дугаартай албан бичигт “улсын байцаагч Д.О нь дээжид авсан будаагаа хуваагаад авсан. Авсан будаагаа идэхгүй юу” гэж дурдсан, мөн улсын байцаагч О.С, Д.Ж нарын мэдүүлгээр будаа авсан болохыг гэрчилсэн гэжээ.
Харин нэхэмжлэгч Д.О шүүх хуралдаанд “дээд шатны байгууллагын даргын өмнө будаагаа хувааж аваад идэхгүй юу гэж би мэдээж хэлэхгүй, намайг гүтгэсэн” гэж, мөн ёс зүйн хорооны хурал дээр “би ширхэг ч будаа аваагүй” гэж хүлээн зөвшөөрөөгүй байхад уг зөрчлийг шалган тогтоож, баримтаар нотлолгүйгээр буруутгаж, сахилгын шийтгэл ногдуулсан нь “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 5-ын а-д заасантай нийцээгүй байна.
Хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга нэхэмжлэгч Д.О-ныг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 3/3518 дугаар албан бичгийг үндэслэн ёс зүйн хорооны хурлаар хэлэлцүүлэн сахилгын шийтгэл ногдуулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байна. Учир нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн албан бичигт дурдсан нэхэмжлэгч Д.О-ны гаргасан гэх зөрчлүүдийг шалгаж тогтоосон баримт байхгүй байхад сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий албан тушаалтан өөрөө дээрх журамд заасны дагуу зөрчлийн шинж байдал, зөрчил гаргасан шалтгаан болон зөрчил гаргагчийн хувийн байдлыг харгалзан үзэлгүйгээр зөвхөн албан бичигт ажлаас халах арга хэмжээ авахаар заасны дагуу ажлаас халсан нь үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 521 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
[1]1 хэргийн 48 дахь хуудас