Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 137

 

           Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

улсын яллагч С.Оюунжаргал,

шүүгдэгч Э.Эрдэнэбаяр, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн В танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

            Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гүр овогт Энхтуяагийн Эрдэнэбаярт холбогдох 201624000633 дугаартай хэргийг 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 32 настай, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 33-14 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Гүр овогт Энхтуяагийн Эрдэнэбаяр, /РД:ЧГ84121566/,

 

 Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

    Шүүгдэгч С.Эрдэнэбаяр нь 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр 16 дугаар хороололын автобусны буудлын явган хүний гарцтай замд 89-50 УНП улсын дугаартай Тоёота Ист маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Эрдэнэцэцэгийн биед хөнгөн гэмтэл учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Эрдэнэбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 89-50УНП улсын дугаартай Тоёота Ист маркийн автомашинаар “Да хүрээ” зах явах замдаа Улаан хуарангийн гэрлэн дохиогүй, цагаан гарцтай автобусны буудал руу ойртож байхад  хажуу талаас Тоёота Приус маркийн саарал өнгөтэй автомашин шахаж орж ирсэн. Намайг хажуу тал руугаа харах зуур урд нэг юм түс гэж дугарахад хүмүүс хүн уначихлаа гэж хэлсэн. Намайг машинаасаа буугаад харахад тайрмал үстэй, хөх жинсэн өмдтэй эмэгтэй газар унасан байсан. Би тэр эмэгтэйг яасан бэ гэхэд толгойноос нь цус урсаж байхаар нь салфеткаар арчиж өгсөн. Гэтэл тэр эмэгтэй миний хүүхэд хаана байна вэ гэсэн. Замын цаанаас нэг залуу ирээд та нар яаж байгаа юм бэ гээд миний машин руу өшиглөсөн. Тэр залуу хүүхдээ тэвэрсэн байсан. Тэр хооронд хүмүүс цагдаа, түргэн дуудсан байсан тул удалгүй түргэн ирж хохирогч Эрдэнэцэцэгийг хүүхэдтэй нь гэмтлийн эмнэлэг авч явсан. Дараа нь Замын цагдаа ирж хэмжилт хийж дуусгаад намайг явж болно гэхээр нь би хохирогч нарын араас эмнэлэг явсан. Гэмтлийн эмнэлгийн эмч хохирогч нарт шинжилгээ хийлгэчихээд хэд хоног харзанах хэрэгтэй, осолд ороод 6 цагийн дараа томографид харуулах хэрэгтэй гэсэн тул ээж, охин хоёр гэр рүүгээ явсан. Тэгээд томографид харуулахад охин дагз ясны хугаралтай гэсэн хариу гарсан тул эмч эмнэлэгт хэвтэх хэрэгтэй гээд тэр шөнөдөө эмнэлэгт хэвтээд 3 хоносон. Энэ хугацаанд би хохирогч нарыг байнга эргэж тойрч гарсан зардлуудыг төлж байсан. Дараа нь хохирогч хувийн эмнэлэгт эмчилгээ хийлгэнэ гээд хувийн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн. Хохирогч нарын баримттай гарсан эмчилгээний зардал 800.000 төгрөг болсон. Дараа нь наадмын өмнө хохирогч хоёулаа зохицъё гээд 7 сая төгрөг өгвөл гомдол саналгүй гэсэн тодорхойлолт гаргаж өгье гэсэн. Би мөрдөн байцаалтын шатанд энэ мөнгийг байцаагчид өгч хохирогч гомдол саналгүй тухай баримт гаргаж өгсөн. Би үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Нялх хүүхдэд хүнд гэмтэл учруулсан тул харамсаад барахгүй байна. Гэмтлийн эмч хүүхдийг үзээд дагз ясны шугаман хугарал бөгөөд хугарал нь зөрүүгүй, үзүүр хавиараа цуурсан гэж хэлсэн. Энэ гэмтэл нь сарын дараа бороолоно гэсэн. Дараа нь охиныг дахин томографид харуулахад цуурал байхгүй байна гэсэн гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эрдэнэцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “… 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 12 цаг 50 минутын орчимд охин Цолмон-Эрдэний хамт гэрээсээ гараад 16 дугаар хорооллын автобусны буудлын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо зам хөндлөн гарч явахад баруунаас зүүн тийшээгээ явж байсан машин миний зүүн гар талаас мөргөж охин бид хоёр унах шиг болсон. Яг юу болсоныг санахгүй байна. Нэг ухаан ороход нэг хүн намайг түшиж байх шиг байсан. Би охиноо асуухад манай нөхөр “охин энд байна” гэж хэлж байсан. Түргэн ирээд охин бид хоёрыг нөхрийн хамт авч явсан. Гэрэл дохио байхгүй, явган хүний гарцтай байсан. Би явган хүний гарцаар зам хөндлөн гарах гэхэд 1 дүгээр эгнээнд явсан машин явган хүний гарцны урд зогсхоор нь би явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан. Намайг мөргөсөн машин 2 дугаар эгнээгээр 1 дүгээр эгнээнд зогсож байсан машины хажуу талаар нь орж ирээд мөргөсөн. Би ухаан алдсан байсан. Ослын дараа миний толгой эргээд байсан. Гомдолтой байна хүүхдийнхээ болон өөрийнхөө эмчилгээний гарах зардлыг буруутай жолоочоос нэхэмжилнэ. Охин байнга уйлагнаад байгаа эмчилгээ хийлгэх шаардлагатай байна /хх-11-12/ гэжээ.

 

Хэргийн газрын үзлэгийг тэмдэглэл, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт. “...анх хүүхэд тэвэрч явсан хүн мөргүүлсэн гэх цэгийг жолоочоор заалган А цэгээр, хүн унасан гэх цэгийг мөн адил Б цэгээр, хүүхэд унасан гэх цэгийг мөн адил заалган Б1 үсгээр тэмдэглэж, явган хүний гарцын өргөн 4,0м байв. Жолоочийг драгер багажаар шалгахад 0,00% гарсан болно. Тоормосны мөр илрээгүй, автомашины урд шил хагарсан, копут буфер хонхойсон байв” /хх-4-8/

 

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 8873 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Ц.Цолмон-Эрдэний биед дагзны ясны шугаман хугарал, тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. 1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна /хх-24/ гэжээ.

 

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 8871 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Ж.Эрдэнэцэцэгийн биед зулайн хуйханд шарх, зүүн гуянд цус хуралт, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-32/ гэжээ.

 

2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 374 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэд:

1. 89-50 УНП улсын дугаартай Тоёото Ист маркийн автомашины жолооч Э.Эрдэнэбаяр нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Ж.Эрдэнэцэцэг, Ц.Цолмон-Эрдэнэ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна. /хх-34-35/ гэжээ.

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2043 дугаартай Ц.Цолмон-Эрдэний өвчний түүх /хх-26-30/

 

Ц.Цолмон-Эрдэний гэрчилгээний хуулбар /2016 оны 02 дугаар сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн /хх-11-12/

 

Гэрч Л.Баасан мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би яг осол хэргийг хараагүй, осол болсон байхыг хараад 102-т утсаараа дуудлага өгсөн. Жижиг суудлын автомашин байсан, жолооч нь эмэгтэй хүн байсан. Замаар машины хөдөлгөөн дунд зэрэг байсан, гэрэл дохио байдаггүй, явган хүний гарцтай” /хх-19/ гэжээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан Э.Эрдэнэбаярыг сэжигтэн, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд /хх-46-47/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-6/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-8/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг /хх-11-12/, шүүх эмнэлэгийн 8873 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-24/, шүүх эмнэлэгийн 8871 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-32/, техникийн шинжээчийн 374 дугаартай дүгнэлт /хх-34-35/, хохирогч Ц.Цолмон-Эрдэний төрсний гэрчилгээний хуулбар /хх-14/, гэрч Л.Баасанийн мэдүүлэг /хх-19/, өвчний түүх /хх-26-30/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-51/, ял шийтгэлийн тэмдэглэл /хх-60/, шүүгдэгчийн хувийн байдлын баримтууд /хх-72-73/, бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-75/, мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-74-76/ зэрэг нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

 

    Шүүгдэгч Э.Эрдэнэбаяр нь 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр 16 дугаар хороололын автобусны буудлын явган хүний гарцтай замд 89-50 УНП улсын дугаартай Тоёота Ист маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Эрдэнэцэцэгийг мөргөж тэвэрч явсан хүү Ц.Цолмон-Эрдэний биед хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн актууд, Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, фото зургийн үзүүлэлтүүд, авто техникийн шинжээчийн дүгнэлт болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Э.Эрдэнэбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Э.Эрдэнэбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас осол гаргаж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эрдэнэцэцэг эмчилгээний зардалд 800.000 орчим төгрөг гарсныг тухайн бүрт нь шүүгдэгч төлж барагдуулсанаас гэм хорын хохиролд 7.000.000 төгрөг бэлнээр хүлээн авч цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч Э.Эрдэнэбаярыг бусдад учруулсан гэм хорын хохирлоо бүрэн барагдуулсан гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан шүүхээс оногдуулах хорих ялыг тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Гүр овогт Энхтуяагийн Эрдэнэбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэбаярыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэбаярт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Э.Эрдэнэбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В ангилалын 484417 тоот үнэмлэхийг замын цагдаагийн газрын лицензийн төвд хүргүүлсүгэй

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэбаярт оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

8. Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Эрдэнэбаярт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                            

 

 

ДАРГАЛАГЧ                                   С.ОЮУНГЭРЭЛ