Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 544

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Т.Ц, Ө.З, М.Т

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: И.Д.Ш

Нэхэмжлэлийн шаардлага: “...” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, өмгөөлөгч Э.Н, Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Ц, Ө.З, М.Т нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... талбайг өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө гэж 2009 оны 03 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлийн ... дугаарт бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан байдаг.

БНСУ-ын иргэн И.Д.Ш өмчлөлд бүртгэгдсэн 47 дугаар байрны зоорийн давхрын 405 мкв талбай бүхий хэсэгт Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт заасан орон сууцны байшингийн даацын хана, багана, доод хонгил, цахилгаан болон явган шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг зэрэг эд хөрөнгүүд байрладаг болно. 

Нэхэмжлэгч нарын хувьд дундын өмчлөлийн эд хөрөнгийн хэвийн үйл ажиллагааг хангахад Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар цахилгаан шат, ус болон цахилгааны гэмтэл, доголдол, осол гарсан тохиолдолд тухайн объектод нэвтэрч орох боломжгүй, өөрчлөх, засвар хийх боломжгүй, цаашлаад Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна.

Нэхэмжлэгч нарын зүгээс улсын бүртгэлийн ерөнхий газарт 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хандаж гомдол гаргасан боловч 2018 оны 05 өдөр 28-ны өдрийн 7/4345 дугаар албан бичгээр шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариуг ирүүлсэн. 

Иймд нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашиг сонирхол дээр дурдсан байдлаар хөндөгдөж байгаа гэж үзэж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу БНСУ-ын иргэн И.Д.Ш /.../-ы нэр дээрх ... талбай бүхий улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

    Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “... хэмжээгээр улсын бүртгэлд бүртгэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... талбайтай үйлчилгээний зориулалттай талбайг иргэн И.Д.Ш тус байгууллагад гаргасан мэдүүлэг, өргөдөл, И ХХК-ийн албан бичиг, захиалгын гэрээ, фото, план зураг, улсын комиссын акт болон бусад нотлох баримт зэргийг үндэслэн 2009 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205031310 дугаарт бүртгэн өмчлөх эрхийн 0000******* тоот гэрчилгээ олгосон болно. Уг бүртгэлд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заагдсан мэдүүлэг буцаах үндэслэл байхгүй байна.

2014 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн иргэн Т.Ц болон И.Д.Ш нарын өргөдлийн дагуу урьдчилсан тэмдэглэл хийгдсэн байна. Дээрх хувийн хэргийн нотлох баримтуудаас харахад дээрх бүртгэлүүд нь холбогдох хууль журмын дагуу хийгдсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн 15.1.1 -д зааснаар доод хонгил дээвэр, дээврийн хонгил цахилгаан болон явган шат, сууцны бус зориулалттай техникийн өрөө зэрэг тухайн айлын гадна байрлах нийтийн эзэмшлийн талбайг дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахаар заасан байна. Иймээс нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаас өөрөө тайлбарлагдах буюу тухайн өмчлөгчийн хэсэгт хамаарахгүй нийтийн өмчлөлийн хэсгийг ойлгохоор байгаа тул энэ дээрх эд хөрөнгийн талбайг бүртгэхэд ашиглагдах хууль биш юм. Иймээс дээрх хуулийн заалт хамааралгүйн дээр зөрчигдөөгүй байна. 

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.40-д заасан “Тэг тэнхлэг нь” тухайн зүйлд барилга байгууламжийн үндсэн хэмжээ, түвшнийг улсын геодезийн сүлжээнд холбосон газар дээрх тэмдэглэгээг ойлгоно гэж тайлбарласан байна. Иймээс геодезийн сүлжээнд холбосон газар дээрх тэмдэглэгээг улсын бүртгэлийн байгууллага бүртгэл ашигладаггүй тул дээрх зүйлийг зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.

Олон нийтийн иргэний барилгын норм дүрэм БНбД /31-03-03/ -ийн Заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1 дэх хэсэгт “барилгын нийт талбай нь тухайн барилгын бүх давхруудын (техникийн мансардын, хаяавчийн газар доорх давхруудыг оролцуулан) талбайн нийлбэр болно” гэж зааснаар барилгын нийт талбайн хэмжээг тодорхойлох аргачлалыг заасан тул энэ зүйлийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин ч энэ зүйлд зааснаар хэмжвэл тус бүртгэлийн хэмжээ бүр ч нэмэгдэхээр харагдаж байна. Иймд дээрх хууль болон журмын дагуу манай байгууллага бүртгэлийг бүртгэсэн байх бөгөөд тус бүртгэл нь хууль ёсны байхаас гадна бүртгэлийг журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд И.Д.Ш итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б ижил байр суурьтай байгаа тул  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Ц, Ө.З, М.Т нарын Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “...” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэлээ.

БНСУ-ын иргэн И.Д.Ш 2009 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ... оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэгтээ хөрөнгө оруулах гэрээ, “И” ХХК-ийн тодорхойлолт зэрэг баримтыг хавсаргасныг үндэслэн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэж 0000******* дугаартай гэрчилгээ олгожээ.

Нэхэмжлэгч Т.Ц ... м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн;

Нэхэмжлэгч Ө.З ... талбайтай, .. үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн;

Нэхэмжлэгч Ө.З ... талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч бөгөөд “...БНСУ-ын иргэн И.Д.Ш өмчлөлд бүртгэгдсэн ... талбай бүхий хэсэгт Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт заасан орон сууцны байшингийн даацын хана, багана, доод хонгил, цахилгаан болон явган шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг зэрэг эд хөрөнгүүд байрладаг, нэхэмжлэгч нарын хувьд дундын өмчлөлийн эд хөрөнгийн хэвийн үйл ажиллагааг хангахад цахилгаан шат, ус болон цахилгааны гэмтэл, доголдол, осол гарсан тохиолдолд тухайн объектод нэвтэрч орох боломжгүй болж эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ. 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараах эд хөрөнгө хамаарна:

15.1.1.орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээших бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө;” гэж заажээ. 

Тус хэрэгт томилогдсон шинжээчийн дүгнэлтээр ... талбайг барилга байгууламжийн үндсэн хэмжээгээр тооцсон нь ... болох нь тогтоогдож байна.  

Дээрхээс үзвэл 2009 онд БНСУ-ын иргэн И.Д.Ш өмчлөгчөөр бүртгүүлсэн ... талбайн хэмжээг буруу тооцон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д “Сууц өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчилнө” гэж заасныг зөрчсөн байна.

Улсын бүртгэлийн ерөнхий (2009 оны) хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д ”Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан улсын бүртгэлтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн тухай (2003 оны) хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийн улсын бүртгэлтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ” гэж зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3,  106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, Улсын бүртгэлийн ерөнхий (2009 оны) хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн тухай (2003 оны) хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг тус тус баримтлан Т.Ц, Ө.З, М.Т нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “... хэмжээгээр улсын бүртгэлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Н.ДАМДИНСҮРЭН