Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 242

 

 

 

 

 

 

 

 

 

 

    Г.Лхагважавт холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

прокурор Ю.Батсүх,

шүүгдэгч Г.Лхагважавын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ю.Батсүхийн бичсэн 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 11 дугаартай эсэргүүцлээр Г.Лхагважавт холбогдох эрүүгийн 201725012033 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Мөнхдалай овгийн Ганбаатарын Лхагважав, 1970 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 18-22 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ШЗ70081910/;

1. 1985 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн б-д зааснаар 2 жилийн хорих ялаар,

2. 1988 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хорих ялаар,

3. 1990 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 1, 239 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийт 7 жилийн хорих ялаар,

4. 1997 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2-д зааснаар 6 сарын хорих ялаар,

5. 2002 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4, 240 дүгээр зүйлийн 3, 211 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийт 10 жилийн хорих ялаар,

6. 2004 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн хорих ялаас 4 жил 11 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 10 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, 2011 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан.

 

Г.Лхагважав нь 2017 оны 5 дугаар сарын 12-ноос 23-ны хооронд Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1-27 тоотод байрлах иргэн Т.Оюунбаярын байшинд хууль бусаар нэвтэрч, халаалтын 11 ширхэг паар хулгайлж, 3,810,000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Г.Лхагважавын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Лхагважавыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Г.Лхагважавыг 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Лхагважавт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Лхагважавын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 54 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 18-22 тоотод оршин суух /РД:Ш370081910/ Мөнхдалай овгийн Ганбаатарын Лхагважаваас 1,860,000 төгрөгийг гаргуулж, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 2-27-211 тоотод оршин суух, /РД:РЭ73020102/ Тулгаагийн Оюунбаярт олгож, шүүхийн шийдвэр нь уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдаж, давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Лхагважавт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэжээ.

 

Прокурор Ю.Батсүх бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт “...Эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр ...Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заажээ.

Гэтэл шүүх, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахдаа хуульд заасан нэмэгдэл ял хэрэглэх эсэхийг шийдвэрлэлгүй орхигдуулсныг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн.

Шийтгэх тогтоолын тэмдэглэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн гэж буруу бичсэн байна...” гэв.

 

Шүүгдэгч Г.Лхагважавын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Манай үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хохирлын хувьд 30 литр паарны шингэн асгарсан гэдэг нь тогтоогдоогүй. Учир нь хэргийн газрын үзлэгийн фото зургаас их хэмжээний паарны шингэн асгарсан гэсэн ул мөр байдаггүй.

Орон байранд нэвтэрсэн гэмт хэрэг нь хоёроос найман жилийн хорих ял оногдуулахаар заасан хүнд гэмт хэрэг. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, гэм буруутайд тооцох нь манай үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал нь хөнгөрч байгаа учир 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж шийдвэрлэсэнтэй санал нэг байна.

Прокурорын эсэргүүцэлд “нэмэгдэл эд хөрөнгө хураахыг хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй гэж шүүх дүгнэсэн” гэж байна. Энэ нь нэг талаасаа өөрчлөлт оруулах нь зөв боловч нөгөө талаасаа 2015 оны Эрүүгийн хуульд нэмэгдэл ял байхгүй учраас давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэж, зөвтгөж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүх Г.Лхагважавт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

 

Г.Лхагважав нь 2017 оны 5 дугаар сарын 12-ноос 23-ны хооронд Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1-27 тоотод байрлах иргэн Т.Оюунбаярын байшинд хууль бусаар нэвтэрч, халаалтын 11 ширхэг паар хулгайлж, 1,860,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

эзгүй байхад нь байшингаас нь 11 ширхэг халаалтын паар алдагдсан талаар мэдүүлсэн хохирогч Т.Оюунбаярын мэдүүлэг /хх 31-32/,

хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Г.Лхагважавын “...тэр байшингийн угсарсан паарнуудыг залгаасаар нь салгаж, нэг нэгээр нь цонхоор гаргаж, хашааны том хаалганых нь үзүүр дээр тавьж байгаад цагаан өнгийн Портер автомашинд гар өргөж зогсоогоод 20,000 төгрөг өгч 100 айлын барилгын материалын дэлгүүрт хүргүүлэн, хулгайлсан паарнуудаа 450,000 төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлэг /хх 34/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд тэнцсэн 1 ширхэг гарын мөр нь 11 удаа 3 өөр нэрээр бүртгэгдсэн Ганбаатар овогтой Лхагважав гэгчийн баруун гарын долоовор хуруугаар үүсгэгдсэн мөр байна...” гэсэн 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 3206 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 36- 42/,

паарнуудыг хоолойноос салгаж авсан байдлыг бэхжүүлсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 16-21/,

хулгайлагдсан 11 ширхэг паарны үнэлгээ /хх 46/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч Г.Лхагважавын үйлдсэн гэмт хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх цаг хугацаанд 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд уг хуулиар орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд оногдуулах ялыг хүндрүүлэн тогтоосон байх тул гэмт хэрэг үйлдэх цаг хугацаанд дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж заасанд нийцсэн байна.

 

Шүүгдэгч Г.Лхагважавын 2017 оны 5 дугаар сарын 12-ноос 23-ны хооронд бусдын орон байранд хууль бусаар нууцаар нэвтэрч халаалтын 11 ширхэг паарыг хулгайлсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “...Бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг ...орон байранд нэвтэрч үйлдсэн...” гэмт хэргийн шинжтэй байна. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ. 

 

Хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар Г.Лхагважав  150,000 төгрөгийн үнэлгээ бүхий хүүхдийн тоглоом, мөн 11 ширхэг паарыг хулгайлахдаа дотор нь байсан 1,800,000 төгрөгийн үнэлгээ бүхий 300 литр зориулалтын шингэнийг асгасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн Г.Лхагважаваас 11 ширхэг паарны үнэ болох 1,860,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.  

 

Г.Лхагважавт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирчээ.

 

Харин анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “...эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр...” гэсэн нэмэгдэл ялын асуудлыг хянан шийдвэрлээгүй орхигдуулжээ. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр бичсэн прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байх тул эсэргүүцлийг хүлээн авч, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Прокуророос Г.Лхагважавын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн байхад шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт “...Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн...” гэж буруу бичсэн алдааг гаргасныг анхааруулан тэмдэглэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Г.Лхагважавыг 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Г.Лхагважавыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ