Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 159/ШЦТ/2017

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю Энхмаа даргалж,

-  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,  

- улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,

  • шүүгдэгч Б.П нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Б.Пмд  холбогдох Эрүүгийн 201719000295 тоот хэргийг 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.П нь Төв аймгийн Аргалант сумын Аргалын уул 1-р багийн нутагт 2017 оны 05 сарын 01-ний өдөр иргэн С.Мэндбаярыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Шүүгдэгч Б.П нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогч С.Мэндбаярын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “..2017 оны 05-р сарын 01-ний өдөр сумын төв орж ирээд хаан банкны гадаа Пүрэвнямтай таарсан. Пүрэвнямын сууж ирсэн машинд нэг шил рахи уусан. Тэгээд Пүрэвням яваад өгсөн би шатахуун түгээх газар руу явж байгаад Ганболд машинтай хүмүүстэй архи ууж байхаар нь очсон. Удалгүй Пүрэвням ирж тэнд нэг шил архи уусан. Архи ууж байхад Пүрэвням, Ганболдтой хэрэлдэж маргалдахаар нь Пүрэвнямыг салгах гэтэл намайг түлхэж газар унагахаар нь босож ирээд Пүрэвнямын шилэн хүзүүн дээр нь нэг удаа гараараа цохиж аваад би явлаа гээд ирсэн машиндаа суугаад яваад өгсөн. Сумын урд талын овоон дээр очиж машин унтарчихаад асахгүй болохоор нь уулын энгэрт очоод хэвтэж байтал Пүрэвням араас ирээд надтай хэрэлдэж маргалдаж байгаад миний толгой руу 2 удаа өшиглөж авсан. Тэгэхээр нь Пүрэвнямаа чи намайг мөнгөндөө тааруулж зодоорой гэж хэлсэн. Тэр хооронд сумын төвөөс машин ирэхээр нь машинаа чирүүлж асаагаад Пүрэвнямтай хамт Баярхүү ах машинаа жолоодоод сумын төв рүү явсан...” гэх мэдүүлэг /хх-13 тал/

 

Гэрч П.Анхбаярын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “.. 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Пүрэвням сумын төв яваад өгөөч гэж гуйхаар нь эхнэр хүүхдийн аваад сумын төв орсон.... Ганболд, Пүрэвням хоёр хэрэлдэж маргалдаж байгаад зодолдсон. Тэр үед Мэндбаяр ах чи миний найзыг зодлоо гээд Пүрэвнямыг цохиж унагаасан. Тэнд байсан хүмүүс нөгөө 3-г салгаж аваад тал тал тийшээ тараад явсан. Сумын зүүн талын даваа давтал Мэндбаяр ах Портер машинтай халзан толгойтой настай хүнтэй хамт зогсож байсан. Тэгсэн Пүрэвням машиныг зогсоогоод Мэндбаяр ах дээр очоод тэр хоёр хэрэлдэж, маргалдаж байгаад Мэндбаярын толгой руу Пүрэвням хоёр удаа өшиглөөд хагласан..”  гэх мэдүүлэг /хх-16 тал/,

 

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №252 дугаар дүгнэлтэнд

-      С.Мэндбаярын биед тархи доргилт, духанд шарх зулгаралт, баруун зүүн нүдний зовхи, цээж, зүүн шуу, баруун зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-  Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1-ээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна.

- Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-18 тал/,

 

  • шүүгдэгч Б.Пыг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-24 тал/, 2017 оны 05 дугаар сарын 12ы өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-27-28 тал/,
  • Шүүгдэгч Б.Пын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг шалгахад “үгүй” гэх тэмдэглэл /хх-29 тал/ зэргийг яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Пыг Төв аймгийн Аргалант сумын Аргалын уул 1-р багийн нутагт 2017 оны 05 сарын 01-ний өдөр иргэн С.Мэндбаярыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Мэндбаярын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн “..Архи ууж байхад Пүрэвням, Ганболдтой хэрэлдэж маргалдахаар нь Пүрэвнямыг салгах гэтэл намайг түлхэж газар унагахаар нь босож ирээд Пүрэвнямын шилэн хүзүүн дээр нь нэг удаа гараараа цохиж аваад би явлаа гээд ирсэн машиндаа суугаад яваад өгсөн. Сумын урд талын овоон дээр очиж машин унтарчихаад асахгүй болохоор нь уулын энгэрт очоод хэвтэж байтал Пүрэвням араас ирээд надтай хэрэлдэж маргалдаж байгаад миний толгой руу 2 удаа өшиглөж авсан...” гэх мэдүүлэг, шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №252 дугаар дүгнэлтэнд С.Мэндбаярын биед тархи доргилт, духанд шарх зулгаралт, баруун зүүн нүдний зовхи, цээж, зүүн шуу, баруун зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо, Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1-ээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт, гэрч П.Анхбаярын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг болон шүүгдэгч Б.Пын хэрэг бүртгэлтийн болон шүүхийн шатанд хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу шүүхийн шатанд хохирогч С.Мэндбаяр нь шүүгдэгч Б.Птай сайн дураараа эвлэрсэн, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтын талаар:

Шүүгдэгч Б.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1 4, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                             

                                                        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Пмыг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Мэндбаяр нь шүүгдэгч Б.Птай сайн дураараа эвлэрсэн байх тул Б.Пд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Б.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар болон шүүгдэгчийн иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

4 Б.Пд авсан оршин суугаа газраасаа гадагш явахгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

  1. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Б.Пд урд авсан оршин суугаа газраасаа гадагш явахгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ю.ЭНХМАА