МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг
-улсын яллагчаар Ц.Батбямба
-шүүгдэгч М.О, Г.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчу овогтой Гансүхийн Ганбаяр, Боржигон овогтой Мөнгөлөгийн Отгонхүү нарт холбогдох эрүүгийн 1834004660328 тоот хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч М.О, Г.Г нар нь бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн нутаг “Сайханы ам” гэх газар иргэн Ц.Лыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч нарын мэдүүлэг:
- Шүүгдэгч М.О нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй, гэм буруу дээр маргахгүй ” гэв.
- Шүүгдэгч Г.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас
- Хохирогч Ц.Лын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн нутаг “Сайханы ам” гэх газар мориндоо ажил хийгээд явж байсан чинь Отгонхүү буюу Шар, Ганбаяр буюу Бүлтүүш нар Сувдаа гэх айлын гадаа ирсэн байсан. Тэгээд намайг нааш ир гэхээр нь би моринд ажил хийж байсан. Тэгсэн Отгонхүү пизда чинь их зан гаргаад гэсэн чинь Ганбаяр пиздаг алаач гэж хэлсэн чинь Отгонхүү ирээд миний мөр рүү гараараа цохисон, хажуунаас миний гуя руу хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь би зөрүүлээд Отгонхүүгийн цээж рүү гараараа цохисон чинь Чимгээ, Сувдаа, Дуламсүрэн нар бид нарыг салгасан. Тэгээд би цаашаа явж байтал араас Отгонхүү миний ар дагз руу сүхээр цохисон. Нэг мэдэхэд Чимгээгийн гэрт байсан. Тэгээд намайг эмнэлэг аваад Борнуур сумын төв руу явсан. Миний баруун мөр лүү Отгонхүү гараараа нэг цохисон, Ганбаяр миний гуя руу хөлөөрөө нэг өшиглөсөн, хоёр, гурван удаа хавирч унагаасан. Өөр намайг цохиогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 тал/
- Гэрч Ц.Лгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 17 цагийн орчим найз Бүлтүүш надруу утсаар залгаад 92-ын тийшээ айлаас ямаа аваад ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь би Бүлтүүшийг гэрийх нь хажууд байхад ирсэн Бүлтүүш ганцаараа халамцуу зогсож байсан. Тэгээд хажуу талын байрнаас Отгонхүү эхнэрийн хамт гарч ирсэн тэгээд бид нар миний машинтай бид 4 колонкоос газ хийгээд Бамбарууш ороод надаас бусад нь буугаад 0.76 граммын нэг шил архи бас нэг ундаа аваад ирсэн тэгээд 92 ороод Отгонхүү нэг хүнээс морь авсан Отгонхүү мориор явж найзыгаа хайна гэсэн бид 3 Борнуур сумын төв ороо,с манай найз охин Нямцэндийг аваад буцаад 92 гэх газарлуу явсан тэндээсээ Бүлтүүш хүний мотоцикль гуйж унаад Отгонхүүг олж ирсэн тэгээд Бат-ирээдүйгийнд бид нар бөөнөөрөө очоод нөгөө ганц шил архиа уугаад Бат-ирээдүй ямаа шарна гэж хэлсэн байсан тэгтэл Отгонхүү эхнэртэйгээ хол очоод хэрэлдээд байсан тэгсэн эхнэр нь яваад яваад өгсөн тэгсэн араас Отгонхүү очоод эхнэрээ аргадаад байсан тэгсэн эхнэр чигээрэз яваад өгсөн тэгтэл Манай найз охин уурлаад явье гэсэн тэгээд гайз охин дээр нь очоод суу гэтэл суухгүй байсан тэхээр нь нөхөр дээр нь очоод эхнэрээ аваа бид нар явлаа гэж хэл гээд Бүлтүүшийг буулгасан Бүлтүүш буугаад Отгонхүү 2 мотицклоо түрээд асаах гэсэн мотоцикль нь харин асаагүй тэгтэл Улаанаа цаанаас гэрийн хойноос морио хөтлөөд ирж байсан тэгээд тэд нар уулзаж байсан тэгээд Улаанаа наашаа уяан дээрээ иртэл Отгонхүү араас нь мотоциклио хаяад ирсэн уяан дээр ирээд Отгонхүү Улаанаад хандаж та одоо хүн мэндэлж байхад мэнд усгүй урдаас пиздаа наахуу гэж хэллээ гэж хэлсэн тэгсэн Улаанаа завгүй явж байгаа биз дээ гэж чамд хэлээ биздээ гэж хэлсэн удалгүй тэр хоёр заамдалцсан Отгонхүү Улаанааг толгойгоороо мөргөөд авсан Улаанаа Отгонхүүг хөлөөрөө жийгээд унагасан тэгээд дахиад барьцалдаж аваад Отгонхүү Улаанааг доороо хийхээр нь би дээрээс нь татаад авсан цаанаас Бүлтүүш гүйж ирсэн Улаанаа Бүлтүүшийг тонгороод доороо хийгээд цохиод байхаар нь би гүйж очоод Улаанааг татаж аваад Бүлтүүшийг машин дээрээ аваачсан, удалгүй Улаанаа босож ирээд тугалны хашааны тийшээ явсан араас нь Отгонхүү гүйж очоод замаасаа сүх бариад далайтал сүх нь сугараад унасан тэгтэл Улаанаа урдаас нь шургааг бариад мөрлүү нь нэг цохиод авсан. Тэгсэн Отгонхүү шургаагийг нь барьж аваад булаагаад авхаар нь би гүйж очоод Отгонхүүгээс шургаагийг булааж авсан...” гэх мэдүүлэг \хх-ийн 17-18 тал\
- Гэрч Т.Нямцэндийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 06 сарын сүүл 7 сарын эхээр санагдаж байна, яг өдрөө санахгүй байна Төв аймгийн Борнуур сумын нутагт голын эрэг дээр найз залуу Лхагвасүрэн болон хүү 2 настай Жавхланбилэгт бид гурав машин угааж байсан юм. Тэр үед Ганбаяр Лхагвасүрэнг дуудсан. Бид гурав Ганбаяр, Отгонхүү, Баярцэцэг нар дээр 36 гэх газар очсон. Тэр гуравыг машиндаа суулгаад Борнуур сумын 92 гэх газар луу ямаа авах айлруу явсан. Тэгээд айлаа олохгүй явсаар Сайхан гэх газарт очсон. Тухайн газарт Отгонхүүгийн найз Батуушка гэх галуугийн гэрт орсон. Тэр үед Батуушка, Отгонхүү, Ганбаяр нар 1 шил 750 граммын хараа архи уусан. Тэр үедээ Отгонхүү нь найз охин Баярцэцэгтэй хэрэлдсэн. Удаагүй Баярцэцэг доош ганцаараа алхаад явсан. Хойноос нь Отгонхүү айлын мотоцикл унаад явсан. Лхагвасүрэн, Ганбаяр, Жавхланбилэгт бид дөрөв араас нь явсан. Отгонхүү нэг айлын гадаа Улаанаа гэдэг ахтай муудалцаад зогсож байсан. Ганбаяр бууж очоод хоорондоо зодолдоод явсан. Тухайн айлын гадаа тугалын зэлэн дээр хүртэл зодолдоод байсан. Манай найз залуу Лхагвасүрэн бууж очоод Ганбаярыг салгаж авсан. Отгонхүү буцаад нөгөө айлруу яваад өгсөн. Бид дөрөв төврүү орох гээд явсан. Удаагүй араас сумын цагдаа ирээд Ганбаярыг аваад явсан... түлээн дээрээс нь сүх аваад Лхагвабаярын хойноос хөөсөн. Тэр үед Улаанаа буюу Лхагвабаяр тугалын зэлэн дээр очоод шургааг мод авч барьсан. Ямар ч байсан Лхагвабаяр Отгонхүүг шургааг модоор нэг удаа цохисон... Отгонхүү Лхагвабаярыг сүхний ишээр толгойн тус газар нь нэг цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/
- Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №401 тоот “...Ц.Лын биед тархи доргилт, хамар, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн зовхи, хамар, дагзны хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 25 тал\
- Шинжээч эмч Э.Дэлгэрхүүгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Хохирогч Ц.Лын биед учисран гэмтлүүд нь тус бүрдээ нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлин хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй..” гэх мэдүүлэг /хх-34 тал/
- Шүүгдэгч М.Огийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би Улаанаа гэх ахтай сайн уу ах , сайхан зусаж байна уу гэж мэндэлсэн. Тэр үед Улаанаа мориндоо ажил хийж байна, завгүй байхад юу хийж байгаа юм пиздаанууд гэж хэлсэн. Тэр үед Бүлтүүш гэж дууддаг Ганбаяр нь Улаанаатай маргалдаад дээр, дороо ороод зогсож байсан. Би очоод Улаанааг гараараа мангасдаж түлхээд хөлөөр өшиглөж, хавираад газар унагаасан. Гэрээс хүмүүс гарч ирээд салгасан. Тугалын хашааны хажууд очих үед Ганбаяр араас ирээд Улаанаатай дахин хэрүүл хийсэн. Лхагвабаярыг зодох санаа зорилго байхгүй, маргаж байгаад зодоон болсон. Ганбаяр нь Лхагвабаярыг 2-3 удаа хөлөөрөө өшиглөж, хавсарч унагаж байсан, Тухайн үед газар хэвтэж байсан сүхний иш мод байхаар нь хойноос нь нуруу болон толгой хэсэгт нь цохисон юм. Би хохирлыг барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 тал/
- Шүүгдэгч Г.Гын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: "... Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр найз Отгонхүү болон түүний эхнэр Баярцэцэгтэй хамт хөдөө Төв аймгийн Борнуур сумын Сайхан гэх газар Отгонхүүгийн найз Баярцэцэгийнд очсон. Хохирогч гэх залуу морь хөтөлсөн ирж байсан. Би түүнтэй сайн байна уу гэж мэнд мэдэхэд завгүй байна пизда гэж хэлээд морьдоо хөтлөөд дээш уяа руугаа явсан. Тэр үед Отгонхүү яаж харьцаад байгаа пизда вэ гээд араас нь гүйсэн. Би бас араас нь очиход Отгонхүү, хохирогч гэх Улаанаа гэж дууддаг жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна, хоорондоо ноцолдоод, цохилцож байсан. Би боль гээд салгах гэхэд хохирогч намайг нэг шанаадсан. Тэгэхээр нь би зөрүүлээд нэг удаа гуя руу нь өшиглөсөн. Манай найз намайг чирч аваад болиулсан. Тугалын хашааны хажууд шургааг байсан түүгээр цохисон...” гэх мэдүүлэг /хх-47-48 тал/
- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол \хх-ийн 41,45 талууд\
- Шүүгдэгч М.Огийн урьд нь ял шийтгүүлж байсан талаарх шийтгэх тогтоолын хуулбарууд \хх-ийн 63-96 талууд\ зэрэг болно.
Шүүгдэгч Г.Г, М.О нарын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийн яллагдагчаар хохирогч гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.О, Г.Г нар нь бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн нутаг “Сайханы ам” гэх газар иргэн Ц.Лыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн шүүгдэгч М.Огийн: “...Би Улаанааг гараараа мангасдаж түлхээд хөлөөр өшиглөж, хавираад газар унагаасан...Ганбаяр нь Лхагвабаярыг 2-3 удаа хөлөөрөө өшиглөж, хавсарч унагаж байсан...сүхний иш мод байхаар нь хойноос нь нуруу болон толгой хэсэгт нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Г.Гын: "...би нэг удаа гуя руу нь өшиглөсөн...Тугалын хашааны хажууд шургааг байсан түүгээр цохисон...” гэх мэдүүлэг /хх-47-48 тал/, хохирогч Ц.Лын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр...Отгонхүү ирээд миний мөр рүү гараараа цохисон, хажуунаас миний гуя руу хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь би зөрүүлээд Отгонхүүгийн цээж рүү гараараа цохисон...миний баруун мөр лүү Отгонхүү гараараа нэг цохисон, Ганбаяр миний гуя руу хөлөөрөө нэг өшиглөсөн, хоёр, гурван удаа хавирч унагаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 тал/, гэрч Т.Нямцэндийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Отгонхүү нэг айлын гадаа Улаанаа гэдэг ахтай муудалцаад зогсож байсан. Ганбаяр бууж очоод хоорондоо зодолдоод явсан...Отгонхүү Лхагвабаярыг сүхний ишээр толгойн тус газар нь нэг цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/, гэрч Ц.Лгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Отгонхүү Улаанааг толгойгоороо мөргөөд авсан Улаанаа Отгонхүүг хөлөөрөө жийгээд унагасан тэгээд дахиад барьцалдаж аваад Отгонхүү Улаанааг доороо хийхээр нь би дээрээс нь татаад авсан цаанаас Бүлтүүш гүйж ирсэн Улаанаа Бүлтүүшийг тонгороод доороо хийгээд цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №401 тоот дүгнэлт /хх-ийн 25 тал\, шинжээч эмч Э.Дэлгэрхүүгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...хохирогч Ц.Лын биед учисран гэмтлүүд нь тус бүрдээ нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлин хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй..” гэх мэдүүлэг /хх-34 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол \хх-ийн 41,45 талууд\ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.О, Г.Г нарыг Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус зүйл, хэсэг тохирсон, гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон байх тул шүүгдэгч М.О, Г.Г нарыг бүлэглэн бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэстэй байна.
Хохирогч Ц.Л нь мөрдөн байцаалтын шатанд 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүхийн шатанд баримтаар 883.930 төгрөгийн хохирлын баримт гаргасан байна. Үүнээс нотлох баримтын шаардлага хангасан 462.730 төгрөгийг шүүгдэгч М.О, Г.Г нараас хувь тэнцүүлэн гаргуулж, нотлох баримтын шаардлага хангаагүй 421.200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь хохирогч Ц.Лаас гаргаж өгсөн хохирлын баримт нь 2018.06.25-ны өдөр буюу хэрэг учрал болохоос өмнөх өдрийн он сартай, ямар гүйлгээ хийсэн нь тодорхойгүй, баримтын бичвэр хэсэг нь ойлгомжгүй, мөн хүнсний бүтээгдэхүүн худалдан авсан нь Иргэний хуулийн ерөнхий ангийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж зааснаар хохирогч Ц.Л энэ гэмт хэргийн улмаас хөнгөн хохирол авсан бөгөөд шаардлагатай нэмэгдэл хоол хүнс хэрэглэх талаарх эмнэлгийн байгууллагын тодорхойлолт хэрэгт авагдаагүй байна.
Дөрөв: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь шүүгдэгч М.Ог 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Г.Гыг 540 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 540.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.
Шүүх шүүгдэгч М.О, Г.Г нарыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн талаар мөрдөн шатнаас эхлэн маргаагүй, хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдлыг харгалзан, шүүгдэгч Т.Отгонхүү нь урд 2 удаа ял шийтгүүлж байсан энэхүү байдалдаа дүгнэлт хийгээгүй, өмнө нь үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй, дахин гэмт хэрэг үлдсэн зэргийг шүүгдэгч М.Од оногдуулах эрүүгийн хариуцлагыг ялгамжтайгаар оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Тав: Бусад асуудлаар:
Эрүүгийн 1834004660328 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.О, Г.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Г, М.О нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г 500 \таван зуу\ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 \таван зуун мянга\ төгрөгөөр торгох ялаар,
-шүүгдэгч М.Ог 540 \таван зуун дөч\ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Од оногдуулсан 540 \таван зуун дөч\ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхийг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Гыг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,
-мөн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Од оногдуулсан 540 \таван зуун дөч\ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг тус тус мэдэгдсүгэй.
- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.О, Г.Г нараас 462.730 /дөрвөн зуун жаран хоёр мянга долоон зуун гуч/ төгрөгийг хувь тэнцүүлэн 231.368 /хоёр зуун гучин нэгэн мянга гурван зуун жаран найм/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Ц.Лт олгосугай.
- Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.О, Г.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
- Хэрэгт иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.О, Г.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
- Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж М.О, Г.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА