Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2018/ШЦТ/331

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2018/0298/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Хохирогч П.Б,

Хохирогчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа,

Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н холбогдох эрүүгийн 1818005950338 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Н  суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Өндөр ээж” цайны газарт тогооч ажилтай, ам бүл 3, ээж, охины хамт Дархан-Уул аймгийн Дархан сум оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 18 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар цэцэрлэгийн хажуу талын гудамжинд П.Б “нөхөртэйгөө хардаж, хэрүүл маргаан үүсгэлээ” хэмээн маргалдаж, эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 18 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар цэцэрлэгийн хажуу талын гудамжинд П.Б “нөхөртэйгөө хардаж, хэрүүл маргаан үүсгэлээ” хэмээн маргалдаж, эрх чөлөөнд нь халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2018 оны 07 дугаар сарын 19-ний орой ажлаа тараад охинтойгоо явж байсан чинь манай охин “аав байна” гэж хэлсэн. Манай охин О, Б хоёрыг багаасаа аав, ээж гэж дуудаад сурчихсан юм. Тухайн үед О ажлынхаа гадаа зогсож байсан бөгөөд манай охиныг үнсэхэд охин минь барьж явсан наполеон тортоо ундаатайгаа О өгөөд бид 2 цаашаа харих гээд явж байтал Отгонбаярын эхнэр болох Б хүрээд ирсэн.Тэгээд нөхөртэйгөө хэрэлдэж байснаа миний хамар луу гараараа шууд цохиод миний хамарнаас цус гарсан. Тэгээд бид маргалдаж, зодолдсон.

... гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй, би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

-Хохирогч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Миний бие 2018 оны 07 дугаар сарын 19-ний орой 18 цагийн үед гэр рүүгээ явж байхад Нямцэцэг утсаар ярьчихсан, манай гудамжны үзүүрт байдаг хүнсний дэлгүүр лүү охинтойгоо орж явсан. Би тэр даруй нөхөр О гар утас руу залгаад “хаана, юу хийж байна?” гэхэд “ажил дээрээ байна, хоол унд энэ хавиараа аргалчихна” гэж хэлсэн. Би тэгээд гудамжны үзүүрт О, Н хоёрыг уулзах гэж байна уу? үгүй юу гэдгийг харах гээд нуугдсан байж байхад Нямцэцэг дэлгүүрээс гараад О ажил руу явсан. Тэгтэл О ажлаасаа гарч ирээд гудамжны өнцөг рүү яваад орсон чинь араас нь Н охинтойгоо яваад орсон. Тэгэхээр нь би араас нь гүйгээд очиход Нямцэцэг хоёр ширхэг наполеон торт, 1 ундаатай манай нөхөр О өгөөд зогсож байхаар нь би наанаас нь “хүүе, та хоёр байж бай” гээд орилтол О намайг түлхээд шууд ажил руугаа гүйгээд орсон. Н бид хоёр харилцан хэрэлдээд би Н “чи ичихгүй байна уу?” гээд заамдаад авсан чинь Н “хохь чинь, чи нөхрөө өлсгөөд байдаг юм уу? би дандаа авчирч өгдөг” гээд шууд намайг үстэж татаад мөргөсөн чинь өөрийнх нь хамраас цус гартал шууд цусаа миний нүүр рүү нулимаад намайг самардсан. Тэгээд байж байтал удалгүй манай дүү охин Б, нөхөр Б хамт мөн Н ээж О ирсэн. Тэгээд би цагдаа дуудсан.

...******* бол О холбоотой байгаа. Би гомдолтой байна. гэх мэдүүлэг,

-Зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 3/,

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт П.Б гаргасан өргөдөл /хэргийн 4-5/,

-Хэрэг үйлдэгдэх үеийн нөхцөл байдлыг бичсэн 1 ширхэг бичлэгтэй сидиг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 13/,

-Гэрч Х.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өөрийн охин Нямцэцэгтэй хамт нэг цайны газар ажилладаг. Би өдрийг нь нарийн санахгүй байна. 2017 оны 12 сарын үед Нямцэцэг нь ажлаа хийж байхдаа нэг эрэгтэй хүнтэй байнга утсаар яриад байхаар нь би сэжиглээд утсыг нь хартал О ярьсан байсан. Би О, Н хоёрыг утсаар ярьдаг гэдгийг мэдсэнээс хойш /хэзээ гэдгийг нь санахгүй байна/ толгойтод Отгонбаяртай таарахад надад хандаж “би Н амьдарч чадахгүй” гэж хэлэхээр нь би уурлаад “чи хүний удам судар битгий бузарлаад байгаарай, тийм яриа байхгүй шүү” гэж хэлээд салж байсан.

...2018 оны 07 дугаар сарын 19-ний орой 18 цагийн үед гэртээ байж байхад зээ охин Бямбасүрэн над руу залгаад “ээжийг Б эгч зодоод байна” гээд уйлахаар нь би гүйгээд очиход 3 дугаар цэцэрлэгийн гадаа Н нь Б үстээд барьчихсан, Б нь Н хувцасны энгэрээс нь зуурчихсан, Н хамраас нь цус гарсан байдалтай, хоёр биенээ хөлөөрөө өшиглөөд байж байсан. Хажууд нь Болорцэцэгийн бага дүү, нөхөртэйгөө байж байсан. Тэгээд би тэр хоёрыг салгах гээд дийлэхгүй байсан, тэр хоёр “чи тавь, би тавь” гэж байгаад салцгаасан. Тэгээд би охин Н, зээ охины хамт аваад гэртээ харьсан.” гэх мэдүүлэг /хэргийн 19/,

-Гэрч П.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед Б эгчийн утаснаас нэг эрэгтэй хүүхэд над руу залгаад “эгч чинь 3 дугаар цэцэрлэгийн гадаа Нямцэцэгтэй зодолдож байна, хүрээд ир гэнэ ээ” гэж хэлээд тасалсан. Тэгээд би нөхөр Б хамт 5 минут орчмын дараа очиход Б эгч Н энгэрээс, Н нь Б үснээс зулгаачихсан хоорондоо хэрэлдээд зогсож байсан. Тэгээд намайг салгах гээд очиход Н нь Б үснээс нь зулгаагаад тавихгүй байсан. Н нь “О бид хоёрыг тэврэлдээд хэвтэж байхад барьж ав, түүнээс наана би явалдсан гэж хэлүүлэхгүй” гээд Б үснээс нь тавихгүй байсан. Яг очих үед манай эгч Б нүүр хүзүүг нь Н маажсан, үсийг нь зулгаасан байдалтай байж байсан.” Гэх мэдүүлэг /хэргийн20/,

-Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б эгч Н зодолдоод байна гэхээр нь эхнэр Болортунгалаг бид хоёр очиход Нямцэцэг нь Болорцэцэгийн үснээс зулгаасан, Бо нь Н хувцасны энгэрээс зулгаасан хоорондоо хэрэлдээд байж байсан. Б эгчийн хүзүү, нүүрийг  маажсан бололтой нүүр нь цус болчихсон, үс нь сэгсийсэн байдалтай байсан. Манай эхнэр, бид хоёр салгах гэсэн чинь Нямцэцэг салж өгөхгүй үстээд дайраад байсан. Тэгээд бид хоёр тэднийг салгаж дийлээгүй. Н ээж ирээд мөн салгаж дийлээгүй. Цагдаа ирээд тэр хоёр салсан.” гэх мэдүүлэг /хэргийн 21/,

-Гэрч Н.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ажлынхаа гадаа байхад Н охинтойгоо явж таараад надад 2 ширхэг наполеон торт өгөөд байж байтал Болорцэцэг ирж таараад “та хоёр энд уулздаг юм уу?” гэж хардаад над руу дайрахаар нь би түлхээд ажил руугаа орсон. Би энэ хоёрын зодоон хийснийг хараагүй.

...би Н холбоотой харилцаа байхгүй, манай эхнэр хардаад байдаг юм. Уг зодоон Болорцэцэг намайг хардсанаас болсон.” гэх мэдүүлэг /хэргийн 22/,

-“…П.Б биед тархи доргилт, хүзүүний зөөлөн эдийн няцрал, дух, баруун шанаа, доод уруул, хүзүүний зүүн хэсгийн зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. П.Б биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 779 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 27/,

-Хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хэргийн 70-72, 99-107/ болон хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн баримтуудаар тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Н үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч П.Б биед “...тархи доргилт, хүзүүний зөөлөн эдийн няцрал, дух, баруун шанаа, доод уруул, хүзүүний зүүн хэсгийн зулгаралт” бүхий гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч Б.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч П.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 779 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 27/  нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтын хэмжээнд төлж барагдуулсан байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Б.Н гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 18 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар цэцэрлэгийн хажуу талын гудамжинд П.Б “нөхөртэйгөө хардаж, хэрүүл маргаан үүсгэлээ” хэмээн маргалдан эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Н гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Н нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1350000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал, ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялын 1350000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Б.Н үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Б.Н анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон.

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч  Б.Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Н 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1350000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар торгох ялын 1350000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Б.Н үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Б.Н анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Я.ТУУЛ