| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2017/0441/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/404 |
| Огноо | 2017-12-11 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2017/ШЦТ/404
2017 12 11 2017/ШЦТ/404
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан,
улсын яллагч Ц.Батбямба,
шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч П.Ганбаатар,
хохирогч С.Отгонжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн Д.Цид холбогдох эрүүгийн 1734002880157 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Архангай аймгийн Булган суманд 1992 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Ш овгийн Д.Ц
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Д.Ц нь Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Оргилуун” хүнсний дэлгүүрт 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 20 цагийн орчим худалдагч буюу хохирогч С.Отгонжаргалыг утсаараа нэг яриулаач гэж “Самсунг Жи-7” маркийн гар утсыг хуурч аван, өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авч 1.079.000 төгрөгийн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Д.Цийн:
1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч С.Отгонжаргалын:
Хоёр. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар хавтаст хэрэгт цуглуулсан, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд
2.1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч С.Отгонжаргалын:
“...Би Зуунмод сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Оргилуун" хүнсний дэлгүүрт худалдагч ажил хийж байхад 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 20 цагийн үед 25 орчим настай, шар судалтай оруулгатай куртикатай, шар үстэй залуу орж ирээд 1 ширхэг 0.5 литрийн лаазтай Боргио пиво аваад шууд гараад явсан. Удалгүй 20 цаг 40 минутын үед нөгөө залуу орж ирээд дахиад 0.5 литрийн лаазтай Боргио пиво аваад намайг утсаараа нэг яриулаач гэж гуйсан тэгэхээр нь утсаа өгсөн тэр залуу нэг дугаарт залгаад тэр дугаар нь авахгүй байна гээд би мессэж биччих үү гэж хэлсэн тэгэхээр нь тэг тэг гэж хэлсэн гэтэл одоо над руу залгах байх гээд миний утсыг бариад зогсоод байснаа үүд рүү дөхөөд байсан тэгэхээр нь би хөөе гээд араас нь дуудахад манай дэлгүүрээс гараад гүйгээд явсан би араас нь гараад хөөе утас өгөөч гээд хашгараад эмийн сангийн урдуур гүйгээд Цагдаа 90-н жил гэсэн байрны баруун талаар харанхуй гудамжаар гүйгээд алга болсон. 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр авсан хар өнгөтэй Самсунг Жи-7 маркийн гар утас ямар нэг сэв, гэмтэл байхгүй, наалт наагаагүй худалдаж аваад 3 хонож байсан. 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Мобиком салбараас 829.000 төгрөгийн лизингээр худалдаж авсан...”, “...2017 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө над руу 90526161 дугаараас чиний утсыг 150.000 төгрөгөөр ломбарданд тавьчихсан, 150.000 төгрөг төлөөд Улаанбаатар хотын Сапороогийн Баянжин ломбарднаас очоод утсаа авчих гэж мессэж бичсэн байхаар нь залгаад ярихад ломбардны хүнтэй намайг яриул гэхэд дугаарыг мартсан байна гээд надад Скайтелийн дугаар өгсөн. Тэгээд би утсаа очиж авсан...” /хх-ийн ...... дүгээр хуудас/,
2.2. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Э.Оюундарийн:
“...2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 11 цагийн үед намхан, бор залуу орж ирээд утсаа тавих гэсэн юм гээд Самсунг Жи-7 маркийн гар утас үзүүлээд ямар үнэтэй тавих талаар асуусан. Бичиг баримт байна уу гэхэд регистрийн дугаараар тавьчихъя авахдаа бичиг баримтаа үзүүлий гэж хэлэхээр нь бичиг баримтгүй хүнд үйлчлэхгүй гэхэд гараад явсан. Тэгээд цагийн дотор эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэр авч орж ирээд 14 хоногийн хугацаатай 7 хувийн хүүтэй, 150.000 төгрөгөөр үнэлэн авсан. 3 хоногийн дараа 90702278 утас руу залгаж өөр хүн очиж авах гээд байна гэж 90516262 дугаарын утсаар залгаад тэр хүнд өгчих, эмэгтэй хүн очиж авна гэж хэлсэн. Мөн ирж.авах хүнийхээ регистрийн дугаарыг өгсөн. Түүнээс хойш 3, 4 цагийн дараа утас авах гэсэн юм гэж нэг хүн яриад 158.000 төгрөгөөр гар утсаа аваад явсан.Тэр залуугийн хэлсэн овог, нэр, регистрийн дугаар нь таарсан учраас Отгонжаргалд хүлээлгэж өгсөн. Д.Ц гэдэг нэртэй хүн тавьсан...” /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
2.3. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн сэжигтэн, яллагдагч Д.Цийн:
“...Би 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр зар мэдээ уншиж байгаад жолооч ажилд авна гэсэн байхаар нь зар тавьсан хүнтэй утсаар холбогдтол би Төв аймагт ажилтай явж байна завтай бол ирээд уулзчих гэж хэлсэн тэгэхээр нь би Улаанбаатар хотоос гараад Төв аймгийн Зуунмод суманд ирээд нөгөө хүнтэйгээ утсаар ярьтал тэр хүн маань завгүй болчихлоо дараа ярьж байгаад уулзчих гэж хэлсэн. Тэгээд Төв аймгийн Зуунмод сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Оргил нэртэй хүнсний дэлгүүрт ороод 2 ширхэг лаазтай пиво авч дэлгүүрийн гадаа уугаад буцаж дэлгүүр ороод худалдагчийн нь утсыг гуйж аваад найз руугаа залгаж унааны мөнгө гуйх гээд залгатал утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь худалдагчийн утсыг Улаанбаатар хот руу авч явсан. Хотод ирээд маргааш өдөр нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотын Саппоро төвд байрлах “Буянжин” нэртэй ломбарданд 150.000 төгрөгөөр тавьсан. Мөнгөгүй болчхоод мөнгөтэй болох гэж гар утсыг нь авч явсан. Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. С.Отгонжаргалын утасыг ломбарданд тавихдаа авсан 150.000 төгрөгийг төлсөн...” /хх-ийн 32 дугаар хуудас/,
Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд
3.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
3.2. “Мобиком корпораци” ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын HL17001 дугаартай Гар утас, төхөөрөмж хөнгөлттэй болон хүүгүй зээлийн нөхцлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ /хх-ийн 25 дугаар хуудас/,
3.3. “Хан-Үнэлэмж” ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 17/05-10 дугаартай эд зүйлийн зүйлийн үнэлгээ, /хх-ийн 18-22 дугаар хуудас/,
3.4. Шүүгдэгч Д.Цийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, ял шийтгэтгэлийн тэмдэглэл /хх-ийн 33-51 дүгээр хуудас/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Д.Ц нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны орой 20 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Оргилуун” хүнсний дэлгүүрт худалдагч С.Отгонжаргалыг утсаараа нэг яриулаач гэж “Самсунг Жи-7” маркийн гар утсыг хуурч аван, өмчлөх эрхийг өөртөө шилжүүлж авсан гэмт хэрэгт холбогдсон болох нь
хохирогч С.Отгонжаргалын ...Би ...“Оргилуун" хүнсний дэлгүүрт худалдагч ажил хийж байхад 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 20 цагийн үед 25 орчим настай, шар судалтай оруулгатай куртикатай, шар үстэй залуу орж ирээд... ...намайг утсаараа нэг яриулаач гэж гуйсан тэгэхээр нь утсаа өгсөн... ...миний утсыг бариад зогсоод байснаа үүд рүү дөхөөд байсан тэгэхээр нь би хөөе гээд араас нь дуудахад манай дэлгүүрээс гараад гүйгээд явсан..., ...2017 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө над руу 90526161 дугаараас чиний утсыг 150.000 төгрөгөөр ломбарданд тавьчихсан, 150.000 төгрөг төлөөд Улаанбаатар хотын Сапороогийн Баянжин ломбарднаас очоод утсаа авчих гэж мессэж бичсэн байхаар нь... ...тэгээд би утсаа очиж авсан...,
гэрч Э.Оюундарийн ...2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 11 цагийн үед намхан, бор залуу орж ирээд утсаа тавих гэсэн юм гээд Самсунг Жи-7 маркийн гар утас үзүүлээд... ...14 хоногийн хугацаатай 7 хувийн хүүтэй, 150.000 төгрөгөөр үнэлэн авсан. 3 хоногийн дараа 90702278 утас руу залгаж өөр хүн очиж авах гээд байна гэж 90516262 дугаарын утсаар залгаад тэр хүнд өгчих, эмэгтэй хүн очиж авна гэж хэлсэн..., ...нэг хүн яриад 158.000 төгрөгөөр гар утсаа аваад явсан. Тэр залуугийн хэлсэн овог, нэр, регистрийн дугаар нь таарсан учраас Отгонжаргалд хүлээлгэж өгсөн. Д.Ц гэдэг нэртэй хүн тавьсан...,
сэжигтэн, яллагдагч Д.Цийн ...Би 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр... ...худалдагчийн нь утсыг гуйж аваад найз руугаа залгаж унааны мөнгө гуйх гээд залгатал утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь худалдагчийн утсыг Улаанбаатар хот руу авч явсан..., ...2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотын Саппоро төвд байрлах “Буянжин” нэртэй ломбарданд 150.000 төгрөгөөр тавьсан... гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, “Мобиком корпораци” ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын HL17001 дугаартай Гар утас, төхөөрөмж хөнгөлттэй болон хүүгүй зээлийн нөхцлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ, “Хан-Үнэлэмж” ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 17/05-10 дугаартай эд зүйлийн зүйлийн үнэлгээ болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч Д.Цийг бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүх шүүгдэгч Д.Цид хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос 150.000 төгрөгийг төлсөн, 258.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал зэргийг ял шийтгэлийг оногдуулахдаа хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэнссэн хугацаагаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Энэ шүүх хуралдаанаар хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас таксигаар явсан зардал 80.000 төгрөг, гар утасны дэлгэцийг үнэлүүлсэн үнэлгээний хөлс 25.000 төгрөг, нийт 105.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг,
Шүүгдэгч Д.Ц цагдан хоригдсон хоноггүйг, 258.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэнийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.3., 36.6.,
36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2.,38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овгийн Д.Цийг бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш овгийн Д.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш овгийн Д.Цийг шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршиг болох 258.000 /хоёр зуун тавин найм мянга/ төгрөгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш овгийн Д.Цнь шүүхээс хүлээлгэсэн гэмт хэргийн хор уршиг болох 258.000 /хоёр зуун тавин найм мянга/ төгрөгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг 1 /нэг/ жилийн хугацаанд биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ш овгийн Д.Ццагдан хоригдсон хоноггүйг, 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөг төлсөнийг, 258.000 /хоёр зуун тавин найман мянга/ төгрөг нөхөн төлөхөө илэрхийлсэнийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш овгийн Д.Цаас 258.000 /хоёр зуун тавин найман мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч НЕ85021561 дугаарын регистртэй, Авгачууд овгийн Сүхбаатарын Отгонжаргалд олгосугай.
7. Хохирогч нь таксигаар явсан зардал 80.000 /наян мянга/ төгрөг, гар утасны дэлгэцийг үнэлүүлсэн үнэлгээний хөлс 25.000 /хорин таван мянга/ төгрөг, нийт 105.000 /нэг зуун таван мянга/ төгрөгийн баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинэй болох бөгөөд шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш овгийн Д.Цид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН