Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2020/0543

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Б

Хариуцагч: Татварын ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “...” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, өмгөөлөгч Д.А, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Бшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Татварын ерөнхий газрын харъяа Баянзүрх дүүргийн татварын хэлтэст Хяналт шалгалтын тасгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр 2016 оноос эхлэн ажиллаж байсан боловч ... тоот тушаал гаргаж Б.Б намайг албан тушаалаас чөлөөлж, ... шилжүүлэн ажиллуулахаар томилсон.

Гэвч Татварын ерөнхий газрын дарга уг “албан тушаалд шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу Б.Б адтай тохиролцож, урьдчилан мэдэгдээгүйгээс гадна, намайг шилжүүлэн ажиллуулахаар томилсон ... тушаалаар аль хэдийн татан буугдсан байсан.

Өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий газрын дарга Б.З нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ... буулгасан хэрнээ, маргааш нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр уг татан буугдсан тасгийн даргын албан тушаалд Б.Б намайг нэр дэвшүүлж, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн дүгнэлт гаргуулахаар Авлигатай тэмцэх газарт албан бичиг хүргүүлж, улмаар 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр .. гэх татан буугдсан тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр шилжүүлэн ажиллуулах ... тоот тушаалыг гаргасан.

Үүний улмаас миний бие өмнө эрхэлж байсан ... тушаалд үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсноос гадна Татварын ерөнхий газрын ... тоот тушаал нь бодит нөхцөл байдалд биелэгдэх боломжгүй байсан учраас миний бие Монгол Удсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн магистрын ангид суралцах зорилгоор 2020 оны 02 дугаар сарын 18- ны өдөр1 жилийн чөлөө хүссэн өргөдлөө өгч, 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ... тоот тушаалаар албан тушаалаас чөлөөлөгдсөн болно.

Иймд Татварын ерөнхий газрын даргын ... тушаалын Б.Б намайг ... шилжүүлэн ажиллуулахаар шийдсэн хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан илт хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоож, уг тушаал гарснаас хойш Б.Б миний бие Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст ажиллаагүй болохыг харгалзан төрийн албанаас чөлөөлөгдсөн хугацааг дээрх тушаал гарсан 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөр тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, Г.Н нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “2016 онд Татварын албаны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Татварын ерөнхий газрын даргын .... дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн зохион байгуулалтын бүтцийг 1. Захиргааны тасаг, 2. Татвар төлөгчтэй харилцах тасаг, 3. Татварын орлогын тасаг, 4. Татварын хяналт шалгалтын тасаг, 5. Хувь хүний тасаг, 6. Эрсдэл, статискийн тасагтай байхаар батлагдан 2020.04.01-нийг хүртэл дээрх бүтцээр үйл ажиллагаа явуулсан.

Энэ хугацаанд татварын албаны 2 дахь шатны шинэчлэлийн хүрээнд буюу 2019 онд татварын багц хуулиуд шинэчлэн батлагдаж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлээд байна. Шинэ хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбоотой чиг үүрэг, бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийг шинэчлэх, чадавхижуулах ажлын хүрээнд Сангийн сайдын 2020 оны 04, Татварын ерөнхий газрын даргын 2020.01.27-ны өдрийн А/18 дугаар тушаалаар татварын ерөнхий газар, түүний харъяа газар, хэлтсийн зохион байгуулалтын нэгжийг шинээр баталсан.

Зохион байгуулалтын бүтэц, чиг үүрэг шинэчлэгдсэнтэй холбоотойгоор “албан тушаалын тодорхойлолт”-ыг шинэчлэн батлуулах, Төрийн албаны зөвлөлөөс зөвшөөрөл авсан байх хуулийн шаардлагын дагуу албан тушаалын шаардлагыг шинэчлэн боловсруулж, Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн бөгөөд “албан тушаалын тодорхойлолт”-ыг батлаагүй байхад шууд шинэ бүтэц, чиг үүргийн дагуу ажиллах боломжгүй учраас албан тушаалын тодорхойлолт батлагдаж, алба хаагчдыг хуучин албан тушаалаас чөлөөлж, шинэ бүтэц зохион байгуулалтыг дагуу томилох хүртэл буюу 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл төрийн алба тасралтгүй явагдах зарчмын дагуу хуучин бүтцээр ажиллаж байсан тул Татварын ерөнхий газрын даргын ... тушаалыг бодит нөхцөл байдалд хэрэгжүүлэх боломжгүй буюу илт хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий Б/63 дугаар тушаал огт байхгүй Татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын албан үүргийг орлон гүйцэтгэгчээр томилсон, тэрхүү албан тушаал, чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй байсан мэтээр нэхэмжлэлдээ дурьдаж байгаа нь бодит үнэнд нийцэхгүй, үндэслэлгүй болно.

Нөгөөтэйгүүр, удирдлагын зүгээс Б.Б ... шилжүүлэн ажиллуулах талаар мэдэгдсэнийг хүлээн зөвшөөрч, өөрөө хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг цахимаар илгээсэн бөгөөд Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл тогтоогдоогүй болохыг мэдэгдсэн тул Татварын ерөнхий газрын даргын ... дугаар тушаалаар түүнийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.

Гэвч нэхэмжлэгч Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Татварын ерөнхий газарт хандаж, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь заалтад зааснаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт ирүүлсэн тул Татварын ерөнхий газрын даргын ... дүгээр тушаалаар албан тушаалаас нь чөлөөлсөн болно.

Б.Батсүхийн хувьд төрийн албанаас чөлөөлөгдөж, нөөцөд бүртгэгдсэн бөгөөд төрийн албаны харилцаа дуусгавар болсон байхад ... тушаалыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байгаа нь үндэслэлгүй.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар хүн нь захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй  эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Гэтэл нэхэмжлэгч Б.Б хувьд төрийн албанаас чөлөөлөгдсөн атлаа энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байгаа нь ойлгомжгүй байх бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоолгосноор зөрчигдсөн гэж үзэж буй эрх, хууль ёсны ашиг сонирхол нв хэрхэн сэргэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ

Нэхэмжлэгч иргэн Б.Б Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “...” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ. 

Татварын ерөнхий газрын даргын ... дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн зохион байгуулалтын бүтцийг 

  1. Захиргааны тасаг, 
  2. Татвар төлөгчтэй харилцах тасаг, 
  3. Татварын орлогын тасаг, 
  4. Татварын хяналт шалтгалтын тасаг, 
  5. Хувь хүний татварын тасаг, 
  6. Эрсдэл, статистикийн тасагтай байхаар баталжээ. 

Нэхэмжлэгч Б.Б Татварын ерөнхий газрын даргын ... тушаалаар Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байна. 

Сангийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 4 дүгээр тушаалын хоёр дахь заалтаар дүүргийн татварын хэлтсийн зохион байгуулалтын бүтцийг батлан мөрдүүлэхийг Татварын ерөнхий газрын даргад даалгасны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 27-ны А/18 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн бүтцийг 

  1. Захиргаа, хуулийн тасаг
  2. Бичил татвар төлөгчтэй харилцах тасаг
  3. Жижиг татвар төлөгчтэй харилцах тасаг
  4. Хувь хүний татварын тасаг
  5. Татварын хяналт шалгалтын тасагтай байхаар өөрчилж, тус тушаал батлагдсантай холбгдуулан татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/03 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсон байна. 

Дээрх бүтцийн өөрчлөлтөөр Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Татвар төлөгчтэй харилцах тасаг өөрчлөгдөн Бичил татвар төлөгчтэй харилцах тасаг, Жижиг татвар төлөгчтэй харилцах тасаг болжээ. 

Гэтэл Татварын ерөнхий газрын даргын ... дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б өөрчлөгдөн байхгүй болсон Татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын албан үүргийг олон гүйцэтгэгчээр шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн  47.1.7 дахь хэсэгт зааснаар бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй илт хууль бус тушаал болжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хуучин бүтцээр ажиллаж байсан гэх боловч дүүргийн хуучин бүтцийг үргэлжлүүлэн ажиллах талаар зохицуулаагүй байх тул дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Татварын ерөнхий газрын даргын ... тушаалыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Татварын ерөнхий газрын даргын ... дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс  хойш 14 хоногийн  дотор  Захиргааны  хэргийн  давж  заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Н.ДАМДИНСҮРЭН